Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 289

 


2017 оны 05 сарын 31 өдөр     Дугаар 129/ШШ2017/00289               Эрдэнэбулган сум

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1957 онд төрсөн, малчин, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багт оршин суух Боржигон овгийн Нацагийн Жамбалганий /РД:АР57032512/ хүсэлттэй 
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Санжмятав шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Жамбалганий шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Архивын лавлагаа бусад баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Санжмятав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нацагийн Жамбалганий нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдэлд 1971 оноос 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрүүд нь шаардлага хангахгүй учир шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг нь архиваас гарахгүй байгаа. Иймд Н.Жамбалганийгийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдэлд 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний дээрх хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Жамбалганий нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдэлд малчнаар 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 
1. Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Нэгдлийн жилийн ажлын төлөвлөгөөг баталсугай. Хавсралтад: Н.Жамбалганий Хан-Оюут бригад, хонь гэсэн “Төлөвлөгөө батлах” тухай Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 05 тоот тогтоол,
1.2. Мал онд оролтын болзол биелүүсэн бог малын 18 суурь, адууны 2 суурийг тус бүр мэнд сүрэгтэн гэрчилгээ /20ш/ нийтдээ 1800 төгрөг, 2739 төгрөгийн үнэ бүхий зүйлээр төл бойжилтоор болзол биелүүлсэн 22 төлчнийг тус бүр сайшаалын үнэмлэхээр 100 төгрөг нийтдээ 2200 төгрөгөөр, төл бойжилтоор болзол биелүүлсэн 4 суурийг 1095 төгрөгийн үнэ бүхий зүйлээр тус тус шагнасугай. Хавсралтын 17-рт: Н.Жамбалганий Хан-Оюут бригад, оны эхний мал 652, онд оролт 652, малын төрөл эм хонь, гэрчилгээ 1, бор эсгий 5,3 м, шагнасан төгрөг 100 төгрөг, бүгд үнэ 132 төгрөг 50 мөнгө гэсэн “Болзол дүгнэж, шагнал олгох” тухай Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1979 оны 10 сарын 21-ний өдрийн 44 тоот тогтоол,
1.3. Социалист уралдааны болзол биелүүлсэн нэр бүхий 202 малчдыг болзол ёсоор шалгаруулж шагнасугай. Хавсралтын 7-рт: Суурийн ахлагч Н.Жамбалганий, хэсгийн нэр Хараат, малын төрөл эм хонь, төллөсөн эх мал 556, гаргасан төл 556, бойжилтын хувь 100, суурийн ахлагчид 15 төгрөг, туслах малчид 10 төгрөг гэсэн “Их ой угтсан социалист уралдааны болзол дүгнэх” тухай Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 04 сарын 31-ний өдрийн 26 тоот тогтоол,
1.4. Төлийн бэлтгэлийг хэний суурь хэсэг урьтаж биелүүлэх вэ? Социалист уралдааны болзол биелүүлсэн 27 суурийн малчдад 913 төгрөг 66 мөнгөний зүйлийг шагнал болгон олгосугай. Хавсралтын 2-рт: Нэрс Н.Жамбалганий, хэсгийн нэр Хараат, хаана байгаа Тахилт, 9-ийн чихэр амтлаг 1 кг, 7.08-ын еэвэн 1 кг, сахар 1 кг, цай 1 кг, бүгд үнэ 28 төгрөг 58 мөнгө гэсэн “Төлийн бэлтгэлийн болзол хангасан суурийн малчдыг шагнах” тухай Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 02 сарын 17-ны өдрийн 17 тоот тогтоол,
1.5. “Амжилтаа бататгаж аварга малчин болохын төлөө” уралдааны болзлыг мал онд оролтоор биелүүлсэн 5 суурийг баярын бичиг 15300 төгрөгөөр шагнасугай. Хавсралтын 2-ын 37-рт: Суурийн ахлагч Н.Жамбалганий, малын төрөл эм хонь, олгох шагнал 300 төгрөг төгрөг гэсэн “Болзол дүгнэх” тухай Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 07 сарын 01-ний өдрийн 42 тоот тогтоол,
1.6. “Оны эхний малаа 100 хувь онд оруулсан нэр бүхий 9 суурийг болзлын дагуу баярын бичиг, бүгд 2550 төгрөгөөр оны эхний малаа 99-99.9 хувиар онд оруулсан 10 суурийг талархлын бичиг, бүгд 2000 төгрөгөөр шагнасугай. Хавсралтын 1-ийн 37-рт: Суурийн ахлагч Н.Жамбалганий, малын төрөл эм хонь, олгох шагнал 300 төгрөг төгрөг гэсэн “Болзол дүгнэх” тухай Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 10 сарын 16-ны өдрийн 49 тоот тогтоол,
1.7. “Нэр бүхий 53 малчинд 1988 оны ээлжийн амралтыг хавсралтанд дурдсан өдрөөс эхлэн ажлын 15 өдрөөр бодож тус тус олгосугай. Хавсралтын 27-рт: Нэр Н.Жамбалганий, хэсгийн нэр Алтанбулаг, албан тушаал адуучин, амралт эхлэх 7 сарын 27-оос 15 хоног гэсэн “Малчдад ээлжийн амралт олгох” тухай Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алтан гадас одонт Хөдөлмөр нэгдлийн даргын 1988 оны 07 сарын 20-ны өдрийн 116 тоот тогтоол,
1.8. “Нэр бүхий 32 малчинд 1989 оны ээлжийн амралтыг хавсралтанд дурьдснаар тус тус бодож олгосугай. Хавсралтын 04-рт: Нэр Н.Жамбалганий, хэсгийн нэр Алтанбулаг, эрхэлсэн ажил адуучин, амрах хоног 15, амралт эхлэх 1 сарын 20-оос гэсэн “Малчдад ээлжийн амралт олгох” тухай Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алтан гадас одонт Хөдөлмөр нэгдлийн даргын 1989 оны 01 сарын 21-ний өдрийн 09 тоот тогтоол,
1.9. “Нэр бүхий 54 малчинд 1990 оны ээлжийн амралтыг хавсралтанд дурьдснаар тус тус бодож олгосугай. Хавсралтын 25-рт: Овог нэр Н.Жамбалганий, хэсгийн нэр Алтанбулаг, эрхэлсэн ажил хоньчин, амрах хоног 15 гэсэн “Малчдад ээлжийн амралт олгох” тухай Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алтан гадас одонт Хөдөлмөр нэгдлийн даргын 1990 оны 10 сарын 19-ний өдрийн 79 тоот тогтоол,
1.10. Нэгдлээс бага хувьчлалаар олгосон мал хөрөнгийн тооцоо. Хавсралтын 329-рт: Овог нэр Нацагийн Жамбалганий, авсан хөрөнгийн хэмжээ 4.0 төгрөг, мал толгой 8, 3.4 мянган төгрөг, ягаан тасалбар 4 гэсэн Архангай аймгийн Төрийн архивын 1993 оны 342 хуудас Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн өмч хувьчлалын материал, 
2.1. Нацагийн Жамбалганийгийн 1971 оны 01 сараас 1980 оны 12 сар хүртэл ажилласан хоног, авсан хөлс бичсэн 1972 оны 01 сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр.
2.2. Нацагийн Жамбалганийгийн 321 дугаартай 1981 оны 01 сараас 1990 оны 12 сар хүртэл ажилласан хоног, авсан хөлс бичсэн 1981 оны 02 сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр.
  3.1. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн Нацаг овогтой Жамбалганийг энх сүрэгтэн аваргын болзол хангасан учир 1982 оны аймгийн аварга малчин цол олгов. Архангай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Г.Дарамбазар, АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Б.Рааны, ХАА-г удирдах газар, нэгдлийн зөвлөлийн дарга Б.Балган гэсэн гарын үсэг бүхий 1982 оны 02 сарын 13-ны өдрийн дипломын хуулбар,
3.2. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн хоньчин Нацаг овогтой Жамбалганий нь онд малын төл бойжуулах ажил дээр идэвх зүтгэл гарган 541 эм хонь хариуцан маллаж 100 эхээс 101 төл бойжуулан хөдөлмөрийн гарамгай амжилт үзүүлсэн тул БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас диплом, 2000 төгрөгөөр шагнав БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны сайд С.Содномдорж гэсэн гарын үсэг бүхий 1982 оны 02 сарын 20-ны өдрийн дипломын хуулбар,
  3.3. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавар, социалист уралдааны үүргийг биелүүлэхэд амжилт гаргасныг тэмдэглэж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн хоньчин Нацагийн Жамбалганийг БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнав. БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх гэсэн гарын үсэг бүхий 1983 оны 04 сарын 20-ны өдрийн БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичгийн хуулбар,
  3.4. Н.Жамбалганийг БНМАУ-ын төрийн яам, тусгай газар, хууль хяналтын төв байгууллагаас хийсэн социалист өмчийн үзлэгт амжилттай бэлтгэж, шагнагдсан тул сайшаалын үнэмлэх, үнэ бүхий зүйлээр шагнав. Архангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа 1988 оны 10 сарын 28-ны өдрийн сайшаалын үнэмлэхийн хуулбар,
  4. Гэрч А.Анхтуяагийн: “Би 1980 онд 8 жилийн дунд сургуулийг төгсөж Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд Н.Жамбалганий гуайн хонин суурьт туслах малчнаар ажилд орсон. Тус суурь хавар нь хонь төллүүлдэг, зун нь хонь саадаг байсан. 1988 оноос 1990 оныг дуустал манай суурь үхэр болон адуун суурь малласан. Манай 1980 онд нэгдэлд малчнаар Н.Жамбалганий гуайн суурьт очиход Н.Жамбалганий гуай 1971 оноос нэгдлийн мал малладаг байсан. Н.Жамбалганий гуай нь 1980 онд хонин суурийн ахлагчаар ажиллаж байгаа 1988 оноос үхэр болон адуун суурийн ахлагчаар тус тус ажилласан. Манай суурийн ахлагч Н.Жамбалганий гуай нь сайн ажилласан гээд 1982, 1983, 1988 онуудад шагнуулж байсан санагдаж байна. Н.Жамбалганий гуай нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1979 оноос 1990 оныг дуустал тасралтгүй хонь, адуу, үхэр суурь малласан. Би Н.Жамбалганий гуайн суурь малчнаар ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, 
5. Гэрч А.Алтанцэцэгийн: “Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн Хан-Оюут бригадад 1980 оноос 1990 оныг дуустал саальчин, төлчнөөр ажилласан. Н.Жамбалганий гуайн 1980 оноос өмнө нь нэгдлийн мал малладаг байсан. Би 1980 онд нэгдэлд малчин болсноосоо хойш Н.Жамбалганий гуайн ажиллаж байсан талаар сайн мэднэ. Н.Жамбалганий гуай нь 1980 онд хонин суурийн ахлагчаар ажиллаж байгаа 1987 оноос /санагдаж байна/ адуун суурийн ахлагчаар ажилласан. Суурь нь малчин 2, төлчин 3 нийт 5 хүн ажилладаг. Манай нэгдлийн даргаар Батбаяр, бригадын дарга Чилхаасүрэн нар ажиллаж байсан. Би Н.Жамбалганий гуайнхтай айл саахалт, нэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байна. Н.Жамбалганий гуай нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1979 оноос 1990 оныг дуустал тасралтгүй хонь болон адуу маллаж байсан үнэн” гэх мэдүүлэг зэрэг болно. 
 Шүүх хүсэлт гаргагч Н.Жамбалганийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан А.Алтанцэцэг, А.Анхтуяа нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн архивын тасгаас ирүүлсэн лавлагаа, сайшаалын үнэмлэх зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.  

Хүсэлт гаргагч Н.Жамбалганий нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдэлд малчнаар 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 05 тоот тогтоол, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1979 оны 10 сарын 21-ний өдрийн 44 тоот тогтоол, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 04 сарын 31-ний өдрийн 26 тоот тогтоол, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 02 сарын 17-ны өдрийн 17 тоот тогтоол, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 07 сарын 01-ний өдрийн 42 тоот тогтоол, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 10 сарын 16-ны өдрийн 49 тоот тогтоол, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алтан гадас одонт Хөдөлмөр нэгдлийн даргын 1988 оны 07 сарын 20-ны өдрийн 116 тоот тогтоол, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алтан гадас одонт Хөдөлмөр нэгдлийн даргын 1989 оны 01 сарын 21-ний өдрийн 09 тоот тогтоол, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алтан гадас одонт Хөдөлмөр нэгдлийн даргын 1990 оны 10 сарын 19-ний өдрийн 79 тоот тогтоол, Архангай аймгийн Төрийн архивын 1993 оны 342 хуудас Эрдэнэмандал сумын Хөдөлмөр нэгдлийн өмч хувьчлалын материал, Архангай аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ХАА-г удирдах газрын 1982 оны 02 сарын 13-ны өдрийн дипломын хуулбар, БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны 1982 оны 02 сарын 20-ны өдрийн дипломын хуулбар 1983 оны 04 сарын 20-ны өдрийн БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичгийн хуулбар, Архангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа 1988 оны 10 сарын 28-ны өдрийн сайшаалын үнэмлэхийн хуулбар, гэрч А.Анхтуяагийн: “Н.Жамбалганий гуай нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1979 оноос 1990 оныг дуустал тасралтгүй хонь, адуу, үхэр суурь малласан. Би Н.Жамбалганий гуайн суурь малчнаар ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, гэрч А.Алтанцэцэгийн: “Би Н.Жамбалганий гуайхтай айл саахалт, нэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. Н.Жамбалганий гуай нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1979 оноос 1990 оныг дуустал тасралтгүй хонь болон адуу маллаж байсан үнэн” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Иймд Н.Жамбалганийг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдэлд малчнаар 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Боржигон овгийн Нацагийн Жамбалганийг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хөдөлмөрч” нэгдэлд 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
    
              


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА