Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/94

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Д,

Орчуулагч, хэлмэрч Б.Ак,

Хохирогч М.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч С.Н,

Шүүгдэгч З.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Тэд холбогдох эрүүгийн 2113000000094 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 9 сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг, Хөх хад гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, У-х овгийн З-ийн Т, регистрийн дугаар: *******

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  З.Т нь 2021 оны 5 сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг “Ө” гэх газарт М.Сы эзэмшлийн ****** БӨН улсын дугаартай “Toyota corolla” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан өөрийн эхнэр М.Өийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч З.Т мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000030023 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Иргэн К.Г-аас 2021 оны 05 сарын 29-ний өдөр гаргасан “Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ****** БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсон байна” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-07 дугаар хуудас/,

Хохирогч М.Өийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тус өдөр нөхөр З.Тийн хамтаар өөрийн төрсөн дүү М.Сы ****** БӨН улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслээр 3 хүүхдээ дагуулаад Толбо нуурын амралтын газарт амрах зорилготой 11 цагийн үед манай аавын гэрээс дүүгийн машиныг аваад шууд явсан. Тэгээд нөхөр З.Т машин жолоодсон ба би урд талын суудалд бага охин Т.М-а 1 настай хүүхдээ урдаа суулгаад явж байсан ба аймгийн төвөөс нэлээд холдсон байхад манай дунд охин Т.А нойр нь хүрээд унтах гээд уйлагнаад байсан. Нөхөр З.Т эргэж хараад охиноо аргадах гээд Арай гээд нэрийг нь дуудахаар нь би чи замаа хараачээ гээд нөхөртөө хэлэх үед машин замын хөвөө рүү гараад буцаад замруу орсон ба ахиад замаас гарч замын хөвөөгөөр явж байгаад замын баруун талруу онхолдох шиг болсон би машин замаас гарах гэж байх үед хүүхдээ чанга тэвэрсэн тэгээд цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлгийн машин дотор явж байсан ба хажууд бага охин З.Мадина уйлаад байж байсан байхаар нь түүнийг өөртөө авах гэхэд миний баруун талын гар ерөөсөө хөдлөхгүй байсан. Тэгээд ахиад ухаан алдсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний нөхөр зам тээврийн ослыг санаатайгаар үйлдээгүй учраас нөхөртөө гомдох зүйл байхгүй. Мөн нэхэмжлэх зүйл ч байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Иргэний нэхэмжлэгч М.Сы “З.Т нь 2021 оны 5 сарын 29-ний өдөр эхнэр хүүхдийн хамтаар Толбо амралтын газарт очиж амрахаар миний ****** БӨН улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийг манай гэр болох Өлгий сумын 9 дүгээр багт байрлах хашаанаас авч явсан байсан. Энэ талаар надад тухайн өдрийн өглөө утсаар мэдэгдсэн би ажил дээрээ байсан учраас машин аваад явахыг зөвшөөрсөн. Тэгээд өдөр 14 цаг 30 минутын үед ээж А.С надруу утсаар залгаад хүргэн ах З.Т, эгч М.Ө нар Толбо нуурын амралтын газарлуу явж байгаад замдаа осолд орсон байна гэж хэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/

Гэрч К.Г-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2021 оны 5 сарын 29-ний өдөр тус аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг  Өмнөгол гэх газарт айлын цайллаганд очихоор аймгийн төвөөс 12 цаг 40 минутын үед хөрш айлын 4 хүн надтай нийлээд 5 хүн “Тоёота камри” маркийн 45-47 БӨТ улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд замд явж байхад аймгийн төвөөс гараад 29 км явж байхад замын баруун гар талд 1 эрэгтэй, 2 хүүхэдтэйгээ машин зогсоосон ба цаана нь замын баруун талд шаргал өнгийн ****** БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсон дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай байсан тул машинд байсан хүмүүсийг буулгаад ганцаараа машинтайгаа ойролцоо өндөрлөг газар сүлжээ байна уу үгүй юу гэж сүлжээ хайхад сүлжээ олдохгүй байсан. Тэгээд замын баруун талд байрлах уулын бэлд нэг айл байхаар нь тэдний гэрт очиход Жи мобайлын сүлжээ барьж байсан учраас Цагдаагийн газрын 7042102, 7042103, дугаарын утас руу залгаж ослын талаарх дуудлага мэдээллийг өгсөн. Тэгээд дуудлага өгчхөөд буцаж ирээд цагдаа эмнэлэгт дуудлага өгчихлөө одоо удахгүй ирэх байх гэж нөгөө машин зогсоосон залууд хэлээд явсан. Намайг очиж харахад тээврийн хэрэгслийн 4 дугуйн дээшээ харсан байдалтай нэг эмэгтэй машины наана шоконд орсон байдалтай хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 5 сарын 31-ний өдрийн 247 дугаартай “иргэн М.Өийн биед цээжний битүү гэмтэл, баруун талын уушгины доод хэсгээр нэвчдэстэй сүүдэртэй, баруун талын 2,3,4,5,6 дугаар хавиргануудын хугаралттай, далны дэлбэн хугаралттай, цээжний баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн М.Өийн дээрх гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах, механизмаар үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад удаан нөлөөлнө. Иргэн М.Өийн дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 53 дугаар хуудас/,

Осолд өртсөн автомашины эвдрэл, гэмтлийг тогтоосон техникийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-80-р хуудас/,

Хохирогч М.Өийн Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 18-32-р хуудас/,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-ийн 166-168 хуудас/,

Шүүгдэгч З.Тийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ” Миний бие 2021 оны 5 сарын 29-ний өдөр 11 цаг өнгөрөөд аймгийн төвөөс хадам дүүгийн машинаар эхнэр 3 хүүхэдтэйгээ цуг Толбо нуурын амралтын газар орж, амрах зорилгоор гарсан. Толбо нуур явах замдаа нэг удаа зогсож, хүүхдүүдээ бие засуулсан. Уг нь анх эхнэр маань 3 хүүхэдтэйгээ цуг машины хойд суудалд сууж явж байсан. Тэгээд зогсож хүүхдүүдээ бие засуулсны дараа эхнэр маань машины урд, жолоочийн туслах талын суудалд 1 нас, 3 сартай Мадинаг урдаа аваад суусан. Тэгээд цаашаагаа хөдлөөд хэсэг явж байтал нэг хүүхэд маань уйлахаар нь би хойшоо харахад Арай гэх нэртэй хүүхэд маань уйлаад сууж байсан. Эхнэр маань надад замруугаа хараачээ гэж орилох үед нь урагшаа замруугаа харахад машин засмал замаас гарч, замын хөвөөнд явж байсан ба урд томхон чулуу байхаар нь дарж байгаад тормоз гишгэх гээд сандарч хаазаа гишгэхэд машин хүчээр замаас гараад хоёр гурав онхолдох шиг болсон. Тухайн үед би нэлээн сандарсан байдалтай ухаан санаагаа алдсан. Тэгээд машин таазаараа унасан ба машин дотор Арай, Айзере хоёр харин эхнэр маань бага хүүхэдтэйгээ машины гадна байсан. Тэгээд зам дагуу явж байсан машиныг зогсоогоод түргэн тусламж дуудуулсан. Надад жолоодох эрхийн ВС ангиллын үнэмлэх байгаа ба би 2017 онд жолооны шалгалт өгч авсан. Хүчинтэй хугацаа нь 2027 онд дуусна. Тухайн ослын улмаас надад болон миний 3 хүүхдэд ямар нэгэн гэмтэл учраагүй. Харин эхнэр М.Өийн бие хүндэвтэр гэмтэл учирсан. Эхнэр маань ослын дараа эмнэлэгт хэвтээд бүрэн эдгэрсэн. Машин хадам дүүгийнх бөгөөд дүү маань надаас машин нь эвдэрсэнтэй холбоотой ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Миний анхаарал болгоомжгүйгээс ийм хэрэг гарсанд харамсаж, гэмшиж байна.Надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг /хх-ийн 180-180 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

            Шүүгдэгч З.Тийн хувийн байдлын талаар:

            -Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 125 дугаартай “З.Тийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй” тухай тодорхойлолт /хх-ийн 183-р хуудас/,

            -Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн засаг даргын “Завкей овогтой Т, ам бүл 5,тус багийн 25-19 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг” гэх тодорхойлолт /хх-ийн 187 дугаар хуудас/,

            -Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 190-191-р хуудас/,

З.Тийн нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-ийн 192-р хуудас/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 193-р хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гурав : Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.Тийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч З.Тийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З.Тийг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч З.Т  нь шүүх хуралдаанд “Гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна” гэсэн тайлбар гаргасныг түүний өмгөөлөгч П.Н-п дэмжин оролцож, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар улсын яллагчтай маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч З.Т нь 2021 оны 5 сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг “Ө” гэх газарт М.Сы эзэмшлийн ****** БӨН улсын дугаартай “Toyota corolla” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйл “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас өөрийн эхнэр болох хохирогч М.Өийн  биед  цээжний битүү гэмтэл, баруун талын уушгины доод хэсгээр нэвчидэстэй сүүдэртэй, баруун талын 2,3,4,5,6 дугаар хавиргануудын хугаралттай, далны дэлбэнгийн хугаралт, цээжний баруун талд хөх ягаан туяатай цус хуралт бүхий  хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар   нотлогдон тогтоогдсон байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч З.Т нь энэ дүрмийг зөрчсөний улмаас хохирогч М.Өийн биед хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

З.Тийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Өийн биед цээжний битүү гэмтэл, баруун талын уушгины доод хэсгээр нэвчидэстэй сүүдэртэй, баруун талын 2,3,4,5,6 дугаар хавиргануудын хугаралттай, далны дэлбэнгийн хугаралт, цээжний баруун талд хөх ягаан туяатай цус хуралт зэрэг  гэмтэл учирсан ба энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 дахь хэсэгт хамаарах хүндэвтэр гэмтэл болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Хайратын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн  247 дугаартай шинжээчийн дүгнэлтээр  эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон  байна. 

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч З.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай хандсан байх бөгөөд харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч М.Өийн биед учирсан хүндэвтэр гэмтлийн хооронд шалтгаант холбоо байна гэж шүүх  үзлээ.

Иймд шүүгдэгч З.Тэд холбогдуулан үйлдсэн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч З.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч З.Тийн  анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Заяабаатар нь 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэргийн газарт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч З.Тийг “Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б / хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална. Тайлбар: Суурин газарт суудлын таксигаар хүүхдийг тээвэрлэх тохиолдолд дээрх шаардлагыг биелүүлэх боломжгүй бол насанд хүрсэн хүн өвөр дээрээ тэвэрч зөвхөн арын суудалд авч явахыг зөвшөөрнө. Мөн хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхийг зөвшөөрнө” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон байна” гэх магадлагааг гаргасан байна.

Мөрдөгч Б.Заяабаатарын гаргасан дээрх магадалгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч З.Тийн үйлдлийн улмаас хохирогч М.Өийн биед хүндэвтэр хохирол учирсан байх боловч шүүгдэгч, хохирогч нар нь нэг гэр бүлийн гишүүд тул хохирогч М.Ө шүүх хуралдаанд биечлэн оролцож, өөрийн нөхөр З.Тэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгч М.Сы зүгээс мөн шүүгдэгч З.Тээс нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.Тээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч З.Тэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д”Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 5.1 дүгээр зүйлийн 1-д ”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч З.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.Тийн  үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч З.Т хувийн байдлын хувьд ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч З.Тэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан” гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж үзлээ.

Учир нь шүүгдэгч З.Т нь  урьдаас төлөвлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна. Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар З.Т нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь нотлогджээ.

Мөн тэрээр зам тээврийн ослын дараа хохирогч М.Өт шууд эмнэлгийн тусламж үзүүлж, хохирогч нь Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж, эмчилгээний үр дүнд биеийн байдал нь эдгэрч, хэвийн байдалдаа орсон байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг шүүгдэгч З.Тэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Иймд шүүгдэгч З.Тийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нь гэмт хэрэгт холбогдох үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн  хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгж буюу 15000 төгрөгийг  1 хоногоор тооцож,  хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг батлан, уг хууль 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж, 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,

3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна”, 3.1.2-д “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.“ гэж, 12 дугаар зүйлийн 12.8-д “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.”гэж тус тус заажээ.

Шүүгдэгч З.Тийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлд заасан “Ялаас өршөөн хасах”, 7 дугаар зүйлд заасан “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих“, 9 дүгээр зүйлд заасан “Өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл”-д хамаарахгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд шүүгдэгч З.Т нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 5 дугаар сарын 29-ний өдөр 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч З.Тээс гаргуулах хохирол төлбөр байхгүй зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-д нийцэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Тэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дөрөв: Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч З.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З.Тэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогтой З-йн Тийг  авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд сайн дураараа биелүүлэхийг мэдэгдэж, уг хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч З.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох шийтгэлээс бүхэлд нь  өршөөн хэлтрүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.Тэд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.Б