Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, О.Жанчивнямбуу нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Н.Жавхлан,                   

улсын яллагч Л.Соёмбо,

иргэдийн төлөөлөгч Д.Бодрой, 

хохирогч Т.Энхзаяа, түүний өмгөөлөгч Н.Арвинтариа /0070/,  

шүүгдэгч Х.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг /0245/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт Х.Алтангэрэлийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526021679 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Товгор пак” ХХК-д хэвлэгч ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 81 дүгээр байр, 15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, Дэчин-Ойдов овогт Хандрагчаагийн Алтангэрэл /РД:ШД66100713/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Х.Алтангэрэл 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 81 дүгээр байрны 15 тоот гэрт эхнэр Т.Энхзаяаг хүсээгүй байхад хүчээр хувцсыг тайлж, хүч хэрэглэхээр заналхийлэн хүчиндсэн,

улмаар “намайг шүүхэддэг, цагдаад өгдөг хэн бэ” хэмээн агсарч, гал тогооны өрөөнөөс заазууран хутга авч, Т.Энхзаяа уруу дайрч давшлан савчиж, түүний баруун гуяны өмнөд дунд хэсэгт зүсч хөнгөн гэмтэл, зүүн сарвууны 5 дугаар хурууны шивнүүрийн ил хугарал, шөрмөс мэдрэл гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулан, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч Х.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны 6 дугаар сарын 26-нд Энхзаяатай яриад хүүхдүүдтэйгээ уулзсан. Өргөөгийн урд талын KPC хоолны газар уулзсан. Тэгээд гэрт ирээд байж байхад Энхзаяа унтлагын өрөөний орон дээр хэвтэж байхаар нь очоод унтлагын өрөөний хаалгыг дотроос нь түгжээд бэлгийн ажил хийсэн. Тэгээд Энхзаяа гараад явсан. Би хүүхдүүдтэйгээ үлдээд хөх хулганы орон орж тоглуулсан. Орой Энхзаяагийн ажил тарахаар нь хүүхдүүдээ хүргэж өгсөн. Тэгээд Хужирбулан явж байхдаа Энхзаяа намайг “...чи 4 лааз пиво аваад хүрээд ирээрэй” гэсэн. Тэгээд орой нь би Энхзаяа руу залгахад утсаа аваагүй.

Маргааш нь 27-ны өдөр 14 цагийн үед утсаар залгахад ажлаа тараад залгая гэж Энхзаяа хэлсэн. Тэгээд 17 цагийн үед залгахад ажил тараад явж байна хүрээд ир гэж хэлсэн. Макс малл их дэлгүүрийн хойт талд явж байсан. Би машинтай очиж аваад банкнаас зээлсэн 5 сая төгрөгийн 4,300,000 төгрөгийг аваад явсан байсан тул уг асуудлын талаар ярилцсан. Тэгээд гэрийн урд талын дэлгүүрийн гадаа очоод Энхзаяа 0,33 граммын архи авсан ба 3 ширхэг хөлдүү мах авсан. Тэгээд гэрт ороод хоол хийх гэж байх үед гарна гэхээр нь хориглох үед баруун гараараа цээж рүү түлхээд нөгөө гараа савах үед миний гарт байсан заазууранд гараа зүссэн. Тэр өдөр бэлгийн ажил хийгээгүй. Тэгээд ванны өрөөнөөс алчуур авчирч өгөөд эмнэлэг орсон” гэв.

 

Хохирогч Т.Энхзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Алтангэрэл бид хоёр 2007 оноос хамт амьдарч 2 хүүхэдтэй болсон. Хамт амьдрах хугацаанд архи их уудаггүй байсан. 2011 оны 5 дугаар сард бага хүү төрсөн ба түүнээс хойш архи уух нь ихэссэн. Сард 2-3 удаа уудаг байснаа сүүлдээ 4-5 удаа хоног үргэлжилж уудаг болсон ба агсам согтуу тавьдаг байсан. Би хоёр нялх хүүхэдтэй учир гарч явж чаддаггүй байсан. 2015 он гарсаар байдал улам хүндэрсэн бөгөөд эрүүл согтуу хамаагүй дарамталж хөөдөг болсон. Би эмч хүн бөгөөд Сүхбаатар аймаг руу эмчилгээ хийхээр явахаас 7 хоногийн өмнө зар өгсөн. Тэгтэл гэнэт явах үеэр Алтангэрэл хэндээр очих гээд байгаа юм гээд хэл ам болсон. Бид хоёр нас тогтсон хойноо суусан болохоор Алтангэрэлийн үйлдлийн талаар хүн амьтан, эцэг эхдээ ч хэлээгүй. Тэгээд тэр үед ээждээ Алтангэрэл намайг харааж зүхээд байна гэж хэлсэн.

2015 оны 5 дугаар сарын 26-нд шүүхээс бид хоёрт эрх хязгаарлах арга хэмжээ авсан. Алтангэрэл манай ажил дээр хэд хэдэн удаа ирсэн байсан. 6 дугаар сарын 25-ны өдөр Баттуул гэдэг нийгмийн ажилтан утсаар ярьж Алтангэрэл хүүхдүүдтэйгээ уулзмаар байна гэнэ гэхээр нь би юм хэлээгүй. Тэгээд маргааш  буюу 26-нд Алтангэрэл яриад хүүхдүүдтэйгээ уулзмаар байна гэхээр нь ирээд хүүхдүүдээ ав гэхэд Хужирбуланд ирж авсан. Тэгээд би замд нь дайгдаж ажлын газраа үлдээд Алтангэрэл хүүхдүүдээ аваад явсан. Замдаа Алтангэрэл буруугаа хүлээж байна, миний буруу гэж уучлал гуйж явсан ба шүүхийн шийдвэр дуусах хүртэл явж ойлгох байх гэж бодсон.

Алтангэрэл 2 хүүхэдтэйгээ өдрийг өнгөрөөсөн ба орой намайг ажлаас авч Хужирбуланд гэрт хүргэж өгсөн. Тэр орой над руу залгаад байсан ба би утсаа аваагүй. Маргааш нь буюу 27-ний өдөр 17 цагт ажил тарах үед манай ажлын гадаа Алтангэрэл хүлээж байсан ба “ярих зүйл байна” гэсэн. Тэгээд би эрх хязгаарласан тул уулзахгүй гэхэд гэрт чинь “хүргээд өгий” гээд татаад машинд суулгасан. Тэгээд Хужирбулан руу биш Баянголын гэр лүү авч яваад гэрт оруулаад хөргөгчөөс пиво гаргаад “1 сар боллоо, би ингэж амьдарч чадахгүй юм байна” гэсэн. Тэгэхээр нь би шүүхээс 3 сарын хугацаа өгсөн ба уг хугацаанд ойлгох байх гэж бодсон. Тэгтэл Алтангэрэл “найз нь боовондоо шаарик суулгасан чамайг үүнээс болсон гэж бодоод хийлгэсэн” гэхээр нь би “үүнийг чинь эмч хүний хувьд огт зөвшөөрөхгүй” гэж хэлсэн ба өмнө нь бас болохгүй хэлдэг байсан. Банкны асуудал болон бусад асуудлын талаар ярицаад цаг гаран болсон. Тэгээд ойрд юм уугаагүй дотор халуу оргиж байна гээд байсан. Тухайн үед ээж залгаад байхаар нь “би явлаа” гэхэд “би чамд боовоо үзүүлмээр байна” гээд “...маяглаад бай” гээд намайг чирээд унтлагын өрөөнд оруулаад хүчээр хувцас тайлаад бэлгийн ажил хийсэн.

Тэгээд бэлгийн ажил дуусахаар нь хувцасаа өмсөөд цүнхээ аваад гарах гэтэл Алтангэрэл нүцгэн босоод гал тогооны өрөө ороод заазуур авч ирээд чи яасан их шүүхэддэг юм бэ гээд далайгаад хий савахаар нь би гараараа хаахад хуруу цавчсан, хөл зүссэн байсан. Тэгээд гэмтэл ороход Алтангэрэлийн 2 эмэгтэй дүү нь ирсэн ба миний хоёр талд яваад хүн амьтанд хэлэх боломж олгохгүй байсан. Тэгээд гэмтэлд хэвтээд ээж минь намайг сахисан” гэв.   

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Энхзаяа мэдүүлэхдээ: “...2015 оны 6 сарын 26-ны өглөө Алтангэрэл өөр хүний утсаар над руу залгаад, би гэм буруугаа ойлгосон, хоёр хүүхэдтэйгээ нэг уулзая, гуйж байна гэхээр нь чи яасан гэж хүүхэдтэйгээ уулзах гэж байна, уулзахыг хориглосон шүүхийн шийдвэр хүчинтэй байгаа гэсэн чинь би гуйж байна, өнөөдөр нэг авч уулзая гэхээр нь би зөвшөөрөөд, Алтангэрэл өөрөө Хужирбуланд ирж, 2 хүүхдээ авч явахдаа, би ерөөсөө архи уухгүй байгаа, гэм буруугаа ухаарсан гэж хэлсэн. Би хамт машинд сууж яваад ажил дээрээ буусан, орой ажлаас тараад, Алтангэрэл рүү ярьж, 2 хүүхдээ авч, гэртээ хүргүүлсэн. 06 сарын 27-ны 17 цаг өнгөрөөгөөд ажил тарж байхад Алтангэрэл машинтай ирж, би чамайг Хужирбуланд хүргээд өгье, ярих юм байна гэхээр нь би шууд явлаа, чи бид хоёр уулзах хориотой гэсэн чинь чи суу, суу гээд хүчээр суулгаад, шууд 81 дүгээр байрны гэр лүү явсан. Гэрт байхад Алтангэрэл хаалга түгжснийг мэдээгүй, хөргөгчнөөс 4 шил пиво гаргаж, хоёулаа юм ярьж сууя гэхээр нь би явмаар байна гэж хэлсэн. Алтангэрэл пивоо задлаж уугаад, өгөхөөр нь би нэгийг задлаад амсаад тавьсан. Тэгээд Алтангэрэл гэмээ ухаарсан, одоо цугтаа байя гээд ярихлаар нь чи миний ээж, ааваас уучлалт гуйх ёстой гэж хэлсэн чинь тэгье, тэгье уучлалт гуйя гэж хэлээд бэлгийн ажил хийхийг надаас хүсээд, намайг унтахгүй гэж байхад хүчээр хувцас тайлаад, бэлгийн ажил хийсэн. Гэрээс ээж залгаад байхаар нь утсаа аваагүй, битгий ав гээд боломж олгохгүй байсан. Тэгээд би хувцсаа өмсөөд байж байхад Алтангэрэл өөрөө хувцсаа өмсөлгүйгээр цааш эргээд, гал тогооны шургуулганаас том заазуур барьж ирээд, яасан их шүүхэддэг юм бэ чи гээд далайгаад, хий саваад гуя зүсээд, толгой руу савахаар нь би гараараа хаасан чинь зүүн гарын чигчий хуруу зүсэгдэж цавчигдаад, арьсан дээр тогтсон. Тэгээд цус гоожоод гараа боож, Алтангэрэлийн машинаар Гэмтлийн эмнэлэг дээр очиход ...хагалгаанд орох шаардлагатай гэсэн. ...Миний цус болсон, зүсэгдсэн хувцсыг бүгдийг торонд хийгээд авч явсан, асуухаар Алтангэрэл шатаасан гэж хэлсэн. Маргааш өглөө 08 цагт Алтангэрэлийн дүү Даваасамбуу, Пүрэвсүрэн, Баярсайхан нар ирээд “та нөхрийгөө шоронд хийх гээд байгаа юм уу, хоёр хүүхдийнхээ эцгийг шоронд хийх ямар хэрэгтэй юм, нэр сүрэнд чинь муу, цагдаад гомдолгүй гэж бичиг хийж өг” гээд би хамт яваад хэрэг бүртгэгч Даваасүрэнтэй уулзахад таны гомдолтой, гомдолгүй нь хамаагүй, гомдлыг чинь нягтлан үзэж байж, хуулиараа шийднэ, та ямар ч гэсэн хүсэлтээ бичээд өгчих гэж хэлсэн, би мэдүүлэг өгөлгүй, эргээд эмнэлэг явсан” гэжээ. /1 хавтас 45-53 хуудас/,

 

Гэрч Х.Даваасамбуу мэдүүлэхдээ: “...Тухайн өдрийн орой 20 цагийн үед Пүрэвсүрэн утсаар яриад “ах над руу утсаар ярьлаа, Гэмтлийн эмнэлэг дээр байна, хоёулаа очъё” гээд хамт очиход Энхзаяа эгч, Алтангэрэл ах хоёр халамцуу байсан. Тэр хоёр хоол хийх гэж байгаад гараа зүсчихлээ гэж хэлсэн. Бид хоёр Энхзаяа эгчийг аваад хувийн эмнэлэг дээр очсон чинь ажиллахгүй байхаар нь Гэмтэл дээр очоод хуруунд нь оёоо тавиулаад рентгэн зураг авахуулаад, эмч нь өнөөдөртөө эмнэлэгт хэвт гэж байна гэж хэлээд шууд эмнэлэгтээ хэвтсэн” гэжээ. /1 хавтас 54-56 хуудас/,

 

Гэрч Х.Пүрэвсүрэн мэдүүлэхдээ: “...2015 оны 6 дугаар сарын 27-ны орой Алтангэрэл ах утсаар яриад “Гэмтэл дээр байна, Заяа эгч чинь гараа эсгэчихлээ” гэхээр нь эмнэлэг дээр очиход Энхзаяа, Алтангэрэл хоёр хоёулаа халамцуу байдалтай, үзүүлэх гээд байж байсан. Энхзаяагийн өмд рүү нь цус үсэрсэн байсан.  Тэгээд хамтдаа Мөнгөнгүүр лүү яваад үзүүлэх гэсэн чинь үзэх хүн байхгүй гэж хэлээд эргээд гэмтэл дээр ирсэн, цагдаа ирээд Энхзаяагаас юу болсон талаар асуухад ахуйн гэмтэл болоод мах хөшиглөх гэж байгаад хуруугаа хутганд зүссэн гэж хэлсэн. Бид нарт ч гэсэн ингэж хэлж байсан” гэжээ. /1 хавтас 57-59 хуудас/,

 

Гэрч С.Чулуунбаатар мэдүүлэхдээ: “...Анх миний охинтой гэр бүл болохдоо Алтангэрэл архи зохих хэмжээгээр уудаг байсан, сууснаасаа хойш архи уух нь улам ихсээд зан характерт нэлээн өөрчлөлт орсон. Архи уухаараа зан авир бүр ширүүн догшин болдог, согтуу үедээ манай Хужирбуланд байдаг гэрт ирээд хэрүүл хийгээд бидний амгалан тайван байдал алдагдуулаад байдаг.

Энхзаяа нөхөртэйгөө маргаж муудалцах асуудал байлгүй л яахав, гэвч Алтангэрэл миний охиныг эрүүл, согтуу алин ч бай ялгаагүй зоддог, гэр орондоо тайван тогтож суухын аргагүй болтол дарамталж хэл амаар доромжилдог, гэр бүлийн дарамтанд байлгадаг байсан юм байна лээ. Энхзаяа энэ талаар бид нарт хэлдэггүй байсан. Энхзаяа энэ хэрэг гарахаас өмнө Баянгол дүүргийн цагдаад хандаж шалгуулаад шүүхээс Алтангэрэлийг эхнэр Энхзаяатайгаа уулзахыг хориглож эрх хязгаарлах арга хэмжээ авагдсан байх үед 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр миний охиныг ажлаа тараад явж байхад машинтайгаа ирж зогсоод, хоорондоо эвлэрэе гэж хэлээд гэртээ аваачин Энхзаяагийн зүүн гарын чигчий хурууг заазуураар зүсэж гэмтээсэн байсан. Яг тэр өдөр би охиныхоо утас руу оройжин залгаад утас нь дуудаад байгаа боловч утсаа авахгүй байснаа, шөнө дунд Энхзаяа өөрөө над руу яриад, би машины хаалганд гараа хавчуулаад хуруугаа гэмтээгээд гэмтэл дээр байна гэхээр нь би дүү Энхтуулыг нь дагуулан Гэмтлийн эмнэлэг рүү очиход Энхзаяа гараа шохойдуулаад сойчихсон байсан. ...Энхзаяагаас шалгаахад Алтангэрэл миний гарыг заазуураар цохисон гэж хэлсэн боловч яг ямар шалтгаанаас болоод хоорондоо муудсан талаараа хэлэхгүй байсан, би цагдаад ханд гэж өргөдөл өгсөн. ...уг асуудлыг цагдаа шалгах үед охин Энхзаяа гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд байдаг, байнга зодуулдаг байсан тухайгаа ар гэрийнхэндээ хэлсэн” гэжээ. /1 хавтас 66-67 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 9732 дугаар актын дүгнэлтэд: “Энхзаяагийн биед зүүн сарвууны 5 дугаар хурууны шивнүүрийн ил хугарал, шөрмөс мэдрэл гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ир үзүүртэй зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт төгсгөлөөс хамаарна” гэжээ. /1 хавтас 73 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1336 тоот дүгнэлтэд: “Т.Энхзаяагийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9732 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Зүүн сарвууны 5-р хурууны шивнүүрийн ил хугарал, шөрмөс мэдрэл гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх, гэмтлийн дараах хөдөлгөөн, мэдрэхүйн алдагдал гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд /2015.06.28 өдөр/ үүсгэгдсэн байх боломжтой ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. 2015.12.01-ний өдөр Т.Энхзаяагийн биед хийсэн комисс шинжээч нарын хамтарсан үзлэгээр баруун гуяны өмнөд дунд гадаргууд сорви бүхий гэмтэл тогтоогдсон ба уг баруун гуяны сорви гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр нь хэрэг болсон цаг хугацаанд /2015.06.28 өдөр/ үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2015.05.28-ны өдрийн 2 ширхэг толгойн КТГ-г давтан уншуулахад хамар ясны хугарал гэмтэл тогтоогдсонгүй, 2015.12.01-ний өдөр ГССҮТ-д хийгдсэн цээжний КТГ-т хавирга ясанд гэмтлийн өөрчлөлт тогтоогдоогүй байна” гэжээ. /1 хавтас 75-77 хуудас/ 

 

Шинжээч Н.Туяа мэдүүлэхдээ: “Хавтаст хэрэгт хавсаргагдаж ирсэн КТГ-ийн зургуудийг дүрс оношлогооны эмч Чулуунсүхээр уншуулахад хамар ясанд хугарал гэмтэл тогтоогдоогүй болно. Энэ талаар комиссын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байгаа, Түмэнжаргал эмчийн дүгнэлтийг үндэслэл болгоогүй” гэжээ. /1 хавтас 78 хуудас/

 

гэрч Т.Энхтуул, Л.Отгонжаргал, Д.Хүрэлбаатар, Т.Дашжаргал нарын мэдүүлэг /хх-61, 62, 64, 65/, насанд хүрээгүй гэрч Н.Анарын мэдүүлэг /хх-68/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 1134 тоот дүгнэлт /1 хавтас 81, 85-86 хуудас/

хохирогчийн өвчний түүх /1 хавтас 88-94, 97-104 хуудас/

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтас 105-107/,

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШВ2015/00015 тоот шийтгэвэр /1 хавтас 11-12 хуудас/,

урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /1 хавтас 130 хуудас/,

гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-162-166/,

Хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тухай баримт /1 хавтас 131-135 хуудас/

хохирлын баримт /хх-84, 212-250, 2 хавтас 1-3 хуудас/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2 хавтас 11 хуудас/

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хавтас 18 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн бичгийн баримтыг уншиж шинжлэн судалсан болно.   

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 

Шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлаж танхайрсан гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Учир нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүн объектив талын үндсэн шинж нь бусдыг илтэд үл хүндэтгэн буюу олон нийтийг илтэд үл хүндэтгэн өөрийн бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгах, ямар ч шалтгаангүй эсхүл ялимгүй зүйлээр шалтаглах зэрэг үйлдлээр илэрдэг. Мөн танхайрах гэмт хэргийн үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй байдаг. Өөрөөр хэлбэл танхайрах гэмт хэрэг нь бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, санаатай байх гэсэн шинжийн нийлбэрээр тодорхойлогддог.

 

Шүүгдэгч Х.Алтангэрэл болон хохирогч Т.Энхзаяа нар нь 2008 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан /хх-175/ бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 102/Ш2015/00015 дугаартай шийтгэвэрээр тэдний уулзах эрхийг 3 сарын хугацаагаар хориглох арга хэмжээ авагдсан бөгөөд тус тусдаа амьдарч байсан нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Энхзаяа: ... 27-ний өдөр 17 цагт ажил тарах үед манай ажлын гадаа Алтангэрэл хүлээж байсан ба “ярих зүйл байна” гэсэн. Тэгээд би эрх хязгаарласан тул уулзахгүй гэхэд гэрт чинь “хүргээд өгий” гээд татаад машинд суулгасан. Тэгээд Хужирбулан руу биш Баянголын гэр лүү авч яваад гэрт оруулаад хөргөгчөөс пиво гаргаад “1 сар боллоо, би ингэж амьдарч чадахгүй юм байна” гэсэн. Тэгэхээр нь би шүүхээс 3 сарын хугацаа өгсөн ба уг хугацаанд ойлгох байх гэж бодсон.

...Банкны асуудал болон бусад асуудлын талаар ярилцаад цаг гаран болсон.

...Тэгээд бэлгийн ажил дуусахаар нь хувцасаа өмсөөд цүнхээ аваад гарах гэтэл Алтангэрэл нүцгэн босоод гал тогооны өрөө ороод заазуур авч ирээд чи яасан их шүүхэддэг юм бэ гээд далайгаад хий савахаар нь би гараараа хаахад хуруу цавчсан, хөл зүссэн байсан” гэх мэдүүлэг /хх-46-51/,

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Х.Алтангэрэлийн “...би Энхзаяаг хоол хийгээд өгөөч гэхэд намайг хөлдүү махаа хөшиглөчих гэсэн. Энэ үед Энхзаяагийн гар утас дуугарахад утсаар ярьж байснаа утсаа унтраагаад гэрээс гарах гэхээр нь би Энхзаяагийн урдуур мах хөшиглөж байсан заазууртай гараараа хашаад чи байж бай л даа гэхэд Энхзаяа баруун гараараа миний баруун мөр рүү түлхээд зүүн гараараа доороос түлхэхдээ зүүн гарынхаа чигчий хурууг зүссэн” гэх мэдүүлэг /хх-119-120/,

шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9732, 1336 дугаар дүгнэлтүүд зэргээс үзэхэд шүүгдэгч Х.Алтангэрэлийн гарт байсан заазуур хутгаар хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь тогтоогдож байх ба хэн аль нь маргаагүй.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 102/Ш2015/00015 дугаартай шийтгэвэрээр эрх хязгаарлагдсан үед болсон ба гэр бүлийн хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэлтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад бүхий л баримтаар нотлогджээ.

 

Мөн улсын яллагчийн “...намайг шүүхэддэг, цагдаад өгдөг хэн бэ” хэмээн агсарч, гал тогооны өрөөнөөс заазууран хутга авч, Т.Энхзаяа уруу дайрч давшлан савчиж, түүний баруун гуяны өмнөд дунд хэсэгт зүсч хөнгөн гэмтэл, зүүн сарвууны 5 дугаар хурууны шивнүүрийн ил хугарал, шөрмөс мэдрэл гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулан танхайрсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн боловч уг дүгнэлтийн гэмт хэргийн үндэслэл болгосон сэдэлт нь хувийн сэдэлтээр үйлдэгдсэнээр бичигджээ.

 

Өөрөө хэлбэл шүүгдэгч хохирогч нарын гэр бүлийн таарамжгүй байдал буюу хувийн сэдэлтийн улмаас маргаан болсон гэж дүгнэсэн атлаа энэ нь танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй юм.

 

Харин хэргийн бодит байдал, үйлдсэн хэргийн сэдэлт, шинжээрээ шүүгдэгч Х.Алтангэрэл нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.Энхзаяагийн бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдож байх тул улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Х.Алтангэрэл нь 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 81 дүгээр байрны 15 тоот гэртээ эхнэр Т.Энхзаяаг хүсээгүй байхад хүчээр хувцсыг нь тайлж хүч хэрэглэхээр заналхийлэн хүчиндсэн болох нь хохирогч Т.Энхзаяагийн “...Алтангэрэл надтай бэлгийн ажил хийхийг хүсээд боовондоо шаариг суулгасан чи үзмээр байна уу гэхээр нь би эмч хүн, энэ чинь эрүүл мэндэд муу гээд зөвшөөрөөгүй. Өмнө нь ч гэсэн Алтангэрэл боовондоо шаариг суулгана, суулгаагүй учраас надад сэтгэл ханамжгүй байна гээд байнгын хардалттай байдаг байсан. Намайг унтахгүй гэж байхад хүчээр хувцас тайлаад бэлгийн ажил хийх үед бэлэг эрхтэнийг харахад тээрхийнх нь араар сул арьсан доор нь 5-6 ширхэг шаариг суулгасан байсан. ...өмнө нь Алтангэрэл 2-4 хоног архи уугаад агсан тавиад намайг зодож, хүчирхийлдэг...байсан...” /хх-46-47/, “...Алтангэрэл архи ууж согтуу ирсэн үедээ надтай хүсээгүй бэлгийн харьцаанд ордог...чи надаас бэлгийн ханамж авахгүй байна гэж хэлдэг байсан....Тэр орой...намайг хүсээгүй байхад орон дээр надтай хүчээр бэлгийн ажил хийсэн. ...Намайг зодож цохиогүй ч цээжин дээр нэг гараараа хөдөлгөхгүй дарж байгаад бэлгийн ажил хийсэн” гэх мэдүүлэгүүд /хх-50/, шүүгдэгч Х.Алтангэрэлийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-105-107/, “Дөрвөн цаглашгүй” эмнэлгийн 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн албан бичигт “Х.Алтангэрэл нь манай эмнэлэгт 2015 оны 6 дугаар сарын 03-нд бэлэг эрхтэн бүдүүн болгох зориулалтын суулгацыг өөрийн хүсэлтээр хийлгэсэн болно...” гэх /хх-108/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Түүнчлэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/Ш2015/00015 дугаартай шийтгэвэрээр шүүхээс Х.Алтангэрэлийг эхнэр Т.Энхзаяатай уулзах болон уулзахаар оролдохыг 3 сарын хугацаагаар хориглох арга хэмжээ авагдсан. Тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд шүүгдэгч Х.Алтангэрэл нь хохирогч Т.Энхзаяагийн хүсэл зоригоос гадуур, түүний бэлгийн халдашгүй эрх чөлөөг нь зөрчиж түүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Х.Алтангэрэлийг хохирогч Т.Энхзаяаг хүч хэрэглэхээр заналхийлэн хурьцал үйлдсэн болон бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Х.Алтангэрэл нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой баримтаар нэхэмжилсэн 6.860.000 төгрөгийн нэхэмжлэлийг төлж барагдуулсан хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д шүүгдэгч Х.Алтангэрэлийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэг нь хамаарч байх тул шүүгдэгч Х.Алтангэрэлд оногдуулах ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Т.Энхзаяа нь эмчилгээ, хагалгааны зардалд 6.860.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгчээс төлж барагдуулжээ.

 

Харин хохирогчийн сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сар хүртэлх ажилгүй байсан хугацааны олох байсан орлого 11.933.333 төгрөг, 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх цалин 4.000.000 төгрөг, Хаан банкны зээлийн үлдэгдэл 2.880.292 төгрөг, өмнөх тогтоолоор өгөх байсан мөнгөний үлдэгдэл зэрэг нийт 39711.636 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Дээрх хохирогчийн нэхэмжлэлтэй холбоотой хохирогчийн 2015 оны 6 дугаар сараас хойшхи нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбарыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, “Заяат алтан бууралууд” ХХК-ийн 2016 оны 2 дугаар улиралын тайланг ирүүлсэн боловч Үндэсний татварын газрын улсын байцаагчийн тэмдэг, гарын үсгээр баталгаажаагүй, зөвхөн байгууллагын тамга тэмдэгтэй, Хаан банкны өрхийн зээлийн гэрээгээр хэдэн төгрөг төлөгдөөгүй байгаа талаар баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүх хангахгүй орхихоор шийдвэрлэлээ.

 

Хохирогч Т.Энхзаяа нь дээрх хангахгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.   

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Х.Алтангэрэл 10 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдлаа.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт Х.Алтангэрэлийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Дэчин-Ойдов овогт Хандрагчаагийн Алтангэрэлийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах,

Бусдыг хүч хэрэглэхээр заналхийлэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Х.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Х.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял, 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс хохирогчид 6.860.000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлсөн, шүүгдэгч Х.Алтангэрэл 10 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Т.Энхзаяагийн нэхэмжилсэн 39.711.636 төгрөгийг хангахгүй орхиж, эмчилгээтэй холбоотой бусад зардал болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Алтангэрэлийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Алтангэрэлд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                 ШҮҮГЧ

                   ШҮҮГЧИД                                                                        Ц.ДАЙРИЙЖАВ

 

                                                                                                   О.ЖАНЧИВНЯМБУУ