Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг дахь “А  н б-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Аймгийн *******д холбогдох аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь “А н б-ын дарга Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Ж.М, гуравдагч этгээд “А  С” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.З,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.                      

ТОДОРХОЙЛОХ нь:

        Говь-Алтай аймаг дахь Н б- ын дарга Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тус Н б-ын хамгаалалтын хашааны зүүн талд 100 м зайд агаарын хөлгийн буулт, хөөрөлтийн чиглэлд тенхикийн захын зориулалттай  2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжтай 6000м2 газрын н б-ын аюулгүйн бүсэд Н б-тай зөвшилцөлгүй олгосон нь Дэд бүтцийн хөгжлийн сайдын  хамтарсан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 32/38 дугаар тушаал, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/23 дугаар захирамжийг зөрчиж байна.  Техникийн захыг дагаж хоолны газрууд нэмэгдэж хог хаягдал ихээр үүсэх тул мал, амьтан, шувуу цуглах нөхцөл бүрдэнэ. Энэ нь агаарын хөлөг, шувуу, мал, амьтантай мөргөлдөх эрсдлийг бий болгож нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг алдагдуулж байна. Аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр аюулгүйн бүс тогтоосон захирамж гарсан байдаг. Өмнө нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гарсан аюулгүйн бүс тогтоосон захирамж дээр учир битүүлэг үг, өгүүлбэр орсон учраас хууль бус газар олгогдох асуудал гарч эхэлсэн.  Аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн аюулгүйн бүс тогтоосон захирамжаар өмнөх захирамжийг хүчингүй болгосон. Уг захирамжид тухайн маргаантай байгаа газрууд бүгд орсон. Тухайн хамгаалалтын бүсэд орж байгаа газар нь тухайн худалдааны төв юм уу техникийн зах барих тохиолдолд хамгаалалтын бүс тогтоож байгаа захирамжаар “И н-ийн газар буюу “А н б”-тай зөвшилцөнө” гэсэн үг, өгүүлбэр орсон байгаа. Ойртолтын бүсэд нийтдээ 12100 м2 газар байдаг. Үүнээс хоёр тийшээ тэнхлэгээс тус тус 500 метр газар байдаг. Хамгаалалтын бүс тогтоож байгаа захирамж дээр тодорхой зааж өгсөн. Тухайн газарт хамгаалалтын бүсэд орж байгаа. Мөн зөвшилцөнө гэдэг нь техникийн нөхцөл авна гэсэн үг. Техникийн нөхцөл авна гэдэг нь тухайн газар дээр авто худалдааны төв барих бол хэдэн давхар, ямар хэмжээтэй, цэвэр, бохир нь хаана байрлах, хогийн цэг нь хаана байхын. Манайд гол нөлөөлөх зүйл нь аюулгүй байдал, үйлдвэрлэлтэй холбоотой учраас энэ асуудал яригдаад байгаа юм. Ерөнхийдөө баталгаажсан зураг байх ёстой. Бид нар нэхэмжлэл гаргахаас өмнө яг ийм барилга гээд  баталгаажсан зураг үзүүлээд бид нартай зөвшилцөөд, хариу шийдвэрээ авсан байсан бол шүүх хурал хийгээд байх шаардлага байхгүй байсан. “А с” ХХК-д холбогдон гарсан захирамж хоёр янзаар гарсан байна. 1.Хууль, журмын дагуу олгогдсон дуудлага худалдаа явагдсан гэж байна. Уг ажиллагаа хэдэн сарын хэдний өдөр, яаж явагдсан бэ? 2.Бүх шатны ******* нарт захирамж гаргах эрх нь хуулиар нээлттэй байгаа. Гэтэл тухайн асуудлаар Засаг даргын орлогч эхлээд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А/513 тоот захирамж гаргасан байдаг. Ерөнхийдөө Засаг даргын орлогч газрын хэвлийтэй холбоотой болон төсөвтэй холбоотой асуудлаар төсвийн ерөнхийлөн захирагч гээд захиран тушаах эрх нь *******д байдаг гэж ойлгож байгаа. Хэрэв Засаг даргын орлогчид эрх олгосон бол ******* эрхээ шилжүүлсэн албан бичиг, баримт байна уу? Дараа нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ахиад аймгийн ******* С.Г захирамж гаргасан байдаг. Нэг огноо болон дугаартай. Гэтэл өмнөх аймгийн Засаг даргын орлогчийн гаргасан захирамжийг хүчингүй болгоогүй байдаг. Энэ хоёр захирамжийн аль нь хүчинтэй юм бэ? Үнэхээр эрх шилжүүлсэн байгаад захирамж гаргасан бол дараа нь дахиад захирамж гаргахдаа өмнөх захирамжийг хүчингүй болгох ёстой байсан. Энэ компани дуудлага худалдаанд орохын тулд тодорхой хэмжээний мөнгө төлж ороод, газар авч байгаа. Бид өмнө нь гуравдагч этгээдтэй уулзаад Тамгын газартай зөвшилцөөд өөр газар авах боломж нөхцөлөө эрж, хайх талаар ярилцаж байсан. Сүүлд гарсан 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн захирамжаар аюулгүйн бүсэд орж байгаа. Өмнөх захирамжаар ойртолтын бүсийг 12100 метр урттай, голчоосоо 500 метр байна гэдгийг байхгүй болгосон. Иргэний нисэхийн ерөнхий газар Говь-Алтай аймгийн И н б-тай зөвшилцөнө гэдэг энэ хоёр үгийг байхгүй болгочоод ийм шийдвэр гаргасан.  Бодлогын алдаанаас болж хүмүүсийг хохироож байна. Тухайн үед нь захирамж зөв гарсан бол “А с” ХХК, “Ө б” ХХК ялгаа байхгүй газар төлөвлөлттэй газар зураг төслөө батлуулаад, хууль, журмын дагуу явсан бол ийм маргаан гарахгүй байсан. Цаашид нисэх буудалтай ойртуулж газар олгохгүй гэсэн 2 яамны сайдын тушаал гарсан гэв.

          Хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  Газрыг олгохдоо тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж олгодог. Үүнийхээ хүрээнд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор төсөл сонгон шалгаруулалт зарласан байдаг. Энэхүү сонгон шалгаруулалтад гуравдагч этгээд болох “А с” ХХК оролцож, төсөл сонгон шалгаруулалтад тэнцэж, нисэхийн урд талын 6000 м2 газрыг авсан. Н-ийн урд талын 6000 м2 газрыг төсөл сонгон шалгаруулалтаар авсан байдаг. Манай зүгээс аймгийн нисэх буудлын хамгаалалтын бүсийг тогтоосон захирамжийн гол заалт болох “газар эзэмшүүлэхдээ Говь-Алтай аймгийн Н б болон Иргэний нисэхийн ерөнхий газартай зөвшилцөнө” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байдаг. Тухайн газруудтай зөвшилцөлгүй газар эзэмших эрх олгосон ч  “А С” ХХК-ийн хууль журмын дагуу төсөл сонгон шалгаруулалтад орж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байдаг. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжаар “А с” ХХК-д техникийн зах, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэр нь аймгийн Засаг даргын орлогч Ж.Г-ын гаргасан захирамж байсан. Энэ яагаад 2 хувь байгаа вэ? гэхээр нэг нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын веб хуудас болох www.govialtai.gov.mn хуудасны Хууль, эрх зүй  аймгийн Засаг даргын захирамж цэсэнд Ж.Г даргын захирамж байгаа. Газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад хуулиараа төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн ******* тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэн иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргадаг. Энэ хүрээнд аймгийн ******* болон аймгийн Засаг даргын орлогчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг гаргасан байгаа. Аймгийн Засаг даргын тамгын газар хадгалагдаж байгаа захирамж нь 2018 оны С.Г Засаг даргын захирамж байгаа. Мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт энэ захирамж хадгалагдаж байгаа. Хүчин төгөлдөр шийдвэр нь аймгийн Засаг даргын захирамж юм. Вэб хуудаст тавигдсан захирамжийг Ж.Г  дарга эхэлж гаргаад сүүлд нь вэб хуудаст байршуулсан байсан бөгөөд одоо ч гэсэн сайтад байгаа гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд  хэлсэн тайлбартаа: Зөвшилцөхтэй холбоотой заалт нэмэгдсэн талаар сая нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дээр дурдлаа. Зөвшилцөнө гэдэг нь ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаа гэсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын нийтлэг дүрэм дээр байгаагаар өндрийн хязгаар болон хориглох, зөвшөөрөх үйл ажиллагаа гэсэн эдгээр шаардлагуудыг нь яаж хангаж байгаа гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Бидний зүгээс нэгдүгээрт зөвшилцөх боломжийг нь хангах, хоёрдугаарт явуулах гэж байгаа үйл ажиллагаа нь аюулгүйн ажиллагааны дүрэмд яаж нөлөөлж байгаа гэдгийг нь тогтоолгохоор шинжээч томилуулсан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр тодорхой хориглосон эсвэл зөвшөөрсөн гэх заалт байхгүй байгаа. Газрыг зориулалтын дагуу тусгай хяналт дор Алтай нисэх буудалтай байгуулсан гэрээний үндсэн дээр ашиглах боломжтой гэсэн үг орж байна. Бас нэг шаардлага нь дахиж нэмж газар олгохыг таслан зогсоох шаардлагатай гэж үзсэн. Газар нэмж олгох асуудал байхгүй. Олгогдсон байгаа ганц газрын тухай яригдаж байгаа. “А с” ХХК”-ийн худалдааны төвтэй холбоотой асуудлыг эрх зүйн хувьд хүчингүй болгоод явах боломж байхгүй байна. Бид нар ийм боломж гаргуулахын тулд шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байгаа. Үнэхээр зөрчиж байна гэсэн асуудал гарсан бол хүчингүй болгох эрх нь *******д нээлттэй байсан. Ийм зүйл байхгүй учраас бид шууд хүчингүй болгох боломж байхгүй байна. Зөвшилцөнө гэдэг нь тухайн үйл ажиллагаа нь хориглох үйл ажиллагаа юу, хамгаалалтын бүс, ойртолтын бүсэд хэр нөлөөлөх, ямар нөлөө үзүүлэх, зөвшөөрөх үйл ажиллагаа мөн эсэх, аль хэсгийг нь татгалзах, ямар зориулалт, ямар стандарт шаардлагууд байх талаар гуравдагч этгээд  зөвшилцөнө гэсэн үгийг гол баримталж байна. Энэ асуудлын тухай манай байгууллагад ажиллаж байсан н.У асууж, тодруулсан. Тухайн үед ******* байгаагүй юм билээ. Захирамж яаралтай гаргах шаардлагатай болсон гээд захирамжийн дугаар огноог авахад заавал гарын үсэг шаардлагатай гээд Ж.Г даргаар зуруулсан байгаа юм. Тухайн үед манай байгууллагын газрын харилцааны мэргэжилтэн Засаг даргын газартай холбоотой захирамжийг орлогч гаргаж болохгүй гэсэн байдаг. Тэгэхэд нь аймгийн *******тай утсаар ярихад ******* уг захирамжийг солихгүй бол болохгүй бөгөөд хүчин төгөлдөр бус захирамж гэж хэлсэн байдаг. Захирамжийн дугаарын хувьд төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар ялагчтай гэрээ байгуулах ёстой. Гэрээ байгуулахын тулд заавал захирамж гарсан байх ёстой гэсэн шаардлага тавигдсан юм. Энэ шаардлагын үүднээс яаралтай нэг дугаар авсан гэж байгаа. Авсныхаа дараа нөхөж зөв болгон баталгаажуулсан захирамжаа тухайн үед нь веб хуудаст тавиагүйгээс болж ийм асуудал гарсан. Бусдаар хүчин төгөлдөр байхын хувьд манай газрын мэдээллийн нэгдсэн санд яг аймгийн Засаг даргын гаргасан гарын үсэгтэй захирамжаар байгаа. Мөн аймгийн Засаг даргын захирамжийн архивын баримтад Засаг даргын гаргасан захирамжаар байгаа. Засаг даргын орлогч Ж.Г-ын гаргасан эх захирамж цаасаар байхгүй бөгөөд албан ёсоор устгасан. Иймд албан ёсны зөв захирамжийг нь хүчин төгөлдөр захирамж гэж ойлгож байгаа. Зөвхөн веб хуудаст хуулбарлаж /скайнердаж/, тавьсантай холбоотой асуудал гараад байгаа юм.

            Гуравдагч этгээд С.З нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газраас томилсон шинжээчийн дүгнэлт дээр болно, болохгүй гэсэн харшилсан үг, өгүүлбэр байхгүй. Ерөнхийдөө нисэх буудлын захиргаатай зөвшилцөөд хяналтад нь үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн байна. Тиймээс нисэх буудлын даргатай зөвшилцөөд, эдний хяналтад үйл ажиллагаа явуулахад болохгүй зүйл байхгүй гэж бодож байна. Манай компани уг газрыг хууль ёсоор оролцоод, төсөл сонгон шалгаруулалтаар авсан. Тухайн жилийн газар төлөвлөлтөд орсон байсан газар. Хуулийн дагуу явж байгаа гэж бодож байгаа. Шинжээчийн гаргасан илэрсэн зөрчлийн тухайд нисэх буудалтай харилцан зөвшилцөөгүй гэж байсан. Цаашид зөвшилцөөд явах боломжтой гэж үзэж байна. Н б-ын захиргаатай зөвшилцөөд уг байгууллагын хяналт дор үйл ажиллагаагаа явуулахад татгалзах зүйл байхгүй. Шүүхэд ч энэ талаар бичгээр гаргаж өгсөн байгаа. Битүү зах байна, өндөр нь 8 метр байх бөгөөд  2 давхар, битүү барилга байна. Гадна талбай, авто зогсоол нь ертөнцийн зүгээр хойд талдаа байна. Цаашдаа тухайн байгууллагатай зөвшилцөөд зураг, төлөвлөгөө бүх зүйлээ танилцуулаад харилцан ойлголцох буюу уг байгууллага хяналтаа тавиад болох, болохгүй зүйлээ яриад явъя гэж бодож байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

     Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь Н б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжаар “А С” ХХК-д техникийн захын зориулалтаар олгогдсон 6000 м2 газар, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/235 дугаар захирамжаар “Ө  б” ХХК-д худалдааны төвийн зориулалтаар 18000 м2 газрыг олгосон захирамжуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болох аймгийн ******* 2019 оны 11 дүгээр сарын 08-ын өдрийн А/580 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/235 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

           Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь Н б 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 167 дугаар албан бичгээр “Ө б” ХХК олгогдсон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн дээрх шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсанаа бичгээр илэрхийлж хүсэлт ирүүлсэн тул 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 112/ШЗ2019/0183 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон.

           Иймд үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөх шаардлагатай байна.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно” гэж зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 112/ШЗ2019/0130 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжаар “А С” ХХК-д техникийн захын зориулалтаар олгогдсон /1.Х287748.83 Y5139483.07 урт99.98, 2.Х287780.22 Y5139578.02 урт59.99, 3.Х287837.19 Y5139559.18 урт99.98, 4.Х287805.80 Y5139464.24 урт59.99/ координат бүхий 6000 м2 газар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь н б-ын аэродром орчмын аюулгүй бүсийн эргэлтийн цэг, хамгаалалтын бүс тогтоосон хэсэгт хамаарч байгаа эсэх, дээрх координат бүхий газруудад газар олгосон байгаа нь аэродромд тавигдах шаардлага, аэродром орчмын газар ашиглалт, аюулгүйн бүсэд хамаарах, нислэгийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт, зохицуулалтын газрыг шинжээчээр томилосон.

           Иргэний нисэхийн ерөнхий газраас 2019 оны 10 дугаар сарын 04-ны 02/3355 дугаар албан бичгээр Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны хяналтын байцаагч Г.М-ын гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүргүүлсэн байна.

           2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 732/19 дүгээр Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Г.М-ын дүгнэлтийн;

         7. Шаардлага хэсэгт “А С” ХХК-д .... тавигдах шаардлагууд:

     1.Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 тоот захирамжаар “А С” ХХК-д техникийн захын зориулалтаар 6000 м2 газрыг ... баригдах барилга байгууламжийн зураг төслийн техникийн нөхцөлийг “А” нисэх буудал эсхүл тус нисэх буудлын харьяалах Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын удирдах газраас авах;

           2.“А С” ХХК болон ...барих барилга байгууламжийн өндрийг 8.8 м-ээр хязгаарлах. “Аэродромд тавигдах шаардлагууд”-ын дагуу барилгын ажил гүйцэтгэх краныг саадын тэмдэглэгээ, дарцаг, саадын гэрлээр тоноглох шаардлагатай;

          3.Барилгын тухай хуулийн 11.1.3, 14.1.4 дэх заалт, ИНД-139 дүрмийн 139.71 заалтын дагуу “А С” ХХК .... нь барилгын ажлыг гүйцэтгэх, барилга байгууламжийг ашиглах явцад шувуу үүрлэх болон цугларах бүхий л нөхцлийг арилгах, ил задгай хогийн цэг байрлуулахгүй, мод, бут тарихгүй байх шаардлагатай ба шувуу үүрлэх нүх сүвгүй байхаар барилгын зургийг гаргах;

            Говь-Алтай аймгийн захиргаа болон “А” нисэх буудалд тавигдах шаардлага:

           4.Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/457 дугаартай захирамжийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Есөнбулаг сумын ******* нар мөрдөж ажиллах шаардлагатай;

           5. “А С” ХХК ... олгогдсон газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, шувуу цугларах нөхцөл бүрдүүлж байгаа эсэхэд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, “А” нисэх буудал хяналт тавьж ажиллах шаардлагатай.

             8.Дүгнэлт хэсэгт:

          1. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 тоот захирамжаар “А С” ХХК-д ... газар эзэмшүүлэхдээ “А” нисэх буудал эсхүл тус нисэх буудлыг харьяалах Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын удирдах газартай зөвшилцөөгүй.

           2.Энэхүү дүгнэлтийн 7.1-7.5 дугаар шаардлагуудыг хэрэгжүүлсэн тохиолдолд Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09/1263 тоот албан бичгийн дагуу “А С” ХХК-д ... олгогдсон газрыг зориулалтын дагуу тусгай хяналт доор эхсүл “Алтай” нисэх буудалтай байгуулсан нисэхийн аюулгүй ажиллагааг хамтран хангах гэрээний үндсэн дээр ашиглах боломжтой.

           3. Говь-Алтай аймгийн ард иргэдэд үйлчлэх зориулалтаар байгуулагдсан “А” нисэх буудлын үйл ажиллагааг доголдуулж, агаарын хөлөг нислэг үйлдэх боломжийг тасалдуулахгүйн тулд нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, нисэх аэродромын аюулгүй буюу хамгаалагдсан бүсэд цаашид нэмж газар олгохыг таслан зогсоох шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байна.  

           Нисэх буудлуудын удирдах газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Г 2019 оны 06 дугаар сарын 2-5 өдрүүдэд Говь-Алтай аймаг дахь Алтай нисэх буудалд томилолтоор ажилласан тайлангийн дүгнэлт хэсэгт: “Холбоо, навигацийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулах аливаа үйл ажиллагааг хориглох, ойртолтын гэрлийн системтэй адил төстэй гэрэлтүүлгийг аэродромын бүсэд ашиглахгүй байх, Үзэгдэх орчныг хязгаарлах нөлөөлөл бүхий утаа гаргах аливаа үйл ажиллагааг хязгаарлах, ... шувуудын бөөгнөрөх, амьдрах нөхцөлийг хязгаарлах, агаарын хөлөг хөөрөлт бууралт үйлдэж байх үеийн осол сүйрлээс гарч болох эрсдэлийг багасгах, ...Алтай нисэх буудлын аэродром орчмын аюулгүйн бүсэд барилга байгууламж барих, газар олголт болон Худалдаа үйлчилгээний нэгдсэн төв барихаар төлөвлөсөн барилгын зураг, төслийг холбогдох дүрэм журамд нийцүүлэн ИНЕГ-тай хамтарч зөвшилцөж ажиллах” талаар тайланд тусгагдаж танилцсан Нисэх буудлын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар, тайлан бичсэн НБУГ-ын ҮҮХ-ийн дарга Б.Г гэсэн байна.

           Дээрх хавтаст хэргийн материалд авагдсан шинжээчийн дүгнэлт болон Говь-Алтай аймаг дахь А нисэх буудалд томилолтоор ажилласан ажлын  тайлан болон хэргийн оролцогч нарыг гаргасан тайлбараас үзэхэд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/513 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дах хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар “А С” ХХК-д техникийн захын зориулалтаар 6000 м2 газрыг олгосон байгаа нь Говь-Алтай аймаг дахь А нисэх буудлын эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн, агаарын хөлөг шувуу, мал, амьтантай мөргөлдөх эрсдлийг бий болгож нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг алдагдуулж байна гэж үзэх үндэслэлгүй байна.

   Өөрөөр хэлбэл Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны хяналтын байцаагчийн 732/19 дүгээр шинжээчийн дүгнэлтийн 7.1-7.5 дугаар шаардлагуудыг хэрэгжүүлж, А С” ХХК-д олгогдсон газрыг зориулалтын дагуу тусгай хяналт доор эхсүл “А” нисэх буудалтай байгуулсан нисэхийн аюулгүй ажиллагааг хамтран хангах гэрээний үндсэн дээр ашиглах боломжтой төдийгүй барилгын ажлыг гүйцэтгэх, барилга байгууламжийг ашиглах явцад шувуу үүрлэх болон цугларах бүхий л нөхцлийг арилгах, ил задгай хогийн цэг байрлуулахгүй, мод, бут тарихгүй байх, “А С” ХХК-д олгогдсон газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, шувуу цугларах нөхцөл бүрдүүлж байгаа эсэхэд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, “Алтай” нисэх буудал хяналт тавьж ажиллах боломжтой байна.

           Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2000 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/245 дугаар тушаалаар баталсан “Аэродромд тавигдах шаардлага”-ын 7.3.2.1-т “Аэродромын аюулгүй бүсийг зураг 7.3-1-д үзүүлсний адилаар А ба Б бүсэд хуваана.  А бүс нь аэродромын хяналтын цэг дээр төвтэй, 3 километрийн радиус бүхий дугуй хэлбэртэй талбай байна. Б бүсэд аэродромын хяналтын цэг дээр төвтэй, 10 километрийн радиус бүхий дугуй хэлбэртэй талбайгаас дотогш, А бүсээс гадагш байрлах талбай багтана” гэж заасан, 7.3.2.2-т “аэродромын аюулгүй бүсэд хүснэгт 7.3-1-ийн дагуу газар ашиглалтын асуудлыг хянаж, зохицуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гээд хүснэгт 7.3-1-т нисэх буудлын аюулгүй бүсийн газар ашиглалт хэсэгт газар ашиглалтад худалдааны төвүүдийг А ба Б бүсэд болох буюу зөвшөөрсөн харин хогийн цэгүүд болохгүй гэж тус тус хамааруулсан байгааг дурдах нь зүйтэй байна.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь Н б-ын нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/513 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь Н б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Э.ЗОЛБАДРАХ