Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 1018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 44е байр, 39 тоотод оршин суух, Бэсүддаш овогт Лхагвын Отгонпүрэв /РД:ВД90092805/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 29 дүгээр байр, 139 тоотод оршин суух, Хөх дан овогт Аюушийн Батжаргал /РД:ДО89012911/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайтын 2 дугаар гудамж, 102 тоотод оршин суух, Хөх дан овогт Аюушийн Юмчинсүрэн /РД-ДО72022004/ нарт холбогдох

            Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэг болох 62,143,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Отгонпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буянхишиг, хариуцагч А.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, хариуцагч А.Юмчинсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Отгонпүрэвийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Л.Отгонпүрэв миний бие Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын сургуульд сурч байхад манай нөгөө ангид А.Батжаргал шилжиж ирсэн. Бид 2011 оноос эхлэн хамтран амьдарсан. 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охинтой болсон. Охины угаалгын өдөр хадам ээж, ах эгч нь манай талаас миний төрсөн ах эгч нар байсан. Би Л.Эрдэнэчимэг эгчийнд амьдардаг байсан. Тэр үед хадмын тал 1 өрөө байр авч өгч та гурвыг амьдруулна гэж ярьж байсан. Хадам ээж хэдэн малаа зараад 1 өрөө байр авч отгон хүү А.Батжаргалдаа өгч байгаа юм шүү гээд бид 2011 оны 08 дугаар сараас эхлэн уг байранд хамт амьдарч эхэлсэн. Ямар ч тавилга байхгүй байсан. 2011 оны 10 дугаар сараас Монтелийн гар утасны лангуу ажиллуулж эхэлсэн. Лангууны орлого сайн биш байсан учир 2012 оны 04 дүгээр сараас А.Батжаргалын эгч А.Юмчинсүрэн, хүргэн ах З.Болдоо нарын худалдаж авсан Хан-Уул дүүрэг 3 дугаар хороонд байрлах “Хос-Өргөө” хотхоны “Жинж өсөх” супермаркетыг сарын 3.000.000 төгрөгөөр түрээслэн ажиллуулсан. 2012 онд ах А.Галбадрах нь хотод байр авна гэхээр нь 1 өрөө байраа 50.000.000 төгрөгөөр зарчихаад 2 өрөө байр авъя гэж ярилцсан. Ингээд би дэлгүүртээ зогсч А.Юмчинсүрэн эгч А.Батжаргалтай хамт яваад байр захиалаад ирье гээд 2012 оны 08 дугаар сард Алтай хотхоны 29 дүгээр байранд 2 өрөө байр захиалах гэрээг “Тайгам-Алтай” ХХК-тай хийсэн байсан.

Байрны урьдчилгаа 90 хувь буюу 62,946,000 төгрөгийг төлөөд гэрээ байгуулж 10 хувийг дараа төлөхөөр болсон. А.Галбадрах ахад зарсан байрны үнэ 50,000,000 төгрөг, А.Батжаргалаас А.Юмчинсүрэнгийн дансанд 8,000,000 төгрөг шилжүүлж, үлдэх 1,960,000 төгрөгийг А.Батжаргалын эгч А.Отгон төлсөн. 2 өрөө байранд 2013 оны 01 дүгээр сараас бид амьдарч эхэлсэн. Байрны ордерийг асуухад А.Юмчинсүрэн эгчийн сейфэнд байгаа гээд үзүүлээгүй. А.Батжаргалд яагаад ордер бидний нэр дээр байхгүй байгаа юм бэ гэхэд яахав дээ хэний ч нэр дээр байсан яахав гээд бид 2 маргалдсан. Намайг бэр гуйж авахдаа ч, хүүхдийн үсний найр болон гэрт нь очиход А.Юмчинсүрэн эгч залуу хүмүүст байрных нь  асуудлыг шийдэж өгнө гэдэг том асуудал, цаашид амьдралаа яаж авч явах нь та нарын хэрэг гэж байсан. Би сургуулиасаа 1 жилийн чөлөө авч өөрсдийн төлөө хөдөлмөрлөсөн. Хүүхдээ эгч нараар харуулж бид хоёр хамт зүтгэж байсан. Бид өглөө гараад орой 12 цагт орж ирдэг байсан. Гэр бүлийн дунд маргаан гардаг байсанг би үгүйсгэхгүй. Энэ бүгдэд хэрүүл болгож ах дүү нартаа хэлж байгаагүй. Бид цаашид хамтран амьдрахгүй. 2015 оны 06 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Иймд Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон 29 дүгээр байр 139 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр А.Батжаргал, Л.Отгонпүрэв, охин О.Нарангоо нарыг тогтоолгож, уг 2 өрөө орон сууцыг 82,500,000 төгрөгөөр үнэлсэнг 4 хүнд хувааж өөрт болон хүүхдэд оногдох хувь 41,250,000 төгрөгийг,  автомашины үнээс 15,466,600 төгрөг, тавилга 4,760,000 төгрөг, байрны эд зүйлээс 666,600 төгрөг, нийт 62,143,200 төгрөгийг хариуцагч гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Нэхэмжлэгч Л.Отгонпүрэв нь хариуцагч А.Батжаргалтай 2010 оны 5 дугаар сараас эхлэн үерхэж 2011 оны 02 дугаар сарын 9-ний өдөр охин Б.Нарангоог төрүүлсэн. 2011 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Л.Отгонпүрэвийг А.Батжаргалын талаас хадаг тавьж бэр гуйсан. Монгол ёсонд бэр гуйвал гэр бүл болсон гэж үздэг. 2011 оны 8 дугаар сарын 19-ны өдөр А.Батжаргалын гэр бүлээс авч өгсөн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25 дугаар байрны 305 тоот 1 өрөө байранд амьдарч эхэлсэн. Энэ байрыг Л.Отгонпүрэв, А.Батжаргал, Б.Нарангоо нарын амьжиргаанд зориулж авч өгсөн. Тухайн үед жижигхэн хуримын үйл ажиллагаа хийсэн. Уг орон сууцыг худалдан авах үед Л.Отгонпүрэвийн төрсөн эгч нь А.Батжаргалын дансруу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгөөр аллён маркийн машин авч унасан. Л.Отгонпүрэв, А.Батжаргал нар нь 2011 оны 10 дугаар сараас эхлэн дэлгүүр ажиллуулсан. Энэ дэлгүүр нь А.Батжаргалын эгч А.Юмчинсүрэн түүний нөхөр н.Болд нарын өмчлөлийнх бөгөөд уг дэлгүүрийг сарын 3,000,000 төгрөгөөр түрээслэн ажиллуулж эхэлсэн. Энэ хугацаанд өөрсдийн цуглуулсан мөнгийг оролцуулан 1 өрөө байраа 2 өрөө байр болгож томосгосон. Амьдрах хугацаанд А.Батжаргал нь зодох дарамтлах асуудал олон удаа гарч байсан бөгөөд үүнээс болж Л.Отгонпүрэв ухаан алдаж эмнэлэгт хэвтэж байсан.

Дэлгүүр түрээслэн ажиллуулсанаар орлого олж байсан тухай баримтууд болох биллүүдийг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч тал эхэндээ цалингүй сайн дураар ажилладаг байсан гэж хэлсэн боловч сүүлдээ хүлээн зөвшөөрсөн. 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гаргасан хариу тайлбарт “...би эхнэр хүүхдээ тэжээхийн тулд амьдарч байсан. Энэ байдлыг эгч маань хараад өөрийн дэлгүүрийг ажиллуул гэж хэлсэн. Тиймээс тус дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байсан” гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Уг дэлгүүрийг ажиллуулж байсан орлогоор 2 өрөө байрны тал мөнгийг төлсөн. Шүүхээс талуудыг хамтын амьдралтай байсан гэдгийг тогтоосон тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хувь болох 62,143,200 төгрөг гаргуулж өгнө үү.

 

А.Юмчинсүрэнгийн хувьд түүний дансруу байрны мөнгө хэрхэн ороод гарсан бөгөөд байрны мөнгийг түүний нэр дээр төвлөрүүлсэн. Түүнээс биш А.Юмчинсүрэнгийн өөрийн байр биш гэдэг нь нотлох баримтаар харагддаг. Амьдрал дээр мэдэгдэж байгаа зүйл гэвэл А.Батжаргалын ах дүүсийн бүх эд хөрөнгө нь А.Юмчинсүрэнгийн нэр дээр байдаг. Яагаад түүний нэр дээр байдаг вэ. Энэ нь А.Батжаргалын гэр бүлийн зан заншил мэт байдаг. Бусдад алдахаас сэргийлсэн зорилготой мэт. Маргаж буй орон сууц нь гэр бүлийн дундын хөрөнгө биш гэдгийг А.Юмчинсүрэнгийн нэр байгаа гэдэг үндэслэлээр орхиж болохгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт гэр бүлийн гишүүн гэж хэн болохыг тодрхойлж өгсөн, мөн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүний дундын хөрөнгө гэж байдаг. Талууд хамтын амьдралтай байсан. Монгол ёс заншлын хувьд хадаг тавьснаар гэр бүл гэж тооцогддог. Гэрлэлтийн бүртгэл хийгдээгүй боловч хүүхэдтэй болж, хамтран амьдарч байсан тул гэр бүлийн гишүүд гэж үзэх үндэслэлтэй. Гэрлэгсэд гэж үзэхгүй ч гэр бүлийн гишүүд гэж үзнэ. Л.Отгонпүрэв нь маргаан бүхий 2 өрөө байр, түүний тавилга, А.Батжаргалын өмчлөлийн автомашинаас өөрт ногдох хувийг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлага нь дараах 4 байдлаар гарч байгаа юм гэв. 

 

Нэгдүгээрт: Ланд 100 маркийн машин нь 23,200,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Түүнийг гэр бүлийн 3 гишүүнд хувааж, 2 хүнд ногдох хувь нь 15,466,600 төгрөг болж байгаа юм.

Хоёрдугаарт: Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх 2 өрөө байр нь 82,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Уг байрны өмчлөгч нь гэр бүлийн гишүүд болох Отгонпүрэв, А.Батжаргал, Б.Нарангоо,  мөн А.Юмчинсүрэн нар тул үүнээс 2 хүнд ногдох хувь болох 41,250,000 төгрөгийг гаргуулах шаардлага байна.

Гуравдугаарт: 2 өрөө байранд байгаа тавилга 7,140,000 төгрөгөөр үнэлэгдсэн ба үүний 2 хүнд ногдох хувь 4,760,000 төгрөг гаргуулах.

Дөрөвдүгээрт: 2 өрөө байранд байгаа эд зүйл, арьсан зураг зэргийг нэрлэн дурдаж түүний үнэ болох 1,000,000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн бөгөөд үүнээс 666,600 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байгаа бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэсэн үнийн дүн нь 62,143,200 төгрөг болж байгаа юм гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий байр нь хамтын амьдралын дундаас үүссэн дундын хөрөнгө юм гэж байна. Эхнэр нөхрийн хооронд үүсэх харилцаа нь бусад энгийн хүмүүсийн хооронд үүсэх харилцаанаас өвөрмөц юм. Нэгэнт гэр бүл болсон хүмүүс хамтын хөдөлмөрөөр цуглуулсан мөнгийг нэг нь захиран зарцуулахдаа гэр бүлийн гишүүнээс зөвшөөрөл авах тухай яригддаг. 2014 оны 8 дугаар сарын 02-ны өдөр А.Юмчинсүрэн А.Батжаргалтай нар нь “...дэлгүүртээ байж бай. Бид 2 байрыг чинь захиалаад ирье” гэсэн байдаг. Гэтэл А.Юмчинсүрэнгийн нэр дээр өмнөх байр болон бусад хөрөнгөө нэмж нэгтгэн шилжүүлсэн байдаг нь нотлох баримтаар тогтоогдож байна. А.Батжаргал нь гэр бүлийн дундын хөрөнгийг өөрийн дураар захиран зарцуулж эгчийнхээ нэр дээр шилжүүлсэн. А.Юмчинсүрэн өөрийн  дансаас мөнгийг шилжүүлж “Тайгам” Алтай” ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. А.Юмчинсүрэн нь эд хөрөнгийн бүртгэлийн үр дагаврыг бүрэн ойлгодог хүн бөгөөд үүнийг мэдсээр байж өөрийн нэр дээр шилжүүлсэн байх тул Л.Отгонпүрэв, Б.Нарангоо нар нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлд зааснаар шаардах эрх нь зүй ёсоор үүсч байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар дундын хөрөнгө холилдсон гэж үзэж байна.  Өнөөдөр талууд 1 өрөө байранд байж байсан бол бид маргахгүй. Гэтэл 1 өрөө байраа зарж хамтдаа үнэ ханшаа ярилцаж ахдаа зарсан байдаг. 5231048921 тоот данс нь А.Галбадрахын данс байна гэж тодорхойлолт ирсэн. Ингээд А.Юмчинсүрэнг өмчлөгчөөс татгалзан гаргах гэж байгаа зүйл байхгүй. Уг байранд Л.Отгонпүрэвийн хөрөнгө холилдсон байх үндэслэлтэй байх бөгөөд гол нь өөрт ашигтай байдлаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хийсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

 

            Хариуцагч А.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны 05 дугаар сарын сүүлчээр Л.Отгонпүрэвтэй танилцан охин Б.Нарангоо төрсөн. Бид 2011 оны 08 дугаар сард миний төрсөн эгч А.Юмчинсүрэнгийн 1 өрөө байранд өөрийнх нь зөвшөөрлөөр амьдарч эхэлсэн. Миний ах дүү нар хөргөгч, плитка, гал тогооны тавилга зэрэг хэрэгцээт зүйлсийг авч өгч тусалсан. Хамтын амьдрал эхэлснээр Л.Отгонпүрэвийн зан авир танигдаж эхэлсэн. Хичээлээс ирэхэд хүүхэд өлсөөд уйлж байхад хоол унд хийж өг гэхээр унтуулж амруулсангүй гээд намайг гартаа тааралдсан юмаараа цохиж, хумсаараа улаан эрээн болтол мааждаг байсан. 2011 онд Л.Отгонпүрэв охиноо асрахаар сургуулиасаа жилийн чөлөө авсан. Энэ үед би Монтелийн дэргэд хуучин гар утас зардаг лангуу ажиллуулж эхэлсэн. Ингэхдээ эгч А.Юмчинсүрэнгээс 2,000,000 төгрөг зээлж үлдэгдэл мөнгийг өөрөө гаргаж ажиллуулж байсан боловч хуучин утас зардаг болохоор орлого муутай хоногийн хоолоо залгуулдаг байсан. Би охиноо бас Л.Отгонпүрэв хоёрыг тэжээхийн тулд сургуулиа орхисон. Бидний амьдралын энэ байдлыг эгч маань хараад 2012 оны 04 дүгээр сараас эхлэн Хан-Уул дүүрэгт байрладаг дэлгүүрээ ажиллуул гэсэн. Дэлгүүрийг барааны хамт түрээслэн ажиллууж байсан. Дэлгүүрийн ажлыг би гардан хийдэг байсан. Л.Отгонпүрэв хааяа ирдэг боловч надад их дарамттай байдаг байсан. Ингээд Л.Отгонпүрэвийг тус болохгүй байсан болохоор өөрийн эгч А.Цэнгэлмаатай хэсэг хугацаанд хамтарч ажиллуулсан. Гэвч Л.Отгонпүрэв миний эгчтэй тохирохгүй, элдэв хэрүүл маргаан үүсгээд байсны улмаас эгч маань ажиллахаа больсон. Аргагүйн эрхэнд н.Жавзандулам гэдэг хүн авч ажиллуулсан. 2012 оны 09 сараас эхлэн Л.Отгонпүрэв сургуульдаа сурч эхэлсэн. Хааяа хагас бүтэн сайн өдөр дэлгүүр дээр ирж камер шүүдэг ажил хийдэг байсан. Намайг үйлчлүүлэгч рүү харж инээсэн байна гэж хардаж хэрүүл үүсгэдэг байсан. Шөнийн 12 цагаас 01 цагийн хооронд гэртээ ирэх болгонд хоол унд ч байхгүй байдаг байсан. Би олон удаа машиндаа хонож байсан. 2012 оны өвөл өөрөө салж явчихаад миний эгч А.Юмчинсүрэн лүү надад 60,000,000 төгрөг өг, тэгвэл би А.Батжаргалаас сална гэж сүрдүүлэн мессэж бичсэн байсныг үзэж үнэхээрийн цочирдсон. Дэлгүүрийн орлогоо шөнөдөө гэртээ хадгалж өглөө нь авч явдаг байсан. 2013 онд сургууль төгсөх жил нь гээд сургалтын төлбөр, дутуу кредит цагийнх нь мөнгийг би төлсөн. Авъя гэсэн үнэтэй монетон ээмэг, гар утас, гутал, шуба гээд шаардсан бүх л зүйлийг нь авч өгсөн. Эгчээсээ 1,000,000 төгрөг зээлж компьютер авч өгч дипломын ажлаа бичихдээ ашигла гэж өгсөн. Л.Отгонпүрэв нь 2013 оны 04 дүгээр сард сургуулиа төгссөн. Манай эгч сургуулиа төгссөн юм чинь хоёулаа хамтарч дэлгүүр ажиллуул гэсэн. Тэгэхэд Л.Отгонпүрэв танай эгч тэгж хэлээд байна, намайг 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулж авч өгвөл дэлгүүрт ажиллана гэхэд нь бүр ихээр цочирдсон. Л.Отгонпүрэв сургуулиа төгсөөд фитнес, усан бассейнд явж надад туслах чин хүсэлгүй байсан. Өөрийнх нь нэр дээр орон сууцны зээл авах санааг нь би зөвшөөрөөгүй учир 2013 оны 08 дугаар сард гэрт хадгалж байсан 5,000,000 төгрөгний дэлгүүрийн орлогыг аваад зугтаасан. Удалгүй төрсөн эгч Л.Эрдэнэчимэг, Л.Мягмарсүрэн, Л.Энхтуяа нартайгаа ажил дээр орж ирж доромжилж дарамталсан. Алтай хотхоны 2 өрөө орон сууц нь эгч А.Юмчинсүрэнгийн өмчлөлийн байр бөгөөд бусдын өмчийг өөртөө авахаар шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Байрны тавилгын үнэ 10.460.000 төгрөгөөс ногдох хувийг нэхэмжилсэн боловч Л.Отгонпүрэв 2013 оны 8 дугаар сард салж яваад 2014 оны 02 дугаар сард битүүний өдөр эргэж ирсэн. Үүнийг бид хоёрын ах дүүс бүгд гэрчилнэ. Гэсэн атлаа хамт амьдраагүй үедээ дээрхи үнээр тавилга авсан мэтээр ташаа зүйл бичжээ. Учир нь биднийг анх нийлэхэд манай ах дүүсийн авч өгсөн эд хогшлыг оруулж дурдсанаас гадна дэлгүүрийн орлогоор авсан мэтээр худал зүйл бичжээ. Мөн миний нэр дээр байсан Ланд-100 машиныг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хугацаанд миний авч унаж байсан машинууд миний хөдөлмөрийн үр шим, өөрийн ах дүүсээс зээлсэн мөнгө байсан. Хамгийн сүүлд Ланд-100 машин унадаг байсан. Үүнийг зарж хамт амьдрах үедээ хамт бий болгосон өр ширээ дарсан. 2014 оны 4 дүгээр сар Сандэй худалдааны төвд гутлын лангуу ажиллуулна гээд 3,900,000 төгрөгийг заримыг нь бэлнээр, заримыг нь банкаар дамжуулж авсан. Лангуу ажиллуулахаа болиод үлдсэн гуталнуудаа эгч Л.Эрдэнэчимэгтээ заруулахаар өгөөд мөнгийг нь аваагүй. Гэрээс авч зугтсан 5,000,000 төгрөгөө эгч Л.Мягмарсүрэндээ зээлсэн гэж хэлсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

            Хариуцагч А.Батжаргалын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг өнөөдөр тодрууллаа. А.Батжаргалын хувьд орон сууцнаас бусад шаардлагын хувьд хариуцагчаар татагдсан байна гэж харж байна. Шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн хэд хэдэн заалтыг барьж эргэж буцаж тайлбарлаж байгаа учраас яг алийг нь гэж үзэхээ мэдэхгүй байна. Иргэний хуулийн 126 дүгээр зүйлд заасан гэр бүлийн дундаа өмчлөх хөрөнгө гэж нэг үзэж байна. Сүүлдээ Иргэний хуулийн 119 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө холилдсоны улмаас үүссэн хөрөнгө гэж байна. Нэхэмжлэгч тал эдгээр хөрөнгүүдэд өөрийн хувиас оруулсан хөрөнгийн хувь хэмжээг тодорхойлж чадаагүй байна. Эд хөрөнгө холилдсон гэж байгаа бол өөрийн өмчлөлд байсан хөрөнгийг тодорхойлох ёстой. Хамтын амьдралтай байх хугацаанд талуудын хэн алиных нь эцэг эхийн дэмжлэг харагддаг. Гэрчийн мэдүүлэг гэх зүйлээр хууль ёсны өмчлөгтэй байгаа орон сууцнаас өмчлөхийг шаардах эрх үүсэхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй гэж үзэж байна. Өмнө нь нэхэмжлэлийн шаардлагаа ойлгомжгүй гаргаж байсан байдал нь өнөөдөр ч гэсэн хэвээрээ байна.

            Дэлгүүр ашигтай ажиллуулж байсан гэх үйл баримттай холбоотой баримтууд гаргаж өгсөн ба дэлгүүрээс их хэмжээний орлого олж байсан гэж байна. Тухайн биллийн баримтаар дэлгүүрийн орлогыг шууд тодорхойлох боломжгүй. А.Юмчинсүрэн нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд өөрийн нэр дээр хөрөнгөтэй байх тул хариуцагчаар орсон. Түүний хэр хэмжээний хөрөнгөтэй эсэх нь энэ хэрэгт хамааралгүй. Маргаан бүхий орон сууцыг А.Юмчинсүрэн нь хууль бусаар өмчлөх эрхийг дангаар олж авсан гэдэг байдал өнөөдрийн хувьд тодорсон зүйл байхгүй. Энэ байрны хамтран өмчлөгч болох тухайгаа, шаардах эрхтэй гэсэн баримтаа өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч А.Юмчинсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж заасан байдаг. Өнөөдрийн маргааны зүйл болж байгаа орон сууц нь иргэн А.Юмчинсүрэнгийн өмчлөлийн хөрөнгө юм. А.Юмчинсүрэн болон н.Болд нар анх Ховд аймгийн Хөдөө Аж Ахуйн Техникумд хамт сурч байхдаа гэр бүл болсон. Түүнээс хойш буюу 1989 оноос хойш бий болсон А.Юмчинсүрэн, н.Болд нар нарын гэр бүлийн дундын өмч юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ярихдаа 2011 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Л.Отгонпүрэвийг бэр гуйсан гэлээ. Мөн 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн А.Батжаргалын гэр бүлээс авч өгсөн нэг өрөө байранд амьдарсан гэж тайлбар өгч байна. 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж талууд хамтран амьдарч эхэлсэн байна. Гэтэл 1 өрөө байр нь 2011 оны 3 дугаар сарын 4-ний өдөр олгогдсон гэрчилгээгээр А.Юмчинсүрэнгийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Үүнээс харахад Л.Отгонпүрэв болон А.Батжаргал нар хамтран амьдрахаас 5 сарын өмнө А.Юмчинсүрэн болон н.Болд нарын хөрөнгө байсан нь нотлогдож байна. Уг байрыг зарж 2 өрөө байр болгосон гэдэг. Гэтэл энэ 2 өрөө байрыг А.Юмчинсүрэн нь “Тайгам Алтай” ХХК-тай гэрээ байгуулж худалдаж авсан нь харагддаг. 1 болон 2 өрөө байр нь аль аль нь А.Юмчинсүрэн болон н.Болд нарын хөрөнгө болох нь тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнө шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Өнөөдөр А.Юмчинсүрэнгийн хувийн өмчид үндэслэлгүйгээр халдаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмыг зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Отгонпүрэв нь хариуцагч А.Батжаргал, А.Юмчинсүрэн нарт холбогдуулан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 62,143,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал:

А.Юмчинсүрэнгийн өмчлөлд бүртгэлтэй байгаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 29 дүгээр байрны 139 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2205054912 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг А.Юмчинсүрэн, А.Батжаргал, охин Б.Нарангоо болон Л.Отгонпүрэв нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, түүний  50 хувь буюу охин Б.Нарангоо болон өөрт ногдох хэсэг болох 41,250,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Юмчинсүрэнд холбогдуулан,

Автомашин болон гэрийн эд хөрөнгө, эд зүйлээс ногдох хэсэг болох 20,893,200 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Батжаргалд холбогдуулан гаргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх заалт болон тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 102/ШШ2016/05840 дугаартай  А.Батжаргал, Л.Отгонпүрэв нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосон шийдвэрийг үндэслэн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарлаж байгаа бол нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу талуудын эд хөрөнгө нийлэн, холилдсоны улмаас бий болсон хөрөнгүүд байх тул дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө юм гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлох эрх бүхий этгээд нь нэхэмжлэгч, харин өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн гаргасан шаардлагад хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй этгээд юм.

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн  126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар шаардаж байна гэж үзэн уг шаардлагад холбогдуулан зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэв.

 

Тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 102/ШШ2016/05840 дугаартай шийдвэрээр А.Батжаргал, Л.Отгонпүрэв нарыг 2011 оны 08 дугаар сараас 2015 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож, тэдний дундаас 2011 оны 02 дугаар сарын 09-ны өдөр төрсөн охин Б.Нарангоод хуульд заасан хэмжээгээр эцэг А.Батжаргалаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч нь “ ...анх А.Батжаргалтай 2011 оноос эхлэн хамтран амьдарсан. 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охинтой болсон. 2011 оны 8 дугаар сарын 19-ны өдрөөс А.Батжаргалын талаас бидэнд зориулж авч өгсөн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25 дугаар байрны 305 тоот 1 өрөө байранд амьдарч эхэлсэн. Ингээд хамтын амьдралын хугацаанд гар утасны лангуу болон “Жинж өсөх” хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулж орлого олж, мөн өгч Л.Эрдэнэчимэгээс өгсөн 10,000,000 төгрөг зэргээр машин болон гэрийн тавилга эд зүйл авсан гэж..., Батжаргалын талаас манай гэр бүлийн амьдралд зориулж авч өгсөн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25 дугаар байрны 305 тоот 1 өрөө байрыг А.Батжаргалын ах А.Галбадрахд зарж, түүн дээр мөнгө нэмж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 29 дүгээр байрны 139 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2205054912 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг худалдан авсан...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагч нар нь уг орон сууц нь анхнаасаа А.Юмчинсүрэнгийн өмч байсан  бөгөөд уг байранд түр амьдарч байсан, автомашиныг хамтын амьдралтай байхдаа зарж, мөнгийг нь амьдралдаа хэрэглэсэн, гэрийн эд зүйлийг дэлгүүрийн ашигаар аваагүй, манай ах дүүс авч өгсөн...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 29 дүгээр байрны 139 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2205054912 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг А.Юмчинсүрэн, А.Батжаргал, охин Нарангоо болон Л.Отгонпүрэв нарын дундаа хамтран өмчлөх хөрөнгө болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцнаас ногдох хэсэг болох 41,250,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон тайлбарлаж байх тул түүнийг бие даасан шаардлага гэж үзэхгүй.

 

 Талууд 2011 оны 08 дугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь зохигчийн тайлбар, тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 102/ШШ2016/05840 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

 

 Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026205 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25 дугаар байрны 305 тоот 1 өрөө орон сууцны анхны өмчлөгчөөр  Ч.Дэжид, Г.Цэрэнлхам нар бүртгэлтэй байсан ба 2011 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 248 дугаартай бэлэглэлийн гэрээний дагуу А.Юмчинсүрэн бүртгэгдсэн болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 48 дугаартай албан бичиг болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Хариуцагч А.Юмчинсүрэн 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Тайгам Алтай” ХХК-тай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 29 дүгээр байр, 139 тоот 2 өрөө орон сууцыг 69,940,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийн тооцоог 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бүрэн дуусгаж, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, “Тайгам Алтай” ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2014/29-130 дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000320143 дугаартай гэрчилгээ гэсэн баримтуудаар тус тус тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-д заасны дагуу нэхэмжлэгч Л.Отгонпүрэв нь дээрх 2 орон сууцны бүртгэлийг буруу ташаа болох тухай гомдлын шаардлагыг холбогдох байгууллагад гаргаагүй байх тул энэ хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар дээрх 2 орон сууцыг А.Юмчинсүрэнгийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.

 

Мөн нэхэмжлэгч нь  Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 29 дүгээр байр, 139 тоот 2 өрөө орон сууцыг А.Батжаргал нь эгч А.Юмчинсүрэнтэй хамт очиж гэрээ хийхдээ эгчийнхээ нэр дээр гаргасан нь үндэслэлгүй тул уг орон сууц А.Батжаргал, Л.Отгонпүрэв, Б.Нарангоо бидний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тайлбарлаж байгаа хэрнээ уг байрны хамтран өмчлөгчөөр А.Юмчинсүрэнг гэж хүлээн зөвшөөрч уг байрны үнэлгээнээс 4-ний 2-ыг буюу 50 хувийг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна.

 

 Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна гэж, мөн хуулийн 126.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр  байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхаар хуульчилжээ.

 

Энэхүү хуулийн зохицуулалт нь Гэр бүлийн тухай хуульд заасан журмын дагуу гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн гэрлэгчдэд хамаарах зохицуулалт юм.

 

Нэхэмжлэгч Л.Отгонпүрэв, хариуцагч А.Батжаргал нар нь гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй болохоо хэн алин хүлээн зөвшөөрч байгаа төдийгүй, маргаан бүхий 2 орон сууц нь хариуцагч А.Юмчинсүрэнгийн өмчлөлд бүртгэгдсэн, уг бүртгэл үнэн зөв зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагч А.Юмчинсүрэнгээс орон сууцны ногдох хэсгийг, хариуцагч А.Батжаргалаас  гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгээ гаргуулахаар шаардах эрхгүй байна гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Л.Отгонпүрэвийн  хариуцагч А.Юмчинсүрэнд холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг Алтай хотхон 29 дүгээр байр 139 тоот 2 өрөө орон сууцнаас өөрт болон охин Б.Нарангоод ногдох хэсэгт болох  41,250,000 төгрөг гаргуулах, хариуцагч А.Батжаргалд холбогдуулан гаргасан автомашин, гэрийн тавилга, эд зүйлээс ногдох хэсэгт 20,893,200, төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Отгонпүрэвийн хариуцагч А.Батжаргал, А.Юмчинсүрэн нарт  холбогдуулан гаргасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 62,143,200 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 676,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

   

                            ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА