Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: “А п” ХХК-ний нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай” 68 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “А п” ХХК нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Говь-Алтай аймгийн Төгрөг, Бугат сумын “Асгат улаан уул” нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийг Ашигт матмал, газрын тосны газрын даргын 2006 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр “Э Г” ХХК-д анх олгосон. “А п” ХХК нь Ашигт малтмал газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 533 тоот шийдвэрээр Ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийг “Э Г” ХХК-аас хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авч эзэмшиж байна. ******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаандаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. 2006 оноос хойш ашигт малтмалын хайгуулын  ******* тоот тусгай зөвшөөрлийн Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг Ашигт малтмал, Газрын тосны газраар байгаль  орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулж, хайгуулын ажлын зардлыг санхүүгийн тайланд үндэслэж, Ашигт малтмал, газрын тосны газраар баталгаажуулж ирсэн. Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зүгээс 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай” 68 дугаар тогтоол гаргаж уг тогтоолоор манай эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хамгаалалтанд авч улмаар аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/1334 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт “...тусгай хамгаалалтад авсан талбай нь  А п ХХК-ийн ******* тоот тусгай зөвшөөрөлтэй бүхлээрэй давхцаж  байгаа тул тус хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэсэн хүсэлтийг хүргүүлсэн байна. Ийнхүү аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын уг тогтоол  гарснаар тус компани нь ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, үйл ажиллагаа бүр мөсөн зогссон байдалтай болоод байна.  Бид 2006 оноос хойш уг тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, газрыг тусгай хэрэгцээнд авсан талаар ямар нэгэн асуудал гарч ирж байгаагүй тул хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайдаа 2006 оноос хойш 3.156.179.600 /гурван тэрбум нэг зуун тавин зургаан сая нэг зуун далан есөн мянга зургаан зуу/ төгрөгийн өртөг бүхий хайгуулын ажил хийсэн. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ гээд 18.1.2 “к”-д нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх, 20 дугаар зүйлийн 20.1-т   20.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1.”е”, 18.1.1.”ж”, 18.1.2.”г”, 18.1.2.”ж”, 18.1.2.”з”, 18.1.3.”в”, 18.1.3.”г”, 18.1.3.”ж”, 18.1.3.”з”, 18.1.3.”к”, 18.1.3.”л”, 18.1.3.”н”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ гэж зааснаас үзэхэд  нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг тусгай хамгаалалтанд авах эрх зөвхөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарахаар байна. Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь газрын тусгай хамгаалалтанд авах эрх хуулиар олгогдоогүй байхад эрх хэмжээгээ хэтрүүлж, дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай” 68 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.         

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Л.О нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл орон нутгийн тусгай хамгаалалтад авах эрх нь тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид биш иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал байгаа.  Гэтэл Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрийн эрх хэмжээг хэтрүүлж зөвшөөрлийн талбайд хамаарах газар нутгийг тусгай хамгаалалтад авсан нь хууль бус юм. Үүний улмаас нэхэмжлэгч А п ХХК нь тусгай зөвшөөрлөө эзэмших, ашиглах, хэрэгжүүлэх эрхийг ноцтой зөрчиж байна. 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гаргасан тогтоолыг Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн байгаа. Ашигт малтмал газрын тосны газар бүртгэж аваагүй. Практик нь хууль тогтоомжийн дагуу энэ асуудал нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх хэмжээний асуудал юм. Тийм учраас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн гаргасан шийдвэрийг бид нар бүртгэж авахгүй гээд тухайн Тэргүүлэгчид нь тухайн газар нутгийг тусгай хамгаалалтад авсан энэ хоёр төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас  манай компани хууль тогтоомжийн дагуу тайлан гаргах, хайгуулын төлөвлөгөө батлах, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах зэрэг тодорхой хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Тусгай зөвшөөрөл эзэмших эрх зогсчихсон. Бид нар төлөвлөгөө тайлангаа гаргахгүй байна гээд Зөрчлийн хуулиар асуудал яригдана. Хугацаа нь тулсан байгаа.  Ашигт малтмал газрын тосны газар дээр очихоор тусгай хамгаалалтад авсан бүртгэл бол хийгдээгүй. Яагаад гэхээр Хурал гаргах эрхтэй та нарт тийм ямар ч эрх хэмжээ байхгүй гээд асуудлыг нь буцаасан. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тодорхой байгаль орчны менежментийн төлөвлөгөө, явцын тайлан гаргах, Төгрөг сумын иргэдийн Нийтийн Хурлын саналыг авах ёстой. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тусгай хамгаалалтад авсан бид нар ямар нэгэн санал гаргах боломжгүй гэдэг. Дурсгалт газар Монголын соёлын өв тодорхой төрийн байгууллагаас үйл ажиллагаа явуулж байхдаа иргэдийн шүтэж байгаа тахилгат овоог хамгаалах ёстой. Монгол Улс чинь бусад орныг бодуул уул  овоо тахидаг. Ингэлээ гээд төрийн захиргааны байгууллагын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа явуулахдаа хуульд үндэслэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т төрийн байгууллагын үндсэн зарчим хуульд үндэслэх ёстой гээд тодорхой заагаад өгсөн. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг харахаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх заалтад хуульд заасан бусад эрх гэж байгаа. Эрх олгосон заалтыг тусгах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д Захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа хуульд үндэслэх ёстой гэж тайлбарлаж байна. Хууль тогтоомжийг нь хараад үзэхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чөлөөт цагт зарим эрх нь олгогдсон байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн тийм тийм эрхийг Хурлын чөлөө цагт хэрэгжүүлнэ гэж байгаа. Энд 18 дугаар зүйлийн 18.1.2 “к”-д заасан эрхийг Тэргүүлэгчдэд хуулиар олгоогүй. Энэ эрхийг олгоогүй байхад олгосон мэтээр ярьж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авна гэдэг нь хэсэг бүлэг хүмүүсийн шийдвэрлэдэг асуудал биш. Аймаг орон нутгаас сонгогдсон нийт гишүүд нь хуралдаж шийдвэрлэх онцгой бүрэн эрх байгаа. Энэ онцгой бүрэн эрхийг Хурлаас өөр ямар ч субъект хэрэгжүүлэх боломжгүй. Энэ эрх нь зөвхөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хадгалагдаж байгаа. Мөн Төгрөг голын урсгал А п ХХК-ийн үйл ажиллагаанаас болж багассан гэдэг асуудал ярьдаг. Энэ компани хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй. Хайгуулын үйл ажиллагаа нь судалгаа шинжилгээ, эрдэм шинжилгээний ажил хийж байгаа. Ямар нэгэн уул уурхай гол ус бохирдуулах боломж байхгүй. Тухайн байгалиас дээжийг нь аваад лабораторид шинжлээд явж байгаа. Байгальд сөрөг нөлөөлөх ямар ч үйл ажиллагаа явагддаггүй. Дээж авахын тул тодорхой хэмжээний өрөмдлөгөө явагддаг. Өрөмдлөгөө хийснээр нөхөн сэргээх зардал гэж байдаг энэ зардлыг төлөвлөгөөндөө тусгаад Ашигт малтмал газрын тосны газарт тушаагаад явж байдаг. Тодорхой нутгийн иргэдийн хайрлаж хүндэлдэг асуудал байвал бид нар хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ асуудлыг хууль тогтоомжийн дагуу гарах ёстой. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 12 сард хуралдах ёстой. Энэ хурлаар шийдвэрлэх боломжтой. Иргэдээс асуудал тавиад байгаа бол хууль тогтоомжийн дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаа санал болгоод явах процесс нь байсан байх. Захиргааны шийдвэрийн улмаас тодорхой хөрөнгө мөнгө зарчихсан тохиолдолд захиргааны байгууллага хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд сөрөг нөлөөлөл бүхий акт гаргаж байгаа тохиолдолд захиргааны байгууллага урьдчилан мэдэгдэж сонсох ажиллагаа хийх ёстой. А п ХХК-ийн эрхийг хөндөж байгаа тохиолдолд энэ талаар ярилцах ёстой байсан. Бид нарт Ашигт малтмал газрын тосны газраас ийм зүйл боллоо гэж мэдэгдсэн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүхэд гаргасан хариу тайбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Төгрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс “Асгат улаан уул” нэртэй газар олгогдсон хайгуулын лиценз нь Төгрөг сумын Төгрөгийн эх багийн малчдын хаваржаа, намаржааны гол нутаг, өвөг дээдсээс шүтэж ирсэн нутгийн олны тахилгат газар бөгөөд “А п” ХХК нь тус газарт хайгуул хийж ашиглалт явуулж байгаа тул нутгийн иргэдийн гомдол их гарч, үйл ажиллагааг нь зогсоох талаар удаа дараа шаардаж байсан учир аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хууль тогтоомжийн дагуу тус газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар тогтоолыг гаргасан. Тус хайгуулын үйл ажиллагаанаас шалтгаалж Бунханы булаг, Төгрөгийн голын усны урсац багассан, бэлчээр, байгаль орчин сүйтгэсэн гэх малчид, иргэдийн гомдол байгаа нь орон нутгийн хувьд тус асуудлыг анхааралдаа авч тодорхой хугацаанд боловч А п ХХК-ны үйл ажиллагааг зогсоох зайлшгүй шаардлага бий болсон учраас дараа хуралд танилцуулахаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй шийдвэр болно гэжээ. Орон нутгийн иргэдээс энэ компанитай холбоотой хүсэлт гаргаж байгаа. Ямар нэг байдлаар энэ компанид ашиглалтын лиценз олголоо гэхэд орон нутгийн иргэд дэмжихгүй гэдэг нь тодорхой. Мөн Төгрөг голын урсац багассан асуудал тодорхой юм билээ. Тэр дээр байгаль орчны үнэлгээ тогтоолгоогүй учир маргах зүйл бол байхгүй гэв.

          Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.К-д нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх гэж байгаа. Хурлын чөлөөт цагт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлж явна гэсэн заалтын хүрээнд тогтоол гаргаад дараа хуралд тайлагнахаар шийдвэрлэсэн юм. Тухайн үед орон нутгийн иргэд Төгрөг багийн иргэд болон сумын иргэдээс гол ус ширгээд байна тахилгат хайрханы  ойр хавь нь хөндөгдөж байгаа тул энэ компанийн үйл ажиллагааг зогсоож өгнө үү гэсэн хүсэлтүүд ирсэн учраас энэ шийдвэрийг гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

         Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

         Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Төгрөг сумын “Асгат улаан уул” нэртэй ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн булангийн цэгийн солбицол бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан.

         Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар баталж, Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай  асуудлыг хэлэлцэхээр төлөвлөгөөний 1-т оруулжээ.

         Тухайн тэмдэглэлд: “...Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Б танилцуулсан, Ж.А /Төгрөг сумаас сонгогдсон төлөөлөгч, тэргүүлэгч/: Хайрхан чулуу орчмын газар малчдын гол хаваржаа, намаржаа, зуслангийн нутаг. Малчид иргэд хайгуулын лицензийг цуцлуулах санал байнга тавьдаг. Уг газар орчмын усны ундарга нь муудаж урсац үгүй болж байгаа. Төгрөг сумын Засаг даргатай ярьхад тухайн компаниас ярьсан хайгуул хийсэн ашигт малтмалын олдоц муу үр дүнгүй байсан. Орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж өгөөчээ гэж байна.  Я.Э төлөөлөгч, тэргүүлэгч: Эрх зүйн хувьд зөрчилдөх асуудал гарах бий дээ. Цагдаа, шүүхэд хандах, М.Д төлөөлөгч, тэргүүлэгч: Тусгай хамгаалалтанд авахад тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр хэрэгтэй...”  гэх мэт саналууд гарч Төгрөг сумын “Асгат улаан уул” нэртэй ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн булангийн цэгийн солбицол бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг олгосон, 20.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1.”е”, 18.1.1.”ж”, 18.1.2.”г”, 18.1.2.”ж”, 18.1.2.”з”, 18.1.3.”в”, 18.1.3.”г”, 18.1.3.”ж”, 18.1.3.”з”, 18.1.3.”к”, 18.1.3.”л”, 18.1.3.”н”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гэж зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь өөрт олгогдоогүй бүрэн эрхийнхээ хүрээнд 68 дугаар тогтоолыг гаргасан байна.    

         Тодруулбал: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд Сум, дүүргийн Хурлын бүрэн эрхийг заасан бөгөөд хуулийн 18 дугаар зүлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.1.2 “к”-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж хурлын бүрэн эрхийг хуулиар тусгайлан заасан.

         Харин аймаг, нийслэлийн Хурлын бүрэн эрхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлд 19.1-т “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах эсэх асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхээр байна. Иймд шүүх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай” 68 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  18 дугаар зүйлийн 18.1.2 “к”, 19 дүгээр зүйлийн 19.1  дэх хэсэгт заасныг баримтлан “А п” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай” 68 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЗОЛБАДРАХ