Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2017/00167

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын  дүгээр багт оршин суух, Н овогт М н А н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т банкны Баян-Өлгий салбар /захирал Х.Ж/-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.З, хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын захирал Х.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Т банкны Баян-Өлгий салбарт мэргэжлийн дагуу ажилд томилохыг даалгах тухай.

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М А миний бие Олон Улсын Эдийн засаг бизнесийн дээд сургуулийг 2007-2010 оны хооронд суралцан Олон улсын банк санхүүгийн нягтлан бодогч" мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой, Эдийн засгийн бакалавр зэрэгтэй билээ. Сургуулиа төгсөж ирээд 2-р сарын 29-ний өдөр Хадгаламж банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт "орлогын нярав" гэсэн албан тушаалд томилогдож ажиллаж байгаад бүтцийн өөрчлөлтөөр Хадгаламж банк, Шуудан банк хоёр нэгдсэн нийлж "Хадгаламж банк" болсонтой холбогдуулан 2010 оны 3-р сарын 29-ээс эхлэн "теллер"-ийн орон тоонд томилогдож улмаар ахлах теллерийн орон тоонд дэвшин ажиллаж байгаад, Улс орны хэмжээнд 2013 оны 7-р сарын 23-ны өдөр "Хадгаламж банк" татан буугдаж нэгдсэн зохион байгуулалтаар "Т "-тай нийлэхэд Т банкны Баян-Өлгий салбарын захирлын 2013 оны 10-р сар 01-ний өдрийн Б/23 тоот тушаалаар "теллер" дараа нь 2014 оны 11-р сарын 03-ны өдрийн Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын тушаалаар "Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн" гэсэн орон тоонд томилогдож тасралтгүй бүтэн хоёр жил хоёр сар ажиллаж байхад Т банкны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.1-д зааснаар миний эрхэлж байсан "Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн" гэх орон тоо хасагдаж ажилгүй болсон юм. Гэтэл М.А миний бие 2016 оны 09-р сарын 02-нд охин Айнамкөзийг төрүүлсэн хүүхэд мань 4 сартай байгаа тул ажил олгогч Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 100-р зүйлийн 100.1-д заасныг зөрчиж, бололцооны дагуу ажил олгох үүргийг зөрчиж, ажил зааж томилоогүй тул гомдол гаргаж байна.

Иймд шүүхээс хүсэх нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.11-р заалт мөн хуулийн 100-р зүйлийн 100.1-д зааснаар Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт мэргэжлийн дагуу ажилд томилохыг даалгах" шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч М.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би тус банканд 2010 оноос эхэлж 7 жил тасралтгүй ажилласан. Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус банкны гүйцэтгэх захирлын тушаалаар миний ажиллаж байсан харилцагчийн үйлчилгээний менежерийн орон тоог хассан. Надад 1 сарын өмнө мэдэгдэх хуудас өгч 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу би 3 сартай нялх хүүхэдтэй. Ийм Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн дагуу намайг мэргэжлийн дагуу ажилд томилж өгөхийг даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын захирал Х.Ж шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч М.А гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

"Т " ХХК нь бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 80 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/383 тоот "Орон тоо хасах тухай" тушаалаар "Орон нутгийн нийт нэгжийн харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн албан тушаалын ажлын байрны орон тоог хассан". Дээрх тушаалын дагуу Т банкны Баян-Өлгий салбар, нэгжүүдэд ажиллаж байсан Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний орон тоо хасагдаж, улмаар уг албан тушаалд ажиллаж байсан М.А тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцлах болсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэж, Мэдэгдэх хуудсыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цаг 10 минутад гардуулсан байдаг. Мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар зүйлийн 03-ны өдрийн №33 тоот "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 17 дугаар хэсэгт "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан "сарын өмнө мэдэгдэх", тухай заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна" гэж тайлбарласны дагуу М.А д гардуулж, гарын үсгийг зуруулан баталгаажуулсан байдаг. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт "Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно." гэж заасны дагуу М.А г цаашид үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байсан хэдий ч Гүйцэтгэх захирлын дээрх тушаалаар "Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн албан тушаал Т банкны нийт системийн хэмжээнд хасагдсан" тул М.А г Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн гэх байхгүй болсон албан тушаалд ажиллуулах хууль, эрх зүйн хувьд ямар ч боломжгүй болсон. Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг баримтлан Т банкны зүгээс М.А д 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу Мэдэгдэл гардуулсан өдөр "Ажлын байр санал болгох тухай хуудас"-аар Теллерийн ажлын байр дээр үргэлжлүүлэн ажиллуулах санал гаргасан боловч М.А уг ажлын байрны саналаас татгалзаж гарын үсэг зурсан байдаг тул манай Банкны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл Т банкны зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд уг хуулийн заалтын биелэлтийг хангахыг эрмэлзэн ажиллаж, өөр ажлын байр санал болгосон боловч М.А өөрөө татгалзсан. Ийнхүү санал болгосон ажлын байрнаас М.А татгалзсанаар түүнд өөр санал болгох ажлын байр, орон тоо байхгүй тул Баян-Өлгий салбарын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №01 тоот тушаалаар түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын дагуу нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон.

Т ХХК нь Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн албан тушаалын ажлын байрны орон тоог хасаж, уг албан тушаалд ажиллаж байсан ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь заалт, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт болон Т банкны дүрэм, журам, зааврыг чанд баримтлан ажилласан нь дээрх тайлбар болон холбогдох баримтуудаар нотлогддог. Иймд хариуцагч Т ХХК-ийн хувьд нэхэмжлэгч М.А гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын захирал Х.Ж шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Т банкны гүйцэтгэх захирлын тушаалаар харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажил цомхтголд орсон. Бид нар тухайн өдөр манай байгууллагын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн М.А д мэдэгдэх хуудас өгч тэр өдөр өөр албан тушаалд ажиллах албан бичгийг санал болгоод гарын үсэг зуруулсан. Салбарын захирал миний бие 1 сарын дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас халагдах тушаал гаргаж өгсөн. Бид нар М.А г тухайн 1 сарын хугацаанд ажиллуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тэр хугацааны тэтгэмжийг олгосон. Тухайн үед бидний санал болгосон ажилд М.А өөрөө ороогүй тул өөр ажилд ажиллуулах нөхцөл байгаагүй. Энэ талаар өөрт нь тайлбарлаж хэлсэн байгаа гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.А нь Т банкны Баян-Өлгий салбарт мэргэжлийн дагуу ажилд томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч М.А г Т банкны Баян-Өлгий салбарын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Т банкны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13, 9.2.20 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 80 хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Т банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/383 тоот тушаалаар Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн гэх албан тушаалын ажлын байрны орон тоог хассан тул Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн гэх албан тушаал хашиж байсан М-н А -тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргах, ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулсан байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй ба энэ үүргийнхээ дагуу ажилтан М.А д мэдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Т банкны мэдэгдэх хуудсаар болон зохигч нарын шүүх хуралдааны өгсөн тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч М.А нь бага насны /нярай/ хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр олгосон Шеруши овогт Асылбекийн Айнамкөз нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн нь 8301000673 дугаартай, БЮ16290202 регистрийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар болон одоо 06 сартай болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тус тус нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан байхад ажил олгогч нь ажилтан М.А г ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын захирал нь ...Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн албан тушаал нь Т банкны нийт системийн хэмжээнд хасагдсан тул М.А г ажиллуулах хууль, эрх зүйн хувьд ямар ч боломжгүй гэх боловч Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн гэсэн албан тушаал байхгүй гэх тайлбар нь ажилтан М.А г ажлаас чөлөөлөх нь үндэслэл болохгүй.

Ажил олгогч 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ажилтан М.А тай харилцан тохиролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д ... байнгын ажлын байранд ... гэснийг үндэслэн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээний 3.1.1-д зааснаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний 10.3-т ... талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болох ба талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулж болно хэмээн энэхүү гэрээг байгуулсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-т зааснаар хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болсон байх ба энэ хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад ажил олгогч 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Ажил олгогч ажилтан М.А д ажлын байр санал болгосон боловч уг ажлын байрнаас өөрөө татгалзсан гэх боловч энэ нь ажлын байр санал болгох тухай хуудсаар ажил олгогчийн зүгээс жирэмсний амралтад явах теллерийн ажлын байрыг санал болгож байсан нь нотлогдох боловч энэ ажлын байр нь түр ажлын байр учраас санал болгосон ажлын байрнаас татгалзсан болохыг нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд тайлбарлаж байсныг хариуцагч үгүйсгэж чадаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан аж ахуйн нэгж байгууллага түүний салбар нэгж байгууллага татан буугдаагүй үйл ажиллагаагаа явуулж байхад Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн гэх албан тушаал байхгүй гэх үндэслэлээр ажилтан М.А г ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан ...ажлаас халахыг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасны дагуу ажил олгогч ажилтан М.А г өөр ажлын байраар хангах үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч М.А гийн мэргэжлийн дагуу ажилд томилохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг мэргэжлийн дагуу ажилд томилохыг ажил олгогчид үүрэг болгох нь арай илүү зохимжтой гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч М.А г Т банкны Баян-Өлгий салбарт мэргэжлийн дагуу ажилд томилохыг Т банкны Баян-Өлгий салбарын захирал Х.Жт үүрэг болгох нь зүйтэй байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажилтан М.А д нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байх ба энэ талаар зохигчид маргаагүй болно.

Нэхэмжлэгч М.А гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч М.А д буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.А г Т банкны Баян-Өлгий салбарт мэргэжлийн дагуу ажилд томилохыг Т банкны Баян-Өлгий салбарын захирал Х.Жт үүрэг болгосугай.

2. Нэхэмжлэгч М.А гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч М.А д буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН