Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0185

 

 

 

 

 

 

 

 

Б.Г нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.Г

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Г

Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын Газрын даамал

Гуравдагч этгээд: Д.О

Нэхэмжлэлийн шаардлага: Газар зохион байгуулалт хийлгэх хүсэлтийн дагуу авто зам болон хашаа, гэр, байшин баригдсан давхцалтай зөрчлийг арилгахгүй, төлбөл зохих газрын төлбөрийг тооцож нэхэмжлэх бичихээс татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, авто зам болон хашаа, гэр, байшин баригдсан давхцалтай зөрчлийг арилгаж, төлбөл зохих газрын төлбөрийг тогтоон нэхэмжлэх бичиж, газар зохион байгуулалт хийхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А

Хариуцагч Б.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 123/2022/0029/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Г оос Төв аймгийн Эрдэнэ сумын Газрын даамалд  холбогдуулан “Газар зохион байгуулалт хийлгэх хүсэлтийн дагуу авто зам болон хашаа, гэр, байшин баригдсан давхцалтай зөрчлийг арилгахгүй, төлбөл зохих газрын төлбөрийг тооцож нэхэмжлэх бичихээс татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, авто зам болон хашаа, гэр, байшин баригдсан давхцалтай зөрчлийг арилгаж, төлбөл зохих газрын төлбөрийг тогтоон нэхэмжлэх бичиж, газар зохион байгуулалт хийхийг даалгах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр: 

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.4.1, 23.4.2, 23.4.3, 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч иргэн Б.Г оос Төв аймгийн Эрдэнэ сумын газрын даамалд холбогдуулан гаргасан Газар зохион байгуулалт хийлгэх хүсэлтийн дагуу авто зам болон хашаа, гэр, байшин баригдсан давхцалтай зөрчлийг арилгахгүй, төлбөл зохих газрын төлбөрийг тооцож нэхэмжлэх бичихээс татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, авто зам болон хашаа, гэр, байшин баригдсан давхцалтай зөрчлийг арилгаж, төлбөл зохих газрын төлбөрийг тогтоон нэхэмжлэх бичиж, газар зохион байгуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Г  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, захиргааны үйл ажиллагаа шийдвэр нь зөвхөн хуульд нийцэж байх нөхцөлийг үндэслэл болгоогүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үнэлээгүй, холбогдох журам хэрэглэгдэхгүйгээр шийдвэрлэгдсэнд гомдолтой байна.

Гомдлын үндэслэлээ дараах нөхцөлөөр тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчээс Эрдэнэ сумын газрын даамлыг хариуцагчаар татаж, газар зохион байгуулалт хийлгэх хүсэлт гаргасан нөхцөл байдалд ажиллагаа хийхгүй байгаа эс үйлдэлтэй холбогдуулж, газар зохион байгуулалтын ажиллагаа хийхгүй байсантай холбогдуулж, шүүхэд хандсан. Авто замын болон хажуу хөршийн давхцалыг тогтоолгох зөрчлийг арилгуулах, газрыг эзэмших боломжийг олгохтой холбогдох арга хэмжээг авч өгөхийг, төлбөр төлөх боломжийг олгож өгөхийг хүссэн.

Шүүхийн ажиллагааны явцад давхцалуудыг тогтоох арга хэмжээ авагдсанаар нэхэмжлэгчийн газар төв авто замтай давхацсан болохыг мөн хажуу хөрш газар эзэмшигч нэхэмжлэгчийн газар дээр хашаа барилга, гэрүүд барьсан болохыг тогтоосон. Шүүхэд хандахаас өмнөх байдал нь газар зохион байгуулагчаас давхцал тогтоох ямар ч ажиллагаа хийхгүй гээд газрыг ашиглах боломжтой, төлбөрөө төлсөн тохиолдолд газар зохион байгуулалтын ажиллагаа хийх нөхцөл байдалтай байсан.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гол үндэслэлийг тайлбарлахдаа нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн дагуу давхцалыг тогтоолгох, зөрчлийг арилгуулахаар хандаж байгаагүй байна. Засаг даргын эрх хэмжээний асуудлыг газрын даамалд даалгах боломжгүй, газрын даамал, Засаг дарга хэн аль нь газар зохион байгуулалтыг ажиллагааг хийх үүрэгтэй ч авто замтай давхцалтай байгааг Засаг даргын эрх хэмжээний асуудал байна гэж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Газрын даамал нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д заасан ажлыг хариуцан гүйцэтгэх чиг үүрэгтэй. Газрын хэмжээг өөрчлөх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй албан тушаалтан нь тухайн сумын Засаг дарга байна" гэж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь хариуцагч газрын даамал дээрх хуульд заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, газар зохион байгуулалтын үүргийн хүрээнд газрын давхцалтай байгааг шалгаж тогтоохгүй, төлбөр төлөх боломжийг олгохгүй байгаагаас эхэлсэн.

Мөн нэхэмжлэгчээс газрын хэмжээг өөрчилж өгөхгүй байна, өөрчлүүлэхийг даалгах гэсэн шаардлага гаргаагүй учир шүүхийн энэхүү дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн дараагийн дүгнэлт нь "...автозамын давхцалыг арилган, газрын хэмжээнд өөрчлөлт оруулж газар зохион байгуулалт хийлгэх...” хариуцагчийн хууль бус үйлдэл байхгүй байна гэж шүүх үзлээ" гэсэн дүгнэлт нь хуульд нийцэхгүй байх ба газар эзэмшигчийн хүсэлтийг шийдэхгүй, зөрчлийг арилгах арга хэмжээ авахгүй, газрыг ашиглах боломжтой мэтээр тайлбарлаж байгаа нөхцөл байдалд  хуульд заасан ажиллагаагаа хийсэн гэж дүгнэж байгаад гомдолтой байна.

Засаг даргын газартай холбогдох үүргийг газрын даамал хэрэгжүүлж, зөрчилтэй нөхцөл байдлыг буюу давхцалтай байгаа эсэхийг шалгаж, хэмжиж хэр хэмжээгээр хэрхэн давхцаж байгааг тогтоож, газрын эргэлтийн цэгийг шилжүүлэх замаар газар зохион байгуулалт хийх боломжтой эсэх зэрэг ажиллагааг газрын даамал гүйцэтгэсний үндсэн дээр Засаг дарга шийдвэр гаргах хууль журмын зохицуулалтай байхад газрын даамал биш шууд Засаг дарга газар зохион байгуулалт хийх эрх хэмжээтэй гэсэн шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн газар эзэмшигчийн зүгээс газрын даамалд газар зохион байгуулалт хийж өгөхийг хусч хандахаас өмнө Захиргааны байгууллага ямар нэг шийдвэр гараагүй байсан бөгөөд өмнө нь газрыг эзэмшээгүй, төлбөр төлөөгүй байсан нь хүсэлтийнх нь дагуу газар зохион байгуулалт хийхгүй байх, газрын давхцалыг арилгахтай холбогдох арга хэмжээ авахгүй байх эрхийг хуулиар захиргааны байгууллагад олгоогүй.

Газар эзэмшигчийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй буруутай учраас захиргааны үйлдэл, эс үйлдлийг зөвтгөж, хууль ёсны гэж дүгнэж байгаа нь буруу боллоо.

 Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолтой холбогдох зохион байгуулалтын журмын дагуу газар зохион байгуулалтыг хийж зөрчлийг илрүүлэх, тогтоох, арилгах арга замыг зохицуулах, цахим санд холбогдох мэдээлэл оруулах гэх мэт ажиллагаануудыг газрын даамал гүйцэтгэсний үндсэн дээр нэхэмжлэгч Засаг даргаар захирамж гаргуулах гэхээс өмнө газрын даамлаар газар зохион байгуулалтын ажиллагааг хийлгэхийг хүссэн.

Шүүх энэ газар нь эхнээсээ давхцалтай олгосон эсэхэд дүгнэлт хийсэнгүй. Газрын төлбөр төлөх боломжийг зөвхөн газрын даамал иргэдийн хурлын тогтоолоор өөрчлөгдсөн төлбөрийг Засгийн газрын 110 дугаар тогтоолд заасны дагуу тооцож тодорхойлж, төлбөрийн нэхэмжлэхийг цахим санд байршуулснаар нэхэмжлэгч төлбөр төлөх боломж бүрдэх учир нэхэмжлэлийн шаардлагаараа энэхүү боломжийг олгохыг хүссэн.

Шүүхийн шийдвэрээс үзэхэд газар эзэмшигч үүргээ биелүүлээгүй нөхцөлд газрын төлбөр төлөх боломжийг олгохгүй гэсэн газрын даамлын тайлбар бүхий нөхцөл байдалд хууль бус үйлдэл байхгүй байна гэснийг давж заалдах журмаар хянуулах хүсэлтэй байна.

Нэхэмжлэгчээс газраа эзэмших боломжийг олгож өгөхийг, төлбөр төлөх боломжийг олгохыг, газрын даамал хуульд заасны дагуу хүсэлт гомдлыг шийдвэрлэхгүй, хүсэлтийн дагуу ажиллагаа хийхгүй байгаа эс үйлдлийг хууль ёсны байна гэж, нэхэмжлэгч нь ийнхүү шаардлага гаргах эрхгүй гэж шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн хууль бус үйлдэлд дүгнэлт өгч тогтоож, газар эзэмшигчийн эрхийг газраа эзэмших боломжийг хүссэн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Газрын тухай хуулийн 23 дүгээр зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон Сумын газрын даамал нь:

23.4.1.сум, -ийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах,

23.4.2.Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох,

 23.4.3.эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх,

23.4.4.газрын мэдээллийн санг эрхлэх,

23.4.5.газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах,

23.4.6.газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх эрх хэмжээтэй.

Гэтэл нэхэмжлэгч Б.Г  нь Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 268 дугаар захирамжаар иргэн С.Э тус сумын 1 дүгээр багийн нутаг, Баян давааны ард байрлах аялал жуулчлалын зориулалтай, нэгж талбарын 18691299746738 дугаартай 3.0 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн эзэмшүүлснээс хойш 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Газрын даамал, газар зохион байгуулагчид, мөн оны 3 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Засаг даргад тус тус хандах хүртэл 14 орчим жилийн хугацаанд тухайн газрыг огт ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй, бусдаас тусгаарлаж ямар ч тэмдэг, тэмдэглэгээ хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогджээ.

2.Нэхэмжлэгчид анх эзэмшүүлсэн газрын зарим хэсэг зүүн бүс рүү явдаг төв автозамтай болон бусдад эзэмшүүлсэн газартай тус тус хэсэгчлэн давхцалтай талаар, уг давхцалыг арилгуулж, газрын хэмжээнд өөрчлөлт оруулах талаар, газрын төлбөрийг ямар хэмжээгээр, хэрхэн төлөх талаар 14 жилийн хугацаанд нэг ч удаа хариуцагч газрын даамалд хандаж байгаагүйгээс гадна эзэмшүүлсэн газрын хэмжээнд өөрчлөлт оруулах байдлаар газрын давхцалыг арилгах эрх хэмжээг Газрын тухай хуулиар зөвхөн тухайн шатны Засаг даргад олгосон болохыг шүүхийн шийдвэрт хангалттай дүгнэсэн, өөрөөр хэлбэл газрын даамал нь эзэмшүүлсэн газрын хэмжээг өөрчлөн газрын давхцалыг арилгах асуудлыг Засаг даргын захирамжгүйгээр шийдвэрлэх эрхгүй.

Учир нь “сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах” газрын даамлын эрх энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй, өөрөөр хэлбэл хариуцагчаас Засаг даргын захирамжийг үндэслэн нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын хэмжээгээр дээр дурдсан хуулийн дагуу гэрээ байгуулах, гэрчилгээ олгох, газрын заагийг тэмдэгжүүлэх, кадастрын зураг үйлдэх, улсын бүртгэлд бүртгэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээс бус одоогийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсончлон газрын давхцалыг арилгах, эзэмшүүлсэн газрын хэмжээг өөрчлөх, улмаар газрын төлбөрийн дүнг тогтоох боломжгүй.  

3.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т зааснаар “…иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулах” эрхийг зөвхөн сумын Засаг даргад олгосон.

Иймд “…сумын газрын даамлын эрх хэмжээнээс хэтэрсэн асуудлыг түүнд даалгах шийдвэр гаргахгүй, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байхгүй…” гэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн хувьд үндэслэлтэй байна.

Бодит байдалд нэхэмжлэгч нь газар эзэмшүүлснээс хойш газрын төлбөр төлөөгүй, газраа зохих ёсоор ашиглаагүй, бусдаас тусгаарлаж тэмдэг, тэмдэглэгээ хийгээгүй, мөн анх эзэмшүүлсэн газар нь авто замтай хэсэгчлэн давхцалтай талаар сумын Засаг даргад хандаж байгаагүй тул Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 07/516 дугаар албан бичгээр “…газрын төлбөр төлөөгүй, зориулалтын дагуу ашиглаагүй…” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зорилгоор сонсох ажиллагаа явуулж байгааг ч буруутгах үндэслэлгүй.

4.Газар зохион байгуулалт хийх гэдэг нь эзэмшүүлсэн газрын хувьд бус харин тухайн жилд бусдад эзэмшүүлэх, ашиглуулах газрын тухайд хийгдэх ажиллагаа болно.

5.Түүнчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргийг газар эзэмшигчид хүлээлгэсэн, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-т заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасан.

Гэтэл давж заалдах гомдолд “…газрын даамал төлбөр төлөх боломжийг олгохгүй байгаа…” мэтээр хуулиар хүлээсэн үүргээ олон жилийн турш биелүүлээгүй шалтгаанаа хариуцагчаас хамаарсан агуулгаар тайлбарлаж буй нь үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Г давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.    

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

       ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                             ШҮҮГЧ                                                                  Н.ХОНИНХҮҮ

 

                             ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН