| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2021/0080/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/85 |
| Огноо | 2021-06-21 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/85
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
Орчуулагч, хэлмэрч А.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д,
Хохирогч Х.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын өмгөөлөгч Т.К,
Шүүгдэгч Д.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ий Еад холбогдох эрүүгийн 2113000840068 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж, ах нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, А овгийн Д-ий Е, регистрийн дугаар: *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Е нь 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр согтуугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт хохирогч Х.Мы эзэмшлийн ***** УББ улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн хойд талын салхины шилийг чулуу шидэн хагалж, бага бус хэмжээнээс дээш буюу 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Д.Е мэдүүлэхдээ:”Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000840068 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Х.Маас зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/,
Хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-4 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, /хх-ийн 30 дугаар хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “А” ХХК-ийн эрх бүхий шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн БӨА ***** дугаартай “2008 онд үйлдвэрлэгдсэн 2018 оны 7 дугаар сарын 23-нд импортлогдсон Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн салхины хойд талын шил 1.500.000 төгрөгийн үнэлгээтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 13-17 дугаар хуудас/,
Хохирогч Х.Мы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Өлгий сумын 13 дугаар багт байрлах гэрийнхээ доод давхарт цай уугаад сууж байтал Р шатахуун түгээх станцын түгээгч залуу ****** дугаараас надруу залгаж “таны машины шилийг нэг залуу чулуу шидээд хагалчихлаа. Та гараад ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гүйж гараад хашааны гадна тавьсан байсан машиныхаа хажууд очиход машины хойд талын салхины шилийг хагалсан байсан бөгөөд чулуу нь машин дотор байсан. Тэгээд харсан чинь замын эсрэг талд нэг залуу гүйгээд явж байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгсний дараа би нөгөө залууг хөөж байтал цагдаа нар ирээд түүнийг бариад авсан. Миний машин 2008 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн,Land cruzer 200 маркийн тээврийн хэрэгсэл ба Т ХХК-аас зээлээр худалдаж авсан тул бичиг баримт нь миний нэр дээр шилжээгүй байгаа. Машины хойд талын салхины шилийг эрх бүхий шинжээч 1.500.000 төгрөгөөр үнэлсний дараа машин худалдаж авсан газар болох “Т” ХХК-аас асуухад миний машины хойд талын салхины шил 1.400.000 орчим төгрөг болно гэж хэлсэн. Машины шилийг хагалсан Д.Е нь надад учирсан хохиролд 1.300.000 төгрөг төлж өгсөн. Үлдэх 200.000 төгрөгийн хохирлыг би нэхэмжлэхгүй. Одоо надад Д.Еаас гаргуулах хохирол төлбөр байхгүй, санал гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч С.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 4 сарын 20-ны өдрийн 15-16 цагийн үед миний нөхөр Х.Мы машин хашааны гадна байсан. Тэгээд би гэрийнхээ 3 давхрын цонхоор харж байтал үл таних нэг залуу манай машин руу чулуу шидэж харагдсан. Би хараад зогсож байтал газраас чулуу аваад нөхрийн машин руу хэд хэдэн удаа шидсэн юм. Энэ үед би доошоо буугаад нөхөртөө хэлэх гээд очиход манай нөхөр машины шил хагарсныг мэдээд гүйгээд оччихсон байсан. Машин руу чулуу шидсэн залууг би зүс таних бөгөөд түүний аав Дүзелген гэдэг хүнийг би таньдаг байсан.Тухайн үйл явдлыг Р шатахуун түгээх станцын түгээгч залуу харж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
Гэрч Т.Х-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр миний бие Өлгий сумын 13 дугаар багт байрлах “Р” ХХК-ийн ШТС-5 дээр ээлжинд гарч байсан. Тухайн өдрийн орой 17 цагийн үед шатахуун түгээх станцын гадна талд тээврийн хэрэгсэлд шатахуун түгээгээд зогсож байтал үл таних, согтуу эрэгтэй хүн замын хажуугаар алхаад явж байгаад миний танил болох Х.М гэх хүний Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидсэн. Тэр залуугийн шидсэн чулуу Х.Мы машины хойд талын салхины шилийг онох шиг болсон. Энэ үед би Х.М руу утсаар ярьж, таны машины хойд талын салхины шилрүү нэг залуу чулуу шидчихээд явчихлаа гэж хэлсэн. Удалгүй Х.М гэрээсээ гарч ирээд замын эсрэг талд зогсож байгаад надаас машин руу нь чулуу шидсэн залууг асуухаар нь зааж өгөхөд Х.М тэр залуугийн араас хөөгөөд явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,
Яллагдагч Д.Еын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн талаар маргахгүй. Тухайн өдөр би цэвэр агаарт алхахаар гэрээсээ гараад Монгол Турк сургууль руу явах зам дагуу явж байтал миний зүс таньдаг залуу тааралдсан. Тэгээд тэр залуу нэг шил архи задалж, бид хоёр уг архийг гэр хорооллын гудамж руу орж хувааж уусан. Архи ууж дууссаны дараа би гэртээ харихаар буцаад явж байсан. Тэгээд цааш нь юу болсон талаар сайн санахгүй байна. Яагаад гэвэл би архи уугаад ухаанаа алдсан байсан. Нэг мэдэхэд цагдаагийн машинд суугаад явж байсан санагдаж байна. Надад Х.М гэдэг хүний машины шилийг хагалах ямарч шалтгаан байхгүй. Согтуудаа ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Хийсэн үйлдлээ санахгүй байгаа ч намайг машины шилийг хагалахыг харсан хүмүүс байгаа учраас би гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хохиролд 1.300.000 төгрөг төлж өгсөн. Уг нь миний хагалсан машины шилийг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн ч би өөрийн боломжийн хэмжээнд 1.300.000 төгрөг төлж, хохирогч Х.Маас уучлалт гуйсан. Үлдэх 200.000 төгрөгийг надаас нэхэмжлэхгүй гэсэн ба би дахин хэзээ ч ийм үйлдэл хийхгүй тул надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.Еын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэв.
Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:
Анхан шатны шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Еын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд:
Шүүгдэгч Д.Еыг бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн тайлбарлаж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д ”Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Е нь 2021 оны 4 сарын 20-ны өдрийн 16-17 цагийн үед архидан согтуурсан үедээ хохирогчийн эзэмшлийн, ***** УББ улсын дугаартай, Land cruser 200 маркийн тээврийн хэрэгслийн хойд талын салхины шилийг чулуугаар цохин хагалж, хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, бусад хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг зөрчиж, түүний эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Тодруулбал Д.Е нь хохирогчийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэн, идэвхтэй үйлдлээр хойд талын шилийг нь хагалсан нь тогтоогдож байх ба хохирогч Х.Мы эзэмшлийн ***** УББ улсын дугаартай, Land cruser 200 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, шүүгдэгч Д.Еын чулуу шидсэн үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгодог байна. Хэрэгт авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Мы эд хөрөнгөд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдож байх ба энэ нь дээрх хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол юм.
Иймд шүүгдэгч Д.Еын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Д.Е нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, төгссөн гэмт хэрэг үйлдсэн байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.Еын хууль бус, идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч Х.Мы эзэмшлийн ***** УББ улсын дугаартай, Land cruser 200 маркийн тээврийн хэрэгслийн хойд талын салхины шил хагарч, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн БӨА ***** дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Д.Е нь хохирогч Х.Мд учирсан эд хөрөнгийн хохиролд 1.300.000 төгрөг төлж барагдуулсан байх ба үлдэх 200.000 төгрөгийг хохирогч нь шүүгдэгч Д.Еаас нэхэмжлэхээс татгалзсан нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Х.Мы шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Еаас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Еад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас санал болгож буй 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж өгнө үү гэж хүссэнийг шүүгдэгч дэмжиж буйгаа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Д.Е нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай болох нь хэргийн 61-62-р талд авагдсан, шүүх сэтгэц, гэм судлалын магадлагаагаар нотлогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Еын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч Д.Еад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хувийн байдлын хувьд тэрээр анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Еын хувийн байдал болон анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол,саналгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Еад 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Е нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэв.
Дөрөв: Бусад асуудлын талаар.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргавал зохих хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комиссод даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Д-ний Еыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Еад 350 /гурван зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Еад оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Е нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Еад оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг түүний оршин суугаа газар болох Баян-Өлгий аймгийн Өлгий суманд эдлүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Д.Е нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Х.Мд 1.300.000 (нэг сая гурван зуун мянга)-н төгрөг төлснийг дурдаж, хохирогч нь үлдэх 200.000 (хоёр зуун мянга)-н төгрөгийг шүүгдэгч Д.Еаас нэхэмжлэхээс татгалзсанаар шүүгдэгч Д.Еаас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзсэнийг дурдсугай.
7. Шүүгдэгч Д.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шилжүүлэх, устгах комисст даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Еад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.Б