Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/219  

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, улсын яллагч Б.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-,

Шүүгдэгч С.Е- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Е-д холбогдох эрүүгийн 1913001800075 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, М овогт С-ы Е-, 1960 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, ой модны инженер мэргэжилтэй, Б аймгийн Сум дундын ойн ангийн дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Б аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ОЭ.............

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

- Шүүгдэгч С.Е- нь Б аймгийн Сум дундын ойн ангийн даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б аймгийн Д сумын “Х-ийн улсын тусгай хамгаалалттай газар”-т өөрийн удирдаж буй байгууллагын мод үржүүлгийн талбайгаас 1000 ширхэг суулгацыг худалдан борлуулсны үнэ болох 500.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын сүүлчээр Х.С-ээс бэлнээр авч хувьдаа завшиж өөртөө давуу байдал бий болгосон,

- Тус байгууллагын 2018 оны мод арчилгааны огтлолтын зардал болох 2.200.000 төгрөгөөс 540.000 төгрөгийг хуурамч баримт бүрдүүлэн санхүүгийн баримтад хавсаргаж 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эхнэр М.Ж-д өгч өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон,   

- Б суманд ногоон хэрмийн ойн зурвас байгуулах төслийн 10.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгэхдээ өөрийн удирдаж буй байгууллагын мод үржүүлгийн талбайгаас 1600 ширхэг мод суулгасан боловч хуурамч баримт бичиг бүрдүүлэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2.080.000 төгрөгийг хувьдаа завшиж, уг мөнгөнөөс 1.300.000 төгрөгийг эхнэр М.Ж-ы дансаар дамжуулан авч өөртөө болон хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон,   

- Т чиглэлийн зам дагуу ойн зурваст услалтын систем байгуулах 15.0 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын санхүүжилтийн үлдэгдэл 979.200 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуурамч баримт бүрдүүлэн хувьдаа завшиж өөртөө давуу байдал бий болгосон,

- Уг байгууллагын 2018 оны арчилгааны огтлолт хийх үед хэрэглэх хувцасны зардалд зарцуулах 456.000 төгрөгийг өөрийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “Ай” хоршооны данс руу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлэн өгч хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгож, улсын төсөвт нийт 4.555.200 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч С.Е- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай байгууллагын нярав урьд нь ахлах мэргэжилтэн хийж байсан. Хэд хэдэн удаа алдаа гаргахаар нь албан тушаалыг нь бууруулсан. Тэрэнд өс санаж худлаа мэдүүлэг өгсөн байна. “Ай” хоршоонд манай байгууллага өгөх өглөгтэй. Хэрэв би авахыг хүссэн бол худлаа материал бүрдүүлж авбал авахаар байсан. Гэхдээ би бас үхэх, сэхэхээ мэднэ. Олон жил хариуцлагатай ажиллаж байсан. 2013 онд энэ байгууллагыг үүсгэн байгуулсан. Тэтгэвэрт гарах гэж байгаа байж хоёрын хооронд юм хийхгүй. ...Миний бие гэмт хэрэг үйлдээгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хохирлыг нөхөн төлөхгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 1913001800075 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. Иргэний нэхэмжлэгч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /3-рх хх-ийн 11-р хуудас/,

“Төсвийн байгууллага нь үйл ажиллагааны орлогод аливаа орлогыг тусгах ёстой. Уг 500.000 төгрөгийг бусад зардалд зарцуулах эрхийг авсны үндсэн дээр бусад зардалд зарцуулах эрхтэй. Энэ талаар төсвийн тухай хуульд тусгагдсан байдаг. С.Е-ын уг үйлдэл нь төсвийн тухай хуулийг зөрчсөн байна. Дээрх 500.000 төгрөгийг бэлнээр орж ирсэн болохоор нярав орлогод авч, зарцуулахдаа 1-р гарын үсгийг тухайн байгууллагын дарга С.Е-, 2-р гарын үсгийг нягтлан бодогч зурж зориулалтын дагуу байгууллагын үйл ажиллагаанд зарцуулах ёстой. Бэлэн мөнгөтэй төсвийн шууд захирагч харьцах ёсгүй. Уг дарааллын дагуу дээрх 500.000 төгрөгийг зарцуулаагүй нь ямар нэгэн хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байгааг харуулж байна.

Дээрх 2.200.000 төгрөг бүгд нь төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн мод арчилгааны огтлолтын зардалдаа зарцуулагдах ёстой. Гэтэл 540.000 төгрөгийг тухайн зүйлд зарцуулсан гэх баримт бүрдүүлсэн боловч өөр зүйлд зарцуулсан, өөрийн хамаарал бүхий этгээдэд мөнгө шилжүүлсэн хууль бус үйлдэл. Арчилгааны огтлолтын зардлаас 540,000 төгрөгийг хувьдаа завшсан боловч уг үйлдлээ хаацайлах зорилгоор ажилчдын хоол хүнсэнд зарцуулсан гэж тайлбарлаж байгаа байх. Түүнээс уг мөнгийг хуулийн дагуу зарцуулж болно. Мөн ажилчдын хоолонд зарцуулсан гэж үзэхэд уг албан тушаалтан нь ямар нэг хувийн ашиг сонирхлын зөрчилгүй нярав, нягтлан бодогчоор дамжуул болно. Заавал яагаад өөрийнх нь эхнэрээр дамжуулах ёстой гэж. Тэгээд ч хамаарал бүхий этгээддээ мөнгө шилжүүлж өгч болохгүй шүү дээ.

Сум дундын ойн анги нь төрийн үйлчилгээний байгууллага учраас Баяннуур сумын ЗДТГ-тай 10 сая төгрөгийн гэрээ байгуулж уг ажлыг гүйцэтгэж болно гэж үзэж байна. Уг байгууллага нь өөрийн мод үржүүлгийн талбайгаас 1600 ширхэг мод суулгасан бол түүний үнэ болох 2.080.000 төгрөгийг өөр хувийн аж ахуйн нэгж рүү шилжүүлэхгүйгээр ойн ангийн мод худалдан борлуулсан орлого гэж үйл ажиллагааны орлогын дансанд авч, байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулах ёстой. Иймд би Сум дундын ойн ангийг уг үйлдлийн улмаас 2.080.000 төгрөгөөр хохирсон гэж үзэж байна. 1600 ширхэг модны үнийг өөр хувийн аж ахуйн нэгж рүү огт шилжүүлэх шаардлагагүй юм байна.

Толбо чиглэлийн зам дагуу ойн зурваст услалтын систем байгуулах 15.0 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын санхүүжилт нь 2018 онд сум дундын ойн дансанд бүрэн шилжүүлсэн бол тухайн үйл ажиллагаандаа зарцуулах ёстой. Өөрийн байгууллагын ажилчдад цалин болгоод өгөх гэсэн бол уг ажлын гүйцэтгэлийн тайланг гаргахдаа ажилчдадаа цалин гээд олгочихсон байх ёстой юм. Гэтэл 2019 онд ажилчдадаа дээрх мөнгийг олгож байгаа үйлдэл нь өөрийн хууль бус үйлдлийг зөвтгөх, өөрийн үйлдлийг цайруулах гэсэн оролдлого байна. С.Е- нь 2018 онд уг мөнгийг уг ажлыг гүйцэтгэхэд цалин болгож өгсөн бол одоо ямар нэгэн хууль бус зүйл яригдахгүй. Товчхондоо бол С.Е-ын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн үйлдлээр гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, харин 2019 оны үйлдэл нь өөрийгөө цайруулах гэсэн л оролдлого байна.

Магадгүй С.Е- нь аудит болон хууль хяналтын байгууллагад шалгагдаагүй байсан бол уг 456.000 төгрөгийн хувцсыг өгөх ч юм уу, үгүй ч юм уу, эргэлзээтэй л юм байна. Хэрэв уг мөнгө нь 2018 онд орж ирсэн бол тухайн жилийн арчилгааны огтлолт хийхэд ажилчдын хувцсанд зарцуулах ёстой байсан. Гэтэл ажилчдын хувцасны зардлыг ажлыг дуусгасны дараа оны эцэст хамаарал бүхий этгээдийнхээ данс руу зарцуулж байгаа нь ямар нэгэн ашиглалын санаа зорилго агуулсан гэж үзэж байна. Мөн С.Е- нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн байна.

С.Е- нь төсвийн шууд захирагч бөгөөд Б аймгийн сум дундын ойн ангийн даргын хувьд төсвийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий албан тушаалтан мөн. Хувийн ашиг сонирхлын зөрчил, хувийн сэдлээс болж уг хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үнэхээр байгууллагаа гэсэн бол уг хуулийг зөрчихгүйгээр ажлаа хийгээд явах боломжтой.  Уг хуулиудыг хэрэгжүүлсэн тохиолдолд ийм асуудал үүсэхгүй, ийм асуудал үүсгэхгүйн тулд уг хуулиуд байгаа.

Сум дундын ойн анги нь “Ай” хоршоонд өртэй бол түүнийг өглөгийн тайланд тусгасан байх ёстой. Тэр нь тооцоо нийлсэн актаар баталгаажсан байх ёстой. Өрийг дарга болон нягтлан бодогч мэдэж байх ёстой. Мөн хяналт шалгалт хийсэн албан тушаалтанд уг баримт нь ил харагдахаар байх ёстой.

...хохирлыг Б аймгийн сум дундын ойн ангийн төрийн сан дахь дансанд төлж барагдуулах хүсэлтэй байна. Нийт 4.555.200 төгрөгийн хохирол учирснаас 979.200 төгрөг, 456.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, хохиролгүй болсон гэж үзэж байгаа. Бусад 3.120.000 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг,

2. Гэрч М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /3-р хх-ийн 24-25-р хуудас/

 “...би 2018 оны зун Б аймгийн сум дундын ойн анги нь Т чиглэлийн усжуулалтын систем байгуулах ажилд хөлсөөр болон сайн дураараа ажилласан зүйл огт байхгүй. Харин би уг сум дундын ойн анги нь 2018 онд Б сумын Н хэрмийн ажил хийж гүйцэтгэхэд хөлсөөр, жолоочоор ажилласан. Б сумын Ногоон хэрмийн ажилд ажилласны хөлсөнд 2018 оны 11 дүгээр сард 200.000 гаруй төгрөг авсан. Уг сум дундын ойн ангиас надад Т чиглэлийн усжуулалтын системийн ажилд ажилласан гэж ямар нэгэн цалин, хөлс, урамшуулал өгсөн зүйл байхгүй. С.Е- миний нэр дээр хуурамч баримт бүрдүүлж мөнгө зарлагадаж байгаа талаар надад ямар нэгэн зүйл яриагүй. Энэ талаар надтай ярилцсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

3. Гэрч К.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: / 1-р хх-ийн 51-р хуудас/

“.... ямар нэгэн мөнгө төгрөг авч байгаагүй. М.Д-, Х.А- нарыг танихгүй...” гэх мэдүүлэг,

4. Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /1-р хх-ийн 54-р хуудас/

“...Энэ тухай юу ч мэдэхгүй юм байна. Ямар нэгэн мөнгө төгрөг авч байгаагүй.” гэх мэдүүлэг,

5. Гэрч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /1-р хх-ийн 36-40-р хуудас,58-59-р хуудас,3-р хх-ийн 16-19-р хуудас/,

“...манай байгууллага нь уг “Ай” хоршооноос зээлээр ямар нэгэн авч байсан зүйл байхгүй. “Ай” хоршоо нь Б аймгийн зах дотор байдаг хувцас, гоо сайхан зардаг дэлгүүр юм. “Ай” хоршоо болон манай сум дундын ойн анги хоёрын хооронд байгуулсан ямар ч гэрээ байхгүй. Би 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр сум дунд ойн ангийн нэмэлт санхүүжилтийн данснаас талбай тусгаарлах буюу арчилгааны мөнгөнөөс 2.200.000 төгрөг зарлагын гүйлгээ хийж, үүнээс татварын данс руу 220.000 төгрөг шилжүүлж, кассанд бэлэн 1.980.000 төгрөг оруулсан. Тухайн үед техникч буюу нярваар Т- ажиллаж байсан боловч манай дарга С.Е- нь бичиг хэргийн ажилтан Г-гаар нярвын ажлыг хийлгэдэг байсан. Уг мөнгөөр Цэнгэл, Б сумаас арчилгааны огтлолт хийх ажилд 1.440.000 төгрөг зарцуулж 540.000 төгрөг илүү гарсан. Уг мөнгийг С.Е- нь хувьдаа завшсан. Тэгэхдээ С.Е- дарга Г- бид хоёрт “Миний эхнэр Ж- өнөөдөр зах ажиллахгүй гэртээ байгаа, 540.000 төгрөгийг манай эхнэрт хүргэж өг” гэж хэлсэн. Тэгээд Г- бид хоёр Ж-д уг 540.000 төгрөгийг өгөхөөр гэрт нь аваад очсон юм. Тэгээд Ж- нь бидэнд өөрийн тэмдэглэлийн дэвтрийг гаргаж ирээд Толбо чиглэлийн постын дагуух “Ногоон хэрэм”-ийн ажил, Шинэ нисэх буудлын ногоон хэрмийн ажилд ажилласан хүмүүсийн хоолны мөнгө, Т-ийн запас сэлбэг авсан мөнгө гэсэн тэмдэглэл харуулсан. Тэгээд уг 540.000 төгрөгийг Г- бид хоёр С.Е-ын эхнэр Ж-д өгсөн. Тэгэхдээ тухайн үед ямар нэгэн баримт бичүүлж аваагүй. С.Е- нь надад уг 540.000 төгрөгийг санхүүгийн тайлан тооцоонд манай эхнэрт өгсөн гэдгийг харуулж болохгүй, зөвхөн 16 хүний цалинд зарцуулсан гэж тайлагнаарай гэж надад хэлсэн. Тэгээд уг тайлан тооцоог Булган, Цэнгэл суманд ажиллаад явсан мэргэжилтэн Н-, Г- хоёр нь зарцуулсан баримт, тайлангаа гаргаж өгсөн. Тэгээд Г-, Н- бид гуравт уг 540.000 төгрөгийг Ж-д өгсөн гэдгийг хэнд ч хэлж болохгүй шүү гэж хэлсэн юм. С.Е- нь 1 дүгээр гарын үсэг зурдаг учраас мөнгө шилжүүлж чадахгүй бол ажлаа өгөөд ажлаасаа гар гэж дарамт шахалт үзүүлдэг.

2018 оны 08 дугаар сард Б, Ц суманд ойн арчилгаа, талбайн тусгаарлалтын ажлаар манай байгууллагын 4 ажилтан /Е-, Н-, Г-, М-/, хөдөө орон нутгаас 2 байгаль хамгаалагч, ажил хийлгэх 16 хүний хоол хүнсэнд зарцуулахаар дээрх 2.200.000 төгрөгөөс гадна 400.000 төгрөг, түргэн элэгдэх зүйлсийн үнэ гэж 196.000 /ойролцоогоор, 176.000 ч байж магадгүй/ төгрөг бэлнээр авч явсан. Ажил дуусаад ирээд тайлан тооцоог бичиг хэргийн ажилтан Г- гаргаж өгсөн. Энэ нь бүгд санхүүгийн баримтад байгаа. Уг ажилд “Ай” хоршоо болон Ж-аас хоол хүнс авч хэрэглэсэн зүйл байхгүй.

Манай сум дундын ойн ангийн дарга С.Е- нь тухайн “Ай” хоршооны 5.650.000 төгрөгийн нэхэмжлэх авч ирж өгөөд надад дээрх мөнгийг шилжүүл гэж үүрэг өгсөн. Би С.Е-аас энэ нь ямар учиртай юм бэ гэж асуухад хариуд нь “тухайн үед Ж-аас бэлэн мөнгө аваад төмөр тор, шургаа мод авч 5 га ногоон хэрмийн хашааны материалын үнэ гэж хэлээд надаар уг гүйлгээг хийлгэсэн юм. Тэгэхдээ С.Е- нь өөрөө нэгдүгээр гарын үсгийг зурсан. Би хоёрдугаар гарын үсгийг зурахгүй гэж хэлэхэд “Чи дандаа манай байгууллагын ажлыг ингэж доошоо татаад байдаг, чи надад итгэхгүй байгаа юм бол нүдээрээ очоод хийсэн ажлыг хар, тоолоод үз” гэж хэлсэн юм. Би С.Е- даргад та мөнгө авч болно, гэхдээ энэ буруу, хууль журмын дагуу авах ёстой. Уг төмөр тор болон шургаа модыг нярав Т- тоолж авсан уу, дандаа Н- та хоёр очоод авдаг, би та хоёрын яг хэдэн ширхэг юу авч байгааг яаж мэдэх юм бэ гэж хэлдэг. Тэгэхээр дарга наад гүйлгээгээ хийж чадахгүй бол ажлаа өг гэж намайг дарамталдаг юм.

Харин 7.650.000 төгрөгийн хувьд мөн л дарга С.Е- нь Ж-аас 2018 оны 07 дугаар сард зээлдэж аваад 1950 метр тогны кабель худалдаж аваад, уг ногоон хэрмийн модыг услах худгийн тог татахад ашигласан гэж хэлсэн. Тэгээд л намайг дарамталж байгаад гүйлгээг хийлгэсэн. Ер нь бол манай байгууллагын нярав Т-, Г- бид гурав дарга С.Е-ад танай эхнэрийн “Ай” хоршоо руу мөнгө шилжүүлж болохгүй, тантай ашиг сонирхлын зөрчилтэй байна, өөр компанитай гэрээ хийж авъя гэж хэлэхээр хүлээж авдаггүй юм. Бусад газартай гэрээ байгуулаад материал авсны дараа төлж болно гэж хэлсэн ч хүлээж авдаггүй. Мөнгө шилжүүлэх болгонд даргатайгаа хэрэлдээд хэцүү байдаг, сүүлд нь ялт ч үгүй шилжүүлж өгөхөөс өөр аргагүй байдалд хүрдэг. Ямар ч байсан энэ нь “Ай” хоршоотой ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй гүйлгээ юм.

Манай дарга С.Е- нь 2018 оны эцэст тендерээс хэмнэлт мөнгө үлдэх ёстой, хэдэн төгрөг үлдсэн вэ тооцоогоо гаргаж ир гэж надад хэлсэн. Тэгээд би дансаа шалгаж үзээд “2018 оны эцэст манай сумын дундын ойн ангийн нэмэлт дансанд 979.200 төгрөгийн үлдэгдэлтэй, хэмнэлттэй байна” гэж хэлсэн. Тэгэхэд дарга С.Е- нь би энэ мөнгийг гаргаж авна, манай эхнэрийн “Ай” хоршоо нь манай байгууллагаас авлагатай гэж хэлсэн. Тэгээд би хэрэв авлага байвал баримтаа аваад ир гэж С.Е-ад хэлсэн. Тэгээд С.Е- нь “Ай” хоршооны нэр дээр шургаа мод, төмөр торны нэхэмжлэх авч ирж өгсөн. Би уг баримтыг хараад зураг төсвийн дагуу шургаа мод төмөр торны мөнгө шилжүүлсэн. Одоо ингэж шилжүүлэх боломж байхгүй гэж С.Е- даргад хэлсэн. Тэр надад би уг 979.200 төгрөгийг “Ногоон хэрэм”-ийн ажилласан 3 хүний ажлын хөлс гэж гаргаж авна гэж надад хэлсэн. Тэгэхэд өрөөндөө бид 4-үүлээ сууж байсан. Тэгэхэд дарга С.Е- би 1 регистрийн дугаар олно, бусад нь хамаагүй 2 хүний регистрийн дугаар олоод өгөөрэй гэж хэлсэн юм. Тэгээд дарга С.Е- нь М.Д-гийн регистр хийж өгсөн. Би К.М-гийн регистрийн дугаарыг олж өгсөн. Тэгээд өөр хүний регистрийн дугаар олдохгүй болохоор Х.А- гэх зун 10 хоног гэрээгээр ажилласан хүний регистрийн дугаарыг ашиглаж дээрх 979.200 төгрөгийг бэлэн мөнгөний кассад шилжүүлсэн. Тэгээд кассад байсан мөнгийг Г- надад үүнийг даргад өгөөрэй, энэ даргын мөнгө гэж хэлээд надад өгсөн. Тэгэхээр нь би баасан гараг болоод дарга ажлаасаа явчихсан байсан болохоор сейфтээ хадгалаад дараагийн долоо хоногийн даваа гарагт 97.920 төгрөгийг татварын газарт шилжүүлж үлдсэн 881.280 төгрөгийг С.Е- даргад өгсөн. Уг мөнгийг дээрх 3 хүнд өгсөн зүйл байхгүй. Тэр хүмүүс ч мэдэхгүй. ....Манай байгууллага нь ойн судалгаа хөгжлийн төвөөс арчилгааны үлдэгдэл 30% буюу 1.440.000 төгрөгийн авлагатай байсан. Ойн судалгаа хөгжлийн төв нь уг мөнгөө 2018 оны 12 дугаар сард манай байгууллагад шилжүүлж өгсөн. Тэгээд би уг мөнгөнөөс ажилчдын томилолтод шилжүүлж өгөхөд 456.000 төгрөгийн хэмнэлт гарсан. Тэгэхэд С.Е- дарга бас л манай “Ай” хоршоо авлагатай уг мөнгийг авна гэсэн. Тэгэхэд “Ай” хоршооны 456.000 төгрөгийн нэхэмжлэх авч ирж өгсөн. Уг нэхэмжлэхэд “ажлын хослол” гэж бичээд аваад ирсэн. Тэгээд би 2015 онд ойн судалгаа хөгжлийн төвд хослол авсан юм байлгүй дээ гэж бодоод л уг мөнгийг “Ай” хоршооны данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд уг хослолыг авч ирж өгөхгүй байж байгаад аудитын акт тавигдсаны дараа 2019 оны 04 дүгээр сарын эхэнд манай ажилчдад 8 ширхэг хослол авч ирж өгсөн. Үнэндээ бол уг мөнгийг завшчихсан байж байгаад тэр нь илрэхээр ялт ч үгүй хослол авч ирж өгч байгаа юм шүү дээ” гэх мэдүүлэг,

6. Гэрч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /3-р хх-ийн 40-42-р хуудас/

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргын баталсан 03 дугаартай удирдамжийн дагуу Б аймгийн сум дундын ойн ангийн санхүүгийн баримтанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Иргэн Х.Е-ын өргөдөл гаргасны дагуу уг хяналт шалгалтыг хийсэн юм. Тэгэхэд нэлээд зөрчил илэрсэн.

Д сумын Х сэрх улсын тусгай хамгаалалттай газрын дарга С- нь 2018 онд байгууллагынхаа төсвөөс 500.000 төгрөг зарцуулж сум дундын ойн ангиас 1000 ширхэг суулгац худалдаж авсан байна. Уг 500.000 төгрөгийг Сум дундын ойн ангийн дарга С.Е-ад бэлнээр хүлээлгэн өгсөн. С.Е- нь уг 500.000 төгрөгийг сум дундын ангийн орлогод авахгүйгээр хувьдаа завшсан. Энэ талаар С- уг Е-ад бэлнээр өгсөн талаар тодорхойлолт өгсөн. Уг 500.000 төгрөгийг орлогод авахгүйгээр Е- хувьдаа завшсан талаар нярав Г- тайлбар бичиж өгсөн. Уг тайлбарт Е- уг  мөнгийг бэлнээр авч байхад ахлах мэргэжилтэн Н-, нягтлан бодогч Гү-, Г- өөрөө байсан талаар тайлбартаа бичсэн. С.Е-аас энэ талаар асууж тодруулахад мэдэхгүй, тийм мөнгө аваагүй гэж ярьдаг юм.

Б Сумынд ногоон хэрмийн ойн зурвас байгуулах төслийн 10.0 сая төгрөгийг Б- аймгийн Сум дундын ойн анги 2018 онд шилжүүлэн авсан. Уг ажлыг хиийхэд 6.100.000 төгрөгөөр хашаа барьсан, 3.900.000 төгрөгөөр 3000 ширхэг модны суулгац худалдаж авах ёстой байсан. Гэтэл 1600 ширхэг суулгацыг өөрсдийн мод үржүүлгийн талбайгаас зарлагадсан. 800 ширхэг модыг бусад газраас нэг бүрийг 1.300 төгрөгөөр нийт 1.040.000 төгрөгөөр худалдаж авсан. Үлдсэн 1600 ширхэг модыг өөрсдийн мод үржүүлгийн талбайгаас зарцуулж, түүний орлого аваагүй мөртлөө уг 2.080.000 төгрөгөөр 1600 мод худалдаж авсан гэж давхардуулан тайлагнаж С.Е- нь хувьдаа нь завшсан гэж үзэж улсын байцаагчийн 18-06/05 тоот акт тогтоосон юм. Мэргэжилтэн Н- нь 1600 ширхэг модыг мод үржүүлгийн талбайгаас авч Ба сумын Ногоон хэрмийн ажилд зарцуулсан. Уг 1600 ширхэг модыг мөнгөөр худалдсан зүйл байхгүй гэж тайлагнасан. Уг 2.080.000 төгрөгийг дансаар дамжуулан гаргаж С.Е- нь хувьдаа завшсан. Ингэхдээ 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны ******* тоот дансаар хайлаас болон шар хуайсын үнэ гэж 1.512.500 төгрөг, ******* тоот дансаар 1.450.000 төгрөгийг чацаргана улиасны үнэ гэж зарцуулан уг мөнгөнөөс 2.080.000 төгрөгийг С.Е- хувьдаа завшсан гэж үзээд улсын байцаагчийн акт тогтоосон.

Арчилгааны мөнгө гэж 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2.200.000 төгрөгийг байгууллагын кассанд шилжүүлэн бэлнээр авч зарцуулсан. Ингэхдээ санхүүгийн анхан шатны баримтыг 2.200.000 төгрөгөөр Цэнгэл, Булган суманд арчилгаа хийхдээ бүрэн зарцуулсан гэж тайлагнасан боловч 540.000 төгрөгийг бэлнээр буцаан авч ирж өөрийн Ж-д нягтлан бодогч Гү-, нярав Г- нараар дамжуулан өгүүлж Е- хувьдаа завшсан байгаа юм. Энэ талаар Ж-аас тайлбар бичүүлж авсан байдаг юм.

Баян-Өлгий аймгийн сум дундын ойн анги нь орон нутгийн төсвөөс 15.0 сая төгрөгөөр Толбо чиглэлийн хатуу хучилттай замын дагуух ойн зурваст услалтын систем байгуулах гэрээ байгуулан ажилласан. Тэгэхдээ 979.200 төгрөгийг газар шорооны ажилд ажилласан хүмүүсийн цалин гэж баримт бүрдүүлж тайлагнан С.Е- нь хувьдаа завшсан бөгөөд хяналт шалгалт дуусаж акт тавигдсаны дараа уг мөнгийг 2019 оны ажилчдадаа тарааж өгсөн гэх хуурамч баримт бичгийг бүрдүүлэн авч ирсэн. Тэгэхэд би уг баримтыг хүлээж аваагүй. Газар шорооны ажил хийсэн гэх 3 хүнээс тодруулж асуухад уг мөнгийг тэдэнд өгөөгүй болох нь тогтоогддог. Өөрийн нягтлан бодогчид дарамт шахалт үзүүлж хуурамч баримт бүрдүүлэн уг 979.200 төгрөгийг хувьдаа завшсан. Өөрийн уг үйлдлээ нуун дарагдуулахын тулд дараа өөрийн ажилчдад уг мөнгийг хуваан өгч баримт бүрдүүлсэн байдаг юм. С.Е- хяналт шалгалт хийгдэж байх үед 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр буцааж 870.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 150.000 төгрөгийг байгууллага дахь жижиг мөнгөн сан /кассын данс/-д тушааж, түүнийгээ ажилчдадаа хувцасны үнэд тарааж өгсөн гэх баримт үйлдэн хууль бус үйлдлээ нуун дарагдуулах оролдлого хийсэн.

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр арчилгааны огтлолт хийхэд ажилласан хүмүүсийн хувцасны үнэ гэж 456.000 төгрөгийг “Ай” хоршоонд шилжүүлэн хувьдаа завшсан байсан. Мөн шалгалт дуусаж, акт бичигдсэний дараа ажилчдад хувцас хийлгэж тарааж өгсөн. Уг 456.000 төгрөгийн хувцсыг 2018 оны зун арчилгааны огтлолт хийхээр олгогдож, ажилчид хэрэглэсэн байх ёстой байсан. Мөн улсын байцаагчийн акт бичиж зөрчил илэрсний дараа хууль бус үйлдлээ далдахын тулд хувцсыг 2019 оны 04 дүгээр сарын ажилчдад олгосон байдаг юм. Хэрэв хувьдаа завшаагүй бол тайлан балансанд “Ай” хоршооноос авах авлагад бүртгэх ёстой байсан юм. Гэтэл тайлан балансанд тусгаагүй байгаа нь уг 456.000 төгрөгийг анхнаасаа завших сэдэлттэй байсныг илэрхийлж байгаа юм.

Мөн өөрийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй Ай хоршоо руу 2018 оны 05 дугаар 23-ны өдөр материалын үнэ гэж 5.650.000 төгрөг, 2018 оны 07 дугаар 04-ний өдөр кабелийн үнэ гэж 7.650.000 төгрөгийг шилжүүлэн захиран зарцуулсан зэрэг зөрчлүүд илэрсэн юм.

Улсын төсөвт байгууллага нь ямар нэгэн өр, авлага үүсгэсэн болон жилийн эцсийн санхүүгийн тайлан балансанд тусгах ёстой. Б аймгийн Сум дундын ойн анги нь “Ай” хоршоонд ямар нэгэн өртэй асуудал огт байхгүй. 2018 оны тайлан балансанд өр авлага тусгаагүй байсан. Хэрэв 2017 онд өр үүссэн болон 2018 оны санхүүгийн тайланд урьд жилийн өглөг гэж тусгасан байх ёстой. Уг байгууллага нь “Ай” хоршоонд ямар ч өргүй байсан. Улсын төсөвт байгууллага нь ямар нэгэн өр авлага үүсгэсэн бол заавал тайланд тусгах ёстой байдаг” гэх мэдүүлэг,

7. Гэрч Ц.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /3-р хх-ийн 40-42-р хуудас/

“...Хэрэв буцааж мөнгийг шилжүүлсэн бол модны зөрүү гэж шилжүүлсэн байх гэж бодож байна. Өмнө С.Е- нь хувь хүнээс мод худалдаалж авсан мөнгөн дүнгээ манай байгууллагын нэр дээр шилжүүлээд буцаад надаас хувь хүнээс мод авсан мөнгөө гаргуулж авдаг. Тийм байдлаар л 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1.300.000 төгрөгийг буцааж шилжүүлсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

8. Гэрч С.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /2-р хх-ийн 11-15-р хуудас, 3-р хх-ийн 28-29-р хуудас/,

“...би нярвын хувьд “Ай” хоршооноос 2016-2017 онд зээлээр бараа материал авсан зүйл байхгүй. “Ай” хоршооноос нэхэмжлэх авч байсан зүйл байхгүй. Намайг нярваар ажиллаж байхад “Ай” хоршооноос нэг ч бараа материал авч байгаагүй. “Ай” хоршоонд өр зээл тавьж байгаагүй. Харин манай дарга С.Е- нь өөрийн эхнэрийн “Ай” хоршоонд 4 сая төгрөгийн өглөгтэй гэж 2018 оноос хойш ярьж байгаа. “Ай” хоршоонд өгөх уг 4 сая төгрөгийн өрийг 2017-2018 онд үүссэн гэж яриад байгаа юм. Нярав нь заавал орлого авах ёстой байдаг, гэтэл “Ай” хоршооноос няравт орлого авхуулсан зүйл огт байхгүй болохоор тийм өр байхгүй гэж үзэж байна. Манай Сум дундын ойн анги нь 2017 онд ямар нэгэн төсвийн өргүй гарсан. Харин 2018 онд мод үржүүлгийн талбайн цахилгааны өр гэж 2.0 сая гаруй төгрөгийн өр үүссэн. Дарга С.Е- нь “Ай” хоршоонд өртэй гэж байнга л ярьдаг юм. Уг нь Ай хоршооноос бараа материал авсан тохиолдолд нярвыг дагуулж очих ёстой гэтэл нярвыг огт дагуулж явж тооцоод оролцуулдаггүй юм. Харин 2019 оноос аймгийн дотоод аудитаас шалгалт хийснээс хойш л нярвыг тооцоонд оролцуулдаг болсон. Үүнээс хойш нярав би очиж бараа материалыг худалдаж аваад санхүүгийн шатны баримтаа өөрөө бүрдүүлж байгаа. Үүнээс өмнө дарга С.Е- нь жолооч, мэргэжилтэн, манаач нарыг дагуулж очиж бараа материал авчихдаг байсан юм. Ямар ч байсан “Ай" хоршоонд нярав надаар дамжуулж бараа материал худалдаж аваад үүссэн өр байхгүй.

...Манай сум дундын ойн ангиас 2018 оны 08 дугаар сард 2.200.000 төгрөгөөр Цэнгэл, Булган суманд арчилгааны огтлолтын талбай тусгаарлалтын ажил хийсэн. Тэгэхэд уг мөнгийг ажилчдын хөлсөнд зарцуулах ёстой байсан. Тухайн үед хадлан эхэлсэн болохоор цөөхөн хүн авч ажиллуулсан. Тэгэхэд дарга, жолооч, мэргэжилтэн болон миний бие 4-үүлээ явж ажилласан. Тэгэхэд уг газраас нь нийт 16 хүн авч ажиллуулсан. Тэгээд тэр хүмүүст ажлын хөлс олгоод 540.000 төгрөг үлдсэн. Уг 540.000 төгрөгийг бэлэн мөнгөний кассанд хийх ёстой байсан боловч хийгээгүй. Харин манай дарга С.Е- нь уг мөнгийг “Ай” хоршоонд өглөгтэй учраас аваачиж өг гэж нягтлан бодогч Гү- бид хоёрт хэлсэн. Тэгэхэд Гү- уг мөнгийг зориулалтын бусаар зарцуулчихаар зөрчил болчихно шүү дээ гэж даргад хандаж хэлсэн. Тэгэхэд дарга С.Е- нь уг мөнгийг “Ай” хоршоонд хүргэж өг гэж бид хоёроос шаардсан. Тэгээд би Гү-аас өгч болох юм уу гэж асуусан. Тэгэхэд Гү- “Нэгэнт гарсан мөнгө, дарга шаардаад байгаа юм чинь өгөөд салъя даа” гэж хэлсэн. Тэгээд Гү- бид хоёр С.Е- даргын 5-р багт 3-р сургуулийн хажуу талд байрлах гэрт нь очиж уг 540.000 төгрөгийг даргын эхнэр М.Ж-д хүргэж өгсөн. Тухайн өдөр зах ажиллахгүй даваа гараг байсан болохоор М.Ж- гэртээ байсныг тодорхой санаж байна. М.Ж- нь бид хоёроос уг мөнгийг тоолоод авсан юм. Тэгэхэд Ж- нь цаасан дээр Толбо чиглэлийн усжуулалтын системийн ажилчдын хоол хүнсийг хувиасаа авч өгсөн түүний мөнгө гэж хэлж байсан. Уг мөнгө нь зориулалтын 15.0 сая төгрөгөөс зарцуулагдах ёстой байсан юм.

Манай сум дундын ойн анги нь аймгийн Засаг даргын орлогчтой гэрээ байгуулан 2018 онд толбо чиглэлийн усжуулалтын системийг 15.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

Уг ажлыг хийж гүйцэтгэхэд гаднаас гагнуурчин авч ажиллуулсныг эс тооцвол ажилчид авч ажиллуулсан зүйл байхгүй. Т-, Н-, К-, Ж-, талийгаач мод үржүүлгийн талбайн манаач Х.Д- нарыг илүү цагаар ажиллуулсан юм байна лээ. Тэгэхдээ тэдэнд илүү цагийн мөнгө ч өгөөгүй. Уг 15.0 сая төгрөгөөс Ай хоршоо руу 2 удаагийн гүйлгээгээр 13.300.000 төгрөгийг шилжүүлэн бараа материал худалдаж авсан.

2018 оны эцсээр 979.200 төгрөг дансанд шилжүүлсэн байгаа гэж түүнийг гаргаж өг гэж Е- дарга надад хэлсэн. Тэгээд Гү- уг мөнгийг бэлэн мөнгөний касс руу шилжүүлчихсэн байсан. Би Гү-т уг мөнгийг гаргаж өгсөн. Тэгэхэд ямар ч байсан оны эцэс болж байсан. Түүний дараа 2019 оны 1 дүгээр сарын сүүлчээр Е- дарга 979.200 төгрөг тоолж өгсөн, үүнийг кассанд хий гэж хэлсэн. Тэгээд би уг мөнгийг кассанд хийсний дараа дахиад гаргаж ирээд К-, Н-, Т-, Ж- нарыг усжуулалтын системд ажилласны хөлс гэж хэлээд өгсөн. Тэгэхэд Е- дарга наад хүмүүсээрээ гарын үсэг зуруулж аваарай гэж хэлсэн. Энэ баримт одоо санхүүгийн баримтанд байгаа. Дээрх бүх гүйлгээний санхүүгийн баримтад дарга С.Е- 1-р гарын үсгийг зурсан, 2-р гарын үсгийг нягтлан бодогч зурсан. Уг 979.200 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сард манай дарга С.Е- надад өөрийн сейфнээс гаргаж өгсөн. Тэгэхэд өөрийнхөө сейфнээс гаргаж надад тоолж өгсөн. Тэгэхэд би даргаас мөнгө тоолж аваад тэмдэглэлд бичсэн байгаа гэх мэдүүлэг,

9. Гэрч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /3-р хх-ийн 36-37-р хуудас/ “...манай байгууллага нь 2018 оны 05 дугаар сард 1000 ширхэг, улиас, бургасны суулгацыг Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангиас 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгэхэд манай байгууллагын дансанд мөнгө байхгүй, мод тарих хугацаа өнгөрөх гээд байсан болохоор байгаль хамгаалагч М.Н-аас 2.000.000 төгрөг зээлдэж аваад 500.000 төгрөгийг бэлнээр Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангийн дарга С.Е-ад албан өрөөнд нь бэлнээр гарт нь өгсөн юм...” гэх мэдүүлэг,

10. Гэрч М.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /2-р хх-ийн 8-10-р хуудас, 3-р хх-ийн 32-34-р хуудас/,

“... Сум дундын ойн анги нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа ойн судалгаа хөгжлийн төвтэй 2018 оны 05 дугаар сард гэрээ байгуулж Баяннуур суманд 10.0 сая төгрөгөөр ногоон хэрмийн ойн зурвас байгуулсан. Тэгэхдээ уг ойн зурваст 3000 ширхэг суулгац суулгасан. Сум дундын ойн ангийн дарга С.Е-ын шийдвэрээр 1600 ширхэг модыг тус ойн ангийн мод үржүүлгийн талбайгаас бэлтгэн авч тухайн газарт хүргэж суулгасан. Үлдсэн 1.400 ширхэг модыг Увс аймгийн “Үр жимс” хоршооноос худалдан авч ирж суулгасан. 1 ширхэг суулгацыг 1300 төгрөгөөр худалдаж авдаг. 3000 ширхэг суулгацыг 3.900.000 төгрөгөөр авсан гэж тайлагнагдсан. Ингэхдээ 1600 ширхэг модны үнэ болох 2.080.000 төгрөгөөр аль нэг иргэн аж ахуйн нэгжээс худалдан авч суулгасан зүйл байхгүй. Уг 1600 ширхэг суулгацыг мод үржүүлгийн талбайгаас авч тарьсан. Уг 1600 ширхэг модны үнэ гэж орлого авсан зүйл байхгүй. Уг 1600 ширхэг бургас, улиас модыг талбайн техникч Т-, гэрээт ажилтан Мурагер, миний бие Н-, дарга С.Е-, талбайн манаач Ж, бид нар барилгын материал ачиж явсан маяти маркийн тээврийн хэрэгсэлд ачиж Баяннуур суманд хүргэж Ногоон хэрмийн талбайд жигдхэн тарааж тарьсан. Увс аймгаас авч ирсэн модыг ч гэсэн бид нар тухайн талбайд суулгасан...” гэх мэдүүлэг,

11. Гэрч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /3-р хх-ийн 13-15-р хуудас/ “...Намайг уг ажлыг хийж байхад С.Е- дарга нь талбай дээрээ ажил гэж хэлээд нярвын ажилд оролцуулах сонирхолгүй байсан. Би дарга С.Е-ад нярвын ажлыг хууль журмын дагуу явуулахгүй бол би танд худал баримт гаргаж өгч чадахгүй гэсэн. Мөн С.Е- дарга 2018 оны эцсээр надад “Аудит орж, жилийн эцсийн хяналт шалгалт хийгдэх учраас санхүүгийн баримт бичгээ цэгцэл” гэж хэлсэн. Би хариуд нь “Над дээр ямар нэгэн данс байхгүй, ямар нэгэн орлого зарлага аваагүй болохоор худал баримт бүрдүүлж чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхэд С.Е- намайг чи нярав хүн учраас бүгдийг нь мэдэх ёстой, баримтыг бүрдүүл гэж надаас шаардсан. Тэгэхээр нь би та надаас нярвын ажил хийлгээгүй учраас хаанаас хэдэн төгрөгийн орлого, зарлага гаргасныг мэдэхгүй, тийм учраас би уг баримтыг бүрдүүлэх боломжгүй гэж хэлсэн юм. Тухайн үед С.Е- дарга миний гарын үсэг зураагүй орлого, зарлагын баримт дээр миний гарын үсэг зурсан мэт сэжигтэй баримт бичиг анзаарагдаж эхэлсэн болохоор би гарын үсэг зурахгүйгээр дардас ашиглаж эхэлсэн. Би миний гарын үсгийг ашиглаад хууль бус үйлдэл хийж магадгүй гэж бодоод дардас ашиглах болсон...” гэх мэдүүлэг,

12. Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаартай “Модлог ургамал тариалагч” НҮТББ-ийн Хаан банкны 5830152974 тоот данс руу 1.512.500 төгрөг шилжүүлсэн төлбөрийн хүсэлтийн хуулбар /хх-1-199/,

13. Х банкны 5***********4 тоот данс руу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1.512.500 төгрөг шилжүүлсэн, уг мөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр *********** тоот данс руу шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 53-57-р хуудас/,

14. Х банкны ********* тоот данснаас 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* тоот данс руу 1.300.000 төгрөг шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 75-р хуудас/,

15. Хаан банкны ******** тоот данс руу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1.300.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, уг данснаас 2019 оны 01 дүгээр сарын 31- ний өдөр 1.200.000 төгрөг бэлнээр зарлагадсан дансны дэлгэрэнгүй хуулга,

16. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/04, 18-06/05, 18-06/06, 18- 06/07, 18-06/14 дугаартай актууд /1-р хх-ийн 107-125-р хуудас/,

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлт: /хх-ийн 98-100-р хуудас/,

“...Б аймгийн Са хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/04 актын 500 000 төгрөгийн зөрчил, 18-06/07 актын 979 200 төгрөгийн, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18-06-/14 дугаартай төлбөрийн актын 456 000 төгрөгийн, нийт 1.935.200 төгрөгийн зөрчил нь тооцоолол, санхүүгийн анхан шатны баримтуудын хувьд үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн 1913001800075 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Е-ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

1. Шүүгдэгч С.Е- нь Б аймгийн Сум дундын ойн ангийн даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баян-Өлгий аймгийн Д сумын “Х сэрхийн улсын тусгай хамгаалалттай газар”-т өөрийн удирдаж буй байгууллагын мод үржүүлгийн талбайгаас 1000 ширхэг суулгацыг худалдан борлуулсны үнэ болох 500.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын сүүлчээр Х.С-ээс бэлнээр авч хувьдаа завшиж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Иргэний нэхэмжлэгч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:Төсвийн байгууллага нь үйл ажиллагааны орлогод аливаа орлогыг тусгах ёстой. Уг 500.000 төгрөгийг бусад зардалд зарцуулах эрхийг авсны үндсэн дээр бусад зардалд зарцуулах эрхтэй. Энэ талаар төсвийн тухай хуульд тусгагдсан байдаг. С.Е-ын уг үйлдэл нь төсвийн тухай хуулийг зөрчсөн байна. Дээрх 500.000 төгрөгийг бэлнээр орж ирсэн болохоор нярав орлогод авч, зарцуулахдаа 1-р гарын үсгийг тухайн байгууллагын дарга С.Е-, 2-р гарын үсгийг нягтлан бодогч зурж зориулалтын дагуу байгууллагын үйл ажиллагаанд зарцуулах ёстой. Бэлэн мөнгөтэй төсвийн шууд захирагч харьцах ёсгүй. Уг дарааллын дагуу дээрх 500.000 төгрөгийг зарцуулаагүй нь ямар нэгэн хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байгааг харуулж байна.” гэх мэдүүлэг /3-рх хх-ийн 11-р хуудас/,

- Гэрч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргын баталсан 03 дугаартай удирдамжийн дагуу Б аймгийн сум дундын ойн ангийн санхүүгийн баримтанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Иргэн Х.Е-ын өргөдөл гаргасны дагуу уг хяналт шалгалтыг хийсэн юм. Тэгэхэд нэлээд зөрчил илэрсэн.

Дэлүүн сумын Хөх сэрх улсын тусгай хамгаалалттай газрын дарга С- нь 2018 онд байгууллагынхаа төсвөөс 500.000 төгрөг зарцуулж сум дундын ойн ангиас 1000 ширхэг суулгац худалдаж авсан байна. Уг 500.000 төгрөгийг Сум дундын ойн ангийн дарга С.Е-ад бэлнээр хүлээлгэн өгсөн. С.Е- нь уг 500.000 төгрөгийг сум дундын ангийн орлогод авахгүйгээр хувьдаа завшсан. Энэ талаар С- уг Е-ад бэлнээр өгсөн талаар тодорхойлолт өгсөн. Уг 500.000 төгрөгийг орлогод авахгүйгээр Е- хувьдаа завшсан талаар нярав Г- тайлбар бичиж өгсөн. Уг тайлбарт Е- уг  мөнгийг бэлнээр авч байхад ахлах мэргэжилтэн Н-, нягтлан бодогч Гү-, Г- өөрөө байсан талаар тайлбартаа бичсэн. С.Е-аас энэ талаар асууж тодруулахад мэдэхгүй, тийм мөнгө аваагүй гэж ярьдаг юм.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 40-42-р хуудас/,

- Гэрч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай байгууллага нь 2018 оны 05 дугаар сард 1000 ширхэг, улиас, бургасны суулгацыг Б аймгийн сум дундын ойн ангиас 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгэхэд манай байгууллагын дансанд мөнгө байхгүй, мод тарих хугацаа өнгөрөх гээд байсан болохоор байгаль хамгаалагч М.Н-аас 2.000.000 төгрөг зээлдэж аваад 500.000 төгрөгийг бэлнээр Б аймгийн сум дундын ойн ангийн дарга С.Е-ад албан өрөөнд нь бэлнээр гарт нь өгсөн юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 36-37-р хуудас/,

- Б аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/04 дугаартай акт /1-р хх-ийн 117-118-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаартай: “...Б аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/04 актын 500.000 төгрөгийн зөрчил нь тооцоолол, санхүүгийн анхан шатны баримтуудын хувьд үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт, түүний 1-р хавсралт /хх-ийн 98-101 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2. Шүүгдэгч С.Е- нь Б аймгийн сум дундын ойн ангийн 2018 оны мод арчилгааны огтлолтын зардал болох 2.200.000 төгрөгөөс 540.000 төгрөгийг хуурамч баримт бүрдүүлэн санхүүгийн баримтад хавсаргаж 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эхнэр М.Ж-д өгч өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Иргэний нэхэмжлэгч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх 2.200.000 төгрөг бүгд нь төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн мод арчилгааны огтлолтын зардалдаа зарцуулагдах ёстой. Гэтэл 540.000 төгрөгийг тухайн зүйлд зарцуулсан гэх баримт бүрдүүлсэн боловч өөр зүйлд зарцуулсан, өөрийн хамаарал бүхий этгээдэд мөнгө шилжүүлсэн хууль бус үйлдэл. Арчилгааны огтлолтын зардлаас 540,000 төгрөгийг хувьдаа завшсан боловч уг үйлдлээ хаацайлах зорилгоор ажилчдын хоол хүнсэнд зарцуулсан гэж тайлбарлаж байгаа байх. Түүнээс уг мөнгийг хуулийн дагуу зарцуулж болно. Мөн ажилчдын хоолонд зарцуулсан гэж үзэхэд уг албан тушаалтан нь ямар нэг хувийн ашиг сонирхлын зөрчилгүй нярав, нягтлан бодогчоор дамжуул болно. Заавал яагаад өөрийнх нь эхнэрээр дамжуулах ёстой гэж. Тэгээд ч хамаарал бүхий этгээддээ мөнгө шилжүүлж өгч болохгүй шүү дээ.” гэх мэдүүлэг /3-рх хх-ийн 11-р хуудас/,

- Гэрч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай байгууллага нь уг “Ай” хоршооноос зээлээр ямар нэгэн авч байсан зүйл байхгүй. “Ай” хоршоо нь Баян-Өлгий аймгийн зах дотор байдаг хувцас, гоо сайхан зардаг дэлгүүр юм. “Ай” хоршоо болон манай сум дундын ойн анги хоёрын хооронд байгуулсан ямар ч гэрээ байхгүй. Би 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр сум дунд ойн ангийн нэмэлт санхүүжилтийн данснаас талбай тусгаарлах буюу арчилгааны мөнгөнөөс 2.200.000 төгрөг зарлагын гүйлгээ хийж, үүнээс татварын данс руу 220.000 төгрөг шилжүүлж, кассанд бэлэн 1.980.000 төгрөг оруулсан. Тухайн үед техникч буюу нярваар Т- ажиллаж байсан боловч манай дарга С.Е- нь бичиг хэргийн ажилтан Г-гаар нярвын ажлыг хийлгэдэг байсан. Уг мөнгөөр Цэнгэл, Булган сумаас арчилгааны огтлолт хийх ажилд 1.440.000 төгрөг зарцуулж 540.000 төгрөг илүү гарсан. Уг мөнгийг С.Е- нь хувьдаа завшсан. Тэгэхдээ С.Е- дарга Г- бид хоёрт “Миний эхнэр Ж- өнөөдөр зах ажиллахгүй гэртээ байгаа, 540.000 төгрөгийг манай эхнэрт хүргэж өг” гэж хэлсэн. Тэгээд Г- бид хоёр Ж-д уг 540.000 төгрөгийг өгөхөөр гэрт нь аваад очсон юм. Тэгээд Ж- нь бидэнд өөрийн тэмдэглэлийн дэвтрийг гаргаж ирээд Толбо чиглэлийн постын дагуух “Ногоон хэрэм”-ийн ажил, Шинэ нисэх буудлын ногоон хэрмийн ажилд ажилласан хүмүүсийн хоолны мөнгө, Т-ийн запас сэлбэг авсан мөнгө гэсэн тэмдэглэл харуулсан. Тэгээд уг 540.000 төгрөгийг Г- бид хоёр С.Е-ын эхнэр Ж-д өгсөн. Тэгэхдээ тухайн үед ямар нэгэн баримт бичүүлж аваагүй. С.Е- нь надад уг 540.000 төгрөгийг санхүүгийн тайлан тооцоонд манай эхнэрт өгсөн гэдгийг харуулж болохгүй, зөвхөн 16 хүний цалинд зарцуулсан гэж тайлагнаарай гэж надад хэлсэн. Тэгээд уг тайлан тооцоог Булган, Цэнгэл суманд ажиллаад явсан мэргэжилтэн Н-, Г- хоёр нь зарцуулсан баримт, тайлангаа гаргаж өгсөн. Тэгээд Г-, Н- бид гуравт уг 540.000 төгрөгийг Ж-д өгсөн гэдгийг хэнд ч хэлж болохгүй шүү гэж хэлсэн юм. С.Е- нь 1 дүгээр гарын үсэг зурдаг учраас мөнгө шилжүүлж чадахгүй бол ажлаа өгөөд ажлаасаа гар гэж дарамт шахалт үзүүлдэг.

... 2018 оны 08 дугаар сард Б, Ц суманд ойн арчилгаа, талбайн тусгаарлалтын ажлаар манай байгууллагын 4 ажилтан /Е-, Н-, Г-, М-/, хөдөө орон нутгаас 2 байгаль хамгаалагч, ажил хийлгэх 16 хүний хоол хүнсэнд зарцуулахаар дээрх 2.200.000 төгрөгөөс гадна 400.000 төгрөг, түргэн элэгдэх зүйлсийн үнэ гэж 196.000 /ойролцоогоор, 176.000 ч байж магадгүй/ төгрөг бэлнээр авч явсан. Ажил дуусаад ирээд тайлан тооцоог бичиг хэргийн ажилтан Г- гаргаж өгсөн. Энэ нь бүгд санхүүгийн баримтанд байгаа. Уг ажилд “Ай” хоршоо болон Ж-аас хоол хүнс авч хэрэглэсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-40-р хуудас, 58-59-р хуудас, 3-р хх-ийн 16-19-р хуудас/,

- Гэрч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргын баталсан 03 дугаартай удирдамжийн дагуу Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангийн санхүүгийн баримтанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Иргэн Х.Е-ын өргөдөл гаргасны дагуу уг хяналт шалгалтыг хийсэн юм. Тэгэхэд нэлээд зөрчил илэрсэн.

Арчилгааны мөнгө гэж 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2.200.000 төгрөгийг байгууллагын кассанд шилжүүлэн бэлнээр авч зарцуулсан. Ингэхдээ санхүүгийн анхан шатны баримтыг 2.200.000 төгрөгөөр Цэнгэл, Булган суманд арчилгаа хийхдээ бүрэн зарцуулсан гэж тайлагнасан боловч 540.000 төгрөгийг бэлнээр буцаан авч ирж өөрийн Ж-д нягтлан бодогч Гү-, нярав Г- нараар дамжуулан өгүүлж Е- хувьдаа завшсан байгаа юм. Энэ талаар Ж-аас тайлбар бичүүлж авсан байдаг юм.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 40-42-р хуудас/,

- Гэрч С.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сум дундын ойн ангиас 2018 оны 08 дугаар сард 2.200.000 төгрөгөөр Цэнгэл, Булган суманд арчилгааны огтлолтын талбай тусгаарлалтын ажил хийсэн. Тэгэхэд уг мөнгийг ажилчдын хөлсөнд зарцуулах ёстой байсан. Тухайн үед хадлан эхэлсэн болохоор цөөхөн хүн авч ажиллуулсан. Тэгэхэд дарга, жолооч, мэргэжилтэн болон миний бие 4-үүлээ явж ажилласан. Тэгэхэд уг газраас нь нийт 16 хүн авч ажиллуулсан. Тэгээд тэр хүмүүст ажлын хөлс олгоод 540.000 төгрөг үлдсэн. Уг 540.000 төгрөгийг бэлэн мөнгөний кассанд хийх ёстой байсан боловч хийгээгүй. Харин манай дарга С.Е- нь уг мөнгийг “Ай” хоршоонд өглөгтэй учраас аваачиж өг гэж нягтлан бодогч Гү- бид хоёрт хэлсэн. Тэгэхэд Гү- уг мөнгийг зориулалтын бусаар зарцуулчихаар зөрчил болчихно шүү дээ гэж даргад хандаж хэлсэн. Тэгэхэд дарга С.Е- нь уг мөнгийг “Ай” хоршоонд хүргэж өг гэж бид хоёроос шаардсан. Тэгээд би Гү-аас өгч болох юм уу гэж асуусан. Тэгэхэд Гү- “Нэгэнт гарсан мөнгө, дарга шаардаад байгаа юм чинь өгөөд салъя даа” гэж хэлсэн. Тэгээд Гү- бид хоёр С.Е- даргын 5-р багт 3-р сургуулийн хажуу талд байрлах гэрт нь очиж уг 540.000 төгрөгийг даргын эхнэр М.Ж-д хүргэж өгсөн. Тухайн өдөр зах ажиллахгүй даваа гараг байсан болохоор М.Ж- гэртээ байсныг тодорхой санаж байна. М.Ж- нь бид хоёроос уг мөнгийг тоолоод авсан юм.

Тэгэхэд Ж- нь цаасан дээр Толбо чиглэлийн усжуулалтын системийн ажилчдын хоол хүнсийг хувиасаа авч өгсөн түүний мөнгө гэж хэлж байсан. Уг мөнгө нь зориулалтын 15.0 сая төгрөгөөс зарцуулагдах ёстой байсан юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 11-15-р хуудас, 3-р хх-ийн 28-29-р хуудас/,

- Б аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/06 дугаартай акт /1-р хх-ийн 121-122-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

3. Шүүгдэгч С.Е- нь Б суманд ногоон хэрмийн ойн зурвас байгуулах төслийн 10.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгэхдээ өөрийн удирдаж буй байгууллагын мод үржүүлгийн талбайгаас 1600 ширхэг мод суулгасан боловч хуурамч баримт бичиг бүрдүүлэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2.080.000 төгрөгийг хувьдаа завшиж, уг мөнгөнөөс 1.300.000 төгрөгийг эхнэр М.Ж-ы дансаар дамжуулан авч өөртөө болон хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Иргэний нэхэмжлэгч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Сум дундын ойн анги нь төрийн үйлчилгээний байгууллага учраас Баяннуур сумын ЗДТГ-тай 10 сая төгрөгийн гэрээ байгуулж уг ажлыг гүйцэтгэж болно гэж үзэж байна. Уг байгууллага нь өөрийн мод үржүүлгийн талбайгаас 1600 ширхэг мод суулгасан бол түүний үнэ болох 2.080.000 төгрөгийг өөр хувийн аж ахуйн нэгж рүү шилжүүлэхгүйгээр ойн ангийн мод худалдан борлуулсан орлого гэж үйл ажиллагааны орлогын дансанд авч, байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулах ёстой. Иймд би Сум дундын ойн ангийг уг үйлдлийн улмаас 2.080.000 төгрөгөөр хохирсон гэж үзэж байна. 1600 ширхэг модны үнийг өөр хувийн аж ахуйн нэгж рүү огт шилжүүлэх шаардлагагүй юм байна.” гэх мэдүүлэг /3-рх хх-ийн 11-р хуудас/,

- Гэрч М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Харин би уг сум дундын ойн анги нь 2018 онд Б сумын Ногоон хэрмийн ажил хийж гүйцэтгэхэд хөлсөөр, жолоочоор ажилласан. Б сумын Ногоон хэрмийн ажилд ажилласны хөлсөнд 2018 оны 11 дүгээр сард 200.000 гаруй төгрөг авсан. С.Е- миний нэр дээр хуурамч баримт бүрдүүлж мөнгө зарлагадаж байгаа талаар надад ямар нэгэн зүйл яриагүй. Энэ талаар надтай ярилцсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 24-25-р хуудас/,

- Гэрч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргын баталсан 03 дугаартай удирдамжийн дагуу Б аймгийн сум дундын ойн ангийн санхүүгийн баримтад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Иргэн Х.Е-ын өргөдөл гаргасны дагуу уг хяналт шалгалтыг хийсэн юм. Тэгэхэд нэлээд зөрчил илэрсэн.

Б суманд ногоон хэрмийн ойн зурвас байгуулах төслийн 10.0 сая төгрөгийг Б аймгийн Сум дундын ойн анги 2018 онд шилжүүлэн авсан. Уг ажлыг хийхэд 6.100.000 төгрөгөөр хашаа барьсан, 3.900.000 төгрөгөөр 3000 ширхэг модны суулгац худалдаж авах ёстой байсан. Гэтэл 1600 ширхэг суулгацыг өөрсдийн мод үржүүлгийн талбайгаас зарлагадсан. 800 ширхэг модыг бусад газраас нэг бүрийг 1.300 төгрөгөөр нийт 1.040.000 төгрөгөөр худалдаж авсан. Үлдсэн 1600 ширхэг модыг өөрсдийн мод үржүүлгийн талбайгаас зарцуулж, түүний орлого аваагүй мөртлөө уг 2.080.000 төгрөгөөр 1600 мод худалдаж авсан гэж давхардуулан тайлагнаж С.Е- нь хувьдаа нь завшсан гэж үзэж улсын байцаагчийн 18-06/05 тоот акт тогтоосон юм. Мэргэжилтэн Н- нь 1600 ширхэг модыг мод үржүүлгийн талбайгаас авч Баяннуур сумын Ногоон хэрмийн ажилд зарцуулсан. Уг 1600 ширхэг модыг мөнгөөр худалдсан зүйл байхгүй гэж тайлагнасан. Уг 2.080.000 төгрөгийг дансаар дамжуулан гаргаж С.Е- нь хувьдаа завшсан. Ингэхдээ 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны ******** тоот дансаар хайлаас болон шар хуайсын үнэ гэж 1.512.500 төгрөг, 1******** тоот дансаар 1.450.000 төгрөгийг чацаргана улиасны үнэ гэж зарцуулан уг мөнгөнөөс 2.080.000 төгрөгийг С.Е- хувьдаа завшсан гэж үзээд улсын байцаагчийн акт тогтоосон.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 40-42-р хуудас/,

- Гэрч Ц.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрэв буцааж мөнгийг шилжүүлсэн бол модны зөрүү гэж шилжүүлсэн байх гэж бодож байна. Өмнө С.Е- нь хувь хүнээс мод худалдаалж авсан мөнгөн дүнгээ манай байгууллагын нэр дээр шилжүүлээд буцаад надаас хувь хүнээс мод авсан мөнгөө гаргуулж авдаг. Тийм байдлаар л 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1.300.000 төгрөгийг буцааж шилжүүлсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 40-42-р хуудас/,

- Гэрч М.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Сум дундын ойн анги нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа ойн судалгаа хөгжлийн төвтэй 2018 оны 05 дугаар сард гэрээ байгуулж Баяннуур суманд 10.0 сая төгрөгөөр ногоон хэрмийн ойн зурвас байгуулсан. Тэгэхдээ уг ойн зурваст 3000 ширхэг суулгац суулгасан. Сум дундын ойн ангийн дарга С.Е-ын шийдвэрээр 1600 ширхэг модыг тус ойн ангийн мод үржүүлгийн талбайгаас бэлтгэн авч тухайн газарт хүргэж суулгасан. Үлдсэн 1.400 ширхэг модыг Увс аймгийн “Үр жимс” хоршооноос худалдан авч ирж суулгасан. 1 ширхэг суулгацыг 1300 төгрөгөөр худалдаж авдаг. 3000 ширхэг суулгацыг 3.900.000 төгрөгөөр авсан гэж тайлагнагдсан. Ингэхдээ 1600 ширхэг модны үнэ болох 2.080.000 төгрөгөөр аль нэг иргэн аж ахуйн нэгжээс худалдан авч суулгасан зүйл байхгүй. Уг 1600 ширхэг суулгацыг мод үржүүлгийн талбайгаас авч тарьсан. Уг 1600 ширхэг модны үнэ гэж орлого авсан зүйл байхгүй. Уг 1600 ширхэг бургас, улиас модыг талбайн техникч Т-, гэрээт ажилтан Мурагер, миний бие Н-, дарга С.Е-, талбайн манаач Ж-, бид нар барилгын материал ачиж явсан маяти маркийн тээврийн хэрэгсэлд ачиж Б суманд хүргэж Ногоон хэрмийн талбайд жигдхэн тарааж тарьсан. Увс аймгаас авч ирсэн модыг ч гэсэн бид нар тухайн талбайд суулгасан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 8-10-р хуудас, 3-р хх-ийн 32-34-р хуудас/,

- Бй аймгийн Сум дундын ойн ангийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаартай “Модлог ургамал тариалагч” НҮТББ-ийн Х банкны 5******* тоот данс руу 1.512.500 төгрөг шилжүүлсэн төлбөрийн хүсэлтийн хуулбар /хх-1-199/,

- Х банкны 5********4 тоот данс руу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1.512.500 төгрөг шилжүүлсэн, уг мөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 5********9 тоот данс руу шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 53-57-р хуудас/,

- Х банкны 5********9 тоот данснаас 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 5*********9 тоот данс руу 1.300.000 төгрөг шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 75-р хуудас/,

- Х банкны 51*****69 тоот данс руу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1.300.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, уг данснаас 2019 оны 01 дүгээр сарын 31- ний өдөр 1.200.000 төгрөг бэлнээр зарлагадсан дансны дэлгэрэнгүй хуулга,

- Б аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/05 дугаартай акт /1-р хх-ийн 119-120-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4. Шүүгдэгч С.Е- нь Толбо чиглэлийн зам дагуу ойн зурваст услалтын систем байгуулах 15.0 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын санхүүжилтийн үлдэгдэл 979.200 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуурамч баримт бүрдүүлэн хувьдаа завшиж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Иргэний нэхэмжлэгч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Толбо чиглэлийн зам дагуу ойн зурваст услалтын систем байгуулах 15.0 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын санхүүжилт нь 2018 онд сум дундын ойн дансанд бүрэн шилжүүлсэн бол тухайн үйл ажиллагаандаа зарцуулах ёстой. Өөрийн байгууллагын ажилчдад цалин болгоод өгөх гэсэн бол уг ажлын гүйцэтгэлийн тайланг гаргахдаа ажилчдадаа цалин гээд олгочихсон байх ёстой юм. Гэтэл 2019 онд ажилчдадаа дээрх мөнгийг олгож байгаа үйлдэл нь өөрийн хууль бус үйлдлийг зөвтгөх, өөрийн үйлдлийг цайруулах гэсэн оролдлого байна. С.Е- нь 2018 онд уг мөнгийг уг ажлыг гүйцэтгэхэд цалин болгож өгсөн бол одоо ямар нэгэн хууль бус зүйл яригдахгүй. Товчхондоо бол С.Е-ын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн үйлдлээр гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, харин 2019 оны үйлдэл нь өөрийгөө цайруулах гэсэн л оролдлого байна.” гэх мэдүүлэг /3-рх хх-ийн 11-р хуудас/,

- Гэрч М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны зун Баян-Өлгий аймгийн сум дундын ойн анги нь Толбо чиглэлийн усжуулалтын систем байгуулах ажилд хөлсөөр болон сайн дураараа ажилласан зүйл огт байхгүй. Харин би уг сум дундын ойн анги нь 2018 онд Ба сумын Ногоон хэрмийн ажил хийж гүйцэтгэхэд хөлсөөр, жолоочоор ажилласан. Б сумын Ногоон хэрмийн ажилд ажилласны хөлсөнд 2018 оны 11 дүгээр сард 200.000 гаруй төгрөг авсан. Уг сум дундын ойн ангиас надад Толбо чиглэлийн усжуулалтын системийн ажилд ажилласан гэж ямар нэгэн цалин, хөлс, урамшуулал өгсөн зүйл байхгүй. С.Е- миний нэр дээр хуурамч баримт бүрдүүлж мөнгө зарлагадаж байгаа талаар надад ямар нэгэн зүйл яриагүй. Энэ талаар надтай ярилцсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 24-25-р хуудас/,

- Гэрч К.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... ямар нэгэн мөнгө төгрөг авч байгаагүй. М.Д-, Х.А- нарыг танихгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-р хуудас/,

- Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ тухай юу ч мэдэхгүй юм байна. Ямар нэгэн мөнгө төгрөг авч байгаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-р хуудас/,

- Гэрч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дарга С.Е- нь 2018 оны эцэст тендерээс хэмнэлт мөнгө үлдэх ёстой, хэдэн төгрөг үлдсэн вэ тооцоогоо гаргаж ир гэж надад хэлсэн. Тэгээд би дансаа шалгаж үзээд “2018 оны эцэст манай сумын дундын ойн ангийн нэмэлт дансанд 979.200 төгрөгийн үлдэгдэлтэй, хэмнэлттэй байна” гэж хэлсэн. Тэгэхэд дарга С.Е- нь би энэ мөнгийг гаргаж авна, манай эхнэрийн “Ай” хоршоо нь манай байгууллагаас авлагатай гэж хэлсэн. Тэгээд би хэрэв авлага байвал баримтаа аваад ир гэж С.Е-ад хэлсэн. Тэгээд С.Е- нь “Ай” хоршооны нэр дээр шургаа мод, төмөр торны нэхэмжлэх авч ирж өгсөн. Би уг баримтыг хараад зураг төсвийн дагуу шургаа мод төмөр торны мөнгө шилжүүлсэн. Одоо ингэж шилжүүлэх боломж байхгүй гэж С.Е- даргад хэлсэн. Тэр надад би уг 979.200 төгрөгийг “Ногоон хэрэм”-ийн ажилласан 3 хүний ажлын хөлс гэж гаргаж авна гэж надад хэлсэн. Тэгэхэд өрөөндөө бид 4-үүлээ сууж байсан. Тэгэхэд дарга С.Е- би 1 регистрийн дугаар олно, бусад нь хамаагүй 2 хүний регистрийн дугаар олоод өгөөрэй гэж хэлсэн юм. Тэгээд дарга С.Е- нь М.Д-гийн регистр хийж өгсөн. Би К.М-гийн регистрийн дугаарыг олж өгсөн. Тэгээд өөр хүний регистрийн дугаар олдохгүй болохоор Х.А- гэх зун 10 хоног гэрээгээр ажилласан хүний регистрийн дугаарыг ашиглаж дээрх 979.200 төгрөгийг бэлэн мөнгөний кассад шилжүүлсэн. Тэгээд кассад байсан мөнгийг Г- надад үүнийг даргад өгөөрэй, энэ даргын мөнгө гэж хэлээд надад өгсөн. Тэгэхээр нь би баасан гараг болоод дарга ажлаасаа явчихсан байсан болохоор сейфтээ хадгалаад дараагийн долоо хоногийн даваа гарагт 97.920 төгрөгийг татварын газарт шилжүүлж үлдсэн 881.280 төгрөгийг С.Е- даргад өгсөн. Уг мөнгийг дээрх 3 хүнд өгсөн зүйл байхгүй. Тэр хүмүүс ч мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-40-р хуудас, 58-59-р хуудас,3-р хх-ийн 16-19-р хуудас/,

- Гэрч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргын баталсан 03 дугаартай удирдамжийн дагуу Бй аймгийн сум дундын ойн ангийн санхүүгийн баримтанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Иргэн Х.Е-ын өргөдөл гаргасны дагуу уг хяналт шалгалтыг хийсэн юм. Тэгэхэд нэлээд зөрчил илэрсэн.

Б аймгийн сум дундын ойн анги нь орон нутгийн төсвөөс 15.0 сая төгрөгөөр Толбо чиглэлийн хатуу хучилттай замын дагуух ойн зурваст услалтын систем байгуулах гэрээ байгуулан ажилласан. Тэгэхдээ 979.200 төгрөгийг газар шорооны ажилд ажилласан хүмүүсийн цалин гэж баримт бүрдүүлж тайлагнан С.Е- нь хувьдаа завшсан бөгөөд хяналт шалгалт дуусаж акт тавигдсаны дараа уг мөнгийг 2019 оны ажилчдадаа тарааж өгсөн гэх хуурамч баримт бичгийг бүрдүүлэн авч ирсэн. Тэгэхэд би уг баримтыг хүлээж аваагүй. Газар шорооны ажил хийсэн гэх 3 хүнээс тодруулж асуухад уг мөнгийг тэдэнд өгөөгүй болох нь тогтоогддог. Өөрийн нягтлан бодогчид дарамт шахалт үзүүлж хуурамч баримт бүрдүүлэн уг 979.200 төгрөгийг хувьдаа завшсан. Өөрийн уг үйлдлээ нуун дарагдуулахын тулд дараа өөрийн ажилчдад уг мөнгийг хуваан өгч баримт бүрдүүлсэн байдаг юм. С.Е- хяналт шалгалт хийгдэж байх үед 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр буцааж 870.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 150.000 төгрөгийг байгууллага дахь жижиг мөнгөн сан /кассын данс/-д тушааж, түүнийгээ ажилчдадаа хувцасны үнэд тарааж өгсөн гэх баримт үйлдэн хууль бус үйлдлээ нуун дарагдуулах оролдлого хийсэн.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 40-42-р хуудас/,

- Гэрч С.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхэд Ж- нь цаасан дээр Толбо чиглэлийн усжуулалтын системийн ажилчдын хоол хүнсийг хувиасаа авч өгсөн түүний мөнгө гэж хэлж байсан. Уг мөнгө нь зориулалтын 15.0 сая төгрөгөөс зарцуулагдах ёстой байсан юм. Манай сум дундын ойн анги нь аймгийн Засаг даргын орлогчтой гэрээ байгуулан 2018 онд толбо чиглэлийн усжуулалтын системийг 15.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

Уг ажлыг хийж гүйцэтгэхэд гаднаас гагнуурчин авч ажиллуулсныг эс тооцвол ажилчид авч ажиллуулсан зүйл байхгүй. Т-, Н-, К-, Ж-, талийгаач мод үржүүлгийн талбайн манаач Х.Д- нарыг илүү цагаар ажиллуулсан юм байна лээ. Тэгэхдээ тэдэнд илүү цагийн мөнгө ч өгөөгүй. Уг 15.0 сая төгрөгөөс Ай хоршоо руу 2 удаагийн гүйлгээгээр 13.300.000 төгрөгийг шилжүүлэн бараа материал худалдаж авсан. 2018 оны эцсээр 979.200 төгрөг дансанд шилжүүлсэн байгаа гэж түүнийг гаргаж өг гэж Е- дарга надад хэлсэн.

Тэгээд Гү- уг мөнгийг бэлэн мөнгөний касс руу шилжүүлчихсэн байсан. Би Гү-т уг мөнгийг гаргаж өгсөн. Тэгэхэд ямар ч байсан оны эцэс болж байсан. Түүний дараа 2019 оны 1 дүгээр сарын сүүлчээр Е- дарга 979.200 төгрөг тоолж өгсөн, үүнийг кассанд хий гэж хэлсэн. Тэгээд би уг мөнгийг кассанд хийсний дараа дахиад гаргаж ирээд К-, Н-, Т-, Ж- нарыг усжуулалтын системд ажилласны хөлс гэж хэлээд өгсөн.

Тэгэхэд Е- дарга наад хүмүүсээрээ гарын үсэг зуруулж аваарай гэж хэлсэн. Энэ баримт одоо санхүүгийн баримтад байгаа. Дээрх бүх гүйлгээний санхүүгийн баримтад дарга С.Е- 1-р гарын үсгийг зурсан, 2-р гарын үсгийг нягтлан бодогч зурсан. Уг 979.200 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сард манай дарга С.Е- надад өөрийн сейфнээс гаргаж өгсөн. Тэгэхэд өөрийнхөө сейфнээс гаргаж надад тоолж өгсөн. Тэгэхэд би даргаас мөнгө тоолж аваад тэмдэглэлд бичсэн байгаа гэх мэдүүлэг /2-р хх-ийн 11-15-р хуудас, 3-р хх-ийн 28-29-р хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18- 06/07 дугаартай акт /1-р хх-ийн 107-125-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/04 актын 18-06/07 актын 979 200 төгрөгийн зөрчил нь тооцоолол, санхүүгийн анхан шатны баримтуудын хувьд үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 98-100-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Шүүгдэгч С.Е- нь Уг байгууллагын 2018 оны арчилгааны огтлолт хийх үед хэрэглэх хувцасны зардалд зарцуулах 456.000 төгрөгийг өөрийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “Ай” хоршооны данс руу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Иргэний нэхэмжлэгч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Магадгүй С.Е- нь аудит болон хууль хяналтын байгууллагад шалгагдаагүй байсан бол уг 456.000 төгрөгийн хувцсыг өгөх ч юм уу, үгүй ч юм уу, эргэлзээтэй л юм байна. Хэрэв уг мөнгө нь 2018 онд орж ирсэн бол тухайн жилийн арчилгааны огтлолт хийхэд ажилчдын хувцсанд зарцуулах ёстой байсан. Гэтэл ажилчдын хувцасны зардлыг ажлыг дуусгасны дараа оны эцэст хамаарал бүхий этгээдийнхээ данс руу зарцуулж байгаа нь ямар нэгэн ашиглалын санаа зорилго агуулсан гэж үзэж байна. Мөн С.Е- нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн байна. С.Е- нь төсвийн шууд захирагч бөгөөд Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангийн даргын хувьд төсвийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий албан тушаалтан мөн. Хувийн ашиг сонирхлын зөрчил, хувийн сэдлээс болж уг хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үнэхээр байгууллагаа гэсэн бол уг хуулийг зөрчихгүйгээр ажлаа хийгээд явах боломжтой.  Уг хуулиудыг хэрэгжүүлсэн тохиолдолд ийм асуудал үүсэхгүй, ийм асуудал үүсгэхгүйн тулд уг хуулиуд байгаа. ...хохирлыг Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангийн төрийн сан дахь дансанд төлж барагдуулах хүсэлтэй байна. Нийт 4.555.200 төгрөгийн хохирол учирснаас 979.200 төгрөг, 456.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, хохиролгүй болсон гэж үзэж байгаа. Бусад 3.120.000 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /3-рх хх-ийн 11-р хуудас/,

- Гэрч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллага нь ойн судалгаа хөгжлийн төвөөс арчилгааны үлдэгдэл 30% буюу 1.440.000 төгрөгийн авлагатай байсан. Ойн судалгаа хөгжлийн төв нь уг мөнгөө 2018 оны 12 дугаар сард манай байгууллагад шилжүүлж өгсөн. Тэгээд би уг мөнгөнөөс ажилчдын томилолтод шилжүүлж өгөхөд 456.000 төгрөгийн хэмнэлт гарсан. Тэгэхэд С.Е- дарга бас л манай “Ай” хоршоо авлагатай уг мөнгийг авна гэсэн. Тэгэхэд “Ай” хоршооны 456.000 төгрөгийн нэхэмжлэх авч ирж өгсөн. Уг нэхэмжлэхэд “ажлын хослол” гэж бичээд аваад ирсэн. Тэгээд би 2015 онд ойн судалгаа хөгжлийн төвд хослол авсан юм байлгүй дээ гэж бодоод л уг мөнгийг “Ай” хоршооны данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд уг хослолыг авч ирж өгөхгүй байж байгаад аудитын акт тавигдсаны дараа 2019 оны 04 дүгээр сарын эхэнд манай ажилчдад 8 ширхэг хослол авч ирж өгсөн. Үнэндээ бол уг мөнгийг завшчихсан байж байгаад тэр нь илрэхээр ялт ч үгүй хослол авч ирж өгч байгаа юм шүү дээ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-40-р хуудас,58-59-р хуудас,3-р хх-ийн 16-19-р хуудас/,

- Гэрч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргын баталсан 03 дугаартай удирдамжийн дагуу Б аймгийн сум дундын ойн ангийн санхүүгийн баримтанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Иргэн Х.Е-ын өргөдөл гаргасны дагуу уг хяналт шалгалтыг хийсэн юм. Тэгэхэд нэлээд зөрчил илэрсэн.

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр арчилгааны огтлолт хийхэд ажилласан хүмүүсийн хувцасны үнэ гэж 456.000 төгрөгийг “Ай” хоршоонд шилжүүлэн хувьдаа завшсан байсан. Мөн шалгалт дуусаж, акт бичигдсэний дараа ажилчдад хувцас хийлгэж тарааж өгсөн. Уг 456.000 төгрөгийн хувцсыг 2018 оны зун арчилгааны огтлолт хийхээр олгогдож, ажилчид хэрэглэсэн байх ёстой байсан. Мөн улсын байцаагчийн акт бичиж зөрчил илэрсний дараа хууль бус үйлдлээ далдахын тулд хувцсыг 2019 оны 04 дүгээр сарын ажилчдад олгосон байдаг юм. Хэрэв хувьдаа завшаагүй бол тайлан балансанд “Ай” хоршооноос авах авлагад бүртгэх ёстой байсан юм. Гэтэл тайлан балансанд тусгаагүй байгаа нь уг 456.000 төгрөгийг анхнаасаа завших сэдэлттэй байсныг илэрхийлж байгаа юм.

Улсын төсөвт байгууллага нь ямар нэгэн өр, авлага үүсгэсэн болон жилийн эцсийн санхүүгийн тайлан балансанд тусгах ёстой. Б аймгийн Сум дундын ойн анги нь “Ай” хоршоонд ямар нэгэн өртэй асуудал огт байхгүй. 2018 оны тайлан балансанд өр авлага тусгаагүй байсан. Хэрэв 2017 онд өр үүссэн болон 2018 оны санхүүгийн тайланд урьд жилийн өглөг гэж тусгасан байх ёстой. Уг байгууллага нь “Ай” хоршоонд ямар ч өргүй байсан. Улсын төсөвт байгууллага нь ямар нэгэн өр авлага үүсгэсэн бол заавал тайланд тусгах ёстой байдаг” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 40-42-р хуудас/,

- Гэрч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг уг ажлыг хийж байхад С.Е- дарга нь талбай дээрээ ажил гэж хэлээд нярвын ажилд оролцуулах сонирхолгүй байсан. Би дарга С.Е-ад нярвын ажлыг хууль журмын дагуу явуулахгүй бол би танд худал баримт гаргаж өгч чадахгүй гэсэн. Мөн С.Е- дарга 2018 оны эцсээр надад “Аудит орж, жилийн эцсийн хяналт шалгалт хийгдэх учраас санхүүгийн баримт бичгээ цэгцэл” гэж хэлсэн. Би хариуд нь “Над дээр ямар нэгэн данс байхгүй, ямар нэгэн орлого зарлага аваагүй болохоор худал баримт бүрдүүлж чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхэд С.Е- намайг чи нярав хүн учраас бүгдийг нь мэдэх ёстой, баримтыг бүрдүүл гэж надаас шаардсан. Тэгэхээр нь би та надаас нярвын ажил хийлгээгүй учраас хаанаас хэдэн төгрөгийн орлого, зарлага гаргасныг мэдэхгүй, тийм учраас би уг баримтыг бүрдүүлэх боломжгүй гэж хэлсэн юм. Тухайн үед С.Е- дарга миний гарын үсэг зураагүй орлого, зарлагын баримт дээр миний гарын үсэг зурсан мэт сэжигтэй баримт бичиг анзаарагдаж эхэлсэн болохоор би гарын үсэг зурахгүйгээр дардас ашиглаж эхэлсэн. Миний гарын үсгийг ашиглаад хууль бус үйлдэл хийж магадгүй гэж бодоод дардас ашиглах болсон...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 13-15-р хуудас/,

- Б аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18-06/14 дугаартай акт /1-р хх-ийн 125-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Б аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18-06-/14 дугаартай төлбөрийн актын 456 000 төгрөгийн зөрчил нь тооцоолол, санхүүгийн анхан шатны баримтуудын хувьд үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 98-100-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан’" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна” гэж заасны дагуу мөн зүйлийн 14.1.3-д зааснаар “яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж байх тул аймгийн Сум дундын ойн ангийн дарга нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл Бй аймгийн Сум дундын ойн ангийн дарга нь нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан мөн болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч С.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагдана.

Б аймгийн Сум дундын ойн ангийн даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Дэлүүн сумын “Хөх сэрхийн улсын тусгай хамгаалалттай газар”-т өөрийн удирдаж буй байгууллагын мод үржүүлгийн талбайгаас 1000 ширхэг суулгацыг худалдан борлуулсны үнэ болох 500.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын сүүлчээр Х.С-ээс бэлнээр авч хувьдаа завшиж өөртөө давуу байдал бий болгосон,

мөн тус байгууллагын 2018 оны мод арчилгааны огтлолтын зардал болох 2.200.000 төгрөгөөс 540.000 төгрөгийг хуурамч баримт бүрдүүлэн санхүүгийн баримтанд хавсаргаж 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эхнэр М.Ж-д өгч өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, мөн Авлигын эсрэг хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.6-т “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-т “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

Б суманд ногоон хэрмийн ойн зурвас байгуулах төслийн 10.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгэхдээ өөрийн удирдаж буй байгууллагын мод үржүүлгийн талбайгаас 1600 ширхэг мод суулгасан боловч хуурамч баримт бичиг бүрдүүлэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2.080.000 төгрөгийг хувьдаа завшиж, уг мөнгөнөөс 1.300.000 төгрөгийг эхнэр М.Ж-ы дансаар дамжуулан авч өөртөө болон хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон нь Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ холбогдох норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсвийг үндэслэнэ.” гэснийг,

Толбо чиглэлийн зам дагуу ойн зурваст услалтын систем байгуулах 15.0 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын санхүүжилтийн үлдэгдэл 979.200 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуурамч баримт бүрдүүлэн хувьдаа завшиж өөртөө давуу байдал бий болгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог”, мөн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.”, мөн Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 16.5.7-д “байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, мөн Авлигын эсрэг хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.6-т “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-т “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

Уг байгууллагын 2018 оны арчилгааны огтлолт хийх үед хэрэглэх хувцасны зардалд зарцуулах 456.000 төгрөгийг өөрийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “Ай” хоршооны данс руу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлэн өгч хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, мөн Авлигын эсрэг хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.6-т “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-т “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчсөн байна.

Иймд Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Е-ын үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Е-ын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт, гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.

 

  • Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.  

Энэ гэмт хэргийн улмаас Б аймгийн Сум дундын ойн ангид 4.555.200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлоос шүүгдэгч С.Е- нь 979.200 төгрөг, 456.000 төгрөгийг төлж барагдуулсан, харин 3.120.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй болох нь иргэний нэхэмжлэгч байгууллага, гэрч нарын мэдүүлгүүд болон бичгийн баримтуудаар  тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Е- нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр арчилгааны огтлолт хийхэд ажилласан хүмүүсийн ажлын хувцасны үнэ гэж 456.000 мянган төгрөгийг өөрийн эхнэрийн хувийн хоршоо болох “Ай” хоршоонд шилжүүлэн авсан бөгөөд ажилчдын нормын шалгалтын үеэр тавьж олгоогүй байсан боловч Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18-06/14 дугаартай акт /1-р хх-ийн 125/ тавьсны дараа нөхөж буцааж төлсөн,

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Толбо сумын чиглэлийн хатуу хучилттай хар замын дагуу байгуулсан ойн зурваст услалтын систем байгуулахад газар шорооны ажилд ажилласан 3 хүнд 979.200 төгрөгийн цалин хөлс олгосон санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлж, санхүүгийн тайланд тусгасан. /1-р хх-ийн 216, аймгийн сум дундын Ойн ангийн 2018 оны санхүүгийн баримтын 759-760-р хуудас/.

 Гэтэл дээрх ажилласан хүмүүст огт цалин олгоогүй болох нь гэрч М.Д-, К.М-, Х.А- нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч С.Е- нь хувьдаа ашиглаж байгаад санхүүгийн хяналт шалгалт хийгдэж эхлэнгүүт буюу Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/07 дугаартай акт /1-р хх-ийн 123/ тавигдахаас өмнө банкин дахь байгууллагын жижиг мөнгөн санд 2019 оны 02 дугаар сарын өдөр 870,000 мянган төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 150,000 төгрөгийг тус тус буцаагаад хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ.

Улсын яллагчаас “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3.120.000 төгрөгийг шүүгдэгч С.Е-аас гаргуулж Ойн ангийн санд олгуулахаас гадна шүүгдэгч С.Е- нь авлига, албан тушаалын гэмт хэргийг үйлдэх явцад олсон ашиг болох 4.555.200 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-аас албадан гаргуулж, улсын төсөвт оруулах санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна. 

Учир нь, шүүгдэгч С.Е-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангид хохирол учирсан бөгөөд үүнээс шүүгдэгч С.Е- нь 979.200 төгрөг, 456.000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Е-аас гэмт хэргийн улмаас Б аймгийн Сум дундын ойн ангид учруулсан 3.120.000 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн тул дахин гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэж түүний хувьд ногдох хөрөнгөөс давхар гаргуулан хурааж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хоёр: Шүүгдэгч С.Е-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Е- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Е-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч С.Е- урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 91-р хуудас/-аар тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч С.Е-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч С.Е-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний нийтийн албанд томилогдох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 3 /гурав/  жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолно. 

Шүүгдэгч С.Е- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Баян-Өлгий  аймгийн Сум дундын ойн ангийн 2018 оны санхүүгийн баримт 1 хавтас, 838 хуудастай материалыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангид шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Айбект даалгаж байна.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Е-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:        

              1. Шүүгдэгч М овогт С-ы Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-ад оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Е-аас 3.120.000 /гурван сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангид олгосугай.

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч С.Е- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Баян-Өлгий  аймгийн Сум дундын ойн ангийн 2018 оны санхүүгийн баримт 1 хавтас, 838 хуудастай материалыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангид шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Айбект даалгасугай.

              8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Е-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК