Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 24

 

 

 

                                               

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                   

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

              Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

             Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

              Хохирогч П.Мөнхбат,

             Шүүгдэгч М.Галбадрах, түүний өмгөөлөгч О.Одхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийв.

            Тус хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас М.Галбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэг мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000254 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх-Уулын 4-602 в тоотод оршин суух хаягтай, урьд 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тугай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж  байсан, Асгахад овогт Мялхаагийн Галбадрах, МЮ74032110 тоот регситрийн дугаартай,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч М.Галбадрах нь 2016 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо “Хуучин               эцэс”-ийн замд Тоёота Эстима маркийн 51-02 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчиж явган зорчигч П.Мөнхбатыг мөргөж, биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргаж, мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон 

жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;”, “б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;”, “в/ зам тээврийн ослын

тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Галбадрах шүүхийн хэлэлцүүлэгт:  …2016 оны 03 дугаар сарын 18-наас 2016 оны 03 дугаар сарын 19-нд шилжих шөнө найзынх руугаа гагнуурын аппарат авах гээд очтол гэрт нь хүн байгаагүй. Тэгээд буцах замдаа хараагүйн улмаас хүний биед хүнд гэмтэл учруулсан. Тухайн үед шөнийн 01 цаг өнгөрч байсан. Тухайн үед гар утас дуугарах шиг болоод утсаа авах гээд доошоо тонгойтол түг гээд мөргөсөн. Энэ үед нохой байна гэж бодоод тэр чигээрээ явсан. Тэгээд 2 хоногийн дараа цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан. Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлсөн гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч П.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт: …2016 оны 03 дугаар сарын 18-нд найзындаа очиж баяр тэмдэглэж нэг шил архи уугаад буцаад явж байхдаа дотор эвгүйрч замын хажууд бөөлжиж байхад араас мөргөх шиг болсон. Тэгээд би эмнэлэгт ухаан орсон. Эмчилгээний зардалд нийт 1.540.000 төгрөг авсан. Цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг, .

           

            Мөрдөн байцаалтанд шүүгдэгч  М.Галбадрахын мэдүүлсэн: …Би 2016 оны 03 дугаар 18-19-нд шилжих шөнө буюу осол хэрэг болдог орой гэртээ байж байгаад 01цагийн үед гэрээсээ гарч найз Одонжаргалын гэрт очиж багаж авахаар өөрийн Тоёота Истима маркийн 51-02 УБӨ дугаартай автомашиныг унаад гарсан, манай гэрээс ертөнцийн зүгээр урд зүгт Одонжаргалын гэр байдаг, тэдний гэр хүртэл ойролцоогоор 2 км байдаг, тэдний гэрт очиход гэрт нь хүн байхгүй байхаар нь буцаад гэртээ  ирсэн замаараа буюу Чингэлтэйн хуучин эцсийн замаар урдаасаа хойшоо чиглэлд явж байхад өмсөж явсан куртикний зүүн талын карманд байсан гар утсанд msg /цахим захидал/ ирэхээр нь куртикний халааснаас  гар утсаа авах гээд тонгойж хараад, гар утсаа гаргаад, эргээд зам уруу хартал яг замын голд нэг хар юм хэвтэж таараад, тэр зүйлийг машины урд хэсгээрээ мөргөж, дайраад гараад явсан, тэгээд тэр чигтээ шууд яваад өгсөн, гэртээ хариад, гэрт байсан эхнэртээ “нохой дайрчихлаа, куперээ хагалчихлаа” гэж хэлчихээд унтаж амарсан, …Би согтууруулах ундаа, мансууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би хүн дайрснаа мэдээд, гэмтлийн эмнэлэг дээр очоод өөрт нь бэлнээр нийт 580.000 төгрөг өгсөн байгаа, цаашид гарах эмчилгээний зардлыг өгнө, хохирогчтой байнга холбоотой байгаа гэсэн мэдүүлэг /хх-79-81/,

              

Мөрдөн байцаалтанд хохирогч П.Мөнхбатын мэдүүлсэн:  …Би 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед гэрээсээ гарч Чингэлтэйн 17 дугаар хороонд байрлах найз Батболдын гэрт очоод, 2-лаа нийлээд 0.5 л архи 2 шилийг хувааж уусан, тэдний гэрээс оройн 00 цагийн үед ганцаараа гарсан, гэрлүүгээ зам дагаад алхаж байгаад дотор муухайраад, замын дотор талд зах хэсэгт нь дөнгөж суугаад байж байхад гэнэт л биеийн баруун талаас мөргөх шиг л болсон тэгээд л ухаан алдаад, шөнө нь гэмтлийн эмнэлэг дээр сэргэсэн, гэмтлийн эмнэлэгийн хавсарсан гэмтэлийн тасагт 15 хоног хэвтэж эмчилүүлээд гарч ирлээ.  ...Би гомдолтой байна, тухайн үед өмсөж явсан хувцас болох биеийн тамирын саарал өнгийн хос хувцас, гадуураа хар өнгийн богино савхи зэрэг нь урагдаж, цус болж өмсөхийн аргагүй болсон, бариад явж байсан Самсунг С-3 маркийн утас ослоос болж алга болсон,

эмнэлэг дээр ирээд сэргэхэд байхгүй болсон байсан, мөргөгдөх үед шидэгдэж алга болсон. Би Самсунг С-3 маркийн утсыг 2016 оны 01 дүгээр сард 135.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард хар өнгийн богино савхийг Нарантуул захаас 120.000 төгрөгөөр шинээр авсан, 2015 оны 09 дүгээр сард биеийн тамирын саарал өнгийн хос хувцасыг Нарантуул захаас 55.000 төгрөгөөр авсан, өмсөж явсан гутлаа авлаа бүрэн байна, эмчилгээний зардал, өмсөж байсан хувцас гар утсаа нэхэмжилж байна, намайг эмнэлэгт 10 хоног сахисан эгч П.Мөнгөнхуягийн цалинг бас нэхэмжилж байна /хх-34-35/ гэсэн мэдүүлэг,

              Мөрдөн байцаалтанд гэрч О.Оюунцэцэгийн мэдүүлсэн: …2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байхаа шөнийн 01 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад аавыгаа 7-н буудлаас авах гээд өөрийн Тоёота Креста маркийн автомашинаар ганцаараа явж байсан, Чингэлтэй дүүргийн Хуучин эцсийн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ доошоо уруудаад явж байхад замын эсрэг урсгалд нэг хүн хөлөө жийгээд сууж байхад өөдөөс ирж байсан суудлын 51-02 гэсэн дугаартай автомашин урд хэсгээрээ мөргөөд, машины доод талд 5 орчим метр чирээд явж байгаад, тэр хүн ард талаар нь сугараад үлдсэн, тэр автомашин нэлээн цаашаа дайруулсан хүний хэвтэж байсан газраас ойролцоогоор 10-аад метрийн зайд машиныхаа тоормозыг гишгэж хурдаа хасаад, зогсолгүй явсан, би тоормосны гэрэлд нь машины дугаарыг нь сайн харж үлдсэн, тэгээд өөрийн гар утсаараа 102-т залгаж ослын талаар мэдэгдсэн, тэгээд хэсэг хугацааны дараа 10-аад минутын дараа 103-н автомашин ирээд, тэр хүнийг эмнэлэг аваад явсан, …51-02 гэсэн мөнгөлөг цайвар өнгийн суудлын автомашин байсан, Тоёота Приус маркийн машин байх шиг байсан, ямар маркийн машин байсанг мэдэхгүй байна, би машины марк бол сайн мэдэхгүй, жолоочийг хараагүй, машинд хэдэн хүн байсанг ч мэдэхгүй байна.…Зам гэрэлтүүлэгтэй байсан, замын хөдөлгөөн сийрэг байсан, зам ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Дайруулсан хүний 2 гутал үлдсэн байсан, өөр эд зүйл үлдээгүй байсан, надаас өөр хүн ослыг хараагүй /хх-40/ гэсэн мэдүүлэг,

              Мөрдөн байцаалтанд гэрч Д.Цогзолмаагийн мэдүүлсэн: …2016 оны 03 дугаар сарын 18-нд цэргийн баярын өдөр байсан, сайн санахгүй байна. Шөнийн 00 цагийн үед байхаа гэртээ байж байгаад найз Отгонжаргалынд очиж багаж аваад ирье гэж хэлээд гарсан, удалгүй орж ирээд найзыгаа гэртээ байхгүй байна гэж байсан, мөн замдаа машинаа барьж байгаад доошоо утсаа авах гээд тонгойж байгаад нохой мөргөчихлөө, машины гуперээ ханзалчихлаа гэж байсан. …гэрээсээ гарахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, орж ирэхдээ ч гэсэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-42/, 

              Мөрдөн байцаалтанд шинжээч Б.Ариунболдын мэдүүлсэн: …Жолооч аюул саадыг бий болохыг мэдсэн даруйд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээг авах ёстой гэтэл зам дээр байсан урдаа байсан зүйлийг мэдсэн байж зогсоох арга хэмжээг аваагүй, хавтаст хэргийн фото зураг схем зураг үзлэгийн тэмдэглэлд уг автомашин нь хэргийн газарт байхгүй, мөн тоормосны мөр байхгүй байсан, осол гаргасан талаараа зохих байгууллагад мэдэгдэх ёстой байсан. Явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам дээр саатаж зорчих хэсэг дээр саатаж байсан нь МУ-н ЗХД-н 3.9 б, 3.9 г-д заасан заалтыг зөрчсөн гэж тус тус үзсэн гэсэн мэдүүлэг /хх-45/,

              Мөрдөн байцаалтанд шинжээч эмч А.Болороогийн мэдүүлсэн: …үзлэгийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны рентгэн харалтанд баруун талд суганы арын 6-р хавирганы зөрүүтэй хугарал гэсэн боловч 2016 оны 03 дугаар сарын 24-нд цээжний томографгуудад дээрх гэмтэл буюу 6-р хавирга зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдоогүй, баруун талд 10,9,7-р хавирга, зүүн 7-р хавирганы хугарал тогтоогдсон гэсэн мэдүүлэг /хх-44/,

              Шүүх эмнэлэгийн шинжээчийн 4069 дугаар дүгнэлтэнд: …1.П.Мөнхбатын биед зүүн хөхлөг сэртэнгийн хугарал, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, баруун 7,9,10 дугаар хавирга, зүүн 7 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн уушигны бүрэн бус авчилт, хий шингэн хуралт, бүсэлхийн 2,3 дугаар нугалмын баруун хөндлөн

сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.           Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12-д амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэг хамаарна.   4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-47/,

              Техникийн шинжээчийн 205 дугаар дүгнэлтэнд: …1.Тоёота Эстима маркийн 51-02 УБӨ дугаартай автомашин жолоодон явсан жолооч М.Галбадрах нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, “2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;”, “б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;”, “в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх-60/,

              Шинжээчийн ¹2629 тоот дүгнэлтэнд: ..1.Шинжилгээнд ирүүлсэн П.Мөнхбатын гэх цус нь 4 мл байсан ба шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн П.Мөнхбатын гэх цусанд 3.7 промилли спиртийн агууламж илэрч байна. 3. Цусан дахь 3.7 промилли согтолтын хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-50/, 

              Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 16/14252 тоот дүгнэлтэнд: …Урд тэнхлэг дэх зүүн урд дугуй 2.5 кН, баруун урд дугуй 2,5kH эдгээрийн зөрүү 0%, хойд тэнхлэгийн зүүн хойд дугуй 2.2кН, баруун хойд дугуй 2.1кН зөрүү нь 4.55% тоормос хэвийн ажиллагаатай байсан. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ алдагдсан -5.5мм. Урд их гэрлийн чадал зүүн тал нь 26500cd баруун тал нь 26900 cd  байна гэсэн дүгнэлт /хх-55/,        

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5х/,  гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-7х/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 4х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-8/,  эд зүйлийн үнэлгээ /хх-21/, фото гэрэл зураг /хх-22/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-24-25/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-26/, хохиролын баримтын тооцоо /хх-32/, шинжилгээ хийлгэх тогтоол /хх-46/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹4069 /хх-47/, шинжээчийн ¹2629 тоот дүгнэлт /хх-50/, Баянзүрх дүүргийн хяналтын үзлэгийн төвийн ¹16/14252 / тоот дүгнэлт /хх-54/, автомашинд үнэлгээ хийлгэх тогтоол /хх-63/, Цагдаагийн ерөнхий газрын замын цагдаагийн газрын жолоочийн лавлагаа /хх-83-85/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-89/, Чингэлтэй дүүргийн 17-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-87/, Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-88/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-90/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-93-95/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч М.Галбадрах нь 2016 оны 03 дугаар сарын 18-ний өдрөөс 19-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Хуучин эцэс”-ийн замд “Тоёота Эстима” маркийн 51-02 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа явган зорчигч П.Мөнхбатыг мөргөж, биед нь хүнд зэргийн гэмтэл

учруулсан, зам тээврийн осол гаргаж, осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт  хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Галбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: …Чингэлтэйн хуучин эцсийн замаар урдаасаа хойшоо чиглэлд явж байхад өмсөж явсан куртикний зүүн талын карманд байсан гар утсанд msg /цахим захидал/ ирэхээр нь куртикний халааснаас  гар утсаа авах гээд тонгойж хараад, гар утсаа гаргаад, эргээд зам уруу хартал яг замын голд нэг хар юм хэвтэж таараад, тэр зүйлийг машины урд хэсгээрээ мөргөж, дайраад гараад явсан гэх мэдүүлэг, гэрч О.Оюунцэцэгийн …Чингэлтэй дүүргийн Хуучин эцсийн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ доошоо уруудаад явж байхад замын эсрэг урсгалд нэг хүн хөлөө жийгээд сууж байхад өөдөөс ирж байсан суудлын 51-02 гэсэн дугаартай автомашин урд хэсгээрээ мөргөөд, машины доод талд 5 орчим метр чирээд явж байгаад, тэр хүн ард талаар нь сугараад үлдсэн гэсэн мэдүүлэг, Техникийн шинжээчийн 205 дугаар дүгнэлтэнд:…1.Тоёота Эстима маркийн 51-02 УБӨ дугаартай автомашин жолоодон явсан жолооч М.Галбадрах нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, “2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;”, “б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, ...“в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх-60/, болон шүүх эмнэлгийн дүгнэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч М.Галбадрахад холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Галбадрахыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч П.Мөнхбатыг  биед нь хүнд гэмтэл учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Галбадрах нь 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж   хянан харгалзсан болох нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 329 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-93/, хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-90х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт  заасан  ялгүй болсон байх тул шүүгдэгч М.Галбадрахыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн

аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын  шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан  хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг нь  хүндэд нь  багтааж  түүний биечлэн эдлэх  ялыг тогтоож, түүнд  оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглэв.              

Хохирогч П.Мөнхбат нь эмчилгээний зардалд баримтаар нийт 1.525.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч М.Галбадрах нь сайн дураар 1.540.000 төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч  М.Галбадрахыг бусдад учруулсан хохирлыг  нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан  цаашид бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгохоор шүүх шийдвэрлэв.

Харин хохирогч П.Мөнхбат нь өөрт учирсан хүнд гэмтлийг цаашид эмчлүүлэхтэй холбогдон гарах зардлыг баримтаа  бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Галбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн М.Галбадрахын В ангилалын жолооны ¹611138 дугаартай үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Асгахад овогт Мялхаагийн Галбадрахыг тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний  улмаас бусдын биед нь хүнд гэмтэл учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.Галбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаатай баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Галбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хугацаатай баривчлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялд буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж  нийт биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар М.Галбадрахын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар 201624000254 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  В ангилалын жолооны ¹611138 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй. 

6. 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу хохирогч П.Мөнхбат нь өөрт учирсан хүнд гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Галбадрахад оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

9. Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн  48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Галбадрахад оногдуулсан  тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг  хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс  эхлэн тоолсугай.

            10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түтгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Галбадрахад бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ                              Н.БАЯРМАА