| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2021/0101/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/104 |
| Огноо | 2021-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/104
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
Хохирогч М.Б-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын өмгөөлөгч Х.А-,
Шүүгдэгч М.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Т-д холбогдох эрүүгийн 2113000000103 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж овогт М-ы Т-, 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, ээж, ахын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БЮ........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Т- нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн ах М.Б-ийг хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг,
Шүүгдэгч М.Т- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000000103 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Нэгдсэн эмнэлгийн эмч Х.Б-ээс гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-4-р хуудас/,
-Шүүгдэгч М.Т-ы согтуурлын хэмжээ шалгасан тэмдэглэл /хх-ийн 14-рх/,
-Хохирогч М.Б-ийн “намайг гэрт очиход ээж Ш.С- хашаан дотор мод услаад явж байсан. Би гэртээ ороход миний төрсөн ах болох М.Т- нь гал зуухны хажууд сууж байсан ба тэр ч гэсэн нэлээн согтуу байсан. Тэгээд миний авч ирсэн ундааны савтай архийг дүү болох М.Т- бид хоёр хувааж уусан. Тэгээд би дүү болох Т-д надад мах хэрчээд өг гэхэд М.Т- гал зуухны хажууд байсан улбар шар өнгийн хутгыг аваад миний зүүн талын дал орчим дүрээд авсан. Би чи яагаад байгаа юм бэ гээд гэрээс зугтаагаад гарсан. Гэрээс гарахад ээж болох Ш.С- нь хашаан дотор явж байсан ба намайг хараад юу болоод байгаа юм гэхэд дүү М.Т- намайг хутгалчихлаа би эмнэлэг явлаа гэж хэлээд би шууд эмнэлэг рүү зугтаагаад явсан. Намайг гаднаас ирэх үед М.Т- нь зуухны хажууд хоол хийхээр ногоо арилгаж байсан юм. М.Т-ы намайг хутгалсан хутга нь гал зуухын хажууд газарт хэвтэж байсан. Одоо миний бие эрүүл болсон, миний эм тарианы зардлыг дүү М.Т- бүрэн төлсөн. Бид хоёр хоёулаа согтуу байснаас ийм хэрэг гарсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Гэрч Ш.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Өнөөдөр 16 цагийн үед М.Б- гаднаас мотоциклтэй халамцуу байдалтай ирсэн ба гэр лүүгээ орчихсон. Тухайн үед би байшингийн гадаа мод услаад явж байсан. Хэсэг хугацааны дараа М.Б- нь байшингаас гүйгээд гараад ирсэн ба Т- миний нуруу хэсэгт хутгалчихлаа би эмнэлэг рүү явлаа гэж хэлээд хашаанаас гараад яваад өгсөн. Тэгээд би гэр лүүгээ гүйж ороход гал тогооны өрөөнд зуухны хажууд Т- сууж байсан ба түүний хажууд урьд нь төмс арилгаад сууж байсан хутга болон ундааны саванд хийсэн архи байхаар нь хутга болон ундааны савтай архийг нь авч гараад үүдний амбаарт байсан хайрцагт хийж тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б-ийн “2021 оны 07 сарын 02-ны өглөө 09 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийн жижүүрийн эмчээр ажиллаж байхад 16 цаг 20 минутын үед Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн М.Б- нь ар нуруу зүүн далны доод хэсэгтээ 1.5 см зүсэгдсэн шархтай ирж үзүүлсэн. Уг гэмтэлд 1 удаа оёдол тавьж гэмтлийн эмч нарыг дуудсан. Одоогоор биеийн байдал нь тогтвортой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
Гэрч Н.М-ы “иргэн М.Б- нь 2021 оны 07 сарын 03-ын өдрийн 16 цаг 30 минутад эмнэлгийн хүлээн авахад ирсэн ба зүүн далны доод хэсэгт нь хутгалуулсан шархтай ирсэн.Уг гэмтлийг эмнэлгийн багаж ашиглан шалгаж үзэхэд эгц дээшээ чиглэлтэй гүн нь 1.5 см урт нь 1 см орчим байсан ба уг гэмтэлд нэг оёдол тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч З.Хайратын “2021 оны 07 сарын 02-ны өдрийн 81 дугаартай “Иргэн М.Т-ы биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Иргэн М.Т-ы биенээс авсан гэх цусанд 1.8 промилли этилийн спирт илрэв. Иргэн М.Т- нь тухайн үед дунд зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт /хх-ийн 72-73 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х.Ерболын 2021 оны 07 сарын 07-ны өдрийн 320 дугаартай “М.Б-ийн биед ар нурууны далны зүүн доод хэсэгт шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 82-83 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Т-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 07 сарын 03-ны өдөр 14 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлгийн доод талд байрлах “Зайсан” гэх нэртэй дэлгүүрээс 0.5 литрийн “Эзэн Чингис” нэртэй архи худалдан аваад гэртээ ирээд ганцаараа уусан. Уг архийг уугаад нэлээн согтсон байсан бөгөөд хоол идэх санаатай сууж байхад 16 цагийн орчимд ах болох М.Б- нь гаднаас халамцуу орж ирсэн. Тэрээр ирэхдээ ундааны саванд хийсэн архи авч ирсэн ба тэр архийг бид хоёр хувааж ууж байгаад архийг булаацалдаж би хажууд ногоо арилгаж байсан улбар шар өнгийн иштэй хутга хэвтэж байхаар нь аваад М.Б-ийн нуруун тус газар нь дээрээс доошоо дүрээд авсан. Би маш их харамсаж байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Т-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч М.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан, хохирогч М.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй, цаашид гарах эмчилгээний зардалгүй, дүү М.Т-д гомдолгүй тул түүнд оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан, шүүгдэгч М.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг түүний өмгөөлөгч Х.А- дэмжиж оролцсон болно.
Шүүгдэгч М.Т- нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар өөрийн төрсөн ах М.Б-ийг хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нэгдсэн эмнэлгийн эмч Х.Б-ээс гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл[1], хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2], хохирогч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....би дүү болох Т-д надад мах хэрчээд өг гэхэд М.Т- гал зуухны хажууд байсан улбар шар өнгийн хутгыг аваад миний зүүн талын дал орчим дүрээд авсан. Би чи яагаад байгаа юм бэ гээд гэрээс зугтаагаад гарсан. Намайг гаднаас ирэх үед М.Т- нь зуухны хажууд хоол хийхээр ногоо арилгаж байсан юм. М.Т-ы намайг хутгалсан хутга нь гал зуухын хажууд газарт хэвтэж байсан.Надад нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, санал гомдолгүй” гэх мэдүүлэг[3], хохирогч М.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт[4], гэрч Ш.С-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.... хэсэг хугацааны дараа М.Б- нь байшингаас гүйгээд гараад ирсэн ба Т- миний нуруу хэсэгт хутгалчихлаа би эмнэлэг рүү явлаа гэж хэлээд хашаанаас гараад яваад өгсөн. Тэгээд би гэр лүүгээ гүйж ороход гал тогооны өрөөнд зуухны хажууд Т- сууж байсан ба түүний хажууд урьд нь төмс арилгаад сууж байсан хутга болон ундааны саванд хийсэн архи байхаар нь хутга болон ундааны савтай архийг нь авч гараад үүдний амбаарт байсан хайрцагт хийж тавьсан” гэх мэдүүлэг[5] /хх-ийн 53-54-рх/, гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”2021 оны 07 сарын 02-ны өглөө 09 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийн жижүүрийн эмчээр ажиллаж байхад 16 цаг 20 минутын үед Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн М.Б- нь ар нуруу зүүн далны доод хэсэгтээ 1.5 см зүсэгдсэн байсан. Уг гэмтэлд 1 удаа оёдол тавьж гэмтлийн эмч нарыг дуудсан. Одоогоор биеийн байдал нь тогтвортой байна” гэх мэдүүлэг[6], гэрч Н.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “иргэн М.Б- нь 2021 оны 07 сарын 03-ын өдрийн 16 цаг 30 минутад эмнэлгийн хүлээн авахад ирсэн ба зүүн далны доод хэсэгт нь хутгалуулсан шархтай ирсэн.Уг гэмтлийн эмнэлгийн багаж ашиглан шалгаж үзэхэд эгц дээшээ чиглэлтэй гүн нь 1.5 см урт нь 1 см орчим байсан ба уг гэмтэлд нэг оёдол тавьсан” гэх мэдүүлэг[7], шүүгдэгч М.Т-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч М.Т- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүнийг хутгалж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч М.Т-ы үйлдлийн улмаас хохирогч М.Б-ийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Т-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, шүүгдэгч, хохирогч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Т- нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Шүүгдэгч М.Т-, хохирогч М.Б- нар нь төрсөн ах дүүс болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон боловч, шүүгдэгч, хохирогч нар нь төрсөн ах дүүс тул хохирогч М.Б- нь шүүгдэгч М.Т-аас хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байна.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Т-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.Т- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд М.Т- нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа, хохирогчид төлөх хохиролгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан үзэх нь зүйтэй.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Я.Дина нь шүүгдэгч М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгосон ба шүүгдэгчийн өмгөөлөгч Х.А- нь М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг ялаас чөлөөлж өгнө үү” гэх санал дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэгдэх бөгөөд М.Т-ыг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч М.Т-ы хувийн байдал болон анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй зэрэг нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдолгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-д 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Баян-өлгий аймгийн Өлгий сумын төвд нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Т- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүйтэн зэвсэг буюу хутга хэрэглэн төрсөн ах М.Б-ийг 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байх тул түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг харгалзан М.Т-д тухайн зүйл хэсэгт зааснаар 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг ялаас чөлөөлөх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул өмгөөлөгч Х.А-ийн энэ талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Дөрөв:Бусад асуудлаар:
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргавал зохих хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт М-ы Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Т-д 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэхүү шийтгэх тогтоолын хэрэгжилтийг хангахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч М.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА