| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2021/0061/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2021-08-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З аймгийн Т суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ Х сумын А ХХК-ны хамгаалалтын ахлах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь
-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох ялаар,
-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,
-Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар,
-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар,
-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 8 сар 24 хоногийн хорих ялаар,
-Сум дундын 9-р шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 960,000 төгрөгөөр торгох ялаар,
-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 1 жил, 2 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Г овгийн Х.М-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч Х.М нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй газрын 3 давхарт байрлах В.Н-н гэрийн хаалганы гадна талд байсан nike air max загварын пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч 336,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 11 сарын 09-ний өдөр Х-т хоолонд ороод 3 давхар луу орсон чинь үүдэнд нь цэнхэр өнгийн пүүз байхаар нь авсан. Хаясан юм байх л гэж бодсон. Пүүзийг аваад Улаанбаатар хотод ажилтай байсан болохоор тэгээд яваад өгсөн. Хотод очоод пүүзийг нь өмсөж байгаад ул нь цоороод хаячихсан” гэв.
Хохирогч В.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11-р сарын 18-ны өдөр манай бага хүү Б.Г нь Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын 1-р баг, Х-д ирсэн. Бага хүү Г нь гэртээ ирээд ээж миний пүүз хаана байна гэж асууж байсан. Тэгээд гэрээс уг пүүзийг хайгаад олдохгүй байсан болохоор гэрийн гадаах үүдний хяналтын камерыг шүүж үзэхэд 2020 оны 11-р сарын 09-ны өдөр 13 цагийн үед камерийн бичлэгт үл таних эрэгтэй хүн пүүзийг авч байгаа бичлэг байсан. Тэгээд Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст өргөдөл гарган өгсөн, ...2021 оны 08-р сарын 16-ны өдөр иргэн Х.М манай гэрт ирсэн. Танд учирсан хохирлыг барагдуулмаар байна гэж байсан. Эд зүйлийн үнэлгээтэй танилцсан. 336,000 төгрөг гарсан байна гэсэн. Би тухай өдөр иргэн
Х.М-с эд зүйлийн үнэ болох 336,000 төгрөгийг бэлнээр авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77, 150/
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 78-80/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 148-150/
А ХХК-ийн 2021 оны 01-р сарын 08-ны өдрийн “nike air max” пүүзийг 336,000 төгрөгөөр үнэлсэн ТХҮ-821/005 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 15-19/
Шүүгдэгч Х.М “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суудаг“ гэсэн Замын-Үүд сумын 2-р багийн тодорхойлолт /хх-ийн 81/
Шүүгдэгч Х.М-н иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 97-98, 100-142/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г овогт Х.М нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-ҮҮд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй цайны газрын 3 давхарт байрлах В.Н-н гэрийн хаалганы гадна талд байсан “nike air max” загварын пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч 336,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдов.
Уг үйл баримтыг бусдын хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар өөрийн үйлдлийг хэнд ч мэдэгдэхгүйгээр авч байгаа идэвхитэй үйлдлийг Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэрэг гэж зохицуулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн гол шинжийг агуулж, хохирол учруулсан байх тул түүнийг “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.М нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч В.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-77, 150/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 78-80/ , камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 148-150/, А ХХК-ийн 2021 оны 01-р сарын 08-ны өдрийн “nike air max” пүүзийг 336,000 төгрөгөөр үнэлсэн ТХҮ-821/005 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 15-19/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад 336,000 төгрөгний хохирол учруулсан, прокуророос түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирлын талаар:
Шүүгдэгч Х.М нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг бүхий этгээд юм.
Хохирогч В.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 336,000 төгрөгийг нэхэмжилдэг бөгөөд шүүгдэгч Х.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрөө барагдуулсан нь хохирогчийн мэдүүлгээр /хх-ийн 76-77, 150/ нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Х.М урьд нь 1998 оноос эхлэн 8 удаа шүүхээс торгуулийн болон хорих ялаар шийтгүүлсэн боловч 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад гарсан Өршөөл үзүүлэх хуулийн алинд ч хамрагдаж, өршөөгдөж байгаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг өршөөлд хамруулахаар зохицуулсан байх тул шүүгдэгч Х.М-т оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Х.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г овгийн Х.М-т хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-т хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Шүүгдэгч Х.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч. Х.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц