Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2017/00158

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын * дугаар багт оршин суух, С овогт Жы Ө ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ц сумын * дугаар багт оршин суух, А овогт Ш ын О д холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Ж.Ө  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш ын О нь 2014.03.20-ний өдөр надаас 1000000 төгрөгийг зээлээр бэлнээр авсан ба үүнийг хаврын ноолуураар төлөхөөр болж тохиролцсон. 2014 он байтугай 2015 оны хавар өнгөрлөө, зуун өнгөрлөө, намар өнгөрлөө, өвөл өнгөрлөө, Ш.О мөнгөө өгөөгүй. Тэгж байгаад хариуцагчийг хайгаад хайгаад арай гэж олж аваад мөнгө өгөхийг шаардахад надаас уучлалт гуйж мөнгийг минь 7 хоногийн дотор өгнө гэж амлаж 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гарын баримт үйлдэж үүнээ нотариатаар гэрчлүүлж өгсөн. Хариуцагч 1000000 төгрөгийг 7 хоног дотор өгнө гэсэн боловч тэр өдрөөс хойш төчнөөн 7 хоног өнгөрлөө одоо болтол мөнгө өгөхгүй бултаж зугтаагаад намайг хохироогоод яваад байна. Иймд Ш.О гаас 1000000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.О  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.О нэхэмжлэгч Ж.Ө ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч Ж.Ө ийн надаас нэхэмжилж байгаа 1000000 /нэг сая/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ө ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.О д холбогдох 1000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.О  нь нэхэмжлэгч Ж.Ө ийн нэхэмжилсэн 1000000 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Ө ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.О д холбогдох иргэний хэргийн хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Ө ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийн тал болох 14275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 14275 төгрөг, хариуцагч Ш.О гаас 14275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Ө т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ш.О  нь нэхэмжлэгч Ж.Ө ийннэхэмжилсэн 1000000 /нэг сая/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Ө ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийн тал болох 14275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 14275 төгрөг, хариуцагч Ш.О гаас 14275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Ө т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН