| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2021/0102/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/105 |
| Огноо | 2021-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/105
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын өмгөөлөгч Х.А,
Шүүгдэгч Ж.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А-ад холбогдох эрүүгийн 2113001030116 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 05 сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, тус аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, Бөхөн-Уул, 29 гудамж 17 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Т овогт Ж-ийн А- регистрийн дугаар: БК...........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.А- нь 2021 оны 06 сарын 24-25-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Х.Н-ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2113001030116 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Иргэн Т.Г-аас зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
-Шүүгдэгч Ж.А-гийн согтуурлын хэмжээ шалгасан тэмдэглэл /хх-ийн 14-рх/,
-Хохирогч Х.Н-ын “Ж.А- нь гэртээ ирээд өөрийн эхнэр Т.Г-ыг доромжилсон үг хэлээд зодох гээд дайраад байхаар нь би Ж.А-г боль унтаж амар гээд унтлагын өрөөнд аваачаад дээрээс нь дараад хэвтэж байтал Ж.А- унтах шиг болсон. Тэгээд би унтах гээд байж байхад Ж.А- гэрээсээ гараад явсан. Хойноос нь гарахад Ж.А- хашаан дотор байсан зуны амбаарт унтаж байсан дүү Т.Т-г зодож байхыг хараад би салгах гэхэд Ж.А- миний баруун талын чих орчимд цохисон. Тэгээд цааш нь юу болсон талаар санахгүй байна. Ухаан орох үед цагдаа нар ирсэн байсан. Ж.А- миний баруун талын чихрүү хэд хэдэн удаа цохисон. Гэхдээ юугаар цохисон талаар мэдэхгүй байна. Ж.А- нь 2021 оны 07 сарын 05-ны өдөр өөрийн гэртээ намайг дуудаад эмчилгээний мөнгө гэж надад 150.000 төгрөг бэлэн өгч, надаас уучлалт гуйсан, Ж.А-гаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Ж.А- бид хоёр найз нөхдийн холбоотой тул ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44- 45, 49 дүгээр хуудас/,
Гэрч Т.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2021 оны 06 сарын 24-нээс 2021 оны 06 сарын 25-нд шилжих шөнө би өөрийн эзэмшлийн зуны байшинд унтаж байхад хүргэн ах болох Ж.А- согтуу гэрээсээ гарч ирээд намайг орноос чирч буулгаад гадагш гаргаад өшиглөж зодож эхлэхэд манай хөрш Бейбитгүл, Х.Н- нар болиоч гээд салгасан. Тэгээд би айгаад хашааны буланд очиж нуугдаад байж байхад цагдаа нар хүрч ирээд Ж.А-г аваад явсан.Тухайн зодоон болсон газар ирэхэд Х.Н-ын баруун чихнээс цус гарч байсан ба тэнд байсан хүмүүс Х.Н-ын чих рүү Ж.А- цохисон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Гүлнар бид хоёр тэндээс холдоод байшингийн буланд нуугдаад зогсож байтал цагдаагийн албан хаагч нар хүрээд ирсэн. Тэгээд бид нар тухайн газарт ирэхэд Х.Н- газар унасан хэвтэж байсныг цагдаа нар түшиж босгоод түргэн тусламж дуудаарай гэсэн. Ж.А-г орилж хашгираад явж байхад Х.Н- хажууд нь байсан ба сүүлд газар унасан байхад Х.Н-ын чихнээс цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р тал/,
Гэрч Т.Б-ы “....харин намайг очсоноос хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн ба тэд хэлэхдээ Х.Н-ын чихнээс цус гарч байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х.Е-ын 2021 оны 06 сарын 29-ний өдрийн 293 дугаартай “Х.Н-ын биед баруун чихэнд шарх, баруун мөрний мултрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн, шинэ гэмтлүүд бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.А-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Е- гэх найзтайгаа 2021 оны 06 сарын 24-ний шөнийн 23 цагийн үед Сагсай сум явах замд айлын хашаанд худаг ухахаар болж уг айлдаа 23 цаг 40 минутын үед очсон.Тэгээд би Е-тай хамт худаг ухаж байхад Н- гэх найз маань ирээд хамт архи уух уу гэхээр нь тэгье гээд би 35.000 төгрөгөөр өөрөө дэлгүүрээс “Еден” гэх нэртэй архи 0.75 литрийн 1 шил архи, 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй 4 ширхэг пиво худалдан аваад худаг ухаж байсан айлын хашаанд ирээд Н- бид хоёр уг архийг хуваагаад уусан. Тэр үед Е- архинаас уугаагүй. Тэгээд ууж байсан архи пиво дуусаад би нэлээн согтсон байсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Ухаан ороход цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх байранд байсан. Би ийм үйлдэл гаргасандаа маш их гэмшиж байна. Би хохирогч Х.Н-аас уучлалт гуйж, түүний эмчилгээнд 150.000 төгрөг өгсөн. Бид хоёр сайн найзууд тул Х.Н- намайг уучилсан. Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.А-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Ж.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан, хохирогч Х.Н- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 150 000 төгрөгийг бүрэн авсан, цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, шүүгдэгч Ж.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг түүний өмгөөлөгч Х.А- дэмжиж оролцсон болно.
Шүүгдэгч Ж.А- нь 2021 оны 06 сарын 24-25-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчим согтуугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Н-ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Н-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Ж.А- нь гэртээ ирээд эхнэр Т.Г-ыг доромжилсон үг хэлээд зодох гээд дайраад байхаар нь би Ж.А-г боль унтаж амар гээд унтлагын өрөөнд аваачаад дээрээс нь дараад хэвтэж байтал Ж.А- унтах шиг болсон. Тэгээд би унтах гээд байж байхад Ж.А- гэрээсээ гараад явсан. Хойноос нь гарахад Ж.А- хашаан дотор байсан зуны амбаарт унтаж байсан дүү Т.Т-г зодож байхыг хараад би салгах гэхэд Ж.А- миний баруун талын чих орчимд цохисон. ....Ж.А- нь 2021 оны 07 сарын 05-ны өдөр өөрийн гэртээ намайг дуудаад эмчилгээний мөнгө гэж надад 150.000 төгрөг бэлэн өгсөн”, Ж.А-гаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Ж.А- бид хоёр найз нөхдийн холбоотой тул ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг[1], хохирогч Х.Н-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 293 дугаартай шинжээчийн дүгнэлт[2], гэрч Т.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 06 сарын 24-нээс 2021 оны 06 сарын 25-нд шилжих шөнө би өөрийн эзэмшлийн зуны байшинд унтаж байхад миний хүргэн ах болох Ж.А- согтуу гэрээсээ гарч ирээд намайг орноос чирээд гадагш гаргаж өшиглөж зодож эхлэхэд манай хөрш Бейбитгүл, Х.Н- нар болиоч гээд салгасан. Тэгээд би айгаад хашааны буланд очиж нуугдаад байж байхад цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд Ж.А-г аваад явсан.Тухайн зодоон болсон газар ирэхэд Х.Н-ын баруун чихнээс цус гарч байсан.Тухайн газар байсан хүмүүс Х.Н-ын чих рүү Ж.А- цохисон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг[3], гэрч Т.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”харин намайг очсоны дараа хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн ба тэд хэлэхдээ Х.Н-ын чихнээс цус гарч байна гэсэн” гэх мэдүүлэг[4], шүүгдэгч Ж.А-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч Ж.А- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний баруун талын чих орчимд цохиж, баруун мөрийг нь мулталж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.А-гийн үйлдлийн улмаас хохирогч Х.Н-ын биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.А- нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Ж.А- нь тухайн цаг хугацаанд гэрч Т.Т-г унтаж байхад орноос чирээд гадагш гаргаж өшиглөж зодсон талаар гэрч мэдүүлсэн боловч шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 295 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Т.Т-н биед гэмтэл тогтоогдоогүй тул Ж.А-гийн Т.Т-г зодсон үйлдлийг зөрчлөөр шалгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
-Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Ж.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба шүүгдэгч Ж.А- нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Н-ын эмчилгээний зардалд 150.000 төгрөг төлж барагдуулсан нь тогтоогдож байна.
Хохирогч Х.Н- нь Ж.А-тай найз нөхдийн холбоотой тул цаашид санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.А- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хувийн байдлын хувьд Ж.А- нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар,
Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан бодит хохиролд 150.000 төгрөг төлж барагдуулсан нь тус тус тогтоогдож байх тул эдгээр нөхцөл байдлыг шүүгдэгч Ж.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Ж.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд хийлгэх саналыг Ж.А-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ж.А-гийн хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-д 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Баян-өлгий аймгийн Өлгий сумын төвд нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.А- нь 2021 оны 6 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 02-03 цагийн үед гэмт хэрэг үйлдсэн нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-д заасан хугацаанд хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.
Дөрөв:Бусад асуудлаар:
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргавал зохих хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ж-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.А-г 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлсүгэй.
4.Энэ шийтгэх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдсугай.
7. Шүүгдэгч Ж.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА