| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2021/0069/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/76 |
| Огноо | 2021-05-27 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/76
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
Орчуулагч, хэлмэрч Б.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч С.Т,
Хохирогч Ш.С, К.Б нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч С.А,
Хохирогч Ш.С, Б.Е, К.Б,
Гэрч Х.Н, Д.М, С.С,
Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ад холбогдох эрүүгийн 2113000020040 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, Ш- овогт М-н А,1995 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн С сумын***-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ****
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар:
- Шүүгдэгч М.А нь 2020 оны 05 дугаар 20-ны үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ш.Сийн хээр зүсмийн гүү, буурал зүсмийн даага, хохирогч Б.Еын хөх зүсмийн азарга, нийт 3 тооны буюу олон тооны бод мал хулгайлж, бусдад 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
Улмаар хохирогч Ш.Сээс хулгайлж авсан, буурал зүсмийн даагыг хохирогч К.Бэд худалдан борлуулсны дараа 2020 оны 11 дүгээр сарын дунд үеэр уг буурал зүсмийн даагыг тус аймгийн Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байхад нь К.Бийн эзэмшлээс буцаан хулгайлан авч, түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: (гэм буруугийн талаарх нотлох баримтууд)
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 20-21-р тал/,
Хохирогч К.Бийн эзэмшлийн Samsung маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (Уг гар утсаны Galerei цэсэнд хохирогч К.Бийн шүүгдэгч М.Ааас худалдаж авсан гэх буурал зүсмийн дааганы зураг хадгалагдаж байсныг хохирогч К.Б гаргаж өгсөн ба мөрдөгчөөс К.Бийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийж, буурал зүсмийн дааганы зургийг бэхжүүлэн авч, хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байна.) /1-р хх-ийн 22-28-р тал/,
Хохирогч К.Бийн эзэмшлийн гар утсанд хадгалагдаж байсан буурал зүсмийн дааганы зургийг гэрч М.Даар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-32-р тал/,
Хохирогч К.Бийн эзэмшлийн гар утаснаас бэхжүүлж авсан буурал зүсмийн дааганы зургийг хохирогч Ш.Сээр таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 33-38-р тал/,
Ахуйн зориулалтаар тусгайлан бэлтгэсэн 4 метрийн 35 ширхэг хар модонд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 39-42-р тал/,
Хохирогч Ш.Сийн 2020 оны мал тооллогын бүртгэл /1-р хх-ийн 43-44-р тал/,
Хохирогч Ш.Сийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“...Манайх Бугат сумын 1 дүгээр багт оршин суудаг ба гэрийн гадна миний хээр зүсмийн гүү, буурал зүсмийн даага, хохирогч Б.Еын хөх зүсмийн азарга байнга хамт байдаг байсан. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай хамаатны хүн нас барсан тул буяны ажлаар 2 хоног хөдөө яваад ирэхэд гэрийн гадна байсан хээр зүсмийн гүү, буурал зүсмийн даага, мөн хохирогч Б.Еын хар хөх зүсмийн азарга нийт 3 тооны адуу хулгайд алдагдсан байсан. Миний хээр зүсмийн гүү хээлтэй байсан учраас 2020 оны 3 сараас эхлэн хээлтэй гүү болон буурал даагыг өдөр бүр гэрийн хажууд байлгадаг байсан ба Б.Еын хар хөх өнгийн азарга манай хээлтэй гүү, буурал даагатай хамт манай гэрийн гадна байнга байж байдаг байсан. Миний хулгайд алдагдсан 2 тооны адууг хэн нэгэн туухгүй л бол хөлөөрөө хэзээ ч гэрийн гаднаас явахгүй. Бид 2020 оны 5 сарын 20-нд буяны ажилд 2 хоногийг яваад эзэнгүй байсныг далимдуулан гэрийн гадна байсан 3 тооны малыг хулгайлсан байсан. ...Би 2 тооны адуугаа хулгайд алдагдсаны дараа Бугат, Буянт, Сагсай сумын нутаг дэвсгэрээс эрж хайсан боловч олдоогүй. 2020 оны 11 дүгээр сарын эхээр манай буурал зүсмийн даагыг Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух М.А гэгч хулгайлж аваад К.Бэд худалдсан байж магадгүй гэх мэдээлэл аваад мэдээллийн дагуу К.Бийн гэрт очиж асууж сураглахад К.Б буурал даагыг мэдэхгүй гэж хэлсэн. Үүний дараа дахин 11 сарын дундуур К.Бийнд очиход К.Б нь миний буурал даагыг М.Ааас худалдаж авсан, өмнө нь биднийг очиход М.Ааас айгаад үнэнийг хэлээгүй гэдгээ хэлсэн. Тэгээд та нарыг ирээд явсны дараа буурал даагыг хүн сураглаж ирлээ гэж М.Ад хэлэхэд даагыг үзүүлж болохгүй гэж хэлсэн ба удалгүй даагыг М.А буцаагаад хулгайлаад авчихсан гэж хэлсэн. М.Аын гэр Шар нуурын ойролцоо байсан бөгөөд миний хулгайд алдсан 1 тооны гүү, 1 тооны даага Шар нуур тал руу огт очиж үзээгүй бөгөөд хамт хулгайд алдагдсан Б.Еын хар хөх зүсмийн азарга ч гэсэн Шар нуурт огт очиж үзээгүй адуу байсан. Уг 3 тооны адуу гэрийн гаднаас Шар нуур тал руу хөлөөрөө яваад очих ямарч боломжгүй тул зайлшгүй хүн тууж яваад тэнд хүргэсэн гэж үзэж байна. Хохирогч Б.Е нь миний 2 тооны адуутай хамт хулгайд алдсан 1 тооны азаргаа 2020 оны 5 сарын 25-26-ны үед Сагсай сумын нутаг Шар нуур гэх газраас олж аваад тухайн үед надад “Би өөрийн хулгайд алдсан азаргаа Шар нуураас олж авлаа, таны хээлтэй гүү, болон даага миний азаргатай хамт байгаагүй тул та малаа олж аваарай” гэж хэлсэн. Хохирогч Б.Еын хулгайд алдагдсан азарга олдсон Шар нуур гэх газар нь М.Аын гэрийн хажууд байсан ба Б.Еын азарга зассан байдалтай олдсон. Миний хулгайд алдагдсан буурал дааганы зургийг К.Бийн утсанд хадгалагдаж байхад нь авч, надаар таньж олуулсан ба би буурал даагаа шууд таньсан. М.А буурал даагыг Сын хүүхдээр сургасан байсан. Энэ бүхнээс би дүгнэж үзээд миний хээр зүсмийн гүү болон буурал даагыг М.А хулгайлж авсан байна гэдгийг мэдсэн. Миний хулгайд алдагдсан хээр зүсмийн гүү бол 9-10 насны том биетэй, том сүүлтэй, толгойг нь харвал хурдан удмын адуутай адилхан харагддаг, чих нь содон шинжтэй гүү байсан. Хамт хулгайд алдагдсан даагыг гаднаас харахад зураг шиг харагддаг, буурал зүсмийн том биетэй даага байсан. Би хулгайд алдсан хээлтэй гүү болон буурал зүсмийн даагаа одоо хүртэл биет байдлаар аваагүй байгаа. Хулгайд алдагдсан гүү, даага, азарга 3 хэзээ ч салж явахгүй. Иймд миний бие хулгайд алдсан 2 тооны адуугаа 1 жилийн хугацаанд эрж хайсан зардал, өмгөөлөгч хөлсөлсөн зардалд нийтдээ 5 сая гаруй төгрөг нэхэмжилж байна. Миний 2 тооны адууг хулгайлсан хүнд гомдолтой байна.”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52, 56-57, 58-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч К.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие Сагсай сумын Өмнө гол гэх газарт мал маллан өвөлжиж байгаа ба манай доод талд 1 км зайтай газарт М.А өвөлжиж байгаа юм. Би 2020 оны 6 сарын эхээр шүүгдэгч М.Ааас буурал зүсмийн, 2 настай даага худалдаж авсан. Надад худалдсан даагыг М.А нь Говь-Алтай аймгийн малын ченжээс худалдаж авсан гэж хэлсэн. Уг даагыг ганц хүүдээ зориулан худалдаж авсан бөгөөд дааганы өртөгт М.Ад 4 метрийн урттай, 35 ширхэг хар мод өгсөн. Дараа нь 2020 оны 8 сарын 10-ны үед М.А манайд ирээд танд өгсөн даагыг надад худалдсан Говь-Алтай аймгийн хүн даагыг хурдан удмын даага гэж байна, дээр нь мөнгө нэмж өгөхгүй бол буцааж авна гэж хэлэхээр нь эхнэр бид хоёр хоорондоо ярьж байгаад нэгэнт ганц хүүдээ зориулж авсан юм чинь өртгийг нэмж өгөөд авья гээд дааганы өртөгт нэмж 3 настай хайнаг үхэр М.Ад өгч, буурал зүсмийн даагыг өөрийн эзэмшилд бүрэн авсан байсан тул буурал даага манай адуун сүрэгт байдаг байсан. 2020 оны 10 сарын сүүлээр М.А надтай тааралдаж, “Чиний адуу сүргийг 2 хүн үзээд явж байна. Чамаас буурал зүсмийн даагыг асууж магадгүй, асуувал буурал зүсмийн даагыг өөрийн даага гэж хэлээрэй. Яагаад гэвэл танай адуу сүрэг дотор буурал зүсмийн адуу байгаа учраас сайн анзаарахгүй” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “Чамаас авсан буурал даагыг бүгдийг нь үнэн зөвөөр хэлж өгнө, би тэгж худлаа хэлж чадахгүй” гэж М.Ад хэлээд бид хоёр хоорондоо үг зөрж маргалдсан. Тэгж байтал 2020 оны 11 сарын эхээр манайд 2 хүн ирээд “Чи хэн нэгнээс буурал даага худалдаж авсан уу” гэж асуухаар нь М.Ааас айгаад “Би ямарч буурал даага худалдаж аваагүй” гэж худлаа хэлж явуулчихаад М.Ааас худалдаж авсан буурал даагыг хэнийх болохыг асуухад “Чи надаас долоогоод ид, би чамаас авсан 3 ханатай модон байшин, гунан үхрийг чинь буцааж өгөхгүй, чамд өгсөн буурал даагаа буцаагаад хулгайлаад авсан ч яадаг юм, чаддаг юм бол цагдаатайгаа нийлээд олоод аваарай, чи амжихгүй шүү” гэж айлган сүрдүүлсэн. М.Ааас худалдаж авсан буурал даага одоо манай адуун сүрэгт байхгүй. Уг буурал даага манай адуун сүрэгт байж байтал 2020 оны 11 сарын дундуур нэг өдөр гэнэт алга болчихсон. Яг тэр үед буурал даагыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлж байсан. 2020 оны 11 сарын дундуур байх, М.А бид хоёр бүргэд өргөөд гадуур явж байхад тэр надад “Чамд худалдсан буурал даагыг би өөрөө танай адуун сүргээс аваад нэг газар авааччихсан байгаа шүү, тэр даага хулгайн даага боллоо, чи эрж хайгаад хэрэггүй, буурал дааганы асуудал дуусахаар буцааж чамд өгөх болно” гэж хэлэхээр нь би түүнд “Чи яасан муухай юм бэ, миний эхнэр уурлана, чи даагыг авчирч өгөөрэй” гэж хэлээд явсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа Ш.С гэдэг хүн хажуудаа Бабас гэх хүний хамт дахин манайд ирж, М.Ааас худалдаж авсан дааганы талаар надаас асуухад нь би бүх үнэнээ хэлсэн. Өөрөөр хэлбэл манай хөрш М.А Ш.С гэдэг хүний даагыг хулгайлж авч ирээд надад худалдсан байсан. Дараа нь бүх хэрэг нь ил болох үед надад худалдсан даагыг манай адуун сүрэгт байхад нь буцаагаад хулгайлж аваад явсан. Ш.С, Бабас нар манайд ирээд байж байхад би тэдний хажууд М.Атай утсаар ярихдаа дууг нь чанга дээр нь тавьж байгаад буурал дааганы талаар асуухад асуудал намжсаны дараа даагыг буцааж надад өгнө гэж хэлснийг тэр хүмүүс сонссон. М.А надад худалдсан даагыг өөрөө буцааж хулгайлж авсан гэдгээ хэлсэн тул би даагыг эрж хайгаагүй. Одоо би М.Ааас худалдаж авсан буурал зүсмийн даагыг хулгайд алдсан учраас хохирогч болж байна. Би М.Ааас даага худалдаж авахдаа 35 ширхэг мод, 3 настай үхэр өгч хохирсон ба надад худалдсан буурал даагыг М.А буцаан хулгайлж авч намайг хохироосон тул хохирлыг минь барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 63-64, 68-69-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Б.Еын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай хөрш болох Ш.Сийн адуун сүрэг дотор Дэдээ гэх хүний 3-4 толгой адуу мал байдаг байсан. 2020 оны 4 сарын эхээр би Дэдээ гэдэг хүнтэй уулзаж ярилцаад түүний хар хөх зүсмийн азаргыг малаар сольж худалдан авсан. Миний Дэдээ гэх хүнээс худалдан авсан хар хөх зүсмийн азарга намайг худалдан авахаас өмнө, худалдан авсны дараа ч байнга Ш.Сийн малд хээр зүсмийн гүү, буурал зүсмийн даагатай хамт байдаг байсан. 2020 оны 05 дугаар сарын сүүлээр байх нэг өдөр миний хар хөх зүсмийн азарга, Ш.Сийн хээр зүсмийн гүү, буурал зүсмийн даагатай хамт тэдний гэрийн гаднаас гэнэт алга болсон. Тэгээд 7 хоногийн дараа би хар хөх зүсмийн азаргаа Сагсай сумын нутаг дэвсгэр Шар нуураас Өмнө голын орчмоос олж авахад азаргыг минь зассан байсан. Миний азаргыг Ш.Сийн 2 тооны адуутай хамт хулгайлсан бөгөөд дараа нь миний азаргыг шингээж чадахгүй болохоор нь засаад явуулсан байна. Гүү даага хоёрыг шингээж авах бүрэн боломжтой байх гэж үзэж байна. Ш.Сийн 2 тооны адуу нь ор сураггүй алга болсон. Тэгээд би өөрийн хар хөх өнгийн азаргыг олж авсан тул Ш.Ст “ би азаргаа олж авлаа, танай 2 тооны адуу хамт байгаагүй тул та малаа эрж, хайж олж аваарай гэж хэлсэн. Миний хар хөх азаргыг хулгайлж аваад засчихсан байсан учраас би хохирч байна. Иймд Ш.Сийн 2 тооны адууг хулгайлсан хүн миний азаргыг хулгайлж аваад засаж намайг хохироосон нь тодорхой байгаа юм. Гэхдээ би азаргаа олж авсан учраас ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74, 78 дугаар хуудас/
Гэрч К.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Сагсай сумын 7 дугаар багт оршин суудаг бөгөөд 2020 оны 05 дугаар сарын сүүлээр гэрийн ойролцоо Өмнө голын эрэгт нэг тооны үхэр тууж авах гэж очиход миний цаад талаас 3 км-ийн зайтай байдаг манай хөрш Н овогтой Н, түүний хүргэн М овогтой А хоёр морьтой хэдэн тооны адуу туугаад миний хажуугаар өнгөрч голын эрэгт очиж тууж явсан адуу дотроос нэг тооны буурал зүсмийн даагыг барьж авч надад худалдаж авах уу гэхээр нь би авахгүй гэж яваад өгсөн. Тэгээд уг буурал даагыг гол гатлан гараад С.Сын гэрт очиж бүгд нийлж сургаж байсан. Маргаашнаас эхлэн 10 гаруй хоног С.Сын гэрийн гадаа аргамжтай байсан ба хүүхдүүд нь сургаж байсан. Тэгээд нэг өдөр М.А надад ирж нөгөө буурал даагыг худалдаж авах уу, надад та 3 ханатай модон байшинг өгчих гэхээр нь эргэлзэж байгаад явуулсан. Тэгээд 2,3 хоногийн дараа тухайн буурал даага манай гэрээс 2,3 км-ийн зайтай газарт чулуунд ороогдож зогсож байсныг олж аваад гэрт авч ирж М.Ад утсаар залгахад маргааш очно гэж утсаа тасалсан. Тэгээд маргааш нь өглөө М.А ирж та энэ буурал зүсмийн даагыг худалдаж аваарай, танайх 10 гаруй буурал адуутай тул танд болно гэхээр нь тохирсноор 3 ханатай дүнзэн байшинг өгөхөөр болж тохирч явсан. Хэдэн хоногийн дараа бид нар зусланд нүүж явсан ба нүүхээс өмнө тухайн буурал даагыг зөв талын гуяд тамга дарж им тавихгүйгээр өөрийн адуу сүрэгт явуулсан. Тэгээд 8 дугаар сарын дунд үеэр М.А тааралдаж танд өгсөн буурал зүсмийн даага хурдан удмын адуу байна. Уг даагыг хүнээс авсан байсан ба дааганы эзэн нь дахин мөнгө нэмж авах талаар хэлж байна гэхээр нь гэрт ирээд эхнэртэй ярилцаж намар нүүж ирсэний дараа М.Ад 3 насны монгол үхрийг аваарай гэж үзүүлсэн. Тэгээд 9 дүгээр сарын дундуур уг үхрийг авсан ба дараа нь М.А шар өнгийн УАЗ маркийн машинаар ирж 3 ханатай модон байшинг авч явсан. Уг буурал зүсмийн даага нь манай адуу сүрэг дотор явж байгаад 11 дүгээр сарын 10-ны өдөр гэнэт алга болсон. Тэгээд М.Атай хамт бүргэд өргөж ан агнах гэж гарахад надад М.А буурал даагыг надаас авсан гэж битгий хэлээрэй, өөрийн буурал гүүний даага гэж хэлээрэй, буурал дааганы талаар асуудал гарвал бид нар чамайг алах болно. Чи бол ганцаараа юу ч хийж чадахгүй гэж айлган сүрдүүлсэн. Тэгээд дараа нь М.А бид хоёр бүргэд өргөж гадуур явсан. Тэр үед надад М.А чи буурал даагыг хайгаад хэрэггүй шүү, би танай адуу сүргээс барьж авч өөр газарт хүргэсэн байгаа шүү. Буурал дааганы асуудал дуусахад буцааж өгөх болно гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-83 дугаар хуудас/,
Гэрч Ү.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Сагсай сумын 7 дугаар баг буюу иргэн К.Б гэх хүний гэрээс 300 метрийн зайтай оршин суудаг. К.Бийн гэрийн хажууд 3 ханатай модон дүнзэн байшин байсан бөгөөд урьд тал болон дээврийн банзгүй зөвхөн 3 ханатай байсан. Уг 3 ханатай дүнзэн байшинг 2020 оны 09 дүгээр сарын дундуур үед шар өнгийн УАЗ маркийн машинаар ирж ачиж явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85 дугаар хуудас/,
Гэрч Х.Р-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Манайх Сагсай сумын 7 дугаар баг, Өмнөгол багт оршин суудаг бөгөөд манай нөхөр хавар 6 сарын сүүлээр буурал зүсмийн даага авч ирээд гэрийн хажууд байсан 3 ханатай байшинг өгч авахаар болсон гэж хэлсэн. Тэгээд нүүх үед тамга дарж өөрийн адуун сүрэгт тавьж явуулсан. Тэгээд 8 сарын үед нөхөр бид хоёрын худалдаж авсан буурал даага хурдан удмын даага байна, бид нарын худалдаж авсан үнэ дээр нэмж мөнгө нэхэж байна гэхээр ярьж байгаад 3 настай монгол үхэр өгсөн. М.А нь уг үхрийг намар манай гаднаас авч явсан, модон байшинг шар өнгийн УАЗ машинаар ачиж авсан. Үүний дараа 11 сард буурал даагыг хайж манайд 2 хүн ирэхэд бидний худалдаж авсан буурал даага асуудалтай юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд М.А манайд ирэхэд нь бидэнд худалдсан буурал даагыг хаанаас авсан бэ гэж асуухад Говь-Алтай аймгаас худалдан авсан гэж хэлсэн. Манай нөхөр Б хөрш А- /Н/утсаар ярих үед би хажууд нь байсан ба чи буурал даагыг өөрийн даага гэж хэлээрэй, бид нараас худалдан авсан гэж хэлэхгүй шүү гэж хэлэхэд нь манай нөхөр Б би буурал даагыг та нараас худалдан авсан гэж хоорондоо утсаар маргалдсан.Бидний худалдаж авсан буурал даага одоо хаана байгааг би мэдэхгүй бөгөөд худалдаж авсны уг дааганд манай тамга дарагдсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88-р тал/,
Гэрч С.Сын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие М овогтой Аийг сайн таньдаг бөгөөд ямар нэгэн хамаатан садангийн холбоо байхгүй болно. М.А нь хавар 5 сарын 10-наас 15-ны орчим Сагсай сумын Өмнө голд хаваржаанд байх үед буурал зүсмийн даагыг авч ирж манай хүүхдүүдээр 10 гаруй хоног унуулан сургаж авсан. Улаан буурал зүсмийн им тамгагүй даага байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Х.Н- /Ерлан/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би К.Бийн адуу сүргийг огт хараагүй бөгөөд 2020 оны 06 дугаар сарын эхээр К.Бийн гэрт очиход К.Б нь зуслан руу маргааш нүүнэ гэж хэлж байсан ба гэрийн хажууд буурал зүсмийн даага байсан бөгөөд уг даагыг авч ирж би чихнээс нь дарж байхад К.Б “4” маягтай тамга дарсан.Тэгээд буурал зүсмийн даагыг өөрийн адуун сүрэгт тавьсан бөгөөд би гэрлүүгээ явсан.Миний К.Бийнд харсан даага нь цэвэр буурал зүсмийн даага байсан. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-101 дүгээр хуудас/,
Гэрч З.С-ын өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...К.Б нь 2020 оны 05 дугаар сарын сүүлээр зусланд гарах үед нэг тооны буурал зүсмийн даага худалдаж авсан. Тухайн үед би К.Бийн гэрийн хажууд хамт байсан. Уг буурал зүсмийн даагыг манай гэрийн дээд талд байрлах М.Ааас худалдаж авсан гэсэн. Хэдэн төгрөгөөр худалдаж авсан вэ гэж асуухаар гэрийн хажууд байсан 3 хаантай модон байшин байсан тэрийг өгнө гэж хэлж байсан. Тухайн буурал зүсмийн даага нь ямар нэгэн им тамгагүй байсан. Миний харсан даага бол цэвэр буурал зүсмийн даага байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-106 дугаар хуудас/,
Гэрч Х.Ны мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би 2020 оны 05 дугаар сарын сүүлээр байх аймгаас хүргэн хүү болох М.Аийн гэрт очиход М.А нь буурал зүсмийн даагыг барьж чадаагүй хөөж явсан ба би уг буурал зүсмийн даагыг хамт барилцаж бид хоёр Сынапберген овогтой С гэх хүний хүүхдүүдэд хүргэж өгсөн. Тэр үед К.Б ч байсан. Тэгээд дараа нь М.А уг буурал зүсмийн даагыг К.Бт зарсан тухай хэлж байсан. Хэдэн төгрөгөөр худалдсаныг сайн мэдэхгүй болно. М.Атай хамт 9 сарын дундуур К.Бийн гэрийн хажууд байсан 3 ханатай модон байшинг ачиж аваад М.Аын гэрт буулгасан, дараа нь К.Бээс 1 тооны хайнаг үхэр авсан гэж М.А хэлж байсан. Уг буурал зүсмийн даагыг М.А бид 2019 оны 12 сарын эхээр аймгийн захаас үл таних Монгол хүнээс 280.000 төгрөгөөр худалдан авч байсан ” гэх мэдүүлэг /1-рхх-ийн 107-109, 111 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Х.Х-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай аймагт нэг л малын зах байдаг ба 2006 оноос хойш миний бие захирлаар нь ажиллаж байна. Гаднаас ирсэн болон аймгийн төвд ирж зарагдсан бүх мал манай малын захад ирж зарагддаг. Малын захад ирж зарсан мал болгонд гарал үүслийн гэрчилгээ олгодог байдаг бөгөөд гэрчилгээ олгосон эсэхийг би нэг бүрчлэн шалгаж байдаг. 2019 оны 11, 12 дугаар сар болон 2020 оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн малын зах дээр гаднаас болон дотроос Монгол хүн ирж адуун сүрэг зарж байсан үе байгаагүй ба тэр талаар би сайн мэдэж байгаа. Мал зарсан хүн болгон гарал үүслийн гэрчилгээтэй байдаг. Мөн манай аймгийн малын захад бусад аймгаас хүн ирж адуу болон бусад мал зарж байсан үе байгаагүй бөгөөд манай малын ченж нар малыг өөрсдөө байгаа газраас нь очиж худалдан авч ачиж ирж хэдэн төгрөг нэмж аймгийн төвд зардаг. Уг адуу мал нь бүгд гарал үүслийн гэрчилгээтэй ирдэг. 2019 оны 11,12 дугаар сард гаднаас ямар нэгэн Монгол хүн ирж адуу зарж байгаагүй бөгөөд 12 дугаар сарын 15-аас хойш адуу мал нэг их зарагдахгүй. Яагаад гэвэл идэшний үе дуусахаар адуу мал зарагдахгүй. Манай малын ченж нар гаднаас ирсэн хүнд адуу мал болон бусад мал заруулахгүй. Яагаад гэвэл малын үнэ ханшийг буулгаж явдаг гэж өөрсдөө худалдаж аваад хэдэн төгрөг нэмж зардаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-114 дүгээр хуудас/,
Гэрч Ы.А-ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг бөгөөд аймгийн төвд малын зах болон бусад захуудад 22 дахь жилдээ малын ченж хийж байгаа. Манай аймагт нэг л малын зах байдаг бөгөөд 2006 оноос хойш ажиллаж байна. Аймгийн төвд ирж зарагдсан бүх мал манай малын захад ирж зарагддаг. Миний бие байнгын малын зах болон бусад зах мал нядалгааны газар, махны захуудаар явдаг ба бусад аймгуудаас ирсэн малуудыг худалдаж аваад хэдэн төгрөг нэмж зарж борлуулдаг хүн юмаа. 2019 оны 11,12 дугаар сар болон 2020 оны 01 дүгээр сард гаднаас болон дотроос монгол хүн ирж адуун сүрэг зарж байсан үе байгаагүй ба тэр талаар би сайн мэдэж байгаа болно. Яагаад гэвэл гаднаас ирсэн малыг бид өөрсдөө бөөндөж аваад хэдэн төгрөг нэмж зардаг. Мал зарсан хүн болгонд гарал үүслийн гэрчилгээтэй байдаг. Малын захад 2019 оны 11,12 дугаар сар болон 2020 оны 01 дүгээр сарын үед бусад аймгаас Монгол хүн ирж адуу болон бусад мал зарж байсан үе байгаагүй бөгөөд манай аймгийн малын ченж нар өөрсдөө очиж худалдан авч ачиж ирж хэдэн төгрөг нэмж манай аймагт зардаг. Уг адуу мал нь бүгд гарал үүслийн гэрчилгээтэй ирдэг. 2019 оны 11, 12 дугаар сард гаднаас ямар нэгэн хүн ирж адуу зарж байгаагүй болно. Мал зардаг ихэнх монгол хүмүүсийг сайн таньдаг тул манайд ирдэг. Эсвэл надаар дамжуулан бусад хүмүүст зардаг. 12 дугаар сарын 15-аас хойш адуу мал нэг их зарагдахгүй. Яагаад гэвэл идэшний үе дуусахаар адуу мал зарагдахгүй. Манай малын ченж нар гаднаас ирсэн хүнд адуу мал болон бусад мал заруулахгүй. Яагаад гэвэл малын үнэ ханшийг буулгаж явдаг гэж өөрсдөө худалдаж аваад хэдэн төгрөг нэмж зардаг. Малын захад унагатай гүү зардаг бөгөөд тус тусын гарал үүслийн гэрчилгээтэй байдаг. Дангаар нь унага зарж байсан ч гарал үүслийн гэрчилгээтэй байдаг. Бид нар тухай бүрд гарал үүслийн гэрчилгээг тулгаж авдаг. Дангаар нь унага зарж байсныг огт санахгүй байна. Ихэнх тохиолдолд гүүтэй хамт зардаг.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116 дугаар хуудас/,
Гэрч М.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Бугат сумын 1 дүгээр багт оршин суудаг бөгөөд Ш овогтой С гэх хүнийг сайн таньдаг. Манай багийн иргэн юмаа. Хамаатан садангийн холбоогүй. Би өөрөө бага наснаас эхлэн Бугат сумын 1 дүгээр багт мал маллаж байгаа ба манай багийн ихэнх хүмүүсийн бод малыг сайн таньдаг. Ш.Ст өөрийн гэсэн 5-6 тооны адуу байдаг. Ш.Сийн 2020 оны байдлаар ганц буурал зүсмийн даага байсан бөгөөд уг даага нь хээр зүсмийн гүүнээс төрсөн буурал даага байсан. Уг буурал зүсмийн даагыг маш сайн таньж байгаа ба манай багийн адуу сүргүүд нь бүгд Өвст гэх газарт бэлчиж байдаг болохоор сайн таньдаг. Уг буурал даага нь урт хүзүүтэй, том биетэй, гаднаас харахад зурсан зураг шиг харагддаг, богино дэлтэй, урт хөлтэй, нимгэн туурайтай, урт бэрэвхийтэй, урт нуруутай хурдан удмын адуу шиг харагддаг буурал зүсмийн даага байсан. Одоо таргалах үед улаан буурал зүсмийн байж болзошгүй ямар нэгэн им тамгагүй даага байсан.” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 118-119 дүгээр хуудас/,
Гэрч Д.Мы өгсөн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Миний бие Буян сумын 3 дугаар багт оршин суудаг бөгөөд Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрийн залгаа хил зааг дээр өвөлждөг. Сагсай сумын 7 дугаар багийн иргэн Ны хүргэн хүү болох М овогтой Аийг сайн таньдаг бөгөөд манай гэрээс 500 метрийн зайд өвөлждөг. Бид нар 2010 оноос хойш өвөлжиж байгаа бөгөөд М.А 2019 оноос эхлэн өвөлжиж байгаа болно. Би М.Аын гэрийн хажууд малаа усалдаг. 2019-2020 оны өвөл өөрийн хашаанд 4 тооны унага тэжээж байсан бөгөөд 2020 оны хавар 4 тооны даага болсон. М.Аийн хашаанд буурал даага тэжээж байсныг огт хараагүй ба манай хөрш учраас сайн мэдэж байгаа. Харин манай хөрш болох К.Бт буурал зүсмийн даага зарсан байх ёстой. М.А хурдан удмын даага зарна гэж хэлсэн. Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө үзсэн, харсан зүйлээ л хэлсэн” гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 120-121 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Х.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Буянт сумын 3 дугаар багт оршин суудаг бөгөөд М.А манай хөрш юм. М.Аын гэрийн хажууд мал усалдаг газар байдаг бөгөөд 7 хоногт нэг удаа очиж мал усалдаг. М.Аын гэрийн ойролцоо болон хашаанд хөх буурал даага тэжээж байсныг огт хараагүй бөгөөд бид нар байнга гэрийн ойролцоо явж байдаг. М.А ямар нэгэн хөх буурал даага худалдан авч ирсэн үе байгаагүй” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 122-123 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч С.Р-тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие С овогтой Р Сагсай сумын 7 дугаар багт оршин суудаг. Сагсай сумын 7 дугаар багийн иргэн М.Аийг сайн таньдаг бөгөөд хавар Өмнө голд хамт хаваржаанд хаварждаг. Миний бие 2020 оны 05 дугаар сарын сүүлээр байх М.Аийн буурал зүсмийн даагыг 10 гаруй хоног унаж сургаж өгсөн. Тухайн үед ямар нэгэн им тамга байхгүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 124- 125 дугаар хуудас/,
Гэрч Б.Иийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би М.Ааас 2020 оны 10 дугаар сарын дундуур үед надад нэг гунан гарах 3 насны хайнаг үхэр байгаа та худалдаж авах уу гэхээр нь би өөрийн портер машинаар М.Аын намаржаа болох Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Өмнө гол гэх газраас очиж уг үхрийг хараад 280.000 төгрөгт тохирч аваад малын захад ирж зарах гэсэн боловч өөрийн худалдаж авсан үнэ гарах боломжгүй болсон тул өөрийн гэрт очиж нядалж авсан. М.Ааас өөр ямар нэгэн мал худалдаж авч байгаагүй болно. Миний М.Ааас худалдаж авсан үхэр бол 3 насны гунан эвэртэй хөх зүсмийн хайнаг үхэр байсан бөгөөд им тамгыг сайн анзаараагүй байсан. Надаас өөр хүн байхгүй байсан ба би ганцаараа очоод өдрийн цагаар ачиж ирсэн.” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 127 хуудас/,
Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “А” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн БӨА-21-16 дугаартай “2020 оны 5 дугаар сарын байдлаар 9-10 насны гүү 1.000.000 /нэг сая/ төгрөгийн, 2 настай даага 200.000 /хоёр зуун мянга/-н төгрөгийн үнэтэй байсан болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /1-р хх-ийн 131-134 дүгээр хуудас/,
Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “А” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн БӨА-***** дугаартай “2020 оны 2 дугаар сараас 12 дугаар сарын байдлаар 3 настай хайнаг үхэр 500.000-600.000 төгрөгийн үнэтэй байсан болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /1-р хх-ийн 139-142 дугаар хуудас/,
Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “А” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн БӨА-21-31 дугаартай “2020 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын байдлаар орон нутгийн азарга 1.400.000 төгрөг, засагдсан азарга 1.200.000 төгрөгийн үнэтэй байсан болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /1-р хх-ийн 139-142 дугаар хуудас/,
Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “А” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн БӨА-***** дугаартай “2021 оны 2 дугаар сарын байдлаар 4 метрийн урттай, хатсан хар мод 30.000 төгрөгийн үнэлгээтэй байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /1-р хх-ийн 161-165 дугаар хуудас/,
Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “А” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн БӨА-**** дугаартай “2020 оны 11 дүгээр сарын байдлаар 2 насны даага 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэтэй байсан болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /1-р хх-ийн 171-175 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр аймгийн төвд малын захад ирж Говь-Аптай аймгаас ирсэн гэх үл таних хүнээс нэг тооны буурал даагыг 300,000 /гурван зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед би өөрөө монгол хэл мэдэхгүй учир хадам ах болох Н /Н/-ыг дагуулж очоод авсан. Надад даага худалдсан хүний нэр болон утасны дугаарыг мэдэхгүй. Харин уг даагыг гэрт аваачиж малласан. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 15-ны үед хөрш болох Сын гэрт хүргэж хүүхдүүдээр нь унуулж байх хугацаанд хөрш болох К.Б надад ирж “чи энэ даагыг надад худалдах уу” гэхээр нь зөвшөөрч 2020 оны 06 дугаар сарын 03-04-ний үед байшин барих зориулалттай 35 ширхэг нуруу мод болон нэг хайнаг үхэр авч өөрийн буурал даагыг өгсөн. ...Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрт байж байтал манай гэрт Ш.С хүргэн хүү нь гэх нэг залуугийн хамт ирээд “чи миний даагыг хулгайлж аваад Бт худалдсан байна” гэж хэлэхээр нь би тэд нарт “би ямар ч мал хулгайлаагүй, та нар Бийг дагуулж ир” гэж хэлсэн. Тэгээд орой 20 цагийн үед нөгөө хоёр хүн Бийг эхнэрийн хамт дагуулж ирсэн. Тэр үед Б надад “чи надад хулгайн мал худалдсан байна” гэж над руу дайрсан. ...Би Бэд өөрийн худалдаж авсан даагыг худалдсан.Би худалдаж авсан даагыг 5 сар хашаандаа байлгасан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 195-196 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд:
Гэрч Х.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би М.Аын оршин суух Сагсай сумын 3-р багийн засаг даргаар ажилладаг юм. М.Аын аав, ээж нь нас барсан. Эхнэр, охины хамт амьдардаг. Дээрээ 3 ахтай ба тэд нар нь манай сумын Даян гэх газарт амьдардаг. М.А нь 2020 оны эцсийн тооллогоор 5 адуу, 5 үхэр, 10 хонь, 15 ямаа тоолуулсан. Манай багийн дунд амьдралтай иргэн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-р хуудас/,
-Шүүгдэгч М.Аын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 199-203-р тал/,
-Шүүгдэгч М.Аын нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 205-206-р тал/,
-Шүүгдэгч М.Аын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 198-р тал/,
-Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3-р багийн засаг дарга Х.Д-ийн 2021 оны 3 сарын 29-ний өдрийн 196 дугаартай “М.А нь 1995 онд төрсөн. Ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт тус сумын 3 дугаар багт мал маллаж амьдардаг. Иргэн М.А төлөв даруу зантай, архи тамхи хэрэглэдэггүй, дунд зэргийн амьдралтай иргэн болохыг тодорхойлов. /1-р хх-ийн 209-р тал/,
-М.Аын мал тооллогын баримт /1-р хх-ийн 210-215-р тал/
-М.Аын бага насны хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 201-р тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинэ нотлох баримтаар гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 5 сарын 12-ны өдрийн 213 дугаартай “М.А нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сагсай сумын 3-р багт оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт,
М.Аын эхнэр М.А-ын “Жирэмсэн эмэгтэйн хяналтын карт, эмчийн тодорхойлолт”, охин М.А-гийн төрсний гэрчилгээний хуулбар, 8 хуудас зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Харин 1-р хавтаст хэргийн 22-23-р талд авагдсан “Эд зүйл, баримт бичиг хураан авсан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг бэхжүүлэхдээ мөрдөгч нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх журмыг зөрчсөн байна.
Тодруулбал мөрдөгч нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогч К.Бийн Samsung маркийн гар утсанд хадгалагдаж байсан, түүний М.Ааас худалдан авсан гэх буурал зүсмийн дааганы зургийг хураан авах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу прокурорын зөвшөөрлийг аваагүй нь мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд нийцээгүй байх тул тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Түүнчлэн хохирогч Ш.Сийн 2 настай буурал зүсмийн дааганы зургийг гэрч М.Даар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлийг[1] прокурор яллах дүгнэлтэд тусгаагүй, цаг хугацааны хувьд уг таньж олуулах ажиллагааг М.Даас гэрчийн мэдүүлэг авахаас өмнө явуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн иргэн Х.Е, Т.Х нарын тодорхойлолт[2] гэх баримтууд нь хуульд заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журмыг зөрчсөн байх тул тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлгүй гэж тус тус үзэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч М.Аыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, хохирогч Ш.С, К.Б, тэдгээрийн өмгөөлөгч С.А нар нь шүүгдэгч М.Ааас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн гаргуулж хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч М.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “Намайг бусдын олон тооны мал хулгайлсан гэж үзэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, би хохирогч Ш.С, Б.Е нарын 3 тооны адууг хулгайлж аваагүй, миний К.Бэд худалдан борлуулсан буурал зүсмийн даагыг би 2019 оны 11 сарын 20-ны үед хадам ах Х.Ны хамт аймгийн малын захад очиж Говь-Алтай аймгаас ирсэн гэх үл таних Монгол хүнээс 300.000 төгрөгөөр худалдан авч, гэртээ авч ирээд маллаж байгаад 2020 оны 5 сарын 15-ны үед хөрш Сын хүүхдүүдээр унуулж сургаж авсан. Тэр үед хөрш К.Б намайг буурал даагаа худалдах уу гэхээр нь би зөвшөөрч, 2020 оны 6 сарын 03-04-ний үед К.Бээс байшин барих зориулалттай 35 ширхэг нуруу мод, 1 тооны хайнаг үхэр авч, буурал даагыг худалдсан. Түүнээс хойш би тэр буурал даагыг хараагүй. Миний бие ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэж гэм буруугийн талаар маргасныг түүний өмгөөлөгч С.Т дэмжин оролцож, шүүх хуралдаанд М.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулж, түүнийг цагаатгуулах дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч М.Аыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч М.А нь 2020 оны 05 дугаар 20-ны үед тус Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ш.Сийн хээр зүсмийн гүү, буурал зүсмийн даага, хохирогч Б.Еын хөх зүсмийн азарга, нийт 3 тооны буюу олон тооны бод мал хулгайлж, нийт 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн хохирогч Ш.Сээс хулгайлж, авсан 2 настай, буурал зүсмийн даагыг К.Бэд худалдан борлуулсны дараа цагдаагийн байгууллагаас Ш.Сийн 2 тооны адуу, Б.Еын 1 тооны азарга хулгайлагдсан гомдлыг шалгаж, гэмт хэргийг илрүүлэх явцад “баригдахгүй байх” санаа зорилгоор 2020 оны 11 сарын дундуур К.Бэд худалдсан буурал зүсмийн даагыг хохирогч К.Бийн адуун сүргээс буцааж хулгайлж авсан болох нь хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[3], эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[4], таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл[5], хохирогч Ш.Сийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:” 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай хамаатны хүн нас барсан тул буяны ажлаар 2 хоног хөдөө яваад ирэхэд гэрийн гадна байсан хээр зүсмийн гүү, буурал зүсмийн даага, мөн хохирогч Б.Еын хар хөх зүсмийн азарга нийт 3 тооны адуу хулгайд алдагдсан байсан ба эрж хайгаад олоогүй. 2020 оны 11 дүгээр сарын эхээр манай буурал зүсмийн даагыг Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух М.А гэгч хулгайлж аваад К.Бэд худалдсан байж магадгүй гэх мэдээлэл аваад мэдээллийн дагуу К.Бийн гэрт очиж асууж сураглахад К.Б буурал даагыг мэдэхгүй гэж хэлсэн. Үүний дараа дахин 11 сарын дундуур К.Бийнд очиход К.Б нь миний буурал даагыг М.Ааас худалдаж авсан, өмнө нь биднийг очиход М.Ааас айгаад үнэнийг хэлээгүй, та нарыг ирээд явсны дараа буурал даагыг хүн сураглаж ирлээ гэж М.Ад хэлэхэд даагыг үзүүлж болохгүй гэж хэлсэн ба удалгүй даагыг М.А буцаагаад хулгайлаад авчихсан гэж хэлсэн. Хохирогч Б.Е нь миний 2 тооны адуутай хамт хулгайд алдсан 1 тооны азаргаа 2020 оны 5 сарын 25-26-ны үед Сагсай сумын нутаг Шар нуур гэх газраас олж авсан ба Шар нуур гэх газар нь М.Аын гэрийн хажууд байсан. Б.Еын азарга засагдсан байдалтай олдсон. Миний хулгайд алдагдсан буурал дааганы зургийг К.Бийн утсанд хадгалагдаж байхад нь авч, надаар таньж олуулсан ба би буурал даагаа шууд таньсан. Би хулгайд алдсан хээлтэй гүү болон буурал зүсмийн даагаа одоо хүртэл биет байдлаар аваагүй байгаа. Хулгайд алдагдсан гүү, даага, азарга 3 хэзээ ч салж явах боломжгүй”гэх мэдүүлэг[6], хохирогч К.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:” Би 2020 оны 6 сарын эхээр шүүгдэгч М.Ааас буурал зүсмийн, 2 настай даагыг 4 метрийн урттай, 35 ширхэг хар мод, 3 настай хайнаг үхэр өгч, худалдаж авсан ба тэр үеэс уг буурал даага манай адуун сүрэгт байх болсон. Надад худалдсан даагыг М.А нь Говь-Алтай аймгийн малын ченжээс худалдаж авсан гэж хэлсэн. 2020 оны 10 сарын сүүлээр М.А надтай тааралдаж, “Чиний адуу сүргийг 2 хүн үзээд явж байна. Чамаас буурал зүсмийн даагыг асууж магадгүй, асуувал буурал зүсмийн даагыг өөрийн даага гэж хэлээрэй. Яагаад гэвэл танай адуу сүрэг дотор буурал зүсмийн адуу байгаа учраас сайн анзаарахгүй” гэж хэлэхэд нь би “Чамаас авсан буурал даагыг бүгдийг нь үнэн зөвөөр хэлж өгнө, би тэгж худлаа хэлж чадахгүй” гэж М.Ад хэлээд бид хоёр хоорондоо үг зөрж маргалдсан. Тэгж байтал 2020 оны 11 сарын эхээр манайд 2 хүн ирээд “Чи хэн нэгнээс буурал даага худалдаж авсан уу” гэж асуухаар нь М.Ааас айгаад “Би ямарч буурал даага худалдаж аваагүй” гэж худлаа хэлж явуулчихаад М.Ааас худалдаж авсан буурал даагыг хэнийх болохыг асуухад “Чи надаас долоогоод ид, би чамаас авсан 3 ханатай модон байшин, гунан үхрийг чинь буцааж өгөхгүй, чамд өгсөн буурал даагаа буцаагаад хулгайлаад авсан ч яадаг юм, чаддаг юм бол цагдаатайгаа нийлээд олоод аваарай, чи амжихгүй шүү” гэж айлган сүрдүүлсэн. М.Ааас худалдаж авсан буурал даага одоо манай адуун сүрэгт байхгүй. Уг буурал даага манай адуун сүрэгт байж байтал 2020 оны 11 сарын дундуур нэг өдөр гэнэт алга болчихсон. Яг тэр үед буурал даагыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлж байсан. 2020 оны 11 сарын дундуур байх, М.А бид хоёр бүргэд өргөөд гадуур явж байхад тэр надад “Чамд худалдсан буурал даагыг би өөрөө танай адуун сүргээс аваад нэг газар авааччихсан байгаа шүү, тэр даага хулгайн даага боллоо, чи эрж хайгаад хэрэггүй, буурал дааганы асуудал дуусахаар буцааж чамд өгөх болно” гэж хэлсэн учраас би уг даагыг эрж хайгаагүй. Түүнээс хойш хэд хоногийн дараа Ш.С гэдэг хүн хажуудаа Бабас гэх хүний хамт дахин манайд ирж, М.Ааас худалдаж авсан дааганы талаар надаас асуухад нь би бүх үнэнээ хэлсэн.” гэх мэдүүлэг[7], хохирогч Б.Еын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :” 2020 оны 05 дугаар сарын сүүлээр байх нэг өдөр миний хар хөх зүсмийн азарга, Ш.Сийн хээр зүсмийн гүү, буурал зүсмийн даагатай хамт тэдний гэрийн гаднаас гэнэт алга болсон. Тэгээд 7 хоногийн дараа би хар хөх зүсмийн азаргаа Сагсай сумын нутаг дэвсгэр Шар нуур, Өмнө голын орчмоос олж авахад азаргыг минь зассан байсан. Миний азаргыг Ш.Сийн 2 тооны адууг хулгайлсан хүн хулгайлж аваад зассан гэж үзэж байна.” гэх мэдүүлэг[8], гэрч Х.Ргийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Манайх Сагсай сумын 7 дугаар баг, Өмнөгол багт оршин суудаг бөгөөд манай нөхөр хавар 6 сарын сүүлээр буурал зүсмийн даагыг гэрийн хажууд байсан 3 ханатай байшин, мөн 3 настай үхэр өгч М.Ааас худалдаж авсан.Үүний дараа 11 сард буурал даагыг хайж манайд 2 хүн ирэхэд бидний худалдаж авсан буурал даага асуудалтай юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд М.А манайд ирэхэд нь бидэнд худалдсан буурал даагыг хаанаас авсан бэ гэж асуухад Говь-Алтай аймгаас худалдан авсан гэж хэлсэн. Манай нөхөр Б хөрш Нтай /Аын хадам/ утсаар ярих үед би хажууд нь байсан ба чи буурал даагыг өөрийн даага гэж хэлээрэй, бид нараас худалдан авсан гэж хэлэхгүй шүү гэж хэлэхэд нь манай нөхөр Б би буурал даагыг та нараас худалдан авсан гэж хоорондоо утсаар маргалдсан.” гэх мэдүүлэг[9], гэрч С.Сын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...М.А нь хавар 5 сарын 10-наас 15-ны орчим Сагсай сумын Өмнө голд хаваржаанд байх үед буурал зүсмийн даагыг авч ирж манай хүүхдүүдээр 10 гаруй хоног унуулан сургаж авсан. Уг даага улаан буурал зүсмийн им тамгагүй даага байсан” гэх мэдүүлэг[10], гэрч Х.Н /Е/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын эхээр К.Бийн гэрт очиход К.Б нь зуслан руу маргааш нүүнэ гэж хэлж байсан ба гэрийн хажууд буурал зүсмийн даага байсан бөгөөд уг даагыг авч ирж би чихнээс нь дарж байхад К.Б “4” маягтай тамга дарсан. Тэгээд буурал зүсмийн даагыг К.Б өөрийн адуун сүрэгт тавьсан бөгөөд би гэрлүүгээ явсан.Миний К.Бийнд харсан даага нь цэвэр буурал зүсмийн даага байсан” гэх мэдүүлэг[11], гэрч З.С-ын өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...К.Б нь 2020 оны 05 дугаар сарын сүүлээр зусланд гарах үед нэг тооны буурал зүсмийн даага худалдаж авсан. Тухайн үед би К.Бийн гэрийн хажууд хамт байсан. Уг буурал зүсмийн даагыг манай гэрийн дээд талд байрлах М.Ааас худалдаж авсан гэсэн ба буурал зүсмийн даага нь ямар нэгэн им тамгагүй байсан. Миний харсан даага бол цэвэр буурал зүсмийн даага байсан” гэх мэдүүлэг[12], гэрч Х.Ны мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“... Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би 2020 оны 05 дугаар сарын сүүлээр байх аймгаас хүргэн хүү болох М.Аийн гэрт очиход М.А нь буурал зүсмийн даагыг барьж чадаагүй хөөж явсан ба би уг буурал зүсмийн даагыг хамт барилцаж бид хоёр Сынапберген овогтой С гэх хүний хүүхдүүдэд хүргэж өгсөн. Тэр үед К.Б ч байсан. Тэгээд дараа нь М.А уг буурал зүсмийн даагыг К.Бт зарсан тухай хэлж байсан” гэх мэдүүлэг[13], гэрч Д.Мы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”Манайх М.Аынхтай хөрш бөгөөд би М.Аын гэрийн хажууд малаа усалдаг. М.А нь 2019-2020 оны өвөл өөрийн хашаанд 4 тооны унага тэжээж байсан бөгөөд тэдгээр нь 2020 оны хавар 4 тооны даага болсон. М.Аын хашаанд буурал даага тэжээж байсныг огт хараагүй ба манай хөрш учраас сайн мэдэж байгаа. Харин М.А нь манай хөрш болох К.Бт буурал зүсмийн даага зарсан байх ёстой. Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө үзсэн, харсан зүйлээ л хэлсэн” гэх мэдүүлэг[14], насанд хүрээгүй гэрч С.Рын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие С овогтой Р Сагсай сумын 7 дугаар багт оршин суудаг. Сагсай сумын 7 дугаар багийн иргэн М.Аийг сайн таньдаг бөгөөд хавар Өмнө голд хаваржаанд хамт хаварждаг. Миний бие 2020 оны 05 дугаар сарын сүүлээр байх М.Аын буурал зүсмийн даагыг 10 гаруй хоног унаж сургаж өгсөн. Тухайн үед ямар нэгэн им тамга байхгүй байсан” гэх мэдүүлэг[15] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт “Хэргийн материалтай танилцахад шүүгдэгч М.Аыг бусдын 3 тооны малыг хулгайлсан гэж үзэх ямар нэгэн нотлох баримт байхгүй байгаа. Уг 3 тооны адууг шүүгдэгч М.А хулгайлж авсныг үзэж харсан нэг ч гэрч байхгүй байхад таамгаар яллаж байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна, хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүд зөвхөн 2 настай, буурал зүсмийн дааганы талаар мэдүүлдэг бөгөөд хээр зүсмийн гүү, хар хөх зүсмийн азаргыг М.А хулгайлсан нь нотлох баримтаар нотлогдоогүй байхад хүндрүүлэн зүйлчилснийг зөвшөөрөхгүй байна” гэж мэтгэлцсэнийг үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 5 сарын 20-ны үед хулгайд алдагдсан хохирогч Ш.Сийн 9-10 насны хээр зүсмийн хээлтэй гүү, 2 настай, буурал зүсмийн даага, хохирогч Б.Еын хар хөх зүсмийн азарга зэрэг 3 тооны адуу нь 2020 оны 3 дугаар сараас хойш хохирогч Ш.Сийн гэрийн гадна ижлээрээ хамт байсан, 2 настай буурал зүсмийн даага нь хээр зүсмийн гүүнээс төрсөн унага бөгөөд эхээсээ салж явж байгаагүй, Б.Еын хар хөх зүсмийн азарга нь анхнаасаа Ш.Сийн адуун сүрэгт байсан Дэдээ гэх хүнээс худалдаж авсан азарга тул ижил сүргээсээ буюу хээр зүсмийн гүү, буурал зүсмийн дааганаас салж, ганцаараа явдаггүй, Ш.Сийн хээр зүсмийн гүү хээлтэй, төрөх дөхсөн байсан учраас хол явуулж бэлчээрлүүлж байгаагүй, тэдгээр хулгайд алдагдсан 3 тооны адуу урьд өмнө нь Сагсай сумын Шар нуур, Өмнө гол чиглэлд огт явж үзээгүй, түүнчлэн 3 тооны адуу 2020 оны 5 сарын 20-ны үед Ш.Сийн гэрийн ойр орчмоос нэг цаг хугацаанд хамт алга болсон талаар хохирогч Ш.С, Б.Е, гэрч М.Д нар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлсэн байна.
Хохирогч Ш.Сийн хээр зүсмийн гүү, буурал зүсмийн даагатай хамт хулгайд алдагдсан Б.Еын хар хөх зүсмийн азарга нь 2020 оны 5 сарын 25-26-ны үед шүүгдэгч М.Аын гэрийн ойролцоох Шар нуур гэх газраас засагдсан байдалтай олдсон нь тогтоогдсон байна.
Тухайлбал, хохирогч Б.Е нь хар хөх зүсмийн азаргаа алга болсноос хойш 5-6 хоногийн дараа Сагсай сумын нутаг дэвсгэрт байрлах Шар нуур гэх газраас олж авах үед азаргыг хөнгөлж морь болгосон байсан нь хохирогч Б.Еын мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд энэ нь тухайн азарга хөлөөрөө явж Шар нуур гэх газарт очоогүй, хүний оролцоотойгоор хулгайлагдсан болохыг нотолж байна.
Түүнчлэн хохирогч Б.Еын хар хөх зүсмийн азарга, Ш.Сийн 9-10 насны хээлтэй гүүтэй нэг цаг хугацаанд хамт хулгайд алдагдсан Ш.Сийн өмчлөлийн 2 настай, буурал зүсмийн даага нь шүүгдэгч М.Аын эзэмшилд байсан, 2020 оны 5 дугаар сарын сүүлээр шүүгдэгч М.А нь буурал зүсмийн даагыг гэрч С.Сын хүү болох С.Раар 10 хоног унуулж, сургаж авсны дараа хохирогч К.Бэд худалдсан болох нь хохирогч К.Б, Ш.С, гэрч С.Р нарын мэдүүлгээр нотлогдож байх ба шүүгдэгч М.Аын К.Бэд худалдсан даага нь буурал зүсмийн, им тамгагүй даага байсан талаар хохирогч К.Б, гэрч Д.Р, С.С, Х.Н, З.С, Д.М, насанд хүрээгүй гэрч С.Р нар тодорхой мэдүүлсэн нь хохирогч Ш.Сийн “Миний хулгайд алдсан даага нь 2 настай, буурал зүсмийн, ямар нэг им тамгагүй даага байсан“ гэх мэдүүлэгтэй тохирч байна. Хохирогч К.Б нь даагыг М.Ааас худалдан авч, өмчлөлдөө шилжүүлсний дараа өөрийн им тамгыг дарсан болох нь нотлогдож байна.
Хохирогч К.Б нь мөрдөн байцаалтын шатанд өөрийн эзэмшлийн Samsung маркийн гар утасны Galerei цэсэнд хадгалагдаж байсан шүүгдэгч М.Ааас худалдаж авсан гэх буурал зүсмийн дааганы зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба мөрдөгчөөс хохирогч К.Бийн эзэмшлийн гар утсанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дугээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу үзлэг хийж, буурал дааганы зургийг бэхжүүлэн, хэрэгт хавсаргаж, тухайн даагыг хохирогч Ш.Сээр таньж олуулах ажиллагаа явуулахад хохирогч Ш.С нь К.Бийн гар утсанд хадгалагдаж байсан дааганы зургийг өөрийн хулгайд алдагдсан даага мөн болохыг зүс, биеийн хэлбэр болон бусад онцлог шинжээр нь шууд таньсан талаар мэдүүлсэн байна.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч К.Б нь “М.Ааас худалдаж авсан буурал даага одоо манай адуун сүрэгт байхгүй. Уг буурал даага манай адуун сүрэгт байж байтал 2020 оны 11 сарын дундуур нэг өдөр гэнэт алга болчихсон. Яг тэр үед буурал даагыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлж байсан. Тэгээд би М.Ад чиний надад худалдсан буурал даагыг үл таних хоёр хүн ирж асуугаад явлаа гэж хэлэхэд тэр надад “наад даагаа хүнд битгий үзүүлээрэй, асуувал та өөрийн даага гээд хэлчих, танайд тиймэрхүү буурал зүсмийн адуу мал байгаа болохоор нэг их анзаарахгүй байх” гэж хэлэхэд нь би тэгж худлаа хэлж чадахгүй гэдгээ хэлсэн. 2020 оны 11 сарын дундуур байх, М.А бид хоёр бүргэд өргөөд гадуур явж байхад тэр надад “Чамд худалдсан буурал даагыг би өөрөө танай адуун сүргээс аваад нэг газар авааччихсан байгаа шүү, тэр даага хулгайн даага боллоо, чи эрж хайгаад хэрэггүй, буурал дааганы асуудал дуусахаар буцааж чамд өгөх болно” гэж хэлсэн учраас би уг даагыг эрж хайгаагүй.” гэж мэдүүлснээс үзэхэд хохирогч Ш.С, Б.Е нарын 3 тооны адуу хулгайд алдагдсан үйл баримт, хохирогч К.Бийн адуун сүргээс зөвхөн маргаан бүхий буурал зүсмийн, 2 настай даагыг бусад дааганаас ялган таньж хулгайлсан үйл баримтууд хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд буурал зүсмийн даагыг бусдад харуулахгүй байх, нууцлах санаа зорилго М.Ад байсан нь тодорхой байна.
Тодруулбал хохирогч Ш.С нь малаа эрж хайж байхдаа К.Бийнд 2 удаа очиж буурал дааганы талаар асуусныг М.А нь К.Бээс сонсож мэдсэн учраас К.Бэд худалдсан даагыг хохирогч Ш.С харвал өөрийн даагаа таньж, түүний бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг нь илэрхий болохыг урьдаас мэдэж, буурал зүсмийн даагыг К.Бийн адуун сүргээс буцаан хулгайлж авсан нь тогтоогдож байна.
Нөгөө талаар М.Аын К.Бэд худалдсан гэх буурал зүсмийн даага нь М.Аын өөрийнх нь өмчлөлийн даага мөн байсан бол уг даагыг бусдад харуулахгүй байх, М.Ааас уг даагыг худалдан авсныг хохирогч Ш.Сэд хэлэхгүй байх, даагыг хэнд ч харуулахгүй нууцлахыг К.Бээс хүсэх шаардлагагүй юм.
Энэ талаар хохирогч К.Б удаа дараа тогтвортой мэдүүлсэн ба түүний мэдүүлэг нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул К.Бийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч М.А нь “би хохирогч Ш.С, Б.Е нарын 3 тооны адууг хулгайлж аваагүй, миний К.Бэд худалдан борлуулсан буурал зүсмийн даагыг би 2019 оны 11 сарын 20-ны үед хадам ах Х.Ны хамт аймгийн малын захад очиж Говь-Алтай аймгаас ирсэн гэх үл таних Монгол хүнээс 300.000 төгрөгөөр худалдан авч, гэртээ авч ирээд маллаж байгаад 2020 оны 5 сарын 15-ны үед хөрш С-ын хүүхдүүдээр унуулж сургаж авсан. Тэр үед хөрш К.Б намайг буурал даагаа худалдах уу гэхээр нь би зөвшөөрч, 2020 оны 6 сарын 03-04-ний үед К.Бэд байшин барих зориулалттай 35 ширхэг нуруу мод, 1 хайнаг үхэр авч, буурал даагыг худалдсан” гэж мэдүүлсэн боловч энэ нь хохирогч К.Б, Ш.С нарын мэдүүлэг болон гэрч гэрч Х.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Буянт сумын 3 дугаар багт оршин суудаг бөгөөд М.А манай хөрш юм. М.Аын гэрийн хажууд мал усалдаг газар байдаг бөгөөд 7 хоногт нэг удаа очиж мал усалдаг. М.Аын гэрийн ойролцоо болон хашаанд хөх буурал даага тэжээж байсныг огт хараагүй бөгөөд бид нар байнга гэрийн ойролцоо явж байдаг. М.А ямар нэгэн хөх буурал даага худалдан авч ирсэн үе байгаагүй” гэх мэдүүлэг[16], гэрч Гэрч Х.Хы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай аймагт нэг л малын зах байдаг ба 2006 оноос хойш миний бие захирлаар нь ажиллаж байна. Гаднаас ирсэн болон аймгийн төвд ирж зарагдсан бүх мал манай малын захад ирж зарагддаг. Малын захад ирж зарсан мал болгонд гарал үүслийн гэрчилгээ олгодог байдаг бөгөөд гэрчилгээ олгосон эсэхийг би нэг бүрчлэн шалгаж байдаг. 2019 оны 11, 12 дугаар сар болон 2020 оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн малын зах дээр гаднаас болон дотроос Монгол хүн ирж адуун сүрэг зарж байсан үе байгаагүй ба тэр талаар би сайн мэдэж байгаа.” гэх мэдүүлэг[17], гэрч Ы.А-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг бөгөөд аймгийн төвд малын зах болон бусад захуудад 22 дахь жилдээ малын ченж хийж байгаа. Манай аймагт нэг л малын зах байдаг бөгөөд 2006 оноос хойш ажиллаж байна. Аймгийн төвд ирж зарагдсан бүх мал манай малын захад ирж зарагддаг. Миний бие байнгын малын зах болон бусад зах мал нядалгааны газар, махны захуудаар явдаг ба бусад аймгуудаас ирсэн малуудыг худалдаж аваад хэдэн төгрөг нэмж зарж борлуулдаг хүн юмаа. 2019 оны 11,12 дугаар сар болон 2020 оны 01 дүгээр сард гаднаас болон дотроос монгол хүн ирж адуун сүрэг зарж байсан үе байгаагүй ба тэр талаар би сайн мэдэж байгаа болно. Яагаад гэвэл гаднаас ирсэн малыг бид өөрсдөө бөөндөж аваад хэдэн төгрөг нэмж зардаг. Мал зарсан хүн болгонд гарал үүслийн гэрчилгээтэй байдаг.Бид нар тухай бүрд гарал үүслийн гэрчилгээг тулгаж авдаг. Дангаар нь унага зарж байсныг огт санахгүй байна. Ихэнх тохиолдолд гүүтэй хамт зардаг.” гэх мэдүүлэг[18] зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Ийнхүү хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч М.А нь 2019 оны 11 дүгээр сард Баян-Өлгий аймгийн төвд байх малын захаас үл таних Монгол хүнээс буюу Говь-Алтай аймгийн харьяат иргэнээс буурал даагыг дангаар нь худалдан авч, улмаар К.Бэд худалдсан нь нотлох баримтаар нотлогдоогүй, түүнтэй хөрш зэргэлдээ амьдардаг гэрчүүд М.Аын малд урьд өмнө нь буурал зүсмийн даага байгаагүй болохыг гэрчилжээ.
Түүнчлэн цаг хугацааны хувьд хохирогч Ш.С, Б.Е нар 3 тооны адуугаа 2020 оны 5 сарын 20-ны үеэр хулгайд алдсан байх ба М.А нь буурал зүсмийн, им тамгагүй даагыг насанд хүрээгүй гэрч С.Раар 7-10 хоног унуулж, сургасны дараа 2020 оны 6 сарын эхээр К.Бэд худалдан борлуулсан нь тогтоогджээ.
Гэмт хэрэг гарсан цаг хугацааг хохирогч Ш.С нь тодорхой үйл баримтад тулгуурлан “2020 оны 5 сарын 18-ны өдөр хамаатны хүн нас барсан тул эхнэр бид хоёр хөдөө явж, 2 хоног буяны ажилд оролцоод 2020 оны 5 сарын 20-нд ирэхэд гэрийн гадаа ижлээрээ, хамт байсан Б.Еын хар хөх зүсмийн азарга, миний хээр зүсмийн хээлтэй гүү, 2 настай, буурал зүсмийн даага, нийт 3 тооны адуу хулгайд алдагдсан байсан” гэж мэдүүлсэн байх тул Ш.С, Б.Е нарын 3 тооны адууг хулгайлах гэмт хэрэг 2020 оны 5 сарын 20-ны үед үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Эдгээрээс дүгнэж үзэхэд шүүгдэгч М.А нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ш.Сийн 9-10 насны хээлтэй гүү, 2 настай, буурал зүсмийн даага, Б.Еын хар хөх зүсмийн азарга зэрэг 3 тооны бод малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж заасан байх тул хохирогч Ш.Сийн 2 тооны адуу, Б.Еын 1 тооны адуу, нийт 3 тооны адуу хулгайлж, захиран зарцуулсан шүүгдэгч М.Аын үйлдэл нь мал хулгайлах гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан байх тул шүүгдэгч М.Аын нэг удаагийн үйлдлээр 3 тооны адуу хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.
Мал хулгайлах гэмт хэргийн объектив шинж нь бусдын өмчлөх эрх байдаг бөгөөд иргэний өмчлөх эрхийг хуулиар хамгаалдаг. Тухайлбал: Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, Тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч нь бусдын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор, хохирогч Ш.Сийн хээр зүсмийн гүү, буурал зүсмийн даага, хохирогч Б.Еын хөх зүсмийн азарга, нийт 3 тооны буюу олон тооны бод мал хулгайлсан, мөн хохирогч Ш.Сээс хулгайлж, авсан, буурал зүсмийн даагыг хохирогч К.Бэд худалдан борлуулсны дараа уг даагыг 2020 оны 11 дүгээр сарын дунд үеэр тус аймгийн Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс буюу К.Бийн эзэмшлээс дахин хулгайлж өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулсан нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив болон обьектив шинжийг бүрэн хангаж байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж, мал хулгайлах гэмт хэргийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч М.Аыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч М.А нь хохирогч Ш.Сээс хулгайлж авсан буурал зүсмийн, им тамгагүй даагыг хохирогч К.Бэд худалдан борлуулсны дараа Ш.С, Б.Е нарын 3 тооны адуу хулгайлагдсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгах явцад урьд үйлдсэн мал хулгайлах гэмт хэргээ нуух зорилгоор К.Бэд худалдсан буурал даагыг түүнд мэдэгдэхгүйгээр буцааж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх боловч прокуророос шүүгдэгч М.Аын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс хэргийг зүйлчлэхдээ түүний үйлдлүүдийг нэгтгэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй зүйл хэсэгт багтаан зүйлчлэн ирүүлснийг буруутгах үндэслэлгүй байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлт нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч М.Аын гэмт үйлдлийн улмаас хохирогч Ш.С нь 9-10 насны хээр зүсмийн хээлтэй гүү, түүний төл болох 2 настай, буурал зүсмийн даага зэрэг 2 тооны адуугаар хохирсон байх бөгөөд М.А нь хохирогч Ш.Сийн 2 тооны адууг биет байдлаар буцааж өгөөгүй болох нь тогтоогдож байна.
Хохирогч Ш.С нь шүүхийн хэлэлцүүлэгт “Миний бие нь 2020 оны 5 сарын 20-нд 2 тооны адуугаа хулгайд алдаад 1 жил гаруй хугацаанд эрж хайсан, мөн өмгөөлөгчид хөлс төлсөн зэргээр 5 сая гаруй төгрөгөөр хохирсон тул миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэж мэдүүлсэн.
Эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн БӨА-21-16 дугаартай дүгнэлтээр[19] “2020 оны 5 дугаар сарын байдлаар 9-10 насны гүү 1.000.000 /нэг сая/ төгрөгийн, 2 настай даага 200.000 /хоёр зуун мянга/-н төгрөгийн үнэтэй байсан болохыг тус тус тогтоожээ.
Хохирогч Ш.С нь өөрийн хулгайд алдсан 9-10 насны гүүг төрөх дөхсөн, хээлтэй гүү байсан гэж мэдүүлсэн ба шинжээчийн дүгнэлтээс үзэхэд 9-10 насны гүүний /хээлгүй/ үнэ цэнийг тогтоосон байна. Гэвч хохирогч Ш.С нь шинжээчийн дүгнэлттэй танилцаад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй,[20] шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс 9-10 насны гүүний үнэлгээний талаар маргаагүй тул хохирогч Ш.Сийн 9-10 насны хээр зүсмийн гүү, 2 настай буурал зүсмийн дааганы үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, М.Ааас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга)-н төгрөг гаргуулж, Ш.Сэд олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Ш.С нь шүүхийн хэлэлцүүлэгт хулгайд алдсан 2 тооны адуугаа эрж хайсан зардал, өмгөөлөгчид төлсөн хөлс зэргийг нэхэмжилнэ гэх тайлбарыг гаргасан боловч малаа эрж хайсан зардалд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, хэрэгт энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй тул Ш.Сийн хулгайд алдсан 2 тооны адуугаа нэг жилийн хугацаанд эрж хайсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Ш.С, К.Б нарын өмгөөллийн хөлс нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч К.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би 2020 оны 6 сарын эхээр М.Ааас 2 настай, буурал зүсмийн даагыг гэрийн гадна байсан 4 метрийн урттай, 35 ширхэг нуруу мод, мөн 3 настай хайнаг үхэр өгч, худалдан авсан бөгөөд М.Аын надад худалдсан даага нь Ш.Сийн даага гэдэг нь тодорхой болох үед М.А нь уг даагыг 2020 оны 11 сарын эхээр надаас буцаагаад хулгайлаад авчихсан. М.А нь эхэндээ манай адуун сүрэгт байсан буурал даагыг өөрөө авсан, дааганы асуудал дуусахаар өгнө гэж хэлсэн боловч одоо тэр даагыг аваагүй, хаана байгааг нь мэдэхгүй гэж хэлж байна. Иймд К.Бээс надад худалдсан даагыг буцаан гаргуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Аын эзэмшилд байсан, К.Бийн өмчлөлийн ахуйн зориулалтаар тусгайлан бэлтгэсэн, 4 метрийн урттай 35 ширхэг хар модонд үзлэг хийж[21], гэрэл зургаар бэхжүүлэн[22] Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор[23] модыг битүүмжилж, шүүгдэгч М.Ад хариуцуулсан байна.
Эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр[24] 4 метрийн урттай хар модны нэг бүрийн үнийг 30.000 төгрөг, нийт 1.050.000 /нэг сая тавин мянга/-н төгрөгийн үнэ цэнэтэй болохыг тогтоосон ба Х.Бээс буурал зүсмийн даагаар сольж авсан гэх дээрх 35 ширхэг хар мод нь прокурорын тогтоолоор шүүгдэгч М.Аын эзэмшилд тоо ёсоороо бүрэн бүтэн хадгалагдаж байгаа болох нь тогтоогдож байна.
Хохирогч К.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би М.Ад дааганы өртөг болгож өгсөн 35 ширхэг хар модыг одоо буцааж авахгүй, худалдан авсан даагаа буцааж авмаар байна” гэх тайлбарыг гаргасан боловч хохирогч К.Бийн М.Ааас худалдаж авсан гэх буурал зүсмийн, 2 настай даага нь хохирогч Ш.Сийн өмчлөлийн даага мөн болох нь нэгэнт тогтоогдсон тул К.Бийг 2 настай даагаар хохирсон гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл хохирогч К.Бийн шүүгдэгч М.Ааас 2020 оны 6 сарын эхээр буурал зүсмийн даага худалдан авсан хэлцэл нь хийсэн үеэсээ хүчингүй байсан нь тогтоогдож байх тул К.Б нь хохиролд Ш.Сийн өмчлөлийг даагыг гаргуулахаар шаардах эрхгүй, мөн К.Бэд учирсан хохирлыг тухайн буурал зүсмийн даагыг худалдан авах үеийн 2 настай дааганы үнэлгээ болох 400.000 төгрөгөөр тогтоох үндэслэлгүй байна.
Иймд хохирогч К.Бийн 2020 оны 6 сарын эхээр М.Ааас буурал зүсмийн даага худалдан авахдаа өртөгт нь өгсөн, одоо шүүгдэгч М.Аын эзэмшилд хадгалагдаж байгаа 4 метрийн урттай, 35 ширхэг хар модыг биет байдлаар нь М.Ааас буцаан гаргуулж, хохирогч К.Бэд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч М.А нь К.Бэд худалдсан буурал дааганы үнэд авсан 3 настай, эр хайнаг үхрийг гэрч Б.Иэд[25] 280.000 төгрөгөөр худалдан борлуулснаар гэрч Б.И нь үхрийг нядалж, хүнсэндээ хэрэглэсэн нь тогтоогдож байх тул 3 настай үхрийг М.Ааас буцаан гаргуулж, хохирогч К.Бэд олгох боломжгүй байна.
Хохирогч К.Б нь М.Ад өгсөн 3 настай хайнаг үхрээ 500.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр[26] 2020 оны 2 дугаар сараас 12 дугаар сарын байдлаар 3 настай, эр хайнаг үхэр 500.000-600.000 төгрөгийн үнэ цэнэтэй байсныг тогтоосон байх тул шүүгдэгч М.Ааас 3 настай, эр хайнаг үхрийн үнэ 500.000 төгрөг гаргуулан хохирогч К.Бэд олгож шийдвэрлэв.
Хохирогч Б.Е нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 1.200.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Сэд, 500.000 төгрөг гаргуулж хохирогч К.Бэд тус тус олгохоор шийдвэрлэсэн ба эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж авч, М.Ад холбогдох хэргийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл түр завсарлуулж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч М.А нь шүүхээс мөнгөн хэлбэрээр төлүүлэхээр тогтоосон 1.700.000 төгрөгийн хохирлоос хохирогч Ш.Сэд 9-10 насны гүүний үнэ 1.000.000 төгрөг, 2 настай, буурал зүсмийн дааганы үнэ 200.000 төгрөг, хохирогч К.Бэд 3 настай, эр хайнаг үхрийн үнэ 500.000 төгрөгийг тус тус бэлнээр төлж, хохирогч К..Б, Ш.С, тэдгээрийн өмгөөлөгч С.А нарын гарын үсэг бүхий тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, мөн 2021 оны 5 сарын 27-ны өдөр хохирогч Ш.С нь М.Ааас 9-10 насны хээр зүсмийн гүү болон 2 настай буурал зүсмийн дааганы үнэ 1.200.000 төгрөг, хохирогч К.Б нь 3 настай, эр хайнаг үхрийн үнэ 500.000 төгрөгийг тус тус хүлээн авсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.
Иймд шүүгдэгч М.Аыг гэмт хэргийн хор уршигт нийт 1.700.000 (нэг сая долоон зуун мянга)-н төгрөгийг хохирогч Ш.С, К.Б нарт төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор түүнээс мөнгөн хэлбэрээр гаргуулж, хохирогч нарт олгох хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч М.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч М.Аын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан шүүгдэгч М.Аын хувийн байдлыг тогтоосон баримтуудаас үзэхэд тэрээр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багт эхнэр, 2 настай охины хамт мал маллан амьдардаг, түүний эхнэр М.Ахмарал 25-26 долоо хоногтой жирэмсэн, артерийн даралт ихсэх өвчний 2-р зэрэг гэх оношоор эмчийн хяналтад эмчлүүлж байгаа болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч М.А нь урьд хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, төлөв даруу зантай, архи тамхи хэрэглэдэггүй, аливаа муу зуршилгүй талаар түүний оршин суугаа багийн засаг дарга Х.Д[27] мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байна.
Иймд шүүгдэгч М.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний хувийн байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн, шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох 2 (хоёр) жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч М.А нь хохирол төлбөрөө бүрэн төлсөн тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэж, оногдуулах хорих ялыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” журмыг зохицуулсан ба тус зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байна.
Шүүгдэгч М.Аын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон ба харин тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.
Шүүгдэгч М.А нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон Ш.Сийн өмчлөлийн 2 настай, буурал зүсмийн даагыг хохирогч К.Бэд 3 настай, эр, хайнаг үхрээр худалдаж, улмаар К.Бээс авсан 3 настай үхрийг иргэн Б.Иэд худалдан борлуулж, 280.000 төгрөгийг ашиг болгож авсан нь шүүгдэгч М.А, гэрч Б.И нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэж шууд 280.000 төгрөгийн ашиг олсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Аын хувьд ногдох хөрөнгөөс 280.000 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Аын эзэмшилд байгаа, хохирогч К.Бийн өмчлөлийн 4 метрийн урттай, 35 ширхэг, нийт 1.050.000 төгрөгийн үнэлгээ бүхий хар модыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, ахуйн зориулалтаар тусгайлан бэлтгэсэн 35 ширхэг хар модыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар шүүгдэгч М.Ааас хохирогч К.Бэд биет байдлаар хүлээлгэн өгөх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Ад хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт М-н Аыг “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Ад 2 (хоёр) жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 2 (хоёр) жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.А нь шүүхийн шатанд хохирогч Ш.Сэд 9-10 настай хээр зүсмийн гүүний үнэ 1.000.000 (нэг сая) төгрөг, 2 настай, буурал зүсмийн дааганы үнэ 200.000 (хоёр зуун мянга)-н төгрөг, хохирогч К.Бэд 3 настай, эр хайнаг үхрийн үнэ 500.000 (таван зуун мянга)-н төгрөг, нийт 1.700.000 (нэг сая долоон зуун мянга)-н төгрөг төлж барагдуулсныг тус тус дурдаж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар тогтоолоор битүүмжилсэн хохирогч К.Бийн өмчлөлийн, нийт 1.050.000 төгрөгийн үнэлгээ бүхий, ахуйн зориулалтаар тусгайлан бэлтгэсэн, 4 метрийн урттай, 35 ширхэг хар модыг шүүгдэгч М.Ааас гаргуулан хохирогч К.Бэд буцаан олгосугай.
5. Хохирогч Б.Е нь шүүгдэгч М.Ааас хохирол нэхэмжлээгүй ба хохирогч Ш.Сийн 2 тооны адуугаа эрж хайсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хохирогч К.Б, Ш.С нар нь шүүгдэгч М.Ааас өмгөөлөгчид төлсөн хөлс нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Аын эзэмшилд байгаа, хохирогч К.Бийн өмчлөлийн, нийт 1.050.000 төгрөгийн үнэлгээ бүхий, ахуйн зориулалтаар тусгайлан бэлтгэсэн, 4 метрийн урттай, 35 ширхэг хар модыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, ахуйн зориулалтаар тусгайлан бэлтгэсэн 35 ширхэг хар модыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар шүүгдэгч М.Ааас хохирогч К.Бэд биет байдлаар хүлээлгэн өгөх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгч М.Аын хувьд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 280.000 (хоёр зуун наян мянга)-н төгрөгийг албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.
7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б
[1] 1-р хх-ийн 30-32-р тал
[2] 1-р хх-ийн234-235-р тал
[3] 1-р хх-ийн 20-21-р тал
[4] 1-р хх-ийн 24-28-р тал
[5] 1-р хх-ийн 33-38-р тал
[6] 1-р хх-ийн 51-52, 56-57,58-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл
[7] 1-р хх-ийн 63-34, 68-69, шүүх хуралдааны тэмдэглэл
[8] 1-р хх-ийн 74, 78-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл
[9] 1-р хх-ийн 87-88-р тал
[10] 1-р хх-ийн 95-96-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл
[11] 1-р хх-ийн 99-101-р тал
[12] 1-р хх-ийн 104-106-р тал
[13] 1-р хх-ийн 107-109, 111-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл
[14] 1-р хх-ийн 120-121-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл
[15] 1-р хх-ийн 124-125-р тал
[16] 1-р хх-ийн 122-123-р тал
[17] 1-р хх-ийн 112-114-р тал
[18] 1-р хх-ийн 116-р тал
[19] 1-р хх-ийн 131-134-р тал
[20] 1-р хх-ийн 135-р тал
[21] 1-р хх-ийн 39-40-р тал
[22] 1-р хх-ийн 41-42-р тал
[23] 1-р хх-ийн 46-р тал
[24] 1-р хх-ийн 161-165-р тал
[25] 1-р хх-ийн 127-р тал
[26] 1-р хх-ийн 139-142-р тал
[27] 1-р хх-ийн 128-р тал