Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2017/00511

 

2017 оны 5 сарын 4 өдөр

  Дугаар 151/ШШ2017/00511

                                   Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж тус шүүхийн  хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

  Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 1 мансард байр 9 тоотод оршин суух, Цогт тайж овогт Довдонгийн Отгонбаяр /ГЮ71052901/-ын нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, Баруун зуунмод 11 гудамж, 8 тоотод оршин суух, Чонос овогт Шаравын Отгонсүрэн /НЭ80030501/-д холбогдох

  төлбөр барагдуулах гэрээний  биелэлт  2.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх  хуралдаанд  тайлбарлахдаа: Ш.Отгонсүрэн нь 2008 онд 3.270.000 төгрөг зээлж  авсан ба  2010 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1039 тоот захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн    журмаар цувуулж төлсөн. 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан. Ш.Отгонсүрэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр өр барагдуулж байгаа болохоор ажилд авахгүй  байна     сар бүр 40.000 төгрөг өгье гэж тохирсон  тул  үлдэгдэл 1.500.000 төгрөгийг   төлбөр барагдуулах  талаар дээрх гэрээг  хийгээд 2017 оны  4 сарын  21 нд  зээлээ  төлж дуусгахаар   тохирч  шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс хэргийг татан авсан байна. Ингээд мөнгөө өгөхгүй  гэрээний  үүрэг  биелэгдэхгүй байна.  Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 1.500.000 төгрөг, алданги 750.000 төгрөг нийт 2.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ  шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд урьд нь шүүхээс 1039 тоот захирамжаар    шийдвэрлэсэн төлбөрийн  үлдэгдэл дээр  дахин  гэрээ хийсэн байдаг.  Үлдэгдэл     Төлбөрийг барагдуулъя гээд бэлнээр  800 000  мянган төгрөг  өгсөн  боловч гэрээний  дагуу  хүү тооцож  авна  гээд  тохиролцоонд хүрээгүй. Эвлэрье гэсэн боловч эвлэрэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх   ажиллагааны  буруутай  үйл  ажиллагаанаас  болж төлбөр төлөгч, төлбөр авагч нарыг албадан эвлэрүүлсэн   байдаг. Анх эдгээр  хүмүүс  алтанд  явж  ажиллаж  ашиг,орлогоо хуваахаар  тохиролцож  Отгонсүрэнгийн  дансанд   1,0  сая  төгрөг шилжүүлсэн гэдэг энэ  мөнгөндөө   хүү  тооцоод   шүүхийн  захирамжаар  3 270 000 төгрөг төлөхөөр   гарсан  юм.   Үүнээс     1 930 000 төгрөгийг төлсөн байдаг. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу  шийдвэр гүйцэтгэх  ажиллагаа явагдаж байхад   нэхэмжлэгчийн  хүсэлтээр талууд эвлэрсэн гэж албадан дуусгавар болгож  хаасан  учраас  дахин  хүү тооцож   нэхэмжлэх  үндэслэлгүй юм. 2010 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1039 тоот захирамжийн дагуу  өмнөх   шийдвэрийн   биелэгдээгүй  үлдэгдэл  төлбөр   1 500 000 төгрөг   төлөх  ёстой  гэдгийг  ойлгож  байгаа  боловч энэ үлдэгдэл  төлбөр дээр дахин   шүүхийн  шийдвэр гарах үндэслэлгүй тул     нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд төлбөр барагдуулах гэрээ, зохигчдын бичгээр ирүүлсэн тайлбар, шүүхийн шийдвэр бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Отгонбаяр, хариуцагч Ш.Отгонсүрэнд холбогдуулж 2010 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1039 тоот захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн    журмаар төлбөр төлсөн ба төлбөр бүрэн барагдаагүй тул үлдэгдэл төлбөрийг   барагдуулах  талаар  2014 оны   5 дугаар  сарын   26-ны   өдөр    “төлбөр   барагдуулах  гэрээ ”  нэртэй байгуулсан  гэрээний  үүргийн  биелэлт  2.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх   ажиллагааны  буруутай  үйл  ажиллагаанаас  болж төлбөр төлөгч, төлбөр авагч нарыг албадан эвлэрүүлсэн   байдаг. 2010 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1039 тоот захирамжийн дагуу  өмнөх   шийдвэрийн   биелэгдээгүй  үлдэгдэл  төлбөр   1 500 000  төгрөг  төлөх  ёстой  гэдгийг  ойлгож  байгаа  боловч энэ үлдэгдэл  төлбөрийг хүү тооцож төлөх  үндэслэлгүй, мөн  дахин   шүүхийн  шийдвэр гарах үндэслэлгүй гэж   маргаж  байна. 

Хэрэгт цугларсан  нотлох  баримтууд, шийдвэр гүйцэтгэлийн  хувийн  хэрэг     болон  шүүх  хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбараас  үзэхэд: доорх байдлууд тогтоогдож   байна.  Үүнд :

-Зохигчид нь   2014 оны  5 сарын  26-ны өдөр “төлбөр барагдуулах” нэртэй гэрээ байгуулсан   байна.  /хх 4/   

Төв аймаг  дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албанаас нэхэмжлэгч  Д.Отгонбаярт ирүүлсэн  2016.06.06-ны өдрийн 3/883 тоот  албан   бичиг,

Төв аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албанаас тус аймгийн  Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1039 дүгээр захирамжаар хариуцагч Ш.Отгонсүрэнгээс 3.270.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонбаярт олгохоор шийдвэрлэсэн захирамжид 2011 оны 04 сарын 13-ны  өдөр “шийдвэр гүйцэтгэлийн № 1557 “ дугаар  бүхий   хувийн хэрэг нээсэн байна.

       

    Улмаар  2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай “  195 дугаар тогтоолын дагуу   төлбөр барагдуулах  ажиллагаа  явагдсан  байна.  

Шийдвэр  гүйцэтгэлийн  ажиллагааны  явцад  төлбөр төлөгч   нь  төлбөрт нийт   1 930 000 / нэг сая  есөн зуун гучин мянган /  төгрөгийг  төлсөн, зарим хэсэг нь биелэгдээгүй   болох нь тус   хувийн хэрэгт   авагдсан  бэлэн мөнгө  хураасан  тасалбар, орлогын мэдүүлэг, төлбөрийн  даалгавар зэрэг  16  ширхэг  баримтуудаар  тогтоогдож   байна.  

   Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн  № 1557 тоот хувийн  хэргийг    “ ...  төлбөр төлөгч  Ш.Отгонсүрэн нь   төлбөл зохих   3 270 000 төгрөгний  төлбөрөө   бүрэн  төлсөн,  төлбөр авагч Д.Отгонбаяр ... дуусгавар болгож өгөхийг   хүссэн  баримт ирүүлсэн”  гэж дурдаж  2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай     44 дүгээр тогтоол   “  үйлдэж  хаасан  ба хувийн  хэргийн     61 дүгээр талд авагдсан байна. 

     

Дээрх байдлаас үзвэл: Тус аймгийн  Сум дундын  1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1039 дүгээр захирамжаар хариуцагч Ш.Отгонсүрэнгээс   3.270.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонбаярт олгохоор шийдвэрлэсэн   “Захирамжийн” шийдвэр  гүйцэтгэлийн  ажиллагаа  бүрэн дуусаагүй  ба  төлбөрийн  үлдэгдэл  1 340 000 төгрөг,  төлөгдөөгүй болох нь  шийдвэр  гүйцэтгэлийн хувийн  хэрэгт   авагдсан  баримтуудаар  тогтоогдож  байна.  

 

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан  “төлбөр барагдуулах гэрээ”- нд  /хх-4/,    “1039 дугаар захирамжийн дагуу ... үлдэгдэл  1 340 000 төгрөг, зардалд  160 000  төгрөг  нийт   1 500 000  төгрөг төлөхөөр,  төлөх хугацааг 2014.06.21- 2017.04.21-ны хооронд төлж дуусгахаар тохиролцсон  боловч нэхэмжлэгч нь  2016 оны  9  сарын  16  нд шүүхэд нэхэмжлэл  гаргаж  байсан байна.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч  зохигчдын  хооронд  байгуулсан зээлийн  гэрээний үүргийг биелүүлээгүй гэж шаардаж  байгаа  боловч талуудын хооронд шинээр үүрэг үүссэн  эсэхээ  нотолж чадахгүй байна .

 

          Өөрөөр хэлбэл:  Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь  зээлдэгчийн  өмчлөлд  мөнгө   буюу ...   эд  хөрөнгө  шилжүүлэх,... зээлдэгч  нь  тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг    тус тус  хүлээнэ” гэж  заасан хуулийн  шаардлагын дагуу  Ш.Отгонсүрэнд 1 500 000 төгрөгийг  нэмж    зээлээгүй   байна.  

 

Харин зохигчдын хоорондох 2010 оны 02 сарын  18  нд үүссэн  маргааныг   2010 оны  12 сарын   06 нд   шүүх  шийдвэрлээд шүүхийн  шийдвэр гарснаар   эрх  зүйн  харилцаа  дуусгавар  болж    шийдвэр  гүйцэтгэх ажиллагаа  явагдаж байх үед   Шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх  тухай хуулийн  16 дугаар  зүйлийн  16.1.1,16.1.3-д заасан дагуу Д.Отгонбаярын  хүсэлтээр  хаасан  болох нь дээр  дурдагдсан  холбогдох баримтуудаар тогтоогдож  байна.   

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-д зааснаар “зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл шүүхийн ажиллагаанд хэлэлцэгдсэн  маргааны  талаар гарсан  шийдвэр хуулийн хүчин  төгөлдөр  болсон бол хэргийн  оролцогч  нар дахин  тухайн асуудлаар  нэхэмжлэл  гаргах  эрхгүй  гэж  хуулиар  зохицуулсан байна.  

 

Иймд 2010 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1039 дүгээр захирамжийн дагуу   төлбөл зохих төлбөрийн үлдэгдэл 1.340.000 төгрөг, зардал 160.000 төгрөг, бүгд 1.500.000 төгрөг  төлөх  тухай  хүчин  төгөлдөр шүүхийн  шийдвэр  байх тул  шинээр үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Харин хариуцагч Ш.Отгонсүрэн Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1039 дүгээр шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрээр төлбөл зохих төлбөрийн үлдэгдэл 1 500 000 төгрөг төлөх хариуцлагаас чөлөөлөгдөөгүй  болохыг дурдах нь зүйтэй  байна.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Д.Отгонбаярын нэхэмжлэлтэй Ш.Отгонсүрэнд холбогдох  “төлбөр барагдуулах гэрээний төлбөр 2.250.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ОЮУНЦЭЦЭГ