Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 1490

 

Д.Нэргүйн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/01509 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Нэргүйн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Алтантуяад холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 24 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

20 492 700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Ө.Энхтайван,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарнай, түүний өмгөөлөгч М.Энхжаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Нэргүйгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад ХД-75 тоотод байршилтай цайны газрын зориулалттай үл хөдлөхийн гэрчилгээтэй 70 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн. Энэхүү обьектод би 2008 оноос нөхөртэйгөө цайны газрын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаад 2010 онд нөхөр маань нас барж гэрчилгээ нь өв залгамжлалаар миний нэр дээр шилжсэн. Миний биеийн байдал муудаж цаашид ажиллуулах боломжгүй, хүү бэр хоёр маань Солонгос Улсаас ирээд хийх ажилгүй байсан учир амьжиргаагаа залгуулахад нь тус нэмэр болог гээд ажиллуулахыг зөвшөөрч тэр хоёр маань ажиллуулж байсан. Энэ хугацаанд надад ямар нэг түрээс төлөөгүй бөгөөд харин үл хөдлөх эд хөрөнгийг маань барьцаанд тавьж зээл авсан байсныг би өөрөө үлдэгдэл мөнгө болох 3 800 000 төгрөгийг төлж гэрчилгээг нь банкны барьцаанаас чөлөөлүүлж авсан. Хүү, бэр хоёр маань салаад хамт амьдрахаа больсон ба хүү гадаад явснаас хойш бэр хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байсан. Эрэн сурвалжлах шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс ажилласан боловч эрэн сурвалжлуулах ажил зогссон. 2016 оноос өөрийн өмчлөлийн хөрөнгөө зориулалтын дагуу авч ажиллуулах хүсэлтэй байгаагаа хэлэхэд намайг хөөж туун, ах дүү хамаатан садангуудаараа дарамтлуулсаар байна. Иймд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад ХД-75 тоотод байршилтай цайны газрын зориулалттай 70 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг иргэн Г.Алтантуяагийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Нэргүйгийн нэмэгдүүлсэн шаардлагад: Хариуцагч Г.Алтантуяа нь миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр, хууль бусаар ашиглаж байгаа тул 2012 оноос өнөөдрийг хүртэл өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүйгээс алдсан орлого буюу олох ёстой байсан орлого, үр шимийг нэхэх эрхтэй. Үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслүүлэхэд доод тал нь сарын 1 000 000 төгрөгөөр түрээслүүлэх бөгөөд өнөөдрийг хүртэл 5 жил буюу 60 сараар тооцоход 60 000 000 төгрөгийг миний бие олох боломжтой байсан. Гэвч би 2015 оны 1 дүгээр сараас өөрийн хүү Ч.Өлзийбаяр, хариуцагч Д.Алтантуяагаас салж явснаас хойш өөрийн өмчлөлийн хөрөнгийн эрхийн үр шимийг хүртэх ёстой байсан. Гуанзны зориулалтаар зах зээлийн дунджаар түрээслэнэ гэж үзэхэд 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын сүүл хүртэл 24 cap байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 24 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

 

Хариуцагч Г.Алтантуяагийн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарнайгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад, ХД-75 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгө нь Д.Нэргүйн нэр дээр байсан бөгөөд нэхэмжлэгчийн төрсөн хүү болох миний нөхөр Ч.Өлзийбаяр бид хоёр хамтдаа ажиллуулж байсан. Нэхэмжлэгч нь миний хадам ээж бөгөөд нөхөр Ч.Өлзийбаяр бид хоёрыг Солонгос улсад ажиллаж амьдарч байхад "...хүний нутагт олон жил ажиллаад яах юм бэ, одоо ирээд энэ цайны газрыг ажиллуул" гээд хүүхдийнхээ гэр бүлийг дэмжин өгч, бид хоёр хамтдаа ажиллуулж байсан. Гэтэл нөхөр маань 2014 онд авто аваар хийж их хэмжээний хохирол төлөхөөр болсон. 30 сая төгрөгийн зээл авч, мөн нөхөр маань Солонгос улс руу явна гээд мөнгө зээлж, их хэмжээний өрөнд орсон бөгөөд энэ талаар нөхрийн төрсөн эх нь өөрөө сайн мэдэж байгаа тул би тус цайны газарт өдөр шөнөгүй ажиллаж байж нэхэмжлэгчийн хүү Ч.Өлзийбаярын өрийг төлсөн ба улмаар би ганцаараа тус цайны газрыг ажиллуулж төлж байгаа ба уг төлбөр одоог хүртэл дуусгаагүй байна. Энэ талаарх нотлох баримт болон хүү Ч.Өлзийбаярынх нь өр авлагад миний зүгээс төлж барагдуулж байсан мөнгөний баримтуудыг шүүхэд гаргаж өгнө. Миний нөхөр 2015 онд хүү бид хоёрыг орхиод явснаас хойш хүүхэд бид хоёр уг цайны газрыг ажиллуулаад 5 жил болж байгаа бөгөөд нөхрийн дутуу өрийг төлж мөн өөрсдийнхөө амь амьдралаа авч явах болно. Нөхөр маань хүүхэд бид хоёрыг орхиод хүүхдэдээ 1 төгрөг ч өгөхгүй зугтаагаад байгаа. Эх Д.Нэргүй нь надад хаягийг нь нуугаад хэлдэггүй учраас хүүхэд маань эцгийн хайраар дутагдаж явна. Нэхэмжлэгч Д.Нэргүй нь өөрийн хүү Ц.Өлзийбаярын төрсөн хүүхэд, ачаас амь зуулгыг нь булааж авч байгаад гомдолтой байна. Би хэний ч эзэмшлийн зүйлийг дураараа эзэмшээгүй анхнаасаа намайг болон нөхөр бид хоёрыг ажиллуул гээд өөрсдөө өгсөн эд хөрөнгө болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Өлзийбаяр, Г.Алтантуяа нартай ямар нэгэн түрээсийн болон үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх, ашиглах гэрээ байгуулаагүй. Иймд үндэслэлгүйгээр шаардаж байгаа 24 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Г.Алтантуяагийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Миний бие Д.Нэргүйн хүү Ч.Өлзийбаяртай хамт 2007 оноос 2011 оны 11 cap хүртэл БНСУ-д ажиллаж амьдарч байсан. Тэр үед нөхрийн эх Д.Нэргүй нь "та хоёр хүний газарт удаан байгаад яах юм бэ, Монголдоо ирж Өлзий цайны газраа ажиллуулаад амьдар" гэсний улмаас бид хоёр Монголдоо ирсэн. 2012 оны 1 дүгээр сараас "Өлзий" цайны газраа Ч.Өлзийбаяртай хамт ажиллуулж эхэлсэн. Тус цайны газрыг хоёр жил ажиллуулсны дараа зайлшгүй шаардлагатай болж цайны газартаа засвар хийж өргөтгөсөн. 2014 оны 04 дүгээр сарын 23-наас 2014 оны 05 дугаар сарын 23-ны хооронд сарын хугацаатай засвар хийсэн. Засвар хийх талаар Д.Нэргүй болон Ч.Өлзийбаяр нар мэдэж байсан бөгөөд хамт амьдардаг байсан. Цайны газрын засварын хөлс болон засварын материалын үнэ нийт 20 492 700 төгрөг болсон. Би уг цайны газрыг засварлахад Ч.Өлзийбаяртай хамт эхлүүлж ажиллаж байсан боловч 2015 оны 01 сараас нөхөр Ч.Өлзийбаяр салаад явсан. Тухай бүр нь уг цайны газартай холбоотойгоор бүх цахилгааны төлбөр, татвар, хогийн төлбөр зэргийг төлж байсан ба Д.Нэргүй нь өөрөө зөвшөөрөл өгсөн учраас нөхөр бид хоёр ажиллуулж байсны хувьд би шударгаар уг үл хөдлөх хөрөнгө буюу цайны газрыг эзэмшиж байгаа. Одоо Д.Нэргүй нь шүүхэд хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд үүнтэй холбоотойгоор тус цайны газрыг шударгаар          мөн Д.Нэргүйн өөрийнх нь аман зөвшөөрөлтэйгөөр эзэмшиж байхдаа засан сайжруулалт хийсэн нийт зардал болон ажлын хөлс 20 492 700 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Г.Алтантуяа нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 1 дүгээр сараас эхлэн үнэ төлбөргүй ашиглан хууль бусаар эзэмшиж, өмчлөгч миний өмчлөх эрхэд ноцтойгоор халдаж, надад хохирол алдагдал учруулсаар цайны газрын үйл ажиллагаа эрхэлж ашиг орлого олсоор байгаа билээ. Тийм байж зөвхөн өөрөө ашиг орлого олох үйл ажиллагаа эрхэлчхээд тэр үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор хийгдсэн гэх засварын зардлыг өмчийн эзнээс нэхэж байгаа нь өөрөө хууль ёсны болон ёс суртахууны үндэслэлгүй юм. Хариуцагч нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг ямар нэгэн төлбөргүйгээр хууль бусаар ашиглаж байгаа тул засвар хийсэн байлаа ч өмчлөгчид ямар нэгэн үнэ цэнэ, ашиг бий болоогүй, өмчлөгчийн ашиг сонирхлоос үл хамаарах тул засварын зардал шаардах xyyль зүйн үндэслэлгүй.

Хэргийн оролцогч өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд тэрхүү үндэслэл, шаардлага нь холбогдох нотлох баримтад үндэслэх ёстой. Гэвч хариуцагчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримт нь хэрэгт ач холбогдолгүй, үнэлэх боломжгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тухайлбал санхүүгийн баримтуудыг үйлдсэн, зөвшөөрсөн, баталсан этгээд тодорхойгүй, төлбөр хүлээн авах байгууллага нь байхгүй, төлөх байгууллага нь байхгүй. Ийм баримтыг зуун айлын барилгын материалын захын дэлгүүр, лангуунаас дуртай дүнгээ бичүүлээд авч болох тул нотлох баримт гэж үзэхгүй. Тухайн бараа материал зарсан гэх байгууллага, хувь хүний татварын тайлан, нягтлан бүрттэлийн журнал, бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг тухайн байгууллага, хувь хүнээс тодруулах, мөн холбогдох татварын албанаас татварын тайлан тэнцэлдээ тусгасан орлого байгаа эсэхийг шүүхэд хүсэлт гаргаж шалгуулна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй буюу хариуцагчийг шаардах эрхгүй гэдэг дэлгэрэнгүй тайлбар, холбогдох хууль зүйн зохицуулалтыг шүүх хуралдаанд тайлбарлах болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад, ХД-75 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204020454, гэрчилгээний 000138776 дугаартай цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг /"Өлзий" цайны газар/ чөлөөлөхийг хариуцагч Г.Алтантуяад даалгаж, хариуцагч Г.Алтантуяад холбогдох үндсэн нэхэмжлэлийн 24 000 000 төгрөг гаргуулах шаардлага, нэхэмжлэгч Д.Нэргүйд холбогдох сөрөг нэхэмжлэлийн 20 492 700 төгрөг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дах хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 100 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч талаас төлсөн 260 420 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Алтантуяагаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нэргүйд олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Г.Алтантуяагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүх хуулийн зарим заалтыг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой заалтыг хэрэглээгүй. Уг маргааныг шүүхээс "Эд хөрөнгө үнэ төлбөргүй хөлслүүлэх гэрээ"-ний харилцаа байна гэж дүгнэсэн боловч хуульд тусгайлан заасан зохицуулалт байхгүй бол төсөөтэй харилцааг зохицуулсан зохицуулалтаар дүгнэх ёстой байсан гэж үзэж байна. Уг хэрэг маргаанд сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэгч талын зөвшөөрлөөр эзэмшиж, ашиглаж байсан газарт их хэмжээний засан сайжруулалт хийгдсэн учраас уг засан сайжруулалтад зарцуулагдсан өртгийг нэхэмжлэх боломжтой юм. Шүүхийн шийдвэрээр эд хөрөнгө үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашиглах гэрээний зохицуулалтад салгаж болох засан сайжруулалтыг салгаж авч болохоор хуульчилсан боловч салгаж үл болох засан сайжруулалтын өртгийг нэхэмжлэх боломжтой талаар зохицуулсан зохицуулалт байхгүй учраас шаардах эрхгүй гэж үзсэн. Гэвч эд хөрөнгө үнэ төлбөргүйгээр ашиглах гэрээний зохицуулалтад Иргэний хуулийн эд хөрөнгө хөлслөх гэрээний зарим заалт хэсэг мөн адил хамаарна гэсэн байна. Хуульд тухайлан зохицуулаагүй учраас шаардах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй. Гэрчийн мэдүүлгүүдээр нэхэмжлэгч Д.Нэргүй нь уг засан сайжруулалтын талаар мэдснийг нотолдог бөгөөд, нэхэмжлэгч тал мөн мэдээгүй байсан гэж маргадаггүй учраас уг засан сайжруулалтын талаар мэдсэн гэж үзэх бүрэн боломжтой юм. Нэгэнт шүүх эд хөрөнгө үнэ төлбөргүйгээр ашиглах гэрээний харилцаа байна, зөвшөөрлийн үндсэн дээр ашиглуулсан байна гэдгийг тогтоосон бөгөөд гэрээний үндсэн дээр үүссэн харилцаа гэж тогтоосон нь хариуцагч Г.Алтантуяа нь шударга эзэмшигч болох юм. Мөн нэхэмжлэгч Д.Нэргүйн зөвшөөрлөөр уг засан сайжруулалт хийгдсэн нь ойлгомжтой байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй. Иргэний хуулийн 94.3 дахь хэсэгт "Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй" гэж заасан бөгөөд мөн хуулийн 94.6 дахь хэсэгт "Шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй" гэж зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байх тул тус шаардлага хангагдах хүртэл буцааж өгөхөөс татгалзах эрхтэй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх боломжгүй. Иймд гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэж үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

Нэхэмжлэгч Д.Нэргүй нь хариуцагч Г.Алтантуяад холбогдуулж Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад ХД-75 тоотод байрлах "Өлзий" цайны газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх болон олох ёстой байсан орлогод 24 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тус цайны газарт хийсэн засвар үйлчилгээ, засан сайжруулалтын зардалд 20 492 700 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргаж маргажээ.

 

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад ХД-75 тоотод байрлах "Өлзий" цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Д.Нэргүйн өмчлөлд шилжсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2204020454 дугаартай гэрчилгээ /хх.8 /, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчийн хууль ёсны хөрөнгө болохыг хариуцагч үгүйсгээгүй.

 

Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох "Өлзий" цайны газрыг өөрийн хүү Ч.Өлзийбаяр болон түүний эхнэр Г.Алтантуяа нарт ямар нэгэн хариу төлбөргүйгээр, эзэмшиж, ашиглах эрхийг олгосон ба тэд уг цайны газрыг үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашиглаж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд хэн аль нь маргахгүй байна.

 

Анхан шатны шүүх “эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар шилжүүлсэн зорилго нь гэрээний талууд гэр бүлийн харилцаатай байсан, гэр бүлийн хамтын амьдралын хэрэгцээнд зориулан шилжүүлсэн байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээг чөлөөтэйгөөр хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Гэрээний дагуу эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглагч тал болох Ч.Өлзийбаяр, Г.Алтантуяа нар нь гэр бүлийн байдлын хувьд тусдаа амьдрах болсон, Г.Алтантуяа нь дангаараа тус хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь хэргийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Д.Нэргүй нь маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч болохын хувьд хариуцагч Г.Алтантуяагаас Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт зааснаар өөрийн эд хөрөнгийг шаардах эрхтэй.

 

Харин шүүх нэхэмжлэгчийн 24 000 000 төгрөгийн шаардлага үндэслэлгүй, нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэж энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд үнэ төлбөргүй ашиглаж байгаа хөрөнгөд хийсэн салгаж авах боломжгүй засан сайжруулалт, засвар үйлчилгээний зардлыг шаардах эрх хуульд зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээдэд олгогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Учир нь хуульд зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаанд Иргэний хуулийн 289.1.3, 289.1.6, 289.2.6, 293, 295.3, 296, 297, 298 дугаар зүйлүүд нэгэн адил хамаарах зохицуулалттай бөгөөд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх үүрэгтэй байна. Мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхийг хөлслөгч тал эдлэхээр зохицуулсан байх тул хариуцагч энэ талаар шаардах эрхгүй байна.

 

            Үл хөдлөх эд хөрөнгийг анх шилжүүлэх үед талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн аман гэрээний үндсэн дээр шилжүүлснээр Г.Алтантуяа нь эзэмших, ашиглах эрхийг хууль ёсны дагуу олж авсан байх бөгөөд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” заалтад хамаарахгүй юм. Иймд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.6 дах хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах ёстой гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/01509 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                              ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

                       

                                                                                             Б.НАРМАНДАХ