Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00239

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 14 өдөр                                   Дугаар 151/ШШ2017/00239                                                                  Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                          

 Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би,

 Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Мандал худалдаа, 1 гудамж, 8 тоотод оршин суух Боржигон овогт Пунцагийн Оюунбат /НБ67013100, утас: 89880080/-ын нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Мандал суварга, 8 гудамж, 45 тоотод оршин суух Боржигон овогт Дашцэрэнгийн Баасанбаяр /НБ82080605, утас: 88715157, 89863182/-т холбогдох,

 дутагдуулсан барааны төлбөр 4.699.710 /дөрвөн сая зургаан зуун ерэн есөн мянга долоон зуун арван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч П.Оюунбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Жулиа” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан Д.Баасанбаяр нь 2015 оны 02 дугаар сард 2.043.715 төгрөгийн өр дутагдал гаргаад хүлээн зөвшөөрч төлж барагдуулсаар 1.129.300 төгрөг үлдсэн. Энэхүү үлдэгдэл өрийг төлүүлэхийн тулд миний бие сургуулийн хажууд талхны цехийг 2016 оны 01 сараас сарын 400.000 төгрөгөөр түрээслэн Д.Баасанбаяр, Ч.Ариунжаргал нарыг ажлын байраар ханган ажиллуулж байгаа. Гэвч Д.Баасанбаяр нь хэрэглээгээ хэтрүүлэн дахин өр гаргасаар 2016 оны 01 сарын 15-наас 6 сарын 15-ны хооронд 2.461.510 төгрөгийн өр дутагдал гаргаад нийт 359.078 төгрөг болсныг өөрөө хүлээн зөвшөөрсөн боловч 2016 оны 8 дугаар сарын 22-ноос хойш нэг ч төгрөг хасуулаагүй. Д.Баасанбаярын өр дутагдалынх нь хэмжээ их болсон учир цаашид цалин ахиуг нь бодож тус хүнсний дэлгүүрт худалдагчаар авч ажиллуулахад 2016 оны 12 сарын 5-наас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 1.208.930 төгрөгийн дутагдал гаргаад нийт 4.699.710 төгрөг болсон. Иймд дутагдуулсан барааны төлбөр 4.699.710 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

  

  Хариуцагч Д.Баасанбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн Д.Баасанбаяр миний бие иргэн П.Оюунбатын нэхэмжилсэн 4.799.710 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 233.300 төгрөгийг цуглуулан хасуулаад одоо 4.566.410 төгрөгийг өөрийн нөхөр Хүрэлбаатарын хамт талхны цехэд ажиллаж цалингаасаа сард тогтмол 300.000 төгрөгөөр төлж барагдуулж байх болно. Төлөх хуваарь 2017 оны 3 сараас эхлэн 2017 оны 12 сарыг дуустал сар бүр 300.000 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч П.Оюунбат нь иргэн Д.Баасанбаярт холбогдуулан дутагдуулсан барааны төлбөр 4.699.710 /дөрвөн сая зургаан зуун ерэн есөн мянга долоон зуун арван/ төгрөг гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Баасанбаяр нь нэхэмжлэлийн шаардлага 4.699.710 төгрөгөөс 233.300 төгрөгийг төлсөн ба үлдэх 4.566.410 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч П.Оюунбат нь тайлбарыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90.145 төгрөгийн 50 хувь болох 45 073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 45 073 төгрөг, хариуцагч Д.Баасанбаяраас 45 073  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Оюунбатад олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч П.Оюунбатын нэхэмжилсэн 4.699.710 төгрөгийг хариуцагч Д.Баасанбаяр нь 2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90.145 төгрөгийн 50 хувь болох 45 073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 45 073 төгрөг, хариуцагч Д.Баасанбаяраас 45 073 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Оюунбатад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг Д.Баасанбаяр сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

       ШҮҮГЧ                                          Л.ОЮУНЦЭЦЭГ