| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2021/0075/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/83 |
| Огноо | 2021-06-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/83
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
Хохирогч: Х.К-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З-,
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-ад холбогдох 2113000430055 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн
Баяннуур суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дотоодын цэргийн штабын Баян-Өлгий аймаг дахь “Цагааннуур” чөлөөт бүсийг хамгаалах тусгай салааны харуулчнаар ажиллаж байсан, одоо тодорхой эрхэлсэн ажилгүй гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дугаар баг, Х **** оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, М.м овогт Б-н Б-, РД: *****
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.К-ийг өшиглөн хөлийг нь хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэм буруугийн талаарх нотлох баримтууд:
Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.
Хохирогч Х.К-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Би 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр найз Ж-тэй 13 цаг 30 минутын үед Ц дэлгүүрийн хажууд уулзсан. Тухайн үед Ж- өөрийн “Естима” маркийн машинтай “Бөхөн уул” руу явах замдаа нэрийг нь мэдэхгүй дэлгүүрээс 8 ширхэг “Сэнгүр” пиво авсан бөгөөд 15 цаг хүртэл пивоо ууж дуусгаад гүүрний хажууд ирсэн. Тэгээд Ж- өөрийнхөө найзыг дуудаад уг залуу “А” дэлгүүрээс 8 ширхэг пиво аваад түүнийг 3-уулаа уусан. Үүний дараа би “О” супермаркетээс 24 ширхэг пиво аваад сууж байтал А- Ж-ийн машиныг таниад бидэн дээр хүрээд ирсэн. А-ийг ирэхэд бид авсан 24 пивоо ууж эхлээгүй байсан бөгөөд А- Б-ыг машин бариулахаар дуудсан. Б- гүүрний хажууд нэг айлд байна гэсэн тул Ж-ийн машиныг найз нь бариад Б-ыг очиж авсан. Б- тухайн айлаас согтуу гарч ирсэн бөгөөд машинд суунгуутаа А- бид хоёртой маргалдаад байсан. Яг юунаас болж маргалдсаныг санахгүй байна. Тэгээд бид Б-ыг суулгаад шинэ нисэх буудлын чиглэлд очиж зогсоод авсан пивоо уусан. Би өөрөө 2-3 лааз пиво уусан. Биднийг пиво ууж байхад Б.Б- А-тэй хэрэлдсэн. Тэгэхээр нь би тэдний хажууд очоод Б-ыг боль гэж хэлсэн бөгөөд нэг мэдэхэд би газар унасан, яаж унасанаа санахгүй байна. Б- миний хөл рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд Б.Б- явчихсан. ...Би босч ирээд газар гишгэхэд миний хөлийн яс хугарсан дуу сонсогдож байсан. Б- миний зүүн талын хөлийн шилбэ хэсэг рүү 2 удаа маш хүчтэй өшиглөхөд миний хөл хугарсан. Тухайн үед эмчид үзүүлж, зураг авахуулахад миний зүүн талын хөлний бүдүүн шилбэний их биений доод хэсэг болон нарийн шилбэний их биений дээд хэсгээр хугарсан байсан тул 2021 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2 сарын 11-ний өдөр хүртэл Улаанбаатар хотод Гэмтэл согогийн Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон. Мөн 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Би хувиараа хөдөлмөр эрхэлж, засал чимэглэлийн ажил хийдэг байсан ба гэмтэл авснаас хойш ажлаа хийж, орлого олж чадаагүй маш их хохирч байна. Миний эм тарианы зардалд 1.613.108 төгрөг, эмчилгээтэй байх хугацаанд хэрэглэсэн хоол унд, бусад зүйлийн зардалд 335.337 төгрөг, хот руу эмчилгээнд явж ирэх үеийн унааны зардалд нийтдээ 1.013.700 төгрөг тус тус гарсан ба дээр нь нэмээд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хийх чадваргүй болж, бусдад өгөх өр төлбөр, мөн хүүхдийн тэтгэмж зэргийг төлж чадахгүй 2.456.900 төгрөгийн өртэй болсон. Шүүхийн шийдвэрээр би өмнөх гэрлэлтээс төрсөн хүү К.М-д сар бүр тэтгэлэг төлдөг байсан ба хөл хугарснаас болж ажил хийж орлого олоогүй тул энэ хугацаанд 889.555 төгрөгийн тэтгэлэг төлөгдөөгүй хуримтлагдсан. Мөн би шүүхийн шийдвэрээр иргэн Х.Р-д үндсэн төлбөр, тэмдэгтийн хураамжид 569.850 төгрөг, миний эхнэр Б.Б- нь эвлэрүүлэн зуучлагчийн шийдвэрийн дагуу иргэн Ө.Сапарбекэд үндсэн төлбөр, тэмдэгтийн хураамж 997.500 төгрөг төлөх ёстой байсан боловч эхнэр Б.Б-ийн 2 сарын цалингаар би эмчилгээ хийлгэж, эм тариа авсан учраас эдгээр өрийг бид төлж чадаагүй учир надад гэм хор учруулсан Б.Б-аас энэ бүхнийг нэхэмжилж байна. Иймд шүүгдэгч Б.Б-аас надад учирсан нийт хохиролд 5.419.045 төгрөг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү. Надад өөр гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 3-12-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Т.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн машинаа гүүрний аманд байдаг засварын газарт засуулж байсан юм. Намайг машин засуулж байх үеэр Ж-, К-, Б- гурав 16 цагийн үед гүүрний аманд машинтайгаа ирсэн. Би Ж-ийг таньдаг байсан. Түүнтэй Казахстан-Өлгий хооронд таксинд байнга явдаг байсан юм. Тэд нар Ж-ийн машинд пиво ууж байсан ба би машинд ороод К-тэй танилцсан. Бид нар уг машин дотор сууж байх үеэр буюу 17 цагийн үед А- ирсэн. Би тухайн үед 2 шил пиво уусан. А- ирсний дараа би А дэлгүүрт ороод 6 шил пиво авсан. Уг пивийг авч ууж дуусгаад дараа нь К- дахин 24 ширхэг пиво авсныг ууж эхлэхээс өмнө миний машин засрахгүй гэсэн тул Ж-ийн машинд суугаад бүгдээрээ онгоцны буудлын тэнд очсон. Тэгээд 20 цаг өнгөрч байх үед А- Б-тай ярилцаад Б-ыг гэрээс нь очоод авахаар болсон. Б-ын гэр нь Багшийн коллежийн хажууд байсан. Б-ыг суулгаад онгоцны буудлын ойролцоо очоод үлдсэн пивоо ууж дуусгаад А- нэг дэлгүүрээс 10 шил пиво аваад бид ууж байх хооронд гадаа гараад тамхи татаж байхад Б- К-ийн мөрнөөс нь татаад хавирч унагаасан юм. Тэгтэл К- миний хөл хугарчихлаа гэж хэлсэн. Тэр үеэр А-, Б- хоёр алхаад А-ийн гэр лүү явсан. Ж-ийн машинд К-ийг суулгаад Б-оор машин жолоодуулаад бид нар “Зайд” сургуулийн ойролцоо ирээд К-ийн эхнэрийг нь дуудсан, эхнэр нь ирээд машин жолоодоод Б- тухайн газартаа үлдээд би замдаа гэртээ буугаад Ж-, К- нар эмнэлэг рүү явсан.” гэх мэдүүлэг /27-31 дүгээр хуудас/
Гэрч М.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн үед багын найз К- рүү би утсаар яриад уулзахаар болсон. Тэгээд би К-тэй өөрийнхөө “Естима” маркийн тээврийн хэрэгсэл дотор Ц дэлгүүрийн урд 14 цаг 30 минутын үед уулзсан юм. Бид хоёр уулзчихаад ганц, хоёр пиво ууя гэж ярилцаад архи уудаггүй хүн дагуулъя гээд би найз Б- руу залгасан. Б-ыг гэрээс нь очиж авсан. Түүнийг аваад гүүрний аманд “О” супермаркетийн хажууд ирээд зогсож байсан. Тэр үеэр Н-тэй тааралдсан бөгөөд Н- тухайн газрын ойролцоо байсан машины засварт машинаа засуулж байсан юм. Бид дөрөв миний машинд суугаад пиво уусан. Эхлээд К- А дэлгүүрээс 6 шил пиво аваад Н-, К- бид гурав хоёр хоёроор нь уусан ба уг пивийг уугаад дуусангуут Н- дахин 8 шил пиво авсныг уугаад машин дотор сууж байтал А- ирсэн. А- ирээд бид нартай суухаар болоход К- “О” супермаркетээс нэмж 24 ширхэг пиво авсан. Тэгээд бид А-ийн гэрийн ойролцоо аймгийн нисэх буудлын замд очоод пиво ууцгаасан. Уг пивийг ууж байхад А-, Б-тай ярилцаад Б-ыг гэрээс нь очиж авсан. Б-ыг авчихаад нисэх буудлын зам руу дахин явах үед А- 10 шил пиво авсан. Тэгээд пиво ууж байх зуур бүгдээрээ гадагш гарч тамхи татацгаасан. Тамхи татаж байх хооронд Б- К-ийг мөрнөөс нь татаад хөл рүү нь өшиглөж хавирахад К- газарт унасан. Газарт унангуутаа ёооё миний хөл бараг хугарчихлаа гэж хэлсэн. Тэгэнгүүт нь би К-ийг машиндаа суулгаад Б- машин барьж яваад К-ийн эхнэрийн байгаа газар очиж, түүнийг дуудаж машин бариулаад эмнэлэгт очсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 36-37 дугаар хуудас/
Гэрч Х.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагийн үед гүүрийн аманд, “О” супермаркетийн орчимд Ж-ийн цагаан өнгийн “Тоёото естима” маркийн тээврийн хэрэгсэл дотор Н-, Ж-, К-, Б- дөрөв сууж байсан. Би Ж-ийн машиныг нь таниад тухайн газарт очсон бөгөөд намайг ороход тэд нар пиво уугаад сууж байсан. Намайг очиход 2 пиво үлдсэн байсан ба нэгийг нь надад задалж өгөөд дуусангуут нь Н- 0,5 гр-ын лаазтай Сэнгүр нэртэй пивоноос 6 ширхэгийг авсан. Уг пиво дуусангуут нь К- “О” супермаркетаас 24 ширхэг пиво авсан. Тэгээд бид онгоцны буудлын хажууд очоод пиво ууж байх үед Б- над руу залгасан. Б- над руу залгаж байхад цаг 20 цаг 30 минутаас 21 цаг болж байсан санагдаж байна. Тэгээд Б- би гэртээ байна, хувцас хунараа угаагаад байж байна гэхээр нь бид нар машинаараа явсаар байгаад Б-ын байсан багшийн коллежийн байрны гадаа очиж түүнийг аваад онгоцны буудлын хажууд очоод бид нар пиво ууцгаасан. Б- уг пивоноос 3-4 ширхэгийг уусан. Пиво дууссаны дараа Цагааннуур тосгон руу явах чиглэлийн зам дагуу байдаг нэг дэлгүүрээс би 10 ширхэг Сэнгүр нэртэй 0,5 гр-ын лаазтай пиво авсан. Тэгээд дахин онгоцны буудлын хажууд очоод пиво ууж байгаад машинаас буугаад бид нар тамхи татсан. Тамхи татаж байтал Б- К-ийн хөлнөөс нь дэгээдэж түлхсэн, тэр үеэр К-т газарт унасан. К- газарт унаж байхдаа миний хөл хугарчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 24-25 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 13 цагийн үед манай нөхөр Х.К- найз нартайгаа уулзах ажил гарлаа гээд явсан. Тэгээд орой 16 цагийн үед нөхөр лүүгээ залгаж хаана байгааг асуухад найзтайгаа уулзаж байна, цагийн дараа очьё гэсэн. Тэгээд ирэхгүй болохоор нь орой 20 цаг 30 минутын үед дахин залгахад утасны цаана хүмүүс хоорондоо маргалдах чимээ гараад байхаар нь би нөхөртөө хандаж наад хүмүүс чинь хэрэлдээд байгаа юм биш үү, архиа уухаа болиод гэртээ ир гэж хэлэхэд би маргалдаагүй. Манай хоёр найз маргалдаж байна гээд утсаа салгачихсан. Тэгээд орой 22 цаг 30 минут хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь дахин залгахад очиж байна гэсэн ба удалгүй ирчихлээ гэсэн, тэгээд би нөхөр К-ийг ороод ир гэхэд хөл хугарчихсан юм шиг байна, өвдөөд байна гэхээр нь гараад очиход цагаан өнгийн гэр бүлийн жийп машины арын суудалд нөхөр К-, урд талын суудалд Ж-, бас нэг үл таних залуу сууж байсан. Би юу болсныг асуухад К- манай хоёр найз маргалдаад би салгах гээд дунд нь ороход Б- гэдэг залуу миний хөлийг өшиглөж унагаагаад хөл хугалчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд эмчид үзүүлэхэд манай нөхөр К-ийн зүүн хөл 2 газарт хугарсан байсан. Миний нөхөр хэлэхдээ тухайн үед Ж-, А- нар хамт байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Гэрч Р.Көкегийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”2021 оны 1 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн үед бэр Б.Б- рүү залгаад та нар ирэх болж байна уу гэхэд одоо очлоо гэж хэлсэн боловч ирээгүй ба удалгүй над руу Б.Б- залгаад К-ийн хөл хугарсан юм шиг байна, та нэгдсэн эмнэлэг дээр хүрээд ирээч гэсэн. Тэгээд эмнэлэг дээр очиход хүү К- хүлээн авахын өрөөнд хэвтэж байсан ба эмчээс нь биеийн байдлыг нь асуухад хөл нь хугарсан юм шиг байна гэсэн. Тэгж байтал гэмтлийн эмч нар ирээд хөлийнх нь зургийг авсны дараа К-ийн хөлийг 2 газраар хугарсан байна гэж хэлсэн. Тухайн үед эмнэлэг дээр очиход миний хүү К-ийн хажууд хамт явсан гэх Ж- байсан ба би түүнээс юу болсон талаар асуухад Б.Б- гэх залуу өшиглөсөн гэж хэлсэн, тэгээд цагдаад гомдол гаргасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 64 дугаартай “...Иргэн Х.К-ийн биед зүүн талын хөлний бүдүүн шилбэний их биений доод хэсэг болон нарийн шилбэний их биеийн дээд хэсгийн битүү хугаралттай, зүүн хөлний хурууны битүү хавантай зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн Х.К-ийн биед үүссэн дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь шинэ хугаралттай гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/
Хохирогч Х.К-ийн Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн үеийн өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 132-154 дүгээр тал/,
Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 20 цагийн үед би гэртээ хувцас хунараа угааж байтал найз болох А- залгаж хаана байна, би гадуур уугаад явж байна, завтай бол машин бариад өгөөч гэхээр нь би гэртээ хувцсаа угааж байна, дуусаад чамруу холбогдьё гэж хэлээд байж байтал хэсэг хугацааны дараа А- манай байрны гадна ирчихлээ гараад ирээч гэхээр нь би гарсан. Тухайн үед найз болох Ж-ийн “Тоёото Естима” маркийн тээврийн хэрэгслээр Ж-, Н-, К-, А-, Б- нар явж байсан ба тээврийн хэрэгслийг Б- жолоодоод явж байсан. Ингээд би машин дотор суухад Б-оос бусдад нь халамцуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд бид хэд уг машинаар гүүрийн цаана очиж нэрийг нь одоо санахгүй байна, тус сумын 10 дугаар багт байрлах дэлгүүрээс А- нь 0.5 литрийн Сэнгүр нэртэй шар айрагнаас 10 ширхэгийг авсан ба бид нар хуучин онгоцны буудлын тэнд очиж зогсоод уусан. Тухайн үед би уг шар айрагнаас 2-ыг уусан. Б- машин барьж явсан болохоор уугаагүй. Бусад залуучууд нилээн халамцуу байсан ба машин дотор сууж байхад А-, Ж- нар хоорондоо маргалдаж, машинаас буусан. Тэгэхээр нь бүгдээрээ машинаас буугаад тэр хоёрыг болиулаад буцаад машинд ороод хэсэг сууж байгаад тамхи татахаар буугаад зогсож байхад К- нь “та нар өмнө манай хашаан дотор очиж хөгжим тавиад амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэхээр нь би болоод өнгөрсөн шүү дээ, одоо яриад яах юм бэ? танайх руу бид хэд найз болохоор очсон биз дээ гэж хэлээд зогсож байхад К- нь миний баруун талын мөр лүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд би уурлаад К-ийн цээж хэсгээр нь түлхээд, дэгээдэж унагаахад нөгөөдүүл бид хоёрыг салгаж авсан. Ингээд би цаашаа бие засахаар яваад, буцаж эргээд ирэхэд К-ийг Ж-, Н- нар унасан газраас босгож авч байсан бөгөөд К-ийг машинд суулгаад байж байхад миний хөл өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би К-т хандаж газар унах үед эвгүй унаад өвдөөд байгаа байлгүй дээ гэж хэлсэн. Ингээд А- бид хоёр тэндээс удалгүй яваад өгсөн. К-ийн хөл нь хугарсан гэж бодоогүй. Бид хоёр явсны дараа нөгөө хэд эмнэлэгт очиж К-ийн хөлийг үзүүлж гипсдүүлсэн байсан. Үүнийг би К-ийн эхнэр нь Б.Б- над руу залгах үед сонсож мэдсэн юм. Би К-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Нэхэмжилж байгаа хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлж барагдуулна” /хх-ийн 93-94 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд:
Шүүгдэгч Б.Б-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 157-р хуудас/,
Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 4 сарын 15-ны өдрийн 01/665 дугаартай лавлагаа /хх-ийн 159-р хуудас/, Б.Б-ын өмчлөлд урьд өмнө болон одоогийн байдлаар эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа /хх-ийн 162-р хуудас/,
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 160-161-р хуудас/,
Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2021 оны 4 сарын 19-ний өдрийн 93 дугаартай “Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй тухай” лавлагаа /хх-ийн 164-р хуудас/,
Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 5 сарын 14-ний өдрийн 255 дугаартай “Б.Б- нь Өлгий сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр 700 м2 газар эзэмшдэг” гэх лавлагаа /хх-ийн 166-р хуудас/,
Дотоодын цэргийн штабын 2021.03.09-ний өдрийн 2/239 дугаар албан бичиг /хх-ийн 168-рх/, архивын лавлагаа /хх-ийн 169-р хуудас/,
Шүүгдэгч Б.Б- нь Дотоодын цэргийн штабын даргын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/49 дугаартай тушаалаар ажлаас халагдсан тухай мэдэгдэл /хх-ийн 171-р хуудас/,
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн засаг даргын 2021 оны 4 сарын 23-ны өдрийн 5/17 дугаартай “Б.Б- нь БВ........... регистрийн дугаартай, ганц бие, өөрийн гэсэн эд хөрөнгөгүй. Б.Б- нь тус багийн төлөв даруй зантай ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 172-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.К-ийн хөл рүү өшиглөж, зүүн талын хөлний бүдүүн шилбэний их биений доод хэсэг болон нарийн шилбэний их биеийн дээд хэсгийн битүү хугаралт, зүүн хөлний хурууны битүү хаван зэрэг гэмтэл учруулж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-75-рх/, хохирогч Х.К-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Машины гадна зогсоод пиво уугаад тамхи татаад зогсож байсан ба Б.Б- А-тэй хэрэлдсэн. Тэгэхээр нь би Б-ыг боль гээд очсон нэг мэдэхэд би газар унасан, яаж унасанаа санахгүй байна. Б- миний хөл рүү 2 удаа өшиглөсөн, тэгээд Б.Б- явчихсан. ...Би босч ирээд хөлөө гишгэхэд ясны хугарсан дуу сонсогдож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/, гэрч Т.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Уг 10 пивийг ууж байх хооронд гадаа гараад тамхи татаж байхад Б- К-ийн мөрнөөс нь татаад хавирч унагаасан юм. Тэгтэл К- миний хөл хугарчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-31 дугаар хуудас/, гэрч М.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тамхи татаж байх хооронд Б- К-ийг мөрнөөс нь татаад хөл рүү нь өшиглөж хавирахад К- газарт унасан, газарт унангуутаа ёолж, миний хөл бараг хугарчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-37 дугаар хуудас/, хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би юу болсныг асуухад К- манай хоёр найз маргалдаад би салгах гээд дунд нь ороход Б- гэдэг залуу миний хөлийг өшиглөж унагаагаад хөл хугалчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд эмчид үзүүлэхэд манай нөхөр К-ийн зүүн хөл 2 газарт хугарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч Р.Көкегийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Тэгж байтал гэмтлийн эмч нар ирээд хөлийнх нь зургийг авсны дараа К-ийн хөлийг 2 газраар хугарсан байна гэж хэлсэн. Тухайн үед эмнэлэг дээр очиход миний хүү К-ийн хажууд хамт явсан гэх Ж- байсан ба би түүнээс юу болсон талаар асуухад Б.Б- гэх залуу өшиглөсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 64 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б- мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ингээд А- бид хоёр тэндээс удалгүй яваад өгсөн. К-ийн хөл нь хугарсан гэж бодоогүй. Бид хоёр явсны дараа нөгөө хэд эмнэлэгт очиж К-ийн хөлийг үзүүлж гипсдүүлсэн байсан. Үүнийг би К-ийн эхнэр нь Б.Б- над руу залгах үед сонсож мэдсэн юм. Би К-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч Б.Б- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Х.К-ийн зүүн хөлийг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Б.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ гэмт хэрэг гарахад хохирогч Х.К-ийн зүй бус, хууль бус үйлдэл нөлөөлсөн нь тогтоогдоогүй ба мөрдөн байцаалтын шатанд Б.Б-аас 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 15 цаг 40 минутад цусны дээж авч шинжлүүлэхэд түүний цусанд этилийн спирт илрээгүй болох нь хэргийн 59-60, 72 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Гэсэн хэдий ч шүүгдэгч Б.Б- нь тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон түүний өөрийнх нь мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б-ыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б- нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд учирсан шууд үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын амь нас эрүүл мэндэд хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахыг үүрэг болгожээ.
Шүүгдэгч Б.Б-ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.К-ийн зүүн хөлийн бүдүүн шилбэний их биеийн доод хэсэг болон нарийн шилбэний их биеийн дээд хэсэг битүү хугарч, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч Х.К- нь хөлдөө гэмтэл авсны дараа Улаанбаатар хотын Гэмтэл согогийн үндэсний төвд 2021 оны 2 дугаар сарын 07-11-ний хооронд 4 хоног хэвтэн эмчлүүлж, улмаар 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хугарсан хөлийн ясыг эвлүүлж, түгжээт хадаасаар хадаж бэхлэх мэс засал хийлгэсэн, мөн Улаанбаатар хотоос ирсний дараа Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 15 хоног хэвтэн эмчлүүлсэн нь хэргийн 130-154-р талд авагдсан өвчний түүхийн хуулбаруудаар тус тус нотлогдож байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.К- нь гэмт хэргийн хохирол, хор уршигт нийтдээ 5.419.045 (таван сая дөрвөн зуун арван есөн мянга дөчин тав)-н төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулахаар нэхэмжилж, холбогдох нотлох баримтыг хавсаргасан нь хэргийн 99-128-р талд авагджээ.
Тодруулбал хохирогч Х.К- нь өөрт учирсан гэмт хэргийн хохирол, хор уршгийг дараах байдлаар тодорхойлж нэхэмжилжээ. Үүнд: Эмчилгээ, эм тарианы зардалд 1.613.108 төгрөг, бусад хэрэглээний зардал буюу хоол унд, хүнсний зүйлд 335.337 төгрөг, тээврийн хэрэгсэл, унааны зардалд 1.013.700 төгрөг, хүүхдийн тэтгэмжийн хуримтлагдсан төлбөрт 889.550 төгрөг, бусдад төлөх өр зээлд 1.567.350 төгрөг, нийт 5.419.045 төгрөг нэхэмжилж, үндэслэлээ “Миний бие зун жуулчдад жолооч хийдэг, харин өвлийн улиралд хотоос машин авч ирээд зардаг, түүнчлэн хувь хүн, албан байгууллагуудад евро засал хийж, шүүхийн шийдвэрийн дагуу хүү К.М-д тэтгэмж төлөхийн хажуугаар гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан. 2021 оны 1 дүгээр сарын 31-ний шөнө шүүгдэгч Б.Б-ад зодуулан хөл хугарсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдан, хэвтрийн дэглэм сахиж, эмчлүүлсэн бөгөөд энэ хугацаанд ажил хийж, орлого олоогүй тул хүү К.М-д төлөх тэтгэлэг төлөгдөхгүй хуримтлагдаж, 889.550 төгрөг болсон, мөн шүүхийн шийдвэрийн дагуу миний бусдад төлөх ёстой өр болох 569.850 төгрөг төлөгдөөгүй. Түүнчлэн миний хөл хугарч босож явж чадахгүй хэвтрийн дэглэм сахиж, эмчилгээ хийлгэх хугацаанд эхнэр Б.Б- намайг сахиж, 2 сарын цалингаа миний эмчилгээний зардалд зориулж, мөн цалингаасаа бусдад төлөх өр төлбөр болох 997.500 төгрөгийг төлж чадаагүй. Хэрэв Б.Б-ад зодуулж, миний хөл хугараагүй бол эдгээр өрийг би бүгдийг нь төлж барагдуулах байсан. Эхнэр маань ч цалингаа миний эмчилгээнд зарцуулахгүйгээр бусдад төлөх ёстой өр төлбөрөө бүгдийг нь төлөх байсан. Иймд миний Улаанбаатар ирж очсон, хот дотор таксигаар явсан зардал, эмчилгээний зардал болон бусад зардал, бусдад өгөх өр төлбөр зэрэгт нийт 5.419.045 төгрөг гаргуулан өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэж тайлбарласан байна.
Шүүгдэгч Б.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гаргахдаа хохирогчийн нэхэмжилсэн хохирлын зарим хэсгийг эс зөвшөөрч, 5.419.045 төгрөгийн хохирлоос шүүхийн шийтгэх тогтоолоор төлүүлэхээр тогтоосон хэмжээнд төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгө дүнг дараах байдлаар тогтоож шийдвэрлэв.
Хохирогч Х.К-ээс гэмт хэргийн хохирол, хор уршигт нэхэмжилсэн нийт 5.419.045 төгрөгөөс эмчилгээний зардалд 1.063.492 төгрөг, унааны зардалд 1.013.700 төгрөг, нийт 2.077.192 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулж, хохирогч Х.К-эд олгохоор шийдвэрлэж, үлдэх 2.792.237 төгрөгийн хохирол нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн эмчилгээний зардлын үлдэх хэсэг болох 549.616 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.Хохирогч Х.К- нь Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардалд нийт 1.613.108 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тус хохирлыг нотлох баримтууд хэргийн 100-105-р талд авагдсаныг тооцож үзэхэд 100-103-р талд авагдсан 20 ширхэг НӨАТ-ын баримтын дүн 601.566 төгрөг, 104-105-р талд авагдсан хохирогч Х.К-ийн эхнэр Б.Б-ийн e.barimt.mn сайтад бүртгэлтэй 21 ширхэг (тодруулсан) НӨАТ-ын баримтуудын дүн 461.926 төгрөг, нийт 1.063.492 төгрөгийг хохирогч Х.К- эм тариа, эмчилгээний төлбөр зэрэгт зарцуулсан нь нотлогдож байна.
Хэргийн 100-105-р талд авагдсан 7 ширхэг НӨАТ-ын баримт хоорондоо давхцсан байх тул хохиролд оруулан тооцохдоо тэдгээрийн үнийн дүнг 1 удаа тооцож нэмсэн болно.
Тухайлбал хэргийн 100-р талд авагдсан 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн ОR69877545 сугалааны дугаартай, 87.816 төгрөгийн, OR69875817 сугалааны дугаартай 7.325 төгрөгийн, OR69872355 сугалааны дугаартай 80.000 төгрөгийн, OR69874087 сугалааны дугаартай 121.425 төгрөгийн,
101-р талд авагдсан 2021 оны 2 сарын 24-ний өдрийн LN907297737 сугалааны дугаартай 4400 төгрөгийн, LN90728677 сугалааны дугаартай 8100 төгрөгийн 6 ширхэг баримт нь 105-р талд авагдсан хохирогч Х.К-ийн эхнэр Б.Б-ийн e.barimt.mn сайтад бүртгэлтэй НӨАТ-ын баримтуудын жагсаалтад давхцаж авагдсан,
101-р талд авагдсан 2021 оны 3 сарын 02-ны өдрийн LN90724840 сугалааны дугаартай 1600 төгрөгийн 1 ширхэг НӨАТ-ын баримт нь мөн 104-р талд авагдсан Б.Б-ийн e.barimt.mn сайтад бүртгэлтэй НӨАТ-ын баримтуудын жагсаалтад давхцаж авагдсаныг дурдах нь зүйтэй.
Эмчилгээний зардлыг нотлох баримтын хэсэгт байгаа хэргийн 104-р талд авагдсан хохирогч Х.К-ийн эхнэр Б.Б-ийн e.barimt.mn сайтад бүртгэлтэй НӨАТ-ын баримтуудын жагсаалтаас 2021 оны 3 сарын 02-ны өдрийн AQ10045902 сугалааны дугаартай 9700 төгрөгийн, 2021 оны 3 сарын 01-ний өдрийн YV45253295 сугалааны дугаартай 5800 төгрөгийн, 105-р талд авагдсан 2021 оны 2 сарын 25-ны өдрийн YV45258603 дугаартай 1800 төгрөгийн 3 ширхэг НӨАТ-ын баримт нь хэрэглээний зардлыг нотлох баримт болох хэргийн 114-р талд авагдсан 1800 төгрөгийн, 115-р талд авагдсан 9700, 5800 төгрөгийн НӨАТ-ын баримтуудтай тус тус давхцаж байгаа бөгөөд тэдгээр нь эм тариа авсан баримт биш, хүнсний зүйл болон ахуйн хэрэглээний зүйл худалдан авсан баримт байх тул нотлох баримтаас хасаж тооцов.
Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт хохирогч Х.К- нь Б.Б-аас өөрт учирсан бодит хохирол буюу эмчилгээний зардалд 1.613.108 төгрөгийн хохирол нэхэмжилсэн гэж тусгасан боловч энэ нь баримтаар нотлогдоогүй тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Б-аас хохирогчийн эм тариа, эмчилгээний зардалд 1.063.492 төгрөг гаргуулж, Х.К-эд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хохирогч Х.К- нь шүүхийн хэлэлцүүлэгт “Надад учирсан бодит хохирол болох эмчилгээний зардал 1.613.108 төгрөг болсон ба энэ талаарх зарим нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгч чадаагүй, мөн хугарсан хөлөндөө мэс заслын аргаар хадуулсан хадаасыг жилийн дараа авахуулах шаардлагатай учраас миний цаашид гарах эмчилгээний зардлаа Б.Б-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх тайлбарыг гаргасан тул хохирогч Х.К-ийн бодит хохирол буюу эмчилгээ, эм тарианы зардалд нэхэмжилсэн 1.613.108 төгрөгөөс нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Б-аас гаргуулж, хохирогч Х.К-эд олгохоор шийдвэрлэсэн 1.063.492 төгрөгийг хасаж, үлдэх хэсэг болох 549.616 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
2. Хохирогч Х.К- нь Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, хөлийн хугарсан ясыг түгжээт хадаасаар бэхлүүлэх мэс засал хийлгэсэн нь нотлогдож байх ба Улаанбаатар хот руу хувийн машинд шатахуун хийж, ирж очсон унааны зардал, хорио цээрийн дэглэмийн үед хагалгааны дараах боолт, цэвэрлэгээ хийлгэхийн тулд Улаанбаатар хот дотор тусгай зөвшөөрлөөр эмнэлэг, гэр хооронд явсан такси унааны зардал, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн 15 хоногийн хугацаанд таксигаар хоол цай зөөж, хүргэсэн унааны зардал зэрэгт нийтдээ 1.013.700 төгрөг зарцуулсан болох нь хохирогч Х.К-ийн мэдүүлэг болон хэргийн 116-р талд авагдсан Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос 2021 оны 2 дугаар сарын 06-ны өдөр олгосон 2114 дугаартай нэвтрэх зөвшөөрлийн хуулбар, 119-р талд авагдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын 2021 оны 2 сарын 11-ний өдөр Х.К-эд олгосон “Хөл хорионы хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээнд зайлшгүй хамрагдах үйлчлүүлэгчийн зорчих эрхийн зөвшөөрлийн хуудас”, 120-р талд авагдсан жолооч М.Б-ын тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд хохирогч Х.К-ийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, нэхэмжилсэн унааны зардал 1.013.700 төгрөгийн гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, хор уршигт тооцон, шүүгдэгч Б.Б-аас гаргуулан Х.К-эд олгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хохирогч Х.К- нь эмчилгээтэй байх хугацаандаа хэрэглэсэн гэх ахуйн хэрэглээ, хүнсний зүйл, хоол унд зэрэгт 335.337 төгрөг нэхэмжилж, холбогдох НӨАТ-ын баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн нь хэргийн 114-115-р талд,
Мөн өмнөх гэрлэлтээс төрсөн хүү К.М-д сар бүр төлөх хүүхдийн тэтгэлэгийн хуримтлагдсан төлбөрт 889.550 төгрөг нэхэмжилж, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 130 шийдвэрийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн нь хэргийн 123-р талд,
Иргэн Х.Р-д төлөх өр төлбөрт 569.850 төгрөг нэхэмжилж, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3579 дугаартай “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийн хуулбарыг гаргаж өгсөн нь хэргийн 126-р талд,
Хохирогч Х.К-ийн эхнэр Б.Б- нь 2 сарын цалингаа хохирогчийн эмчилгээ, эм тарианы төлбөрт зарцуулсны улмаас иргэн Ө.Сапарбекэд төлөх байсан 997.500 төгрөгийг төлж чадаагүй талаар тайлбарлаж, Б.Б-аас 997.500 гаргуулахаар нэхэмжилж, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3538 дугаартай “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийн хуулбар, Б.Б-ийн сарын цалингийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн нь хэргийн 127-128-р талд тус тус авагдсан байна.
Ийнхүү хохирогч Х.К- нь хэрэглээний зардалд 335.337 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт 889.550 төгрөг, өөрийн бусдад төлөх өр төлбөрт 569.850 төгрөг, эхнэр Б.Б-ийн бусдад төлөх өр төлбөрт 997.500 төгрөг, нийт 2.792.237 төгрөг нэхэмжилснийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан нь бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар заасан үндсэн зохицуулалт юм.
Харин Иргэний хуулийн 505 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах журмыг зохицуулсан ба 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь дээрх байдлаар хохирогчид учирсан хохирлын төлж барагдуулах үүрэгтэй ба хохирогч Х.К-ийн нэхэмжилсэн хэрэглээний зардал, хүүхдийн тэтгэлэг, бусдад төлөх өр төлбөр зэрэг нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт хамаарах хохирогчид төлөх зайлшгүй зардал биш бөгөөд тэдгээрийг Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.К-эд шууд учирсан хохирол, хор уршиг гэж үзэх үндэслэлгүй байна.
Тодруулбал шүүгдэгч Б.Б-ын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, түүний шууд үр дагавар болон учирсан, бий болсон үр дагавар л гэмт хэргийн хор уршиг болох бөгөөд Х.К-ийн нэхэмжилсэн хэрэглээний зардал, хүүхдийн тэтгэлэг, бусдад төлөх өр төлбөр зэрэг нь Б.Б-ын гэмт үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна гэж шүүх үзлээ.
Түүнчлэн хоол хүнс, ахуйн зүйл зэрэг нь хүний амьдралын наад захын хэрэгцээ бөгөөд хохирогч Х.К- нь гэмт хэрэгт өртсөн эсэхээс үл хамааран амьдрахын тулд хоол хүнс, ахуйн зүйл хэрэглэх нь зайлшгүй тул эмчилгээтэй байх хугацаандаа хэрэглэсэн гэх хоол хүнс, ахуйн хэрэглээний зардал болох 335.337 төгрөгийг гэмт хэргийн хохиролд тооцож, шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй,
Хүү К.М-д сар бүр төлөх хүүхдийн тэтгэлгийг тэрээр иргэний шүүхийн шийдвэрээр Гэр бүлийн тухай хуульд зааснаар төлөх үүрэг хүлээсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг биш бөгөөд хохирогч Х.К- нь иргэн Х.Р-д шүүхийн шийдвэрээр төлөх үүрэг хүлээсэн 569.850 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны дотор, түүний эхнэр Б.Б- нь иргэн Ө.Сапарбекэд төлөх 997.500 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 20-ны дотор тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан нь нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл хохирогч Х.К- нь шүүгдэгчээс нэхэмжилж байгаа бусдад өгөх өр төлбөрийг 2021 оны 1 дүгээр сарын 31-ний шөнө гэмт хэрэг гарахаас өмнө төлж барагдуулах үүрэг хүлээсэн байх бөгөөд энэ нь шүүгдэгч Б.Б-ын үйлдэлтэй хамааралгүй, тусдаа харилцаа байх тул эрүүгийн гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон, шүүгдэгч Б.Б-аас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хохирогч Х.К-ийн шүүгдэгч Б.Б-аас гаргуулахаар нэхэмжилсэн хэрэглээний зардал 335.337 төгрөг, хүүхдийн хуримтлагдсан тэтгэлэгт 889.550 төгрөг, бусдад өгөх өр төлбөр 1.567.350 төгрөг, нийт 2.792.237 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Шүүгдэгч Б.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.
Учир нь Б.Б- нь 2021 оны 1 дүгээр сарын 30-ны шөнө уг гэмт хэргийг урьдаас төлөвлөж үйлдээгүй байх бөгөөд тухайн үед үүссэн хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна. Тэрээр урьд шүүхээр гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэргийн 157-р талд авагдсан баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б-ын хувийн талаар хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тэрээр 1990 онд төрсөн, 30 настай, ам бүл 1, гэмт хэрэгт холбогдох үедээ Дотоодын цэргийн штабын Баян-Өлгий аймаг дахь “Цагааннуур” чөлөөт бүсийг хамгаалах тусгай салааны харуулчнаар, ахлах ахлагч цолтойгоор ажиллаж байгаад энэ гэмт хэрэгт холбогдсоны улмаас Дотоодын цэргийн штабын даргын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/49 дүгээр тушаалаар “Ажлаас халах” сахилгын хүлээсэн болох нь хэргийн 168-172-р талд авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл саналыг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- нь шүүгдэгч Б.Б-ад тус зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ оногдуулах, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Б.Б- дэмжиж оролцсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
Шүүгдэгч Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх ба түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол төлөгдөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага буюу гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн талаар маргаагүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ад 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Б.Б-ад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялын доод хэмжээ оногдуулах эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргасан боловч шүүгдэгч Б.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлж барагдуулаагүй, шүүхээс гэмт хэргийн хор уршигт 2.077.192 (хоёр сая далан долоон мянга нэг зуун ерэн хоёр) төгрөгийг Б.Б-аас гаргуулан хохирогч Х.К-эд олгохоор шийдвэрлэсэн, шүүгдэгч Б.Б- нь энэ гэмт хэргийн улмаас 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа халагдсан, одоо эрхэлсэн ажилгүй зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжгүй, мөн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзэж, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.К-эд буцаан олгож шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1-4,36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 36,6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.м овгийн Б-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршигт нэхэмжилсэн 5.419.045 (таван сая дөрвөн зуун арван есөн мянга дөчин тав)-н төгрөгөөс эмчилгээний зардалд 1.063.492 (нэг сая жаран гурван мянга дөрвөн зуун ерэн хоёр) төгрөг, унааны зардалд 1.013.700 (нэг сая арван гурван мянга долоон зуу)-н төгрөг, нийт 2.077.192 (хоёр сая далан долоон мянга нэг зуун ерэн хоёр) төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулан хохирогч К-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.792.237 (хоёр сая долоон зуун ерэн хоёр мянга хоёр зуун гучин долоо)-н төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлын үлдэх хэсэг 549.616 (таван зуун дөчин есөн мянга зургаан зуун арван зургаа) төгрөг /нотлох баримтгүй/, цаашид гарах эмчилгээний зардлыг хохирогч К- нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.К-эд буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА