| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2021/0103,/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/106 |
| Огноо | 2021-08-25 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/106
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Прокурор: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, улсын өмгөөлөгч Х.А-,
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч: А.Ж-
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-н Б-эд холбогдох эрүүгийн 2113000000104 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 6 сарын хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан гэх, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-н Б-, Регистрийн дугаар: БЮ..........
Шүүгдэгч Б.Б-ийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б- нь Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 06 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө согтуугаар тус аймгийн иргэн А.М-аас “...нөхөр Б.Б- нь архидан согтуурч гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулсан” гэх гомдол, мэдээллийн дагуу албан үүргээ биелүүлэхээр очсон хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагч Х.С-, З.А- нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Б.Б-ээс мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Цагдаа нар намайг бууж ирэхийг шаардсан боловч би тэд нарын үгэнд орохгүйгээр эсэргүүцэж байшингийн дээврээс чулуу шидсэн. Цагдаа нарыг эсэргүүцэж, улмаар тэд нарт чулуу шидэж, эд зүйлийг нь эвдсэн үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулах болно гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000000104 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-5-р хуудас/,
2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13-р хуудас/,
3. Хохирогч Х.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,
4. Хохирогч З.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
5. Гэрч К.Г-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,
6. Гэрч Ш.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,
7. Гэрч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,
8. Гэрч С.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,
9. Иргэний нэхэмжлэгч А.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,
10. Яллагдагч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 94-95-р хуудас/, болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Б- нь согтуугаар тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 06 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө иргэн А.М-аас гаргасан гомдол, мэдээллийн дагуу албан үүргээ биелүүлэхээр очсон хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагч Х.С-, З.А- нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-05 х/,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07, 09, 11-13 х/,
- Цагдаагийн газарт иргэн А.М-аас гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 21 х/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 32-33 х/
- Хохирогч Х.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цаг 45 минутын үед эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч З.А-, Дотоодын цэргийн тусгай салааны харуулчин К.Г-, Ш.С- нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ба энэ үеэр жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Х- Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух Б.Б- нь өөрийн гэртээ архидан согтуурч, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа юм байна, уг дуудлаганд яваад ир гэж бид дөрвийг явуулсан. Дуудлагаар очиход Б.Б-ийн эхнэр болох А.М- бидэнд “Б.Б- гэрийн хаалгыг дотор талаас нь түгжиж аваад танихгүй нэг залуутай хамт архи уугаад сууж байна, би тэднийг гэрт ирэх үед гэртээ байгаагүй байсан ба одоо гэртээ орох гэхээр түүнийг согтуу болохоор орж чадахгүй байна” гэж хэлсэн. Бид Б.Б-ийн гэрийн хаалгыг тогшиж, хаалга тайлахыг шаардахад тэрээр хаалга тайлж өгөөгүй бөгөөд хаалгыг нь онгойлгуулах гээд зогсож байх үед Б.Б- нь гэрийнхээ цонхны салхивчаар гарч байшингийн дээр гарчихсан. Б.Б-ийг байшингийн дээрээс бууж ирэхийг шаардахад тэрээр бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, бидэн рүү байшингийн дээрээс чулуу, тоосго аваад шидсэн. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор түүний шидсэн чулуу нь бидний биед онох болов уу, албаны тээврийн хэрэгсэл тэдний хашаанд байсан болохоор онох болов уу гэж бодоод эхлээд Б.Б-тэй хамт гэрт нь байсан залууг Цагдаагийн газарт хүргэж, хамгаалах хувцас авч ирсэн. ...Эргүүлийн цагдаа З.А- бид хоёр хамгаалах малгай өмсөж, бамбай барин Б.Б-ийг байшингийн дээрээс буулгах гэж байшингийн үүдэнд очиход тэр бидэнд байшингийн дээрээс чулуу шидэхэд З.А-ийн өмсөж явсан хамгаалах малгай болон бид хоёрын гарт байсан бамбай чулуунд оногдож хагарсан. Б.Б- нь биднийг байшингийн дээр гаргахгүй, ойртуулахгүй чулуу шидээд байхаар нь бид түүний эхнэр хүүхдийг нь машинд суулган цагдаагийн газарт дагуулж ирсэн. ...Надад учирсан хохирол байхгүй, бидний албанд хэрэглэж байсан хагарсан хамгаалах малгай, бамбайг төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 36 х/,
- Хохирогч З.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 00 цаг 45 минутын үед эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.С-, Дотоодын цэргийн тусгай салааны харуулчин К.Г-, Ш.С- нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хугацаанд жижүүрийн дуудлагын утсанд 00 цаг 45 минутын үед ирсэн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух Б.Б- нь архидан согтуурч, гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулж байна гэсэн дуудлаганд очсон. Дуудлагаар очиход Б.Б-ийн эхнэр болох А.М- хашаа дотор явж байсан бөгөөд тэрээр бидэнд “Б.Б- гэрт танихгүй нэг залуутай хамт архи уугаад сууж байх шиг байна, тэд гэрийн хаалгыг дотор талаас нь түгжээд авсан байна, би гэрт орохоос айгаад байна” гэж хэлсэн. Бид хаалгыг нь онгойлгуулах гээд тогшиж байтал Б.Б- нь бидний ирснийг мэдээд гэрийнхээ цонхны салхивчаар гараад байшингийнхаа дээр гарсан байна лээ. Бид Б.Б-эд байшингийн дээрээс бууж ирэхийг шаардахад тэрээр бууж ирэхгүй бидэн рүү байшингийн дээрээс чулуу, тоосго шидсэн. ...Б.Б-тэй хамт гэрт нь байсан залуу гэрээс нь гараад зугтаж явж байхад нь түүнийг барьж авч Х.С-, Ш.С- хоёр түүнийг Цагдаагийн газарт хүргэж, хамгаалах малгай, бамбай авч ирэхээр явсан. ...Х.С-, Ш.С- нар 2 ширхэг хамгаалах малгай, 2 ширхэг бамбай авч ирэхээр нь Х.С- бид хоёр хамгаалах малгай өмсөж, гартаа бамбай барин Б.Б-ийг байшингийн дээрээс буулгах гэж байшин руу очих үед Б.Б- бидэн рүү мөн чулуу шидэж эхэлсэн. Бид байшингийн дээр гарах үед түүний шидсэн чулуу нь миний өмсөж явсан хамгаалах малгайн урд хамгаалах хуванцар болон бамбайд, мөн Х.С-ын гарт байсан бамбайд онож тус тус хагарсан. ...Бид Б.Б-эд байшингийн дээрээс бууж ирэх шаардлага тавьсан. ... Надад учирсан хохирол байхгүй, бидний албанд хэрэглэж байсан хагарсан хамгаалах малгай, бамбайг төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 39 х/,
- Иргэний нэхэмжлэгч А.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...энэ гэмт хэргийн улмаас Цагдаагийн байгууллагад хохирол учруулсан иргэнээр хохирлыг бүрэн төлүүлж, Цагдаагийн газрыг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна. Цагдаагийн газрын бараа материалын бүртгэлд нэг ширхэг бамбай 66.950 /жаран зургаан мянга есөн зуун тавь/-н төгрөг, харин нэг ширхэг хамгаалах малгай 19.000 /арван есөн мянга/- н төгрөгийн үнэ ханштай байгаа. Энэ гэмт хэргийн улмаас манай цагдаагийн газарт хоёр ширхэг бамбайн үнэ болох 133.900 /нэг зуун гучин гурван мянга есөн зуу/, нэг малгай нь 19.000 /арван есөн мянга/-н төгрөгийг нэмэхэд нийт 152.900 /нэг зуун тавин хоёр мянга есөн зуу/-н төгрөгийн үнэ ханштай болж байна. Тухайн тусгай хэрэгслүүд шинээр олгогдсон байсан бөгөөд үүнд ямар нэгэн элэгдэл тооцохгүй. Хагарч эвдэрсэн тусгай хэрэгслүүд эд мөрийн баримтын өрөөнд байгаа бөгөөд цаашид ашиглах боломжгүй. ...152.900 /нэг зуун тавин хоёр мянга есөн зуу/-н төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 х/,
-Гэрч К.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид хаалгыг нь тайлуулах гэж хаалгыг тогшиж зогсож байхад Б.Б- гэрийнхээ нөгөө талын цонхоор гараад байшингийн дээр гарсан байсан. Байшингийн дээр зогсож байгаад бидэн рүү чулуу шидэж бид түүнд байшингийн дээрээс бууж ир гэхэд тэрээр буухгүй биднийг ойртуулахгүй чулуу шидээд байсан. ....Тэгж байхад Б.Б-тэй хамт гэрт нь архи ууж байсан залуу гараад зугтаж явж байхад нь бид түүнийг барьж аваад Х.С- нар түүнийг Цагдаагийн газарт хүргэж, хамгаалалтын хувцас аваад ирэхээр явсан. Х.С- буцаж ирэх хүртэл Б.Б- бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, биднийг байшин руу ойртуулахгүй, байшингийнхаа дээр байгаад байсан. Х.С- 2 ширхэг хамгаалах малгай, 2 ширхэг бамбай авч ирж, З.Аманбекийн хамт хамгаалах малгай өмсөж, бамбай барин байшингийн дээр гарахаар болж байшин руу очиход Б.Б- тэдэн рүү тасралтгүй чулуу шидээд байсан ба түүний шидсэн чулуу нь Х.С-, З.А- нарын гартаа барьсан бамбай, мөн З.А-ийн өмсөж явсан хамгаалах малгайн урд талын хамгаалах шилэнд онож, тус тус хагарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 х/,
- Гэрч Ш.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.С-, З.А- нар хамгаалах малгай өмсөж, гартаа бамбай барин байшингийн дээр гарч Б.Б-ийг буулгах гэхэд Б.Б- тэд нар руу чулуу шидсэн. Түүний шидсэн чулуу нь З.А-ийн өмсөж явсан малгай, гартаа барьсан бамбайнд онож тус тус хагарсан. Бид Б.Б-эд байшингийн дээрээс буу гэж хэлсэн боловч тэрээр буухгүй та нарыг явсны дараа бууна, та нар яв гээд чулуу шидээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50 х/,
- Гэрч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 28-ны шөнийн 22 цаг өнгөрч байх үед би охинтойгоо хөрш айлд сууж байтал нөхөр Б.Б- хажуудаа нэг танихгүй залуугийн хамт согтуу ирсэн. ...Согтуу болохоор нь гэрт орохоос айгаад Цагдаагийн газарт дуудлага өгсөн ба цагдаа нар ирэхэд нь би тэдэнд та нар Бейбитийг цагдаа нар ирэхэд зугтаж явдаг гэдгийг мэднэ шүү дээ, тэд хаалгыг дотор талаас нь түгжиж авсан, би хаалга тогшиж тайлуулья гэж хэлэн хаалга тогшиж байхад тэрээр цагдаа нар ирсэн байсныг цонхоор харж мэдчихээд хаалга тайлж өгөөгүй. ...хаалга тайлуулах гэж зогсож байтал Бейбит гэрээс цонхны салхивчаар гараад байшингийн дээр гарсан байна лээ. Бейбит байшингийн дээр гарчихаад байшингийн дээрээс цагдаа нар руу чулуу шидсэн. Дараа нь гэрт байсан танихгүй залуу мөн байшингийн цонхны салхивчаар гарч зугатаж явж байхад цагдаа нар түүнийг бариад авсан. Цагдаа нарын хоёр нь үлдэж, хоёр нь уг залууг авч Цагдаагийн газар руу явж хэсэг хугацааны дараа буцаж хамгаалалтын хувцастай ирээд байшингийн дээр шатаар гарч байхад Бейбит тэдэн рүү мөн чулуу шидээд байсан ба цагдаа нарын хамгаалалтын бамбай, малгай нь хагарсан. Цагдаа нар түүнд ойртож чадахгүй байх үед тэрээр байшингийн дээрээс буугаад зугатаад явчихсан. Цагдаагийн албан хаагч нар Б.Б-эд байшингийн дээрээс буу гэж шаардлага тавьсан боловч Б.Б- нь тэдний тавьсан шаардлагыг биелүүлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 х/,
- Гэрч С.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр цагдаагийн алба хаагч нарын авч гарсан бамбай болон хамгаалах малгай нь бүрэн бүтэн байсан. Жижүүрийн мөрдөгч нар өдөр бүр ажил хүлээлцэх үед жижүүрийн албанд байдаг бүх зэвсэг, тусгай хэрэгслүүдийг нүд тоолон нэг бүрчлэн шалгаж хүлээж аваад ажлаас буух үед дараагийн ээлжийн жижүүрт бүрэн бүтэн хүлээлгэж өгдөг” гэх мэдүүлэг /хх-ийн 59 х/,
- Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...цагдаа нар намайг бууж ирэхийг шаардсан боловч би тэд нарын үгэнд орохгүйгээр эсэргүүцэж байшингийн дээврээс чулуу шидсэн байна. ...цагдаа нарыг эсэргүүцэж, улмаар тэд нарт чулуу шидэж, эд зүйлийг нь эвдсэн үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулах болно. Би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, хүүхдүүд маань бага насных, мөн эхнэр маань 8 сартай жирэмсэн, удахгүй хүүхэд төрүүлнэ. Би гадуур явж хар бор ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Эхнэр төрчихвөл ар гэр, үр хүүхдүүдийг минь харж хандах хүнгүй болно. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 х/ зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, хохирогч гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
2021 оны 6 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Баян-Өлгий аймаг дахь аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа Х.С-, З.А- нар нь Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж явсан болох нь тэдгээрийн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Баян-Өлгий аймаг дахь аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа Х.С-, З.А- нар нь иргэн А.М-аас гаргасан гомдлын дагуу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, шөнийн цагаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж, гэртээ эхнэр хүүхдээ оруулж амраахгүйгээр хаалгаа дотроос нь түгжин, бусадтай архи ууж байсан Б.Б-ийн үйлдлийг таслан зогсоох зорилгоор иргэн Б.Б-ийг гэрийнхээ хаалгыг онгойлгохыг шаардаж, хаалгыг нь тогшиж байхад Б.Б- нь цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, цонхоороо дамжин байшингийн дээвэр дээр гарч, улмаар цагдаагийн алба хаагч нарт хүч хэрэглэн чулуу шидэн, хамгаалалтын хэрэгсэл болох малгай, бамбай зэрэг эд зүйлийг эвдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан байх тул Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн цагдаа Х.С-, З.А- нар нь хууль сахиулагч мөн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-ийн эргүүлийн цагдаа Х.С-, З.А- нарын тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, чулуу шидэж, хамгаалалтын бамбай, малгай зэргийг хагалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Энэ гэмт хэргийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол, хууль сахиулагчийн халдашгүй байдал зөрчигдсөн байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Б-ийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Б-ийн хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэм буруутай үйлдлийн улмаас тэдгээрийн албаны хэрэгцээнд хэрэглэж байсан хамгаалалтын малгай 1 ширхэг, бамбай 2 ширхэг зэрэг эд зүйлүүд эвдэрч, дахин ашиглах боломжгүй болсон байх ба иргэний нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын хууль ёсны төлөөлөгч А.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт “Цагдаагийн газрын бараа материалын бүртгэлд нэг ширхэг бамбай 66.950 /жаран зургаан мянга есөн зуун тавь/-н төгрөг, харин нэг ширхэг хамгаалах малгай 19.000 /арван есөн мянга/- н төгрөгийн үнэ ханштай байгаа. Энэ гэмт хэргийн улмаас манай цагдаагийн газарт хоёр ширхэг бамбайн үнэ болох 133.900 /нэг зуун гучин гурван мянга есөн зуу/, нэг малгай нь 19.000 /арван есөн мянга/-н төгрөгийг нэмэхэд нийт 152.900 /нэг зуун тавин хоёр мянга есөн зуу/-н төгрөгийн үнэ ханштай болж байна. Иймд шүүгдэгч Б.Б-ээс 152.900 төгрөг гаргуулан манай байгууллагад олгож, хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлгийг өгсөн.
Шүүгдэгч Б.Б- нь цагдаагийн байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Б.Б-ээс гэмт хэргийн хохирол, хор уршигт 152.900 төгрөг гаргуулж, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Б-ийн холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч Б.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй бөгөөд тэрээр хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан, байнгын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Мөн түүнчлэн Б.Б- нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг болох 152.900 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, ар гэрийн хувьд бага насны 3 хүүхэд, жирэмсэн эхнэрийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5-д тус тус зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Б-эд гэмт хэргийн хохирол хор уршиг 152.900 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны дотор Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт төлж барагдуулах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2 ширхэг чулууг устгаж, цагдаагийн албаны хамгаалалтын малгай 1 ширхэг, бамбай 2 ширхэг (эвдэрч хагарсан) зэргийг эзэмшигч Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт буцаан олгохыг тус шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх” комисст даалгах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-эд мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-эд тэнссэн хугацаанд 2021 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд гэмт хэргийн хор уршиг болох 152.900 /нэг зуун тавин хоёр мянган есөн зуу/ төгрөгийг төлж, хор уршгийг арилгах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Б.Б-эд тэнссэн хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Б.Б- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязаарлалтыг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ээс гэмт хэргийн хор уршигт 152.900 /нэг зуун тавин хоёр мянган есөн зуу/ төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж, мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хамгаалах бамбай 2 ширхэг, малгай 1 ширхэг зэргийг эзэмшигч Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн байгууллагад буцаан олгоссугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон этгээдэд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА