Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2017/00538

 

 

 

 

 

 

2017 оны 5 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2017/00538

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянхангай сум, 2 дугаар баг, Хөшөөт багт оршин суух Сартуул овогт Чулууны Саранхүү /ИЭ50122005, утас: 88170473, 96454404, 88611228/-гийн

Нас тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Нямдорж оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч Ч.Саранхүү шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1948 оны хулгана жилийн өвлийн дунд сард он тооллоор 1948 оны 12 дугаар сарын 20-нд Завхан аймгийн Алдархаан суманд Богдын голын Цагаан сайр гэдэг газар Чулууны ууган охин болон төрсөн гэдэг. Тухайн үед төрсний гэрчилгээ гэж байгаагүй гэсэн. Аав, ээж минь намайг анх 8 настай сургуульд оруулснаа гаргасан байсныг манай ээжийн дүү “хүүхэд сургуульд оруул” гэж шаардаж байж 1960 онд намайг 10 настай байхад дахин сургуульд оруулсан бөгөөд ингэж 1-р ангид дахин оруулахдаа миний Яшаа нэрийг Саранхүү гэж өөрчилж, 8 настай гэж бүртгүүлсэн бөгөөд би 1967 онд 7 дугаар ангиа төгссөн. Тухайн үеийн хүмүүс хүүхдээ мал дээрээ байлга гэж сургуульд оруулах дургүй байсан гэж хөгшчүүл ярьдаг юм. Улсын архивын газраас хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа авахад 1956 оны хүн амын тооллогод намайг Чулууны Яшаа 8 настай гэж бүртгэсэн байдаг. Миний нэрийг аав ээж маань өөрчилж Саранхүү нэрээр нэрлэсэн, бүх бичиг баримтад энэ нэрээрээ бичигдсэн, бас хүмүүс намайг энэ нэрээр мэддэг болохоор нэрээ өөрчлүүлэхийг хүсэхгүй байна. Харин төрсөн оноо үнэн зөвөөр тогтоолгож, улсын бүртгэлд болон өөрийн үр хүүхэддээ үнэн зөв мэдээлэл үлдээхийг хүсч байгаа тул Ч.Саранхүү намайг 1948 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Ч.Саранхүү нь 1948 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах  эрхтэй бөгөөд эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу өөрийн насыг тогтоолгохыг хүссэн байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

 Чулууны Саранхүүд 2012 оны 07 сарын 30-ны өдөр олгосон иргэний үнэмлэх дээр түүний төрсөн огноог 1950 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр, регистрийн дугаарыг ИЭ50122005 гэж, Улсын бүртгэлийн хэлтсийн төрсний бүртгэлд мөн огноогоор төрснөөр бүртгэсэн байх боловч

Ч.Саранхүү нь 1948 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болох нь Завхан аймгийн Жавхлант сумын 7 дугаар багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 10 дугаар хуудсанд: Чулууны Яшаа нь 8 настай настай гэж, 

Ч.Саранхүүд 1996 оны 03 дугаар сарын 9-ний өдөр олгосон иргэний паспортонд түүний төрсөн огноог 1950 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр бүртгэсэн бичилт,

Монголын Үйлдвэрчний эвлэл гишүүний №224113 дугаар бат илэрхийлэхэд Чулууны Саранхүү 1950 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн гэх бичилт,

Гэрч Д.Баяннамсрай: Саранхүүгийн ээжийг Түндэв, аавыг нь Чулуун гэдэг, 1940 оны үед гэр бүл болж, 1948 онд Ч.Саранхүү төрж байсан. Анхны охин нь юм. Саранхүү Завхан аймгийн эмнэлэгт төрөөд Яшаа гэдэг нэртэй байсан гэх тодорхойлолт,

-гэрч Ч.Гүрсэдийн: Бид эхээс 6 уулаа, Ч.Саранхүү манай хамгийн том эгч, 1948 оных... 1948 оны үед төрсний гэрчилгээ гэж байгаагүй, Завхан аймгийн төвд эмнэлэгт төрж байсан. Тухайн үеийн орос эмч л нэрийг нь Яшаа гээд нэр өгсөн. Тэгээд 1956 оны хүн амын тооллогын лавлагаан дээр Чулууны Яшаа гэж гарч ирсэн. Сургуульд уг нь 8 настай хүүхдүүд ордог байсан эгч 10 настайдаа орсон сургуульд байхдаа нэрийг Саранхүү болгож өөрчилсөн. Хүн амын лавлагаан дээр 8 настай гэж бүртгэгдсэн ба тооцож үзвэл 1948 онд төрсөн болох нь харагдаж байгаа. Сургуульд орохдоо насыг нь дараад ийм зүйл болсон. Тэгээд л тэр чигээрээ тоолгүй явсан гэх тодорхойлолт, нэхэмжлэгчийн өөрийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн

135.2.13-д заасныг баримтлан Сартуул овогт Чулууны Саранхүүг 1948 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болохыг тогтоож, түүнийг Төв аймаг дахь иргэний улсын бүртгэлд бүртгэхийг даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ОЮУНЦЭЦЭГ