Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/53

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий  шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

орчуулагч, хэлмэрч Б.А,

улсын яллагч Х.Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К-,

шүүгдэгч Д.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.т.к овогт Д-н Т-д холбогдох 2113000220036 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, Шеруши Төлек кадр овогт Д-н Т-, 2002 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумд төрсөн, 18 нас, 11 сартай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын ***дүгээр баг, Б-д оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: БГ..........,

Шүүгдэгч Д.Т-йн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т- нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагийн үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зөөлөнгийн ам” гэх газраас хохирогч Т.А-гийн 2 тооны сэрх ямааг хулгайлж, **** БӨА улсын дугаартай “Тоyоta Рruis” маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж тээвэрлэн, 200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Д.Т- мэдүүлэхдээ: “Энэ удаад санамсаргүй гэмт хэрэгт холбогдсон. Өмнө нь аккумлятор хулгайлж зөрчил үйлдэж байсан маань үнэн. Үүнээс цааш тийм муу зүйл хийхгүй. Хорих ял оногдуулахгүйгээр өөр төрлийн арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашиг олох санаа байгаагүй. Дахиж шүүхийн өмнө ирэх юм бол ямар нэгэн гомдол байхгүй. Энэ удаад харж үзэхийг хүсэж байна.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000220036 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.Хохирогч Т.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 28, 32-33/,

2. Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38/,

3. Гэрч Т.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 41/

4. Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг/хх-ийн 44-45/,

5. Гэрч Л.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 51/,

6. Гэрч Ш.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 53/,

7. Шүүгдэгч Д.Т-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 82-84/,

8. Мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3-4/,

9. Шүүгдэгч Д.Т-йн хулгайлж нядалсан гэх ямааны мах, арьсыг аймгийн төв рүү зөөвөрлөж хүргэсэн гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17-20/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Т-йн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Т- нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагийн үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зөөлөнгийн ам” гэх газраас хохирогч Т.А-гийн 2 тооны сэрх ямааг хулгайлж, **** БӨА улсын дугаартай “Тоyоta Рruis” маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж тээвэрлэн, 200000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Т-ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй. Гэхдээ машин механизм ашиглаж хулгай хийгээгүй, уг хулгайн үйлдэл төгссөнийхөө дараа найзынхаа машинд ачиж Өлгийд хүргэсэн. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү хэмээн мэтгэлцсэн болно.

1.1. Шүүгдэгч Д.Т- нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагийн үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зөөлөнгийн ам” гэх газраас хохирогч Т.А-гийн 2 тооны сэрх ямааг хулгайлж, 200000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.Хохирогч Т.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 80 тооны бог малтай ба 20 хонь бусад нь ямаа, 20 тооны хонио хамаатны ахад нийлүүлчихсэн байгаа. Одоо 60 тооны ямаагаа өөртөө байлгаж Бугат сумын 1 дүгээр баг “Зөөлөнгийн ам” гэх газарт байнга хариулдаг. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би аймаг руу ажлаар явахад хүү хэдэн ямааг хариулгагүй явуулж, тэр өдөр 2 ямаагаа алдсан. Хайгаад олоогүй, өөрсдөө хариулгагүй бэлчээрт явуулсан болохоор цагдаад ирж бүртгүүлээгүй, алдагдсан 2 хоёр ямаа нь нас гүйцсэн хоёулаа хар зүсмийн ямаа байсан. ... Д.Т- бид хоёр хамаатан хүмүүс. Одоо хөгшин эмээ болон хөгжлийн бэрхшээлтэй ахын хамт амьдарч байгаа. Би өөрөө түүнийг маш их өрөвдөж байна. Мөн Д.Т- нь өөрийн буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч надаас ирж уучлалт гуйсан. Би түүнийг уучилсан. Одоо миний зүгээс Д.Т-д холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 32-33/,

2. Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Д.Т-йн хоёр шуудай мах болон арьсыг өөрийн нэр дээр бүртгэлтэй байсан ******БӨА улсын дугаартай “Тоyоta Рruis” маркийн тээврийн хэрэгслээр хүргэж өгсөн. Аав маань 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өвчний улмаас нас барсан ба би ээж дүү нарын хамт амьдардаг болохоор 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн нэр дээр уг тээврийн хэрэгслийг худалдаж авсан байсан. Тэгээд хичээлээс гадуур үед буюу завтай үедээ тухайн тээврийн хэрэгслээр таксинд явж хэдэн төгрөг олдог байсан. Дараа нь мөнгөний хэрэгцээ гарсан тул 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Л.А- гэх хүнд 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянган/ төгрөгөөр худалдсан юм. Одоо уг тээврийн хэрэгсэл Л.А- гэх хүний эзэмшилд байгаа. ... Эхний өдөр хөдөөнөөс авч ирсэн ба очиж ирэхэд 20-иод км газарт яваад ирсэн болохоор 25,000 төгрөгөөр тохирч явсан. Харин маргааш нь Бугат сумын төвөөс аймгийн төвд хүргэж өгөхөд 5,000 төгрөг авсан. Би Д.Т-ээс нийтдээ 30,000 төгрөг авсан. ... Би тэр үед уг мах болон арьс нь хулгайн мал гэдгийг мэдээгүй. Тухайн үед би Д.Т- хөлсөлж авахаар нь явсан ба гэрт нь очиж авсан болохоор ямар нэгэн муу юм бодоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

3. Гэрч Т.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 12 дугаар эхэнд байсан байх шөнийн 00-01 цагийн үед манай гэрт Д-н Т- ирсэн бид оронд орсон байсан. Хаалга цохихоор нь хаалга онгойлгож өгөөд гэртээ оруулсан хүүхдүүдэд цай чанаж өг гэж хэлээд цай чануулж өгсөн. Би орноосоо босоогүй байсан ба Д.Т- нь надад хандан нэг удаа туслаарай машин янзлах гээд 2 ямаа гаргачихсан байгаа хөдөөнөөс мотоциклоор авчраад өгчих гэсэн. Тэр үед би чи малаа зун зарчихсан чамд ямар ч мал байхгүй, наадах чинь хулгайн мал байх, би очихгүй гэж хэлсэн юм. Д.Т- нь цайгаа уучихаад гарч явах гэж байснаа та нар намайг хараагүй, би та нарыг хараагүй шүү гэж хэлээд гэрээс гарч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41/

4. Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие өөрөө аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагч ажилтай бөгөөд миний нөхөр С- нь 2000 оноос эхлэн малын мах болон түүхий эд цуглуулдаг ченж хүн байгаа юм. Миний бие гэрт байсан үед нөхөртэй туслах зорилгоор мах, түүхий эд цуглуулж авдаг нь үнэн. ... Би тухайн өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 2020 оны 11 дүгээр сарын сүүл, 12 дугаар сарын эхэнд байсан байх гэж бодож байна. Нөхөр маань хөдөө явсан байсан ба нэг үл таних дугаараас над руу залгаж мах болон арьс өгмөөр байна гэхээр нь гэрийн хаягыг хэлсэн үед жижиг тээврийн хэрэгслээр нэг залуу хоёр шуудайд хийсэн ямааны арьс болон махыг үдээс хойш 14 цагийн үед авч ирж өгсөн. ... Бид нар бүх ченж нараас мах болон арьс шийр худалдаж авдаг болохоор тэр болгон гарал үүслийн гэрчилгээг шалгаж авдаггүй. Тэр өдөр надад мах болон арьс авч ирсэн залуугаас ч ямар нэгэн гарал үүслийн гэрчилгээ асуугаагүй. Тухайн үеийн үнэ ханшаар худалдаж аваад, мөнгийг нь бэлэн өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

5. Гэрч Л.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие машин авах гээд зар мэдээ үзээд сууж байх үед Бугат сумын нэг хүн машин зарна гэдгийг олж хараад тэр хүнтэй уулзаад машиныг нь үзсэний дараа 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан. Тэр үед мөнгө төгрөгийг нь бэлэн өгсөн тул надад машин зарсан залуу тэр доор нь миний нэрэн дээр буулгаж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 51/,

6. Гэрч Ш.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Т- нь эмээ болон хөгжлийн бэрхшээлтэй нэг ахын хамт Бугат сумын 4 дүгээр багт мал маллаж амьдардаг. Өөрт нь тийм мал хөрөнгө байхгүй. Манай багийн нэн ядуу айл өрхүүдийн нэг. Эмээ нь 76 настай, хөгжлийн бэрхшээлтэй ах нь 33 настай, оюуны хомсдолтой. Тэр айлд ганцхан ажил хийдэг залуу нь Д.Т- байгаа юм. Өвөл нэг удаа зөрчилд холбогдож баривчлах шийтгэл хүлээж байсан. Тэрнээс өмнө ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Төлөв даруу зантай залуу байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 53/,

7. Шүүгдэгч Д.Т-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний бие 2020 оны 09 дүгээр сард нэг хүнээс хуучин портер маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан байсан. Тэгээд уг портерын дугуй нь элэгдэж хуучирсан байх тул шинээр дугуй авч тавих гэхэд мөнгө төгрөг байхгүй байхаар нь бусдын малыг хулгайлж худалдах санаа төрсөн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байсан байх өдрийн 16 цагийн үед Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зөөлөнгийн ам” гэх газарт очиход тухайн газарт эзэнгүй бэлчиж байсан 50-иад тооны ямааг хараад тухайн ямаанууд дотроос хоёр ямааг барьж авч, голын эргийн бургасан дотор оруулж нядлаад мах болон арьсыг нь хоёр шуудайнд хийж өөрийн хотонд авч ирж нуусан. Уг ямааны мах болон арьсыг нь сум руу хүргэж худалдах гээд машин хайж явж байгаад арван жилийн найз болох С.А-ийн гэрт очиж гэрээсээ мах авч ирэхэд таксинд явж өгөх талаар ярихад тэр надаас юуны мах гэж асуухад би түүнд өөрийн ухна өвдсөнөөс болж нядалсан гэж худлаа хэлж дагуулж аваад сумын төвд байдаг Ө- гэх ченжид худалдах гэсэн боловч тэр хүн үхсэн мал авахгүй гэхээр нь тухайн хоёр шуудай мах болон арьсыг тэр айлд үлдээгээд өөрөө яваад өгсөн. Маргааш өдөр нь буцаж очиж С.А-ийн машинаар уг мах болон арьсыг аваад аймгийн төвд байдаг Б.С- гэх ченжид 150,0000 төгрөгөөр худалдсан юм. Би тухайн үед амар хялбар аргаар мөнгө олох гээд бусдын хоёр тооны ямааг хулгайлж нядалсандаа гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 82-84/,

8. Мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3-4/,

9. Шүүгдэгч Д.Т-йн хулгайлж нядалсан гэх ямааны мах, арьсыг аймгийн төв рүү зөөвөрлөж хүргэсэн гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17-20/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Т- нь хохирогч Т.А-гийн  200000 төгрөгийн үнэлгээ бүхий, 2 тооны ямааг хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Мал хулгайлах гэмт хэргийн объектив шинж нь бусдын өмчлөх эрх байдаг бөгөөд иргэний өмчлөх эрхийг хуулиар хамгаалдаг. Тухайлбал: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, Тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Д.Т- нь хохирогч Т.А-гийн дээрх хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний 2 тооны ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Б.С-т 150.000 төгрөгөөр худалдан борлуулж захиран зарцуулсан байх ба түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүгдэгч Д.Т- нь хохирогч Т.А-гийн 2 тооны малыг бэлчээрээс нь хулгайлж, голын эргийн бургасан дотор оруулж нядалж, бусдын өмчийг хууль бусаар өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар хувьдаа ашиг олж мөнгөтэй болох шунахайн сэдэлт нөлөөлсөн байх ба Д.Т- нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн байх тул түүнийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1  дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлж, мөн хэсгийн тайлбарт “олон тооны мал” гэж найман бог, түүнээс дээш малыг ойлгохоор тайлбарласан байна. Мөн мал хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашигласан” гэх гэмт хэргийн шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.

Шүүгдэгч Д.Т-йн хувьд 2 тооны сэрх ямааг хулгайлсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд заасан “олон тооны мал” гэдэгт хамаарахгүй байна.

Прокуророос шүүгдэгч Д.Т-йг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагийн үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зөөлөнгийн ам” гэх газраас хохирогч Т.А-гийн 2 тооны сэрх ямааг хулгайлахдаа учрах саадыг арилгах, уг үйлдлээ хурдан шуурхай гүйцэлдүүлэхийн тулд **** БӨА улсын дугаартай “Тоyоta Рruis” маркийн тээврийн хэрэгслийг ашигласан гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Машин механизмыг хэрэглэсэн гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй.

Шүүгдэгч Д.Т- нь энэхүү тээврийн хэрэгслээ хулгайлах гэмт үйлдлээ хэрэгжүүлж дууссаны дараа буюу хулгайлах гэмт хэрэг төгссөнөөс хойш ашигласан тул хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Т- нь “Зөөлөнгийн ам” гэх газраас хохирогч Т.А-гийн 2 тооны сэрх ямааг хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа уг автомашинаар зөөж тээвэрлэсэн бөгөөд ямааг хулгайлахдаа уг тээврийн хэрэгслийг ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул автомашиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэх үндэслэлгүй.

Иймд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч Д.Т-йн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.А-д 200000 төгрөгийн бодит хохирол учирсан ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Т- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Т-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас олсон орлого болох 150.000 төгрөгийг түүнд оногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлого болгох санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Д.Т- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн. Урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Шүүгдэгч энэ гэмт хэргийг үйлдэх үед 18 нас 11 сартай байсан. Нэгэнт 21 нас хүрээгүй тул өсвөр насны нэгэн адил үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна гэж мэтгэлцсэн болно.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Т-йн энэ гэмт хэргийн улмаас олсон орлого болох 150000 төгрөгийг түүнд оногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлого болгох дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Д.Т- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзэж дахиж түүний хувьд ногдох хөрөнгөнөөс гаргуулах хууль зүйн хувьд боломжгүй болно.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Д.Т- урд нь иргэн Т.А-ийн эзэмшлийн “Портер” загварын тээврийн хэрэгслийн 100 амперын “Делкор” нэртэй аккумляторыг хулгайлж, тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын  05-ны өдрийн 08 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж байсан байна.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Т-йн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Д.Т- урьд ял шийтгүүлж байгаагүй нь эрүүгийн хавтаст хэргийн /86/ дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Т- нь уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулав.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Д.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Т-д шүүх хорих ял шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох иргэн Л.А-ын эзэмшлийн **** БӨА улсын дугаартай,  “Тоyоta Рruis” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн иргэн Л.А-ын тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 3, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ш.т.к овогт Д-н Т-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д 8 (найм) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д оногдуулсан 8 (найм) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох иргэн Л.А-ын эзэмшлийн **** БӨА улсын дугаартай, “Тоyоta Рruis” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн иргэн Л.А-ын тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК