Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2017/00050/И |
Дугаар | 130/ШШ2017/00163 |
Огноо | 2017-03-10 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2017/00163
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын * дугаар багт оршин суух, Ж овогт М гийн Е ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлэгт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид А.С, С.Н, хариуцагч Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Ө, хариуцагчийн өмгөөлөгч С.А, орчуулагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай М.Е ыг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн түргэний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч М.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М гийн Е , би Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг. Миний бие анх тус аймгийн Цэнгэл сумын хүн эмнэлгийн ерөнхий эмчийн 2001 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар тушаалаар түргэний жолоочоор томилогдож ажлаас халагдах хүртэл улсад тасралтгүй 16 гаруй жил тогтвор суурьшилтай ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллаж байсан юм. Гэтэл Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Ө намайг ажилд хайнга хандаж, хариуцсан машин техникийг удаа дараа осолд оруулан зохих хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 38 дугаар тушаал гаргаж ажлаас минь халчихлаа. Энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, миний бие 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ц сумын *-р багийн нутаг дэвсгэр буюу "Х" гэх гүүрний орчим тус сумын сум дундын эмнэлгийн эзэмшлийн ******БӨТ улсын дугаартай, УАЗ-3151106 маркийн тээврийн хэрэгслээр албаны ажлаар /дуудлага/ явж байгаад зүүн урд дугуй гэнэт хагарснаас болж осолд орсон. Тухайн үед хууль журамд заасны дагуу үүргээ биелүүлж энэхүү ослын талаар хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар энэхүү асуудлыг шалгаж, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай санал үйлдэж аймгийн прокурорын газарт ирүүлснээр хяналтын прокурор Т.Серикжаны 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн "эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай" 5/343 дугаар прокурорын тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер бөгөөд шинжээч Е.Ж ы 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №09 дугаар шинжээчийн дүгнэлтээр ...зүүн урд дугуй гэнэт хагарснаас болж осол гарсан болохыг тогтоож, цаашид тээврийн хэрэгсэлд тавигдах МNS-4978:2000 стандартын дагуу засварласан байх тул замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн юм. Нэг үгээр хэлбэл, хэдийгээр миний бие тухайн тээврийн хэрэгслээр албаны ажлаар явж байгаад золгүй явдлаар осолдсон ч гэсэн үүнээс учирсан бүх хохирлыг арилгасан юм. Одоо энэхүү тээврийн хэрэгсэл эмнэлгийн хэрэгцээнд ашиглагдаж явж байгаа болно. Осол гарсан өдрөөс хойш бүхэл бүтэн 5 сар 20 хоногийн дараа, ялангуяа ослын улмаас учирсан бүх хохирлыг бүрэн арилгасан байхад намайг зам тээврийн осол гаргасан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас минь чөлөөлснийг буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй. Түүнчлэн миний бие ажиллах хугацаандаа ажил олгогчийн итгэлийг алдсан өөр бусад буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно.
Иймд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн түргэний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Е шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт оршин суудаг, 1974 онд төрсөн, 43 настай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Ж овогт М гийн Е . Би 2001 онд Цэнгэл сумын Сум дундын эмнэлэгт түргэний жолоочоор ажилд орж ажиллаж байсан. Тус эмнэлэгт нийт 16-17 жил ажилласан. Ажиллах хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 3 их эмчтэй хамт ажилласан. Ажиллах хугацаанд даргаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлж ажилласан. 17 жил ажиллахдаа ямар нэгэн арга хэмжээ авахуулж байгаагүй. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Цэнгэл сумын Ерөнхий эмч К.Ө 38 дугаар тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Тийм учраас намайг ажлаас чөлөөлсөн 38 дугаар тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Би нийт 17 жил ажиллахдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. К.Ө эмчтэй хамт 15-16 жил ажилласан. Дарга болсны дараа чамайг ажлаас чөлөөлнө гэж хэлсэн. Би үүнийг зөвшөөрөөгүй. Бид хоёрын дунд ямар нэгэн байдлаар өс хонзонгийн асуудал байхгүй. Гэтэл намайг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Намайг ажлаас чөлөөлсөн шалтгаан нь улс төрийн үзэл бодолтой холбоотой юм болов уу гэж ойлгож байна. Би өөрөө ямар нэгэн намын харьяалалгүй, нам бус хүн. 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Сум дайрых гэх газарт дуудлаганд очоод ирж байхад машины дугуй хагарч осол гарсан нь үнэн. Тухайн үед цаг тухайд нь зохих газарт мэдэгдсэнээр холбогдох эрх бүхий хүмүүс ирээд шалгаж тогтоогоод дүгнэлтээ гаргаж байсан. Тэгээд 07 дугаар сарын 20-ноос хойш тухайн осолд орсон машиныг засварлаад 6 сар дуудлагад явж байсан. Дуудлаганд явж байх үедээ архи дарс хэрэглэсэн асуудал байгаагүй, К.Ө эмч өөрөө ч надтай хамт зөндөө дуудлагад явж байсан. Ажлаас чөлөөлөгдөөд 3-4 сар болж байна, цалингийн зээлтэй, оюутан сургаж байгаа. Тийм учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ асуудлыг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Ө шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн иргэн, Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Ө би тус сумын иргэн М гийн Е ын "Ажилд эгүүлэн тогтоолгох тухай хүсэлт" гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухайгаа дараах үндэслэлээр тайлбарлаж байна.
Үндэслэл:
1. К.Ө би тус Цэнгэл сумын Сум дундын эмнэлгэд 2000 оноос эхлэн эмчээр 17 дахь жилдээ ажиллаж байна. Би жолооч М.Е ыг нэг нутгийн иргэний болон хамт 16 жил ажилласны хувьд сайн таньж мэддэг билээ. Төрөл садан биш, өс хонзонгүй одоо албаны хувьд хяналт тавьдаг дарга нь байгаа.
2. М.Е нь тус эмнэлгэд дуудлагын жолоочоор ажиллах хугацаандаа дуудлагад явж байгаад 3 дахь удаа машины осол гаргасныг сумын бүх иргэд мэднэ. Энэ нь М.Е ын ажилдаа хариуцлагагүй, хүнд сурталтай, хайхрамжгүй, магадгүй архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болох үндэслэлтэй байдлыг харуулж байгаа юм.
3. М.Е нь маш зальтайгаас гадна сэлбэг хэрэгслийг янз бүрийн далим гарган авч улсын хөрөнгийг ашиглан завшдаг гэдгийг эмнэлгийн ажилчид болон сумын иргэд сайн мэднэ. Үгүйдээ дуудлагад явахдаа худал хэлж шатахууныг ахиу авдаг бөгөөд дугуйны элэгдэлт гэж шинэ дугуй авчхаад хуучин дугуйгаараа явж ашиг олох зэргээр үргэлж эмнэлгийн эрхлэгч, эмч нарыг хууран мэхэлж залилж явдаг зальт этгээд гэдгийг сумын иргэд, эмнэлгийн ажилтнууд сайн мэддэг юм.
4. Харин сүүлд автын осол гаргасан талаарх асуудлыг нь би эмнэлгийн эрхлэгчээр ороод дахин нэмэлт шалгалт хийлгүүлэхээр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа бөгөөд эцэслэн шалгуулахыг эрмэлзэж байна. Учир нь 30000000 төгрөгийн эд хөрөнгө болох шинэ машин техникийг эвдүүлчихээд, дараа нь 2004 онд орж ирсэн хуучин машины сэлбэгээр нэртөдий зассан болж аргацааж улс ба иргэдийг хохироосон М.Е ын үйлдлийг зальт байдлыг сумын иргэд, эмнэлгийн ажилчид бид тэвчихгүй юм. Иймд хэргийг хянан Шийдвэрлэх хүртэл М.Е ын талаарх нотлох баримтуудыг гаргаж өгөх болно. Нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
Хариуцагч Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Ө шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Миний бие 1973 онд төрсөн, Цэнгэл сумын Сум дундын эмнэлэгт 19 дэх жилдээ ажиллаж байна. 10 дугаар сарын дундуур эрхлэгчийн ажилд орсон. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлье гэсэн ямар нэгэн санаа байгаагүй. 11 дүгээр сарын дундуур түргэний машин эвдэрсэн. Түргэний машин бол эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл ажиллагаа явуулах хамгийн нэг гол хэсэг байдаг. Тухайн машин эвдрэх үед шинэхэн машин яагаад эвдэрсэн бэ гээд хуулийн байгууллагад хандсан. Тэгэхэд өмнөх гэмтлээс болж энэ машин эвдэрсэн гэж хэлсэн. Өмнөх гэмтэл нь хүнд гэмтэл байсан. Тэгэхээр цаашид ашиглах боломжгүй гэдгийг мэдээд 1 сарын дотор арга хэмжээ аваад жолоочоо ажлаас гаргасан. Тухайн машины гэмтэл, эвдрэлийн талаар өмнөх удирдлагын болон бусад хүмүүсийн гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. Шинэ машиныг бид нар наад зах нь 7 жил, цаад зах нь 8-9 жил ашиглах ёстой. Өмнөх 2007, 2008 оны түргэний машинууд одоо хүртэл ажиллах ёстой гэдэг шаардлагаар эмнэлгийн дансанд байгаа мөртлөө аль аль нь ажиллах боломжгүй бид нарын тусламж үйлчилгээ доголдсон. Тийм учраас би жолоочоо ажлаас гаргасан. Тэгээд би энэ асуудлыг талаар танилцаад өмнөх удирдлагаас энэ асуудлын талаар асуухад дорвитой хариулт өгөөгүй тул цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагад хандсан. Тухайн хэрэг нь хөнгөн гэмт хэрэг тул 6 сарын дараа хаагдсан гэсэн хариу авсан. Гэхдээ би үүнд санал нийлэхгүй байгаа. Би эрхлэгчийн орон тоонд ажиллаад 5 сарын хугацаа болж байна. Энэ хугацаанд би хүн амьтнаас машин гуйгаад түргэн тусламжийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр хугацаанд бид нар ард иргэдээс их гомдол авч байгаа. Тухайн машиныг би цаашид 5-6 жил ажиллуулах боломжгүй болж байгаа. Машинд гарсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх, жолоочийн буруу байхгүй бол актад гаргах ёстой юм байна. Тухайн үед гаргасан дүгнэлтүүд бол 10 хоногийн дараа гарсан дүгнэлт учраас эдгээр дүгнэлтүүд нь буруу дүгнэлт гэж үзэж байна. Осол гарсан газарт утасны сүлжээ барих газар байсан, мөн өдрийн цаг байсан. Нэхэмжлэгч тухайн үед хуулийн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулаагүй. Дараа нь хэдэн хоногийн дараа гаргасан дүгнэлт нь хуурамч гэж үзэж байна. Жолооч өөрөө машиныг засварласан гэж байгаа боловч энэ нь хөнгөн гэмтэл гээд засварлуулсан. Үнэн хэрэг дээрээ машины бүх эд ангиуд нь хуучирсан, солигдсон түргэн тусламжид явах боломжгүй болсон байсан. Тийм учраас би цаашид хуулийн байгууллагад хандаж, болсон асуудлыг үнэн зөвшөөр нь шийдвэрлүүлэх гэж байгаа. Иймд шүүхээс М.Е ыг ажилд эгүүлэн тогтоох биш хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Е нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай М.Е ыг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн түргэний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч М.Е нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна.
Нэхэмжлэгч М.Е ыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай М.Е ыг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн түргэний жолооч М гийн Е ыг хөдөлмөрийн гэрээнд заасан ажилд хайнга хандаж, хариуцсан машин техникийг удаа дараа осолд оруулан зохих хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон тул үүрэгт ажлаас 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн байна.
Нэхэмжлэгч М.Е нь Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай М.Е ыг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан гомдлыг хариуцагч Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч эс зөвшөөрч, 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 38 дугаартай М.Е ыг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь үндэслэлтэй гарсан гэж маргасан болно.
Хариуцагчид хуулинд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж чадаагүй болно.
Ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай М.Е ыг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн хуулийн 40.1.5-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 дахь хэсэгт заасныг гэж тус тус баримталсан үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зохицуулсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ажил олгогч, ажилтан М.Е той 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хэлэлцэн тохирч, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан мөртлөө ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болсон байна.
Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байхыг ойлгоно. Мөн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх учиртай юм. Гэтэл ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгайлан заагаагүй байна.
Ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, мөн ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд ажилтны гаргасан зөрчил нь дээр дурдсан ноцтой зөрчлийн хэмжээнд байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамаарахгүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон, ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоогдсон нь эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг анхаарах хэрэгтэй.
Мөн хэсгийн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгоно.
Ажил олгогч ажилтан М.Е той Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д заасан машины бүрэн бүтэн байдлыг хариуцна гэж эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.1-д зааснаар ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол /шийтгэх тогтоол/ гараагүй байх тул мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-д зааснаар М.Е д эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх боломжгүй байна.
Ажил олгогч ...ажилтан М.Е нь хариуцсан машин техникийг удаа дараа осолд оруулан зохих хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн учир ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч ажилтан М.Е ын буруутай үйл ажиллагааны улмаас машин техникийг осолд оруулсан гэх үндэслэл нь нотлогдохгүй байна.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №09 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд 1.УАЗ -31519 маркийн ******БӨТ улсын дугаартай суудлын автомашин осолд орох үед тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй хагарснаас болж осол гарсан. 3. Хүн эмнэлгийн эзэмшлийн УАЗ-31519 маркийн ******БӨТ улсын дугаартай суудлын автомашины жолооч осолд орох үеийн шалтгаан нь зүүн урд дугуй гэнэт хагарснаас болж осол гарсан байна гэжээ.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5/343 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолоор ...гэвч гомдол, мэдээллийг шалгах явцад тухайн зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй хагарснаас болж осол гарсан нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон ба жолооч М.Е нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл байхгүй байна ... Б/0446 дугаартай М овогтой Е д холбогдох гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсугай гэснээр жолооч М.Е д эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай дүгнэлтээр УАЗ -31519 маркийн 1560 БӨТ дугаартай суудлын автомашин осолд орох үед тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй хагарснаас болж осолд орсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа учир жолооч М.Е ын буруутай үйл ажиллагааны улмаас осол гараагүй болох нь тус тус тогтоогдож байна гэж үзлээ.
Хариуцагч Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Ө нь ...жолооч М.Е ын 6 дугаар сард гаргасан ослын талаар гомдол гаргаж прокурор шалгаж, дээд шатны прокурорт гомдол гаргаснаар хянагдаж байгаа гэх боловч энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй учир хариуцагч талаас гомдол гаргасан байна гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч М.Е д холбогдох гомдол мэдээлэлд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5/343 дугаартай тогтоол өнөөдрийн байдлаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулнагэснийг зөрчиж, 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зам тээврийн осол гаргасан гэж жолооч М.Е д 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан үндэслэлд нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч М.Е ын гаргасан сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн байхаас гадна тухайн ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хуулиуд, сахилгын болон ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байх ёстой байтал энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай М.Е ыг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, М.Е ыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн түргэний жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.Е ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай М.Е ыг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М гийн Е ыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн түргэний жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Нэхэмжлэгч М.Е ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН