Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/68

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ах,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

Шинжээч Г.Э- /цахимаар/

Хохирогч Х.Х-,

Хохирогчийн өмгөөлөгч Н.О- /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-,

Шүүгдэгч М.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.д овогт М-ийн Е-д холбогдох эрүүгийн 2013003950026 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 21 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, Н.д овогт М-ийн Е-, 1989 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 2 дугаар баг, Баянбулагт оршин суух хаягтай, одоо тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Регистрийн дугаар БЖ...............

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Е- нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр малын бэлчээрийн маргааны улмаас хохирогч Х.Х-ыг баруун гуя руу нь хутгалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, шинжээч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч М.Е- мэдүүлэхдээ: “2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мал хариулаад явж байхад Х.Х- эхнэрийнхээ дүү болох Х.Х-ийн хамт надад ирсэн. Тэгээд хүрч ирээд намайг боосон тул мал төхөөрдөг байсан хутгаараа түлхэхэд түүний баруун талын гуянд хутга хатгагдсан юм. Цус  гарч байсан ба цагдаад мэдэгдсэн. Маргааш нь эмнэлэгт хэвтэж байхад нь эхнэрийгээ  дагуулж  очиж уучлалт гуйхад та нар явж бай гэсэн. Тэгчхээд намайг худлаа гүтгэсэн байна. Мөн миний хүүхдийг мал хариулж байхад нь ирж зодсон, бид нарыг дуудсан гэж хэлсэн байна. Тэр нь худлаа. Хоёр хүн ирээд надад хүч хэрэглэхээр нь би өөрийгөө хамгаалах гээд хутгалсан маань үнэн. Улсын яллагчийн тогтоож өгсөн хохирлоос 2.338.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж өгсөн. Би уучлалт гуйж байгаа. Уучлалт өгөх юм бол цаашид нэхэмжилж байгаа мөнгийг нь өгнө. Өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.

Хохирогч Х.Х- мэдүүлэхдээ: “М.Е- намайг хутгалснаас болж миний баруун талын гуяны олон салаа судас тайрагдаж, 2 литрийн цус алдаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машинаар ухаан алдсан байдалтай хүргэгдэж, хагалгаанд орсон юм. 14 см гүн, 3 см-ийн өргөнтэй хутгалсан бөгөөд санаатай хутгалсан. Аймгийн Нэгдсэн эмнэлэг цусыг тогтоож чадаагүй, зовуурьтай байсан тул эмнэлгээс Улаанбаатар хот руу онгоцоор ниссэн. Улаанбаатар хотын Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хүргэгдэж, дахин хагалгаанд орсон. Цус шүүрэлт арай гэж тогтож, идээлсэн цус хуралт үүсэж, хөлөө тайруулах шахсан. Хотод 1 сар, гэртээ ирээд 2 сар, нийт 3 сар хөдөлмөрийн чадвараа алдсан. Хоёр хүнийг малчнаар хөлсөлж, өчнөөн төгрөгийн хохирол гарсан. Эхнэр, хүүхэд маань сэтгэл санааны гүн айдастай цочролд орсон. Биеийн байдал маань одоо хүртэл сайжраагүй, зовуурьтай байгаа. Ийм байхад миний гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарч байгаад нь гомдолтой байна. Дахин шинжилгээг зохих хуулийн дагуу хийгдэж, гэмтлийн бодит зэрэглэлийг тогтоолгомоор байна. Зохих журмын дагуу дахин шинжилгээ хийж болно гэх Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс бичиг ирсэн. Шүүгдэгч М.Е- анхнаасаа одоо хүртэл цагдаа, прокурор, шүүх шинжилгээний тал миний талд байгаа. Чи юу ч олж долоохгүй. Үхээгүй амьд байгаа чинь аз юм гэж дарамталж доромжилж явна. Үүнээс болж Ховд аймгаас 1500000 төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлж авсан. Шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэхэд хэцүү байна. Шүүгдэгч өөрөө ирээд намайг зодсон гэж байна. Хэрэв тухайн үед зодсон бол гэмтлийн зэрэг тогтоолгох ёстой байсан. Мэдүүлж байгаа нь бүгд худлаа. Шүүгдэгчийн мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоогийн байдлаар өмгөөлөгчийн хөлснөөс гадна 3132856 төгрөгийн хохирол учирсан байгаа. Сүүлд нь 700.000 төгрөг орж ирсэн байна.” гэв.

Шинжээч Г.Э- мэдүүлэхдээ: “...Эрүүл мэнд сарнисан хугацаа гэдэг нь гэмтэл болон түүнээс үүсэх бүтэц үйл ажиллагааны хямрал  үргэлжлэх хугацааг ойлгож байгаа. Өвчтөний түүхээс үзэхэд эмнэлэгт хэвтсэн хугацаа нь 20 хоног гэж ойлгож байна. Шархны хувьд баруун гуяны ар хэсэгт байрласан шарх байгаа. Шилбэ, гуяны артери, венийн том судаснууд нь гэмтсэн бол гэмтлийн хүнд зэрэгт орно. Гэмтлийн эмнэлэгт судасны бичлэг хийлгэхэд судаснууд нь гэмтсэн гэмтэл тодорхойлогдоогүй байна. Шарх нь 3 см өргөн, 7-8 см-ийн гүн. ГССҮТ болохоор 14 см орчим гүн, хөндийд нь цус хураад, булчингийн салаанууд гэмтсэн байсныг нь цэвэрлэж, шархыг хаалаа гэж тэмдэглэсэн байсан. Ирүүлсэн материалыг нь үндэслээд дүгнэлт гаргасан байгаа. Шархны эдгэрэлтийн хувьд шархны гүн, гэмтсэн эдийн бүтцээс хамаардаг...Гэмтлийн зэрэг тогтоосон Хайрат эмчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан гэдгийг шинжээчид бид санал нэгтэйгээр гаргасан болно.” гэв

 

Хоёр: Эрүүгийн 2013003950026 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Мөрдөгчөөс хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургаар /хх-ийн 12-15-рх/,

2. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Мөрдөгчөөс эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургаар /хх-ийн 20-21-рх/,

3. Мөрдөгчийн эд мөрийн баримаар тооцсон тогтоол /хх-ийн 19-рх/,

4. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургаар /хх-ийн 22-25-рх/,

5. Хохирогч Х.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /60-62, 63-64-рх/,

6. Гэрч Х.Х-игийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 65-67-рх/,

7. Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 68- 70-рх/,

8. Гэрч Х.И-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 73-75-рх/,

9. Насанд хүрээгүй гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 77-78-рх/,

10. Гэрч Е.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 83-84-рх/,

11. Шүүгдэгч М.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 188-189-рх/,

12. Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан 476 дугаартай дүгнэлт /хх-ийн 104-105-рх/, 13. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Э-, Г.Э-, Н.Т- нарын гаргасан 33 дугаартай дахин шинжилгээний дүгнэлт хх-ийн 165-168-рх/ зэрэг нотлох баримтуудыг

 

Шүүгдэгч М.Е-ы хувийн байдлын талаар:

1. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн  42 дугаартай “М- овогтой Е- /БЖ............../-ы нэр дээр 6159 БӨТ улсын дугаартай 31512 маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна” гэх тодорхойлолт /хх-ийн 191-рх/,

2. Улсын дугаар-6159 БӨТ, марк-UAZ, модель-31512, арал.дугаар-V00147058, үйлдвэрлэсэн он-2000, өнгө-цагаан саарал, овог-М-, нэр-Е-, регистр-БЖ.............., хаяг-Баян-Өлгий, Алтанцөгц, 02, утас-99420610” гэх тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 192-рх/,

3. 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгосон “РД:БЖ.............., овог:Найман даулет, эцэг /эх/-ийн нэр:М-, нэр:Е-, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Дэлүүн, төрсөн огноо:1989/09/21, хаяг:Баян-Өлгий, Алтанцөгц, 2-р баг, Баянбулаг, хүчинтэй хугацаа:2034/09/21, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 195-рх/,

4. Шүүгдэгч М.Е эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 196-рх/,

5. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 212-214-рх/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Е-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч М.Е-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.Е- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.

Шүүгдэгч М.Е- нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр малын бэлчээрийн маргааны улмаас хохирогч Х.Х-ыг баруун гуя руу нь хутгалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургаар /хх-ийн 12-15-рх/,

- 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургаар /хх-ийн 20-21-рх/,

- Эд мөрийн баримаар тооцсон тогтоол /хх-ийн 19-рх/,

- 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургаар /хх-ийн 22-25-рх/,

- Хохирогч Х.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тухайн үед би “чи энэ эмэгтэй хүүхдийг яагаад айлган сүрдүүлсэн юм бэ” гэхэд М.Е- миний гуя руу хутгалсан..." гэх мэдүүлэг /60-62, 63-64-рх/,

- Гэрч Х.Х-игийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “....нэг мэдэхэд М.Е- өмднийхөө халааснаас нэг улаан өнгийн хутга гаргаж ирээд хүргэн ах болох Х.Х-ы гуяны ар хэсэгт хутгалаад хутгаа сугалж аваад дахиад дайрахаар хүргэн ах Х.Х- хутга барьсан гарыг нь барьж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67-рх/,

- Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “....Би очоод эмнэлгийн машинд суулгаад Х.Х-ы өөрийн гэрт нь авч ирээд судас тогтоох эмчилгээ хийсэн дараа нь зүрхний үйл ажиллагааг дэмжих, тархины цусан хангамжийг сайжруулах эмчилгээ болон тайвшруулах эм хийсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 68- 70-рх/, гэрч Х.И-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “....уулын энгэрт манай нөхөр Х.Х- баруун талын гуя хэсгээс цус гараад газар хэвтэж байсан. Би очоод дүү Х.Х-игийн хамт хөлийг нь бүсээр боосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 73-75-рх/,

- Насанд хүрээгүй гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Очоод аав Х.Х-, М.Е- нар маргаад барилцаад авсан ба хажууд нь нагац ах Х.Х-и салгах гээд дайрч байсан. Нэг харахад аав газар унасан байхаар нь гүйгээд очиход аавын баруун талын хөлийн гуя хэсэгт хутгалсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-рх/,

- Гэрч Е.Н-ын “...Х.Х-ы гуя хэсэг рүү нэг удаа хутгалсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84-рх/,

- Шүүгдэгч М.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Х.Х-д гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 188-189-рх/,

- Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан 476 дугаартай “...Иргэн Х.Х-ы биед үүссэн гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 104-105-рх/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Э-, Г.Э-, Н.Т- нарын гаргасан 33 дугаартай “...Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан 476 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” /хх-ийн 165-168-рх/ гэх дүгнэлт,

- Шүүгдэгч М.Е-ы шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч М.Е-ы гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 Шүүгдэгч М.Е- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг  санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч М.Е-ы үйлдлийн улмаас хохирогч Х.Х-ы биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирогчийн өмгөөлөгч Н.О- шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд шархны гүнийг 14 см орчим гүн байна гэж тогтоосон байгаа. Мөн зүсэлтийн улмаас булчингийн салаанууд тасарсан байна гэж байгаа. Тиймээс тасарсан салаануудыг сэргээн засах мэс ажилбар хийсэн. Хамгийн гол нь 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэс ажилбарт ороод, үүнээс хойш 9 хоногийн дараа булчингийн тасарсан салаануудыг сэргээж мэс засал хийсэн, цус хуралтыг авсан, мөн 3 см-ийн өргөнтэй, 14 см-ийн орчим гүн шарханд хийсэн мэс засал нь 9 хоногийн дараа бүрэн эдгэрээд, хөдөлмөрийн чадвар нь бүрэн хэмжээнд орно гэсэн дүгнэлт нь эргэлзээтэй байна.” гэж тайлбарлаж, маргах боловч Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 476 дугаар дүгнэлтээр хохирогч Х.Х-ы биед хөнгөн гэмтэл учирсан гэдгийг тогтоосон.

 Мөн шинжээчийн уг дүгнэлтийг Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар дахин дүгнэлтээр Х.Х-ы биед баруун гуяны ар хэсгийн гүн хатгагдсан шарх, булчингийн салааны тасрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 476 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэжээ.

 Шинжээч нарт дүгнэлт гаргахдаа Монгол улсын шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шинжилгээ хийлгэхийг даалгаж, тус хуулийн 13,14 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргавал Монгол улсын Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж хуульд заасан журмын дагуу дүгнэлт гаргасан байх тул хохирогч Х.Х-ы бие махбодод хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч М.Е-ы үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

           

            Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

             Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

            Шүүгдэгч М.Е-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Х-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.461.956 төгрөг, бодит хор уршигт 2.340.000 төгрөг тус тус нэхэмжилж, үүнээс шүүгдэгч М.Е- нь 1.635.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

            Тодруулбал,

            1. Замын зардал, шатахуун авахад:

            - 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Рысжан” шатахуун түгээх станцаас 11.000 төгрөгөөр бензин авсан баримт /хх-ийн 42-рх ар тал/, 

            - 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Рысжан” шатахуун түгээх станцаас 15.200 төгрөгөөр бензин авсан баримт /хх-ийн 42-рх ар тал/, 

            - 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Рысжан” шатахуун түгээх станцаас 12.000 төгрөгөөр бензин авсан баримт /хх-ийн 42-рх ар тал/, 

            - 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Рысжан” шатахуун түгээх станцаас 15.000 төгрөгөөр бензин авсан баримт /хх-ийн 42-рх ар тал/, 

            - 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “МТ” шатахуун түгээх станцаас 16.000 төгрөгөөр бензин авсан баримт /хх-ийн 42-рх ар тал/, 

            2. Эмчилгээнд хэрэглэсэн эм тариа авахад:

            - “Дулаан Хайрхан Трейд” ХХК-иас 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5.400 төгрөгөөр ариутгасан боолт авсан баримт /хх-ийн 42-рх/,

            -  “Дулаан Хайрхан Трейд” ХХК-иас 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5.500 төгрөгөөр эм авсан баримт /хх-ийн 42-рх/,

            - “Евро 100 айл”-аас 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 4500 төгрөгөөр эм авсан баримт /хх-ийн 42-рх/,

            - “Их баян од” ХХК-аас 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 12.800 төгрөгөөр эм авсан баримт /хх-ийн 42-рх/,

            - “Нил фарм” ХХК-аас 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 130.000 төгрөгөөр эм авсан баримт /хх-ийн 42-рх/,

            - “Эмийн сан-6”-аас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 128.000 төгрөгөөр эм тариа авсан баримт /хх-ийн 41-рх ар тал/,

            - “Монос-Энхжин” 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр  3.300 төгрөгөөр шархны боолт авсан баримт /хх-ийн 41-рх ар тал/,

            - “Цаа-Од Алтанзул” ХХК-аас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 12.100 төгрөгөөр мэс заслын хэрэгсэл авсан баримт /хх-ийн 41-рх ар тал/,

            - “Дулаан Хайрхан Трейд” ХХК-иас 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10.000 төгрөгөөр боолтын материал авсан баримт /хх-ийн 41-рх ар тал/,

            - “Дулаан Хайрхан Трейд” ХХК-иас 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2.500 төгрөгөөр боолтын материал авсан баримт /хх-ийн 41-рх/,

- “Дулаан Хайрхан Трейд” ХХК-иас 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3.800 төгрөгөөр ариутгасан боолт авсан баримт /хх-ийн 41-рх ар тал/,

            - “Агаар шим” ХХК-аас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 4000 төгрөгөөр мэс заслын наалт авсан баримт /хх-ийн 41-рх/,

            - “Эмийн сан-6”-аас 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 128.000 төгрөгөөр эм тариа авсан баримт /хх-ийн 41-рх/,

            - “Жалбыз” эмийн сангаас 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 36.000 төгрөгөөр эм тариа авсан баримт /хх-ийн 41-рх/,

            - “Дара” эмийн сангаас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 3.400 төгрөгөөр эм авсан баримт /хх-ийн 40-рх/,

            - “Могойт” эмийн сангаас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 20.000 төгрөгөөр эм авсан баримт /хх-ийн 40-рх/,

            - “Дармек” ХХК-аас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20.500 төгрөгөөр тариа авсан баримт /хх-ийн 40-рх/,

            - “Дармек” ХХК-аас 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 12.900 төгрөгөөр тариа авсан баримт /хх-ийн 40-рх/,

            - “Айс фарма” эмийн сангаас  2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 4.800 төгрөгөөр эм авсан баримт /хх-ийн 40-рх/,

            - “Могойт” эмийн сангаас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5.000 төгрөгөөр эм тариа авсан баримт /хх-ийн 40-рх/,

            - “Жалбыз” эмийн сангаас 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 37.800 төгрөгөөр эм тариа авсан баримт /хх-ийн 40-рх ар тал/,

            - Жандауа /Jandaua/ эмийн сангаас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 23.700 төгрөгөөр эм авсан баримт /хх-ийн 40-рх ар тал/,

            - Жандауа /Jandaua/ эмийн сангаас 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 9.300 төгрөгөөр эм авсан баримт /хх-ийн 40-рх ар тал/,

            - “Jandaua” эмийн сангаас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 19.300 төгрөгөөр эм авсан баримт /хх-ийн 40-рх ар тал/,

            - “Могойт” эмийн сангаас 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 40.000 төгрөгөөр эм тариа авсан баримт /хх-ийн 40-рх ар тал/,

            - “Дара” эмийн сангаас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20.900 төгрөгөөр эм авсан баримт /хх-ийн 40-рх ар тал/,

            3. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд:

            - Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 127.206 төгрөгийн баримт /хх-ийн 39-рх ар тал/,

            - Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 850.000 төгрөгийн баримт /хх-ийн 39-рх ар тал/,

            - Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд орсны төлбөр 99.250 төгрөгийн баримт /хх-ийн 39-рх ар тал/,

            4. Бусад зардалд:

            - “Самгау маркет”-ээс  5500 төгрөгөөр хүнс авсны баримт /хх-ийн 39-рх/,

            - Гэмтэл согог судлалын үндэсний төвд байхад хэрэглэсэн хоолны төлбөр 140.000 төгрөгийн баримт /хх-ийн 39-рх/,

            - Онгоцны зардал 420.400 төгрөг, нийт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.461.956 төгрөгийн хохирлын баримт авагдсан байна.

            Хохирогч Х.Х-аас бодит хор уршигт иргэн С.С-аар 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл нэг өдрийг 30.000 төгрөгөөр тохиролцож мал хариулсаны төлбөр гэж 900.000 төгрөг, иргэн Х.Х-игаар 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нэг өдрийг 30.000 төгрөгөөр тохиролцож мал хариулсаны төлбөр гэж 1440.000 төгрөг, нийт 2.340.000 төгрөг тус нэхэмжилжээ.

            Шүүгдэгч М.Е- хохирогч Х.Х-д хохирол /2.461.956 + 2.340.000/ = 4.801.956 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.461.956 төгрөгөөс мөрдөн шалгах ажиллагааны үед 1.635.000 /1-р хх-ийн 223-рх/ төгрөгийг, шүүхийн шатанд 703.500 /шүүхийн хэлэлцүүлэгт/төгрөгийг, нийт 2.338.500 төгрөгийг төлж барагдуулсан.

            Харин үлдэгдэл хохирол, хор уршиг болох 123.456 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Е-аас гаргуулан хохирогч Х.Х-д олгох нь зүйтэй.

            Хэдийгээр шүүгдэгч М.Е- нь хохирогч Х.Х-ы хүмүүсээр мал хариулсаны төлбөр гэж нэхэмжилсэн 2.340.000 төгрөгийг төлөхгүй гэж маргах боловч дээрх хор уршгийг шүүгдэгч М.Е-аас гаргуулан хохирогч Х.Х-д олгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, хохирогч Х.Х- нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Улаанбаатар хотод эмчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан онгоцны билет /1-р хх-ийн 35-38-рх/, хохирогчийн өмгөөлөгч Н.О-ийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт гаргасан хүсэлт /1-р хх-ийн 125-рх/, мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл /1-р хх-ийн 126-рх/, хохирогч Х.Х-ы өвчний түүх /1-р хх-ийн 129-163-рх/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ хугацаанд дээрх хүмүүсээр малаа хариуцуулж хөлс төлсөн болох нь иргэн С.С-, Х.Х-и нарын нотариатаар батлуулсан тодорхойлолтуудаар нотлогдож байна.

            Хохирогч Х.Х-ы өмгөөлөгчтэй байгуулсан өмгөөллийн гэрээний дагуу төлөх 1000.000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж шүүх үзээгүй болно.

            Өөрөөр хэлбэл хохирогч эрх ашгаа хамгаалуулахаар хэдэн ч өмгөөлөгчтэй, хэдэн ч төгрөгөөр гэрээ байгуулж, өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлүүлэх боломжтой бөгөөд харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгч авах хуулийн үндэслэлд хамаарахгүй, мөн төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг улсын өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэнтэй холбоотой зардал биш байх тул шүүх энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй юм.

            Хохирогчийн өмгөөлөгч Н.О-ээс Ховд аймгаас Өлгийд ирж буцсан гэх 3 удаагийн замын зардал гэж 300.000 төгрөг нэхэмжилж, Ховд аймгийн Онцгой комиссоос олгосон тусгай зөвшөөрөл 3 хуудас нотлох баримт гаргаж өгсөн боловч Ховд аймгаас Өлгийд нэг удаа ирж буцахад 100.000 төгрөгийн замын зардал гардаг гэдэг нь нотлогдоогүй бөгөөд өмгөөлөгчийн замын зардлыг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Эд мөрийн баримт болгож авсан биеийн тамирын өмд 1 ширхэг – 15000 төгрөг, хөвөнтэй өмд 1 ширхэг – 20000 төгрөг, давуун өмд 1 ширхэг – 25.000 төгрөг, нийт 60.000 төгрөг, мөн 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хооронд хэрэгт холбогдон Алтанцөгц сумаас Өлгийд ирж буцаж байсан бензиний үнэ 298500 төгрөгийг нэхэмжлэх боловч энэхүү бензинийг хохирогч Х.Х- авсан гэдэг нь нотлогдохгүй байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

           

            Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд оролцсон прокурор нь эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч М.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000 нэгж буюу 1000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан,

Хохирогчийн өмгөөлөгч Н.О-ээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг торгох ялаас гадна нийтэд тусдаа ажил хийлгэх гэсэн сонгох санкцтай байгаа. Иймд нийтэд тусдаа ажил хийлгэх ялаар шийтгэж өгөхийг хүсэж байна.” гэх саналыг гаргасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-аас “...Улсын яллагчийн торгох шийтгэл хүлээлгэх саналыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн санкц нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санкцтай байгаа. Иймд улсын яллагчийн санал болгосон 1.000.000 төгрөгийн торгох ялыг багасгаж 450.000 төгрөгөөр торгож өгөхийг хүсэж байна.” гэх саналыг гаргасан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд М.Е- нь урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 800 зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаас түүний урьд яллагдагчаар цагдан хоригдсон 4 хоногийн 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, эдлэх торгуулийн ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасан тул шүүгдэгч М.Е-д хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.

 

Долоо. Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгөтэй, модон иштэй, ишийг нь хар өнгийн лентээр ороосон 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч М.Е-ы эзэмшлийн 6159 БӨТ улсын дугаартай, УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Е-аас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэргийн улмаас 4 хоног цагдан хоригдсон, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул М.Е-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, торгуулийн ял болон хохиролд гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл М.Е-д шүүхээс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Н.д овогт М-ийн Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Е-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас М.Е-ы цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийн 1 /нэг/ хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, эдлэх торгуулийн ялаас хасаж тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Е- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Е- нь энэ хэргийн улмаас 4 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Е-аас хохирогчид 2.338.500 /хоёр сая гурван зуун гучин найман мянга таван зуу/ төгрөг төлсний дурдаж, түүнээс 2.463.456 /хоёр сая дөрвөн зуун жаран гурван мянган дөрвөн зуун тавин зургаа/ төгрөг гаргуулан хохирогч Х.Х-д олгож, илүү нэхэмжилсэн 1300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д заасаар хохирогч Х.Х-аас 1 ширхэг биеийн тамирын өмдний үнэ 15000 төгрөг, 1 ширхэг хөвөнтэй өмдний үнэ 20000 төгрөг, 1 ширхэг давуун өмдний 25.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хооронд хэрэгт холбогдон Алтанцөгц сумаас Өлгийд ирж буцаж байсан бензиний үнэ 298.500 /хоёр зуун ерөн найман мянга таван зуу/ төгрөг зэргийг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгөтэй, модон иштэй, ишийг нь хар өнгийн лентээр ороосон 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Хэрэгт шүүгдэгч М.Е-ы эзэмшлийн 6159 БӨТ улсын дугаартай, УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.   

10. Шүүгдэгч М.Е-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Шүүгдэгч М.Е-д өнөөдрөөс эхлэн авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байлгах зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, торгуулийн ял болон хохиролд гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК