| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2021/0056/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/69 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/69
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ах,
орчуулагч, хэлмэрч Б.А,
улсын яллагч М.П,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З,
шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт М-ы Б-д холбогдох 2113000000041 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1982 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл-3, эхнэр, хүүгийн хамт амьдардаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 47/А дугаартай шийтгэх тогтоолоор ЭХ-ийн 181 дүгээр зүйлийн 181.3-аар 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХ-ийн 99 дүгээр зүйлийн 99.1, 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 6 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХ-ийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Ш овогт М-ы Б-. Регистрийн дугаар БЗ.............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б- нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Арал” гэх газарт бэлчиж байсан иргэн А.А-ийн үхэр дотроос хохирогч А.С-ы улаан зүсмийн 3 настай гунжин үхрийг хулгайлж, нийт 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч М.Б-аас мэдүүлэхдээ: “...Ар гэрийн байдал маань хүнд, эхнэр маань жирэмсэн. Сүүлийн үед татаж унах өвчтэй болсон. Шүүх хуралдаан болохоос 7 хоногийн өмнө С- гэх оточ хүнд очиж үзүүлчхээд ирсэн. Ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.
Хоёр. Эрүүгийн 2113000000041 дугаартай хэргээс гэм буруугийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч А.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-21, 24-рх/,
2. Гэрч Ж.О-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-рх/,
3. Гэрч С.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-рх/,
4. Гэрч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-р х/,
5. “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн БӨА-21-51 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 40-43-рх/,
6. Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 03-15-рх/,
7. Шүүгдэгч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 54-55-рх/ зэргийг,
Шүүгдэгч М.Б-ы хувийн байдлын талаар:
1. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01/591 дугаартай “М.Б- /БЗ/ нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна.” гэх албан бичиг /хх-ийн 58/,
2. Шүүгдэгч М.Б-ы гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59/,
3. 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр олгосон “РД:БЗ............, овог:Ш- эцэг/эх/-ийн нэр:М-, нэр:Б-, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Ногооннуур, төрсөн огноо:1982-02-05, хаяг:Баян-Өлгий, Ногооннуур, 7-р баг, Хос харагай, хүчинтэй хугацаа:2027-02-05, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн авлагаа /хх-ийн 60/,
4. Шүүгдэгч М.Б-ы төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63/,
5. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 78 дугаартай “М- овогтой Б-ы /БЗ............/ нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 65/,
6. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 166 дугаартай “БЗ............ регистрийн дугаартай, М- овогтой Бахытханы нэр дээр эзэмшил%, өмчлөлд бүртгэлтэй газар байхгүй байна.” Гэх албан бичиг /хх-ийн 67/,
7. Шүүгдэгч урьд ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/,
8. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 47/А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-72/,
9. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-78/,
10. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-82/,
11. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн Засаг даргын “М- овогтой Б- нь БЗ............ регистрийн дугаартай, 40 мкв хувийн байшинтай, 6 хана эсгий гэртэй, машин 1, мотоцикл 1, мал бүгд 190, үүнээс адуу 20, зхэр 10, хонь 60, ямаа 100 гэх хөрөнөгөтэй болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хх-ийн 83/,
12. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн Засаг даргын2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаартай “Тус сумын Хос харагай багийн иргэн М- овогтой Б- нь ам бүл 2, 1982 онд төрсөн, 39 настай, БЗ............ регистрийн дугаартай. Иргэн М.Б нь өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож гаагүй, төлөв даруу зантай Арал гэлэг газарт байнга мал маллаж амьдардаг болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хх-ийн 78/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Б-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Шүүгдэгч М.Б-ыг “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Б- нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Арал” гэх газарт бэлчиж байсан иргэн А.А-ийн үхэр дотроос хохирогч А.С-ы улаан зүсмийн 3 настай гунжин үхрийг хулгайлж, нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.Б-аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч М.Б- нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Арал” гэх газарт бэлчиж байсан иргэн А.А-ийн үхэр дотроос хохирогч А.С-ы улаан зүсмийн 3 настай гунжин үхрийг хулгайлж, нийт 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч А.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний гэрийн хажууд ойролцоо Ахмади гэх миний төрсөн ахын гэр байдаг ба миний үхэр Ахмадийн үхэртэй хамт байдаг. Тэрээр миний үхрийн дотор байсан улаан хээр зүсмийн 3 настай гунжин үхэр тус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Арал гэх газраас малын дотроос 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хулгайд алдсан. Миний хулгайд алдсан улаан хээр зүсмийн зүүн талын чихэнд хөндлөн имтэй, баруун талын чихэнд цуулбар имтэй гунжин үхэр байсан. Гэтэл миний 1 тооны гунжин үхрийг манай хөрш М.Б- гэх залуу хулгайлан авч өөрийнхөө малын хашаанд оруулж маллаж байсныг хүү С.Е- бид хоёр хамт очиж 02 дугаар сарын 10-ны өдөр оройн 18 цагийн үед харсан. Миний хулгайд алдсан 1 тооны гунжин үхэр М.Б-ы 3 тооны бяруугийн хамт Б-ы малын хашаанд байсан ба миний гунжин үхрийн зүүн талын чихний урд хэсэгт байгаа хөндлөн имийг өөрчилж шинээр өөрийн ухам имийг тавьж, сүүлийг нь дунд хэсгээс тайрч тэмдэг тавьж авсан байсан. Хохирлоо төлүүлж авсан, одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 24-рх/,
- Гэрч Ж.О-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай хөрш А.А-и, А.С- нарын үхэр хамт бэлчдэг, энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр хөрш А.С- манай гэрт ирж манай үхэрт байсан улаан хээр зүсмийн гунжин үхэр байхгүй байна гэж хайгаад явж байсан, дараа нь 02 дугаар сарын 10-ны өдрийн оройн 18 цагийн үед А.С- миний гар утас руу залгаж миний малын дотроос алдсан гунжин үхэр М.Б-ы малын хашаанд байна та ирж үзээд өг гэхээр нь би Б-ы гэрт очиход Б-ы гэр цоожтой байсан. М.Б-ы малын хашааны хажууд 3 тооны үхэр байсан ба малын хашааны дотор 3 тооны бяруу байсан, уг бяруутай хамт А.С-ы гунжин үхэр байсан. Тухайн үед уг гунжин үхрийг бяруугийн хамт уяагаар уясан байсан ба зүүн талын чихэнд шинээр ухам им тавьж сүүлийг нь дунд хэсгээс тайрсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-рх/,
- Гэрч С.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...гэтэл 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр аав А.С- бид хоёр уг гунжин үхрийг эрж хайж Б-ы малын хашаанд очиход манай малын дотроос алдсан гунжин үхэр Б-ы малын хашаанд 3 тооны бяруугийн хамт байсан ба тухайн үед манай гунжин үхрийг цагаан өнгийн уяагаар уясан байсан. Б- манай гунжин үхрийг им тамгыг өөрчилж, зүүн талын чихэнд шинээр ухам им тавьж, сүүлийг нь дунд хэсгээс тайрч малын хашаанд нууж маллаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-рх/,
- Гэрч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...А.С- бид хоёрын гэрийн хоорондын зай 200 метр юм. А.С-ы үхэр миний үхэртэй хамт бэлчдэг. Тэрээр 2020 оны 12 дугаар сарын сүүлд тус сумын 7 дугаар багийн иргэн манай хөрш М.Б- надтай уулзаад таны үхэр дотор улаан хээр зүсмийн гунжин үхэр байна уу? та тийм үхэр харсан уу? гэхээр нь би түүнд манай үхэр А.С-ы үхэртэй хамт байгаа, би тийм үхэр хараагүй гэж хэлсэн. Би сард 15 хоног хөдөө явж мал хариулдаг ба энэ оны 02 дугаар сард хөдөө явж мал хариулж байгаад 02 дугаар сарын 15-ны өдөр гэртээ ирсэн. Би гэрт ирсний дараа миний дүү А.С- манай гэрт ирж таны үхрийн дотор байсан миний гунжин үхрийг М.Б- авч им тамгыг өөрчилж авсан байна. Таны малын дотор байгаа улаан хээр зүсмийн гунжин үхрийг Б- хэзээ авч явсныг та мэдэх үү? гэхээр нь би түүнд мэдэхгүй гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл миний дүү А.С-ы үхэр манай үхэр малтай хамт бэлчдэг нь үнэн" гэх мэдүүлэг /хх-ийн 34-рх/,
- “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн БӨА-21-51 дугаартай үнэлгээний дүгнэлт, /хх-ийн 40-43-рх/,
- Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-15-рх/,
- Шүүгдэгч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний бие 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн үед тус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Арал” гэх газарт малаа усалж байхад тухайн хар усны хажууд манай хөрш А.А-ийгийн үхэр сүрэг бэлчиж байсан. Тэгээд би тухайн үхрүүдийн хажууд дөхөж очоод харахад 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр манай мал дотроос алдсан нэг тооны гунжин үхэр явж байсныг харж барьж аваад өөрийн малын хашаанд авч ирж, өөрийн бяруунуудад им тавих үед тухайн гунжин үхэрт ч гэсэн им тавьж, сүүлийг нь дунд хэсгээс нь тайрч, өөрийн бяруунуудын хамт маллаж байхад 2021 оны 02 дугаар сарын 10-ны орой А.С- гэх хүн манайд ирээд “энэ манай үхэр юм байна” гэж аваад явсан байна. Хэнд ч хэлэхгүйгээр өөрийн имийг тавьж, сүүлийг нь тайрч гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч М.Б-ы гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б- нь хохирогч А.С-ы 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий, 1 тооны гунжин үхрийг хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Мал хулгайлах гэмт хэргийн объектив шинж нь бусдын өмчлөх эрх байдаг бөгөөд иргэний өмчлөх эрхийг хуулиар хамгаалдаг. Тухайлбал: Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, Тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч М.Б- нь хохирогч А.С-ы дээрх хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний 1 тооны гунжин үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.
Шүүгдэгч М.Б-ы үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд хохирол учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба М.Б- нь хохирогч А.С-ы 1 тооны малыг бэлчээрээс нь хулгайлан, им тавьж, сүүлийг нь дунд хэсгээр тайрч, бусдын өмчийг хууль бусаар өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар хувьдаа ашиг олж мөнгөтэй болох шунахайн сэдэлт нөлөөлсөн байх ба М.Б- нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн байх тул түүнийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Б-ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлж, мөн хэсгийн тайлбарт “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохоор тайлбарласан байна. Шүүгдэгч М.Б-ы хувьд 1 тооны гунжин үхрийг хулгайлсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд заасан “олон тооны мал” гэдэгт хамаарахгүй байна.
Иймд шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч М.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.С-д 500.000 төгрөгийн бодит хохирол учирсан ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч М.Б- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн, 6.5 дугаар зүйлийн 1.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, хэргийн болон хэрэгтний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан 5-6 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ялыг сонгон хэрэглэж, М.Б-ы зорчих эрхийг нь тодорхой хугацаагаар хязгаарлаж өгөхийг хүсэж байна гэж дүгнэлтээ гаргаж мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүгдэгч М.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангилын гэмт хэрэгт хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүхээс шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыгтал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Б- урьд ял шийтгүүлж байсан нь эрүүгийн хавтаст хэргийн /68/ дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /71-82/ дугаар хуудсанд авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 47/А дугаартай, 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 51 дугаартай, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б- нь уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч М.Б-д шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:
Шүүгдэгч М.Б-д оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтоов.
Тодруулбал, шүүгдэгч М.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 2 жилийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
Хэрэв шүүгдэгч М.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тогтоолоор сануулах нь зүйтэй
Шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Дөрөв: Бусад асуудлаар:
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт М-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б-д сануулсугай.
5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК