Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 20

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Чинзориг,

шүүгдэгч: У.Есүхэй, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Урантуяагийн Есүхэйд холбогдох эрүүгийн 2015 2602 1666 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар
хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ханын материал, Шар хадны чиглэлд кондуктор ажилтай, ам бүл 7, авга ах, авга эгч, түүний хүүхдүүд, төрсөн дүү Алунгуа нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний үйлдвэрийн 120 айлын 7-1 тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 271 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, регистрийн дугаар УП 94062136, Халх овогт Урантуяагийн Есүхэй.

 

Шүүгдэгч У.Есүхэй нь Э.Энхтүвшинтэй бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр байрны 4
тоотод оршин суух иргэн Ш.Батболдын гэрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж,
“Самсунг” маркийн зөөврийн компьютер, “Самсунг Эс-3”, “Нокиа” маркийн 2 ширхэг гар утас зэрэг эд зүйл хулгайлж, Ш.Батболдод 620 000 төгрөгийн бага бус
хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-У.Есүхэй мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв, миний хийсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд бичсэнийг хүлээн зөвшөөрч байна.

Намайг хорооллын “Өргөө” кино театрын ард байрлах нийтийн байранд найзуудтайгаа байр хөлслөн амьдарч байхад манай хажуугийн өрөөнд Э.Энхтүвшин байсан учраас түүнийг таньдаг болсон юм. Тэр надаас 4-5 насаар ах, намайг 22 настай гэдгийг тэр мэднэ. Э.Энхтүвшинтэй хамт нийтийн байрнаас гараад алхаж явахад, тэр хулгай хийж, мөнгөтэй болъё гэж хэлсэн. Би хоёр сав 2 литрийн шар айраг авч, нэгийг нь Э.Энхтүвшинтэй хувааж уусан байсан. Би хулгай хийхгүй гэхэд Э.Энхтүвшин миний хүзүүнээс гараараа атгаад “сүртэй юм, маяглаад байгаарай” гээд айлд орохыг шаардсан. Тэр үед харанхуй байсан болохоор байрны 1 давхарын цонх онгорхой байсан тул тэр намайг өргөж оруулаад, би дотроос нь гар утас, комюьютер аваад Э.Энхтүвшинд өгсөн. Надад энэ хэргээс өөр үйлдсэн, илрээгүй гэмт хэрэг байхгүй. Миний биеийн хэмжээ, биеийн байдлаар далимдуулж намайг дээрэлхдэг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигладаг өөр хүмүүс байхгүй. Тухайн үед тэр дор нь хохирогчийн эд зүйлийг эргүүлэн өгсөн. Э.Энхтүвшин одоо хаана байгааг би мэдэхгүй.

Манай аав бичиг баримтгүй болохоор би ааваараа овоглодоггүй, ээжийнхээ нэрээр овоглодог. Ээж маань хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураггүй алга болоод 3 жил болж байна. Хэрэг болох үед би авга ахынхаа гэрт амьдарч, хүүхдийг нь харж тусалдаг байсан. Миний биеийн өсөлт зогссоны улмаас би тахир дутуугийн группт орсон, улсаас халамжийн мөнгө авдаг. Авга ах маань намайг харж хандаж, гэртээ байлгадаг. Аав маань тусдаа байдаг боловч бид уулздаг. Хойшид аав, дүү хоёртойгоо хамт амьдарна. Би энэ хэргийн улмаас 8 хоног цагдан хоригдох хугацаандаа их зүйл ойлгосон. Хойшид дахин гэмт хэрэг хийхгүй байж чадна. Би өөрийн гэм буруугаа ойлгож байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ш.Батболд мэдүүлэхдээ:

...“2015 оны 9 дүгээр сарын 22-ны орой унтахдаа жижиг өрөөнийхөө цонхыг онгойлгоод унтсан. Унтаж байсан чинь эхнэр Дүүрэнбаяр “хүн байна” гээд чанга орилохоор нь би сэрсэн чинь нэг жижиг биетэй залуу манай өрөөнд явж байсан. Тэгэхээр нь би гэрлээ асаагаад тэр залууг бариад, эд зүйлээ үзсэн чинь нөүтбүүк, 2 ширхэг гар утас байхгүй байхаар нь тэр залууг гэрт үлдээгээд би гадагшаа гарсан чинь гадаа цагдаа нэг залууг барьчихсан зогсож байсан. Би цагдаад баригдсан залуугаас эд зүйлсээ асуусан чинь подволын хажуу талд нуусан байснаа заахаар нь би эд зүйлээ авч гэртээ оруулсан. Онгорхой цонхоор орсон байна лээ. Манай цонхоор орсон залуу гуталгүй байсан. Тэгсэн гадаа байсан залуу гутлыг нь барьчихсан зогсож байсан. Би эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан болохоор ямар нэгэн санал, гомдолгүй. Дээрхи этгээдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авна уу...” гэжээ. (хэргийн 10-11 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Бямба-Очир мэдүүлэхдээ:

“...Би 2015 оны 09 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Тайшир-10-аас Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр байрны 1 дүгээр орцны доор хүн хулгай хийгээд байна гэсэн мэдээллийн дагуу жолоочийн хамт очиж шалгасан. Машин байрлуулах газар байхгүй байсан болохоор би 21 дүгээр байрны цаана машинаа үлдээчихээд 1 дүгээр орцны ойролцоо явж очиход өндөр Энхтүвшин нь цонхны доор зогсож байсан. Жижиг Есүхэй нь 4 тоот айлын цонхоор орчихсон Энхтүвшиндээ юм зөөж өгөөд байгаа байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би дөхөж очоод “хөөш” гэж хэлэхэд тэр Энхтүвшин нь “хэн бэ? яах гээд байна шаана шүү, цаашаа бай” гээд гартаа нэг юм барьчихсан зогсоод байсан. Би тэгэхээр нь “хөөш чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?, би цагдаа байна” гэж хэлсэн. Тухайн үед харанхуй байсан болохоор сайн юм харагдахгүй байсан байх тэгсэн тэр Энхтүвшин нь “өө за, ахаа уучлаарай” гэж хэлсэн мөртлөө дөхөөд очиход шаардлага биелүүлэхгүй надтай ноцолдох гээд байснаа зүгээр болсон. Дотор байсан Есүхэй нь айлын эзэнд нь баригдаад гарч ирсэн” гэжээ. (хэргийн 112-113 дугаар хуудас)

 

Эд зүйлийн үнэлгээнд: нийт 620 000 төгрөг гэжээ. (хэргийн 114 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Сонгинохайрхан дүүргийн 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 271 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч У.Есүхэй нь Э.Энхтүвшинтэй бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр байрны 1 давхарын 4 тоотод оршин суух хохирогч Ш.Батболдын байрны онгорхой байсан цонхоор хууль бусаар нэвтрэн, “Самсунг” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Самсунг Эс-3”, “Нокиа” маркийн 2 ширхэг гар утас зэрэг 620 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэл дээрээ хохирогч болон цагдаагийн ажилтанд баригдаж, хулгайлсан эд зүйлээ хохирогчид тэр даруйд буцаан өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч У.Есүхэй, хохирогч Ш.Батболд, гэрч Ц.Бямба-Очир нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Есүхэйг Э.Энхтүвшинтэй  бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтрэн,  хохирогчид  620 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулж, хулгайлан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хэргийг зүйлчлэн ирүүлжээ.

Гэвч У.Есүхэй нь гэмт үйлдэл дээрээ хохирогч болон цагдаад баригдсанаар түүний үйлдэл таслан зогсоогдож, гэмт этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч гэмт үйлдлийг бүрэн хийгээгүйгээ ойлгосон байх тул үйлдлийг нь төгсөөгүй завдалт гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т тус тус заасныг журамлах нь хэргийн жинхэнэ байдалтай тохирно гэж шүүх үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь бүрэн шалгажээ.

У.Есүхэйд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 271 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, хойшлуулсан хугацаанд тэр гэмт хэрэг үйлдээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

           

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

У.Есүхэй нь өнчин тархинаас шалтгаалсан өсөлтийн өөрчлөлт одой өвчний улмаас хугацаагүйгээр, хөдөлмөрийн чадвараа 80%-иар алдсан болох нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар нотлогдож байх тул түүний биеийн болон эрүүл мэндийн байдал, эд зүйлийг буцаан өгч, хохирол барагдуулсан гэж хохирогч гомдолгүй гэж байгаа зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Халх овогт Урантуяагийн Есүхэйг бусадтай бүлэглэж, орон байранд нэвтэрч, бусдын бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч У.Есүхэйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-д тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 1 жил 4 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар У.Есүхэйд оногдуулсан 1 жил 4 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд  хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. У.Есүхэй нь 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдийг хүртэл 8 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан У.Есүхэйд оногдуулсан 1 жил 4 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар У.Есүхэй нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах ба хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

9. Энэ шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл У.Есүхэйд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ОЮУН