Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/73

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  М.П,

Гэрч Б.Ж-,

Хохирогч Х.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-,

Шүүгдэгч Х.Ж- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.д овогт Х-ы Ж-т холбогдох 2013003850263 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казак, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суудаг, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, И.д овогт Х-ы Ж-, регистрийн дугаар: БА............

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Х.Ж- нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн орчимд гэрт нь ирсэн Х.Б-, Б.Ж- нарт: “та нар согтуу ирж, бидний амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх шалтгаанаар хутга гаргаж, иргэн Х.Б-йн толгойны зулайн дээд хэсэгт хутгаар зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Х.Ж- мэдүүлэхдээ: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч Х.Б-д учирсан хохирлыг төлж өгөхөө илэрхийлж байна.”  гэв.

2. Хохирогч Х.Б- мэдүүлэхдээ: “...Миний бие Х.Ж-ийг уучилсан. Одоо ямар нэгэн санал, гомдол байхгүй. Надад энэ гэмт хэргийн улмаас 200.000 төгрөгийн хохирол учирсан. Энэхүү хохирлыг төлүүлж өгнө үү.”  гэв.

3. Гэрч Б.Ж- мэдүүлэхдээ: “Бид нар уулзахаас өмнө машины шил бол өмнө хагарсан байсан. Уг машины шил байлдааны зориулалтай шил байсан учраас хагарах ёсгүй. Бид хоёр Х.Ж-ийн гэрт  оройн 18 цагийн үед мал авахаар  очсон. Тэгэхэд эхнэр  хоёр хүүхэд нь байсан. Хүүхдүүд нь зурагт үзээд эхнэр нь ариун цэврийн өрөөнд хувцас угааж байсан. Тэгэхээр Х.Б- танай эхнэр чинь хаана байгаа юм бэ, цай хийхгүй юм уу гэхээр Х.Ж- бага зэрэг уурлаад ширээнд байсан аягатай ааруулыг түлхэж унгааж, иштэй зүйл юм уу, хутгаар ч юм уу Х.Б-йн толгой руу цохиход цус гарсан.  Тэгээд би Х.Б-йг авч гараад эмнэлэгт аваачиж цусыг тогтоосон.”  гэв.

 

Хоёр: Эрүүгийн 2013003850263 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хохирогч Х.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15, 27-29, 73-рх/,

2. Гэрч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-32, 75-рх/,

3. Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-рх/,

4. Гэрч Х.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-рх/,

5. Эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 53-54-рх/,

6. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-65, 68-72-рх/,

7. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/хх-ийн 66-67-рх/,

8. Шүүгдэгч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 47-49-рх/ зэрэг нотлох баримтуудыг  

Шүүгдэгч Х.Ж-ийн хувийн байдлын талаар:

1. Шүүгдэгч Х.Ж-ийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 509-рх/,

2. 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БА..........., овог:И.д, эцэг /эх/-ийн нэр:Х, нэр:Ж, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Алтай, төрсөн огноо:1985/07/02, хаяг:Баян-Өлгий, Алтай, 1-р баг, Хар нуур, хүчинтэй хугацаа:2030/07/02, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51-рх/,

3. Шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 55-рх/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Ж-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд,

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Ж- нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн орчимд гэрт нь ирсэн Х.Б-, Б.Ж- нарт: “та нар согтуу ирж, бидний амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх шалтгаанаар хутга гаргаж, иргэн Х.Б-йн толгойны зулайн дээд хэсэгт хутгаар зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.Ж-аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний өмгөөлөгч А.С-аас гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Х.Ж- нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн орчимд гэрт нь ирсэн Х.Б-, Б.Ж- нарт: “та нар согтуу ирж, бидний амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх шалтгаанаар хутга гаргаж, иргэн Х.Б-йн толгойны зулайн дээд хэсэгт хутгаар зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Х.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Х.Ж- гэдэг залуутай уулзахаар тэдний гэрт Б.Ж-ийн хамт очиход тэр гэртээ сууж байсан ба “бид нарт цай аяглаж өгөхгүй юм уу” гэхэд “чи манай гэрт байнга согтуу ирдэг, ямар шалтгаантай юм бэ, хурдан яв” гэж уурлаж босоод шүүгээнээс хутга гаргаж ирээд миний толгойн тус газарт хүргэх шиг болсон. Хамт явж байсан Б.Ж- Х.Ж-ын хутга гаргаж ирж миний толгойнд хүргэсэн үйлдлийг нүдээр үзсэн болно. Тухайн үед толгойгоо гараар барихад цус гарсан байсан. Тэгэхэд Б.Ж- намайг дагуулж гараад сумын төвийн эмнэлэгт хүргэсэн. Тухайн үед Маржан гэдэг сувилагч байсан ба миний толгой хэсэгт боолт хийж, гарсан цусыг тогтоогоод өгсөн. ...миний толгойн зулай хэсэгт авсан гэмтэл Х.Ж-ийн буруутай үйлдлээс болсон. Надаас Х.Ж- 2, 3 удаа ирж уучлалт гуйж явсан ба одоо гэмт хэрэг үйлдээгүй гэж байгаатай маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 27-29, 73-рх/,

- Гэрч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Х.Ж- гэдэг залуугийн гэрийн ойролцоо өнгөрч байх үед Х.Б- надад Х.Ж-ийн гэрт ороод гарах уу, энэ залууд зарах мал байж магадгүй гэж хэлээд тэр айлд бид хоёр орсон. Бид ороход Х.Ж- зухны урьд гал түлээд сууж байсан ба эхнэр нь хувцас угааж байсан. Х.Б- бид хоёр сандал аваад ширээний хажууд ирж суусан. Тэгээд Х.Б- Х.Ж-т “чи бид хоёрт цай аяглаж өгөхгүй юм уу гэж хэлсэн ба Х.Ж- нь уурлаж босоод Х.Б-д юм хэлэх шиг болсон ба гал тогооны шүүгээнээс жижигхэн иштэй хутга авсныг харсан ба шууд Х.Б-йн толгойны зулай хэсэгт хүрэх шиг болсон. Тэгэхэд Х.Б-йн нүүрэн хэсэг нь цус болоод явчихсан. ...Би тэр хутганы содон шинж тэмдэгийг сайн анзаараагүй ба хутганы иш нь хүний нэг гарын атгалтаар барих хэмжээний хутга байсан. Тухайн үед би сандраад найз болох Х.Б-йг тэр айлаас дагуулж гараад сумын эмнэлэгт хүргэсэн болно. Тухайн үед эмнэлгийн эмч, сувилагч нар бүгд мэдэж байгаа.” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32, 75-рх/,

- Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Алтай сумын Эрүүл мэндийн төвд ажил дээрээ байсан ба орой ажил тараад гэртээ байхад 20 цагийн үед эмнэлэгт хүнд зодуулсан байдалтай хүн ирлээ гэж ээлжийн сувилагч утсаар дуудсан. Тэгээд гэрээс гараад эмнэлэгт ирж, зодуулсан гэсэн хүн манай сумын Х.Б- гэдэг залуу байсан ба, эмчийн үзлэгийн өрөөнд үзээд, үзлэгээр иргэн Х.Б-йн толгойн зулай хэсгээс цус гарсан, хутгаар зүссэн байдалтай, толгойн духны баруун хэсэгт 4 см орчим зүсэгдсэн цус гарсан зовиур тогтоогдсон. Тухайн өдөр ээлжийн сувилагч Х.М- байсан ба Х.Б-йн толгой хэсгээс цус гарсан шархыг цэвэрлэж, боолт хийж өгч явуулсан. Мөн надаас Х.Б- эмчийн тодорхойлолт авна гэсэн ба тодорхойлолт бичиж өгсөн. Би эмч хүний хувьд хүний биед ямар гэмтэл яаж учирсныг эмчийн үзлэгээр тогтоодог юм. Тухайн өдөр Х.Б-йн зовиур нь ил байсан бөгөөд толгой хэсэгт үзлэг хийхэд хутгаар зүссэн, аль эсвэл ир үзүүртэй зүйлээр нэг удаагийн зүссэн шарх тодорхой байсан юм. Үүнийг Х.Б ч гэсэн тэгж хэлж байсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 33-рх/,

- Гэрч Х.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Алтай сумын Эрүүл мэндийн төвийн эмнэлэгт ээлжийн сувилагчаар үүрэг гүйцэтгэж байхад орой 19 цаг 30 минутын үед Х.Б- гэдэг /Бопилжих хочтой/ залуу хажууд нь Б.Ж- гэдэг залуутай хамт эмнэлэг дотор ороод ирсэн. Тэгэхэд би Х.Б-ээс юу болсон тухайгаа тодруулж асуухад Х.Ж- /Мишкан / гэдэг залуу толгой тус газрыг хутгаар зүсчихлээ гэж толгойноос цус гарсан байдалтай ирсэн. Тэгээд би хүлээн авах өрөөнд оруулаад Х.Б-йн толгойны зулай хэсэгт цус гарсан газрыг арчиж цэвэрлээд цусыг арилгаад өгсөн. Х.Б-йн толгой зулай хэсгийн шарх нь нэлээн гүн байсан ба 4,5 см зүсэгдсэн шарх байсан. Би Х.Б-эд таны толгойнд оёдол тавих шаардлагатай байна гэж хэлсэн чинь Х.Б- өөрөө татгалзаж, зүгээр цусыг цэвэрлээд өгчих гэсэн. Тэгээд цусыг арчиж цэвэрлээд явуулсан. Х.Б- өөрөө хэлсэн ба толгойнд цэвэрлэгээ хийж байхад шарх нь ил байсан ба ир үзүүртэй зүйлээр нэг удаагийн зүсэгдсэн шархтай байсан.” /хх-ийн 34-рх/,

- Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Хайратын 2020 оны 11 дүгээр сарын 06- ны өдрийн 484 дугаартай: “...Иргэн Х.Б-йн биед толгойны зулай дунд хэсэгт зүсэгдсэн шархтай, шархнаас цус алдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Иргэн Х.Б-йн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40-р х/,

- Эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 53-54-рх/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 Шүүгдэгч Х.Ж- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний хамран тус газарт толгойгоороо мөргөж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг  санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Ж-ийн үйлдлийн улмаас хохирогч Х.Б-йн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Ж-ийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.     

Харин мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг ноцтой зөрчиж прокурорын зөвшөөрөлгүйгээр мөн хуулийн 23.1 дүгээр зүйл, 23.3 дугаар зүйл, 24.1 дүгээр зүйл, 24.3 дугаар зүйл, 24.4 дүгээр зүйлүүдэд заасан тус тусдаа хийгдэх ажиллагааг зөвхөн хавтаст хэргийн 66-67 дугаар талд авагдсан “Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа” гэх тэмдэглэлээр баримтыг цуглуулж бэхжүүлсэн нь хууль зөрчжээ. Тодруулбал прокурорын зөвшөөрөлтэйгөөр тухайн хэрэг учрал болсон орон байранд үзлэг нэгжлэг хийх, хэргийн газарт үзлэг хийх, эд мөрийн баримтад үзлэг хийх зэрэг ажиллагааг зөвхөн “Мэдүүлгийг газар  дээр нь шалгах ажиллагаа” гэх тэмдэглэл үйлдэж, фото зураг авсан, эд мөрийн баримтыг хураан авсан нь дээрх хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн байх тул шүүхээс шийдвэр гаргахдаа уг үйл баримтуудыг нотлох баримтад тооцоогүй болно.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б-йн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Х.Б-д учирсан 200,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Ж-аас 200,000 төгрөг гаргуулан хохирогч Х.Б-д олгох нь зүйтэй байна.  

Мөн түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Х.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.Ж-ийн өмгөөлөгч А.С- нь шүүгдэгч Х.Ж- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж, хохирогчийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Ж-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.  Шүүгдэгч Х.Ж- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 600 нэгж нь 600000 төгрөгтэй тэнцэх юм. Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

Долоо. Бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Ж- нь цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр иштэй, 20 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.

Шүүгдэгч Х.Ж-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И.д овогт Х-ы Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар         шүүгдэгч Х.Ж-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Ж- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр иштэй, 20 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-аас 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Х.Б-д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          А.ДАУРЕНБЕК