| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2021/0076/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/79 |
| Огноо | 2021-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/79
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
Хэлмэрч М.М,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П,
Хохирогч А.П-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,
Шүүгдэгч С.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.т овогт С-ын Б-д холбогдох 2113000000053 дугаартай эрүүгийн хэргийг хаалттайгаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1997 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, гагнуурч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг буюу Цагааннуур тосгонд оршин суух хаягтай, ам бүл-3, аав, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Т.т овогт С-ын Б-, регистрийн дугаар БМ........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б- нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөрийнхөө гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч А.П-ад хүчээр архи уулгаж, нуруу гэдсээр өшиглөж, үснээс зулгааж, нүүр лүү нь шанаадаж, хувцасыг нь ураад архины шилээр толгой руу нь цохиж зодоод гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч С.Б- мэдүүлэхдээ: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.
2. Хохирогч А.П- мэдүүлэхдээ: “...Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоорондоо эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхийг зөвшөөрч байна” гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000000053 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.Хохирогч А.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 06-07, 12-р х/,
2. Гэрч Н.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-17-рх/,
3. Гэрч М.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-рх/,
4. Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 21-р х/,
5. Гэрч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-рх/,
6. Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-рх/,
7. Насанд хүрээгүй гэрч Б.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-рх/,
8. Гэрч С.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 32-33-рх/,
9. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 149 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36-рх/,
10. Шүүх сэтгэц гэм судлалын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаартай магадалгаа, холбогдох баримт /хх-ийн 40-41, 45-49-рх/,
11. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-рх/,
12. Шүүгдэгч С.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 70-71-рх/ зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч С.Б-ий хувийн байдлын талаар:
1. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 95 дугаартай “С- овогтой Б- /БМ......./ нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна.” гэх албан бичиг /хх-ийн 96/,
2. 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр олгосон “РД:БМ......., овог:Т.т, эцэг /эх/-ийн нэр:С-, нэр:Б-, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Ногооннуур, төрсөн огноо:1997/04/10, хаяг:Баян-Өлгий, Ногооннуур, 9-р баг, Цагааннуур, хүчинтэй хугацаа:2022/04/10, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 89-рх/,
3. Шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 82-рх/,
4. Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 84-86/,
5. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай “БМ....... регистрийн дугаартай С- овогтой Б-ий эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй газар байхгүй байна.” гэх албан бичиг /хх-ийн 98/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Б-ий холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд,
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Б- нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөрийнхөө гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч А.П-ад хүчээр архи уулгаж, нуруу гэдсээр өшиглөж, үснээс зулгааж, нүүр лүү нь шанаадаж, хувцасыг нь ураад архины шилээр толгой руу нь цохиж зодоод гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.Б- гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний өмгөөлөгч С.Тилеубердээс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч С.Б- нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөрийнхөө гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч А.П-ад хүчээр архи уулгаж, нуруу гэдсээр өшиглөж, үснээс зулгааж, нүүр лүү нь шанаадаж, хувцасыг нь ураад архины шилээр толгой руу нь цохиж зодоод гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч А.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие 2020 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод С.Б-тэй анх танилцсан. Түүнээс хойш хамтран амьдарч байгаа, гэр бүл болоогүй, гэр бүлийн баталгаа аваагүй. С.Б-тэй хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг, Цагааннуур тосгонд аавынх нь байшинд хамт амьдарч байсан юм. 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэрээс гараад толгойгоо угааж байсан чинь “чи хаашаа явах гээд яараад байгаа юм бэ” гээд С.Б- миний хажууд хүрээд ирсэн. Ирсний дараа дүүгийнхээ шилжүүлсэн мөнгөөр бид хоёр дэлгүүр ороод нэг шил 0.5 литрийн “Хараа” архи авч С.Б- бид хоёр хувааж уусан. Архи уухгүй гэсэн чинь наадахаа уу гээд хүчээр тулган шаардаж уулгасан. Тэр үед би гарч 00 ороод хажуу талд байшин нурааж байсан М.Х- руу гар утсаараа “цагдаа дуудаад өг, гуйж байна, ална гэж байна, авраач” гэж мессэж бичсэн. Тэгээд 00-оос гараад ирсэн чинь С.Б- чи хүнд намайг зодсон гэж хэлсэн үү гэж дарамтлаад миний нуруу хэсгээр өшиглөөд, үснээс зулгаагаад, газарт чирч нүүр лүү шанаадаж алгадаад, нүүр ам руу нус цэрээ нулимаад, намайг чирээд дотуур хувцасыг ураад хаясан. Тэгээд босч зугтаагаад гэр лүү ороод унтлагын өрөө рүү орж хувцсаа солиод гараад ирэхэд М.Х- ахыг дарамталж байгаад шар айраг авхуулаад надад бас хүчээр уулгасан. М.Х- руу бас шахаад уу, уу гээд байхаар нь М.Х- ах шар айргийг газар асгаж байсан. С.Б- газарт байсан архины шилээр миний толгой руу нэг удаа хүчээр цохиод авсан. Улмаар шүүгээн дотор байсан сүхийг хүчээр гаргаж ирээд чамайг ална гээд над руу дайрахаар нь М.Х- С.Б-ийг тэврээд дараад авсан. Намайг гараад зугт гэхээр нь би гэрээс гараад зугтаагаад яваад өгсөн. ...Ер нь С.Б- намайг байнга зоддог, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өлгийд ээжийн гэрт байхад согтуугаар зодсон. 2021 оны 02 дугаар сарын 20-ны үеэр мөн архи уугаагүй, эрүүл ухаантай байхдаа намайг хоолойгоор боож багалзуурдсан. Би бараг ухаан алдаад босоод ирсэн. Үүнээс хэд хоногийн өмнө намайг газаар шатаана гээд дайрахаар нь газын хошууг би эвдэлж орхисон чинь газыг нээгээд миний ам, хамар луу хүчээр газ шахаад байсан. 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр намайг багалзуурдаад цохиод, шанаадаад, нус цэрээ миний нүүр, толгой руу нулимаад байсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 06-07, 12-рх/,
2. Гэрч Н.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Цагааннуур тосгонд байдаг охин А.П-тай ярих гэтэл утас нь холбогдохгүй байсан. Санаа зовоод М.Х- руу 05-ны өдөр 12 цагийн үед утсаар залгасан. М.Х- таны охиныг мэдээд эргээд холбогдъё гээд дахин яриагүй. Орой 20-21 цагийн үед М.Х- залгаад таны охиныг С.Б- зодчихлоо, толгой нь хагарчихлаа, цус алдаж байна, та ирээд авахгүй бол болохоо байлаа гэсэн. Тэгээд би Цагааннуурын цагдаад мэдэгдээд 30 минутын дараа М.Х- руу дахин утастаж миний охинд эзэн болоорой, цагдаад хэлчихсэн байгаа гэсэн чинь М.Х- нь би С.Б-ний дарамтнаас айгаад байна, дараа нь надад гай болно гээд байсан. Охин маань ирсний дараа хартал толгой нь зулгаагдаж үс нь унасан байдалтай, толгой нь хагарсан, баруун нүд хөхөрч хавдсан гэмтэлтэй, 2 гар, 2 өвдөг болон бүх биеэрээ хөхрөлттэй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-рх/,
3. Гэрч М.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...өдөр 14 цаг 30 минутын үед С.Б-ий эхнэр А.П- миний утас руу “...ахаа намайг авраач, ахаа намайг ална гэж байна, цагдаа дуудаач, гуйж байна.” гэсэн утгатай мессэж бичсэн. Над руу дахин дахин залгаад байхаар нь би утсаа аваагүй. Би гэрийн гаднаас С.Б-ий гэрийг чиглээд харсан чинь гэрийнхээ гадаа С.Б- нь эхнэр А.П-ыг араас нь хөөж өшиглөөд гараараа цохиод байсныг харсан. А.П- намайг харангуутаа зугтаагаад миний хажууд гүйгээд хүрээд ирсэн. Ирээд А.П- ээж рүү залгаад өг гэсэн, түүний гарт байсан утсыг нь С.Б- булаагаад авсан. Тэгснээ надад шар айраг авч өг, шар тайлаад өг гээд архи нь гараагүй халамцуу байдалтай намайг дарамталсан. Би айсандаа дэлгүүрээс очиж зээлээр шар айраг авчирч өгсөн. Шар айрагнаас надад өгөхөөр нь би газарт асгасан. Улмаар А.П-ад хийж өгөөд уу, уу гээд хүчээр тулгаж уулгасан. Улмаар С.Б- хэвтэрт байгаа аавыгаа босгож ирээд хүчээр 2-3 хундага архи уулгатал аав нь хэвтээд өгсөн. С.Б- нь А.П-ад хүчээр тулгаж, хүзүүнээс нь дарж байгаад хундгаар 2-3 удаа уулгасан. Тэгснээ С.Б- хувцасаа тайлаад та нарыг ална гээд миний цээж рүү түлхээд газарт байсан “Хараа” нэртэй архины шилийг А.П- руу шидэхэд толгойнд оносон. А.П-ын толгойноос цус гарсан. А.П- руу дахин дайрахаар нь би С.Б-ийг тэврээд салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-рх/,
4. Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр тосгоны эмнэлэгт ээлжийн ажилтай байхад шөнийн 00 цагийн орчимд олон нийтийн цагдаа М.А- иргэн А.П-ыг нөхөртөө зодуулсан гээд эмнэлэгт авч ирсэн. Эмчийн заалтын дагуу би А.П-ын толгойн орой хэсэгт 2 см орчим зүсэгдсэн шархтай байсан тул толгойнд боолт хийж өгсөн. Баруун хацар хөхөрч хавдсан, баруун талын алганы гадна хэсгээр хөхөрсөн байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-рх/,
5. Гэрч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 00 цагийн орчимд Цагааннуур тосгоны олон нийтийн цагдаа М.А- над руу залгаад эмнэлэгт хүн авч ирлээ, нөхөртөө зодуулсан байна гэснээр эмнэлэгт очиход А.П- гэх эмэгтэй байсан ба А.П-аас асуухад толгой өвдөнө, баруун хацар хавдсан гэсэн тул эмчийн үзлэг хийсэн. А.П-ын өөрөөс нь архи маш ихээр үнэртэж байсан, өөрийгөө хянах чадвартай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-рх/,
6. Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Цагааннуур тосгонд А.П- нөхөртэй зодуулсан дуудлагын дагуу С.Б-ий гэрт 23 цагийн орчимд очиход С.Б- согтуу унтаж байсан. Аав нь Баймурат бас унтаж байсан, өөр хүн байгаагүй. Тэгээд А.П-ыг хайгаад олоогүй. Улмаар М.Х-гийн гэрт очоод сууж байхад А.П-ыг М.Х- дагуулаад ороод ирсэн. Хартал А.П-, М.Х- хоёр хоёулаа согтуу байсан. Тухайн үед А.П-ын нүүр ам нь цус болчихсон, хацар нь хавдчихсан байсан учраас А.П-ыг дагуулаад тосгоны эмнэлэгт авчирсан. Их эмч Т.Б-ыг дуудаад А.П-ыг үзүүлсэн. Сувилагч М.А- А.П-ын толгойны шархыг цэвэрлэж өгсөн. Тэгээд би А.П-ыг дагуулж гараад хувийн машинаар аймгийн төв рүү гэрт нь хүргэж өгөөд буцаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-рх/,
7. Насанд хүрээгүй гэрч Б.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Ер нь тэр хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан бөгөөд заримдаа хоорондоо таарамжгүй хэрэлддэг байсан. 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байсан байх намайг аймгийн төвд байх хугацаанд С.Б- ах А.П-ыг зодсон байсан. Чухам юунаас болсныг мэдэхгүй. С.Б- ах надад ямар нэгэн бичлэг, зураг хадгалуулж байгаагүй. Надад А.П- эгчтэй холбоотой ямар нэгэн бичлэг хадгалуулж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-рх/,
8. Гэрч С.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 1 дүгээр сарын сүүлчээр аймгийн Өлгий сумын төвд оршин суудаг Н.Г- гэгч миний утас руу залгаж миний охин болох А.П-ыг хамтран амьдрагч С.Б- гэгч зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна” гэх дуудлага өгсөн. Уг дуудлагын дагуу Цагааннуур тосгонд байрлах иргэн С.Б-ий гэрт очиход иргэн С.Б-, А.П- нар гэртээ архи ууж нэлээд согтуу сууж байсан. Би А.П-аас юу болсон талаар асуухад “ямар нэгэн асуудал болоогүй, намайг С.Б- зодсон асуудал байхгүй” гэж хариулсан. Тэгээд А.П-ыг ээж нь болох Н.Г- руу утсаар яриулахад А.П- нь “би гэртээ очихгүй, би зүгээр байна, С.Б-тэй хамт баймаар байна” гэсэн утгатай зүйл хэлж байсан. Тухайн үед иргэн А.П-ын биед ил харагдах шарх, сорви байгаагүй. Мөн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өлгий сумын төвд оршин суудаг Н.Г- гэгч миний утас руу залгаж “миний охин А.П-ыг хамтран амьдрагч С.Б- гэгч зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна” гэж дахиад дуудлага өгсөн. Дуудлагын дагуу Цагааннуур тосгоны төвд байрлах иргэн С.Б-ий гэрт очиход С.Б-, А.П-, Баймурат, Б.Б- нар гэртээ зүв зүгээр байсан. Би А.П-ад “Н.Г- гэгчээс гаргасан гомдлын дагуу явж байна, таныг С.Б- зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудал байна уу” гэж асуухад, А.П- нь “би зүгээр байна, тийм асуудал болоогүй” гэж хэлсэн. Тэгээд би Н.Г- руу залгаж, А.П-ыг яриулахад А.П- нь “та надтай ярихгүй байж яагаад цагдаа дуудсан бэ, та намайг гэрээс өөрөө хөөгөөд явуулсан биз дээ” гэсэн утгатай зүйл ярьж байсан. Тэгээд А.П- нь ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй, би зүгээр байна гомдол гаргахгүй гэж хэлсэн юм. Мөн 2021 оны 4 дүгээр сарын эхээр Н.Г- гэгчээс дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-рх/,
9. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 149 дугаартай “Иргэн А.П-ын биед тархины доргилттой, баруун нүдний салстад цус хуралттай, дээд ба доод зовхи хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, уруулын баруун талд, баруун хацар, нүүрний баруун талыг хамаарсан хөх ягаан туяатай цус хуралттай, зулайны хуйхан хэсгийн баруун дунд хэсэгт шархтай, хавдартай, цус гарсан, хүзүү хоолойны урд хэсэгт бүхэлдээ улаан хүрэн өнгийн тархмал улаан хүрэн өнгөтэй цус хуралттай, зүүн нүдний гадга ирмэгт хөх ягаан цус хуралттай, дээд уруулаар дотор талаар хэгзэрсэн шархтай, баруун, зүүн гарын алганы дээд гадаргууд хөх ягаан туяатай цус хуралттай, ар нурууны баруун 11,12 дугаар хавирганы харалдаа, зүүн талын 10,11 дүгээр хавирганы харалдаа хөх ягаан туяатай цус хуралттай, баруун өвдгөнд, зүүн өвдгөнд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн гарын шуунд хэмжээтэй, баруун гарын шуунд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. Иргэн А.П-ын дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36-рх/,
10. Шүүх сэтгэц гэм судлалын 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаартай: “...Иргэн А.П- нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл. А.П- нь болсон үйл явдлыг зөв тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. А.П- нь өөрийн харсан, сонссон зүйлийг зөв ойлгож тусгах, бусдад үнэн зөвөөр илэрхийлэх чадвартай. А.П- нь чих, хамар, хоолойн эмчийн байнгын хяналтанд байдаг бөгөөд Н-90.3 оношоор хөдөлмөр чадвар алдалтыг олон жилийн өмнө тогтоолгосон байна” гэх магадалгаа, холбогдох баримт /хх-ийн 40-41, 45-49-рх/,
11. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-рх/,
12. Шүүгдэгч С.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө 10 цагийн үед Цагааннуур тосгонд байдаг өөрийн гэрээс хамтран амьдрагч А.П- бид хоёр гараад дэлгүүр орж “хараа” нэртэй 0.5 литрийн 1 шил архи авч өөрийн хашаан дотор А.П- бид хоёр хувааж уугаад дуусаж байхад хөрш айлын зээ ах болох М.Х- дэлгүүрээс 2 литрийн “Сэрүүн” нэртэй шар айраг авхуулж бид гурав хувааж уугаад дуусахад А.П- нь ах руугаа залгаж, 10.000 төгрөг шилжүүлж авсан. Тэгээд А.П- бид хоёр дахиж дэлгүүр ороод “Хараа” нэртэй 0.5 литрийн 1 шил архи авч манай хашаан дотор суугаад М.Х-, А.П- бид гурав хувааж уусан. Дараа нь би өөрөө ганцаараа яваад дэлгүүрээс нэг шил “Хараа” нэртэй 0.5 литрийн архи авчирч, уг архийг М.Х-, А.П-, аав болох Баймурат бид хэд хувааж ууж байхад аав болох Баймурат нь согтож унтаад өгсөн. Тэрээр бид хэд сууж байхад А.П- нь намайг “чи муу архичин” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд А.П-ад чи ч гэсэн архичин биз дээ гээд бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан. Тэгж байтал би А.П-ын нүүр лүү нэг удаа гараараа цохиод авсан чинь А.П- над руу дайрсан. Тэр үед бидний хажууд байсан М.Х- нь А.П- бид хоёрыг салгаж аваад сууж байхад А.П- нь намайг хэл амаар доромжилж хэрэлдээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд “Хараа” гэх архины шилээр А.П-ын толгой руу нэг удаа цохиод авахад А.П-ын толгойноос цус гараад гэрээсээ гараад яваад өгсөн бөгөөд нөгөө архины шил хагарч газар унасан. Ингээд А.П-ын хойноос М.Х- гараад явахаар би дэлгүүр орж дахиж нэг шил архи авчирч гэртээ ирж уугаад согтоод унтсан байсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-рх/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба С.Б- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжид хамаарч байна.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.
Шүүгдэгч С.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.
Шүүгдэгч С.Б- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч С.Б-ий үйлдлийн улмаас хохирогч А.П-ын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 149 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан буюу “Тархины доргилттой, баруун нүдний салстад цус хуралттай, дээд ба доод зовхи хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, уруулын баруун талд, баруун хацар, нүүрний баруун талыг хамаарсан хөх ягаан туяатай цус хуралттай, зулайны хуйхан хэсгийн баруун дунд хэсэгт шархтай, хавдартай, цус гарсан, хүзүү хоолойны урд хэсэгт бүхэлдээ улаан хүрэн өнгийн тархмал улаан хүрэн өнгөтэй цус хуралттай, зүүн нүдний гадга ирмэгт хөх ягаан цус хуралттай, дээд уруулаар дотор талаар хэгзэрсэн шархтай, баруун, зүүн гарын алганы дээд гадаргууд хөх ягаан туяатай цус хуралттай, ар нурууны баруун 11,12 дугаар хавирганы харалдаа, зүүн талын 10,11 дүгээр хавирганы харалдаа хөх ягаан туяатай цус хуралттай, баруун өвдгөнд, зүүн өвдгөнд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн гарын шуунд хэмжээтэй, баруун гарын шуунд хөх ягаан туяатай цус хуралт” бүхий гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул шүүгдэгч С.Б-ий хохирогч А.П-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Иймд прокуророос шүүгдэгч С.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокуророос дэмжиж санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хүсэлтийг шүүхээс хүлээн авч, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч А.П-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч А.П-ад учирсан 165.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч С.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеубердээс улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг дэмжиж байна гэж мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Б-ий үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.Б- нь урьд ял шийтгүүлж байсан болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
Долоо. Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Б- нь цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч С.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.т овогт С-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б- нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК