Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2023/0351

 

 

             “Д В” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э,

Хариуцагч Ч.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, хариуцагч Х.Б нар,

Нэхэмжлэгч: “Д В” ХХК,

Хариуцагч: Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ц, Х.Б нар

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгуулах”,

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э, хариуцагч Ч.Ц, Х.Б, хариуцагч Ч.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,

Хэргийн индекс: 119/2022/0032/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д В” ХХК нь Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ц, Х.Б нарт холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 15 дугаар зүйлийн 15.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4, 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.4.3, Татварын ерөнхий хууль /2008-05-20/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006-06-29/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Зөрчлийн тухай хууль /2017-05-11 өдрийн хуулийн холбогдох заалт 2019-03-22 хүчингүй болсон/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтуудыг тус тус баримтлан Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөрийн хэмжээг нийт 29,868,532.50 төгрөг /хорин есөн сая, найман зуун жаран найман мянга, таван зуун гучин хоёр төгрөг, тавин мөнгө/ буюу нөхөн татвар 19,912,355.00 төгрөг /арван есөн сая, есөн зуун арван хоёр мянга, гурван зуун тавин таван төгрөг/, торгууль 5,973,706.50 төгрөг /таван сая, есөн зуун далан гурван мянга, долоон зуун зургаан төгрөг, тавин мөнгө/, алданги 3,982,471.00 төгрөг /гурван сая, есөн зуун наян хоёр мянга, дөрвөн зуун далан нэгэн төгрөг/ болгон багасгаж”,

2 дахь заалтаар: “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

3.1. Татвар нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар тодорхой байх, 5.1.3-д зааснаар шударга байх зарчимд нийцсэн байхаар хуульчилжээ. Хариуцагч нар дээрх зарчмыг баримтлаагүй зөвхөн компанийн анхан шатны санхүүгийн баримт дээр өөрсдөө 761.000.000 төгрөгийг И-баримт бичиж “Э Ү” ХХК-д өгсөн гэсэн үндэслэлээр нөхөн ногдуулалт, торгууль, алдангийг тооцжээ. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Э Ү” ХХК, “Д В” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуульд заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй хийгдсэн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн тул хүчин төгөлдөр бус гэрээ. Хуулийн дагуу хийгдээгүй гэрээний үндсэн дээр компанийн дансанд орсон орлогод акт тавьсан нь илт хууль бус болсон. Татварын байцаагчид 761.235.497.000 төгрөгийн зөрчилд нөхөн төлбөр ногдуулахдаа зөрчлийг хэрхэн тогтоосон, нөхөн татвар, алданги, торгуулийн тооцоолол гэх мэт хавсралтууд ирүүлээгүй, ямар орлого, ямар зарлагатай гэж үзсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудас нь нэгдсэн бүртгэл дугаартай байх бөгөөд хавсралтын хамт хүчинтэй байна” гэснийг болон татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийг зөрчсөн.

3.2. Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн 21 дүгээр зүйлд татварын байцаагч мэдээ, мэдээлэл баримт цуглуулахад баримтлах журмыг тогтоож, 21.2-т “Татварын алба татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай магадлагаа, баримтын хуулбар, мэдээ, судалгаа, дансны хуулга, холбогдох бусад баримт бичиг, мэдээллийг татвар төлөгч, түүнтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авна”, 21.4-т “Татварын алба татвар төлөгчийн борлуулалт, худалдан авалт, гэрээ хэлцэл зэрэг мэдээ, мэдээлэл, баримтыг гаргуулахаар татвар төлөгч болон түүнтэй хамтран үйл ажиллагаа явуулсан гуравдагч этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан. “Э Ү” ХХК-тай байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн гэрээг “Д В” ХХК-ийг төлөөлөх эрхгүй, компаниас итгэмжлэл олгоогүй байхад Ц.Б “Хөдөлгөөнт цахилгаан техникийн лаборатори” нийлүүлэх 439.000 ам.долларын гэрээг хийсэн байдаг. Татварын байцаагчид энэ гэрээг Ерөнхий удирдамжид заасны дагуу татвар төлөгч болон гуравдагч этгээд болох “Э Ү” ХХК-иас шаардан авсан бол гэмт хэргийн шинжтэй байгаа үйлдэл байгааг эсэхийг харах боломж байсан.

3.3. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.3.2-т “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 106.3.6-д зааснаар төлбөр тогтоосон актын төлбөрийн хэмжээг багасгасан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч: Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ц, Х.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

4.1. Шүүхийн шийдвэрээр “Нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөрийн хэмжээг нийт 29,868,532.50 төгрөг буюу нөхөн татвар 19,912,355.00 төгрөг, торгууль 5,973,706.50 төгрөг, алданги 3,982,471.00 төгрөг болгон багасгасугай” гэснийг эс зөвшөөрч байна. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3-д “... НА-20220000086 тоот нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэх үндэслэлтэй” гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 106 дугаар зүйлийн 106.2, 106.5 дахь заалтуудыг зөрсөн. Тус шийдвэрийг гаргахдаа шүүхийн шийдвэрийн 10-д “Д В” ХХК-ийн Хаан банкны 51630028231 тоот дансаар “Э Ү” ХХК-иас 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр орсон 219,500.00 долларын гүйлгээг шууд орлого” гэж дүгнэсэн нь дараах хууль, журам, стандартад зааснаар нотлох баримтыг үнэлэлгүй үндэслэлгүй шийдвэрлэсэн.

Сангийн сайдын 2007 оны 326 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн дансны заавар”-ын урьдчилж орсон орлогын бүртгэлийн 4.59-д “төлбөртэй үйлчилгээний орлогыг урьдчилж хүлээн авахад “дт.мөнгөн хөрөнгө, кт.урьдчилж орсон орлого” гэж бүртгэхээр журамласан. Харин урьдчилж орсон орлогыг дараа нь буюу бараа нийлүүлж дууссанаар орлогын дансанд шилжүүлж бүртгэхдээ “дт.урьдчилж орсон орлого, кт.ажил, үйлчилгээний орлого” гэж бүртгэдэг. Урьдчилж орсон орлого гэдэг нь хүлээн авсан тал буюу “Д В” ХХК санхүүгийн анхан шатны бүртгэлдээ өглөг талдаа бүртгээд гэрээний дагуу бараагаа нийлүүлээгүй, нийлүүлэх боломжгүй нөхцөл үүссэн үед буцаан төлөх агуулгатай байдаг. Гэрээний дагуу гэрээг дүгнэсэн акт үйлдсэнээр тус бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн эсвэл ажил үйлчилгээг үзүүлсэн гэж үзэж эцсийн гүйлгээг хийснээр орлогоор бүртгэн тайлагнаж, төлбөрийн баримтыг “Э Ү” ХХК-ийн нэр дээр цахимаар үүсгэдэг.

4.2. “Э Ү” ХХК гэрээний дагуу 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 219,500.00 долларын гүйлгээнд төлбөрийн баримт үүсгүүлэн “Д В” ХХК-иас аваагүй нь тус орлогыг урьдчилж шилжүүлсэн зарлага буюу санхүүгийн анхан шатны бүртгэлдээ авлага гэж бүртгэсэн гэдгийг харуулж байна. Гэрээг дүгнэсний дараа үлдэгдэл төлбөрийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлж, 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Д В” ХХК-иас “Э Ү” ХХК-руу 761,235,497.00 төгрөгийн төлбөрийн баримт шивсэн нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн орлогыг урьдчилж орсон орлого гэдгийг хүлээн зөвшөөрч байгааг илтгэдэг. “Д В” ХХК-ийн 219,500.00 долларын гүйлгээний утга бүхий дансны хуулгыг тал бүрээс нь үнэлээгүй, нэхэмжлэгч, хариуцагч талаас тодруулаагүй, энэ талаар шүүх хуралдаанд мэтгэлцээгүй. Тус гүйлгээний утга дээр “Д В” ХХК, “Э Ү” ХХК ПЕР” гэж бичсэн нь “ПЕР” буюу “перед оплата” гэх урьдчилсан орлогыг илэрхийлсэн (2016 онд “Э Ү” ХХК нь оросын талын хувь эзэмшигчтэй байсан тул гүйлгээний утгыг орос хэлээр явуулдаг байсан) бөгөөд шүүх нотлох баримтыг үнэлэхдээ шууд орлого гэж дүгнэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй.

“Д В” ХХК-ийн “Э Ү” ХХК-тай байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2016/09-60-2013 дугаартай гэрээнд “төлбөрийн нөхцөл 50 хувь урьдчилгаа төлбөр, үлдэгдэл төлбөрийг барааг хүлээн авсны дараа шилжүүлнэ” гэж тусгаснаар 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 219,500.00 долларын 2 урьдчилгаа төлбөр шилжүүлсэн нь урьдчилж гарсан зардал гэдгийг нотолдог.

4.3. “Д В” ХХК нь гэрээгээр “Цахилгаан техникийн кабель шалгах хөдөлгөөнт лаборатори” гэх нэг бүхэл тоног төхөөрөмжийг “Э Ү” ХХК-д нийлүүлсэн. Тус тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд урьдчилгаа төлбөрийг “Э Ү” ХХК төлснийг шүүх орлого гэж үзсэн нь мөн “Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт”-ын 15 дугаарт заасныг зөрчсөн. Шүүх 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр орсон 219,500.00 долларын гүйлгээг шүүхийн шийдвэрийн 10, 11, 12, 13, 1 , 18, 19, 22, 24-т “орлогыг олсон үед, зардлыг гарсан үед” гэдэг агуулгаар шууд ойлгож нягтлан бодох бүртгэл болон олон улсын стандартад заасан урьдчилж орсон орлого эсвэл орлого эсэхийг нягтлаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь, эргэлзээгүй байдлаар үнэлээгүй.

4.4. Мөн нэхэмжлэгч “тус гүйлгээ нь хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй бөгөөд 2016 онд орсон орлого, тухайн онд тайлагнах ёстой байсан талаар” маргаагүй, мэтгэлцээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э, хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ц, Х.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нарын давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон бусад холбогдох хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрт дараах байдлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

3. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Хариуцагч нар “Д В” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалт хяналт шалгалт хийгээд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар “аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2018 онд 761,235,497.00 төгрөгийн борлуулалтын орлого тайлагнаагүй” зөрчилд нийт 114,185,324.55 төгрөгийн төлбөр ногдуулсныг Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн бөгөөд нэхэмжлэгчээс актыг бүхэлд нь эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

3.2. Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтлөхөөр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод албан татвар ногдуулахаар, 21 дүгээр зүйлийн 21.1-д татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж, төсөвт төлөхөөр, Татварын ерөнхий хууль /2008/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөхөөр тус тус хуульчилсан.

3.3. Нэхэмжлэгч “Д В” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Э Ү” ХХК-тай 439,000.00 долларын үнэ бүхий “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу тус компанийн Хаан банкны 5163028231 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 219,500.00 доллар, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 82,554.00 долларын орлого “Э Ү” ХХК-иас орсон болох нь баримтаар нотлогддог.

3.4. Анхан шатны шүүх гэрээний дагуу олсон орлогыг санхүүгийн болон татварын тайландаа тусгаж, холбогдох албан татвараа төлөхөөр байсан, хуульд заасны дагуу татвараа үнэн зөв тодорхойлж, төлөх, татварын тайланг харьяалах татварын албанд хүргүүлэх татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй, энэ зөрчилд татварын нөхөн ногдуулалт хийх нь зүй ёсны талаар хангалттай, зөв дүгнэсэн атлаа “... 2016, 2018 онд орсон орлогод бүхэлд нь татварын нөхөн ногдуулалт хийсэн нь буруу, ... 2016 онд орсон орлогоо орлого олсон үедээ аккруэл сууриар бүртгэн тайлангаа гаргаж, тухайн татварын жилийн орлогод ногдох татвараа хуульд зааснаар төлөх үүргээ биелүүлээгүй нь хууль бус боловч энэ зөрчилд нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги тооцох хөөн хэлэлцэх 4 жилийн хугацаа хэтэрсэн” гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

3.5. Тодруулбал, “Д В” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Э Ү” ХХК-тай байгуулсан 439,000.00 долларын үнэ бүхий 1 гэрээнд “... төлбөрийн нөхцөл 50 хувь урьдчилгаа төлбөр, үлдэгдэл төлбөрийг барааг хүлээн авсны дараа шилжүүлнэ” гэж тодорхой тусгасан, үүний дагуу 2016, 2018 онуудад 2 удаагийн гүйлгээ хийгдэж, гэрээг хүчин төгөлдөр, биелэгдсэн гэж үзэж дүгнэсний дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 761,235,497,00 төгрөгийн И-баримт шивж, уг гэрээний үүрэг 2018 онд дуусч, мөн хугацаанд гэрээний дагуу орлого орсон гэж үзнэ.

Хариуцагчаас давж заалдах шатны шүүх хуралдаанд “...урьдчилж орсон орлого, бараа материалаа нийлүүлж чадахгүй бол мөнгөө буцаагаад татчихна. Тиймээс санхүүгийн баланс дээрээ орлого гэж бүртгэх боломжгүй. Сүүлийн гэрээгээрээ бараа материалаа нийлүүлээд эцсийн мөнгө орж ирэхээр “орлого” гэж бүртгэгддэг, мөнгө нь 2 салж орсон байхад эхний орлогыг нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гээд хассан нь үндэслэлгүй. Нэг гэрээ, нэг орлого учраас сүүлд орж ирсэн орлогыг нийлүүлж бүртгэсэн дүнгээр нөхөн ногдуулалтын акт, торгууль, алданги тавьсан” гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх боломжгүй бөгөөд урьдчилж орсон орлого нь гэрээний дагуу бараагаа нийлүүлээгүй, үйлчилгээ үзүүлээгүй, эсхүл ингэх боломжгүй тохиолдолд буцаан төлөх агуулгатай, энгийнээр тайлбарлавал, “Д В” ХХК нь “2016 онд гэрээнд заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөрийг авсан”, харин “2018 онд эцсийн төлбөрийг авч, уг гэрээний дагуу орлого олсон” гэж үзэж тайландаа тусгахаар байх тул “2016 онд орлого олсон” гэж шууд үзэж тусдаа тайлан гаргаж, татвар ногдуулах үндэслэлгүй, иймд уг хугацаанаас хойш Татварын ерөнхий хуульд заасан татварын нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги тооцох хөөн хэлэлцэх 4 жилийн хугацаа хамаарахгүй. Иймд 2018 онд гэрээ биелэгдэж, орлого бүрэн орсон хугацаанаас тооцож актаар төлбөр ногдуулах нь зөв.

Мөн хариуцагчийн гомдолд дурдагдсан Сангийн сайдын 2007 оны 326 дугаар тушаалаар батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн дансны заавар” нь хандивлагч орон, олон  улсын санхүүгийн  байгууллагаас Засгийн  газрын  шугамаар  авч,  ашиглаж буй зээлийн болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, засгийн газрын тусгай сангийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланг  нягтлан   бодох  бүртгэлийн  олон  улсын   стандартад  нийцүүлэх, түүнийг бүртгэлийн нэгдсэн бодлого, заавар аргачлалын дагуу хэрэгжүүлэх хүрээтэй байна.

3.6. Тус компанийн “Э Ү” ХХК-тай байгуулсан гэрээ, түүний дагуу компанийн дансаар хэзээ мөнгө орж, хэзээ И-баримт шивсэн үйл баримт нотлогдсоны дээр нэхэмжлэгч компани нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш татварын тайлан гаргаагүй, 2020 онд Х тайлан гаргаж байсан, нэхэмжлэгч энэ үйл баримтаа үгүйсгэж маргаагүй, өөрөөр хэлбэл, хуульд заасан татвараа тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанийн энэ хугацааны тайланг татан авах боломжгүй нөхцөл байдал бий болсон, энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байх тул  нэхэмжлэгчийн “...  ямар орлого, зарлагатай гэж үзсэн нь ойлгомжгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, актыг хүчингүй болгох боломжгүй.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч “... төлбөрийн баримтыг хэн шивсэн нь мэдэгддэггүй, 761,235,497.00 төгрөгийн төлбөрийн баримт шивэгдсэн гэдэг нь 439,000 ам.доллароор шивэгдчихээд байгаа. Гэтэл компанийн дансанд 300,000 ам.доллар орсон” гэх боловч компани өөрийн үйл ажиллагаа, тайлан, тооцоо, аливаа санхүүгийн асуудлыг өөрөө хариуцах үүрэгтэй, энэ тохиолдолд гэрээний үүргийн гүйцэтгэл, төлбөрийн шилжүүлэг болоод бусад асуудлаар маргасан талаарх баримтгүй, нэхэмжлэгч өөрөө дансандаа мөнгө авсан талаар маргахгүй байна. 

3.7. Мөн нэхэмжлэгчээс “... уг гэрээг компанийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан, хариуцагч нар уг гэрээг татан авч гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг анхаарч шийдвэр гаргах байсан” гэж маргаж байх бөгөөд татварын улсын байцаагч нар гагцхүү тус компани гэрээний дагуу олсон орлогыг хуульд заасны дагуу мэдүүлж, тайлагнасан эсэхийг л хянах эрхтэй, гомдолд дурдсан асуудлыг болоод гэрээг хууль ёсны эсэхийг шалгах эрх хэмжээ татварын улсын байцаагч нарт хуулиар олгогдоогүй, захиргааны хэргийн шүүх татварын улсын байцаагч нарын гаргасан татварын нөхөн ногдуулалтын акт холбогдох хуульд нийцсэн эсэхэд л хууль зүйн дүгнэлт хийнэ. Иймд энэ маргаанд хамааралгүй асуудлаар гаргасан гомдлыг хүлээн авахгүй.

3.8. Түүнчлэн нэхэмжлэгчээс “...хариуцагч “Э Ү” ХХК-иас гэрээг татаж аваагүй, холбогдох баримтыг шаардаагүй, зөрчлийг хэрхэн тогтоосон, актын тооцоолол гэх баримтуудыг ирүүлээгүй” гэх зэргээр маргах боловч хариуцагч нар тус компанид татварын хяналт шалгалт хийж байгаатай холбоотойгоор холбогдох тайлбар, баримтаа ирүүлэхийг шаардаж байсан, нэхэмжлэгч хуульд заасан эдгээр болон аливаа асуудлаар хүсэлт гаргах эрхээ эдлээгүй атлаа ийнхүү тайлбарлаж байгаа нь зүйд нийцэхгүйн дээр нэхэмжлэгчийн холбогдох баримттай танилцах эрхийг хариуцагч нар аливаа байдлаар хязгаарлаагүй байна.

Анхан шатны шүүх татварын улсын байцаагч нар хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу явуулж, “Д В” ХХК-ийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулж, холбогдох шаардлагатай баримт, мэдээллийг гаргуулан авч, ярилцлага хийж, сонсох ажиллагааг явуулж, гаргасан шийдвэрээ хүргүүлж, шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангасан талаар хангалттай зөв дүгнэжээ.

3.9. Иймд нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрт “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Татварын ерөнхий хууль /2008/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Д В” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ц, Х.Б нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д В” ХХК-ийн төлөөлөгч О.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Ч.Ц, Х.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ             

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

                   ШҮҮГЧ                                                                        Н.ДОЛГОРСҮРЭН