Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1563

 

МАГАДЛАЛ

 

2016.5.16                                                дугаар    790                                             Улаанбаатар                    

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар

хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

             

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01856 дугаар шийдвэртэй,

 

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нэхэмжлэлтэй

 

Ө.Мөнхжаргалыг архины албадан эмчилгээнд явуулах тухай  иргэний хэргийг  

 

Гуравдагч этгээд Ө.Мөнхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өлзийхишигийн Мөнхжаргал нь орон гэртээ болон гудамж талбайд байнга архидан согтуурч, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Тэрээр архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон. Өмнө нь хоёр удаа баривчилгаанд явж, хоёр удаа эрүүлжүүлэгдэж, нэг удаа торгуулж байсан байна. Мөн түүний төрсөн эцэг Ц.Өлзийхишиг, эх Б.Нямхүү нар архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг манай цагдаагийн хэлтэст гаргасан. Иймд Ө.Мөнхжаргалыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Ө.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие сүүлийн үед архи хэрэглэж байгаа нь үнэн. Гэхдээ архины эмчилгээнд явмааргүй байна, хүүхэд маань 1 ой 8 сартай гэжээ.

 

Шүүх: Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баруун засаг овогт Өлзийхишигийн Мөнхжаргалд архины албадан эмчилгээ хийлгэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Гуравдагч этгээд Ө.Мөнхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие дүүргийн шүүхийн шийдвэрээр СМДӨАЭАХ хийлгэх газарт 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ирсэн. Миний өөрийн эцэг, эх гэр бүлийн хүнд хэлэлгүйгээр тус газар ирүүлсэн. Эхнэр Ц.Уранчимэг одоогоор ажилгүй, хүүхэд маань 1 нас 9 сартай. Эхнэр маань төрөхдөө хүндрэлтэй төрсөн, одоо эмнэлгийн хяналтанд байдаг. Би хүний өөрийн нийлсэн 4 хүүхэдтэй хамт амьдардаг. Том охин их сургуулийн оюутан, дараагийн охин 12 дугаар ангид элсэн орж байгаа, 3 дах хүүхэд маань одоо 8 дугаар ангид сурдаг. Гэртээ ганц хөдөлмөр эрхэлдэг хүн нь би өөрөө юм. Миний энд байх хугацаанд ар гэрийн мөнгө санхүүгийн байдал хүнд байна. Би цаашид энэ хорт зуршлаа хаяж эцэг, эх, хань, үр хүүхэддээ анхаарал халамж тавьж амьдрах болно. Иймд миний хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан “онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт” нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүх харьяалан  шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэл гэх агуулгад хамаарах тул Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нэхэмжлэл гэж тусгах нь зүйтэй.

 

Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.

 

Архины албадан эмчилгээнд хамруулах тухай Цагдаагийн байгууллагын хүсэлтэд заагдсан Ө.Мөнхжаргалын ам бүлийн байдлаас гадна Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт нь хуульд заасан шаардлага хангаагүй, тухайн хүнд хийсэн шинжилгээний баримт материалыг хавсаргаж ирүүлээгүй байна.

 

Мөн нийгмийн хэв журмыг зөрчиж, ойр тойрны хүнд аюул учруулахаар ноцтой үйлдэл гаргасан нь бүрэн тогтоогдоогүй байхад Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн гаргасан хүсэлтийг хангаж, Ө.Мөнхжаргалыг архины албадан эмчилгээнд явуулж эмчлүүлж, шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн 10 хорооны Засаг даргын тодорхойлолт албан бичгийн дугааргүй, зөрчил гаргасан талаар тодорхой мэдүүлээгүй байх тул Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг зөрчсөн” болох нь хангалттай тогтоогдоогүй гэж үзнэ.

 

 Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт “Эмнэлэг тухайн этгээдийг өвчтэй эсэхийг тогтоосон дүгнэлтээ материал хүлээж авснаас хойш 48 цагийн дотор гаргаж хүсэлт тавьсан байгууллага, иргэнд өгнө” гэж, Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2005 оны 152/188 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоох, эмнэлгийн дүгнэлт гаргах журмын 3 дах хэсэгт “Комисс нь "Архины шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ" "MNS 5396-1:2004 стандартад заагдсан оношилгооны шалгуур шинжийг баримтлан тухайн этгээдийг архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон дүгнэлтээ 48 цагийн дотор хүсэлт тавьсан байгууллага, иргэнд гаргаж өгнө” гэж тус тус заажээ.

 

Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар дүгнэлтээ гаргахдаа дээрх журмын 4 дэх хэсэгт заасан “Комисс нь согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдэд Эрүүлийг хамгаалах технологи, Архины шалтгаант сэтгэцийн зан үйлийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ MNS 5396-1:2004 стандартад заасан шинжилгээнүүдээс гадна сүрьеэгийн шинжилгээ /уушигны флюр зураг/, ЭХО-сонографийн шинжилгээ /дотрын цуллаг эрхтнийг шинжлэх/, цус ба шээсний ерөнхий, биохимийн шинжилгээ /элэгний үйл ажиллагааг тодорхойлох/ болон бусад шинжилгээг холбогдох газруудаар хийлгэж дүнг дүгнэлтэд хавсаргахаар заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

 Хэрэгт авагдсан баримт болон эмнэлгийн байгууллагын дүгнэлт гэх 1 хуудас баримтад хийсэн тэмдэглэгээнүүдээс шинжилгээнд хамрагдсан, эсхүл эрүүл мэндийн байдал, албадан эмчилгээ хийлгэхэд харшлах өвчин байгаа эсэх нөхцөл байдал тодорхой бус байна.

 

Гуравдагч этгээд Ө.Мөнхжаргалын гаргасан давж заалдах гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянасан болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ө.Мөнхжаргалыг архины албадан эмчилгээнд явуулах тухай Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01856 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.Мөнхжаргалыг архины албадан эмчилгээнд явуулж эмчлүүлэх тухай Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Ө.Мөнхжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                      

                                                                                               

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

 ШҮҮГЧИД                                         Н.БАТЗОРИГ

 

                                                              Б.НАРМАНДАХ