Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00033

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00033

Төв аймаг

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт, 9 байр, 27 тоотод оршин суух Боржгин овогт Мөнхжаргалын Болормаа /ЙЭ83051708, утас: 88108048/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, Баруун зуунмод, 8в гудамж, 8 тоотод оршин суух Мандахбаяр овогт Бямбадоржийн Энхманлай /НЛ84072860, утас: 99933753, 80848005/-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 540 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч М.Болормаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Энхманлайд 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлдүүлсэн юм. Иргэн Б.Энхманлай нь анх надаас зээл авахдаа би 8-н нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг болохоор дэлгүүртээ бараа таваар татах зориулалтаар 1.000.000 төгрөг зээлэх хэрэг байна гэж хэлээд зээл авч байсан. Тухайн үед зээл авахдаа бичгээр гэрээ байгуулсан төдийгүй, тэрээр өөрийн гараар мөнгө хүсэх тухай өргөдөл бичин өгч гэрчээр Р.Оюунгэрэлийг хамт байлцуулж байсан баримтыг шүүхэд гарган өгч байна. Бид хоорондоо анх тохиролцохдоо энэхүү асуудлыг гэрээний дагуу хэн хэнийхээ хүсэл сонирхол, эрх ашгийг хүндэтгэх үүднээс үл маргах журмаар төлөхөөр ярилцсан боловч Б.Энхманлай нь хэлсэн үгэндээ хүрэхгүй өдийг хүрсэн учир арга буюу өөрийн эрхийг хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. ...Иймд нэхэмжлэгч М.Болормаа миний аргагүй нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэж хариуцагч Б.Энхманлайгаас нэхэмжилсэн зээлийн үндсэн төлбөр 1.000.000 төгрөгийн үлдэгдэл 540.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Энхманлай шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 1.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй М.Болормаагаас зээлж авахаар болж 1.000.000 төгрөгөөс нэг сарынхаа хүүг тооцож суутгаад надад 900.000 төгрөгийг өгсөн. Би мөнгө зээлж авснаасаа хойш буюу 2015 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүр хааяа хожимдуулдаг байсан ч гэсэн сар бүр төлөх ёстой хүү болох 100.000 төгрөгийг төлсөөр зээлж авсан мөнгөнийхөө хүүнд нь 1.830.000 төгрөг, үндсэн зээл болох 1.000.000 төгрөг нийтдээ 2.830.000 төгрөгийг М.Болормаад төлчихсөн байгаа. Нэхэмжлэгч М.Болормаа нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 380 000 төгрөг болгосон ба бид хугацаа тохирохгүйгээр эвлэрсэн. Би 380 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

            Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Болормаа нь Б.Энхманлайгаас 540 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Зохигчдын хооронд 1 000 000  төгрөгийг бэлнээр 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 10 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан байна.

      

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад нэхэмжлэгч М.Болормаа нь нэхэмжлэлийн шаардлага багасгаж 380 000 төгрөгийг хариуцагч Б.Энхманлайгаас нэхэмжилснийг зөвшөөрч хугацаа тохирохгүйгээр төлж барагдуулахаар талууд эвлэрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 650 төгрөгийг төрийн  сангийн  оролгод  хэвээр    үлдээж, “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 9325 төгрөгийг,  хариуцагч Б.Энхманлайгаас 9325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Болормаад олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Болормаагийн нэхэмжилсэн 540 000 төгрөгийг хариуцагч Б.Энхманлай төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 650 төгрөгийг төрийн  сангийн  оролгод  хэвээр    үлдээж, “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 9325 төгрөгийг,  хариуцагч Б.Энхманлайгаас 9325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Болормаад олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

     ШҮҮГЧ                                  Л.ОЮУНЦЭЦЭГ