Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/81 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж, шүүгч Х.Т, Б.Б /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Иргэдийн төлөөлөгч Г.С,

Орчуулагч, хэлмэрч А.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Б,

Шүүгдэгч Х.Ш-ын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч А.С,

Шүүгдэгч Х.Г-ийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Т.Б,

Шүүгдэгч Х.Ш, Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г нарт холбогдох эрүүгийн 2113000660054 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 2000 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын** дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, С овогт Хийн Г регистрийн дугаар *******,

Монгол Улсын харьяат, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын *** дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Базархул овогт Хонайн Х.Ш, регистрийн дугаар *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Г нь 2021 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Х.Штай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.Ш нь 2021 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Х.Гтэй маргалдаж, хутгыг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл болгон хэрэглэн хохирогчийн баруун уушиг, баруун гуяны дээд хэсэгт, хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г “Би Х.Шыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ш ” Би Х.Гийн биед хүнд гэмтэл учруулсан үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн талаар маргахгүй” гэв.

Иргэдийн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд  гаргасан дүгнэлтдээ: ”Шүүгдэгч, хохирогч Х.Г, Х.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцов. Шүүгдэгч, хохирогч нар харилцан тохиролцож, гомдолгүй, хийсэн үйлдэлдээ гэмшсэн байдалтай байна” гэв.

Хоёр: Хавтаст хэргээс шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баян- Өлгий аймгийн Баяннуур сумын төвөөс өртөнцийн зүгээр баруун хойд зүг рүү чиглэсэн 1723 метр зайтай байх газар буюу тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр сумын төвийн айлуудын захад болсон байв. ...Анх хэрэг болсон гэх газрыг 1-ийн тоогоор тэмдэглэн авч нарийвчлан үзлэг хийхэд ямар нэгэн ул мөр, эд мөрийн баримт илрээгүй. Улмаар ойр хавийг самнаж нарийвчлан үзлэг хийхэд 1-ийн тооноос ертөнцийн зүгээр урд зүг рүү төмөр тортой хадлангийн талбай руу орж үзлэг явуулахад хутга олдсон ба уг газрыг 2-ын тоогоор тэмдэглэж, хэмжилт хийж үзэхэд 1-ийн тооноос 2-ын тоо хүртэл 48 метр зайтай байв. Хутга байсан гэх газрын ойр хавьд нарийвчлан үзлэг хийхэд хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул хутганд тусад нь үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцохоор тогтов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 05-09 дүгээр хуудас/

Эд зүйл /хутга/-нд үзлэг хийсэн тэмдэглэл “...Хэргийн газрын нөхөн үзлэг хийх явцад 2-ын тоогоор тэмдэглэсэн газарт байсан гэх хутга нь 14 см урттай, ажлын хэсэг нь 6 см урттай, 2 см өргөнтэй хутганы иш 8 см урттай, шар бор өнгийн хуванцар гадаргуутай, эвхдэг жижиг хутга /тонгорог/ байв. Уг тонгорогийн ажлын хэсгийн үзүүр хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бага зэрэг бохирлогдсон байсан ба уг зүйлийг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн болно” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...хохирогч Х.Г нь бусдад хутгалуулсан үедээ өмсөж явсан гэх хувцасыг хохирогчийн эгч болох Х.Бергенгүл гаргаж дэлгэж өгсөнөөр үзлэгийг эхлүүлэв. ...Эхний хувцас босоо захтай, нэхий дотортой, урт ханцуйтай цахилгаантай хүрэн алаг өнгийн савхин куртик байв. Уг куртикны хойд талд 13 см хэмжээтэй урагдалттай баг уг урагдал нь дотогшоо нэвтрээгүй, гадна талын урагдал байв. Харин баруун талын далны хэсэгт дотогшоо нэвтэрсэн 1 см хэмжээтэй цоорсон урагдал байв. Дараагийн хувцас нь дугуй захтай, урт ханцуйтай, ямар нэгэн халаасгүй цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц байв. Уг цамцны урд талд ямар нэгэн урагдал гэмтэл байгаагүй ба хойд талын баруун далны хэсэгт 1 см хэмжээтэй цоорсон урагдалттай байсан ба тухайн хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн шингэн зүйлээр бохирлогдож хатсан байдалтай байв. Дараагийн хувцас нь дугуй захтай богино ханцуйтай урд талдаа алаг өнгийн хээтэй фудволк байсан. Уг фудволкны хойд талын баруун далны хэсэгт 1 см хэмжээтэй цоорсон урагдалттай, байсан ба тухайн хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон байв. Дараагийн хавцас нь хар өнгийн тэлээтэй, хоёр ташаандаа болон арын хэсэгт хоёр, нийт 4 халаастай, халааснууд нь хоосон, хар хөх өнгийн жинсэн өмд байв. Уг өмдний урд талын баруун гуяны дээд талын хэсэгт 1 см хэмжээтэй цоорсон урагдалтай байсан ба тухайн хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн шингэн зүйлээр бохирлогдож хатсан байдалтай байв. Дараагийн хувцас нь алаг өнгийн ямар нэгэн халаасгүй дотуур өмд байсан ба уг өмдний урд талын баруун гуяны дээд талын хэсэгт 1 см хэмжээтэй цоорсон урагдалтай байсан ба тухайн хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн шингэн зүйлээр бохирлогдож хатсан байв. Дараагийн хувцас нь алаг ягаан өнгийн дотоож байсан ба уг дотоожны баруун талын гуяны хэсэгт 1 см хэмжээтэй цоорсон урагдалтай байсан ба тухайн хэсэг нь бүхэлдээ цус мэт улаан хүрэн өнгийн шингэн зүйлээр бохирлогдож хатсан байдалтай байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх- 23-29 дүгээр хуудас/,

Хэргийн газрын нөхөн үзлэгээр олж илрүүлсэн хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, /1-р хх-З0 дугаар хуудас/

Хохирогч Х.Гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 25-ны үдээс хойш найз болох С бид хоёр сумын төв орсон. Тэгээд сумын төвд байгаа найз нарыгаа дуудаад уулзах төлөвлөгөөтэй байсан ба найз болох Х.Ш руу залгахад тэр бид нарт гарч чадахгүй гэсэн. Тэгээд С руу утасдаж дуудахад С өөрийн жижиг тээврийн хэрэгслээр найз Бауыжаны хамт С бид хоёр байсан айлд ирсэн. Тэгээд бид дөрөв сумын төв рүү ирж байх замд Х.Шын машин байхаар нь бид нар хажууд нь ирээд зогссон. Тэр үед Бауыржан машинаас бууж очоод тэд нартай уулзаад ирсэн ба Х.Шын машинд А хоёр тэр хоёрыг пиво уугаад сууж байна гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв тэд нартай уулзахгүйгээр сумын төв орж А, Б нарыг аваад дэлгүүрийн гадна очоод 2,5 литрийн хоёр пиво аваад сумын зах руу гарч хувааж уусан. Тэгээд шөнө 00 цагийн үед байсан байх хамт пиво уусан найзууд С бид хоёрыг гэрт хүргэж өгөх гээд явж байхад Х.Шын машин нь өмнө зогсож байсан газартаа байсан. Тэр үед бид нар Х.Ш яагаад бид нарыг дуудахад гарахгүй, завгүй гэж худлаа хэлсэн мөртлөө өөр хүнтэй хамт пиво ууж байгааг асууж тодруулах гээд тэдний  хажууд нь ирж зогсоон. Тэгээд манай найзууд машинаас буугаад зарим нь тамхи татаад, зарим нь бие засаад явсан ба харин би Х.Шын машин руу дөхөж очиж хаалгыг нь онгойлгоод “Миний найз би чамтай уулзах гэхэд завгүй гэж хэлсэн биз дээ, энд юу хийгээд сууж байгаа юм вэ” гэж хэлэхэд тэр надад “чамд ямар хамаатай юм, би хэнтэй уулзахаа өөрөө мэднэ” гэж хэлснээс болж бид хоёр бага зэрэг маргалдсан. Тэр үед би Х.Шыг машинд сууж байхад нь хаалгыг нь онгойлгоод нэг удаа өшиглөхөд тэр машинаас бууж ирээд шууд намайг барьж авсан ба бид хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. Зодолдох явцдаа би Х.Шын нүүрэнд нэг хоёр удаа цохиход түүний хамарнаас цус гарсан. Гэтэл Х.Ш надад “эр хүн юм бол хүлээж бай” гэж хэлээд машинаа асаагаад яваад өгсөн. Харин түүний хажууд явж байсан А бид нарын хажууд үлдсэн. Хэсэг хугацааны дараа Х.Шын машин буцаж ирсэн ба эхлээд Т бууж ирээд “Х.Шын хэн зодсон вэ” гэж дайрч байхад араас нь Х.Ш бууж ирээд шууд над руу дайрч эхлэхэд би түүнийг тэвэрч барьж авахад миний баруун талын гуя руу үзүүртэй юмаар цохих шиг болсон. Тэр үед би түүнийг боож доошоо унагааж барьж авах гэж байхад зүүн гараараа миний нуруунд цохисон. Эхэндээ түүний гарт хутга байсныг анзаараагүй байсан ба миний баруун талын гуянаас цус гарч байхаар нь би “энэ хутгатай юм байна шүү дээ, намайг хутгалчихлаа” гэж орилсон. Тэр үед бусад найз нар ч гүйж ирсэн ба би амьсгал авч чадахгүй газарт унасан. Дараа нь хамт явж байсан залуучууд намайг эмнэлэгт хүргэсэн. ... Х.Ш нь урьд өмнө хутга авч явж байсныг хараагүй. Тэр өдөр уг хутгыг хаанаас гаргаж ирснийг би хэлж мэдэхгүй байна. Х.Ш маргааш нь надад хэлэхдээ машин эвдэрсэн үед ашиглах зорилгоор авч явж байсан машины хайрцаг дотор байсан эвдэрхий жижиг хутга байсан гэж хэлж байсан. .. Би эхний өдөр сумын эмнэлэгт очсон ба тэр шөнөдөө намайг аймгийн төвд авч ирж нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлсэн. Дараа нь 5-6 хоногийн дараа Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн.Х.Ш надад учирсан хохиролд 1.197.000 төгрөг төлж өгсөн.Одоо надад нэхэмжлэх хохирол, төлбөр байхгүй, бас Х.Ш бид хоёр сайн найз, учраа олоод эвлэрсэн. Одоо миний бие бүрэн эдгэрсэн” гэх мэдүүлэг, /1-р хх-31-39 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Х.Шын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн:“...Миний бие 2021 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө найз болох Гэд зодуулсаны улмаас биедээ хөнгөн гэмтэл авсан. Тухайн үед би аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасаг, гэмтлийн тасаг, амбулаторын тасаг буюу нүдний кабинетэд үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Мөн компьютер томографын зураг авахуулсан. Миний эрүүл мэндийн хохиролд Г 100.000 төгрөг төлж өгсөн. Одоо надад Гээс нэхэмжлэх хохирол, төлбөр байхгүй, /1-р хх-ийн 41-44 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч А.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар бүгдээрээ машинаас буугаад бие засаж, тамхиа асаагаад явж байх үед  Г Х.Шын сууж байсан хаалга руу очиход Х.Ш хаалгаа онгойлгосон. Тэгээд Г машины гадна талд Х.Ш машин дотор хоёулаа хоорондоо юм ярьж байгаад Г Х.Шыг нэг удаа өшиглөхөд Х.Ш машинаас бууж ирээд Гтэй зодолдож эхэлсэн. Бид нар тал талаас нь очиж салгаж авсан боловч Г Х.Шыг хэд хэдэн удаа цохисон. Х.Шын хамарнаас цус гарч нүд нь хавдсан байсан ба Х.Ш бид нарт “эр хүн юм бол хүлээж бай” гэж хэлээд машинаа асаагаад яваад өгсөн. Анх Х.Шын хажууд явж байсан А бид нарын хажууд үлдсэн. Ойролцоогоор 10-15 минутын дараа Х.Шын машин буцаж ирсэн ба машинаас Т бууж ирээд “Х.Шыг хэн зодсон вэ” гэж бид нар руу дайрч байхад Х.Ш жолооч талаас нь бууж ирээд шууд Г рүү дайрсан, тэр үед гадаа харанхуй байсан ба Гийн “энэ чинь хутгатай юм байна шүү дээ намайг хутгалчихлаа” гэж орилсон дууг сонсоод ойртож очиход Г газарт унасан байсан, хажууд нь Х.Ш сандраад зогсож байхад А Х.Шын гарыг барьж авсан. Дараа нь бид нар Гийг өргөж Сын машинд суулгаад сумын эмнэлэгт хүргэсэн. Өөрөөр хэлбэл Х.Ш Гэд зодуулсанаас болж өөрөө дийлэхгүй болохоор Гийг хутгалж гэмтээсэн. ... Х.Шын гарт байсан хутгыг А аваад шидсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Гэрч С.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г Х.Шын машины хажууд очиход Х.Ш хаалгаа онгойлгосон ба нэг нь машин дотор нөгөө нь гадна байж байхад Г Х.Шт “чи мундаг байна, түрүүн би чамайг гараад ир, уулзая гэж дуудахад чи завгүй гэсэн биз дээ, ганцхан чи л машинтай нь юм уу” гэж хэлэхэд Х.Ш урьдаас нь “би хэнтэй уулзахаа өөрөө мэднэ, өөрийнхөө машинаар явж байна, чамд ямар хамаатай юм вэ” гэж хэлээд хоёулаа хоорондоо маргалдаж байгаад  Г Х.Шыг нэг удаа өшиглөсөн. Тэр үед Х.Ш машинаас бууж ирээд Гтэй зодолдож эхлэхэд бид нар очиж салгаж авсан боловч Г Х.Шыг цохисноос болж Х.Шын хамраас цус гарсан ба Х.Ш бид нарт “эр хүн юм бол хүлээж бай” гэж хэлээд машинаар ганцаараа яваад өгсөн. Харин бид нар хүлээгээд зогсож байхад Х.Ш машинтайгаа буцаад ирсэн ба машинаас Т бууж ирээд “Та нар яагаад байгаа юм бэ? Х.Шыг хэн зодсон вэ” гэж бид нар руу дайрахад бид нар, урдаас нь гараад “чи эрүүл биз дээ, чамд юу болсон вэ” гэж хэлж байхад Х.Ш Г рүү дайрч байсан. Нэг мэдэхэд Гийн “энэ чинь хутгатай юм байна шүү дээ, намайг хутгалчихлаа” гэж орилсон дууг сонсоод бүгдээрээ гүйж очиход Г газарт унасан байсан ба А Х.Шын гарыг барьж авсан. Дараа нь бид нар Гийг өргөж миний машинд суулгаж аваад сумын эмнэлэгт хүргэсэн” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 56-57 дугаар хуудас/,

Гэрч Е.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнгөрсөн шөнө буюу 2021 оны 2 дугаар сарын 26-ны шөнө 1 цагийн үед манай гэрт нэг үл таних хүүхэд гүйж ирээд нэг хүүхэд мотоциклиос унасан байна, та очоод үзээд өгөөч гэхээр нь би тухайн хүүхдэд эмнэлэг рүү очиж бай, ээлжийн эмч нар байгаа гээд явуулсан, тэгээд дараа нь өөрөө ээлжийн сувилагч руу залгаж асуухад “энэ хүн хутгалуулсан юм шиг байна” гэхээр нь тэр дор нь сумын хэсгийн төлөөлөгчид дуудлага өгөөд өөрөө шөнийн 02 цагийн үед эмнэлэгт ирж үзэхэд тухайн хүн хутгалуулсан байдалтай зовиуртай байсан болохоор аймгийн төв рүү хүргүүлэх шийдвэр гаргаж, түргэн тусламжийн машинаар аймгийн төв рүү авч явсан болно. Уг өвчтөн баруун талын гуя нь зүсэгдсэн гэмтэлтэй. Харин баруун далны ар нурууны хэсэгт ирмэгтэй зүйл орсон гэмтэлтэй байсан. Би эмнэлэгт очсон үед манай эмч нар боолт хийсэн байсан. Харин тэмтэрч үзэхэд сажигнасан чимээ сонсогдож байсан” гэх мэдүүлэг, /1-р хх-59-90 дүгээр хуудас/,

Гэрч Х.Ргийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 01 цаг 30 минутанд манай эрүүл мэндийн төвийн дарга Жаныл миний гар утас руу залгаж “эмнэлэгт нэг хүүхэд ирсэн байна, та очоод үзээч” гэхээр нь би шөнийн 01 цаг 40 минутанд сумын эмнэлэгт очиход Г гэх залууг орон дээр хэвтүүлж, манай эмч нар тайвшруулах эм тариа хийсэн байсан. Тэгээд би түүний биед үзлэг хийх явцад Гийн баруун талын далны доод талд хурц үзүүртэй зүйлийн хатгаж орсон шарх байсан. Мөн баруун гуяны орчим мөн л хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байсныг хараад эмнэлгийн дарга Ж, эмэгтэйчүүдийн их эмч М нарыг дуудсан” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 62 дугаар хуудас/,

Гэрч Ж.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г бууж ирээд Х.Шын машины хаалгыг онгойлгоод аваад “чи надад гарахгүй гэж хэлсэн биз дээ, энд юу хийгээд явж байна, юундаа уйлаад явж байгаа юм вэ” гэж хэлсэнээс болж Г Х.Ш хоёр маргалдаж эхэлсэн. Тэр үед Г Х.Шыг нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгэхэд Х.Ш машинаас бууж очоод Гтэй ноцолдож эхлэхэд би машинаас буугаад очтол Гтэй хамт явж байсан залуучууд тэр хоёрыг салгаж авсан. Би очоод Х.Шыг барьж авсан боловч тэр хоёр бие бие рүүгээ дайрч байгаад Г баруун гараараа Х.Шын нүүрэнд нэг удаа цохиход Х.Ш надад “чи надтай хамт явах юм уу, Г миний нүдийг гэмтээчихлээ” гэж хэлээд машиндаа суусан. Харин би түүний араас нь очиж “миний найз болиоч хаашаа явах гэж байгаа юм вэ” гэж гуйсан боловч машинаа асаагаад яваад өгсөн ба би нөгөө хэдийн хажууд үлдсэн. Тэгээд нэг их Х.Ш машинтайгаа буцаад ирсэн ба Х.Шын машинаас Т бууж ирээд “Та нарт юу болсон вэ” гэж хэлэхэд Х.Ш араас нь бууж ирээд Г рүү дайрсан. Тэгж байтал Г “намайг хутгачихлаа” гэж орилсон дууг сонссон. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор сайн анзаарч хараагүй, гүйж очоод харахад Гийн баруун талын гуянаас цус гарч байсан. Тэнд байсан С надад “Х.Шын гарт хутга байна” гэж хэлэхэд би очиж Х.Шын гарыг барьж байгаад түүний зүүн гарт байсан хутгыг өөрийн баруун гараараа булааж аваад шидсэн” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 64-65 дугаар хуудас/,

Гэрч С.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г машин дотор сууж байсан Х.Шыг нэг удаа өшиглөхөд Х.Ш машинаас бууж ирээд тэд нэг нэгнээ барьж аваад зодолдож эхлэхээр нь бид нар очиж салгаж авсан. Тэр үед Х.Штай хамт явж байсан А ч машинаас бууж ирсэн. Бид нар Г, Х.Ш хоёрыг хоёр тийш салгасан боловч нэг нэг рүүгээ дайрч байгаад Г Х.Шыг нэг хоёр удаа цохисон. Тэр үед Х.Ш Гэд “чи эр хүн юм бол эндээ хүлээж бай, би одоохон буцаж ирнэ" гэж хэлээд машинаа асаагаад яваад өгсөн. Харин түүнтэй хамт явж байсан А бид нарын хажууд үлдсэн. Хэсэг хугацааны дараа буюу 10-15 минутын дараа Х.Шын машин буцаж ирж зогссон ба Х.Ш машинаас буугаад Сы хажууд дөхөж ирээд Г руу дайрсан. Харин араас нь Т бууж ирээд С руу дайрахаар нь Бауыржан, С бид гурав Тыг барьж аваад “Чи эрүүл байгаа биз дээ, яасан бэ” гэх үед Гийн “Х.Ш намайг хутгачихлаа" гэж орилсон. Тэгээд бид  хажууд нь очиход Г газар унасан байсан ба Х.Ш гартаа хутга барьсан байсан. А Х.Шын хутгыг булааж аваад шидсэн гэж дараа нь хэлсэн. Тэгээд бид Гийг өргөж Сын машинд суулгаж сумын эмнэлэгт авч ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн  66-68 дугаар хуудас,

Гэрч Х.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг 2021 оны 2 сарын 26-ны шөнө гэртээ унтаж байтал цонх цохисон. Тэгээд гараад хаалгаа онгойлгоход Х.Ш зогсож байсан. Би түүнийг шөнө дунд юу хийж явааг асуухад “Г намайг зодлоо, чи хувцсаа өмсөөд гараад ир“ гэсэн. Тухайн үед Х.Шын хамраас цус гарсан, зүүн нүд нь хавдсан байдалтай явж байсан. Тэгээд би хувцсаа өмсөөд Х.Штай хамт явахад тэр сумын төвийн айлуудын захад байх Мазда машины хажууд очиж зогсоход тэнд манай найзууд бөөгнөрөөд зогсож байсан. Тэгээд Х.Ш бид хоёр машинаас бууж, би юу болсныг асууж байх хооронд Х.Ш Г рүү дайрсан. Тухайн үед гадаа харанхуй байсан ба нэг мэдэхэд Г нь “энэ хутгатай байна шүү дээ, намайг хутгалчихлаа” гэж орилохоор нь тэдний хажууд очиход Г газар уначихсан, хажууд нь Х.Ш зогсож байсан. А Х.Шын гарт нь байсан хутгыг аваад шидсэн гэсэн. Тэгээд бид нар Гийг өргөж Сын машинд оруулаад сумын эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 70-74 дүгээр хуудас/,

Гэрч Д.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед би машин дотор байсан болохоор сайн сонсоогүй байсан ба нэг харахад Г Х.Шыг нэг удаа өшиглөсөн. Тэр үед Х.Ш ч машинаас бууж ирээд Гтэй зодолдож эхэлсэн. Бид нар тэр хоёрыг салгах гэсэн боловч Гийг дийлээгүй. Тэр үед Г Х.Шыг хэд хэдэн удаа цохисон ба Х.Шын хамарнаас цус гарч, нүд нь хавдсан. Х.Ш бид нарт “та нар хүлээж байгаарай” гэж хэлээд машиндаа яваад өгсөн. А бид нартай хамт үлдсэн. Удалгүй 10-15 минутын дараа Х.Шын машин буцаж ирэхэд машинаас эхлээд Т бууж ирээд “Юу болсон бэ, Х.Шыг хэн зодсон вэ” гэж хэлэх үед жолооч талаас нь Х.Ш бууж ирээд шууд Г руү дайрсан ба тэр хоёр ноцолдож байх үед Х.Ш доор нь унах шиг болсон. Тэр үед Г “энэ чинь хутгатай байна шүү дээ, намайг хутгалчихлаа" гэж хэлсэн, бид нар ч гүйж очиход Г газарт унасан байсан ба А Х.Шыг барьж авсан” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 75-77 дугаар хуудас/,

Гэрч Е.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г шууд Х.Шын машины жолооч талын хаалга руу очсон ба бид нар тамхи асааж, бие засаж явж байх үед Г Х.Штай юм яриад зогсож байсан. Хэсэг хугацааны дараа Г Х.Шыг нэг удаа өшиглөхөд Х.Ш машинаас бууж ирээд Гийг барьж аваад зодолдсон. Тэгэхээр нь бид нар очиж тэднийг салгахад Х.Ш “та нар хүлээж байгаарай” гэж хэлээд машинаа асаагаад яваад өгсөн. Х.Штай хамт явж байсан А бид нарын хажууд үлдсэн. Хэсэг хугацааны дараа Х.Шын машин буцаад ирсэн ба түүний туслах талаас Т бууж ирээд “Х.Шыг хэн зодсон вэ, та нар яагаад зодсон вэ” гэж хэлээд дайрч эхэлсэн ба араас нь Х.Ш жолооч талаас бууж ирээд Г рүү шууд дайрч  тэр хоёр тусдаа зодолдож байх шиг болсон. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор би өөрөө нэг их оролцохгүй гэж бодоод тамхиа татаад холхон байж байхад Г “Х.Ш хутгатай байна шүү дээ, намайг хутгачихлаа” гэж орилоход тэнд байсан залуучууд бүгд гүйж очиход би ч гэсэн дөхөж очоод харахад Г газарт унасан байсан. Тэгээд бид Гийг өргөж С-лын машинд суулган сумын эмнэлэгт хүргэсэн” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 79-80 дугаар хуудас/,

Шинжээч эмчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай “...Иргэн Х.Шын биед тархины битүү гэмтэл, тархины доргилттой, хавантай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, хамрын хөндийд нөжирсөн цустай, зүүн нүдэнд хавдартай, зүүн дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн нүдний салстад цус харвасан, зулайн ар хэсэгт, урд хэсэгт хавдартай, зүүн чамархай хэсэгт хавдартай, дагз хавдартай, зүүн талын гарын чигчий хуруунд, ядам хуруунд зулгарсан шархтай, баруун өвдгөнд шархтай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн бүгд шинэ гэмтлүүд. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мзндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /1-р хх-127-129 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаартай“...Иргэн Х.Гийн биед цээжний хөндий нэвтэрч хатгагдсан шарх, баруун уушгинд хатгагдаж гэмтсэн, баруун далны доод хэсэгт ташуу байрлалтай хатгагдсан шарх, баруун гуяны дээд хэсэгт ташуу байрлалтай хатгагдсан шархтай, баруун уушиг шалчийсан, /пневмоторакс/ баруун талын цээжний хөндийд хий хуралдсан гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн Х.Гийн биед баруун хажуу талд суганы доор уушгинд гуурс тавьсан шархтай. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1, 3.1.11-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /1-р хх-ийн138-136 дугаар хуудас/,

Хохирогч Х.Гийн 2021 оны 2 сарын 26-ны өдрөөс 2021 оны 3 сарын 05-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, компьютер, томографийн шинжилгээний хариу, гэрэл зургийн үзүүлэлт, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, /1-р хх-ийн 204-232-р хуудас/,

Хохирогч Х.Шаас мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн Х.Гэд зодуулсны дараах фото зураг,  рентгений хариу /1-р хх-ийн 234-236-р хуудас/,

Шүүгдэгч Х.Шын  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ... Би өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 162-163 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Х.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн. “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үөд Х.Шын эрх чөлөөнд халдаж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан. Энэ хэрэг надаас болж гарсанд би маш их харамсаж байна. Би Х.Шыг эхэлж зодож гэмтэл учруулаагүй байсан бол тэр намайг зодож, ийм хүнд хэрэгт орохгүй байсан. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул надад торгох шийтгэл оногдуулж өгнө үү”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг,

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Гийн хувийн байдлын талаарх баримтууд

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 3 сарын 11-ний өдрийн 01/444 дугаартай “******* регистртэй Х.Гийн нэр дээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө болон гэрлэлтийн бүртгэл бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /1-р хх-ийн 184-р хуудас/,

Шүүгдэгч Х.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 185-р хуудас/,

Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 59 дугаартай “Х.Гийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна” гэх лавлагаа /1-р хх-ийн 187-р хуудас/,

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3-р багийн засаг даргын 2021 оны 4 сарын 30-ны өдрийн “Х.Г нь аав, ээж, дүү нарын хамт Баяннуур сумын  3-р багт амьдардаг, урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдоогүй, төлөв даруу зантай, ард олны дунд нэр хүндтэй, сумын заан цолтой, бөхийн спортоор хичээллэдэг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /1-р хх-ийн 192-р хуудас/,

Шүүгдэгч Х.Гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-рх хх-ийн 193-р хуудас/,

Шүүгдэгч Х.Гийг урьд ял шийтгүүлж байсныг нотлох баримт болох Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 23-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 196-202-р тал/ зэргийг,

Шүүгдэгч Х.Шын хувийн байдлын талаарх баримтууд

Гэрч С.Досболын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Би Х.Шыг зөвхөн багийн даргын хувьд танина. Х.Ш нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт ээж болон хоёр дүүгийн хамт амьдардаг. Өөрөө Казакстан улсад суралцаж байгаад ирсэн. Урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Өөрийн нэр дээр мал хөрөнгө байхгүй, ээж нь багш, хоёр охин дүү нь сургуулийн сурагч. Х.Ш нь төлөв даруу зантай, ямар нэгэн муу зуршилгүй, хүнтэй зөв харьцдаг залуу юм” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 84-р хуудас/,

Гэрч Д.Ерболын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Х.Шыг сайн танина, урьд нь би 2006-2020 оны хооронд “Билге тегин” ахлах сургуулийн биеийн тамирын багшаар ажиллаж байсан, 2015-2016 онд би Х.Шын анги даасан багш, тэр миний сурагч байсан. Х.Ш нь анх 2015 онд Баяннуур сумаас манай ангид шилжиж ирснээс хойш биеийн тамирын чиглэлээр их амжилт гаргасан. Өөрөө чөлөөт бөх, сагсан бөмбөгөөр их хичээллэдэг байсан. Х.Ш анги хамт олны дунд нэр хүндтэй, цайлган сэтгэлтэй, хэлж ярьсан зүйлийг маш хурдан биелүүлдэг, математикийн хичээлд сайн сурагч байсан. Манай ангид суралцаж байх хугацаанд хэрэг төвөгт холбогдож байгаагүй, төлөв даруу зантай хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-р хуудас/,

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 3 сарын 09-ний өдрийн 01/430 дугаартай “******* регистртэй Х.Ш нь Баяннуур сумын 5 дугаар багт байрлах, 100 м2 талбайтай, Ү-******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай, өвлийн сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байна” гэх лавлагаа /1-р хх-ийн 172-р хуудас/,

Шүүгдэгч Х.Шын иргэний үнэмлэх болон гадаад паспортын лавлагаа /1-р хх-ийн 173-174-р хуудас/,

Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаартай “Х.Шын нэр дээр ***** БӨА улсын дугаартай “Toyota prius- маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна” гэх лавлагаа /1-р хх-ийн 176-177-р хуудас/,

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн засаг даргын 2021 оны 4 сарын 05-ны өдрийн ”Баяннуур сумын 5 дугаар багийн иргэн Хонай овогтой Х.Ш нь төлөв даруу зантай, урьд ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /1-р хх-ийн 178-р хуудас/,

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн засаг даргын 2021 оны 4 сарын 05-ны өдрийн ”Баяннуур сумын 5 дугаар багийн иргэн Хонай овогтой Х.Ш нь ээж дүү нарын хамт амьдардаг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /1-р хх-ийн 179-р хуудас/,

Шүүгдэгч Х.Шын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 181-р хуудас/,

Шүүгдэгч Х.Шын хувийн байдлын талаар 2 дугаар хавтаст хэргийн 2-41-р талд авагдсан

Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгээс Х.Шт 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгосон гэрчилгээний хуулбар орчуулга хийсэн баримт,

Баяннуур сумын ахлах сургуулийн захиргаанаас Х.Шт 2007 оны 3 дугаар сарын 03-ны өдөр олгосон гэрчилгээний хуулбар,

Цэцэгт бага сургуулийн захиргаанаас олгосон “Хүндэт өргөмжлөл”-ийн хуулбар, 2011-2012 он, орчуулга хийсэн баримт,

“Б” ахлах сургуулиас Х.Шт  2012 онд олгосон өргөмжпөлийн хуулбар,

Баян-Өлгий аймгийн ЗДТГ болон Бөхийн холбооноос Х.Шт 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр олгосон “Өргөмжлөл”-ийн хуулбар,

“Билге-Төгин” ахлах сургуулиас Х.Шт 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон “Хүндэт өргөмжпөл”-ийн хуулбар, орчуулга хийсэн баримт,

Баян-Өлгий аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын даргаас Х.Шт  2014.02.15-ны өдрийн өргөмжпөлийн хуулбар, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны  талархалын хуулбар,

Баяннуур сумын бүрэн дунд сургуулийн захиргаанаас Х.Шт 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр олгосон дипломын хуулбар,

Баян-Өлгий аймгийн ЗДТГ, БТСГ, БСГ-аас Х.Шт 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр олгосон “Өргөмжпөл”-ийн хуулбар,

Авьяаслаг Сурагч” болон “Тэргүүний сурагч”-ийн үнэмлэхний хуулбар,

Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Өргөмжлөл”-ийн хуулбар,

Шатрын тэмцээнд оролцож 3-р байр эзэлсэн тухай, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Өргөмжпөл”-ийн хуулбар,

Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спортын газраас Х.Шт 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр олгосон “Өргөмжпөл”-ийн хуулбар,

Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спортын газраас Х.Шт 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр олгосон “Өргөмжпөл”-ийн хуулбар,

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын бүрэн дунд сургуулиас Х.Шт 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр олгосон “Өргөмжлөл”-ийн хуулбар,

Баяннуур сумын бүрэн дунд сургуулиас Х.Шт 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олгосон “Өргөмжлөл”-ийн хуулбар,

Баяннуур сумын бүрэн дунд сургуулиас Х.Шт 2017 онд олгосон “Өргөмжлөл”-ийн хуулбар,

Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спортын газраас Х.Шт 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “Өргөмжлөл”-ийн хуулбар,

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ЗТГТ болон Сургуулийн захиргаанаас Х.Шт 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон “Өргөмжлөл”-ийн хуулбар,

Баян-Өлгий аймгийн ЗДТГ, БТСГ, БСГ-аас Х.Шт 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр олгосон “Өргөмжлөл—ийн хуулбар,

Арчилсан намаас Х.Шт 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр олгосон “Өргөмжлөл”-ийн хуулбар,

“Оюунлаг Алхам” Холбооноос Х.Шт 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр олгосон “Өргөмжлөл”-ийн хуулбар,

ММШМХолбоо болон “Б” дунд сургуулийн захиргаанаас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр олгосон гэрчилгээний хуулбар, түүний орчуулга,

Чөлөөт бөхийн спортын нэгдүгээр зэргийн тамирчны үнэмлэхний хуулбар,

Баяннуур сумын Засаг даргаас Х.Шт  2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр олгосон “Өргөмжлөл”-ийн хуулбар,

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Бүрэн дунд сургуулиас олгосон “Өргөмжлөл”-ийн хуулбар,

Нариман биеийн тамирын клубын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Хүндэт өргөмжпөл”-ийн хуулбар орчуулга хийсэн баримт,

Астана хотын Самбо бөхийн холбооны “Хүндэт өргөмжпөл”-ийн хуулбар орчуулга хийсэн баримт,БҮ201803483 тоот гэрчилгээний хуулбар, ЕвроАзия их сургуулийн захиргааны тодорхойлолтын хуулбар зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Г,  Х.Ш нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Х.Гийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах “ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцох үндэслэлийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Г нь 2021 оны 2 дугаар сарын 25-ны үдээс хойш найз болох Сы хамт өөрийн амьдардаг Баяннуур сумын Цагаан арал гэх газраас сумын төв орж ирэн найз нартайгаа уулзахаар болж, эхлээд Х.Штай утсаар ярьж, түүнийг дуудахад Х.Ш завгүй байгаа тул уулзах боломжгүй байна гэх хариуг өгсөн байна.

Улмаар шүүгдэгч Х.Г болон түүний найз С.С нар нь бусад найз нар болох Д.С, А.Б, С.А, Е.Б нарыг дуудан уулзаж, дэлгүүрээс уух юм авч, сумын төвийн дээд талд очин, авсан пивоо ууж дуусгаад шөнийн 00 цагийн үед Д.С, А.Б, С.А, Е.Б нар шүүгдэгч Х.Г, түүнтэй хамт явсан С.С нарыг гэрт нь хүргэж өгөхөөр явж байх замд нь өдөр нь тэд нартай уулзахаас татгалзсан Х.Ш өөрийн машиндаа Ж.Атай пиво ууж байсантай тааралдсан байна.

Тухайн үед Х.Г машинаас бууж Х.Штай очиж уулзан, “Чи намайг уулзая гээд дуудахад гарахгүй, завгүй гэчихээд энд юу хийгээд сууж байгаа юм бэ” гэж асуухад  шүүгдэгч Х.Ш “Чамд ямар хамаатай юм бэ, би хэнтэй уулзаж, хаана явахаа өөрөө мэднэ” гэж маргалдсанаар шүүгдэгч Х.Г уурлан Х.Шын машины хаалгыг онгойлгон түүнийг нэг удаа өшиглөсний дараа Х.Ш машинаасаа бууж ирэн Х.Гтэй харилцан зодолдох явцад шүүгдэгч Х.Г нь шүүгдэгч Х.Шын нүүрэнд гараараа 2 удаа цохиж, хамрыг нь гэмтээсэн үйл баримт тогтоогдсон байна.

Энэ үед шүүгдэгч Х.Ш Х.Гэд хандан “Эр хүн юм бол эндээ хүлээж байгаарай” гэж хэлээд машинаараа Тын гэрт очиж, түүнийг дагуулан буцаж ирээд дахин Х.Гтэй зодолдох явцдаа Х.Гийг эвхдэг жижиг хутгаар буюу зэвсэг хэрэглэн 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2], Х.Гийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[3], хэргийн газрын нөхөн үзлэгээр олж илрүүлсэн хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол[4], хохирогч Х.Гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэсэг хугацааны дараа Х.Шын машин буцаж ирсэн ба эхлээд Т бууж ирээд “Х.Шыг хэн зодсон вэ” гэж асуухад араас нь Х.Ш бууж ирээд шууд над руу дайрахаар нь би түүнийг тэвэрч барьж авахад миний баруун талын гуя руу үзүүртэй юмаар цохих шиг болсон. Тэр үед би түүнийг боож доошоо унагааж барьж авах гэж байхад зүүн гараараа миний нуруунд цохисон. Эхэндээ түүний гарт хутга байсныг анзаараагүй байсан ба миний баруун талын гуянаас цус гарч байхаар нь би “энэ хутгатай юм байна шүү дээ, намайг хутгалчихлаа” гэж орилсон. Тэр үед бусад найз нар ч гүйж ирсэн ба би амьсгал авч чадахгүй газарт унасан” гэх мэдүүлэг[5], хохирогч Х.Шын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн:“...2021 оны 2 сарын 25-ны өдөр Х.Г надруу яриад гараад ир гэж дуудахад би завгүй байсан тул түүнтэй уулзаж чадаагүй ба Х.Гийг ярьсны дараа найз Ж.А надруу ярьж, би маргааш Улаанбаатар хот явах гэж байна, тэрнээс өмнө хоёулаа уулзая гээд гуйгаад байхаар нь би өөрийн машинд Атай уулзаад сууж байтал Х.Г ирээд намайг дуудахад завгүй гэчихээд өөр хүнд зав гаргаж уулзлаа гэж уурлан намайг өшиглөж, нүүрэнд хэд хэдэн удаа цохисны улмаас миний тархи доргиж, хамар мурийж, нүд нүүр хавдаж, хөнгөн гэмтэл учирсан” гэх мэдүүлэг[6],гэрч А.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г Х.Шын сууж байсан хаалга руу очиход Х.Ш хаалгаа онгойлгосон. Тэгээд Г машины гадна талд Х.Ш машин дотор хоёулаа хоорондоо юм ярьж байгаад Г Х.Шыг нэг удаа өшиглөхөд Х.Ш машинаас бууж ирээд Гтэй зодолдож эхэлсэн. Г Х.Шыг хэд хэдэн удаа цохисон. Х.Шын хамарнаас цус гарч нүд нь хавдсан байсан ба Х.Ш бид нарт “эр хүн юм бол хүлээж бай” гэж хэлээд машинаа асаагаад яваад 10-15 минутын дараа буцаж ирээд машинаас Т бууж ирээд “Х.Шыг хэн зодсон вэ” гэж бид нар руу дайрч байхад Х.Ш жолооч талаас нь бууж ирээд шууд Г рүү дайрсан, тэр үед гадаа харанхуй байсан ба Гийн “энэ чинь хутгатай юм байна шүү дээ намайг хутгалчихлаа” гэж орилсон дууг сонсоод ойртож очиход Г газарт унасан байсан, Х.Ш Гэд зодуулснаас болж өөрөө дийлэхгүй болохоор Гийг хутгалж гэмтээсэн. Х.Шын гарт байсан хутгыг Ж.А аваад шидсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг[7], гэрч С.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г Х.Шын машины хажууд очиход Х.Ш хаалгаа онгойлгосон ба нэг нь машин дотор нөгөө нь гадна байж байхад Г Х.Шт “чи мундаг байна, түрүүн би чамайг гараад ир, уулзая гэж дуудахад чи завгүй гэсэн биз дээ, ганцхан чи л машинтай нь юм уу” гэж хэлэхэд Х.Ш урьдаас нь “би хэнтэй уулзахаа өөрөө мэднэ, өөрийнхөө машинаар явж байна, чамд ямар хамаатай юм вэ” гэж хэлээд хоёулаа хоорондоо маргалдаж байгаад  Г Х.Шыг нэг удаа өшиглөсөн. Тэр үед Х.Ш машинаас бууж ирэхэд Г Х.Шыг цохисноос болж Х.Шын хамраас цус гарсан ба Х.Ш бид нарт “эр хүн юм бол хүлээж бай” гэж хэлээд машинаар ганцаараа яваад удалгүй Тын дагуулан буцаж ирээд Г рүү дайрч байсан. Нэг мэдэхэд Гийн “энэ чинь хутгатай юм байна шүү дээ, намайг хутгалчихлаа” гэж орилсон дууг сонсоод бүгдээрээ гүйж очиход Г газарт унасан” гэх мэдүүлэг[8], гэрч Е.Жанылын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шөнийн 02 цагийн үед эмнэлэгт ирж дуудлага өгсөн хүнийг үзэхэд тухайн хүн хутгалуулсан байдалтай зовиуртай байсан. Уг өвчтөн баруун талын гуя нь зүсэгдсэн гэмтэлтэй. Харин баруун далны ар нурууны хэсэгт ирмэгтэй зүйл орсон гэмтэлтэй байсан” гэх мэдүүлэг[9], гэрч Х.Ргийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дуудлагын дагуу би шөнийн 01 цаг 40 минутанд сумын эмнэлэгт очиход Г гэх залууг орон дээр хэвтүүлж, манай эмч нар тайвшруулах эм тариа хийсэн байсан. Тэгээд би түүний биед үзлэг хийх явцад Гийн баруун талын далны доод талд хурц үзүүртэй зүйлийн хатгаж орсон шарх байсан. Мөн баруун гуяны орчим мөн л хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байсан” гэх мэдүүлэг[10], гэрч Ж.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г бууж ирээд Х.Шын машины хаалгыг онгойлгоод аваад “чи надад гарахгүй гэж хэлсэн биз дээ, энд юу хийгээд явж байна, юундаа уйлаад явж байгаа юм вэ” гэж хэлсэнээс болж Г Х.Ш хоёр маргалдаж Г Х.Шыг нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгэхэд Х.Ш машинаас бууж Гтэй ноцолдож байхад Г баруун гараараа Х.Шын нүүрэнд нэг удаа цохисны дараа Х.Ш машинаа асаагаад яваад өгсөн ба удалгүй Тын хамт ирээд дахин Х.Гтэй зодолдох явцад Г “намайг хутгачихлаа” гэж орилохоор нь очиход Х.Гийн баруун талын гуянаас цус гарч байсан. Тэнд байсан С надад “Х.Шын гарт хутга байна” гэж хэлэхэд би очиж Х.Шын гарыг барьж байгаад түүний зүүн гарт байсан хутгыг өөрийн баруун гараараа булааж аваад шидсэн” гэх мэдүүлэг[11], гэрч С.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Г машин дотор сууж байсан Х.Шыг нэг удаа өшиглөхөд Х.Ш машинаас бууж ирээд тэд зодолдож байтал Х.Г Х.Шыг нэг хоёр удаа цохисон. Тэр үед Х.Ш Х.Гэд “чи эр хүн юм бол эндээ хүлээж бай, би одоохон буцаж ирнэ" гэж хэлээд машинаа асааж яваад удалгүй Тыг дагуулж ирээд Гтэй дахин зодолдох явцад Г “Х.Ш намайг хутгачихлаа" гэж орилсон. Тэгээд бид  хажууд нь очиход Г газар унасан байсан ба Х.Ш гартаа хутга барьсан байсан” гэх мэдүүлэг[12], гэрч Х.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд Х.Ш бид хоёр машинаас бууж, би юу болсныг асууж байх хооронд Х.Ш Г рүү дайрсан. Тухайн үед гадаа харанхуй байсан ба нэг мэдэхэд Г нь “энэ хутгатай байна шүү дээ, намайг хутгалчихлаа” гэж орилохоор нь тэдний хажууд очиход Г газар уначихсан, хажууд нь Х.Ш зогсож байсан. А Х.Шын гарт нь байсан хутгыг аваад шидсэн гэсэн” гэх мэдүүлэг[13], гэрч Д.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэг харахад Г Х.Шыг нэг удаа өшиглөсөн. Тэр үед Х.Ш ч машинаас бууж ирээд Гтэй зодолдох явцад  Г Х.Шыг хэд хэдэн удаа цохисон ба Х.Шын хамарнаас цус гарч, нүд нь хавдсан. Х.Ш бид нарт “та нар хүлээж байгаарай” гэж хэлээд машинаараа яваад 10-15 минутын дараа Тын дагуулж ирээд Х.Ш машинаас буунгуут шууд Г руү дайрч,тэр хоёр ноцолдож байх үед Х.Ш доор нь унах шиг болсон. Тэр үед Г “энэ чинь хутгатай байна шүү дээ, намайг хутгалчихлаа" гэж хэлсэн, бид нар ч гүйж очиход Г газарт унасан байсан ба А Х.Шыг барьж авсан” гэх мэдүүлэг[14], гэрч Е.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г шууд Х.Шын машины жолооч талын хаалга руу очоод Х.Штай юм яриад зогсож байгаад түүнийг нэг удаа өшиглөхөд Х.Ш машинаас бууж ирээд Гийг барьж аваад зодолдсон. Х.Ш “та нар хүлээж байгаарай” гэж хэлээд машинаа асаагаад яваад хэсэг хугацааны дараа Тын хамт ирээд Х.Ш Г рүү шууд дайрч тэр хоёр зодолдож байтал Г “Х.Ш хутгатай байна шүү дээ, намайг хутгачихлаа” гэж орилохоор нь гүйгээд очиход Г газарт унасан байсан.” гэх мэдүүлэг[15], шүүгдэгч Х.Г, Х.Ш нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Х.Ш, Х.Г нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүхийн шинжилгээний байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн 2021 оны 3 сарын 02-ны өдрийн 96 дугаартай дүгнэлтээр хохирогч Х.Шын биед тархины битүү гэмтэл, тархины доргилттой, хавантай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, хамрын хөндийд нөжирсөн цустай, зүүн нүдэнд хавдартай, зүүн дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн нүдний салстад цус харвасан, зулайн ар хэсэгт, урд хэсэгт хавдартай, зүүн чамархай хэсэгт хавдартай, дагз хавдартай, зүүн талын гарын чигчий хуруунд, ядам хуруунд зулгарсан шархтай, баруун өвдгөнд шархтай гэмтлүүд учирсан нь тогтоогдсон бөгөөд эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бүгд шинэ гэмтлүүд болох нь эргэлзээгүй тогтоогдсон,

Мөн эрх бүхий шинжээчийн 2021 оны 3 сарын 02-ны өдрийн 97 дугаартай дүгнэлтээр Х.Гийн биед цээжний хөндий нэвтэрч хатгагдсан шарх, баруун уушгинд хатгагдаж гэмтсэн, баруун далны доод хэсэгт ташуу байрлалтай хатгагдсан шарх, баруун гуяны дээд хэсэгт ташуу байрлалтай хатгагдсан шархтай, баруун уушиг шалчийсан, /пневмоторакс/ баруун талын цээжний хөндийд хий хуралдсан гэмтлүүд тогтоогдсон бөгөөд дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн, амь биед аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарах шинэ гэмтлүүд болохыг шинжээч эргэлзээгүй тогтоосон байх тул шүүгдэгч Х.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Шын эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Х.Шын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүд  нь  хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан бөгөөд  шүүгдэгч нар нь харилцан бие биенийхээ эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, шүүгдэгч Х.Г нь хохирогч Х.Шын эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Х.Ш нь хохирогч Х.Гийн эрүүл мэндэд нь хүнд хохирлыг санаатай учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн нь нотлогдож байх ба  уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул Х.Ш, Х.Г нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Шын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн 96 дугаартай дүгнэлтээр нотлогдож байх бөгөөд хохирогч Х.Шт учирсан дээрх гэмтлийг Х.Г учруулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Гийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Х.Ш нь  2021 оны 2 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө шүүгдэгч Х.Гэд зодуулсныхаа дараа уураа барьж тэвчихгүйгээр эвхдэг хутга гарган ирж, хохирогч Х.Гийн баруун далны доод хэсэг, баруун талын гуяны дээд хэсэгт тус тус 2 удаа хутгалж, “цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн” амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн нь тогтоогдсон байна.

“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгох ба зэвсэг гэх ойлголтод галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль ч төрлийн зэвсэг багтана.

 Шүүгдэгч Х.Ш нь гэмт хэрэг үйлдэхдээ хүйтэн зэвсэг буюу хутга хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар тогтоогджээ.

Тодруулбал  шүүгдэгч Х.Ш нь шүүгдэгч  Х.Гэд зодуулсны улмаас ир үзүүртэй хутгаар, Х.Гийг хоёр удаа хутгалж, түүний биед баруун талын гуяны дээд хэсэг, цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэх гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Х.Шыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул  шүүгдэгч Х.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

            Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.Гийн зүй бус, буруутай үйлдэл шууд нөлөөлсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Учир нь шүүгдэгч Х.Г нь 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Х.Шыг найзын хувьд уулзая гэж дуудахад завгүй гээд татгалзсан хирнээ найз Ж.Атай зав гарган уулзсан хэмээн  Х.Шт уурлаж, түүний нүүрэнд 2 удаа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон нь тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.Г нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, харин шүүгдэгч Х.Ш нь тухайн өдөр гэрч Ж.Аын хамт пиво уусан гэж мэдүүлсэн боловч түүний цусанд этилийн спирт илрээгүй, гэмт хэрэг үйлдэгдэх үед эрүүл байсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр[16] нотлогдож байх тул шүүгдэгч Х.Шыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.

            Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.Ш нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Гэд гэмт хэргийн хор уршигт 1.197.000 төгрөг, шүүгдэгч Х.Г нь хохирогч Х.Шт гэмт хэргийн хор уршигт 100.000 төгрөг тус тус төлж барагдуулсан болох нь тэдний мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд  Х.Г, Х.Ш нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “Бид сайн найзууд бөгөөд бие биенийгээ уучилж, эвлэрсэн, хэн аль нь хохирлоо бүрэн төлүүлж авсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй” гэж мэдүүлснийг үндэслэн энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Ш, Х.Г нараас гаргуулах хохирол, төлбөр байхгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Ш, Х.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Х.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,шүүгдэгч Х.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдэнд холбогдох зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт, шүүгдэгч Х.Шын үйлдсэн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт тус тус хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Х.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналыг гаргасан,

Шүүгдэгч Х.Гийн өмгөөлөгч Т.Б Х.Гийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгч Х.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул торгох ялын доод хэмжээ оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тус тус гаргасан байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, шүүгдэгч Х.Гийн хувийн байдлыг тогтоосон баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Г нь 2000 онд төрсөн, 21 настай, одоогоор  аав, ээж, дүү нарын хамт Баяннуур сумын 3-р багт амьдардаг, сумын заан цолтой, бөхийн спортоор хичээллэдэг болох нь тогтоогдож байх ба тэрээр урьд Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 23-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Х.Шт 100.000 төгрөг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

Шүүгдэгч Х.Г нь хувийн байдлын хувьд урьд энэ төрлийн гэмт хэрэгт торгох ял шийтгүүлж байсан боловч тэрээр дахин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэх нь Х.Гийг дахин гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд шүүгдэгч Х.Гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд түүний зүй бус, буруутай үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдал, мөн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч Х.Штай эвлэрсэн зэргийг тал бүрээс нь  харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Гэд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Шт 6 жилийн хугацаагаар хорих оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

Шүүгдэгч Х.Шын өмгөөлөгч А.С эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Х.Шын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Х.Ш нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан үеэс эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж, оногдуулах ялыг багасгаж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 4 сарын хорих ял оногдуулж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч Х.Ш нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, шүүгдэгч Х.Шын хувийн байдлыг тогтоосон баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Ш нь 1999 онд төрсөн, 22 настай, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсын тэтгэлгээр Л.Н.Гумилёвын нэрэмжит Еврази Үндэсний их сургуулийн өдрийн ангид “Иргэний болон үйлдвэрлэлийн барилга” мэргэжлийн 1-р курст суралцдаг оюутан болох нь тогтоогдож байна.

Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт дэлхий даяар тархаж буй короновириусын халдварын нөхцөл байдлын улмаас Монгол Улсад ирж, онлайн хэлбэрээр суралцаж байгаад энэ гэмт хэрэгт холбогдсон талаар тайлбарласан ба Х.Ш нь ерөнхий боловсролын сургуульд суралцаж байх үеэс эхлэн бөхийн спортоор хичээллэн сум, аймаг, улсын хэмжээнд  нилээдгүй амжилт гаргаж, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын талархал, аймгийн Засаг даргын тамгын газар, боловсролын газар, биеийн тамир спортын газрын өргөмжлөлүүдээр удаа дараа шагнагдан, 2015 онд Монголын сурагчдын холбооны дээд шагнал “Алтан медаль”-иар, аймгийн Биеийн тамир, спортын газрын 2018 оны 5 сарын 07-ны өдрийн А/35 дугаар тушаалаар чөлөөт бөхийн спортын нэгдүгээр зэргээр, 2018 онд “Билге Төгин” бүрэн дунд сургуулийн “Авьяаслаг сурагч” алтан медалиар тус тус шагнагдаж байсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 2-41-р талд авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд түүний эдгээр хувийн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч Х.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан ” гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн”, 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Х.Ш нь урьдаас төлөвлөөгүй гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Х.Гэд гэмт хэргийн хор уршигт 1.197.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч Х.Г нь түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул эдгээрийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.4-д ”Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”-аар тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Х.Шын үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба тэрээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан үеэс эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч Х.Шын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Гэд  амь насанд нь  аюултай хүнд гэмтэл учирсан ч хохирогч нь эмчилгээний үр дүнд эдгэрч, эрүүл мэндийн хувьд хэвийн байдалдаа орсноор гэмт хэргийн хор уршиг арилсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Х.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан заалтыг хэрэглэж, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүхээс шүүгдэгч Х.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал,эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн бор шаргал өнгийн бариултай, 1 ширхэг эвхдэг хутга /тонгорог/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж, хохирогч Х.Гээс гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгчийн карт 1, КТГ-ын зураг 2 ширхэг, CD-2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Х.Гэд, хохирогч Х.Шаас гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгчийн карт 1, КТГ-ын зураг 3 ширхэг, CD-1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Х.Шт тус тус буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Х-н Х.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд,

Шүүгдэгч Совогт Х-ийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Х.Шт 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гэд 500 /таван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Шт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гэд оногдуулсан 500 /таван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Х.Ш нь гэмт хэргийн хор уршигт 1.197.000 /нэг сая нэг зуун ерэн долоо мянга/-н  төгрөгийг хохирогч Х.Гэд, шүүгдэгч Х.Г нь гэмт хэргийн хор уршигт 100.000 /нэг зуун мянга/-н төгрөгийг хохирогч Х.Шт төлснийг тус тус дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

7.  Шүүгдэгч Х.Ш, Х.Г нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хохирогч Х.Гийн амбулаториор эмчлүүлэгчийн карт 1, КТГ-ын зураг 2 ширхэг, CD-2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Х.Гэд, хохирогч Х.Шын амбулаториор эмчлүүлэгчийн карт 1, КТГ-ын зураг 3 ширхэг, CD-1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Х.Шт тус тус буцаан олгож, бор шаргал өнгийн бариултай, 1 ширхэг эвхдэг хутга /тонгорог/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгасугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.Д

 

                     ШҮҮГЧИД                                     Х.Т

 

                                                                                                          Б.Б

 

 

 

 

 

 

 

 

[1] 1-р хх-ийн 5-9-р тал

[2] 1-р хх-ийн 10-12-р тал

[3] 1-р хх-ийн 23-29-р тал

[4] 1-р хх-ийн 30-р тал

[5] 1-р хх-ийн 31-39-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл

[6] 1-р хх-ийн 41-44-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл

[7] 1-р хх-ийн 47-48-р тал

[8] 1-р хх-ийн 56-57-р тал

[9] 1-р хх-ийн 59-60-р тал

[10] 1-р хх-ийн 62-р тал

[11] 1-р хх-ийн 64-64-р тал

[12] 1-р хх-ийн 66-68-р тал

[13] 1-р хх-ийн 70-74-р тал

[14] 1-р хх-ийн 75-77-р тал

[15] 1-р хх-ийн 79-80-р тал

[16] 1-р хх-ийн 100-101-р тал