Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/84 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Б,

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ж.А-,

Иргэний хариуцагч А.П-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-,

Шүүгдэгч С.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Бгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт С-ы Ж-д холбогдох эрүүгийн 2013004000064 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, тус аймгийн Буянт сумын цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Буянт сумын **-р баг Ш гэх газар оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, С овогт С-ы Ж-, регистрийн дугаар БЕ.............

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч С.Ж- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байгууллагын батлагдсан бүтэц орон тооны хязгаараас хэтрүүлж, өөрийн хамаарал бүхий төрөл садангийн хүн болох Е.М-ыг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/04 дугаартай тушаалаар жижүүр, манаачийн ажилд, мөн төрөл садангийн хүн болох А.П-ийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар нягтлан бодогчоор түр, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар нягтлан бодогчийн ажилд тус тус томилон, давуу байдал бий болгож, улсын төсөвт 14.177.178 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч С.Ж- мэдүүлэхдээ: “...Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг өөрийнхөө бололцоогоор төлж өгнө.” гэв,

   2. Иргэний хариуцагч А.П- мэдүүлэхдээ: “2016 онд Буянт сумын хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо гарсан. Урьд нь ажиллаж байсан хүн тус сумын төрийн сангийн дарга болоод нягтлан бодогчийн орон тоо гарахад би аймгийн удирдлагуудад хүсэлт гаргасан. Тухайн үед аймгийн Засаг дарга Х.Д- байсан. Тэр хүн цэцэрлэгийн эрхлэгч Г- болон сумын Засаг даргад А.П-ийг тус гарч байгаа нягтлан бодогчийн орон тоонд авч ажиллуул гэсэн албан тоот өгсөн. Тэр үед цэцэрлэгийн эрхлэгч Г- намайг ажилд аваагүй. Яагаад гэвэл цэцэрлэгийн нягтлан бодогч 0,5-ын орон тоотой, эмнэлгийн нягтлан бодогч 0,5-ын орон тоотой учраас хоёр байгууллагад нэг л нягтлан бодогчийг ажиллуулна, бид төсвөө хэмнэнэ, тийм учраас таныг ажилд авахгүй гээд А гэдэг хүнийг ажиллуулсан. 2019 онд 2020 оны төсвийн төслийг хийхдээ нягтлан бодогчийн бүтэн орон тооны төслийг хянаж явуулсан байсан. Үүний дагуу нягтлан бодогчийн орон тооны мөнгө нь орж ирсэн. Тэгээд би С.Ж-д өргөдлөө өгсөн чинь аваагүй. Яагаад гэвэл урд нь таныг Г- эрхлэгч аваагүй байна, та орно гэвэл аймагт очоод удирдлагад танилцуулаарай гэсэн. Тэрний дагуу аймгийн Засаг даргад А.Г-д хүсэлт гаргасан. Миний хүсэлтийг шийдвэрлээд өгсөн. Тэр хүсэлтийг авч ирээд С.Ж-д үзүүлэхэд таныг ажилд авахгүй гэж намайг загнаж гаргасан. Тэгэнгүүт аймаг руу С.Ж- намайг ажилд авахгүй байна гээд ярьсан. Тэгсний дараа эргээд С.Ж- намайг ажилд авахаар болж 9 дүгээр сарын 05-ны өдөр тушаал гаргаж өгсөн. Тэрний дагуу 2019 онд тус цэцэрлэгт 0,5-ын орон тоогоор ажиллаж байгаад 2020 онд бүтэн орон тоогоор ажилласан. Би хийсэн хөдөлмөрийнхөө хөлсийг авсан. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гээд байгаа 14 сая төгрөгийн 12 сая төгрөг нь надтай холбоотой байгаа. Энэ асуудлаар буюу миний орон тоо байхгүй гэж байна, яах уу гээд аймгийн удирдлагад хэлсэн. Тэгэхэд таны орон тоо бол байгаа, төсвийн тодотголоор таны орон тоог баталж өгнө гэсэн. 2020 оны 6 сард төсвийн тодотгол хийгдээгүй байж байгаад 2020 оны 9 дүгээр сарын төсвийн тодотголоор нягтлан бодогчийн орон тоог нэмж өгсөн. Энэ талаарх чуулганы тэмдэглэл байгаа. Би тэрний дагуу ажилласан. Би ажиллаж байх хугацаанд төсөвт ямар нэгэн хохирол учруулаагүй.” гэв.

3. Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ж.А- мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч С.Ж- нь иргэн А.П-, Е.М- нарыг батлагдаагүй орон тоонд ажиллуулж, нийтдээ 14,1 сая төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч С.Ж-гээр уг учруулсан хохирлыг төлүүлж улсыг хохиролгүй болгох саналтай байна.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2013004000064 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Л-ын Авлигатай тэмцэх газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /1-р хх-ийн 07-30-рх/,

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-42-рх/,

3. Гэрч С.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 45-46-рх/,

4. Гэрч Ж.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 47-48-рх/,

5. Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-х хх-ийн 49-рх/,

6. Гэрч О.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 50-рх/,

7. Гэрч А.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 51-52-рх/,

8. Гэрч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 55-56-рх/,

9. Гэрч Х.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 60-рх/,

10. Гэрч А.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 64-65-рх/,

11. Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 68-69-рх/,

12. Гэрч У.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 79-80-рх/,

12. Гэрч Е.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 82-84-рх/,

13. Шүүгдэгч С.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 116-117-рх/, 

14. Баян-Өлгий аймгийн Буянт сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/05 дугаартай “Ж.Б-г ажилд томилох тухай” тушаал, 2020 оны 01 сарын 24-ний өдрийн Б/04 дугаартай “М-ыг ажилд томилох тухай” тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай “Ж.Б-г ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/02 дугаартай “А.П-ийг томилон ажиллуулах тухай” тушаал, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/19 дугаартай “А.П-ийг түр томилон ажиллуулах тухай” тушаал, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г-ы 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Бүтэц орон тоо батлах тухай” А/807 дугаартай захирамж /1-р хх-ийн 191-211-рх/,

15. Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 11 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /1-р хх-ийн 217-рх/,

16. Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны 51 дугаартай тогтоолын хавсралт /1-р хх-ийн 223-рх/,

17. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 773 дугаартай шүүхийн шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 68 дугаартай магадлал, /2-р хх-ийн 53-78-рх/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Ж-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Ж- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байгууллагын батлагдсан бүтэц орон тооны хязгаараас хэтрүүлж, өөрийн хамаарал бүхий төрөл садангийн хүн болох Е.М-ыг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/04 дугаартай тушаалаар жижүүр, манаачийн ажилд, мөн төрөл садангийн хүн болох А.П-ийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар нягтлан бодогчоор түр, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар няглтан бодогчийн ажилд тус тус томилон, давуу байдал бий болгож, улсын төсөвт 14.177.178 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгч С.Ж- гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаагаа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-аас гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч С.Ж- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байгууллагын батлагдсан бүтэц орон тооны хязгаараас хэтрүүлж, өөрийн хамаарал бүхий төрөл садангийн хүн болох Е.М-ыг 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/04 дугаартай тушаалаар жижүүр, манаачийн ажилд, мөн төрөл садангийн хүн болох А.П-ийг 2019 оны 9 дүгээр сарын 02- ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар нягтлан бодогчоор түр, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар няглтан бодогчийн ажилд тус тус томилон, давуу байдал бий болгож, улсын төсөвт 14.177.178 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан:

- Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Л-ын Авлигатай тэмцэх газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /1-р хх-ийн 07-30-рх/,

- Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Хүүхдийн цэцэрлэгийн орон тоог аймгийн Засаг дарга баталдаг. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төсөв хэлэлцэх үед бүтэц орон тоог хэлэлцдэг. Гэхдээ бүтэц орон тоог бол Засаг дарга л баталдаг. ... Би энэхүү хохирлын тооцоотой санал нийлж байна. Учир нь С.Ж- нь өөрийн үеэл А.П-ийг 2019 оны 9 дүгээр сард нягтлан бодогчоор түр томилж, үргэлжлүүлэн 2020 оны 1 дүгээр сард нягтлан бодогчоор жинхэнэ албан тушаалд томилон 2020 оны 12 дугаар сар хүртэл батлагдаагүй орон тоонд, мөн өөрийн ахын хүү Е.М-ийг 2020 оны 01 дүгээр сарын 04 дүгээр сар хооронд манаач, жижүүрийн ажилд томилсны улмаас цалингийн санд 14.1 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж энэхүү хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-42-рх/,

- Гэрч С.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “Миний бие Баян-Өлгий аймгийн Буянт сумын цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орсон. Тухайн шалгалтад ороход манай цэцэрлэгийн эрхлэгч С.Ж- нь надтай цуг орсон бөгөөд шалгалтын дүн гарахад би тэнцэж, С.Ж- шалгалтад тэнцээгүй. Тэгээд буцаж ажилдаа очоод ажлаа хийж байхад С.Ж- нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай “Бүтэц орон тоо батлах, цалин тогтоох” тухай тушаал гаргаж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаартай “Баян-Өлгий аймгийн 2020 оны төсөв батлах” тухай тогтоолоор баталсан Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн 2020 оны төсөв, бүтэц орон тооны хязгаарыг 24 орон тоонд багтаан баталсныг зөрчиж, өөрийн ахын хүүхэд Е.М-ийг манаачаар авч, манаач байсан Бирвааг батлагдаагүй сантехник гэсэн орон тоонд шилжүүлсэн. Манай цэцэрлэгт нягтлан бодогч гэсэн орон тоо огт батлагдаагүй, одоо ч байхгүй байсаар байтал 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар А-н П-ийг нягтлан бодогчоор түр томилсон. А.П- нь С.Ж-тэй бөлүүд бөгөөд байхгүй орон тоон дээр түр томилоод зогсохгүй, 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/02 дугаартай С.Ж-гийн тушаалаар жинхэнэ орон тоонд томилсон. Суманд цэцэрлэгийн хувьд сургуулийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг байтал давхар ингэж томилж байгаа нь С.Ж- албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгаа үйлдэл гэж үзэж байна. ...Төсвийн тухай хуульд зааснаар ерөнхийлөн захирагч л орон тоог баталдаг. Тийм болохоор эрхлэгч нь орон тоог нэмэгдүүлэх боломжгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46-рх/,

- Гэрч Ж.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны эхээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Ж- намайг дуудаж “Та сантехникийн ажил хий” гэсэн. Тэгэхээр нь би чадахгүй гэхэд “таны одоо авч байгаа цалингаас 30000-40000 төгрөгөөр илүү цалинтай орон тоо нь батлагдаад ирсэн байна” гэхээр нь би зөвшөөрч С.Ж- намайг сантехник, мужааны ажилд томилсон. Урьд манайд сантехник, мужааны орон тоо байгаагүй юм. Тухайн үед орон тоо нэмж батлагдаж ирсэн юм байна гэж бодсон. Тэгээд би ажиллаж байтал 2020 оны 4 дүгээр сард С.Ж-гээс ажил авсан С.Л- намайг дуудаж “одоо ажиллаж байгаа ажлын байрны орон тоо манай цэцэрлэгт байхгүй байна. Төсөв мөнгө ч орж ирээгүй юм байна” гэхэд би “тэгвэл буцаж хуучин хийж байсан манаачийн ажлаа хийе” гэж хэлсэн. Тэгээд миний манаачийн ажилд томилогдсон байсан Е.М-ийг чөлөөлж, намайг хуучин ажилд маань томилсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48-рх/,

- Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай байгууллагад нягтлан бодогч гэж байдаггүй. Сургуулийн нягтлан бодогч цэцэрлэгийг давхар хариуцдаг байсан.” гэх мэдүүлэг /1-х хх-ийн 49-рх/,

- Гэрч О.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оноос шатлал нэмэгдэж би үндсэн цалингийн 10 хувь авах ёстой батал 2-р шатлал руу оруулсан хэдий ч 5 хувийн нэмэгдэл өгдөг байсан. 2020 оны 3 дугаар сард эрхлэгч солигдож С.Л- эрхлэгч миний шатлалыг нэмж, зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдлүүдийг бүгдийг нь олгосон. Би нэмэгдэл авдаггүй байхад 472000 төгрөг аваад гар дээр 392000 төгрөг авдаг байсан бол 2020 оны 3 дугаар сараас хойш шатлал ахиж, ур чадвар, зэргийн нэмэгдэл орсноор 794000 төгрөг авч, гар дээр 692000 төгрөг авдаг болсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-рх/,

- Гэрч А.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...Цэцэрлэгийн эрхлэгч С-ы Ж- бид хоёр ах дүү нарын хүүхдүүд, бөлүүд байгаа юм. ...Е.М- нь С.Ж-гийн ахын нь хүүхэд юм. Би С.Ж-гийн тушаалын дагуу цалин бодож олгож байсан.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 51-52-рх/,

- Гэрч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2015 онд намайг сумын Засаг даргын тамгын газрын харьяа Санхүүгийн албаны харьяанд шилжүүлэн томилж, тус сумын хүүхдийн цэцэрлэгийн нягтлангийн орон тоог албан ёсоор цомхотгож, 5 байгууллагад 2 нягтлан бодогч ажиллахаар болж, би боловсрол хариуцсан нягтлангаар томилогдсон. Тухайн үед боловсролын салбарт сургууль, цэцэрлэг, соёлын төв гэсэн 3 байгууллага харьяалагддаг байсан. Би 2015 оноос 2020 он хүртэл тэр тушаалаар ажиллаж байсан. Тэгж байтал аймгаас над руу залгаж цэцэрлэгийн тооцоотой холбоотой төсөл материал нэхсэн. Тэгээд тэр үед би хариуцаж ажиллахгүй байгаа гэхэд А- мэргэжилтэн ажлаа хүлээж авч хий гэсэн. Тэгэхээр би тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Ж-д би ажлаа хийе гэдэг өргөдөл өгөхөд миний өргөдлийг С.Ж- шийдвэрлээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56-рх/,

- Гэрч Х.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 51 дугаартай тогтоолоор 2019 онд бүтэц орон тоо, төсвийг баталсан. Энэхүү тогтоолд Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн орон тоог 1 удирдах ажилтан 13 гүйцэтгэх ажилтан /энэхүү 13-д 5 багш, 1 дуу хөгжмийн багш, 5 туслах багш, 1 нярав, 1 тогооч зэрэг 13 хүн баталсан/, 9 үйлчлэх ажилтан үүнд үйлчлэгч 1, манаач жижүүр 4, гал тогооны туслах сав угаагч 1, уурын зуухын галч 3 зэрэг баталсан. Нийт 23 орон тоотойгоор 262.174.500 төгрөгийн төсөв баталсан. Ер нь батлагдсан төсөвтөө багтааж л үйл ажиллагаа явуулах эрхтэй. Цэцэрлэгийн эрхлэгчид орон тоо өөрчлөх эрх байхгүй. Хэрэв бүтэц орон тоонд өөрчлөлт орох бол аймгийн засаг даргын захирамжаар өөрчлөлт оруулдаг” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 60-рх/,

- Гэрч А.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...бүтэц орон тоог Засаг даргын захирамжаар л баталдаг. Ямар нэгэн албан ёсоор хандсан зүйлийн талаар санахгүй байна. Сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид бүтэц орон тоонд өөрчлөлт оруулах эрх байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65-рх/,

- Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...Томилогдсон гээд байгаа А.П-, Е.М- нар нь батлагдсан орон тооны цалингийн зардлаас цалингаа авч байсан. Учир нь хүүхдийн цэцэрлэг 2018 онд үндсэн цалингаас илүү гарч байсан. Мөн 2019 оны тайланг гаргахад яг таарч байгаа. Ямар нэгэн өөр үйл ажиллагааны зардлаас хэмнэлт үсээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69-рх/,

- Гэрч У.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Хяналт шалгалтын явцад 2020 онд тус цэцэрлэгийн хувьд 24 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулахаар төсөв, бүтэц орон тоо батлагдсан боловч 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б/02 дугаартай эрхлэгчийн тушаалаар нягтлан бодогчоор А.П-ийг авч ажиллуулсан байсан нь цэцэрлэгийн эрхлэгч өөрөө дур мэдэн нэг орон тоог нэмж байгаа явдал юм. Е.М-ийг авч ажиллуулахдаа 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/05 дугаартай цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар урьд манаачаар ажиллаж байсан Бирвааг сантехникч гэсэн орон тоонд шилжүүлж, түүний оронд Е.М-ийг ажилд авсан нь мөн бүтэц орон тоонд байхгүй нэг томилгоо хийсэн байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80-рх/,

- Гэрч Е.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...С.Ж- нь миний аавын төрсөн дүү буюу миний авга эгч байгаа юм. ...манайх ахуй амьдралын хувьд ядуу амьдралтай болохоор С.Ж- эгч намайг хөдөө мал маллаж байхад сумын төв рүү дуудаж би чамайг ажилд оруулж өгье, чи ирж ажил хий гэж хэлээд намайг тухайн ажилд томилсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-84-рх/,

- Шүүгдэгч С.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-117-рх/, 

- Баян-Өлгий аймгийн Буянт сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/05 дугаартай “Ж.Б-г ажилд томилох тухай” тушаал, 2020 оны 01 сарын 24-ний өдрийн Б/04 дугаартай “М-ийг ажилд томилох тухай” тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай “Ж.Б-г ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/02 дугаартай “А.П-ийг томилон ажиллуулах тухай” тушаал, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/19 дугаартай “А.П-ийг түр томилон ажиллуулах тухай” тушаал, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г-ы 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Бүтэц орон тоо батлах тухай” А/807 дугаартай захирамж /1-р хх-ийн 191-211/,

- Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 11 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /1-р хх-ийн 217-рх/,

- Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны 51 дугаартай тогтоолын хавсралт /1-р хх-ийн 223-рх/,

- Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 773 дугаартай шүүхийн шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 68 дугаартай магадлал, /2-р хх-ийн 53-78-рх/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Ж-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан’" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна” гэж заасны дагуу мөн зүйлийн 14.1.2-д зааснаар “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж байх тул Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд хамаарч байна.

Тодруулбал Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан мөн болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч С.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагдана.

Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгууллагын батлагдсан бүтэц орон тооны хязгаараас хэтрүүлж, өөрийн хамаарал бүхий төрөл садангийн хүн болох Е.М-ийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар жижүүр, манаачийн ажилд, мөн төрөл садангийн хүн болох А.П-ийг 2019 оны 09 дүгээр сарын 02- ны өдрийн Б/19 дугаар тушаалаар нягтлан бодогчоор түр, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар нягтлан бодогчийн ажилд тус тус томилон, давуу байдал бий болгож, улсын төсөвт 14.177.178 төгрөгийн хохирол учруулсан байна.

Иймд Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Ж-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Уг гэмт хэргийн улмаас Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэг хохироогүй, тус газар нь улсын төсвөөс тавьж олгосон мөнгө буюу цалин хөлсийг олгох үүрэг хүлээсэн байх тул шүүгдэгч С.Ж-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас улсын төсөвт 14.177.178 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг төлөөгүй болох нь иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ж.А-ийн мэдүүлэг болон бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул  14.177.178 төгрөгийг шүүгдэгч С.Ж-гээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Харин шүүгдэгч С.Ж- нь өөрт учирсан хохирол байна гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-аас нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү хэмээн дүгнэлтээ гаргаж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Ж- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч С.Ж- урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 118-р хуудас/-аар тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч С.Ж-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Ж-д шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:

  • Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
  • Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
  • Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
  • Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
  • Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч С.Ж-д оногдуулсан 2 жилийн  зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

Тодруулбал, шүүгдэгч С.Ж- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 2 жилийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Буянт суманд оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

Хэрэв шүүгдэгч С.Ж- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч С.Ж-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний нийтийн албанд томилогдох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 2 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолно. 

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Ж-гийн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд энэ гэмт хэргийн хор уршиг буюу 14.177.178 төгрөгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Долоо. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч С.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгч С.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

1. Шүүгдэгч С овогт С-ы Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн  зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Ж-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирол болох 14.177.178 /арван дөрвөн сая нэг зуун далан долоон мянга нэг зуун далан найм/ төгрөгийг  гаргуулан улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Ж-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд гэмт хэргийн хор уршиг буюу  14.177.178 /арван дөрвөн сая нэг зуун далан долоон мянга нэг зуун далан найм/ төгрөгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.   

7. Шүүгдэгч С.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч С.Ж- нь өөрт учирсан хохирол байна гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч А.Пернбек, Е.М- нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Шүүгдэгч С.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           А.ДАУРЕНБЕК