Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/772

 

 

 

   2021       07         02                                   2021/ШЦТ/772

                                                                                                                                                                                                                                                                                                                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   эрүүгийн 2106 00580 0868 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О Г.Э нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо Икс апартмент хотхоны А блок байрны гадна олон нийтийн цахим сүлжээнд байрлуулсан зарын дагуу гар утсыг авах нэрийдлээр байр корона вирусын улмаас хаалттай байгаа, эгчдээ үзүүлээд ирье гэж бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн хохирогч Ц.Саранцогтын Ай фоне икс загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг холбогджээ.                           

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00580 0868 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Э нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Ц.Саранцогтын мөрдөн байцаалтад өгсөн:

...Манай найз Ган-Өлзий фэйсбүүк чатаар 2021.02.03-ны өдөр зар байршуулсан. Byambasuh Otgonbat гэсэн хаягаас “ай фоне экс гар утсаа хэдээр зарах юм” гэж бичээд байхаар нь 900.000 төгрөгөөр зарахаар болж тохироод 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Экс апартмент хотхоны А блок байрны хойд хаалга дээр уулзахаар тохирч 94397275 дугаар чатаар өгсөн. Би найз Ган-Өлзий Пүрэвсүх, Цээкэ нарын хамт ирээд манай найз Цээкэ гар утсыг бариад Экс апартмент ертөнцийн зүгээр хойд талын хаалга дээр очиж гар утсыг өгсөн. ...нөгөө залуу хаалганы зурвасын цаана, наад талаас уулзаад манай эгч жирэмсэн хүүхдэдээ төрсөн өдөр нь гар утас бэлэглэх гэж байгаа юм, авч ороод үзүүлээд ирье гэж хэлээд авсан. ... авч орсных нь дараа бид нар машин дотор хүлээсэ юм, авч ороод үзүүлээд ирье гэж хэлээд авсан. ... авч орсных нь дараа бид нар машин дотор хүлээсэн. ...видео чатаар холбогдоход танихгүй залуу дуудлагыг аваад 30 минутын өмнө хувцас, эд зүйлээ аваад гараад явсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх 15-17/,

 

Гэрч Б.Анхсахиагийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2021 оны 02 дугаар сард миний таньдаг ах Саранцогт “гар утсаа зарна, зараад өгөөч” гэхээр нь би фэйсбүүкэд зар тавьсан. Удалгүй үл таних Byambasuh Otgonbat хаягаас гар утас зарах юм уу, дүүдээ гар утас авч өгөх гэж байгаа юм, би маргааш авъя гэж хэлсэн. Би түүний 94397275 дугаарт залгахад би экс апратмент дээр байна, гарч чадахгүй байна, чи авч ирээд өгч болох уу гэж хэлсэн. ...180 сантиметр орчим өндөртэй, 20 орчим насны хар өнгийн гадуур хувцастай залуу гарч ирээд гар утсыг үзэж байснаа өөр хүнтэй залгаж ярьсныхаа дараа манай байр корона вирусийн улмаас зарим газар нь хаалттай байгаа, би эгчдээ үзүүлээд гараар ирье гэж хэлээд гар утсыг аваад орсон... гэх мэдүүлэг /хх 50/,

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн ...уг хаалга нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан саарал өнгийн төмөр сараалжин 190х147 сантиметрийн хэмжээтэй хаалга байв. Хаалганы цоож дотор талдаа байх ба гадна талаас онгойлгох боломжгүй цоож дотор талдаа, хаалганы сараалжин төмрүүдийн хоорондох зай 10 сантиметр хэмжээтэй байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд цоожны хэсэг нь хаалганы дээд талаас 60 сантиметр, хана талаасаа 20 сантиметр, доод талаасаа 110 сантиметрийн хэмжээтэй байв. Хаалганд 4.5х5 сантиметрийн хэмжээтэй LIE8O гэсэн бичигтэй цоож зүүлзнэхтэй байх ба цоожны түгжээ хэсгийг татаж үзэхэд сул онгойж байв. Уг цоожны гадаргууд эвдлэгч багажийн ул мөр хайхад цоожны гол байхгүй онгорхой байсныг Nikon-3400 маркийн гэрэл зургийн аппаратаар бэхжүүлэн авав. ...Төмөр хаалганаас ертөнцийн зүгээр урд зүгт вакум хүрээтэй шилэн хаалга байв. Уг хаалгыг эвдэрсэн гэх тул үзлэгийг зайлшгүй шаардлагаар дотор хийхээр болж дотогш ороход 2.23х6.9 хэмжээтэй хаалга байх ба хаалга дотогшоо онгойдог байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн уг хаалгаар дотогш орж хийхээр болж тогтов. Хаалганы цонх хагараагүй, хаалганд цоож байхгүй, бариулгүй байх ба дээд талаасаа 1 метрийн зайд булан төмөр шруфээр тогтоож байсан харагдах ба хаалганы хэсэгт байх шруф хэсгээр булан төмөр сэтэрсэн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийг зургийн аргаар бэхжүүлэн авав. ...Үзлэгээр нийт төмөр хаалганд зүүлттэй байсан цагаан өнгийн цоожноос эдлэгч багажийн мөр 1 ширхэг, дотор вакум хаалганы дотор талаас 1 ширхэг, бээлийний мөр 1 ширхэг зэргийг илрүүлэн авч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв гэх тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх 05-11/,

 

            Дамно хөрөнгийн үнэлгээний 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн БЗД 3-21-81 дугаартай: Ай фоне экс маркийн гар утсыг 900.000 төгрөгөөр үнэлэв гэх тайлан /хх 35-36/,

 

- хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 01, 04/,

- хэв загвар, дээж авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар гаргасан тайлбар, мөрдөгчийн илтгэх хуудас /хх 12-14/,

- мөрдөгчийн тэмдэглэл /хх 24-25/,

- эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 31-32/,

 

Шүүгдэгч Г.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

Тухайн үед түрээсэлж байсан байрныхаа гадаа дуудаж авч ирээд уулзаад 900.000 төгрөгөөр Ай фоне икс маркийн гар утсыг авахаар тохирч, гар утсыг авч ирсэн хүнд гэртээ ороод хүнд үзүүлээд буцаад гараад ирье гэж худлаа хэлээд гэртээ орохгүй шууд Дархан руу явсан гэх мэдүүлэг /хх 60-61/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Г.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37/, хувийн байдлын талаарх баримт /хх 38-39, 42-45/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Түүнчлэн бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр илэрч хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

Шүүгдэгч Б.Э нь цахим сүлжээ ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдүүлж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч өөрийн хэрэгцээнд зарцуулсан байна.

 

Шүүгдэгч Б.Э нь хохирогчийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж шунахайн сэдэлтээр үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болно.

 

Шүүгдэгч Б.Э нь иргэн Ц.Саранцогтын “гар утсыг авах нэрийдлээр байр корона вирусын улмаас хаалттай байгаа, эгчдээ үзүүлээд ирье гэж бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн хохирогч Ц.Саранцогтын Ай фоне икс загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авч” залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Дамно үнэлгээний компанийн тайлан зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.Эыг Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хохирогч Ц.Саранцогтод гар утсыг буцаан өгсөн нь хавтаст хэргийн 32 дугаар хуудаст авагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэх нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

 

Шүүгдэгч Б.Эыг гэм буруутайд тооцох болон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн байдал, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан дүгнэлт зэрэг нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг бага хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Гын Эыг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг гурван зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 380 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ