| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2021/0088/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/95 |
| Огноо | 2021-07-28 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/95
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн,өмгөөлөгч Д.А,
Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Хн Мнд холбогдох 2013000000080 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, тракторын механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Булган сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Хн Х.М, регистрийн дугаар ******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.М нь 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тус аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу хохирогч Т.Цгийн “С” нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн 1.270.000 / нэг сая хоёр зуун далан мянга/ төгрөг, “Соёрхол” нэртэй 0.5 литрийн архи 4 шилийг хулгайлж, нийт 1.328.000 /нэг сая гурван зуун хорин найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М нь: “Хохирогч Т.Цгийн дэлгүүрт орж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Архи уусны гайгаар ийм хэрэгт холбогдчихлоо. Дэлгүүрээс авсан бэлэн мөнгө, эд зүйлээ буцаан өгч, хохирлыг арилгасан. Хохирогч гомдолгүй болсон тул надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.
Хоёр: Эрүүгийн 2013000000080 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хөх өнгийн хаалганы цоож хийдэг цүү нь хадааснуудаас цугарч гарсан, хаалга талын цүү нь цоожтой цоожлогдсон хадааснаас сугарч гарсан байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-09 дүгээр хуудас/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлгэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р хуудас/,
- Эд зүйл буюу “Соёрхол” нэртэй 0.5 литрийн архи 1 шил болон 1.270.000 төгрөгийг шүүгдэгч Х.Маас хүлээн авч, хохирогч Т.Цд хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-28 дугаар хуудас/,
- Хохирогч Т.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Баян-Өлгий аймгийн Булган сумын 6 дугаар багт нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, өндөр насны тэтгэвэрт байдаг хүн юм. Би өөрөө гэрийн хажууд залгаастай баригдсан “С” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нөхрийн хамт сумын төв рүү хувийн ажлаар явсан байсан. Манай гэрт хүү Болортулга хөдөө адуу хүргэж өгөх ажилтай үлдсэн байсан. Бид айлд байж байхад өдрийн 15 цагийн орчимд сумын төвд байдаг манай том хүү маань утсаар холбогдож “Гэрт үлдсэн дүү залгаж байна. Хөдөө явж ирсэн чинь манай байшингийн хаалгыг хэн нэгэн эвдэж, хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би “чи намайг ирж ав, хоёулаа очиж үзье” гэхэд хэсэг хугацааны дараа том хүү намайг авч явсан. Бид хоёр гэртээ очиж бага хүүгээс юу болсон талаар асууж, дэлгүүр болон гэрийн эд зүйлүүдийг үзэхэд гэрээс эд зүйл алга болоогүй байсан. Харин дэлгүүр дотор байсан “Соёрхол” нэртэй архинаас 4 ширхэг байхгүй байсан. Мөн цүнхэн доторх түрийвчинд хийгээд явсан 1.300.000 төгрөг байгаа болов уу гэж үзсэн чинь байхгүй байсан болохоор цагдаад мэдэгдсэн. ...Гэрийн хаалганд байсан цоожийг ямар нэгэн зүйлээр цохиж эвдсэн байсан боловч цоожны цүү хэсэг нь махийсан байгаа болохоор цүүг нь тэгшлээд дахин хэрэглэх боломжтой, цоожлоод түлхүүрээр нь онгойлгож болж байгаа. Тухайн өдөр намайг сумын төвд явж байхад Х.Т,, Х.М нар утсаар ярьж дэлгүүрээс юм авмаар байна гэхээр нь гэрт хүн байхгүй, бид сумын төвд явж байна гэж хэлсэн юм. Х.М нь дэлгүүрээс авсан бэлэн мөнгө, архийг буцаан өгч, бүх хохирлыг арилгасан тул одоо нэхэмжлэх зүйлгүй, ямарч санал гомдолгүй. Х.Мд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
- Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өглөө 09 цаг өнгөрч байхад хашаан дотор байсан ахын адууг тус сумын 7 дугаар багийн “И" гэх газар луу хүргүүлэхээр гарсан байсан юм. Гэрт надаас өөр хүн байхгүй болохоор гэрийн хаалгыг цоожоор цоожлоод гарсан. Тэгээд өдрийн 18 цагийн орчимд гэрт буцаж орж ирэхэд гэрийн гадна талын хаалганд байсан цоожлоод явсан цоож эвдэрсэн байлаа. Тэрээр ээж маань ахын хамт 21 цагийн орчимд гэрт ирж надаас юу болсон талаар асууж гэр болон дэлгүүрт байгаа эд зүйлүүдийг бүрэн эсэхийг шалгахад 3, 4 шил “Соёрхол” нэртэй архи байхгүй юм шиг харагдсан. Тэгээд ээж маань дэлгүүр дотор үлдсэн миний гар цүнх дотор түрийвчинд байсан мөнгө байгаа болов уу гэж үзэхэд мөнгө байхгүй байсан. Тухайн үед ээж маань түрийвч дотор 1.300.000 төгрөг бэлнээр байсан гэж хэлээд мөнгийг хулгайд алдсан байна гээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч Х.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэрт ирж унтаж амраад сэрэхэд өдрийн 15 цагийн орчимд гар утсаар надруу Х.М залгаж хаана байна гэхээр нь гэрт байна гэж хэлсэн. Тэгвэл хоёулаа нэг шил архи хувааж уух уу надад архи байна гэж хэлсэн. Би Х.Мы гэрт ганцаараа очиход гэрийн гадаа байсан 3ИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийн дотор тэр ганцаараа сууж байсан. Тэгээд хоёулаа хамт машинд сууж Мы гаргаж ирсэн “Соёрхол” нэртэй 0.5 граммын нэг шил архийг хувааж уусан. Архи ууж байгаад Х.Маас архийг хаанаас авсан талаар асуухад Булган сумын төвөөс авхуулсан гэж хэлж байсан. Х.Мтай архи ууж дуусаад гэртээ ирэхэд “С” хүнсний дэлгүүрийн эзэн Т.Ц манай эхнэртэй утсаар ярьж, манай дэлгүүрт хулгай орсон байна, танай нөхөр өдрийн цагаар хүүхэдтэйгээ хамт манай дэлгүүрт очсон байна, ямар нэгэн юм үзэж харсан болов уу гэж асуухад манай эхнэр Цд мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би Х.М нь надтай хамт уусан “Соёрхол” нэртэй архийг хаанаас авсан юм бол гэж бодож байгаад Х.Мы эхнэр лүү утсаар залгаж, манай багийн төвийн “С” нэртэй хүнсний дэлгүүрт хулгай орсон гэж байна, Х.М бид хоёрыг хамт явсан гэж хүмүүс хэлээд байна. Х.М нь түрүүн намайг дуудаж, бид хоёр “Соёрхол” нэртэй архи хувааж уусан. Тэр архийг хаанаас авсныг асуугаад өгөөч гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Х.Мы эхнэр надруу залгаж, Х.Мы халааснаас бэлэн 1.270.000 төгрөг гарч ирлээ, та хоёрын сууж архи уусан машины дотроос 1 шил “Соёрхол” нэртэй архи гарч ирлээ гэж хэлсэн. Би тэгэхэд нь тэгвэл наад зүйлүүддээ битгий хүрээрэй, эзэнд нь буцааж өгье гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Назгүль бид хоёр Х.Мы гэрт очиж хамаатан эгч болох Н.Мын хамт “С” нэртэй хүнсний дэлгүүрээс Х.Мы хулгайлж авсан 1.270.000 төгрөг болон 1 шил “Соёрхол” нэртэй архийг дэлгүүрийн эзэн Т.Цд хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
- Гэрч Ш.Назгүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний нөхөр болох Х.Т бид хоёр X Мийн гэрт очиж, хамаатан эгч болох Н.Мын хамт “С” нэртэй хүнсний дэлгүүрээс Х.Мийн хулгайлж авсан 1.270.000 бэлэн мөнгө болон нэг шил “Соёрхол” нэртэй архийг дэлгүүрийн эзэн Т.Цд хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
- “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн БӨА-21/109 дугаартай шинжээчийн дүгнэлт, түүний хавсралт /хх-ийн 34-37 дугаар хуудас/,
- Х.Мы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, согтуудаа асуудал гаргасандаа гэмшиж байна, би бүх хохирлыг төлсөн байгаа. ...2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед архи олж уумаар санагдаад “С” дэлгүүрийн эзэн Ц руу залгахад би сумын төвд явж байна, гэрт манай бага хүү байгаа гэж хэлсэн. Тэгээд би “С” дэлгүүрт ганцаараа очиход цоожтой байсан, тэгэхээр би цүүг нь гараараа мушгиж цоожийг татахад онгойсон юм. Тэгээд дэлгүүр рүү дотогш орж лангуу дээр байсан 4 шилтэй Соёрхол нэртэй архийг аваад гарах гэж байхад улаан өнгийн түрийвч байхаар аваад харахад нэлээд их мөнгөтэй байсан. Тэгээд би уг түрийвчийг аваад архийг аваад гарсан. ...Хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж харамсаж байна. Тухайн үед архи уусан байсан болохоор ийм хэрэг хийчихлээ, дахин хэзээ ч хэрэгт холбогдохгүй, надад нэг удаа боломж олгож хөнгөлөлт үзүүлнэ үү, би урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Хохирогчоос уучлалт гуйж, авсан эд зүйл, бэлэн мөнгийг буцааж өгч, хохиролгүй болгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Мы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Шүүгдэгч Х.Мыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, шүүгдэгч Х.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг түүний өмгөөлөгч Д.А дэмжиж, эрүүгийн хариуцлагын хуралдаанд “Х.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д заасан журмыг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Х.М 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган сумын 6 дугаар багт байрлах хохирогч Т.Цгийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий “С” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 1.270.000 төгрөг, “Соёрхол” нэртэй 4 шил архи зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1], эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2], эд зүйл буюу “Соёрхол” нэртэй 0.5 литрийн архи 1 шил болон 1.270.000 төгрөгийг шүүгдэгч Х.Маас хүлээн авч, хохирогч Т.Цд хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд[3], эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[4], хохирогч Т.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Том хүү бид хоёр гэртээ очиж бага хүүгээс юу болсон талаар асууж, дэлгүүр болон гэрийн эд зүйлүүдийг үзэхэд гэрээс эд зүйл алга болоогүй байсан. Харин дэлгүүр дотор байсан “Соёрхол” нэртэй архинаас 4 ширхэг, мөн түрийвчинд байсан 1.300.000 төгрөг байхгүй байсан, цоожийг ямар нэгэн зүйлээр цохиж эвдсэн байсан. Х.М нь дэлгүүрээс авсан бэлэн мөнгө, архийг буцаан өгч, бүх хохирлыг арилгасан тул одоо нэхэмжлэх зүйлгүй, ямарч санал гомдолгүй” гэх мэдүүлэг[5], гэрч Д.Болортулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өглөө 09 цаг өнгөрч байхад хашаан дотор байсан ахын адууг тус сумын 7 дугаар багийн “И" гэх газар луу хүргүүлэхээр гарсан байсан юм. Гэрт надаас өөр хүн байхгүй болохоор гэрийн хаалгыг цоожоор цоожлоод гарсан. Тэгээд өдрийн 18 цагийн орчимд гэрт буцаж орж ирэхэд хаалганы цоож эвдэрсэн байсан. Гэр болон дэлгүүрт байгаа эд зүйлүүдийг бүрэн эсэхийг шалгахад 3, 4 шил “Соёрхол” нэртэй архи байхгүй байсан. Удалдгүй ээж гэрт ирээд түрийвчинд байсан 1.300.000 төгрөг алга болсон байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг[6] , гэрч Х.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.Мтай архи ууж дуусаад гэртээ ирэхэд “С” хүнсний дэлгүүрийн эзэн Т.Ц манай эхнэртэй утсаар ярьж, манай дэлгүүрт хулгай орсон байна, танай нөхөр өдрийн цагаар хүүхэдтэйгээ хамт манай дэлгүүрт очсон байна, ямар нэгэн юм үзэж харсан болов уу гэж асуухад манай эхнэр Цд мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би Х.М нь надтай хамт уусан “Соёрхол” нэртэй архийг хаанаас авсан юм бол гэж бодож байгаад Х.Мы эхнэр лүү утсаар залгаж, манай багийн төвийн “С” нэртэй хүнсний дэлгүүрт хулгай орсон гэж байна, Х.М бид хоёрыг хамт явсан гэж хүмүүс хэлээд байна. Х.М нь түрүүн намайг дуудаж, бид хоёр “Соёрхол” нэртэй архи хувааж уусан. Тэр архийг хаанаас авсныг асуугаад өгөөч гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Х.Мы эхнэр надруу залгаж, Х.Мы халааснаас бэлэн 1.270.000 төгрөг гарч ирлээ, та хоёрын сууж архи уусан машины дотроос 1 шил “Соёрхол” нэртэй архи гарч ирлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг[7], гэрч Ш.Назгүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний нөхөр болох Х.Т бид хоёр X Мийн гэрт очиж, хамаатан эгч болох Н.Мын хамт “С” нэртэй хүнсний дэлгүүрээс Х.Мийн хулгайлж авсан 1.270.000 бэлэн мөнгө болон нэг шил “Соёрхол” нэртэй архийг дэлгүүрийн эзэн Т.Цд хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг[8], шүүгдэгч Х.Мы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед архи олж уумаар санагдаад “С” дэлгүүрийн эзэн Ц руу залгахад би сумын төвд явж байна, гэрт манай бага хүү байгаа гэж хэлсэн. Тэгээд би “С” дэлгүүрт ганцаараа очиход цоожтой байсан, тэгэхээр би цүүг нь гараараа мушгиж цоожийг татахад онгойлгоод дотогш орж лангуун дээр байсан 4 шилтэй Соёрхол нэртэй архийг аваад гарах гэж байхад улаан өнгийн түрийвч байхаар аваад харахад нэлээд их мөнгөтэй байсан. Тэгээд би уг түрийвчийг аваад архийг аваад гарсан. ...Хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйж, авсан эд зүйл, бэлэн мөнгийг буцааж өгч, хохиролгүй болгосон” гэх мэдүүлэг[9] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д” Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд хуульчлан тодорхойлсон байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д ”Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгай хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хохирлын хэмжээнээс үл хамааран хүндрүүлэн зүйлчлэхээр заасан байна.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Х.М нь 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүнсний зүйл худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг хохирогч Т.Цгийн “С” нэртэй дэлгүүрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 1.270.000 төгрөг, 4 шил “соёрхол” нэртэй архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг эд зүйлийг өөрийн үзэмжээр захиран зарцуулсан,захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлсэн байх ба түүний үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангаж байх тул прокуророос Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна. йна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Х.Мыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлт, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай
Шүүгдэгч Х.Мы гэмт үйлдлийн улмаас хохирогч Т.Цд 4 шил “Соёрхол” нэртэй архи /4х14.000=58.000/, бэлэн 1.270.000 төгрөгийн хохирол учирсан буюу нийтдээ 1.328.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Х.М нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Цд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулснаар хохирогч Т.Ц нь “Шүүгдэгч Т.Маас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэдгээ илэрхийлсэн[10] байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Маас гаргуулж хохирогчид олгох хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Мы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Х.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” , 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч Х.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэргийн 57-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Х.Мд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх дүгнэлтийг гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А нь шүүгдэгч Х.Мы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, гаргуулах хохирол төлбөргүй, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан улсын яллагчийн санал болгосон 2 жилийн хорих ялыг багасгаж оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээ хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Мы үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Х.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хор уршиг болох 1.328.000 төгрөгийг хохирогч Т.Цд бүрэн төлж барагдуулснаар хохирогч нь Х.Маас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Аээс гаргасан саналыг хүлээн авч, Х.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялын доод хэмжээ оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Х.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Өршөөл үзүүлэх тухай хуульд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж, 4.2-д “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж,
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Х.М нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Т.Цгийн “С” нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж, шүүхээс Х.Мыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан 1 жилийн хорих ял шийтгэж, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн, шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Маас гаргуулах хохирол төлбөргүй, Х.М нь урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 7 дугаар зүйлийн 7.2-д заасантай тус тус нийцэж байна.
Иймд шүүгдэгч Х.Мы анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, ял шийтгүүлсэн зүйл, хэсэг зэргийг тус тус харгалзан үзэж, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн 6.4, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн өршөөлд хамруулан, түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Х.Мы эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, түүнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх ажиллагаанд хяналт тавьж биелэлтийг хангуулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн төмөр цоож 1 ширхэгийг хохирогч Т.Ц нь ашиглах боломжтой гэж мэдүүлснийг үндэслэн түүнд буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Мыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуульд хамруулж, түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Х.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3, 12.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Х-н Мыг “Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Мд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Х.М нь хохирогч Т.Цд учруулсан 1.328.000 (нэг сая гурван зуун хорин найман мянга)-н төгрөгийн хохирлыг бүрэн төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол төлбөргүйг дурдсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн төмөр цоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Т.Цд буцаан олгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйл, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1,4.2, 6 дугаар зүйлийн 6.4, 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгч Х.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Х.Мы нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 (нэг) жил зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, түүнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
8. Шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх ажиллагаанд хяналт тавьж биелэлтийг хангуулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА