Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2017/00224

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 9 өдөр

       Дугаар 151/ШШ2017/00224

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баян-Өнжүүл сум, 2 дугаар баг, Цээл багт оршин суух Бадрах овогт Ичинхоролын Дармааваанчиг /НГ56090176/,

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 сарын 3-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун , нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Дармааваанчиг нь 1956 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн. Бага, дунд сургууль төгсөөд мал аж ахуйн үйлдвэрлэл дээр гарч, өвөө эмээгээ даган 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэл 1991 онд хувьчлагдан, тарснаас шалтгаалан И.Дармааваанчигийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон учир шүүхэд хандах болсон. Иймд И.Дармааваанчигийг 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд малчнаар ажиллаж байсан 11 жил 10 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч И.Дармааваанчиг нь тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаагийн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            И.Дармааваанчиг нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

 

1.Төв аймгийн Их хайрхан нэгдлийн даргын 1981 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаартай ажилд томилох тухай тушаалд “....мал аж ахуйн бригадуудын малчдыг 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 хавсралтаар баталсугай...” гэх бичилт,

2.Нэгдлийн даргын 1981 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тушаалын хавсралт, /Бүрд бригадын малчдын хийж буй ажлын жагсаалтанд/ “...142.И.Дармааваанчиг үхэрчин...” гэх бичилт,

3.Төв аймаг Хайрхан нэгдлийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд “....хуучин нэгдэлд ажиллаж байсан малчин ажилчдыг үүрэгт ажлаас нь 1 дүгээр сарын 15-наас чөлөөлсүгэй...” гэх бичилт,

 4.Төв аймаг, Баян-Өнжүүл сумын Цээл багийн малчин И.Дармааваанчигийн 1976-1989 оныг хүртэлх цалингийн тодорхойлолт,

5.Бараат бригадын нэгдлийн зөвлөлийн гишүүд 1977 он “...48.Ичинхорол..” гэх бичилт,

6.Бараат бригад 1978 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “...47.Сономын Ичинхорол..” гэх бичилт,

7.Сансар хэсгийн нэгдлийн зөвлөлийн гишүүд 1989 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “...26.Б.Ваанчиг..” гэх бичилт,

8.№0203087-44 тоот гэрчилгээнд “1956 оны 9 дүгээр сарын 01-нд төрсөн Бадрах овогт Шуурайгийн Дармааваанчигийг Бадрах овогт Ичинхоролын Дармааваанчиг  гэж өөрчилснийг 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өөрчилсний бүртгэлийн 44-рт бүртгэж гэрчилгээ олгов.” гэх бичилт,

9.Гэрч Ё.Санжаа: И.Дармааваанчиг нь 1976 оноос эхлэн 1989 оныг дуустал Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн Цээл бригадад малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Хайрхан нэгдлийн архив шатсанаас И.Дармааваанчигийн хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдэж алга болсон тул шүүхэд хандах болсон. Би 1970 оноос эхлэн 1992 оныг хүртэл Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн Цээл бригадад малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,

 -гэрч Р.Батмөнх: И.Дармааваанчиг нь цэргээс халагдаж ирээд 1976 оноос эхлэн 1989 оныг дуустал Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн Цээл бригадад малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Хайрхан нэгдэл 1992 онд хувьчлагдаад тарсан юм. Би 1973 оноос эхлэн 1990 оныг хүртэл Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. 1990 оноос эхлэн 2006 оныг хүртэл Төв аймгийн Баян-Өнжүүл сумын засаг даргаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

 

            И.Дармааваанчигийн хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн бөгөөд түүний анх ажилд орсон  тушаал   архивт   болон  өөрт  хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүний Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн Цээл бригадад малчнаар тасралтгүй ажиллаж байсан үеийн  зарим тушаалууд,түүний хавсралтууд, гэрч нарт хууль сануулж асуусан мэдүүлэг тэдний  хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд нь хамт нэг дор ажиллаж байсан болохыг нотолсон байх тул ач  холбогдолтой  нотлох  баримт гэж  дүгнэв.  Түүнчлэн   хүсэлт гаргагчийн  Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн ажилчдын хөдөлмөрийн хөлсний    70  дугаар дансны хуулбараас 14 хуудас ирүүлсэн  /хх 7-20/ байх бөгөөд  дансны  хуулгыг  үндэслэн цалингийн тодорхойлолтыг архивын эрхлэгч түүвэрлэн гаргасныг  нотлох баримтаар ирүүлжээ.

 

           Иймд дээрх нотлох баримтыг хуульд зааснаар өөрийн дотоод итгэлээр үнэлж анх малчнаар ажилд орсон, гарсан он сар өдрийг гэж тооцож Бадрах овогт Ичинхоролын Дармааваанчиг нь 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бадрах овогт Ичинхоролын Дармааваанчиг /НГ56090176/ нь Төв аймаг, Баян-Өнжүүл сум, Их хайрхан нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл  малчнаар  ажиллаж байсныг тогтоосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Дармааваанчигийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОЮУНЦЭЦЭГ