Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/782

 

 

     2021        07         02                                   2021/ШЦТ/782

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Л.Галав,

хохирогч Э.Х, А.Э,

шүүгдэгч М.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн * дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.П нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “П” гэх фейсбүүк хаягаас “3-аас 5 хоногийн дотор 10-15 хувийн ашигтай бизнесийн санал байна” гэсэн зар тавьж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж иргэн Б.Б нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хужир буланд явж  байх үедээ М.П гэсэн эзэмшигчтэй * дугаарын Хаан банкны данс руу хөрөнгө оруулалтын мөнгө гэж 142,000 төгрөг шилжүүлэн залилуулсан,

Мөн “П” гэх фейсбүүк хаягаас “3-аас 5 хоногийн дотор 10-15 хувийн ашигтай бизнесийн санал байна” гэсэн зар тавьж зохиомол байдлыг зориудаар бий болгосны улмаас иргэн Х.Б нь Сүхбаатар дүүргийн * тоотод оршин суух гэрээсээ 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хөрөнгө оруулалтын мөнгө гэж 142.000 төгрөгийг М.П эзэмшигчтэй * дугаарын Хаан банкны данс руу шилжүүлж залилуулсан,

Мөн “ П” гэх фейсбүүк хаягаас “3-аас 5 хоногийн дотор 10-15 хувийн ашигтай бизнесийн санал байна” гэсэн зар тавьж зохиомол байдлыг зориудаар бий болгосны улмаас иргэнШ.Э нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “Ц” * тоот гэрээсээ 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөрөнгө оруулалтын мөнгө гэж 142.000 төгрөгийг М.Пын эзэмшлийн * дугаарын Хаан банкны данс руу шилжүүлж залилуулсан,

Мөн “ П” гэх фейсбүүк хаягаар “Форекс арилжааны бизнес эрхэлдэг хүн байна, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгө оруулсан мөнгөө 2 хоногийн хугацаанд өсгөж авах хүмүүс холбогдоорой” гэж зар тавьж зохиомол байдлыг зориудаар бий болгосны улмаас А.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо * тоотод оршин суух гэрээсээ М.П эзэмшигчтэй Хаан банкны * тоот данс руу хөрөнгө оруулалтын мөнгө гэж 284.000 төгрөг шилжүүлж залилуулсан,

Мөн фейсбүүкт “Forex арилжаанд хөрөнгө оруулалт авч 30 хувийн ашиг өгнө” гэсэн зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон Д.М нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1.139.600 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.139.600 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12 дугаар байрны 305 тоотод оршин суух гэрээсээ интернэт банкаар М.П эзэмшигчтэй Хаан банкны * тоот данс руу шилжүүлж залилуулсан,

Мөн “ П” гэх фейсбүүк хаяг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Бизнес санаанууд” гэх фейсбүүк группт “Байр машиныхаа лизингийг төлж хэрэглээний мөнгөө өөрсдөө олох, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, ирээдүйгээ баталгаатай болгох, найдвартай хөрөнгө оруулалт хийх хүмүүс байвал чатаар холбогдоорой” гэх зар байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Г.Б-ээс 522.000 төгрөгийг Хаан банкны * тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Мөн иргэн Э.Х-г Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Ийгл таун” хотхоны * тоотод хаягт гэртээ байхад нь цахим орчин дахь “П” хаягаар “хөрөнгө оруулалт хийвэл ашиг өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 142.000 төгрөгийг Хаан банкны * тоот дансаар шилжүүлэн авч, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1.142.000 төгрөгийг Хаан банкны * тоот дансаар шилжүүлэн авч, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 280.000 төгрөгийг Хаан банкны * тоот дансаар тус тус шилжүүлэн авч залилан, үргэлжилсэн үйлдлээр бусдад 1.564.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                        /яллах дүгнэлтэд бичсэнээр/  

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.П-ыг холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.П нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  1. Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2021 оны 01 сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хужир буланд явж байх үедээ фейсбүүкийн группэд 3-аас 5 хоногийн дотор 10-15 хувийн ашигтай бизнесийн санал байна гэсэн зарын дагуу “П” гэх фейсбүүк хаягт холбогдож 50 доллар буюу 142.000 төгрөг өгч залилуулсан юм. Тухайн фейсбүүк хэрэглэгчийг огт танихгүй ба зар байршуулсан зарын дагуу анх удаа холбогдож * дугаарын дансанд 142.000 төгрөг шилжүүлсэн юм. Тухайн дансны эзэмшигч нь П гэх нэртэй хүн байсан гэх мэдүүлэг /1-р хх-н 9-10/,

 

-М.Пын 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших Хаан банкны дансны хуулга /1-р хх-н 41-54/,

 

Шүүгдэгч М.П-ын мөрдөн байцаалтад өгсөн:

Би Б-аас 142.000 төгрөг авсан нь үнэн. Надад танилцуулсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Б-аас өөрийн * дугаарын хаан банкны данс руу шилжүүлж авсан. Би 2021 оны 01 сарын 09-ний өдөр өөрийн “П” фейсбүүк хаягаас “пит койн сонирхогчид” гэх группэд хөрөнгө оруулалт хийж 2 талдаа ашиг гаргах хүмүүс холбогдоорой гэж бичээд үлдээсэн. Энэ өдөр 5-6 хүн мэдээлэл авъя гэж бичсэн байсан. Энэ өдөр Б.Б-аас мөнгө авсан. Ийм байдлаар  Б.Б-аас гадна 7 хүнээс 142.000-1.560.000 төгрөг авч бооцоо тавиад алдсан гэх мэдүүлэг /1-р хх-н 22-25/,

 

2. Хохирогч Х.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр фейсбүүк дээр хөрөнгө оруулалт авч хамтран ажиллана гэсэн зарын дагуу “П” гэх фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож тодруулахад 3-5 хоногт 20-23 хувь ашигтай санал тавьсан. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн хөхөр Д.Э-ын хаан банкны * дугаарын данснаас 142.000 төгрөгийг П гэх хүний * дугаарын дансанд шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгийг маань өгөлгүй залилсан юм. Би тухайн хүнийг огт танихгүй гэх мэдүүлэг /1-р хх-н 70-71/,

 

-М.П-ын * тоот Хаан банкны дансны хуулга /1-р хх-н 54/,

 

Шүүгдэгч М.П-ын мөрдөн байцаалтад өгсөн:

2021 оны 1 сарын 18-нд өөрийн “П” гэх фейсбүүк хаягаас пит койн сонирхогчид группэд хөрөнгө оруулалт хийж 2 талдаа ашиг гаргана гэх зар байршуулахад над руу Tuya sudarch гэх хаягаас мэдээлэл авъя гэж холбогдсон. Улмаар 142.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг спорт бооцоо тавиад алдсан гэх мэдүүлэг /1-р хх-н 77-79/,

 

3. Хохирогч Ш.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2021 оны 01 дүгээр сарын 10-ны үед фейсбүүкт хөрөнгө оруулалт хайж байна, хамтарч ажиллана гэсэн зарын дагуу “П” гэх фейсбүүкт холбогдоход гурван хоногт 20 хувийн ашигтай санхүүжилт авна гэхээр нь би өөрийн Хаан банкныхаа * дугаарын данс дахь мөнгөнөөсөө 142.000 төгрөгийг П гэх хүний Хаан банкны дансанд шилжүүлсэн бөгөөд тухайн хүн нь буцаж холбогдож тодруулахад мөнгийг маань өгөлгүй залилуулсан. Би нэг удаа 142.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг /1-р хх-н 88-89/,

 

-М.Пын 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших Хаан банкны дансны хуулга /1-р хх-н 53 ар/,

 

Шүүгдэгч М.П-ын мөрдөн байцаалтад өгсөн:

2021 оны 1 сарын 10-нд өөрийн “П” гэх фейсбүүк хаягаас пит койн сонирхогчдын группэд хөрөнгө оруулалт авч хоёр талдаа ашиг гаргана гэх зар байршуулахад хүмүүс холбогдож мэдээлэл авснаас Энхмаа гэх хүнээс хөрөнгө оруулалт хийхээр болоод 142.000 төгрөг шилжүүлж би тэр мөнгийг спорт бооцоонд бооцоо тавиад алдсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирол мөнгийг нь ажилд ороод богино хугацаанд барагдуулна гэх мэдүүлэг /1-р хх-н 93-95/,

 

4. Хохирогч А.Эийн мөрдөн байцаалтад өгсөн:

2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүкээр форекс арилжааны бизнес эрхэлдэг хүн байна. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд богино хугацаанд буюу 2 хоногийн хугацаанд хөрөнгө оруулсан мөнгөө өсгөж тодорхой хэмжээний хувь нэмж авах хүмүүс холбогдоорой гэсэн зар хараад тус зарыг оруулсан П гэх хаяг руу өөрийн фейсбүүкээрээ холбогдсон бөгөөд 100 доллар буюу 284.000 төгрөг шилжүүлээд 2 хоногийн дараа 125 доллар болгож өгье гэхээр нь зөвшөөрөөд өөрийнхөө Хаан банкны данснаас гэртээ байж байхдаа интернэт банкаар * дугаарын дансанд шилжүүлсэн. Тэрнээс хойш мөнгө өгөхгүй удаад байхаар нь юу болсон талаар асуухад дахиад 50 доллар шилжүүлчих. Тэгвэл маргааш яг мөнгийг чинь бүгдийг нь өгье гэсэн. Би түүний биеэрээ уулз гэсэн ба тэгээд алга болчихсон. Гомдолтой байна гэх мэдүүлэг /1-р хх-н 117-119/,

 

-М.Пын 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших Хаан банкны дансны хуулга /1-р хх-н 54/,

-А.Эийн данснаас * дугаарын М.Пын данс руу 284.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1-р хх-н 122/,

 

Шүүгдэгч М.Пын мөрдөн байцаалтад өгсөн:

- гэх фейсбүүк хаягтай хүн миний фейсбүүкт оруулсан хөрөнгө оруулалт авч хоёр талдаа ашиг гаргана гэсэн зарын дагуу 2021.01.13- ний өдөр танилцсан юм. Тэгээд би тэр хүнд Форекс арилжаа буюу 2 талаасаа хөрөнгө оруулалт хийгээд би өөрт чинь 20-25 хувийн ашгийг би 5 хоногийн дараа гаргаж өгнө гээд 284000 төгрөг би * тоот дансаар авсан гэх мэдүүлэг /1-р хх-н 134/,

 

5. Хохирогч Д.Мийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12 дугаар байрны 305 тоот гэртээ гар утсаараа фейсбүүк дэх бизнес санаа групп дээрх зар хараад сууж байхад П гэсэн фейсбүүк хаягаас “Forex” арилжаанд хөрөнгө оруулалт аваад буцаагаад 2-3 хоногийн дараа олсон ашгаасаа мөнгө өгнө гэсэн утгатай зар явахаар нь би уг зарын дагууд би П гэсэн нэртэй хаягтай чатаар холбогдож мэдээлэл авсан. Миний хийсэн мөнгөний 25-30 хувийг ашиг болгож егнө гэсэн. Тэгээд би 2020 оны 12 дугаар сарын 29-ны өдөр өөрийн хаан банкны * тоот данснаасаа * тоот хаан банкны Пын дансанд 1.139.600 төгрөг хийгээд ашиг болох 160 доллар авах; тохиролцсон. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр чат холбогдож мөнгөө асуухад дахиад нэг сая төгрөг данс руу хийгээч ээ таны үндсэн мөнгөтэй нийлүүлээд 1 цагийн дараа 2.500.000 төгрөг болгоод хийе гэж хэл Тэгээд би мөнгөө шилжүүлээд нэг цагийн дараа чатаар холбогдоход удахгүй т мөнгийг хийнэ гэж хэлээд одоо болтол миний 2.139.600 төгрөгийг өгөхгүй намайг залилж мэхэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-н 162/,

 

-М.Пын * дугаартай дансны хуулга /1-р хх-н 172/,

-хохирогч шүүгдэгч нарын харилцсан фейсбүүк чатын зураг /1-р хх-н 174-199/,

 

Шүүгдэгч М.Пын мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн “П” гэсэн фейсбүүк хаягаас “Forex” арилжаанд хөрөнгө оруулалт аваад буцаагаад 2-3 хоногийн дараа олсон ашгаасаа мөнгө өгнө гэсэн утгатай зар оруулсан. Удалгүй * гэсэн хаягаас мэдээлэл авъя гэсэн пост ирэхэд таны оруулсан мөнгийг 2-5 хоногт 25 хувиас өсгөж өгнө гэж хариу бичихэд миний хаан банкны * тоот данс руу 1.139.600 төгрөгийг шилжүүлээд маргааш ашгаа авъя гэж хэлсэн. Мөн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүкийн Khuygaa Smith хаягаас над руу дахиж холбогдоод ашгаа авъя гэхээр би дахиад 1 сая төгрөг шилжүүлчих би 3, 4 цагийн дотор өмнө өгсөн мөнгөтэй чинь хамт гаргаад өгье гэж хэлээд 1 сая төгрөгийг нэмж авсан. Би Мөнгөнхуяг гэдэг хүнээс авсан нийт 2.139.600 төгрөгийг спорт бооцоонд тавиад алдсан. Би “Forex” арилжаанд мөнгө оруулаагүй. Мөнгөнхуяг мөнгөө авъя гэж над руу өдөр болгон чат бичдэг байсан би мөнгийг нь удахгүй гаргаж өгнө арилжаанаас ашиг орхгүй байна гэж хэлдэг байсан гэх мэдүүлэг /1-р хх-н 207-208/,

 

6. Хохирогч Г.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 12 дугаар сарын 25-нд өөрийн Г.Б гэсэн фейсбүүк хаягаар орж мэдээлэл харж байгаад Бизнес санаанууд гэсэн нэртэй группэд орсон тэгэхэд П гэсэн нэртэй хаяг дээр ”Байр машиныхаа лизингийг төлж хэрэглээний мөнгөө өөрсдөө олох, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, ирээдүйгээ баталгаатай болгох, найдвартай хөрөнгө оруулалт хийх хүмүүс байвал chat холбогдоорой” гэсэн мэдээлэл байсан түүний доод хэсэгт би мэдээлэл авъя гэж бичсэн бөгөөд тухайн мэдээллийг тавьсан хүнтэй П гэсэн хаягаар чаталсан. Дараа нь нөгөө хүн * гэсэн дугаараас залгаж надтай ярьсан. Тухайн хүн надад хэлэхдээ чиний оруулсан мөнгөөр хөрөнгө оруулж ашиг гэж 25-30 хувь авна мөн чи өөрийн шилжүүлсэн мөнгөө буцааж авах боломжтой гэсэн учраас би тухайн хүний надад өгсөн * гэсэн данс руу 2020 оны 12 дугаар сарын 26-нд 142,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 03-нд 380,000 төгрөг нийт 522,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд утас руу залгахад холбогдохгүй байсан гэх мэдүүлэг /1-р хх-н 242-243/,

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 235/,

-М.Пын * дугаартай дансны хуулга /2-р хх-н 27/,

-Г.Бийн данснаас * дугаарын М.Пын данс руу 142.000 болон 380.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /2-р хх-н 18/,

-П гэх фейсбүүк хаяг болон уг хаягаар оруулсан постуудад үзлэг хийсэн тэмдэглэл, зураг /2-р хх-н 28-38/,

-хохирогч, шүүгдэгч нарын хоорондоо харилцсан чатыг гар утсанд үзлэг хийж авсан тэмдэглэл, зураг /2-р хх-ийн 39-55/, 

 

Шүүгдэгч М.П-ын мөрдөн байцаалтад өгсөн:

... “П” гэх хаягаасаа 2020 оны 12 сарын 25-ны өдөр бизнес санаанууд гэх группэд “байр, машиныхаа лизинг төлж хэрэглээний мөнгөө өөрсдөө олох, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, ирээдүйгээ баталгаатай болгох, найдвартай хөрөнгө оруулалт хийх хүмүүс байвал чатаар холбогдоорой” гэх зар байршуулж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Г.Бээс 522.000 төгрөгийг * дугаарын өөрийн дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би Г.Бийг танихгүй, хөрөнгө оруулалт хийх гэж надтай фейсбүүк чатаар холбогдоод 2020 оны 12 сарын 26-нд 142.000 төгрөг, 2021 оны 01 сарын 03-нд 380.000 төгрөг, нийт 522.000 төгрөг шилжүүлснээс хойш мэднэ гэх мэдүүлэг /2-р хх-ийн 79-81/,

 

7. Хохирогч Э.Х-н мөрдөн байцаалтад өгсөн:

... * гэсэн фейсбүүк групп дээр “П” гэсэн хаягаас “хөрөнгө оруулах мөнгө хайж байна, 2 талдаа ашигтай, сонирхож байгаа хүн байвал чатаар мэдээлэл аваарай” гэсэн зар байсан. Чатаар холбогдоход бид нар 3-4 үүлээ ажилладаг, ерөнхийдөө гадаадаас хувьцаа аваад буцааж зараад дундаас нь ашиг олдог гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөр хөрөнгө оруулаад ашиг авсан хүн байгаа юу, харуулах юм байна уу гэхэд над руу иргэний үнэмлэхийн зургаа, бас нэг дансны хуулганы зураг явуулсан. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүрэгт байх гэрээсээ 142.000 төгрөгийг * дугаартай хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд 2 хоногийн дараа буюу нөгөө залуу хөрөнгө оруулсан мөнгөний чинь ашиг нь гараад ирлээ гээд 21.000 төгрөг над руу шилжүүлсэн. Тэгэхэд нь би хөрөнгө оруулсан мөнгөө татаад авчихъя гэхэд одоо татахаар болдоггүй юм аа тэр сайтад нь хүсэлт гаргаад татаж авдаг гэсэн. Тэгсэн 2020 оны 12 сарын 28-ны өдөр над руу чат бичээд би 9.000 доллар татаж байгаа юм аа, минийх лимит нь хүрдэггүй 8600 доллар болчхоод заавал 9.000 доллар хүрч байж татах гээд байна. Чи надад 400 доллар явуулчих би 3-4 цагийн дотор татаж аваад 15-20 хувийн ашиг бодож өгье тэгээд өмнөх мөнгийг чинь бас гаргаж өгье гэсэн. Би 400 долларыг монгол мөнгөөр 1.142.000 төгрөгийг * данс руу шилжүүлсэн. Тэгээд 3-4 цаг болоод яасан юу болсон бэ гэж асуухад ингэс хийгээд ороод ирэх байхаа гэсэн. Тэгээд маргааш нь болоод яачхав аа гэж асуухад уг нь ингэж гацдаггүй юм аа оны сүүлийн өдөр гээд сайт нь жаахан гацаад байх шиг байна гэсэн. Тэгсэн он гарчихвал 1 сарын 01-д ороод ирэх байхаа түр хүлээж байгаарай уучлаарай хүндрэл учруулчихлаа гэж хэлсэн. Тэгсэн он гараад 01 сарын 01-нд би юу болов гээд асуухад он гараад лимит нь 9500 болчхож лай болж байна би 350 доллар олчихсон одоо 150 доллар олчихвол болох гээд байна гэсэн. Тэгснээ чамд мөнгө байна уу явуулаач гэхээр нь би 150 долларыг монгол мөнгөөр 280.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийтдээ 1.564.000 төгрөгийг Мөнхтуяагийн П гэдэг хүний * дугаартай данс руу шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш залгахаар утсаа авахгүй чат бичихээр хариу бичихгүй алга болсон гэх мэдүүлэг /2-р хх-ийн 101-102/,

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2-р хх-н 93/,

-Э.Х-н данснаас * дугаарын М.Пын данс руу 280.000 төгрөг, 142.500 төгрөг болон 1.140.000 төгрөг зарлагадаж шилжүүлсэн, 21.300 төгрөг орлогодож шилжүүлсэн дансны хуулга /2-р хх-н 94-95/,

-М.Пын * дугаартай дансны хуулга /2-р хх-н 128/,

-хохирогч, шүүгдэгч нарын харилцсан чатын зураг /2-р хх-ийн 167-189/, 

 

Шүүгдэгч М.Пын мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 12 сарын 24-ний өдөр фейсбүүкийн “Bitcoin” группэд өөрийн “П” гэсэн фейсбүүк хаягаасаа “Хөрөнгө оруулалт хийж 2 талдаа ашиг гаргах сонирхолтой хүмүүс холбогдоорой” гэсэн пост оруулсан. Тэгсэн Э.Х гэсэн фейсбүүк хаягаас над руу ямар санаа байгаа вэ сонирхъё гэж чат бичсэн. Тэгэхээр нь хамгийн доод хэмжээ нь 50 доллароос эхэлнэ ашигтай байвал 3-5 хоногийн дотор 20-25 хувийн ашиг гаргаж өгнө. Хэрэв алдвал би өөрөө гаргаж өгнө гэж хэлсэн. Миний * дугаарын данс руу 142.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс 2 хоногийн дараа би Э.Х-н данс руу ашиг гэж 21.300 төгрөг хийсэн. Гэхдээ энэ зүгээр Э.Х-н итгэлийг олж авах гэсэн л арга байсан. 2020 оны 12 сарын 28-ны өдөр би Э.Хд 9.000 доллар таталт хийх гэсэн чинь 400 доллар дутчихлаа чи надад 400 доллар өгчих би өдөрт нь буцаагаад өгнө гэж хэлэхэд 400 доллар буюу монгол мөнгөөр 1.142.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш маргааш нь билүү Э.Хэс таталт нь болсонгүй дахиад 150 доллар  өгчих би удахгүй өнөөдөртөө багтааж өгнө гэж хэлсэн. Тэгсэн 280.000 төгрөг шилжүүлсэн. Би Э.Хэс авсан энэ мөнгөнүүдийг дандаа худлаа хэлж авсан. Би ерөөсөө арилжаа хөрөнгө оруулалт зэргийг хийдэггүй. Би Э.Х-с авсан мөнгөө “VP game” гэсэн бооцоо тавьдаг сайт дээр тавиад алдчихсан. Чат бичихээр нь би уншихгүй байсан. Хэрэв уншчихвал чатдаа баригдана гэж бодоод уншихгүй байсан гэх мэдүүлэг /2-р хх-н 106-107/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч М.П-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-н 118/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 203/, НДЕГ-ын НД-н шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хх-н 206/, хохирлын тооцоо /2-р хх-н 212/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцлоо. Нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Пт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

 

Хохирогч, гэрч нарыг асууж мэдүүлэг авахдаа болон шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар асууж байцаалт авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч М.П-ын үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт нь зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжид хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Хохирогчийг хуурч төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Шүүгдэгч М.П нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай  хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэг дэх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд шүүгдэгч М.Пыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.П-т ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос шүүгдэгч М.П нь 21.300 төгрөгийг хохирогч Э.Х-н данс руу буцааж шилжүүлсэн байх тул хасаж тооцсон бөгөөд тэрээр бусад хохирлыг төлж барагдуулаагүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 4.935.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бт 142.000, Х.Бд 142.000,Ш.Эд 142.000, А.Эт 284.000, Д.Мт 2.139.600, Г.Бэд 522.000, Э.Хд 1.542.700 төгрөг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Пын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг бага хэмжээгээр оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт М-ийн П-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-ыг нэг жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Паас 4.935.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б //-т 142.000 төгрөг, хохирогч Х.Б д 142.000 төгрөг, хохирогч Ш.Э-д 142.000 төгрөг, хохирогч А.Э-т 284.000 төгрөг, хохирогч Д.М-т 2.139.600 төгрөг, хохирогч Г.Б -д 522.000 төгрөг, хохирогч Э.Х -д 1.542.700 төгрөг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тооцсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ