Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/132 

 

БӨ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч А.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т, А.С-,

Шүүгдэгч Х.Х- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овогт Х-ы Х-т холбогдох эрүүгийн 18******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1961 оны 01 сарын 17-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Б аймгийнБ сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч ажилтай, Б аймгийн Б сумын Засаг даргаар ажиллаж байсан, Б аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суух хаягтай, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, У овогт Х-ы Х-, регистрийн дугаар БЭ............

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч X.Х нь Б аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар 15-ны өдрийн А/153 дугаар захирамжаар өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Б суманд хуваарилсан 2 сая төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 03 дугаар 27-ны өдөр А/33 дугаар захирамж гарган өөрийн эхнэр Ж.Б-ын нэр дээр бүртгэлтэй “-А-” ХХК-ийн данс руу шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон,

Захиргааны хэргийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2017 оны 09 дүгээр 15-ны өдөр байгуулж уг гэрээний дагуу өөрөө төлөх ёстой өмгөөллийн хөлсний 400.000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 06 дугаар 12-ны өдрийн А/25 дугаар захирамж гаргаж Б сумын орон нутгийн хөгжлийн сангаас хадлангийн талбай бий болгох зориулалттай 9.860.000 төгрөгөөс гаргуулж өөртөө давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Х.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие 2016 оны 11 дүгээр сард сонгуулийн үр дүнгээр Б сумын Засаг даргын ажилд томилогдсон. Тэр үед 2017 онд ажил дүгнээд 13 сумын Засаг дарга нартай аймгийн Засаг дарга 2018 оны гэрээг хийсэн. Гэрээ хийх үед сумын онцгой байдлыг танилцуулсан. Тэгэхэд аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга нарт 2.000.000 төгрөг өгнө. Тэр хүртэл өөрсдийн бололцоогоороо ажлаа хийгээрэй гэсэн. Тэрний дагуу би ажлаа хийсэн. Тухайн үед Б сумд Ү.О- гэдэг хүүхэд алга болсон байсан. Түүнийг хайх ажилтай холбоотой Н ХХК-тай гэрээ хийсэн. Гэрээний дагуу 670 хэдэн мянган төгрөгийн бензин зарцуулсан. Хавтаст хэрэгт үүнтэй холбоотой нотлох баримт авагдсан байгаа.  Долоо хоногийн дараа цогцыг нь олсон. Улсын шадар сайд Энхтүвшин ахалсан баг Б аймгийн зудтай холбоотой Д сумын фонтоос 30 тонн хивэг, 5000 өвс татаж авахаар төлөвлөсөн байсан. Тухайн үед мөн бензинийг Н ХХК-аас авч зарцуулсан. Манайх ангийн менежментээр жил болгон төсөвт  төвлөрүүлдэг. Ангийн менежментийн дагуу өвс цацах ёстой байсан. Тэрний дагуу 300 хэдэн мянган төгрөг тэрэнд зарцуулсан. Гэхдээ зөвхөн надад өгсөн асуудал биш аймгийн Засаг даргаас 12 сумын бүгдэд нь өгсөн. Тэрний дагуу Тамгын газрын дарга Ө.Х-д 2.000.000 төгрөгийг зудтай холбогдуулан  гарга гэсэн ба  компани эсхүл  хувь хүнд гарга гэж хэлээгүй. Уг 2.000.000 төгрөгөөс бүгд хүртсэн гэж бодож байгаа. Ажил явуулахын тулд бүгд оролцоод энэ ажлыг даван туулсан. Ө.Х-н мэдүүлж байгаагаар “Х.Х- 2.000.000 төгрөгийг “А” ХХК-нд олгосон агуулга бүхий захирамж гаргаж өгсөн учир мөнгө шилжүүлсэн” гэж байна. Гэтэл тухайн захирамжийг зудтай холбогдуулан гаргасан болохоос компанитай холбоотой юм байгаагүй. Аймгийн Засаг даргын гаргасан захирамжийн өгүүлбэрээр гаргасан байгаа. Дараа нь Дн сумд очсон материалд онцгой байдлын журмаар шилжүүлсэн. Засаг захиргаа,нутаг дэвсгийн нэгжийн тухай хуулийн дагуу сумын Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагч учир тухайн ажлыг явуулахын тулд Н ХХК-тай гэрээ байгуулсан. Гэхдээ шинжээчийн дүгнэлтээр хуурамч материал бүрдүүлсэн гэж байна. Гэхдээ ямар нэгэн хуурамч нотлох баримт өгсөн юм харагдахгүй байна. Тухайн үед зарцуулсан байсан бензинийг 2 жилийн дараа Н ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргаад гаргуулж авсан байгаа. Хоёрдугаарт саяны 9.500.000 төгрөгтэй холбогдуулан хэлэх юм болБ сумын 2 багт төсөл шалгаруулсан. Хурлын тогтоол гарсан. Тэрний дагуу сумын Засаг даргын захирамж гарсан. Гэтэл захирамж гарсны дараа тухайн захирамжийг ашиглан “-А-х”  ХХК-нд 9.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь санхүү албаны дарга байсан Ж 9.800.000 төгрөгийг өөрийн хувийн дансанд хийж авсан. Тэр мөнгөнөөс өмгөөлөгчийн хөлсөнд  400.000 төгрөг шилжүүлж авсан байна. А.Ж- 11 сард 200.000 төгрөгийг өгч үлдсэн 200.000 төгрөгийн оронд 2 хонь өгнө гэсэн байна. Дараа нь 1 дүгээр сард шүүх хурал болсон ба шүүх хурал дууссанаас хойш Ө.Х- тэд нар надад хэлэлгүй 5 сард ОНХС-ийн мөнгөнөөс  мөнгө гаргаж авсан байна.Төрийн Аудитын газраас 400.000 төгрөгийн зөрчлийг илрүүлсэн. Үүнийг А.Ж-аас гаргуулах ёстой гэдэг нь нотлогдсон.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн ****** дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. Гэрч Ө.Х-н мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...“-А-” ХХК нь Х.Х- даргын эхнэрийн компани юм. Өмнө нь Х.Х- дарга уг компанийн захирал хийж байсан юм байна. 2 сая төгрөгийг аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөс манай сумын засаг даргын нөөц хөрөнгө рүү шилжүүлж өгсөн. Нөөц хөрөнгийг ямар зүйлд зарцуулах талаар хуульд зааж өгсөн байдаг. Засаг дарга Х.Х- нь тухайн 2 сая төгрөгийн санхүүжилтийг данснаас гаргахыг зөвшөөрсөн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/33 дугаартай захирамж баталж өгсөн. Түүний дагуу мөнгийг нь шилжүүлсэн. Ямар зүйлд зарцуулсныг мэдэхгүй байна. Х.Х- нь өөрөө болохоор Н ХК-аас 2 сая төгрөгөөр бензин авсан гэсэн баримт гаргаж өгсөн боловч Н ХК-аас тийм шатахуун аваагүй байсан. Тухайн 2 сая төгрөгийг хувьдаа зарцуулсан гэсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-33 дугаар хуудас, 3-р хх-ийн 03 дугаар хуудас/,

2. Гэрч Х.Х-, Б.Х-, А.А- нарын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Х.Х- нь засаг даргаар ажиллаж байх хугацааны 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/33 дугаартай захирамж байгаа юм. Энэхүү захирамж нь сумын өвөлжилтийн байдал, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгаас тавьсан хүсэлт, асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус суманд хуваарилагдсан 2 сая төгрөгийг санхүүжилтийн данснаас гаргахыг тамгын газрын даргад үүрэг болгосон тухай юм. Энэ захирамжийн дагуу тамгын газрын дарга нь 2 сая төгрөгийг “-А-” нэртэй ХХК-д шилжүүлсэн. ... “-А-” ХХК нь Х.Х-ын өөрийнх нь нэр дээр байсан компани юм. Дараа нь эхнэрийнхээ нэр дээр шилжүүлсэн гэсэн. Яагаад эхнэрийнхээ компани руу мөнгө шилжүүлснийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-22, 29-30 дугаар хуудас/,

3. Гэрч Б.Ж-ын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед 2017 онд Х.Х-Б сумын засаг даргаар ажиллаж байхдаа сураггүй болсон Ү.О-ыг эрэн хайх, Дэлүүн сумаас өвс тэжээл татах, ангийн бүсэд өвс тэжээл тавих, Ү.О-ы ар гэрт нь тусламж өгөх зэрэгт 2 сая төгрөгийн санхүүжилтийг “-А-” ХХК-ны данс руу шилжүүлж авсан. Буцааж 2 сая төгрөгийг төлсөн баримт байхгүй. Харин зарцуулсан тухай баримт “-А-” ХХК-ны данс руу шилжүүлсэн тухай баримт нь манай санхүүд эх хувиараа байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 219-220 дугаар хуудас/,

4. Гэрч Х.Б-ын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Н, П шатахуун түгээх станцын №1-тэйБ сумын Засаг даргын тамгын газар гэрээгээр шатахуун авч байсан. Ямар шалтгааны улмаас шатахуун авдаг байсныг мэдэхгүй. Бидэнд тамгатай гарын үсэг зурсан цаас үзүүлээд бензин, шатах тослох материал авч байсан. Дандаа бэлэн бусаар авч байсан. Байгууллага гэрээ хийсэн тохиолдолд бэлнээр авч байсан удаа байхгүй. Х.Х- Б сумын засаг даргаар ажиллаж байхдаа манай салбарт бензин, шатах тослох материалын зээл гэж 2,775,904 төгрөгийн зээл үлдсэн байсан. Энэ асуудлаар манай байгууллага шүүхэд гомдол гаргаж шүүх гомдлыг хүлээн авчБ сумын ЗДТГ, Х.Х-ыг засаг дарга байх үед зээлсэн шатахууны үнэ болох 2,775,904 төгрөгийг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221-222 дугаар хуудас/,

5. Сум тус бүрт 2 сая төгрөг хуваарилсан тухай Б аймгийн Засаг даргын 2018 оны 03 сарын 15-ны өдрийн А/153 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамжийн хуулбар /1-р хх-ийн 224 дугаар хуудас/,

  6. Аймгийн төсвөөс олгосон 2 сая төгрөгийг зарцуулах тухай Б аймгийн Б сумын Засаг даргын 2018 оны 03 сарын 27-ны өдрийн А/33 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамж болон төсөвт байгууллагын дансны хуулга зэргийн хуулбар /1-р хх-ийн 77, 153-154 дүгээр хуудас/,

7. Уг 2 сая төгрөгийг сумын албаны хэрэгцээнд зарцуулсан мэт болгож хуурамчаар бичсэн “-А-” ХХК-ийн нэхэмжлэлийн хуулбар /1-р хх-ийн 78 дугаар хуудас/,

8. Уг 2 сая төгрөгийг -А- ХХК-ийн 291400464558 тоот дансанд шилжүүлсэн тухай төлбөрийн хүсэлт №56 /1-р хх-ийн 155 дугаар хуудас/,

9. “-А-” ХХК-ын зээлийн ****** тоот дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 176-177 дугаар хуудас/,

10. Бай аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас шилжүүлсэн 2,000,000 төгрөг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “-А-” ХХК-ны зээлийн 2****** тоот дансанд орж мөн өдрөө 1,964,000 төгрөгөөр зээлд татагдсан талаарх Төрийн банкны дипозит болон зээлийн дансны хуулга /1-р хх-ийн 149, 179-180 дугаар хуудас/,

11. Иргэний нэхэмжлэгч Х.Е-ы мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Х.Х- нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн гаргасан захирамжтай холбоотой захиргааны хэрэгт өмгөөлөгч Х.З-тай гэрээ байгуулан өөрийгөө өмгөөлүүлсэн байна. Уг өмгөөллийн хөлсийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус сумын засаг даргын А/25 тоот захирамж гаргаж хавсралтанд дурдсан орон нутгийн хөгжлийн сангаас 400,000 төгрөгийг өмгөөлөгчид төлсөн байна. Уг үйлдлийн улмаас манайБ сумын ЗДТГ-т 400,000 төгрөгийн хохирол учирсан байна. Өмгөөлөгчийн хөлсийг хувь хүн өөрөө төлөх ёстой. Түүнээс биш орон нутгийн хөгжлийн сангаас гаргах ёсгүй. Орон нутгийн хөгжлийн сангаас тухайн сумын засаг даргын захирамжаар мөнгө зарцуулах боломжтой. Засаг даргын захирамж гараагүй үед ямар ч мөнгө зарцуулах боломжгүй. Тийм учраасБ сумын засаг дарга Х.Х-ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсөвт хохирол учруулсан байна гэж үзэж байна. Би уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 400,000 төгрөгийг Б аймгийнБ сумын ЗДТГ-ын төрийн сангийн дансанд буцаан төлүүлж улсын төсвийг хохиролгүй болгох хүсэлттэй байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 249-250, 3-р хх-ийн 1 дүгээр хуудас/,

12. Гэрч X.З-ын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Х.Х-тай холбоотой захиргааны хэргийн шүүх хурал 2017 оны 11 дүгээр сард болсон. Би өмгөөлөгчийн хөлсийг шүүх хурал болохоос өмнө авсан. Надад А.Ж- 2017 оны 09 дүгээр сард гэрээг байгуулсны дараа 200,000 төгрөг бэлнээр авч ирж өгч байсныг санаж байна. 2017 оны 11 дүгээр сард 200,000 төгрөгт нь нэг хонь авч ирж өгсөн. Түүнийгээ 2018 оны 3 дугаар 14-ний өдөр төсвөөс гаргаж авсан байж болзошгүй. ...Өмгөөлөгчийн хөлсийг тухайн өмгөөлүүлж байгаа гэрээ байгуулсан хүн өөрөө өгөх ёстой. Би А.Ж-ыг Х.Х-ын өмгөөллийн хөлсийг надад өгсөн гэж бодоод авчихсан юм. А.Ж- надад хэлэхдээ “Х.Х-ын өмгөөллийн хөлс” гэж хэлээд өгсөн.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 4-5 дугаар хуудас/,

13. Гэрч А.Ж-ын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...X.Х.Х- нь 2017 оны 9 дүгээр сард надад “Би захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар оролцож байна. Чи өмгөөллийн хөлс 400,000 төгрөгийг Зулхаш өмгөөлөгчид өөрөө хувиасаа өгчих. Би дараа нь чамд ямар нэг аргаар гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь сумын засаг дарга тэгж хэлж байгаа юм чинь өгөхөөс өөр аргагүй болж өөрөө хувиасаа Х.Х-ын өмгөөллийн хөлсийг төлөх болсон. Тэгээд би өмгөөлөгч Х.З-д 2017 оны 09 дүгээр сард 200,000 төгрөг бэлнээр өгч, үлдсэн 200,000 төгрөг нь бэлнээр олдохгүй болохоор хувиасаа нэг эр хонийг 2017 оны 11 дүгээр сард Зулхашд өгсөн. Тэгээд Х.Х-аас өмгөөллийн хөлсөнд өгсөн 400,000 төгрөгөө нэхэхэд хариуд нь “Чи түр тэсээд байж бай. Би чамд ямар нэгэн аргаар гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэгээд л 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр миний дансанд орж ирсэн уг мөнгөнөөс Х.Х- өмгөөлөгчийн хөлсөө ав гэж хэлэхээр нь би данснаас өмгөөлөгчийн хөлс гэх утгаар 400,000 төгрөгийг гаргаж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 2 дугаар хуудас/

14. Гэрч Ө.Х-н мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Х.Х- нь өмгөөлөгч Х.З-тай 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 400,000 төгрөг өгөх ёстой. Үүнийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж өг гэж хэлээд гэрээг надад үзүүлсэн. Тэгээд би Х.Х-ын үзүүлсэн гэрээг хуулбарлаж санхүүгийн анхан шатны баримтандаа хийсэн юм. Тэгээд Х.Х- нь өөрөө 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөрБ сумын засаг даргын А/25 тоот захирамж гаргасан. Уг захирамжийн хавсралтад байгаа хадлангийн талбай бий болгох 9,500,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг өмгөөлөгч Х.З-д өмгөөллийн хөлсөнд өг гэж Х.Х- надад өөрөө үүрэг болгосон. Би гүйцэтгэх албан тушаалтны хувьд засаг даргын өгсөн үүргийг биелүүлсэн юм. ...Ямар ч байсан засаг дарга Х.Х- өмгөөлөгчийн хөлс 400,000 төгрөг Х.З-д өгөх ёстой гэж хэлээд л орон нутгийн хөгжлийн сангаас уг 400,000 төгрөг гаргуулсан юм. Уг мөнгийг хэрхэн Х.З-д өгснийг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 3 дугаар хуудас/

15. Захиргааны хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх 2017 оны 09 дүгээр 15-ны өдрийн 07 дугаар гэрээний хуулбар /2-р хх-ийн 148 дугаар хуудас/,

16.Б сумын Засаг даргын 2018 оны  08 дугаар сарын 12-ны өдрийн А/25 дугаартай “Орон нутгийн хөгжлийн сангийн тухай” захирамж, уг захирамжийн хавсралт зэргийн хуулбар /1-р хх-ийн 75-76 дугаар хуудас/,

17. Дээрх захирамжийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “-А-х” ХХК-ны данс руу 9,860,000 төгрөг шилжин орсон, мөн өдрөө А.Ж-ын Төрийн банк дахь данс руу шилжин орж уг мөнгөнөөс өмгөөлөгчийн хөлс 400,000 төгрөг шилжүүлсэн талаарх Төрийн банк дахь дансны хуулгууд /1-р хх-ийн 148, 3-р хх-ийн 7 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Х.Х-ын өмгөөлөгч А.С- нь 1 дүгээр хавтаст хэргийн 120 дугаар хуудсанд авагдсан 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасан “энэ хуулийн 9.2-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээд нь шинжилгээ хийх эрх бүхий этгээдийн дуудсанаар ирж, тавьсан асуудлын дагуу дүгнэлт гаргана”,  мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасан “Шинжээч шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх тул нотлох баримтаар үнэлэхгүй байхыг хүсэж байна. Мөн шинжээчид эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй байна гэж мэтгэлцсэн нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шинжээч нь дээрх хуулийн заалтыг зөрчиж мөрдөгчийн тавьсан асуултаас өөр асуултад хариулсан, мөн дүгнэлт гаргахдаа өөрөө нотлох баримт бүрдүүлсэн, шинжээчид эрх, үүрэг тайлбарлаж хууль сануулаагүй болох нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 781 дугаартай шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 118-р хуудас/ болон 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 120-р хуудас/ зэргээр нотлогдож байна.  Иймд шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 120-р хуудас/-ийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байх тул шүүгдэгчийн гэм бурууг тогтоох нотлох баримтын үндэслэл болгоогүй болно.

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Х-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан’" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна” гэж заасны дагуу мөн зүйлийн 11.1.9-д зааснаар “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэж байх тул сумын засаг дарга нь улс төрийн удирдах албан тушаалтанд хамаарч байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Х- нь дээр дурдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан юм.

Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

Шүүгдэгч Х.Х-ын хувьд Б аймгийн засаг даргын захирамжаар өвөлжилт хүндэрсэн сумуудад хуваарилсан 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ж.Б-ын “-А-” ХХК-ийн данс руу шилжүүлснээр, мөн өөрийн эрх мэдэл, албан тушаалын хүрээнд гаргасан захирамжийн талаарх Захиргааны хэргийн шүүх хуралдаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд зааснаар өөрийн төлөх өмгөөллийн хөлс 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг “Орон нутгийг хөгжүүлэх сан”-ийн хөрөнгөөс төлснөөр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон байна.

Шүүгдэгч Х.Х-д холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х- болон түүний өмгөөлөгч А.С-, С.Т нар нь “Шүүгдэгч Х.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдээгүй тул гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Б аймгийн Б сумын засаг даргын 2018 оны 03 дугаар 27-ны өдөр А/33 дугаар захирамжид уг 2,000,000 төгрөгийг “-А-” ХХК-д шилжүүлсүгэй гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Засаг дарга нь уг төсвийг захиран зарцуулах үүргийг төсвийн шууд захирагч болох тус сумын засаг даргын тамгын газрын дарга Ө.Х-д үүрэг болгосон байна. ...Би 2,000,000 төгрөгийг “-А-” ХХК-нд зарцуулах талаар захирамж гаргаагүй. Манай компанийн нэхэмжлэхийн дагуу Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Х- тухайн компанийн данс руу шилжүүлсэн байна. Иймд өөртөө давуу байдал бий болгоогүй гэж үзнэ” гэж мэтгэлцэв. 

  • Үгүйсгэх үндэслэл нь:

1. Гэрч Ө.Х-н шүүх хуралдаанд гэрчээр өгсөн “...Надад засаг дарга Х.Х- нь 2018 оны 03 дугаар 27-ны өдөр А/33 дугаар захирамжид заасан 2,000,000 төгрөгийг “-А-” ХХК-ны данс руу шилжүүлэхийг амаар үүрэг болгосон. Миний бие гүйцэтгэх албан тушаалтны хувьд засаг даргын амаар өгсөн үүргийн дагуу уг мөнгийг түүний эхнэр Ж.Б-ын “-А-” ХХК-ны данс руу шилжүүлсэн” гэх /2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 152 дугаартай тэмдэглэл/-ээр дээрх байдал нь үгүйсгэгдэж байх бөгөөд шүүгдэгч Х.Х- нь өөрийн эхнэр Ж.Б-ын “-А-” ХХК-ийн данс руу дээрх 2,000,000 төгрөгийг шилжүүлэхийг өөрөө Ө.Х-д үүрэг болгосон байна.

“-А-” ХХК-ийн нэхэмжлэхэд дурдсан бензин болон өвс тэжээл зэргийн зардал нь бүгд Ба аймгийн Бу сумын засаг даргын тамгын газрын төсвөөс гарсан зардал гэдэг нь гэрч Ө.Х-, Б.Ж- нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Мөн “Н Петровис” ХХК нь Б сумын засаг даргын тамгын газарт зөвхөн засаг даргын цохолт бүхий тамгатай бичгээр бензин олгож байсан бөгөөд бэлэн мөнгөөр тооцоо хийж байгаагүй зөвхөн нэхэмжлэхээр нэхэмжилж тооцоо хийж байсан болох нь гэрч Х.Б-ын “...Н Петровис шатахуун түгээх станцын №1-тэйБ сумын Засаг даргын тамгын газар гэрээгээр шатахуун авч байсан. Ямар шалтгааны улмаас шатахуун авдаг байсныг мэдэхгүй. Бидэнд тамгатай гарын үсэг зурсан цаас үзүүлээд бензин, шатах тослох материал авч байсан. Дандаа бэлэн бусаар авч байсан. Байгууллага гэрээ хийсэн тохиолдолд бэлнээр авч байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221-222 дугаар хуудас/-ээр тогтоогдсон.

2. Шүүгдэгч Х.Х- нь “...Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд А.Ж-ыг гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан. Үүний дагуу уг өмгөөллийн хөлсийг А.Ж- төлөх ёстой бөгөөд бид хоёр тэгж тохирсон байсан” гэх боловч уг хэрэгт А.Ж-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулахаас татгалзах тухай БӨ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 110/ШЗ2017/0452 дугаартай шүүгчийн захирамж гарсан байна. /шүүгдэгч Х.Х-ын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн захирамжийн хуулбараар/.

Мөн уг өмгөөллийн хөлсийг А.Ж- төлөхөөр тохирсон байсан гэх нөхцөл байдал нь гэрч А.Ж-ын “...X.Х.Х- нь 2017 оны 9 дүгээр сард надад “Би захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар оролцож байна. Чи өмгөөллийн хөлс 400,000 төгрөгийг Х.З өмгөөлөгчид өөрөө хувиасаа өгчих. Би дараа нь чамд ямар нэг аргаар гаргаж өгнө” гэж хэлсэн. ...Тэгээд Х.Х-аас өмгөөллийн хөлсөнд өгсөн 400,000 төгрөгөө нэхэхэд хариуд нь “Чи түр тэсээд байж бай. Би чамд ямар нэгэн аргаар гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэгээд л 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр миний дансанд орж ирсэн уг мөнгөнөөс Х.Х- өмгөөлөгчийн хөлсөө ав гэж хэлэхээр нь би данснаас өмгөөлөгчийн хөлс гэх утгаар 400,000 төгрөгийг гаргаж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 2 дугаар хуудас/

 Гэрч Ө.Х-н “...Х.Х- нь өмгөөлөгч Х.З-тай 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 400,000 төгрөг өгөх ёстой. Үүнийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж өг гэж хэлээд гэрээг надад үзүүлсэн. Тэгээд би Х.Х-ын үзүүлсэн гэрээг хуулбарлаж санхүүгийн анхан шатны баримтандаа хийсэн юм. Тэгээд Х.Х- нь өөрөө 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөрБ сумын засаг даргын А/25 тоот захирамж гаргасан. Уг захирамжийн хавсралтад байгаа хадлангийн талбай бий болгох 9,500,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг өмгөөлөгч Х.З-д өмгөөллийн хөлсөнд өг гэж Х.Х- надад өөрөө үүрэг болгосон. ...Уг мөнгийг хэрхэн Х.З-д өгснийг мэдэхгүй.” гэх мэдүүлгүүдээр /3-р хх-ийн 3 дугаар хуудас/ үгүйсгэгдэж байна.

Иймд БӨ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б шүүгдэгч Х.Х-ын үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

  • Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас Ба аймгийн Б сумын засаг даргын тамгын газарт 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг хохирлоос шүүгдэгч Х.Х- нь өөрийн хамаарал бүхий компани буюу эхнэрийнх нь нэр дээр байдаг “-А-” ХХК-ны данс руу 2000.000 төгрөг шилжүүлсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтууд болох орлогын дансны хуулга, нэхэмжлэх, Төрийн банкны мөнгөн шилжүүлэг, Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга зэргээр тогтоогдож байна.

Харин 400,000 төгрөгийн хохирлыг төлөөгүй болох нь иргэний нэхэмжлэгч  Х.Е-ы “...Уг үйлдлийн улмаас манайБ сумын ЗДТГ-т 400,000 төгрөгийн хохирол учирсан байна. Өмгөөлөгчийн хөлсийг хувь хүн өөрөө төлөх ёстой, түүнээс орон нутгийн хөгжлийн сангаас гаргах ёсгүй. ...Би уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 400,000 төгрөгийг Б аймгийнБ сумын ЗДТГ-ын төрийн сангийн дансанд буцаан төлүүлж улсын төсвийг хохиролгүй болгох хүсэлттэй байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 249-250, 3-р хх-ийн 1 дүгээр хуудас болон 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 152 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл/-ээр тогтоогдож байна.

Мөн Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/33 дугаар актын тогтоох хэсгийн 1-т “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс хувийн дансандаа шилжүүлэн авсан мөнгөнөөс зарцуулсныг нотлох баримтгүй үлдсэн 410.0 мянган төгрөгийгБ сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ж-аар нөхөн төлүүлж, аймаг дахь Төрийн аудитын газрын Төрийн сан дахь 100020051005 тоот дансанд 2020 оны 06 дугаар сарын 25-ны дотор оруулах”-аар тогтоосон боловч энэ нь шүүгдэгч Х.Х-т холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш үйлдэгдсэн баримтууд тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.   

Иймд шүүгдэгч Х.Х-аас гэмт хэргийн улмаас Б аймгийнБ сумын засаг даргын тамгын газарт учруулсан 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хоёр: Шүүгдэгч Х.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Х.Х- урьд нь Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан байна. Энэ нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /3-р хх-ийн 21 дүгээр хуудас/ болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Х.Х-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч Х.Х-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний нийтийн албанд томилогдох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 2 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолно. 

             Шүүгдэгч Х.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Хэрэгт шүүгдэгч Х.Х-ын өмчлөлийн “Landcruiser-80” маркийн 23-55 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг прокурорын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 5/32 дугаартай тогтоолоор битүүмжилсэн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор эд хөрөнгө битүүмжилдэг бөгөөд энэ гэмт хэргийн улмаас учирсан 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байгаа тул шүүгдэгч Х.Х-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөгдөх хүртэл хугацаанд эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х-ын гаргасан 13 хуудас баримтыг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

    

  1. Шүүгдэгч У овогт Х-ы Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Х-аас 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын төрийн санд олгосугай.
  6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Х.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Х.Х-ын өмчлөлийн “Landcruiser-80” маркийн 23-55 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 5/32 дугаартай прокурорын тогтоолыг гэмт хэргийн улмаас учирсан 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
  8. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х-ын гаргасан 13 хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай.
  9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК