| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/0146/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/790 |
| Огноо | 2021-07-06 |
| Зүйл хэсэг | 16.8.1., |
| Улсын яллагч | Ю.Батсүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/790
2021 07 06 2021/ШЦТ/790
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч Ю.Батсүх,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0028 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны шөнийн 00 цагаас 02 цагийн хооронд фейсбүүк олон нийтийн сүлжээ гэх Namuun Namuun гэх нар бүхий бүртгэлээр Bymba Byambatsogt гэх нэр бүхий бүртгэлтэй насанд хүрээгүй Ж.Бямбацогт руу Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Монелын 27 дугаар гудамжны 611 тоот бүхий гэртээ байхад нь фейсбүүк дэх харилцан зурвас бичих, зураг илгээх, дуудлага хийх зэрэг боломжтой “чат” цэсийг ашиглан зурвас бичиж, улмаар Ж.Бямбацогтын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц мэдээллийг бусдад тараахаар сүрдүүлсэн, хүүхдэд садар самууныг сурталчилсан, цээжний биеийн нүцгэн зургийг нь авхуулж хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн, бэлгийн харилцаанд орохыг санал болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 0028 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Б нь хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг болон заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Насанд хүрээгүй хохирогч Ж.Бямбацогтын мөрдөн байцаалтад өгсөн:
2020 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн орчим гэртээ байх үед Namuun Namuun гэх хаягаас найзын хүсэлт ирэхээр нь хүлээж авсан бөгөөд сайн уу гэх чат ирэхээр нь би хариу зурвас бичээд харилцан яриа эхлүүлсэн. Бид хоёр 1 цаг 30 минут орчим бэлгийн харилцааны талаар ярилцсан ба түүний дараа тэр хүн намайг нүцгэн зургаа өгөх бол дээрх харилцан яриануудаа найзууд руу чинь явуулна гэж айлгаад байхаар нь би өөрийн цээж нүцгэн, царай гараагүй зургийг явуулсан ба дахин зураг гэж нэхээд байхаар нь өгөөгүй. Миний явуулсан зургийг найзууд руу явуулна шүү, чи над руу бэлэг эрхтнээ гаргасан зураг өг гэхээр нь айгаад ээжийгээ сэрээгээд болсон асуудлын талаар хэлсэн. Тухайн хүний ашиглаж байсан хаягаас харахад эмэгтэй хүн байна гэж бодож байсан боловч өөрийгөө 30 настай, эрэгтэй хүн, 10 дугаар хороололд амьдардаг гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,
Гэрч Н.Хоролгаравын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2020 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 02 цагийн үед охин Бямбацогт нь өрөөний хаалга цохиод ээжээ ярилцах хэрэгтэй байна гэж хэлсэн. Охин маань фейсбүүкээр нэг хүнтэй танилцсан, гэтэл тэр хүн намайг бэлэг эрхтнийхээ зургийг явуул гээд байна, би айгаад байна гэж хэлэхээр нь гар утсыг аваад үзэхэд Namuun Namuun гэх хүнээс ирсэн чатад секс хийх чиг хандлагатай харилцан зурвас байсан ба хөх, бэлэг эрхтнийхээ зургийг явуул гэж шаардсан байсан. Тухайн зурвасны анхны хэсэг устчихсан байсан ч сүүлд харилцсан чат байсан учир зургийг дарж авсан. Мөн тэр хүн бэлэг эрхтнийхээ зургийг явуулахгүй бол хажуу айлын хүүхэдтэйгээ бэлгийн харьцаанд орсон, олон жилийн өмнөөс бэлгийн харилцаанд орсон янхан гэж ойр дотнын хүнд болон найзуудад чинь хэлнэ гэж сүрдүүлсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13332 дугаартай:
“Б.Б нь хурьцал үйлдэх чадвартай. Бэлгийн харилцаанд хэзээ орж байсныг тогтоох боломжгүй. Бэлгийн замын халдварт өвчингүй байна. О 1-р цустай байна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна” гэх дүгнэлт, хавсралт /хх-ийн 18-21/,
Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...би фейсбүүк орсон ба нэг охинтой чатлаж эхэлсэн. ...тэр хүүхэд өөрийгөө анх 4 настайдаа бэлгийн харилцаанд орж үзсэн үүнээс хойш хажуу айлынхаа хүүхэдтэй байнга секс хийдэг гэж хэлсэн. Чатыг screenshot хийж найзууд руу нь явуулна гэж сүрдүүлсэн. Тэгээд уулзахаар болсон ба уулзаад гар утсыг нь авна бодсон юм, гэвч цагдаа байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,
-гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/,
-цагдаагийн байгууллагад хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 03/,
-эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15-16/,
-эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 23-33/,
-насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40, 42/,
-эрүүгийн мөрдөгчийн: ...2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өглөө 11 цагийн орчим Namuun Namuun гэх хаягаас би танай гудамжинд ирчихсэн байна, чи хаана байна гэсний дагуу Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Монелын 26 дугаар гудамжинд очиход тухайн гудамжинд ямар нэгэн хөдөлгөөн байхгүй байхаар нь хэсэг хүлээхэд 20 орчим насны хар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн амны хаалттай эрэгтэй хүн гар утсаа оролдсон байдалтай тус гудамжинд орж ирэхээр нь тухайн хүний бичиг баримтыг шалгахад Баярсайханы Б гэх хүний Хаан банкны виза карт гарч ирсэн. Тухайн хүн өөрийгөө Баярсайхан овогтой Б /РД:оэ86102679/ дугаартай гэж хэлсэн. Тухайн хүний авч явсан гар утсыг шалгахад Namuun Namuun гэх фейсбүүк бүртгэлээр Ж.Бямбацогтын фейсбүүк хаягтай харилцан зурвас бичсэн хэрэг байхыг харан түр саатуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү авч ирж эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Төрбатад хүлээлгэн өгсөн гэх тэмдэглэл /хх-ийн 62/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 45/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 46/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 47/, оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 46/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 47/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 48/, жолоочийн мэдээлэл, лавлагаа /хх-ийн 49/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 50/, хохирлын баримтууд зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б насанд хүрээгүй хохирогч Ж.Бямбацогтыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээллийг бусдад тараахаар сүрдүүлсэн,
хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн, бэлгийн харилцаанд орохыг санал болгож хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мөрдөгчийн тэмдэглэл, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Заналхийлэх нь бусдыг эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц мэдээллийг бусдад тараахаар... заналхийлсэн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд дээрх үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Б.Бын арван найман насанд хүрээгүй хүн буюу хүүхдэд садар самууныг сурталчилж харилцсан, хүүхдээр садар самуун үйлдэл буюу цээж нүцгэн зураг өөрөөр нь авхуулж сүрдүүлэн өөртөө шилжүүлэн авсан болон бэлэг эрхтнээ гаргасан зураг өгөхийг шаардсан үйлдлийг хүүхдийн хүмүүжил, төлөвшил, эрх, ашиг сонирхол, нийгмийн ёс суртахуунд харш, зүй бус нийгмийн гаж үзэгдэл гэж дүгнэлээ.
Гэмт этгээд нь уг гэмт хэргийг үйлдсэнээр хүүхдийн эрх, ашиг сонирхол, хүмүүжил төлөвшилд санаатайгаар халдаж, нийгмийн ёс суртахууныг санаатайгаар зөрчиж өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нийгэмд аюултай үйлдэл юм.
Шүүгдэгч Б.Б нь насанд хүрээгүй хохирогчтой бэлгийн харилцааны тухай чатаар харилцсан, түүнээс цээж нүцгэн зураг өөрөөр нь авхуулж фейсбүүк чатаар өөртөө авсан, улмаар бэлэг эрхтнийхээ зургийг аваад явуул гэж шаардсан нь хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүн бүр хүүхэд байх бөгөөд тодорхой насанд хүрч сэтгэхүйн болон биологийн хөгжлийн үр дүнд бэлгийн харилцааны мэдлэг ухамсар, дадал чадварыг олж авдаг.
Хүүхэд болгон том хүн болж нас биед хүрч бэлгийн харилцаа, түүнтэй холбоотой мэдлэг мэдээлэлтэй болж уг харилцаанд оролцогч болдог хэдий ч тодорхой насны хязгаар энэ байдалд шууд нөлөөлж байх ёстой. Тиймээс ч 18 насанд хүрээгүй хүнийг хүүхэд гэж хууль зүйн хувьд тодорхойлсон байдаг. Хүүхэд нь 18 нас хүртлээ сэтгэхүйн болон биологийн хувьд бүрэн хөгжлийг олоогүй байдаг нь шинжлэх ухаанаар нотлогдож нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
Ийм үе буюу 18 нас хүрээгүй хүүхдэд бэлгийн харилцааны шинжтэй ямарваа нэгэн ойлголтыг насанд хүрсэн хүн зориудаар өгч хэрхэвч болохгүй. Энэ нь хүүхдийн цаашдын төлөвшилд сөрөг нөлөө үзүүлдэг болно.
Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар мөрдөн байцаалтын явцаас шүүгдэгчээс нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй буюу тэдгээрт хурлын тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Бын үйлдсэн Заналхийлэх гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаарх маргаагүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчид учирсан хохиролгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх хохиролгүй болохоо илэрхийлсэн байх учир түүнд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин Эрүүгийн хуулийн Арван зургадугаар бүлэгт заасан “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг”-үүдийг үйлдсэн хүнийг ямар ч нөхцөлөөр өршөөлд хамааруулахгүй байхаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Бын үйлдсэн хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн, хүүхдэд бэлгийн харилцаанд орохыг санал болгож садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэгт ял, эрүүгийн хариуцлага оногдуулж шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял шийтгэлийг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир 153 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бы Быг хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн, хүүхдэд бэлгийн харьцаанд орохыг санал болгож хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг үйлдсэн,
бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээллийг тараахаар сүрдүүлж заналхийлгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Б.Быг шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон нэг зуун тавин гурав хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хэргийн учир шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тооцсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ