Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 6

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

            нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

            улсын яллагч П.Даваасүрэн

            шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:      

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батбаярын Цогтбаярт холбогдох  201625020321 тоот хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, электрон тоног төхөөрөмжийн засвар мэргэжилтэй, ам бүл 2, ахын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 4-64 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,  /РД:УП92062813/ Бал овогт Батбаярын Цогтбаяр нь:

- 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 4 дүгээр гудамжид нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, ялимгүй зүйлээр шалтаглан хохирогч Б.Энхтүвшингийн нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Энхтүвшин мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байтал  Цэрэнжав миний утас руу залгаад “ Чи хаана байна. Пизда минь ямар том болчихсон юм бэ “ гээд тасалсан. Тэр үед юу яриад байгаа сайн ойлгоогүй. Удалгүй Б.Цогтбаяр залгаад “ Хаана байна “ гэхээр нь гэртээ байна гэхэд “ Очиж байгаад чамайг ална аа “ гэсэн. Би удалгүй хоёр найзтайгаа хүнсний дэлгүүрт байж байтал Б.Цогтбаяр ирээд учир зүггүй заамдаж аваад хана мөргүүлээд байхаар нь болиоч гээд гэр рүүгээ явж байтал  Б.Цогтбаяр ахын хуурай дүү нь намайг дуудсан. Тэгээд намайг “ Битгий хоорондоо хэрэлдээд бай. Учраа ол. Уулзаад тайлбарлаад өгчих “ гэхээр нь би буцаж очоод  тайлбарлах гэхэд " Чи яахаараа мэддэггүй юм" гэж хэлээд миний уруулны баруун доод хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Тэгээд  доошоо  тонгойгоод  шүлсээ  хаясан чинь баруун доод 2 ширхэг шүд унасан. Би тэр найзыг нь зодоогүй. Шүдээ янзлуулах эмчилгээний зардлаа авчихвал гомдолгүй гэжээ. / хх 13-14 /

Гэрч О.Амарсанаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Б.Цогтбаяр ахын найз нь хүнд зодуулчихсан  гээд Б.Энхтүвшин бид хоёрыг зодсон гээд Б.Цогтбаяр ах  Б.Энхтүвшинг заамдаад автал Б.Энхтүвшин өөдөөс нь заамдаад авахаар нь би салгасан. Б.Энхтүвшин  Б.Цогтбаяр ахаас “ Уучлаарай. Хоёулаа эвлэрье” гээд гуйсан чинь Б.Цогтбаяр “ Чамтай би юу ярьдаг юм”  гэж хэлээд Б.Энхтүвшингийн уруулынх баруун тал руу цохьтол Б.Энхтүвшингийн 2 шүд нь газарт унасан гэжээ.  / хх 24 /

Гэрч Э.Дөлгөөн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Б.Цогтбаяр ахын найзыг хүмүүс зодсон гэсэн. Тэгээд Б.Энхтүвшинг зодсон гээд уурлаад Б.Энхтүвшинг зодох гээд байхаар нь салгасан. Гэтэл Б.Цогтбаяр гадаа гудамжинд Б.Энхтүвшингийн нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Тэр үед Б.Энхтүвшингийн 2 шүд унаад ирсэн гэжээ. / хх 25 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1324 тоот дүгнэлтэнд:

1. Б.Энхтүвшингийн биед баруун доод 1, 2 дугаар шүдний булгаралт, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, уруулын дотор талын салстын язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд10% нөлөөлнө гэжээ. / хх 28 /

Шүүгдэгч Б.Цогтбаярыг 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 36-37 /, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 38-39 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  / хх 41 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цогтбаяр мэдүүлэхдээ: 2016 оны 01 сарын 14-ний өдөр өөрийн найз Цэрэнжавтай хамт хоёр хоёр шил пиво уусан. Гэтэл манай нэг найз ирээд 17-гийн тэнд намхан хүүхдэд зодуулчихлаа гэхээр нь би Б.Энхтүвшинг гэж бодоод түүний шанаанд нэг цохьсон. Б.Энхтүвшингийн 2 шүд унаж нэг шүд нь хөдөлсөн. Би түүний эмчилгээнд баримтаар 250.000 төгрөг, баримтгүй 50.000 төгрөг өгсөн. Түүний ээж аавтай тохиролцсон. Миний найзын ажилладаг шүдний эмнэлэгт нэг шүдийг 800.000 төгрөгөөр хийдэг гэсэн. Тэгээд арай хямдаар хийлгэж өгөхөөр тохиролцсон байгаа. Миний ялыг тэнсэж өгнө үү. Өөрийн буруугаа хүлээж байна гэв.

Шүүгдэгч Б.Цогтбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 4 дүгээр гудамжид нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, ялимгүй зүйлээр шалтаглан хохирогч Б.Энхтүвшингийн нүүрэн тус газар нь цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл  учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Б.Цогтбаяр ах “ Чи яахаараа мэддэггүй юм бэ “ гээд миний уруулны баруун талд гараа атгаж байгаад нэг удаа цохьтол миний 2 шүд унасан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Б.Энхтүвшингийн мэдүүлэг /хх 13-14/, …Б.Энхтүвшин Б.Цогтбаяр ахаас “ Уучлаарай Хоёулаа эвлэрье” гэж хэлэхэд “ Чамтай би юу ярьдаг юм “ гэж хэлээд Б.Цогтбаяр Б.Энхтүвшингийн уруулынх баруун тал руу цохьсон чинь Б.Энхтүвшингийн 2 шүд нь газарт унасан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч О.Амарсанаагийн мэдүүлэг / хх 24 /, … Б.Цогтбаяр гадаа гудамжинд Б.Энхтүвшингийн  нүүрэн  тус  газар  нь  нэг

удаа цохьсон. Б.Энхтүвшингийн 2 шүд унасан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Э.Дөлгөөний мэдүүлэг / хх 25 /, …хохирогч Б.Энхтүвшингийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1325 тоот дүгнэлт / хх 28 / зэрэг болно.  

Шүүхээс шүүгдэгч Б.Цогтбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохирогчийн эмчилгээний зардлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хохирогч Б.Энхтүвшин нь эмчилгээний зардлын баримтаа шүүхэд өгөөгүй боловч шүүгдэгч Б.Цогтбаяр нь 250.000 төгрөг өгсөн тул түүнийг төлөх төлбөргүй гэж үзэж, Б.Энхтүвшин нь хиймэл шүд хийлгэх зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                       

ТОГТООХ нь:  

1. Батбаярын Цогтбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Цогтбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Цогтбаяр нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хохирогч цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Б.Цогтбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

5. Б.Цогтбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

7. Шийтгэх  тогтоолыг  ялтан,  хохирогч,  өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

                                   

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             С.ОЮУНЧИМЭГ