Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/80 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч, хяналтын прокурор М.П,

шүүгдэгч А.Ж- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.а овогт А-ы Ж-ыг холбогдох 2113000000078 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1980 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дүгээр ба, **** тоотод оршин суух хаягтай, хот хооронд ачааны машинаар тээвэрт гардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дүгээр зүйлээр 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 5/91 дугаартай прокурорын тогтоолоор хоорондоо эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, ял шийтгэлгүй, Б.а овогт А-ы Ж-, регистрийн дугаар БЮ..........,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ж- нь 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хохирогч С.Е-ы Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ж ХХК-ны тус аймаг дахь салбарт мартаж явсан “Самсунг А51” маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгаа болохыг мэдсээр байж завшиж, 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Ж- мэдүүлэхдээ: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000000078 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-05-

рх/,

2. Хохирогч С.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-23-рх/,

3. Гэрч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-рх/,

4. Гэрч О.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-рх/,

5. Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-рх/,

6. Гэрч А.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-рх/,

7. DVD дискийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 06-рх/,

8. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-10-рх/,

9. Хяналтын камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12-рх/,

10. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-рх/,

11. “А” ХХК-ны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн БӨА-21- 103 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 38-42-рх/,

12. Шүүгдэгч А.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 52-53-рх/  болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Ж-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Ж- нь 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хохирогч С.Е-ы Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ж ХХК-ны тус аймаг дахь салбарт мартаж явсан “Самсунг А51” маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгаа болохыг мэдсээр байж завшиж, 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.Ж-аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч А.Ж- нь 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хохирогч С.Е-ы Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ж ХХК-ны тус аймаг дахь салбарт мартаж явсан “Самсунг А51” маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгаа болохыг мэдсээр байж завшиж, 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-05-рх/,

- Хохирогч С.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 13 дугаар багт байрлах гэрээсээ 13 цаг өнгөрч байх үед гараад “А” нэртэй гар утасны үйлчилгээний төвд гар утасныхаа зайг солиулж, тэндээс гараад Ахмадын ордонд очиж, ахмадын эмийн сангаас даатгалын эм авах гэтэл уг эмийн сангийн ажилтан ирээгүй байсан. Тэгээд би Жын хуучин Мобикомын салбар байсан газарт очиж гар утасныхаа нэг сим карт болох Жын ***** дугаарын сим картандаа нэгж авч, эрхийг нээлгээд буцаад Ахмадын хорооны эмийн санд очиж эм аваад гар утсаараа ярих гэтэл миний гар утас байхгүй байсан. Тэгээд би уг гар утсаа хаана гээчихэв гэж бодоод шууд Ахмадын ордонд очиж эмийн сангаас асуухад үгүй та гар утсаа үлдээгээгүй байна гэсэн ба дараа нь “А” гар утасны газарт очиж камерын бичлэг шүүлгэхэд тэр камерт би гар утсаа өөрөө авч явсан болох нь харагдсан. Тэгээд би хамгийн сүүлд Жын салбарт очиж асуухад тэнд ажиллаж байсан миний үйлчлүүлсэн охин “...сая миний дэргэд нэг гар утас байхаар нь энэ хэнийх бэ гэж асуухад үйлчлүүлэх гэж сандалд сууж байсан нэг хүн минийх хэмээн хэлж авч явсан шүү дээ, тэр таны утас байсан юм биш үү” гэж хэлсэн ба би түүнд харин би чамаас нэгж аваад утасныхаа эрхээ нээлгээд гарахдаа гар утсаа орхиод гарсан байна гэдгийг хэлсэн. Миний гар утас бүрэн бүтэн байсан бөгөөд миний гар утсыг авсан хүн сим картыг минь авч хаяж, доторх бүгд зургийг устгачихсан байдалтай утсаа авлаа. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-рх/,

- Гэрч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр манай хадам ээж С.Е- Ж ХХК-ны салбараар үйлчлүүлж гарахдаа өөрийнхөө “Самсунг А51” маркийн гар утсыг гээгдүүлж гарч явсан гэж хэлсэн. Тэгээд бид уг гар утсыг Ж салбараас авч явсан хүний хажууд нь цуг явсан гэх 94402180 гар утасны дугаартай хүн рүү удаа дараа мессэж бичиж, залгаж энэ талаар сануулж хэлсэн ч огт өгөхгүй байсан. Гэтэл орой 22 цагийн үед миний 99556382 дугаарын утас руу 94402180 дугаарын утастай хүн залгаж “...би хулгай хийх хүн биш ээ, гэхдээ би танай ээжийн гар утсыг авсан хүнийг мэднэ. Тухайн хүний гар утас биш ч гэсэн авч явсныг нь би мэдэж байна” гэдэг зүйлийг хэлэхээр нь би та тэр хүний гэрийг нь мэдэх үү, бидэнд зааж өгнө үү гэхээр нь за тэгье, та хүрээд ир гэхээр нь тэр хүнийг 9 дүгээр баг, Бетон гүүр даваад гэрээс нь очиж аваад ээжийн гар утсыг авч явсан хүний гэр лүү Зайд сургуулиас бүр цаашаа очиж уулзаад гар утсыг авсан. Би ээжийн гар утсыг очиж авахад бүрэн бүтэн байсан ба сим картыг нь авч хаяад доторх зүйлсийг нь устгаж формат хийсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-рх/,

- Гэрч О.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би А.Ж-ын хамтаар Жын салбарт ирсэн. Би хөдөө байдаг Жигийн дугаар луу 3000 нэгж шилжүүлээд сууж байхад бидэнд үйлчилж байсан охин ширээн дээр байсан гар утсыг үзүүлж “...энэ хэний гар утас бэ” гэхэд надтай цуг явж байсан А.Ж- “...энэ миний гар утас” гэж шууд тэр гар утсыг авчихсан. Тэгээд би нэрээ ч өөрийнх нь гар утас юм болов уу гэж бодоод нэгжээ авчихаад яваад өгсөн. Намайг гэртээ ирээд амарч байхад нэлээн хэдэн дугаараас залгасан ба би согтуу унтаад өгсөн. Намайг нэг сэрэхэд нэг хүнээс “...гар утсыг таны хажууд байсан хүн авсан байна, камерын бичлэгт бичигдсэн байна, бид цагдаад өгсөн байгаа шүү” гэх утгатай мессэж ирэхээр нь би тэдэнд би заагаад өгье, манай гэр лүү хүрээд ир гэж хэлээд тэгээд гар утсыг хаяж байсан хүмүүс манайд ирээд намайг аваад дараа нь би тэдэнтэй цуг А.Ж-ын гэрт очсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-рх/,

- Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би тухайн үед нэлээн завгүй ажилтай байсан бөгөөд яг С.Е- гэх хүн гар утсаа орхиж явсныг нь мэдээгүй. Харин дараа дараагийн хүмүүс үйлчлүүлж явж байсан бөгөөд нэг мэдэхэд миний ширээн дээр хар өнгийн гар утас байхаар нь тэнд үйлчлүүлж сууж байсан хүмүүсээс энэ хэний гар утас юм бол гэхэд нэг ах минийх гээд аваад явсан. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө С.Е- гэх эгч “...би танай салбарт сая үйлчлүүлж гарахдаа гар утсаа орхиж гарсан байна, харсан уу” гэхээр нь би тэр гар утас таных байсан юм уу, сая миний ширээнд байсан гар утсыг би хүмүүст үзүүлэхэд минийх гээд нэг ах аваад явлаа гэдгийг хэлсэн. Тэгээд С.Е- эгч надад тэр гар утас авсан хүн та нарт үйлчлүүлсэн бол дугаарыг нь өгөөч гэхээр нь би тэр хүн үйлчлүүлээгүй, хажууд нь хамт явсан хүн үйлчлүүлсэн гээд тэр хүний дугаарыг хэлж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-рх/,

- Гэрч А.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Ямартай ч ухаалаг гар утас байсан ба эмэгтэй хүний гар утасны гэртэй байсан. Нөхөр А.Ж-аас аваад шууд төмөр сейфэндээ хийчихсэн байсан. Энэ хооронд манай хүүхдүүд ч тэр сейфийг нээж үзээгүй. Тухайн гар утас унтраалттай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-рх/,

- DVD дискийг эд мөрИйн баримтаар тооцох тоггоол /хх-ийн 06-рх/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-10-рх/,

- Хяналтын камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12-рх/,

- Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-рх/,

- “А” ХХК-ны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн БӨА-21- 103 дугаартай үнэлгээний: “...2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар Самсунг-А51 маркийн гар утас 500.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэх дүгнэлт /хх-ийн 38-42-рх/,

- Шүүгдэгч А.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...О.С- надад хоёулаа дэлгүүр ороод Жын нэгж олоод хөдөө гэр лүү явуулъя гээд дэлгүүрүүдээр орж Жимобайлын нэгж асуухад байхгүй байсан ба бид хоёр алхаж явсаар байгаад 14 цаг 30 минутын үед Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ж” ХХК-ны тус аймаг дахь салбарт ирэхэд тэнд нэгж худалдаалагдаж байсан учраас О.С- 3000 төгрөгийн нэгж авсан. Би хүлээлгийн танхимын сандал дээр түүнийг хүлээгээд сууж байсан ба тухайн компанийн үйлчилгээний эмэгтэй ажилтан энэ утас хэний утас вэ гээд нэг хар өнгийн утас үзүүлэхээр нь би миний утас гэж аваад өөрийн өмсөж явсан хувцасны энгэрийн карманд хийгээд О.С- болчихлоо гэхээр нь хамтдаа гарч Ах дам захын урдаас такси бариад ахиад анх архи уусан газартаа очоод нэг шил архи авч О.С- бид хоёр хувааж уугаад гэр гэртээ харьсан. Би өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахад татгалзах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-рх/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Шүүгдэгч А.Ж-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч С.Е-д 500.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид гар утсыг нь биет байдлаар буцааж өгсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Ж-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй

 

Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, А.Ж- нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч С.Е-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байх тул эдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.Ж- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч А.Ж-ад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч А.Ж-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Ж-ын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500000 төгрөгтэй тэнцэх юм. Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

Долоо. Бусад асуудлаар:

Уг гэмт хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Ж-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:        

  1. Шүүгдэгч Б.а овогт А-ы Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-ыг 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж- нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  5. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Худакелдид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК