Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/93    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

улсын яллагч Я.Д,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.М-,

шүүгдэгчийн өмгөөлөгчид Т.Б-, С.Н-,

шүүгдэгч С.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өренээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С-ы М-т холбогдох эрүүгийн 2113000530081 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, Х овогт С-ы М-, БЮ......... регистрийн дугаартай, 1945 оны 10 сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 76 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр настны тэтгэвэрт гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.М- нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр аймгийн төвөөс 63 км зайтай засмал замд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед 0170 БӨҮ улсын дугаартай “Тоуоtа Нагriег” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас онхолдож улмаар тус тээврийн хэрэгслээр зорчиж явсан хохирогч Х.С-гийн биед хүнд гэмтэл учирч, зорчиж явсан А.Т-, К.Г- нар нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч С.М- мэдүүлэхдээ: “Би 1970 оноос эхлээд 1974 он хүртэл Өмнөговь аймгийн тээврийн удирдах газрын баазын ашиглалтын хэлтэст дарга  хийж байсан. Миний мэргэжил өөрөө тээврийн хэрэгсэлтэй холбоотой. Би одоо 76 настай, ял шийтгэл байтугай зэмлэл арга хэмжээ авч байгаагүй. Улсаас авах гавьяа шагналаа авсан. Одоо миний биеийн байдал нэлээн муу байгаа. Гэхдээ нэг талын бөөр ажилгүй болсон. Эмнэлэгт дахин дахин хэвтээгүй. Одоо гэрт эмчлүүлж байгаа. Толгой ажиллахгүй, мартамхай болсон. Ингэж явснаас үхсэн нь дээр гэж бодож байна. Шинжээч нарын дүгнэлтийн талаар хэлэхэд, би хамгаалах бүстэй байсан. Би өөрөө хамгаалах бүсийг байнга хэрэглэдэг. Энэ хамгаалах бүс хэрэглээгүй гэдэгт эргэлзээтэй байна. 60 км-ийн хурдаас хэтрүүлээгүй. Би юм мэдэнгүүт зогсоох арга хэмжээ авсан. Дугуй хагарснаас гадна цаг агаар тогтуун цэлмэг байсан. Урьд хойноос явж байгаа тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Энэ насандаа ийм байдалд орсондоо их гэмшиж байна. Хуульд нийцэх юм бол шоронгийн мухарт үхсэнээс гэрт үхсэн нь дээр байгаа учраас өршөөл үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.М- мэдүүлэхдээ: “Талийгаач Гаухар миний төрсөн эгч. Гай газар доороос гэж ярьдаг. С.М гуай миний хүргэн ах. Одоо 80 нас хүрч байгаа хүн. Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ хүн насаараа архи дарс уудаггүй хүн байсан. Харамсалтайн ийм хэрэг гарсан. Талийгаач надтай хамт хол газар нэлээн явдаг байсан. Тэгэхэд жоохон хурд хэтрүүлэхээр аяархан гэж зөвлөдөг байсан. С.М- гуай хурд хэтрүүлсэн гэж бодохгүй байна. Тийм учраас ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Тийм учраас С.М- гуайг өршөөж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000530081 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6, 7-15/,

2. Мөрдөгчөөс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 16-24/

3. Талийгаач К.Г-ын үхлийн шалтгааныг тогтоосон тус аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №11 дугаартай дүгнэлт /хх-ийн 75-81/,

4. Талийгаач А.Т-ийн үхлийн шалтгааныг тогтоосон тус аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №10 дугаартай дүгнэлт /хх-ийн 85-89/,

5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №75 дугаартай дүгнэлт /хх-ийн 105-106/,

6. Мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр эд зүйл буюу тээврийн хэрэгслийн дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 29-31/,

7. 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Тоёота Хариер” маркийн 0170 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 110-112/,

8. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч С.М-н 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №1072 дугаартай дүгнэлт /хх-ийн 137-139/,

9. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Улаанхус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Үнэнзоригтын 2021 оны 05 сарын 10-ны өдрийн  магадалгаа /хх-ийн 33-34/,

10. Баян-Өлгий аймаг дахь Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Т-, “Алтын көлик” жолооны сургуулийн захирал, дүрмийн багш С.Е-, “Аман авто” жолооны сургуулийн захирал, жолооны багш С.У- нарын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан дүгнэлт /хх-ийн 121/,

11. Хохирогч Х.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49, 51/,

12 .Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57, 59/,

13. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43, 45/,

14. Иргэний нэхэмжлэгч Ш.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 61/,

15. Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 69/,

16. Шинжээч С.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг/хх-ийн 168-170/,

17. Шүүгдэгч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 189-190/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.М-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.М-ийг ““Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Х.С-гийн биед хүнд гэмтэл учруулсан, иргэн А.Т-, К.Г- нарын амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч С.М-ээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч С.М-ийн гэм буруугийн талаар маргахгүй хэмээн тайлбарласан болно.

Шүүгдэгч С.М- нь тус аймгийн Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр аймгийн төвөөс 63 км зайтай засмал замд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед 0170 БӨҮ улсын дугаартай “Тоуоtа Нагriег” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас онхолдож улмаар тус тээврийн хэрэгслээр зорчиж явсан хохирогч Х.С-гийн биед хүнд гэмтэл учирч, зорчиж явсан А.Т-, К.Г- нар нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтээр. Үүнд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Өлгий сумаас Толбо сумын чиглэлд 63 километрийн зайд асфальтан зам дээр “тахир зам” гээд анхааруулгатай талын эгнээ байх ба уг тэмдэг нь замын баруун талд /ертөнцийн зүгээр баруун талд/ уг тэмдэг байлаа.” гэх /хх-ийн 6, 7-15/,

- Мөрдөгчөөс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 16-24/,

- Талийгаач К.Г-ын үхлийн шалтгааныг тогтоосон тус аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №11 дугаартай дүгнэлт /хх-ийн 75-81/,

- Талийгаач А.Т-ийн үхлийн шалтгааныг тогтоосон тус аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №10 дугаартай дүгнэлт /хх-ийн 85-89/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №75 дугаартай “...иргэн Х.С-гийн биед тархины доргилт, баруун талын 4 дүгээр зүүн талын 5 дугаар хавиргануудын зөрсөн хугаралттай, хамрын таславч зүүн тийш мурийсан. Аарцаг ясны хугаралт /умдаг ясны нэг талын хугарал/, аарцгийн хэсгээр доод мөчдийн хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн Х.С-гийн дээрх гэмтэл нь амь насанд аюултай, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1, 3.1.15-т заасан шинжийг агуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 105-106/,

- Мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр эд зүйл буюу тээврийн хэрэгслийн дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 29-31/,

- 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Тоёота Хариер” маркийн 0170БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 110-112/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч С.М-н 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №1072 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Тоёота Хариер” маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын гэх дугуй нь дотуур хаймартай, дотуур хаймар болон хаймар дугуйн хацар хэсэгт зүсэгдсэн гэмтэлтэй байна. Тухайн гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой байна. Ослын дугуйнд гарсан гэмтэл нь осол гарахад нөлөөлөхгүй.“ гэх дүгнэлт /хх-ийн 137-139/,

- Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Улаанхус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Үнэнзоригтын 2021 оны 05 сарын 10-ны өдрийн № дугаартай “...Жолооч С.М- нь Замын хөдөлгөөний дүрмийн жолоочийн үүргийн 3.4.б-д заасан Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. 12.1-т Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна.” гэх магадалгаа /хх-ийн 33-34/,

- Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Т-, “Алтын көлик” жолооны сургуулийн захирал, дүрмийн багш С.Е-, “Аман авто” жолооны сургуулийн захирал, жолооны багш С.У- нарын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан “...Жолооч С.М- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.1-т анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг жолоочид урьдчилан анхааруулна. Замын хөдөлгөөний дүрмийн жолоочийн үүргийн 3.4/б-д заасан Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. 12.1-т Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Осол гарах болсон шалтгаан нь иргэн С.М нь хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ аваагүй нь зам тээврийн осол болох гол шалтгаан болно. Зам тээврийн осол гаргасан “Тоёота Хариер” маркийн 0170 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч тухай үед зогсоох арга хэмжээ аваагүй, тоормосны мөр байхгүй тул хурдыг тогтоох боломжгүй. ...Хэргийн газрын үзлэгээс харахад засмал зам дээр үссэн мөр нь шарвалтын мөр байна.” гэх дүгнэлт /хх-ийн 121/,

- Хохирогч Х.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний бие хүү Т-ийн хамт ор дэвсгэр өгөх ажлаар аймгийн төвд байдаг манай худ болох С.М-ын гэрт 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ирсэн. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ор дэвсгэрээ өгөөд худын цай уухаар үдээс хойш 14 цагийн үед Толбо сум руу гарсан. Тухайн үед машиныг худ С.М- барьж явсан уг машины урьд талд хүү Т-, арын суудалд миний бие болон худ болох Г- бид хоёр сууж хоорондоо ярьж хөөрөөд явж байсан. Бид аймгийн төвөөс гараад 30-35 орчим километр зам явсан байх гэнэт машин гэнэт хэд хэдэн удаа савлахад жолоо барьж явсан худ С.М- гуай машинаа зогсоох гээд машины тоормосыг дарахад машин засмал замаас гарч шидэгдсэн. Тэр үед миний бие ухаан алдсан байсан ба нэг мэдэхэд уг машины дотор худ С.М- бид 2 хэвтэж байсан ба машины 4 дугуй нь дээшээгээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд уг машинаас худ С.М- гуай гараад дараа нь би машины урьд талын цонхоор гадагшаа гарсан. Бид гараад орчин тойрноо ажиглахад засмал замаас зайдуу газар жалга шиг газарт хэвтэж байсан. Тэгээд би хүүхдээ нэрийг нь хэлж дуудсан боловч тэрээр дуугараагүй ба хайгаад үзтэл хүү маань машины хойд хэсэг буюу Толбын зүг чиглээд далангийн дотор толгойноос нь цус гарсан байдалтай дээшээгээ хараад хэвтэж байсан юм. Би түүн дээр очоод ухаантай байгаа эсэхийг үзэхэд аль хэдийн нас барсан байсан. Харин тухайн үед худ болох Г- гуай далангийн шороон дээр хэвтэж байхыг анзаарсан. Хэсэг хугацааны дараа би зам дагуу явж байсан машиныг зогсоогоод Толбод байдаг охин руу залгасан осолд орсон талаар хэлсэн. Хэсэг хугацааны дараа түргэний машин ирж худ болох С.М-, Г- бид гурвыг аваад явсан ба худ Г- нь зам зуур нас барсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49, 51/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Тухайн үед машиныг худ М- барьж явсан уг машин дотор манай эхнэр Х.С-, худ Г-, хүү Т- нар явж байсан гэсэн. Тэгээд би аймагт ирж хүү Т-ийг задлан шинжилгээнд оруулсны дараа гаргаж аваад Сагсай суманд очиж хоёр хоногийн дараа оршуулсан юм. Харин тухайн өдөр эхнэр Х.С- осолд орсны улмаас биедээ гэмтэл авч аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаад 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр эмнэлгээс гарч хүүгийнхээ оршуулгад оролцсон юм. ...худ М- оршуулгын зардалд болон бусад зүйлд хэрэглээрэй гээд сэтгэлээрээ 10 сая төгрөг өгсөн байгаа. Одоо хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57, 59/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...хадам аав, ээж худ нартайгаа Толбо сум руу явж байгаад замдаа авто осолд орсон байна, таны эгч буюу хадам ээжийн биеийн байдал хүнд байна, худ талаас нэг хүн нас барсан байна, 4-үүлээ явсан байсан гэж хэлсэн юм. Тэгээд би хэсэг хугацааны дараа би Толбо сум руу гарахад урдаас түргэний машин ирж байсан ба түргэний машиныг дагаад буцаад аймагт ирэх үед замдаа нас барсан талаар ярьсан. Тэгээд шууд моргийн өрөө лүү эгчийг оруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 45/,

- Иргэний нэхэмжлэгч Ш.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгсэл бол манай хадам аав С- овогтой М-ийн өөрийн тээврийн хэрэгсэл байсан ба тухайн осол болохоос 7 хоногийн өмнө миний нэр дээр шилжүүлж өгсөн юм. ...Мөнгө төгрөг би хадам аавдаа өгөөгүй. Угаасаа хадам аавын машин байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 61/,

- Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнөөдөр миний бие Ховд аймгаас шинжилгээний хариу аваад Баян-Өлгий аймаг руу ирж явах замд Толбо сумаас ойролцоогоор 20 км зайд засмал замын хажууд байдаг далангийн хажууд нэг хүн хэвтэж байсан ба засмал замаас гарсан машины дугуйн мөр байхаар нь би эргээд очиход далан дотор хариер маркийн машин онхолдож дээш хараад уначихсан, түүний хажууд нэг хүн нас барсан байдалтай байсан юм. Тэгээд би зам тээврийн осол гарсан байна гэж мэдээд шууд цагдаад залгаж мэдэгдсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 69/,

- Шинжээч С.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тээврийн хэрэгсэл шулуун хөдөлгөөн үйлдэж явахад дээрх гэмтэл үүсэхгүй. Тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар замаас гарч хаймар дугуй нь хацар хэсгээр хатуу ирмэгтэй зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн байх боломжтой гэж үзсэн. Хаймар дугуйн хацар хэсэгт үүссэн гэмтлийн шинж байдлаар нь ослын үед дээрх гэмтэл үүссэн гэж үзсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 168-170/,

- Шүүгдэгч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хүргэн Бауыржаны 0170БӨҮ улсын дугаартай “Хариер” /Харрер, Нагriег/ маркийн машинтай гараад постоор 15 цагийн үед би Хариер маркийн машиныг жолоодоод эхнэр Г-, худ Х.С- түүний хүү Т- бид нар Толбо сум руу явж байсан аймгийн төвөөс гараад ойролцоогоор 63 км явж байхад гэнэт машин хоёр тал руу савалж дугуй хагарах шиг болохоор нь би зогсоох гээд тоормос дарсан. Тэгэхэд машин зогсоогүй ба би тоормосоо дарсаар байгаад замын зүүн гар тал руу гарч замын хажууд жижиг ухсан шуудуй руу орсон. Тэгээд л машин онхолдох шиг болсон. Нэг мэдэхэд машин замаас холхон үерийн далд орчихсон дээш харсан байдалтай байсан. Тэгээд би ухаан ороод та нар байна уу гэж хашхирахад ганц худ Х.С-н дуу л гарсан. Тэгээд би машины урд шил нь хагарсан байсан ба урд хэсгээр мөлхөж гараад хойд арын хаалганы цонхоор худ Х.С-г чирж гарсан. Би машин дотор өөр хүн байгаа эсэхийг харахад өөр хүн байгаагүй, машины ард 2 метрийн зайд худ Т- доош харсан байдалтай хэвтэж байсан. Х.С- бид хоёр очиход дээш харуулаад харахад Т-ийн толгой хэсгээс нь цус гарсан байдалтай нас барсан байсан. Т-ийг халаадаар хучаад би далангаас дээш гараад харахад эхнэр Г- далангаас 10 метрийн зайд дээш хараад хэвтэж байсан. Би яваад очиход эхнэр маань амьд байсан боловч ямар нэгэн зүйл ярих боломжгүй байсан толгой хэсгээс нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 189-190/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч С.М- нь тус аймгийн Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Баян-Өлгий аймгийн төвөөс 63 км зайтай засмал замд 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдөр 16 цагийн үед 0170 БӨҮ улсын дугаартай “Тоуоtа Нагriег” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”. Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.1-т анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг жолоочид урьдчилан анхааруулна. Замын хөдөлгөөний дүрмийн жолоочийн үүргийн 3.4.б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”. 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгслээр зорчиж явсан хохирогч Х.С-гийн биед хүнд гэмтэл учирч, зорчиж явсан А.Т-, К.Г- нар нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Х.С-гийн биед хүнд гэмтэл учруулсан, иргэн А.Т-, К.Г- нарын амь насыг хохироосон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан болох нь тогтоогджээ.

Иймд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өренээс шүүгдэгч С.М-ийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.М-ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтуудыг зөрсөн байдал, хайхрамжгүй бөгөөд хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ. 

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилжээ. 

Шүүгдэгч С.М-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас зорчигч иргэн А.Т-, К.Г- нарын амь нас хохирсон нь гэмт хэргийн хохирол ба нөхөн сэргээгдэхгүй.

Харин гэмт хэргийн хор уршигт гарсан бүх зардлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Х.А-, К.М- нар бүрэн барагдуулж авсан, мөн нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн.

Мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.С-гийн биед хүнд гэмтэл учирсан ба хохирогч Х.С- нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч С.М-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. 

Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.М-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.М-аас эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар хамгийн багаар буюу 2 жилийн хорих ялыг оноож, Өршөөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар оноосон 2 жилийн хорих ялыг хасаж шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, Өршөөлийн тухай хуулинд хамруулж өгнө үү гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-аас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг болон улсын яллагч, өмгөөлөгч нарын саналыг тус тус харгалзаж, 1 жилийн хорих ял оногдуулж, энэхүү оногдуулсан 1 жилийн хорих ялыг Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар өршөөн хасаж, түүний эдлэх хорих ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 8 жилээр хассан ч бид хүлээн зөвшөөрнө гэх санал, дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгч С.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг болон насны байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч С.М- нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.  

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч С.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.М-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эдлэх хорих ялыг мөн өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй. 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийн хасна.” гэж заасныг үндэслэн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан шүүгдэгч С.М-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний эдлэх хорих ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Долоо. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч С.М- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдаж, шүүгдэгч С.М-ийн өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар баг, Цагаан эрэг-1 гудамж, 07 тоотод байрлах 117 м.кв талбайтай хувийн сууц  болон 1171 м.кв газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 1 ширхэг дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Ш.Б-д буцаан олгож, шүүгдэгч С.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт С-ы М-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Х.С-гийн биед хүнд гэмтэл учруулсан, иргэн А.Т-, К.Г- нарын амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч С.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж,  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан шүүгдэгч С.М-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний эдлэх хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч С.М- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 1 ширхэг дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Ш.Б-д буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.М-ийн өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар баг, Цагаан эрэг-1 гудамж, 07 тоотод байрлах 117 м.кв талбайтай хувийн сууц  болон 1171 м.кв газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч С.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК