Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2017/00165

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2017/00165

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын * дугаар багт оршин суух, БГ******* регистрийн дугаартай, Ш овогт Ш гийн З ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал Х.С/,

Хариуцагч: Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал Б.Б/ нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.З , түүний өмгөөлөгч А.С, С.Н, хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, Д.Н /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Х банкнаас зээлээр мөнгө авсан гэх мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг Монгол банк болон Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбаруудад даалгахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ш.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш гийн З миний бие Баян-Өлгий аймгийн Б сумын * дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний бие 2015 оны 9 дүгээр сард тус аймаг дахь Т банкнаас зээл авах гэтэл Зээлийн мэдээллийн сан-д хугацаа хэтэрсэн зээлтэй байна. Тодруулбал Х банкнаас авсан зээлийн үлдэгдэл 5775657 төгрөгийг төлөөгүй тул зээл олгох боломжгүй гэж татгалзсан юм. Өөр бусад арилжааны банкнуудад хандахад мөн адилхан Зээлийн мэдээллийн сан-д Х банканд төлөх зээлийн үлдэгдэл төлбөртэй тул зээл олгох боломжгүй гэсэн хариуг хэлсэн. Миний бие Х банкнаас урьд өмнө огт зээл авч байгаагүй. Өөрөөр хэлбэл аль ч банканд хугацаа хэтрүүлсэн зээлийн үлдэгдэл төлбөргүй юм. Тухайлбал, миний бие 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 4800000 төгрөгийн зээлийг авч байсан. Ингэхдээ Зээлийн мэдээллийн сан-д Х банканд хугацаа хэтрүүлсэн зээлийн үлдэгдэл төлбөртэй гэсэн мэдээлэл байхгүй байсан. Гэтэл 2015 оны 9 дүгээр сард зээлийн мэдээллийн сан-д Х банкнаас авсан зээлээ төлөөгүй гэсэн мэдээлэл орсон байна. Би үүний учрыг мэдэхийн тулд Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт очиж эрх бүхий албан тушаалтнаас лавлахад тэд мөн адилхан намайг Зээлийн мэдээллийн сан-д хугацаа хэтэрсэн зээлтэй байна гэсэн мэдээллийг гаргаж өгсөн. Уг нь миний бие Х банканд өгөх өглөгтэй болох нь үнэн. Гэхдээ энэ бол зээл биш юм. Өөрөөр хэлбэл 2003 онд Х банканд ажиллаж байх хугацаандаа бусдад гэм хор учруулсан тул 2004 оны шүүхийн шийтгэх тогтоолоор ял авч, Х банканд гэм хорын хохиролд 5775657 төгрөг, бусад иргэдэд 25 сая гаруй төгрөгийн хохирол төлөхөөр болсон юм. Миний бие ялаа эдэлж дууссан боловч хохирлыг нь бүрэн барагдуулж дуусаагүй. Би цалингаасаа сар бүр суутгуулж байгаа боловч цалин хөлсний хэмжээ бага учраас одоо хүртэл бүрэн барагдуулж амжаагүй байна. Тухайлбал, би хохирогч нарын хохирлыг шийдвэр гүйцэтгэх газрын гаргаж өгсөн хуваарийн дагуу ээлж дараалан төлж байгаа болно. Х банк нь чи энэхүү хохирлыг удаан хугацаанд биднийг чирэгдүүлж байна, бидний хохирлыг тэргүүн ээлжид арилгаагүй хэмээн гомдож миний нэрийг албаар Зээлийн мэдээллийн сан-д оруулсан байна. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргаж өгсөн хуваарийн дагуу хохирлыг төлж байгаа тул тэдний хохирлыг албаар төлөхгүй байгаа зүйл огт байхгүй. Миний нэрийг зээлийн мэдээллийн санд оруулснаас болж эхнэрийнхээ нэр дээр ч зээлээ авах боломжгүй болж, хүүхдүүд маань сурч байгаа сургуульдаа ч явж чадаагүй юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн сургалтын төлбөрийг зээлдэж авах гэж эхнэр маань арилжааны банкнуудад баримт бичгээ бүрдүүлэн өгөхдөө нөхрөө заавал хамтран зээлдүүлэгч болго гэсэн шаардлага тавьдаг бөгөөд миний нэрийг оруулж ирэхээр нь банкнуудын зээлийн мэдээллийн сангаас чанаргүй, муу гэсэн үзүүлэлт гарч ирдэг тул зээл олгохоос татгалздаг болов. Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж заасан боловч миний бие шүүхийн шийтгэх тогтоолын дагуу өрт ногдуулсан ялыг бүрэн эдэлж дууссан боловч миний үр хүүхдүүдийн эрх ашиг сонирхолд Х банк уг ялыг дээр дурдсанаар халдааж сургуульд сурах боломжийг нь хааж байна. Эцэст нь хэлэхэд би Х банканд төлөх хохирлоо төлөхөөс хэзээ ч зайлсхийж байгаагүй. Миний бие Х банкны захирал З.Үсенд хохирлоо төлж өгөх талаар хэд хэдэн удаа санал тавьж байсан. Тухайлбал, би түүнээс хүсэхдээ надад банкнаас 5775657 төгрөгийг зээл болгож гаргаж өгөөд 100% хохирлоо авч, хүүгийн хамт төлөх хуваарийг нь гаргаж өгөөч гэж удаа дараа гуйж байсан боловч, үндэслэлгүйгээр татгалзсан юм. Би бол жирийн нэгэн ажилчин хүч учраас нэг доор 5 сая төгрөгийн орлого бөөнөөр нь орж ирдэггүй тул түүний хохирлыг зээл авч төлж өгөхөөс өөр арга зам байхгүй байхад миний зээл авах боломжийг хааж байгаа нь намайг аргагүй байдалд оруулж байна. Өөрөөр хэлбэл Х банкнаас ямар ч зээл аваагүй намайг санаатайгаар хорлож гэр бүлийнхээ эрх ашгийг ноцтойгоор зөрчиж зээлийн мэдээллийн санд үндэслэлгүйгээр миний нэрийг оруулсан байна. Иймд Ш.З намайг 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Х банкнаас зээлээр мөнгө авсан гэх мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбар, Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.З шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт 1993 оноос 2003 он хүртэл нийт 10-аад жил ажилласан. Ажиллаж байх хугацаанд буюу 2003 онд их хэмжээний мөнгөнд холбогдож хэрэгт орооцолдсон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Тэр мөнгөний зарим хэсэг нь Х банканд холбогдолтой тэтгэвэр авагчдын мөнгө байсан. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгах явцад хэргийн зарим хохирогч нар буюу Х банкнаас тэтгэвэр авагч нар Х банк бас давхар буруутай гэж үзэж Х банкийг шүүхэд өгсөн байсан. Сум дундын шүүх болон аймгийн шүүх хохирогч нарын нэхэмжлэлийг авч хэлэлцээд 2004 оны 3 дугаар сарын 16-ны өдөр, 2004 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, 2004 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдөр, 2004 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус 5 удаагийн шийдвэрээр 5.7 сая төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу гэм хор гэж үзэж Х банкаар төлүүлж, улмаар миний Х банкны гэм хорыг арилгахаар болсон. Тэгээд энэ хэрэг шалгагдаж шүүхэд шилжиж ирснээр 5.7 сая төгрөгийн төлөх, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээсэн. Би уг ялыг өөрийн биеэрээ эдэлсэн. Үүнээс хойш 10-аад жил болсон бөгөөд дээрх хохирлыг төлөхийн тулд боломж гаргаж, төлүүлэх нөхцөл бүрдүүлж өгөх талаар Х банканд удаа дараа хүсэлт гаргаж байсан. Тухайн үед би ажилгүй байсан бөгөөд 2005 онд ажилд орсноос хойш тухайн үед Х банкны захирал байсан Ерболатад би танай банкаар дамжуулж цалин авч байя, цалингийн зээл гаргаж өгөх талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан. Гэхдээ миний уг саналыг банк хүлээн зөвшөөрөөгүй. Миний эхнэр бас Х банканд данстай, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Хүүхдийн цэцэрлэгт багш ажилтай. Би эхнэрээ банканд дагуулж очоод миний нэр дээр эсхүл эхнэрийн маань нэр дээр тодорхой хэмжээний зээл олгож хохирлыг төлүүлж аваач, бид нар сүүлийн 2 жилд багтаагаад төлье гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч банкнаас бид нарт зээлийг зээлээр хаах боломжгүй гэсэн хариу өгсөн. Дараа нь банкны захирал солигдож Үсэн болох үед надад зээл олгож төлбөр барагдуулах боломж олгооч гээд бас очсон боловч мөн адил зөвшөөрөөгүй. Тухайн үед мэдээллийн санд миний талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байсан бөгөөд би хүүхдүүдээ сургуульд явуулахаар болсон, баахан өр зээлтэй байсан. Тэр нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Тэрийг төлөхийн тулд өөр банкнаас зээл авч зээлээр өрийг төлж ирсэн. Гэтэл хамгийн сүүлд 4.8 сая төгрөгийг Капитал банкнаас 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр авсан. Тэр үед зээлийн мэдээллийн санд ямар нэгэн мэдээлэл байхгүй байсан. Зээлийн мэдээллийн лавлагааг тухайн үед банк холбогдох журмын дагуу авсан. Гэтэл 2015 оны 9 дүгээр сард хүүхдүүд маань сургуульд явах болоод эхнэрийн нэр дээр цалингийн зээл авахаар болоход ийм мэдээлэл орсон байсан. Үүнээс болж миний хүүхдүүд сургуулиас завсардахад хүрсэн. Үүнийг манай нутгийн бүх ард иргэд гэрчилнэ. Энэ бол миний буруу байж болох юм. Би Х банканд хохирол учруулсан болохоос биш миний ар гэрийн хүмүүс ямар ч буруугүй. Үүнээс болж манай эхнэр л ганцхан Төрийн банкнаас цалингийн зээл авч байгаа. Байгууллагынхан бусад бүх ажилчид Х банкнаас зээл авч байгаа. Юу хэлэх вэ гэвэл тухайн асуудлаас болж банк ялгаварлан гадуурхал гаргаж байна. Гэр бүлийн нэг гишүүн буруутай байвал бүх гишүүд буруутай гэсэн хуулийн заалт байхгүй. Тухайн өрийг төлөхөөр идэвхтэй зүтгэсэн боловч банкны хүмүүс надад төлүүлэхээр ямар ч боломж олгоогүй. Надад цалингаас өөр эд хөрөнгө, хөрөнгө мөнгө байхгүй. Үүнийг сумын ард иргэд гэрчилнэ. Саяхан Монгол банканд зээлийн мэдээллийн сангаас энэ мэдээллийг хасаж өгөөч би тодорхой хэмжээний цалингийн зээл аваад төлбөрийг төлье гэж хүсэлт гаргасан. Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас надад төв банкны хуулийн зөвлөхтэй ярьж байгаад хариу хэлье гэсний дагуу төв банкнаас нийлүүлэгч банк нь Х банкны Баян-Өлгий салбар байна, та Х банканд хандана уу гэсэн хариу өгсөн. Үүний дагуу Х банкны Баян-Өлгий салбарт хүсэлт гаргасан. С.С гуай төв банк руу ярьж байгаад хариу хэлье гэсэн боловч бас л биеллээ олж чадаагүй. Тийм учраас би шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Шүүхэд хандах болсон шалтгаан маань аливаа этгээдийг нэг хэргийн төлөө 2 удаа шийтгэхийг хуулиар хориглодог. Энэ нь Зээлийн мэдээллийн тухай хууль, Зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Банкны тухай хуульд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний үндсэн дээр зээлийн мэдээллийн санд бүртгэх, зээлийн ямар нэгэн эрсдэлд ороход барьцаалах эд хөрөнгийг үл маргах журмаар хураахаар заасан нь хатуу хариуцлагын хэлбэр. Үүнийг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрөх байх гэж бодож байна. Яагаад гэвэл зээлийн мэдээллийн санд муу зээлд бүртгэгдсэнээр миний бие болон миний эхнэр банк, санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос зээл авах, төрийн байгууллагаас төсөл хэрэгжүүлэх эрх маань хаагдаж байгаа. Тэр байтугай хил нэвтрэхийг ч хориглосон. Энэ нь юу вэ гэвэл банкнаас миний эрхийг хязгаарлаж байгаа хатуу шийтгэл. Эрүүгийн хуулиар нэг шийтгэж, банкнаас нэг шийтгэж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дараа нь энэ хууль 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан. Улмаар 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн 11 дүгээр зүйлд зээлийн лавлагаа гэх хэсэгт зээлийн сүүлийн 6 жилийн мэдээлэл хамаарагдана гэж заасан. Үүнээс үзэхэд 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших зээлийн мэдээлэл хамаарах байсан. 2004 онд шүүхийн 5 удаагийн шийдвэр гаргасан. Энэ нь юу вэ гэвэл 2004 оны мэдээлэл бол хуульд зааснаас үзэхэд хамаарах ёсгүй байсан. Гэтэл энэ хүмүүс яасан бэ гэвэл 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 12 сарын хугацаатай зээл авсан мэтээр бүртгэсэн. Яагаад ийнхүү бүртгэсэн бэ гэвэл хуульд заасан хугацаанд хамааруулахын тулд зөрүүд тэгж бүртгэсэн. Тэрнээс биш энэ хэрэг 2004 онд шүүхээр шийдэгдээд дууссан байсан. Тийм учраас би зээлийн мэдээллийн сангаас энэ мэдээллийг хасуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би энэ өрийг төлөхгүй гэж огт юм яриагүй. Шийтгэх тогтоол дээр ч гэсэн энэ өрийг хэвээр үлдээсэн. Тэр ч байтугай 2015 онд Өршөөлийн тухай хуулиар ч хэвээр баталсан. Би Х банк болон Монгол банканд энэ өрийг төлөх боломж олгож мэдээллийн сангаас мэдээллийн хасаж өгөөч гээд удаа дараа хүсэлт гаргасан боловч биеллээ олоогүй тул шүүхэд хандахад хүрсэн гэв.

Хариуцагч Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Х.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч иргэн Ш.З ын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 7.1.1 дэх заалтад үнэн зөв эсэхийг мэдээлэл нийлүүлэгч магадална, Монгол банкнаас гаргасан зээлийн мэдээллийн сангийн журам-ын 5.2.3 дахь хэсэг Зээлийн мэдээллийн санд ирүүлсэн мэдээллийн үнэн зөв эсэхийг тухайн банк, банк бус санхүүгийн байгууллага хариуцна гэж заасан байдаг. Иймд Баян-Өлгий аймаг дахь Монгол банкны салбар уг нэхэмжлэлийг хариуцахгүй бөгөөд холбогдолгүй болохыг мэдэгдье гэжээ.

Хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.З нь Х банкнаас ямар ч зээл аваагүй байхад намайг санаатайгаар хорлож, гэр бүлийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж Зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй гэж үндэслэлгүйгээр миний нэрийг оруулсан байна. Иймд Ш.З намайг 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Х банкнаас зээлээр мөнгө авсан гэх мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбар болон Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тэрээр гаргажээ. 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Монгол улсын Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зээлийн мэдээлэл гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг хэлнэ гэж, уг хуулийн 4.1.6-д зээлдэгч гэж хууль, гэрээгээр төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн хуулийн этгээдийг гэж мөн хуулийн 4.1.7-д зээлдүүлэгч гэж банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, түүнчлэн зээлдэгчээс гэрээ, эсхүл хуульд заасны дагуу зээл, төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийг гэж, мөн хуулийн 4.1.8-д мэдээлэл нийлүүлэгч гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг гэж мөн хуулийн 4.1.13-т зээлийн түүх гэж зээлдэгчийн хууль, гэрээгээр хүлээсэн зээл, төлбөрийн үүрэг, тэдгээрийн гүйцэтгэлийн талаарх цогц мэдээллийг хэлнэ гэж тус тус тодорхой заасан байдаг. Төлбөр гэдэгт банкны хувьд программын алдаанаас үүссэн авлага, банкны ажилтан өөрийн хариуцлагагүй үйлдлээрээ банк болон харилцагчийг хохироосны улмаас банканд үүссэн авлага, ажилтны үйлдсэн ашиглангийн гэмт хэргийн үйлдлээс, мөн аливаа этгээдээс банкны эд хөрөнгийг эвдэх, хулгайлах, дээрэмдэх болон банкийг залилан мэхэлснээс банкийг хохироосон тус тус авлагууд төлбөр гэдэгт хамаарах бөгөөд энэ нь хуулийн утгаараа хууль болон гэрээний дагуу нэг этгээд нөгөө этгээдээс төлбөр шаардах эрх, төлөх үүрэг үүсэж байгаа тохиолдолд Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан "төлбөр" гэдэг ойлголтод хамааруулж уг төлбөр бүхий авлагыг Зээлийн мэдээллийн санд зээлдүүлэгч болох банк бүртгүүлдэг болно. Харилцагч Ш.З ын нэхэмжлэлд дурдсанаар Монгол банкны Зээлийн мэдээллийн сангийн Лавлагаагаар түүнийг "муу зээлийн ангилал"-тай гэж бүртгэгдсэн байгаа харагдаж байгаа боловч уг Зээлийн мэдээллийн сангийн систем дотор оруулсан мэдээллээр болохоор Үүргийн талаарх мэдээлэлд нь үүргийн төрөл гэдэгт Ш.З ын 5.775.657 төгрөгийн төлбөрийг "Зээл" гэж биш "Авлага" гэж оруулсан байна. Эндээс үзэхэд нэхэмжлэгчийн зээл аваагүй байхад муу зээлийн түүхтэй гэж оруулсан нь хууль бус гэж маргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С болон Д.Н нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ш.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ би зээл аваагүй байхад муу зээлд бүртгэсэн, энэ нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл би ямар нэгэн зээл аваад зээл төлөөгүй асуудал байхгүй гэсэн байна. Бид нарын шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Монгол банкны зээлийн мэдээллийн лавлагаанд зээлдэгчийн үүргийн талаар мэдээлэл гэх хэсэгт 5.775.657 төгрөгийг авлага гэж бүртгэсэн байгаа. Яагаад авлага гэж бүртгэсэн бэ гэвэл 2004 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 196 тоот шийдвэр, 2004 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 230 тоот шийдвэр, 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 264 дүгээр шийдвэр, 2004 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102 дугаар шийдвэрүүдээр 5.775.657 төгрөгийг нэхэмжлэгч Ш.З төлөх нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдож байгаа. Тухайн үеийн төлбөрийг буюу 5.775.657 төгрөгийг Х банкнаас дээрх хэргүүдийн нэхэмжлэгч болох зээлдэгч нарт эхний ээлжид төлчихсөн. Шүүхийн шийдвэрт Х банк тухайн хүмүүст төлбөрийг төлсний дараа Х банканд Ш.З эргээд тухайн төлбөрийг төлөхөөр тусгасан. Тийм учраас дээрх мөнгийг Ш.З Х банканд төлөх үүрэгтэй, Х банк авах эрхтэй. Энэ төлбөрийг Ш.З өнөөдөр хүртэл төлөөгүй. Нэгэнт Ш.З төлбөрийг төлөөгүй тул Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.1-т зээлийн мэдээлэл гэдэгт зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг хэлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл зээлдэгчийн ганцхан зээлийн төлбөртэй холбоотой асуудал биш зээл, төлбөр гэсэн агуулга явж байгаа. Хууль буюу гэрээгээр нэг этгээд нөгөө этгээдээс төлбөр шаардах эрх нь үүссэн, нөгөө этгээд нь төлөх үүрэгтэй авлагыг хэлж байгаа. Тэгэхээр тухайн үед нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 5.775.657 төгрөгийг Х банканд төлөх үүргээ Ш.З биелүүлээгүй тул Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд зааснаар зээлийн мэдээллийн санд ямар мэдээллийг оруулах ёстой вэ гэхэд зээл болон төлбөрийг оруулахаар заасан. Мөн хуулийн 4.1.7-д зээлдүүлэгч гэж банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, түүнчлэн зээлдэгчээс гэрээ, эсхүл хуульд заасны дагуу зээл, төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийг, 4.1.8-д мэдээлэл нийлүүлэгч гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг хэлнэ гэж заасан. Тэгэхээр нийлүүлж байгаа этгээд нь төв Х банк. Ш.З гэх хүн нэгэнт шүүхийн шийдвэрийн дагуу Х банканд төлөх төлбөртэй, энэ төлбөрөө төлөөгүй тул Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд зааснаар төлөх төлбөртэй гээд бүртгэсэн. Өнөөдрийн нотлох баримтаар гаргаж өгсөн нотлох баримтад үүргийн талаар мэдээлэл гэх хэсэгт авлага гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл доод талд нь 4 удаагийн зээлийн мэдээлэл орсон байгаа. Өөрөөр хэлбэл 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мэдээллийн баазаас системийн хуулга авахад авлага гэж бүртгэгдсэн байгаа. Нэхэмжлэгч өөрөө би ямар ч зээл аваагүй байхад муу зээл гээд бүртгэсэн гээд нэхэмжлэл гаргасан нь байгаа боловч уг мэдээллийн санд зээл авсан биш авлага гэснээр бүртгэгдсэн. Энэ авлага нь Х банк авах ёстой авлага юм. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Түүнчлэн Зээлийн мэдээллийн сангаас хасуулах тухай нэхэмжлэл гаргасан. Зээлийн мэдээллийн сангаас хасуулах ажиллагаа хоёр үндэслэлээр явагддаг. 1. Тухайн зээл болон төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд төв Х банкны гүйцэтгэх захирлын орлон гүйцэтгэгчийн тушаалаар Монгол банканд хүсэлт явуулснаар хасагддаг, 2. Тухайн зээлдэгч уг зээлийн мэдээллийн санд мэдээлэл бүртгэгдсэнээс хойш 1-2 удаа зээл аваад зээлээ хугацаанд нь төлсөн тохиолдолд зээлийн мэдээлэл автоматаар өөрчлөгддөг. Ш.З гуайн хувьд төлбөр буюу авлага өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй учир өөрчлөх боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Монгол банкны Баян-Өлгий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь хариуцагч нь биш гэдгийг нотолж байна. Хэрвээ Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбар хариуцагч мөн юм бол тэд өөрийн гаргасан хууль ёсны шийдвэрээр хамгаалахын тулд шүүх хуралдаанд ирж оролцох учиртай байсан. Гэтэл Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт хамааралгүй шийдвэр учир ирээгүй байна гэж ойлгож байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.З ын нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол банк болон Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдох иргэний хэргийн хариуцагч Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Х.Сд шүүх хуралдааны товыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгч шүүх хуралдаанд хариуцагч Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Х.С г байлцуулахгүйгээр хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.З нь 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Х банкнаас зээлээр мөнгө авсан гэх мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг Монгол банк болон Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбаруудад даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Ш.З нь 2002 онд Х банканд теллерээр ажиллаж байх үед нэр бүхий 25 хүний тэтгэврийн мөнгийг бусдын итгэмжлэлгүйгээр авч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт 5775657 төгрөгийн төлбөртэй болох нь Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 682, 702, 759, 761, 779 дугаар, 2004 оны 196, 264, 243, 547 дугаар шийдвэрүүд мөн Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 14 дугаартай шийтгэх ба цагаатгах тогтоол, Баян-Өлгий аймгийн Давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2004 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаартай магадлал, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч Ш.З нь 2002 онд Х банканд теллерээр ажиллаж байх үед нэр бүхий 25 хүний тэтгэврийн мөнгийг бусдын итгэмжлэлгүйгээр авсан үйлдэлд 2005 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 14 дугаартай шийтгэх ба цагаатгах тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 4 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж байсан ба уг шийтгэх ба цагаатгах тогтоолыг тухайн үед эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах, Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар тус тус гомдол гаргаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1-ийн 4.1.1 дэх хэсэгт зээлийн мэдээлэл гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг, мөн зүйлийн 4.1.6 дахь хэсэгт зээлдэгч гэж хууль, гэрээгээр төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Ш.З нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт хууль, гэрээгээр хүлээсэн зээлтэй биш харин 5775657 төгрөгийн төлбөртэй болох нь Монгол Банкны улсын байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр олгосон Зээлийн мэдээллийн системийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтаар давхар нотлогдож байна.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1-ийн 4.1.13 дахь хэсэгт зээлийн түүх гэж зээлдэгчийн..., төлбөрийн үүрэг, ... ойлгоно-гэж заасан ба үүнээс үзэхэд хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас Зээлийн мэдээллийн санд нэхэмжлэгч Ш.З нь 5775657 төгрөгийн төлбөртэй буюу авлагатай гэж бүртгэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд мэдээлэл нийлүүлэгч банк болох Х банк болон түүнд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх талаар эрх олгодог Монгол банк хоорондын хамтын ажиллагааны гэрээг хариуцагч байгууллагууд нотлох баримтаар шүүхэд гаргаж өгч чадаагүй тул нэхэмжлэгч Ш.З ын талаарх мэдээллийг Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын үйл ажиллагаа нь хууль бус гэж маргажээ.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1-ийн 4.1.2 зээлийн мэдээллийн сан гэж Монгол банк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эзэмшиж байгаа зээлдэгчдийн зээлийн мэдээллийг, мөн зүйлийн 4.1.5 зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд гэж Монгол банкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж тус тус заасан бөгөөд Монгол банк болон Х банкны хооронд Зээлийн мэдээллийн сангийн талаарх хамтын ажиллагааны гэрээтэй холбоотой талаар хариуцагч нар хоорондоо маргаагүй ба Монгол банкны зээлийн мэдээллийн санд нэхэмжлэгч Ш.З ын авлагатай эсэх талаарх мэдээлэл хадгалагдаж байгаа нь тухайн Х банканд Монгол банкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, мэдээллийн санд мэдээлэл авах болон нийлүүлэх эрх олгосон хамтын ажиллагааны гэрээтэй гэдэг нь нотлогдож байна.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1-ийн 4.1.3 дахь хэсэгт зээлдэгчийн зөвшөөрөл гэж зээлдэгчээс энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд өгөхийг зөвшөөрсөн баримтыг авсан байхыг шаардсан ба мөн хуулийн 6.1-д 15 төрлийн мэдээллийг үүнээс ... 6.1.6 дахь хэсэгт ... төлбөрийн гэрээ байгуулсан он, сар, өдөр, гэрээний дугаар, төрөл, төлбөр гүйцэтгэх валютын нэр, мөн зүйлийн 6.1.7 дахь хэсэгт ..., төлбөр төлөх хугацаа, хуваарь, хүүгийн хэмжээ, хүлээгдэж байгаа хэвийн зээл, төлбөрийн дүн, 6.1.8 дахь хэсэгт ..., төлбөрийн дүн, мөн зүйлийн 6.1.11 дэх хэсэгт ..., төлбөрийн үүргээс татгалзаж байсан бол татгалзсан шалтгаан, мөн зүйлийн 6.1.13 дахь хэсэгт ..., төлбөрийн ангиллын талаарх мэдээлэл зэргийг хамруулан ойлгохоор заасан ба нэхэмжлэгч Ш.З нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт 5775657 төгрөгийн төлбөртэй болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс энэ талаар заавал зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдөр олгосон, олгосон хэмжээ 5,775,657 төгрөгийн авлагатай гэж зээлийн мэдээллийн санд бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Монгол Улсын Их хурлаас Зээлийн мэдээллийн тухай хуулийг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталж, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон ба уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Зээлдэгчийн сүүлийн зургаан жилийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгах бөгөөд зээлийн лавлагааг гагцхүү хэрэглэгчид өгнө гэж заасан. Нэхэмжлэгч Ш.З нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт 5,775,657 төгрөгийн төлбөртэй болох нь Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2013 ба 2014 оны шийдвэрүүдээр мөн тэрээр 2005 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 4 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 14 дугаартай шийтгэх ба цагаатгах тогтоолоор тус тус нотлогдож байгаа ба Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь нэхэмжлэгчийн дээрх төлбөрийн талаарх мэдээллийг 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэж Зээлийн мэдээллийн санд оруулсан нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ш.З нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт удаа дараа цалингийн зээл олгож, уг цалингийн зээлийн талыг нь тус банканд төлөх төлбөр болох 5,775,657 төгрөгийн талыг төлж өгөх тухай хүсэлт гаргаж байсан боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй үүнээс болж хоёр хүүхдийг сургуульд явуулж чадаагүй гэж тайлбарладаг ба энэхүү нэхэмжлэгчид зээл олгох эсэх асуудал нь хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын дотоод асуудал тул үүнд шүүх хөндлөнгөөр оролцох эрхийг нь хуульчлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Ш.З ын 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Х банкнаас зээлээр мөнгө авсан гэх мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг Монгол банк болон Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбаруудад даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг баримтлан 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Х банкнаас зээлээр мөнгө авсан гэх мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг М банкны Баян-Өлгий аймаг дахь салбар, Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбаруудад даалгаж өгөх-ийг хүссэн тухай нэхэмжлэгч Ш.З ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.З ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ