Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/77

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Э.Дөлгөөн,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ж-ийн Б-д холбогдох 2128000930061 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ......................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 7-15 тоотод орших Б.Х-ын гэрт байсан 1 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.Б-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би нөхөр, хүүхдийн хамт Цогтцэций сум руу яваад 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Даланзадгад сумын 7 дугаар баг Оюунтын 7-15 тоотод байх өөрийн гэртээ эргэж ирсэн. Энэ хугацаанд манай гэрт ямар нэгэн хүн үлдээгүй гэрээ цоожлоод явсан байсан. Манай хашаанд манай хадам эцэг Б хашаа хараад өөрийн гэртээ үлдсэн. Манай хадам эцэг Б-гийн гэр манай хашаанд байдаг. Өнөөдөр буюу 04 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн орчимд гэртээ ирчхээд байж байхдаа авдраа онгойлгох гэтэл цоож нь гацаад байсан. Цоожоо оролдож байгаад авдраа нээсэн чинь манай авдрыг хэн нэгэн хүн онгичиж ухсанх байдалтай доторх эд зүйлс эмх замбараагүй болсон байсан ба авдар дотор байсан 1 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Хашаа хараад үлдсэн байсан хадам эцэг Б-гаас манай гэрт хулгайч орж манай авдрыг ухаад дотор нь байсан миний өвөөгөөс уламжилж ирсэн мөнгөн аягыг авсан байна гэж хэлсэн чинь мэдэх зүйл байхгүй байна, би мэдээгүй гэж хэлсэн. Уг хулгайд алдсан гэх мөнгөн аяга миний өвөөгөөс надад үе уламжилж ирсэн цул мөнгөн, дунд гарын аяга байсан. Манай гэрээс миний мөнгөн аягыг хулгай хийж авсан хүнийг надад олж өгч миний хохирлыг барагдуулж өгнө үү гэж би цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан. Дунд гарын цул мөнгөн, хээгүй сийлбэргүй, аяганы дундуур бар өнгийн модон эмжээртэй, тагшгүй мөнгөн аяга байсан. Хаанахын хэний хийц гэдгийг нь би мэдэхгүй. Манай өвөөд ааваас нь уламжилж ирсэн аяга байсан ба өвөө надад үе уламжлуулж өгсөн аяга байсан... Миний алдагдсан байсан мөнгөн аяга одоо надад байгаа. Б гэдэг хүн надад авч ирж өгсөн. Миний аягыг гэрээс авч яваад ломбардад тавьж байгаад авч ирлээ гээд уучлалт гуйгаад надад өгсөн. Миний мөнгөн аяга манай гэрт байх авдарт байсан бөгөөд манай хадам эцэг Б гэрт орж авдраас аваад өөрийнхөө гэрт оруулах гэж байгаад мартаад гарсан юм байна лээ. Түүнийг нь Б гэдэг хүн авч явсан юм байна лээ. Манай гэрийн цоож, авдрын цоож зэрэгт ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 20, 22 дугаар хуудас/

 

  Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хүү Т саяхан айл болоод манай хашаанд Оюутын 7-15 тоотод гэр барьж тусдаа гарсан. Эхнэрийг нь Х гэдэг. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр манай хүү Т, бэр Х нар хүүхдээ аваад гурвуулаа Цогтцэций сум руу явцгаасан. Хашаанд би ганцаараа үлдсэн. Манай 2 хүүхэд явахдаа гэрээ цоожлоод түлхүүрээ гэрийнхээ баруун хойд талын хаяанд чулуун доор тавьж орхисон байсан. 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Т, Х нар гэртээ ирээд надаас манай гэрт хулгайч орсон байсан, мөнгөн аяга алга болсон байна гэж хэлсэн. Манай хүү Т, Х хоёрыг айл болж тусдаа гарахад Х-ын өвөө нь хуучны хийцтэй үндсэн тагштай мөнгөн аяга өвлүүлж өгсөн гэдгийг нь би мэднэ. Тэр аяга нь алга болсон байна гэж хэлсэн. Манай 2 хүүхдийг эзгүй байх үед нь 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шороо их шуурсан. Энэ өдөр Т надтай утсаар ярьж аав гэрт орж манай гэрийг үзээрэй гэж хэлсэн. Би гэрийнх нь баруун хойд талд чулуун доор нууж тавьсан байсан түлхүүрийг нь авч гэрт нь орж гэрийнх нь тоос шороог цэвэрлээд гарсан. Тухайн үед манай хүүгийн гэрт хулгай орсон гэх ул мөр ажиглагдаагүй. Түүнээс сүүлд нь дахин хүүгийнхээ гэрт орж авдрыг онгойлгоод авдарт байсан мөнгөн аягыг нь аваад гэрт оруулж тавина гэж бодоод гаргаж авдар нь дээр нь тавиад гэрийг нь цэвэрлэж байгаад гэнэт худаг хаах гэж байгааг мэдээд усанд явах байснаа санаад гэрээс гараад худаг руу явсан. Худаг дээр очиж хүнтэй уулзаад орой болсон хойно гэртээ ирээд хүүгийнхээ гэрийг түгжчихээд гэртээ ороод унтсан. Түүнээс хойш хүүгийн гэр рүү дахин ороогүй байж байхад хүүхдүүд мөнгөн аяга алдсан гэж надад хэлсэн. Би хүүхдүүдийг мөнгөн аягаа алдсан гэж хэлэх үед аягыг нь авдраасаа гаргасан гэдгээ санасан. 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн үдээс хойш манай зүүн талын хашааны дэлгүүрт суудаг Э гэх хүнтэй хүү Б нь уулзахаар ирээд ээж эзгүй байна гээд манай хашаанд Б, Б гэх хүнтэй хамт орж ирсэн. Б, Б гэх 2 хүн удалгүй явсан. Маргааш өдөр нь буюу 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн өглөө Б ганцаараа манай гэрт орж ирээд мотоцикл унах аргагүй гадаа шороо шуурч байна мотоциклоо орхичхоод явъя гэж хэлээд манай хашаанд Б мотоциклоо тавьчхаад явсан. Энэ өдрийн 12 цагийн орчимд Б, Б гэх хүнтэй хамт манай гэрт орж ирээд мотоциклоо аваад явлаа гэж хэлээд мотоциклоо аваад явсан. Б манай гэрээс гарч явахаас өмнө танай хашаан дээгүүр хар хувцастай хүн даваад гараад явж байна гэж хэлсэн. Тэр үед нь би гэрээс гарч өөрийн мужааны багажаа үзэхэд бүгд бүрэн байсан. Би ямар нэгэн юм бодолгүй өнгөрсөн. Манай хашаанд өөр хүн ирээгүй. Би хүүгийнхээ гэрт ямар нэгэн хүн дагуулж ороогүй. Үндсэн тагштай бага гарын, мөнгөний орц ихтэй хуучны хийцтэй мөнгөн аяга байсан. Хэний ямар хийцтэй аяга гэдгийг нь би мэдэхгүй... Би Б, Б нарыг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манайд ирсэн гэж бодож байсан бөгөөд би тухайн үед мэдүүлэг өгөхдөө тэгээд хэлсэн. Сүүлд нь бодоод байсан чинь 03 дугаар сарын 26-ны өдөр байсан юм байна лээ манайхаар өдөр бүр олон хүн орж гардаг учраас сар, өдрийг тэрийн болгон санаад байдаггүй. Би Х-ын гэрийг өдөр онгойлгоод гэрт нь орж цэвэрлэгээ хийж байхад гадаа хүмүүс ирээд надаар юм хийлгэнэ гэж хэлсэн. Би гадаа байж байгаад худаг хаах гэж байгааг гэнэт санаад ороод худаг руу яваад нэлээд удаж байгаад орой усаа авч ирээд орой нь Х-ын гэрийг түгжчихээд унтсан. Би гэр нь эзгүй болохоор гэртээ оруулж тавих гээд авдраас нь гаргаж авдар дээр нь тавьсан санагдаад байгаа юм. Тухайн үед гэрт нь хаана нь ч тавьсан байж магадгүй. Барьж гарах гэж байгаад л мартаад гарсан.” /хавтаст хэргийн 26, 28 дугаар хуудас/

Гэрч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байх “68 зээлийн төв” нэртэй ломбардад өөрийнхөө 1 ширхэг мөнгөн аягыг шаардлагатай үед тавиад мөнгөтэй болохоороо буцаагаад авчихдаг. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн мөнгөн аягаа “68 зээлийн төв”-ийн ломбардад тавьсан бөгөөд сарын дараа аягаа авах гэсэн мөнгө олдоогүй учраас хамт ажиллаж байсан Ж.Б руу залгаад мөнгө байна уу, би аягаа ломбардад тавьчихсан чинь авч чадахгүй байна боломж байвал сунгаад өгөөч гэж хэлсэн. Тэгсэн чинь Б наад ломбард чинь ямар аяга авдаг юм бэ гэхээр нь би шинэ цагийн аяга тавьсан юм гэж хэлсэн чинь тийм аяга авдаг юм бол би өөрийнхөө аягыг аваад очъё гэж хэлсэн. Удалгүй “68 зээлийн төв”-ийн гадаа Б мотоциклтой хүрээд ирсэн. Ирэхдээ өөрийнхөө гээд нэг шинэ цагийн мөнгөн аягатай ирсэн. Тэр аягаа “68 зээлийн төв”-д оруулж 60 орчим мянган төгрөгт тавьсан байх. Удалгүй гарч ирээд надад аягаа сунгуул гээд 5000 төгрөг өгчхөөд явсан. Би нөгөө мөнгөөр нь аягаа сунгуулсан. Бид хоёр уулзаж байгаад хамт явж ямаа самнахаар яриад Б аяга тавьсан мөнгөөрөө мотоциклынхоо банкийг дүүргэсэн. Бид хоёр явах гэсэн чинь битүү улаан шороо тавиад онцгой байдал зарласан учраас явж чадаагүй. Тэгээд гэр гэртээ харьцгаасан. 2 хоног чимээгүй байж байгаад 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Б над руу залгаад гэрийн гадаа хүрээд ирлээ гэж хэлсэн. Бид хоёр уулзсан чинь ямаа самнахаар явъя би ээжээс мөнгө аваад бензин хийчихье гэж хэлсэн. Бид хоёр хамт яваад Оюутын 7-14 тоот хашааны гадаа очсон. Б гэр рүү ороод эргэж гарч ирэхдээ ээж алга байна гэж хэлсэн. Бид хоёр хөдлөх гэж байхад баруун талын хашаанаас мужаан хийдэг Б гэдэг өвгөн гараад ирсэн. Б гуай нэлээд согтуу байсан. Тэр хоёр уулзаж байгаад хуучны найзууд гээд Б гуайн гэр рүү орохоор болсон. Б гуайн хашаанд ороход 2 гэр байсан бөгөөд зүүн талын гэрийн хажуугаар нь хөрөө рам, мод ихээр бутарсан байсан. Зүүн талын гэрт ороход Б гуайн гэрт нэг овчерк нохой байсан. Б гуай гэртээ ороод Б-тай жоохон юм ярьж байгаад ширээнийхээ доороос 0,5 граммын Хараа нэртэй архи гаргаж ирж задлаад бид хоёрт хийж өгсөн. Тэр архийг бид гурав хувааж уугаад дуусахад Б гуай нэлээд согтсон байдалтай байсан бөгөөд намайг яв, яв гэртээ харь гээд байсан. Би гэрээс нь ганцаараа гараад хашаанаас нь гарахад зөрөөд Б гуайн үеийн гэмээр өвгөн орж байсан. Би Б гуайн гэрээс гараад гэр рүүгээ алхаад ирж амарсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 03 дугаар сарын 27-ны өглөө гэрлийн мөнгөний үлдэгдэл нэхэгдээд байна явж төл гэхээр нь төв рүү яваад мөнгө хүлээж авдаг газар яваад очиход хагас сайн өдөр байсан учраас буцаад гэр рүүгээ явж байхад Динозавртай цоглог дэлгүүрийн гадаа алхаж байхад Б мотоциклтойгоо явж байгаад надтай таарсан. Тэгсэн Б надтай уулзаад надад нэг ийм аяга байна гээд хуучин цагийн мод нь их хир болсон жижиг аяга гаргаад ирсэн. Энэ аягыг ломбардад тавих гэсэн чинь миний бичиг баримт байхгүй болоод болохгүй байна чиний бичиг баримт байна уу гэж хэлсэн. Тэр үед миний бичиг баримт биед байсан учраас надад бичиг баримт байна гэсэн чинь энэ аягыг тавиад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би “68 зээлийн төв”-д ороод энэ аягыг 60,000 төгрөгт тавиул авах уу гэсэн чинь авна гэхээр нь 60,000 төгрөгт тавьчхаад гарч ирээд баримт мөнгө хоёрыг Б-д өгөхөд Б баримтыг хэтэвчиндээ хийгээд мөнгийг нь аваад надад 10,000 төгрөг өгөөд бусдыг нь өөрөө аваад утсаар ярина гэж хэлчхээд яваад өгсөн. Би такси аваад гэр рүүгээ явсан. Би гэртээ байж байхад 2 хоногийн дараа Жи мобайлын дугаараас дуудлага ирсэн. Утсаа авсан чинь Б байна би Хүрмэн суманд хөдөө гэртээ байна гэж ярьсан. Би 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хөдөө явсан. Тэгж явж байгаад 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр аймагт ирж байна. Би эд сайн мэдэхгүй харахад ямар нэгэн хээ хуар байхгүй нэлээд жижиг их хуучин мөнгө ихтэй болов уу гэмээр л аяга байсан.” /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Ө.Б, Ж.Б гэх хүмүүсийг танихгүй. Ямар нэгэн садан төрлийн харилцаа байхгүй. Гэхдээ манай “Их мөнх наран” банк бус санхүүгийн байгууллагаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгч нар байна. Миний ажилладаг “Их мөнх наран” банк бус санхүүгийн байгууллагад Ө овогтой Б КВ79031011 регистрийн дугаартай хүн 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хуучин цагийн энгийн хийцтэй 11 см үндсэн тагштай амсар хазагдсан 1 ширхэг мөнгөн аягыг 60,000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авч 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 10,000 төгрөгийн хасалт хийж зээлийн үлдэгдэл 50,000 төгрөг болж энэ өдрийнхөө үдээс хойш нь Ө.Б эргэж ирээд 60,000 төгрөгийн нэмэлт зээл авч зээлийн үлдэгдэл нь 110,000 төгрөг болсон байна. 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ж.Б гэх КЗ79040914 регистрийн дугаартай хүн ирж манай найзын аяга байгаа юм гэж манай найз Ө.Б Ханбогд суманд хөдөө байгаа гээд өөрийнхөө бичиг баримтыг шалгуулаад 113,300 төгрөг төлж зээлийг хааж Ө.Б-гийн барьцаанд тавьсан дээрх мөнгөн аягыг авч явсан. Мөн Ө.Б гэх хүн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр орчин цагийн бор өнгийн хуванцар тагштай амсар хазагдсан хэрэглээний сэвтэй гибсгүй 1 ширхэг мөнгөн аягыг 60,000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан байна. 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 70,920 төгрөгөөр зээлийг хаасан байна. Ж овогтой Б гэх хүний зээлийн түүхийг харахад манай байгууллагад 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр орчин цагийн амсар хазагдсан суурь нь хөндийрсөн 13 см гибсгүй 1 ширхэг мөнгөн аягыг 70,000 төгрөгт, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр орчин цагийн амсар хазагдсан дотор тал харласан ёроол цохигдсон 13 см гибсгүй 1 ширхэг мөнгөн аягыг барьцаад тавьж 40,000 төгрөгийн зээлийг тус тус авсан байна. 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ж.Б-ын эх Э гэх хүн тус 2 мөнгөн аяганы зээлийг хааж авсан байна. Би тухайн үед Цогтцэций суманд ажиллаж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 28-нд Даланзадгад сумын салбарт ирж ажиллаж байна. Манай салбарын захирал О.Ч энэ талаар сануулж хэлээгүй. Мөн Ө.Б-гийн барьцаанд тавьж зээл авсан гэх аяга нь хулгайн аяга гэдгийг нь мэдээгүй байсан болохоор Ж.Б-д Ө.Б-гийн барьцаанд тавьсан үндсэн тагштай хуучин цагийн мөнгөн аягыг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэн өгч зээлийг нь хаасан.” /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 1979 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн. 1987-1991 онд Өмнөговь аймгийн Ноён сумын Ерөнхий боловсролын сургуульд сураад 4 дүгээр ангиа төгсөөд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар сургуульд 1991-1993 онд сураад 6 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарч хөдөө эмээ дээрээ очиж мал малласан. Миний бие Өмнөговь аймгийн Ноён сумын Сайран багт мал маллаж байгаад 2001 онд Өмнөговь аймгийн Шүүхээс 80,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. 2002-2003 оны хооронд Дорноговь аймгийн Сулинхээрийн отрядад хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд өөрийн эмээ Н-ын хамтаар мал маллаж байгаад Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн иргэн Н.С-тай танилцаж улмаар 2007 онд гэр бүл болж Өмнөговь аймгийн Даланзадгад суманд шилжин ирж Даланзадгад сумын 2 дугаар багт амьдрах болсон бөгөөд 2007 онд том хүү Б.Дөлөө, 2012 онд дунд хүү Б.М, 2015 онд бага хүү С төрсөн. Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 8б-10 тоотод эхнэр, 3 хүүхдийн хамтаар амьдарч байгаа юм.” /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 111 дугаартай үнэлгээнд: “Мөнгөн аяга 1 ширхэг, нэгжийн үнэ 1,100,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 1,100,000 төгрөг /үндсэн тагштай гар хийцийн дунд гарын мөнгөн аяга/” /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-15 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дүгээр хуудас/

“Их мөнх Наран” ХХК-ийн зээлийн баримтын хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 69-71 дүгээр хуудас/

Б.Х-ын Өмнөговь аймгийн Прокурорын газарт 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 50-51, 55-56,  дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Ж.Б-аас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 7-15 тоотод орших Б.Х-ын гэрт байсан 1 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Б.Х-ын “...Өнөөдөр буюу 04 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн орчимд гэртээ ирчхээд байж байхдаа авдраа онгойлгох гэтэл цоож нь гацаад байсан. Цоожоо оролдож байгаад авдраа нээсэн чинь манай авдрыг хэн нэгэн хүн онгичиж ухсан байдалтай доторх эд зүйлс эмх замбараагүй болсон байсан ба авдар дотор байсан 1 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан.” /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

гэрч С.Б-гийн “...Манай 2 хүүхэд явахдаа гэрээ цоожлоод түлхүүрээ гэрийнхээ баруун хойд талын хаяанд чулуун доор тавьж орхисон байсан. 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Т, Х нар гэртээ ирээд надаас манай гэрт хулгайч орсон байсан, мөнгөн аяга алга болсон байна гэж хэлсэн. Манай хүү Т, Х хоёрыг айл болж тусдаа гарахад Х-ын өвөө нь хуучны хийцтэй үндсэн тагштай мөнгөн аяга өвлүүлж өгсөн гэдгийг нь би мэднэ. Тэр аяга нь алга болсон байна гэж хэлсэн... Би хүүхдүүдийг мөнгөн аягаа алдсан гэж хэлэх үед аягыг нь авдраасаа гаргасан гэдгээ санасан. 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн үдээс хойш манай зүүн талын хашааны дэлгүүрт суудаг Э гэх хүнтэй хүү Б нь уулзахаар ирээд ээж эзгүй байна гээд манай хашаанд Б, Б гэх хүнтэй хамт орж ирсэн. Б, Б гэх 2 хүн удалгүй явсан. Маргааш өдөр нь буюу 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн өглөө Б ганцаараа манай гэрт орж ирээд мотоцикл унах аргагүй гадаа шороо шуурч байна мотоциклоо орхичхоод явъя гэж хэлээд манай хашаанд Б мотоциклоо тавьчхаад явсан. Энэ өдрийн 12 цагийн орчимд Б, Б гэх хүнтэй хамт манай гэрт орж ирээд мотоциклоо аваад явлаа гэж хэлээд мотоциклоо аваад явсан. Б манай гэрээс гарч явахаас өмнө танай хашаан дээгүүр хар хувцастай хүн даваад гараад явж байна гэж хэлсэн. Тэр үед нь би гэрээс гарч өөрийн мужааны багажаа үзэхэд бүгд бүрэн байсан. ... Б, Б нар 03 дугаар сарын 26-ны өдөр байсан юм байна лээ манайхаар өдөр бүр олон хүн орж гардаг учраас сар, өдрийг тэрийн болгон санаад байдаггүй. Би Х-ын гэрийг өдөр онгойлгоод гэрт нь орж цэвэрлэгээ хийж байхад гадаа хүмүүс ирээд надаар юм хийлгэнэ гэж хэлсэн. Би гадаа байж байгаад худаг хаах гэж байгааг гэнэт санаад ороод худаг руу яваад нэлээд удаж байгаад орой усаа авч ирээд орой нь Х-ын гэрийг түгжчихээд унтсан. Би гэр нь эзгүй болохоор гэртээ оруулж тавих гээд авдраас нь гаргаж авдар дээр нь тавьсан санагдаад байгаа юм. Тухайн үед гэрт нь хаана нь ч тавьсан байж магадгүй. Барьж гарах гэж байгаад л мартаад гарсан.” /хавтаст хэргийн 26, 28 дугаар хуудас/,

гэрч Ө.Б-гийн “...2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Б над руу залгаад гэрийн гадаа хүрээд ирлээ гэж хэлсэн. Бид хоёр уулзсан чинь ямаа самнахаар явъя би ээжээс мөнгө аваад бензин хийчихье гэж хэлсэн. Бид хоёр хамт яваад Оюутын 7-14 тоот хашааны гадаа очсон. Б гэр рүү ороод эргэж гарч ирэхдээ ээж алга байна гэж хэлсэн. Бид хоёр хөдлөх гэж байхад баруун талын хашаанаас мужаан хийдэг Б гэдэг өвгөн гараад ирсэн. Б гуай нэлээд согтуу байсан. Тэр хоёр уулзаж байгаад хуучны найзууд гээд Б гуайн гэр рүү орохоор болсон. Б гуайн хашаанд ороход 2 гэр байсан бөгөөд зүүн талын гэрийн хажуугаар нь хөрөө рам, мод ихээр бутарсан байсан. ... 2021 оны 03 дугаар сарын 27-ны өглөө гэрлийн мөнгөний үлдэгдэл нэхэгдээд байна явж төл гэхээр нь төв рүү яваад мөнгө хүлээж авдаг газар яваад очиход хагас сайн өдөр байсан учраас буцаад гэр рүүгээ явж байхад Динозавртай цоглог дэлгүүрийн гадаа алхаж байхад Б мотоциклтойгоо явж байгаад надтай таарсан. Тэгсэн Б надтай уулзаад надад нэг ийм аяга байна гээд хуучин цагийн мод нь их хир болсон жижиг аяга гаргаад ирсэн. Энэ аягыг ломбардад тавих гэсэн чинь миний бичиг баримт байхгүй болоод болохгүй байна чиний бичиг баримт байна уу гэж хэлсэн. Тэр үед миний бичиг баримт биед байсан учраас надад бичиг баримт байна гэсэн чинь энэ аягыг тавиад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би “68 зээлийн төв”-д ороод энэ аягыг 60,000 төгрөгт тавиул авах уу гэсэн чинь авна гэхээр нь 60,000 төгрөгт тавьчхаад гарч ирээд баримт мөнгө хоёрыг Б-д өгөхөд Б баримтыг хэтэвчиндээ хийгээд мөнгийг нь аваад надад 10,000 төгрөг өгөөд бусдыг нь өөрөө аваад утсаар ярина гэж хэлчхээд яваад өгсөн.” /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

гэрч Э.Э-ийн “...Ө.Б, Ж.Б нар “Их мөнх наран” банк бус санхүүгийн байгууллагаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгч нар байна. Миний ажилладаг “Их мөнх наран” банк бус санхүүгийн байгууллагад Өлзийсайхан овогтой Б КВ79031011 регистрийн дугаартай хүн 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хуучин цагийн энгийн хийцтэй 11 см үндсэн тагштай амсар хазагдсан 1 ширхэг мөнгөн аягыг 60,000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авч 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 10,000 төгрөгийн хасалт хийж зээлийн үлдэгдэл 50,000 төгрөг болж энэ өдрийнхөө үдээс хойш нь Ө.Б эргэж ирээд 60,000 төгрөгийн нэмэлт зээл авч зээлийн үлдэгдэл нь 110,000 төгрөг болсон байна. 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ж.Б гэх КЗ79040914 регистрийн дугаартай хүн ирж манай найзын аяга байгаа юм гэж манай найз Ө.Б Ханбогд суманд хөдөө байгаа гээд өөрийнхөө бичиг баримтыг шалгуулаад 113,300 төгрөг төлж зээлийг хааж Ө.Б-гийн барьцаанд тавьсан дээрх мөнгөн аягыг авч явсан” /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 111 дугаартай үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Их мөнх Наран” ХХК-ийн зээлийн баримтын хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч Ж.Б нь дээрх бусдын өмчид халдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 7-15 тоотод орших Б.Х-ын гэрт байсан 1 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шинжээчийн үнэлгээ нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж үнэлгээг гаргасан байх тул шүүх шинжээчийн үнэлгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Х-д 1,100,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 111 дугаартай үнэлгээ болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Х-д 1,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий үндсэн тагштай гар хийцийн дунд гарын мөнгөн аягыг биет байдлаар буцаан өгсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгч Ж.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хохирогчид биет байдлаар төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.  

Шүүх шүүгдэгч Ж.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Б нь хохирогч Б.Х-д 1,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн аягыг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Б овгийн Ж-ийн Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Б.Х-д 1,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн аягыг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдсугай.     

5. Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ