Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/58 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч Б.А,

улсын яллагч, хяналтын прокурор М.П,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

шүүгдэгч Х.Х- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б овогт Х-ын Х-д холбогдох 2113000000051 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1999 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн С суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Ө сумын** дүгээр багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, уХ мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэгдэж байгаагүй, Ш.Б овогт Х-ын Х-, регистрийн дугаар БИ............,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Х- нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ж.А-ы Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт “Д” дэлгүүрт орж үйлчлүүлээд гарч явахдаа гээгдүүлсэн “Хуавей Ү7 Плус” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж, бусдад 320.000 /гурван зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000000051 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Шүүгдэгч Х.Х-йн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-10-рх/,

2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-рх/,

3. Мобиком корпорац ХХК-ны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4/828 дугаартай албан бичиг болон баталгаат засварын хуудас /хх-ийн 15-16-рх/,

4. Гар утсанд үзлэг хийсэн болон хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20-рх/,

5. Хохирогч Ж.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-рх/,

6. Насанд хүрээгүй гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, /хх-ийн 34-35-рх/,

7. Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, /хх-ийн 41-рх/

8. “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн БӨА-21- 52 дугаартай: “Хуавей Ү7 Плус” маркийн гар утас 2021 оны 01 дүгээр сарын байдлаар 320.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /хх-ийн 43-47-рх/,

9. Шүүгдэгч Х.Х-йн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 57-58-рх/,

10. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон “РД:БИ............, овог:Ш- балта, эцэг /эх/-ийн нэр:Х, нэр:Х, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Сагсай, төрсөн огноо:1999/02/07, хаяг:Баян-Өлгий, Өлгий, **-р баг, Х, ** гудамж, ** тоот, хүчинтэй хугацаа:2024/02/07” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62,63/,

11. Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл /хх-ийн 64/,

12. Шүүгдэгч Х.Х-йн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 65/,

13. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1/20 дугаартай “Өлгий сумын 1 дүгээр багийн оршин суугч Х овогтой Х нь БИ............ тоот регистрийн дугаартай, ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, гэрлээгүй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй,  өөрийн гэсэн мал, эд хөрөнгөгүй, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй.” гэх тодорхойлолт /хх-ийн 61/,

14. Шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 59/  болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Х-йн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Х- нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ж.А-ы тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Д” дэлгүүрт орж үйлчлүүлээд гарч явахдаа гээгдүүлсэн “Хуавей Ү7 Плус” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж, бусдад 320.000 /гурван зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.Х-ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцсэн болно.

1.1. Шүүгдэгч Х.Х- нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ж.А-ы Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Д” дэлгүүрт орж үйлчлүүлээд гарч явахдаа гээгдүүлсэн “Хуавей Ү7 Плус” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж, бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Шүүгдэгч Х.Х-йн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-10-рх/,

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-рх/,

- Мобиком корпорац ХХК-ны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4/828 дугаартай албан бичиг болон баталгаат засварын хуудас /хх-ийн 15-16-рх/,

- Гар утсанд үзлэг хийсэн болон хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20-рх/,

- Хохирогч Ж.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай сургуулийн багш нар цахим хурал зохион явагдана гэхээр нь сургуульдаа ирээд буцаад гэрт очсон. Тэгээд дэлгүүрээс юм авах гээд орой 19 цагийн үед гэрээсээ гараад гэрийн доод талд байдаг “Д” нэртэй дэлгүүрт ирээд юмнуудаа авсны дараа буцаад гэрт алхаж орсон. Гэрт очсоны дараа утсаа хайгаад байхгүй байхаар нь хүүхдүүдийн гар утсаар хоёр удаа залгасан боловч хариу өгөөгүй байсан ба нэг их удаагүй унтарсан байсан. Тэгээд өөрөө явсан замаараа хайсан боловч уг гар утсыг олоогүй. ...Би Цагдаагийн газарт ирж гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, миний гар утсыг олж авсан хүн ямар нэгэн зүйлийг эвдэж гэмтээгээгүй байсан. Надад ямар нэгэн хохирол учраагүй тул ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-рх/,

- Насанд хүрээгүй гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би ****** утасны дугаарыг одоогоос 3-4 жилийн өмнө байсан санагдаж байна Мобиком ХХК-ны Баян-Өлгий аймаг дахь салбараас өөрийн нэр дээр авч одоог хүртэл ашиглаж байна. Би 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн ах Х.Х-йн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Домбор”-ын уулзварын тэнд байрлах Х- гэх хүний авто засварын тэндээс олж авсан “Хуавей” маркийн гар утсанд хийж, сим картаа гаргаж авсан. Одоо уг “Хуавей” маркийн гар утас нь миний төрсөн ах Х.Х-д байгаа ба тэр дугаараа хийж ашиглаж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-рх/,

- Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний бие 2019 оноос эхлэн “С.Х” ХХК-ны Баян-Өлгий аймаг дахь салбарын зээлийн мэргэжилтнээр ажиллаж байгаа. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Х овогтой Х гэх залуу өөрийн бичиг баримтыг үндэслэн “Хуавей Ү7” маркийн гар утсыг 100.000 төгрөгөөр барьцаанд тавьж, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагт зээлж авсан мөнгөө бүрэн төлж гаргаж авсан байна. Х.Х- нь уг гар утсыг өөрийн гар утас гэж авч ирж барьцаанд тавьсан ба тэр үед түүний иргэний үнэмлэхийг үндэслэн авсан болохоор өөрийн гар утас гэж ойлгосон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 41-рх/,

- “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн БӨА-**** дугаартай: “Хуавей Ү7 Плус” маркийн гар утас 2021 оны 01 дүгээр сарын байдлаар 320.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /хх- ийн 43-47-рх/,

- Шүүгдэгч Х.Х-йн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие ах Б Өлгий сумын 6 дугаар багт байрлах “Д” гэх авто засварын газарт машинаа засуулж байсан ба засвар дууссан эсэхийг мэдэх гээд гэрээсээ гараад Домбортой хөшөөний гурван замын уулзвараас онгоцны буудал руу явах хар зам дагуу байрласан айлуудын урдуур доошилж ирж байхад Х- гэх хүний засварын газрын доод талд ирсэн үед нэг гар утас дуугарч байсан ба дөхөж ирэхэд газарт нэг гар утас байсан. Би уг гар утсыг авах үед дуудлага нь таслагдсан. Тэгээд би ямар нэг юм бодож санахгүйгээр уг гар утсыг халаасандаа хийж аваад засварын газарт очсон. Хэд хоногийн дараа уг гар утсыг “Т” захын урд байдаг “Х” ломбардад аваачиж 100.000 төгрөгт барьцаанд тавьсан ба 12 хоногийн дараа буцаагаад авсан. Дараа нь уг гар утсанд өөрийн дүү болох Х.А-ын сим картыг хийж үзэхэд ажиллаж байсан болохоор би өөрийн сим картыг хийж 10 хоног ашигласны дараа цагдаагийн газраас миний дүүг дуудаж байна гэхээр нь хамт ирэхэд миний олж авсан гар утасны талаар асуусан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Шүүгдэгч Х.Х-йн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас Ж.А-ы гээгдүүлсэн “Хуавей Ү7 Плус” маркийн гар утсыг олж аваад, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 320.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид гар утсыг нь биет байдлаар буцааж өгсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Х-йг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй

3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүхээс шүүгдэгч Х.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Х-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Х.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Х.Х- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч Х.Х-йн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500000 төгрөгтэй тэнцэх юм. Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

4. Бусад асуудлаар:

Уг гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Шүүгдэгч Х.Х-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:        

  1. Шүүгдэгч Ш.Б овогт Х-ын Х-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-йг 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х- нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК