Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/64

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  М.П,

Шүүгдэгч Е.А- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.х овогт Е-ний А-т холбогдох 2113000800058 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ж.х овогт Е-ний А-, регистрийн дугаар БВ...........

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Е.А- нь 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах өөрийн амьдарч буй байшингийн хашаан дотор хохирогч Б.А-ийг хашаанд шээлээ гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Е.А- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

 

Хоёр: Эрүүгийн 2113000800058 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 06-07, 11-14-рх/,

2. Гэрч Е.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16-рх/,

3. Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-рх/,

4. Гэрч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх- ийн 22-рх/,

5. Гэрч Т.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-рх/,

6. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 147 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-31-рх/,

7. Шүүгдэгч Е.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 52-54-рх/,

8. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-69-рх/,

9. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 214 дугаартай “...БВ.......... регистрийн дугаартай Е- овогтой А-ийн эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй газар байхгүй байна.” гэх албан бичиг /хх-ийн 71-рх/,

10.  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Е- овогтой А- нь БВ.......... тоот регистрийн дугаартай, урд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, төлөв даруу зантай иргэн.” гэх тодорхойлолт /хх-ийн 56-рх/,

11. Шүүгдэгч Е.А-ийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59-рх/,

12. 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр олгосон “РД:БВ.........., овог:Ж.х-, эцэг /эх/-ийн нэр:Е-, нэр:А-, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1989/02/24, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 4-р баг, Их булан, 40 гудамж, 3 тоот, хүчинтэй хугацаа:2034/02/24, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60-рх/,

13. Шүүгдэгч Е.А-ийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 61-рх/,

14. Шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 62-рх/,

15. Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 97 дугаартай “Е- овогтой А- /БВ........../-ийн нэр дээр 59-79 БӨТ улсын дугаартай, Тоyota Vista маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.” гэх албан бичиг /хх-ийн 73-74-рх/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав

 

Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Е.А-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд

 

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Е.А- нь 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах өөрийн одоо амьдарч буй байшингийн хашаан дотор хохирогч Б.А-ийг хашаанд шээсэн гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Е.А-ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцсэн болно.

1.1. Шүүгдэгч Е.А- нь 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах өөрийн амьдарч буй байшингийн хашааны дотор хохирогч Б.А-ийг хашаанд шээлээ гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний бие 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өлгий сумын 2 дугаар багт байрлах гэртээ найз Е.Т-ын хамт ажил хийж дуусгаад 16 цаг өнгөрч байх үед өөрийн портер маркийн 09-45 БӨҮ улсын дугаартай машинаараа таксинд гарахаар болж Өлгий сумын 13 дугаар багт байрлах малын захын хажууд байрладаг түлээ, мод зардаг газарт очиход тэнд олон портер байхаар нь би буцаж малын захын хажууд ирж тамхи татаж бие засаад зогсож байхад нэг эрэгтэй хүн над руу чиглэж ирж байсан. Тэрээр ирээд миний машины кундакторт байсан түлхүүрийг аваад дараа нь над руу ирж намайг учиргүй гараараа цээж рүү нэг удаа цохиход би түүний гарыг барьж авсан. Тэрээр намайг заамдаж аваад толгойгоороо миний ам руу нэг удаа мөргөхөд миний амнаас цус гарахаар нь би доошоо харан зогсож, түүний яагаад зодож байгаа юм бэ болиоч гэж хэлэхэд тэрээр намайг гараараа дахин толгойн зүүн хэсэгт нэг удаа цохисон. Нийт 60.000 төгрөгийн зардал гарсан. Е.А- надаас уучлалт гуйж, учирсан хохирлыг барагдуулж өгсөн. Бид хоёрын хооронд төлбөрийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Надад өөр гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07, 11-14-рх/,

- Гэрч Е.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Найз Б.А- бид хоёр 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 16 цаг өнгөрч байх үед Б.А-ийн гэрээс түүний портер машинаар такси хийхээр Өлгий сумын 13 дугаар багт байрлах малын захын хажууд түлээ, мод зардаг хэсэгт очиход тэнд портер машин их байхаар нь бид хоёр тамхи татахаар болж цаана байрлах урд хэсэг нь задгай хашаанд орж хашааны дотор тамхи татаж байгаад Б.А- хашаан дотор шээсэн. Тэгж байх үед нэг эрэгтэй хүн ирээд Б.А-ийн машины түлхүүрийг машины кундактороос татаж аваад Б.А- рүү очиж түүнийг хамар руу нь гараараа нэг удаа цохиж, дараа нь толгойгоороо ам руу нь мөргөсөн. Энэ үед би очиж түүнд яагаад хүн зодож байгаа юм бэ, та учир байдлаа хэлбэл бид ойлгоно шүү дээ гэхэд тэрээр намайг хамар руу нэг удаа гараараа цохисон. Уг залуугийн араас нэг залуу ирсэн бөгөөд уг залуу түүнийг болиулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-рх/,

- Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тухайн үед Е.А- бид хоёр өдөржингөө тэдний гэрт хамт байсан ба гэрээс гараагүй. Тэгэхэд орой 17-18 цагийн үед байх Е.А- бид хоёр гэртээ хоол идээд сууж байсан ба хашаан дотор нэг машин ирж зогсох шиг болсон. Е.А- гэрийнхээ цонхоор харахад танихгүй хоёр залуу машинаас буугаад хашаан дотор бие засаж зогсож байсан гэсэн ба та нар яаж байгаа юм бэ, наад хашаанд битгий бие засаа гэж хэлэхэд тэр хоёр залуу огт дуугараагүй. Тэгэхэд Е.А- гутлаа өмсөж гадаа гарсан ба би түүний араас нэг удахгүй гарсан. Тэр үед Е.А- нь нэг намхан нуруутай залууг заамдаж авсан зогсож байсан ба би очиж салгаж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-рх/,

- Гэрч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай хувийн шүдний эмнэлэгт ирж шүдний зургаа авхуулсан. Тухайн үед тэрээр дээд эрүүний 1 шүд нь суларсан гэж ирсэн ба зургийг нь авхуулах үед дээд эрүүний 1 шүд нь суларсан байсан. Рентген зураг авхуулахад 20.000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг /хх- ийн 22-рх/,

- Гэрч Т.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний бие 2021 оны 04 дүгээр сарын эхээр Б.А- бусдад зодуулж тархи нь доргисон гэж ирээд толгойгоо бариулж байсан. Тархи доргилттой хүмүүсийн толгойг нэг удаа барихад 10.000 төгрөг авдаг бөгөөд Б.А- нь надад 4 удаа ирж толгойгоо бариулж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-рх/,

- Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 147 дугаартай: “...иргэн Б.А-ийн биед тархины доргилттой, хамрын нуруугаар хавантай, баруун нүдээр, дээд уруулаар дотор салстад цус хуралттай, сэтэрсэн шархтай, дээд эрүүний баруун үүдэн 1 шүд 4 дүгээр зэргийн суларсан, буйл цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Иргэн Б.А-ийн дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд болно. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх- ийн 28-31-рх/,

- Шүүгдэгч Е.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 16-17 цагийн орчимд гэртээ сууж байх үед манай хашаанд хашааны задгай хэсгээр хөх өнгийн портер машин орж ирээд дотроос нь 2 залуу бууж ирээд хашаа дотор тамхи татаж байгаад тэдний нэг нь Б.А- гэх залуу хашааны дотор хашаа руу харан шээсэн. Би цонхоор тэднийг хараад цонхны салхивчийг онгойлгож тэдэнд яагаад хашаанд орж ирээд шээж байгаа юм бэ гэж орилоход тэд тоогоогүй. Тэгэхээр нь би гэрээс гарч тэдэнд очоод машиных нь түлхүүрийн кундоктороос нь аваад дараа нь Б.А-ийг гараараа цээжнээс нь түлхэж барьж авч, өөр рүүгээ татаж байгаад толгойгоороо ам руу нь нэг удаа мөргөхөд түүний амнаас цус гарсан. Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулж өгч, түүнээс уучлалт гуйж хоорондоо учраа олж эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 Шүүгдэгч Е.А- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний хамран тус газарт толгойгоороо мөргөж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг  санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Е.А-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.А-ийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Е.А-ийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.     

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.А-ийн “...учирсан хохирлоо бүрэн төлүүлж авсан, надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болно” гэх баримтаар /хх-ийн 84/ шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Мөн түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Худакелдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Е.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Е.А- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Е.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Е.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Е.А- нь урьд ял шийтгүүлж байсан болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-69/ зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Е.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 550 нэгж нь 550000 төгрөгтэй тэнцэх юм. Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

 

4.Бусад асуудлаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Е.А- нь цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Е.А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.х овогт Е-ний А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар         шүүгдэгч Е.А-ийг 550 “таван зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун  тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Е.А- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Е.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          А.ДАУРЕНБЕК