Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/90

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

орчуулагч, хэлмэрч А.А,

улсын яллагч Я.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е,

шүүгдэгч Х.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.р овогт Д-ы Ж-д холбогдох эрүүгийн 2113000920097 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 8, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С.р овогт Д-ы Ж-, регистрийн дугаар БЛ...........

Шүүгдэгч Д.Ж- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутагт 2021 оны 05 дугаар сарын 15-ны шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр өөрийнхөө эзэмшлийн ****** БӨҮ улсын дугаартай “Верна Аксент” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчиж, уулзвар нэвтэрч хохирогч С.С-ын жолоодож явсан улсын дугааргүй “Даюун” загварын мотоциклтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч С.С-ын эрүүл мэндэд хүнд, хохирогч Б.Е-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдэж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Д.Ж- мэдүүлэхдээ:  “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв. 

Хоёр: Эрүүгийн 2113000920097 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-08-рх/,

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-11, 14-16, 76-82-рх/,

3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13, 89- 95-рх/,

4. Цагдаагийн газрын бүртгэл хяналтын төвөөс жолоочийн үнэмлэхтэй эсэхийг лавласан лавлагаа /хх-ийн 25-рх/,

5. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 96-рх/,

6. Хохирогч С.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 99-100, 102-рх/,

7. Хохирогч Б.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 106-107, 109, 111-рх/,

8. Гэрч Ж.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 117-118-рх/,

9. Гэрч Г.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 124-рх/,

10. Гэрч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 121-122-рх/,

11. Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 228 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-45-рх/,

12. Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 229 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56-рх/,

13. 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 165-166-рх/,

14. Шүүгдэгч Д.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 186-187-рх/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Ж-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Ж-ыг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, “Гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч Д.Ж-аас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүгдэгч Д.Ж-ы гэм буруугийн талаар маргахгүй, өршөөлд хамруулж өгнө үү гэж тайлбарласан болно.

Шүүгдэгч Д.Ж- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутагт 2021 оны 05 дугаар сарын 15-ны шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр өөрийнхөө эзэмшлийн ****** БӨҮ улсын дугаартай “Верна Аксент” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчиж, уулзвар нэвтэрч хохирогч С.С-ын жолоодож явсан улсын дугааргүй “Даюун” загварын мотоциклтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч С.С-ын эрүүл мэндэд хүнд, хохирогч Б.Е-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдэж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан:

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-08-рх/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 09-11, 14-16, 76-82-рх/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13,89-95-рх/,

- Цагдаагийн газрын бүртгэл хяналтын төвөөс жолоочийн үнэмлэхтэй эсэхийг лавласан лавлагаа /хх-ийн 25-рх/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 96-рх/,

- Хохирогч С.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед найз Б.Е- манай гэрт мотоциклтэй ирсэн. Тэгээд би шөнийн 01 цагийн орчим гэрээсээ Б.Е-ын хамт найз Е.Е-ээс чихэвч авч ирэх гэж Е.Е-ийн гэр лүү мотоциклийг би өөрөө унаад явсан. Тэгээд төв засмал замаар явж байтал Верна аксент загварын цагаан өнгийн машин баруун талын туслах замаас төв зам руу орох гэж зогсож байсан. Би замаараа явж байтал гэнэт ирээд мөргөсөн. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Маргааш өглөө нь 10 цагийн үед Цэнгэл сумын төв эмнэлэгт сэрсэн. ...аймгийн нэгдсэн эмнэлэгт толгойн томографид ороход толгойн гавал ясанд хугаралттай гэсэн онош гарсан. ...эмчилгээний зардалд Д.Ж- нийт 700.000 /долоон зуун мянга/-н орчим төгрөгийг өгсөн. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100, 102-рх/,

- Хохирогч Б.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед би нагац ах Д.Б-ы улаан өнгийн мотоциклийг зөвшөөрөл авч унаад найз С.С-ын гэрт очсон. Маргааш нь буюу 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өлгий сум руу явах гээд найз Е.Е-ээс чихэвч, гитар авах гэж С.С-ыг дагуулаад гэрээс гарсан. Гэрээс гарахад С.С- мотоциклийг бариад явсан. Сумын төвийн засмал замаар явж байхад Верна аксент загварын цагаан өнгийн машин баруун талын туслах замаас төв зам руу орох гэж хурдтай ирээд зогссон. Тэгээд би найз С.С-д болгоомжтой яваарай баруун талаас машин хурдтай ирж байна гэж хэлсэн. Тэр цагаан өнгийн машин замын хажууд ирээд зогсож байхад С.С- тэр машины хажуугаар өнгөрөөд гарах гэж байтал тэр машин гэнэт мөргөсөн. Машин мөргөх үед бид хоёр машиныг даваад унасан. ...Ухаан ороод харахад С.С- нь машины цаана хэвтэж байсан бөгөөд машины туслах талаас нэг хүн бууж ирсэн. Машинаас бууж ирэх үед С.С- руу зааж тэр хүнд туслахгүй юм уу. Түргэний машин дуудахгүй юм уу гэхэд тэр хүн за би түргэний машин дуудаад ирье гээд машины туслах тал руу суугаад яваад өгсөн. ...Верна аксент загварын тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалганаас хүн бууж ирсэн ба тэр хүн 18-19 насны эрэгтэй, 180 см өндөр, цэнхэр өнгийн сорочкон цамцтай хүн байсан. ...эмчилгээний зардалд Д.Ж- нийт 160.000 /нэг зуун жар/-н орчим төгрөгийг төлсөн. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107, 109, 111-рх/,

- Гэрч Ж.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...2021 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед нэг цагдаа манай гэрийн гадна ирээд намайг дуудсан. Гэрээс гараад очиход ****** БӨҮ улсын дугаартай Верна аксент загварын тээврийн хэрэгсэл танайх уу, тухайн тээврийн хэрэгсэл сумын төвийн гол замаар дээр хоёр зорчигчтой явж байсан мотоциклтой мөргөлдсөн байна гэж хэлсэн. Тэгээд ****** БӨҮ улсын дугаартай Верна аксент загварын тээврийн хэрэгслийн жолооч осол болсон газрыг орхиж явсан байна гэсэн. ...****** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Д.Ж- ганцаараа явж байсан. Хүү Д.Ж- би айж сандраад хэргийн газрыг орхиод явсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 117-118-рх/,

- Гэрч Г.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 16-ны шөнийн 00 цаг 30 минутын үед Рав-4 загварын ***** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй машинаа би өөрөө жолоодож явж байх үед засмал зам дээр зам тээврийн осол болсон хоёр эрэгтэй хүүхэд зам дээр хэвтэж байсан. Би Сыг таниад машинаа зогсоогоод буугаад очсон чинь тэр хоёр хүүхэд бид хоёрыг Верна аксент загварын цагаан өнгийн машин мөргөчхөөд түргэний эмч нарыг дагуулаад ирнэ гээд явчихлаа гээд замын хажууд явган хүний гарц дээр С.С- бөөлжиж, хажууд нь нэг хүүхэд толгой өвдөж байна гээд сууж байсан. Тэгээд би 10 минутын дотор өөрийнхөө тээврийн хэрэгслээр Цэнгэл сумын төв эмнэлэгт хоёр хүүхдийг хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 124-рх/,

- Гэрч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Зам тээврийн ослын улмаас миний мотоциклийн рам болон бензиний банк, мөн хамгаалах төмөр нь махийсан байсан. Мотоциклийн мөргөсөн гэх тээврийн хэрэгслийн жолооч болох Д.Ж- нь надад мотоциклээ янзлуулж аваарай гээд 100.000 /нэг зуун мянга/-н төгрөг өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг/хх-ийн 121-122-рх/,

- Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “...С.С-ын биед гавал тархины битүү гэмтэл, тархины няцралттай, дагз, зулай чамархай ясыг хамаарсан шугаман хугаралттай, баруун чамархай хэсэгт хавдартай, баруун шууны гадна хэсэгт шалбарсан, баруун тохойны гадна талд, зүүн өвдөгний урд хэсэгт, зүүн гарын дунд хурууны 1 шивнүүрийн үенд, зүүн талын долоовор хуруунд тус тус шалбарсан гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн С.С-ын биед үүссэн гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. Иргэн С.С-ын дээрх гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно. Иргэн С.С-ын дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т, 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтанд удаан нөлөөлөх болно” гэх 228 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-45-рх/,

- Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “...Иргэн Б.Е-ын биед тархины доргилттой, зулайн хэсэгт шархтай, баруун өвдөгний хэсэгт, зүүн өвдөгний хэсэгт, зүүн эрхий хуруунд, баруун шагайд тус тус шалбарсан гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн Б.Е-ын биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. Иргэн Б.Е-ын дээрх гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно. Иргэн Б.Е-ын дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 229 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56-рх/,

- 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “...Жолооч Ды Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд түүний жолоодож явсан гэх ****** БӨҮ улсын дугаартай, Хьюндай аксент загварын тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл байна. Д.Ж- нь Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулдаггүй уулзвар нэвтрэх 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч ба гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд энэ нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна.

Харин Даюун загварын мотоцикл жолоодож явсан С овогтой С нь жолоочийн үүрэгт заасан 3.4.в-д мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7.а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэж заасныг зөрчсөн нь осол гарах гол шалтгаан нөхцөл болоогүй ба жолооч С.С-ын үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй байна” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 165-166-рх/,

Шүүгдэгч Д.Ж-ы “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...гэр лүүгээ явж байгаад шороон замаас засмал зам руу нийлэх гарцнаас доод талаас ирсэн мотоциклийг мөргөсөн. ...Мотоциклоор 2 хүн зорчиж явсан, тэр хоёр хүн мотоциклоос унах үед би айж сандраад найз болох Нургалы, Бегарыс нарын гэрт очиж дагуулж ирэхээр явсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрх байхгүй. ...би ийм үйлдэл гаргасандаа маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 186-187-рх/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Д.Ж- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн С.С-ын жолоодож явсан Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж, уг мотоциклийн жолооч С.С-ын эрүүл мэндэд хүнд, мотоциклд сундалж явсан иргэн Б.Е-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Мөн шүүгдэгч Д.Ж- нь зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар  тогтоогдсон байна.

            Монгол Улсын замын  хөдөлгөөний дүрмийн 3.5-ын а-д осол гаргасан жолооч “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” үүрэгтэй гэж,

Мөн дүрмийн б/ “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Дээрх дүрмийн заалтуудаас үзэхэд осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч осол гаргасан даруйд тээврийн хэрэгслийг зогсоох, улмаар тухайн тээврийн хэрэгслийг ослын газраас хөдөлгөхгүй байх, осолд өртсөн хүнийг тааралдсан тээврийн хэрэгслээр аль ойр байгаа эмнэлэгт хүргэх үүрэгтэй байх ба тухайн үед өөр тээврийн хэрэгсэл байхгүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хохирогчийг эмнэлэгт хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд ослын  газартаа буцаж ирэх үүрэгтэй байна.

Түүнчлэн осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүргийг мөн хүлээдэг байна.

Гэтэл шүүгдэгч Д.Ж- нь осолд өртсөн хохирогч С.С-, Б.Е- нарыг эмнэлэгт хүргэж өгөх үүргээ биелүүлээгүй нь хохирогч С.С-, Б.Е-, гэрч Ж.Д-, Г.Е- нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг зэргээр нотлогдсон байна.

Шүүгдэгч Д.Ж- нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан шалтгаанаа “Тэр хоёр хүн мотоциклоос унах үед би айж сандраад найз болох Нургалы, Бегарыс нарын гэрт очиж дагуулж ирэхээр явсан” гэж тайлбарласан нь түүнийг зөвтгөх, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

Тодруулбал, жолооч Д.Ж- нь хохирогчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан үйлдлээ мэдсэн, ойлгож ухамсарлаж байсан атлаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлэхгүйгээр хэргийн газрыг орхин явсныг зөвтгөх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.

 Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан” шинжийг тус тус бүрэн хангаж байх тул прокуророос шүүгдэгч Д.Ж-д холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.Ж-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байдал, мөн хайхрамжгүй, хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ. 

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Ж-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.С-ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.2.1-2.2.2-т заасан хүнд зэргийн гэмтэлд, хохирогч Б.Е-ын эрүүл мэндэд учирсан хохирол дээрх журмын 2.4-т заасан хөнгөн гэмтэлд тус тус хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Ж-аас хохирогч С.С-, Б.Е- нарын бодит хохирол, хор уршигт нийт үнийн дүнгээр 860.000 төгрөгийг төлж өгсөн болох нь шүүгдэгч Д.Ж-, хохирогч С.С-, Б.Е- нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Харин хохирогч С.С-, Б.Е- нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгч Д.Ж-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Ж- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Ж-ы үйлдсэн хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байгаа тул эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах санал байхгүй гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч К.Еаас  шүүгдэгч Д.Ж-ы хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Д.Ж-ы үйлдсэн хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байгаа тул өршөөн хэлтрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Ж-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Д.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлыг төлж өгсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Д.Ж-ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан байдал зэрэг нөхцөл байдал тус бүрт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Ж-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногоор тооцож хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Д.Ж-д оногдуулсан 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ж-ы холбогдсон гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт ороогүй байх тул Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Ж-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ял болон 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Долоо. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Д.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн эд ангиудын хэлтэрхий 5 ширхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Д.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.р овогт Д-ы Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан “Гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Ж-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногоор тооцож хорих ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-д оногдуулсан 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Ж-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял болон 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

7. Шүүгдэгч Д.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн эд ангиудын хэлтэрхий 5 ширхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Шүүгдэгч Д.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК