| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0071/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/78 |
| Огноо | 2021-06-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/78
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч Н.Гарьдхүү,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Г-ийн Б, Х овгийн Ж-ийн Ц нарт холбогдох 2128000640042 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум, 4 дүгээр баг, Дундсайханы хийдийн 1-9 тоотод оршин суух, урьд нь Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Ч овгийн Г-ийн Б, регистрийн дугаар КА 81091476,
2. Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Цагаан булаг Хойморь 14-1 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овгийн Ж-ийн Ц, регистрийн дугаар КЮ 90053175,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Г.Б нь Ж.Ц-тай бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутаг дэвсгэрт байрлах Гүний худагт байсан А.Б-ын эзэмшлийн усны помп, 11 метр урт шланк зэргийг “Mitsubishi pajero” загварын 13-23 ӨМЭ улсын дугаартай автомашин ашиглан хулгайлж, А.Б-д 423,200 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Ц нь Г.Б-тэй бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутаг дэвсгэрт байрлах Гүний худагт байсан А.Б-ын эзэмшлийн усны помп, 11 метр урт шланк зэргийг “Mitsubishi pajero” загварын 13-23 ӨМЭ улсын дугаартай автомашин ашиглан хулгайлж, А.Б-д 423,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 02 дугаар сарын 18-ны орой манай эхнэрийн эгч Н-ийнд очиж золгох гэж Цогтцэций сум руу явсан. Явах замдаа Г.Б-тэй уулзаж түүнээс цаашаа хамт явсан. Шөнийн 22, 23 цагийн орчимд эгч Н-ийнд очиж золголт хийж хоноод маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 19-ний өглөө Цогтцэций сумаас Г.Б бид хоёр 13-23 ӨМЭ улсын дугаартай “Mitsubishi Pajero” загварын тээврийн хэрэгслээр түрүүлж гараад манай эхнэр, Г.Б-ийн эхнэр 2 тус тусдаа өөр өөрсдийн машинтай бид хоёрын араас гарсан. Замдаа “Баруун Нарангийн” замд кемпийн хажууд зогсож уулзаад манай эхнэр, Г.Бийн эхнэр 2 түрүүлээд явсан. Бид 2 явж байгаад машин хүч алдаж унтарсан. Буугаад үзэхэд машины стачир суусан байсан. Копудаа сөхөж Г.Б дээд боолтыг нь боочхоод доод боолтыг нь боох гэж намайг багаж зөөгөөд өг гэж хэлсэн. Би багаж зөөж өгчхөөд ам цангаад худаг дээр очиж ус уучхаад буцаад машин руугаа явах гэж байгаад помп харагдахаар нь аваад машинд авч очиж хийсэн. Түүнээс цааш давхиж байгаад бие засахаар зогсож байхад Э гэх манай нутгийн залуу давхиад ирсэн. Э-тэй уулзчихаад цаашаа манай гэрт очоод помпоо буулгаж пин рүү хийчхээд Г.Б-ийнх рүү эхнэр явчихсан гэр эзгүй байхаар нь би эзгүй гэрт юу хийх вэ гээд урагшаа Г.Б-ийн гэр рүү явж байтал машин унтраад чирч асаах машин олдохгүй байхаар нь хүргэн Чу-ыг утсаар дуудаж машинаа чирүүлж асааж Г.Бийг гэр рүү явуулж, өөрөө Чу-аар гэртээ хүргүүлсэн. Гэртээ ирэхэд эхнэр ирчихсэн аймгаас цагдаагаас ярьж байна юу болоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь пингээс би помп болон шланкаа эхнэрийн жижиг машины ард ачаад машинаа унаад Бийг гэрээс нь очиж аваад шөнө нь хүргэж өгөөд ирсэн гэв.
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай эхнэрийн эгч Батчимэгийнх Цогтцэций суманд байдаг. Золголт хийхээр гэр бүлтэйгээ Цогтцэций сум руу явсан. Замдаа Ж.Ц-ын гэр бүлтэй таарч шөнийн 23 цагийн орчимд эгч дээрээ очиж золгочхоод маргааш өглөө нь 3 машинтай Цогтцэций сумаас гарсан. Ж.Ц бид хоёр “Mitsubishi Pajero” загварын автомашиныг жолоодоод түрүүлээд явж байгаад Баруун Нарангийн зам дээр эхнэрүүдтэйгээ уулзаад эхнэрүүд түрүүлээд явсан, бид хоёр араас нь явж байхад гүний худгийн ойролцоо сайран дээр машин хүч алдаад зогссон. Тэгээд стачир салаад унжчихсан байхаар нь би эргүүлж боох гээд Ж.Ц-ыг түлхүүр аваад ир гэж хэлээд машин доогуур орж стачирын боолтыг боож дуусаад гарч ирээд машинаа асаагаад явах уу гэхэд Ж.Ц явъя гэж хэлсэн. Цаашаа явж байгаад бие засах гэж овоон дээр зогсож байхад Э гэдэг хүн мотоциклтой ирж помп авчихсан юм биш үү гэхээр нь би мэдээгүй гээд хойшоо харсан чинь помп, шланкны үзүүр харагдсан. Тэгээд цаашаа давхиад явсан. Замдаа Ж.Ц би усан дээр байсныг нь авсан гэж хэлсэн. Би яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Ж.Ц-ын гэр рүү давхиж очоод Ц помпоо буулгачхаад надтай хамт эхнэр, хүүхэд рүүгээ явсан. Манайх руу хамт явж байтал машин дахиж унтраад зогсчихоор нь хүргэн Чу-ыг утсаар дуудсан чинь Чу ирээд машин чирч асааж өгсөн. Ж.Ц эргээд Чу-аар гэр рүүгээ хүргүүлэх гээд явсан. Би цаашаа машинтайгаа гэр рүүгээ явж байгаад машин ахиад асахаа болиод унтарчихсан. Би хамгийн ойр айл руу алхаж очоод утсаар эхнэртэйгээ ярихад чи хаана байна аймгаас цагдаа болоод байна хурдан ир гэж хэлсэн. Удалгүй Ж.Ц эхнэр, хүүхдүүдтэйгээ ирж намайг аваад цаашаа манай гэрт очоод Ж.Ц хүүхдүүдээ үлдээгээд Ж.Ц, эхнэр Н бид 3 хамт худаг дээр очиж усны помпыг нь хүлээлгэж өгсөн гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед буюу 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манай гэрээс 1 км орчим зайд байдаг манай гүний худгийн гадна нэг автомашин очиж зогсож байгаад явахаар нь би нөхөртэйгөө хамт очтол манай худгийн шланк болон помп байхгүй болчихсон байхаар нь би нөгөө машины явсан баруун зүгт нь байх манай хамаатан болох Э рүү утасдаад наагуур чинь нэг машин явна тэрийг зогсоогоорой манай усны помпыг аваад явчихсан шүү гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн оройдоо манай усны помп, шланкыг авсан хүмүүс буцаагаад авч ирж өгсөн. Одоо манай усны помп болон шланкаа ашиглаж байгаа... Помп болон шланкыг 2020 оны 08 дугаар сард Даланзадгад суманд байдаг нэг дэлгүүрээс авч байсан. Одоо би дэлгүүрийнх нь нэрийг мэдэхгүй байна. Ямар ч байсан усны помпыг нь 430,000 төгрөгөөр, шланк нь 11 метрийн урттайгаа 99,000 төгрөгөөр авч байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/
Гэрч А.Чу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багт оршин суудаг П.М нь Худаг дээр байсан помп, шланк алга болсон байна, та цагдаад мэдэгдээд өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би цагдаад мэдэгдсэн.” /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/
Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... “Mitsubishi Pajero” загварын 13-23 ӨМЭ улсын дугаартай автомашиныг миний нэр дээр бүртгүүлчихсэн юм. Тэрнээс биш манай нөхөр Ж.Ц бид хоёр дундаа хэрэглэдэг автомашин юм. Би өөрөө 30-09 ӨМА улсын дугаартай “Alion” загварын автомашинтай. Хүрмэн сумын харьяат нэг залуугаас манай нөхөр Ц өөрийнхөө хуучин унаж байсан “Портер” загварын автомашинаараа 2021 оны 01 дүгээр сарын үед 13-23 ӨМЭ улсын дугаартай автомашинаар сольж авч байсан... Ц элдэв уур ааш байхгүй, их даруухан зан ааштай...“Mitsubishi Pajero” загварын 13-23 ӨМЭ улсын дугаартай автомашиныг улсын орлого болгоход надад ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Манай нөхрийн автомашин тул нэхэмжлэхгүй.” /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/
Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би сар, өдрийг нь санахгүй байна ямар ч байсан 2021 оны цагаан сарын дараахан шиг санагдаж байна. Намайг отроор Өлзийтийн бууц гэх аймгаас урагш 54 км газар өвөлжиж байхад манай Б гэдэг эхнэрийн ээжийнх нь төрсөн дүү залгаад нэг ногоон жийпэрхүү машин манай худаг дээр зогсоод шланк, мотор аваад явчихлаа танай зүг рүү өөдөөс нь андаад зогсоогоод мотор аваадах гэхээр нь би гэрээсээ гараад андаад давхиж байсан чинь жижиг толгодын тэр хавьд нэг ногоон өнгийн хуучирсан жийп явж байхаар нь би өөдөөс нь андаж очоод зогсоотол Б гэдэг нэртэй Номгон сумын залуу жолоодчихсон харин хажууд нь буюу урд талын зорчигчийн суудал дээр нь нэг М гэдэг залуу суугаад явж байсан. Би уулзаад мэнд мэдэхэд арынх нь суудлынхаа хөлд нь худгийн мотор буюу помп, нэлээн урт шар өнгийн шланк байхаар нь би та хоёр манай ах хүүгийн мотор аваад явчхав уу гэсэн чинь сүүлд нь нэрийг нь сонсоход М гэдэг нэртэй Б-гийн хажууд сууж явсан залуу нь үгүй Цогтцэций сумаас мотор, шланк авсан гэж хэлсэн чинь Б нь М-гаа чи авчихсан юм биш үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би бас биш ч байж магадгүй гэж бодоод тухайн газарт тэр Б болон М нарыг байж байгаарай гэж хэлчхээд 500 метр орчим яваад сүлжээнд гараад Б эгчтэй утсаар ярьж машиных нь улсын дугаарыг нь хэлчхээд буцаад ирсэн чинь нөгөө ногоон өнгийн автомашин аль хэдийн явчихсан байхаар нь би буцаж сүлжээн дээр гараад Б эгчид нөгөө хоёр чинь явчихлаа битгий гэрээсээ гарчхаарай гэж хэлсэн... Усны помп нь зөв талынх нь суудал доор шалан дээр байсан. Харин шар шланкыг ороогоод суудал дээрээ тавьчихсан байсан.” /хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн үед гэрээсээ эхнэр, хүүхдүүдийн хамт Цогтцэций сумын төвд байх эхнэрийн төрсөн эгч Ба-ийн гэр рүү золгохоор эхнэрийн эзэмшлийн 31-81 ӨМЭ улсын дугаартай “Приус-20” загварын автомашинтай яваад замдаа баз хүргэн болох Ц-тай холбогдож байгаад уулзаад хамт Цогтцэций сум руу хамт явсан. Тухайн шөнийн 23 цагийн орчимд эгч дээрээ очиж золгочхоод маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн үед эгчийн гэрээс Ц-ын 13-23 ӨМЭ улсын дугаартай “Mitsubishi Pajero” загварын автомашиныг жолоодоод миний хажууд Ц суугаад манай болон Ц-ын эхнэр, хүүхдүүд жижиг тэрэгтэйгээ бид нарын араас гарцгаасан. Б бид хоёр Номгон сум руу явдаг шороон замаар Ханхонгор сумын нутагт явж байтал нэг гүний худгийн хажуу талд сайран дээр машин хүч алдаад унтарчихсан. Тэгээд стачир салаад унжчихсан байхаар нь би эргүүлж боогоод бид хоёр цаашаа хөдлөөд Ц-ын гэр рүү явж байхад Э гэдэг Ханхонгор сумын малчин мотоциклтой бид хоёрыг зогсоогоод сая помп авчихсан юм биш үү гэхээр нь би мэдээгүй гээд хойшоо харсан чинь помпны шланкны тортой үзүүр цухуйж байсан. Тэгсэн чинь Ц явъя хөөе гэхээр нь би шууд давхиад явчихсан. Замдаа энэ юу авсан юм, яасан юм гэсэн чинь би сая худаг дээр байсан помпыг авчихсан гэхээр нь юу яриад байгаа юм яахаараа тийм муухай юм хийж байгаа юм гээд цаашаа Ц-ын гэр рүү давхиж очоод Ц помпоо авч буусан. Тухайн үед Ц-ын гэрт хүн байхгүй байсан учраас Ц надад би одоо гэр цоожтой гэрт ганцаараа юугаа хийх вэ дээ гээд чамтай хамт явчихъя гэж хэлсэн. Манайх руу хамт явж байтал хөдөө хээр машин унтраад зогсчихоор нь хүргэн Чу-ыг утсаар дуудсан чинь Чу ирээд машин чирч асааж өгсөн. ... Ц бид хоёр эхнэрүүдтэйгээ хамт нөгөө худаг дээр очиж усны помпыг нь буцааж өгсөн.” /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ж.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн үед гэрээсээ эхнэр, хүүхдүүдийн хамт Цогтцэций сумын төв дээр байдаг эхнэрийн төрсөн эгчийнх нь гэр рүү золгохоор эхнэрийн 30-09 ӨМА улсын дугаартай “Алион” загварын автомашинтай яваад замдаа баз хүргэн болох Б-тэй холбогдож байгаад уулзахад Б эхнэр, 4 хүүхдийн хамт эхнэрийнх нь эзэмшлийн “Приус-20” загварын автомашинтай явж байсан. Бид нар нийлээд цаашаа Цогтцэций сум руу хамт явсан. Тухайн шөнийнхөө 23 цагийн орчимд эгч дээрээ очиж золгочхоод маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн үед эгчийн гэрээс хөдлөхдөө би бүүр өмнө эгчийн хашаанд авч очиж тавьчихсан байсан өөрийнхөө 13-23 ӨМЭ улсын дугаартай “Mitsubishi Pajero” загварын автомашиныг баз хүргэн Бөөр унуулаад би хажууд нь суугаад явсан. Харин манай болон Бийн гэр бүлийнхэн өөрсдийнхөө автомашинтай бид нарын араас гарсан. Б бид хоёр гэр рүүгээ явж байгаад Номгон сум руу явдаг шороон замаар Ханхонгор сумын нутагт явж байтал нэг дээрээ төмөр тагтай даавуугаар хучсан гүний худаг таарсан. Тэр худгийн зүүн талд худаг байх худгийн зүүн талд байх жалгыг давах гэж байтал машин хүч алдаад унтарчихаар нь түлхүүрээ түлхсэн чинь тог очихгүй байхаар нь копудаа сөхтөл стачир салаад унжчихсан байхаар нь Б стачираа эргүүлж боох хооронд нь би худаг руу очиж онгоцтой уснаас нь уучхаад худаг дээр байсан усны помпны тагийг нь сөхөөд шланкыг нь дээшээ татаж аваад машины ард талд авч очиж хийчхээд машины цаад талд очиж бие засчхаад эргээд иртэл Б машинаа засаад дуусч байсан. Бид хоёр цаашаа хөдлөөд манай гэр рүү явж байгаад жижиг гүвээний орой дээр шээх гээд зогсож байтал мотоциклтой нутгийн залуу бид хоёр дээр давхиж ирээд машины ард талд ил харагдаж байсан шланкны үзүүрийг хараад за та хоёр хүлээж бай араас чинь помпны эзэн чинь ирж байгаа, нэг бол өгчхөөд явах юм уу гэхээр нь араас очоод ав гэж хэлчхээд давхиад явчихсан. Бид хоёр цаашаа давхиад гэрт очоод помпоо буулгаж пин рүү хийчхээд Б цаашаа гэр рүүгээ явах гэхэд нь би одоо гэр цоожтой ганцаараа юугаа хийх вэ дээ гээд цаашаа Бийн гэр рүү явж байтал хөдөө хээр машин унтраад зогсчихоор нь хүргэн Чу-ыг утсаар дуудсан чинь Чу ирээд машин чирч асааж өгчхөөд би Чу-аар гэр рүүгээ хүргүүлээд Б цаашаа миний машинтай явсан. Тэгтэл манай эхнэр цагдаагаас ярьж байна юу болсон юм гэхээр нь би юм хэлээгүй бага зэрэг маргалдаж байгаад эхнэр урагшаа малаа тэжээх гээд явчихсан хойгуур нь би помп болон шланкаа эхнэрийн жижиг тэрэгний ард ачаад машинаа унаад Бийг гэрээс нь очиж аваад бид хоёр буцаж яваад худаг дээр нь очиж усны помп болон шланкыг нь эзэнд нь хүлээлгэж өгсөн.” /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/
“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаартай үнэлгээнд: “шланк, 11 метр, нэгжийн үнэ 7200 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 79,200 төгрөг /хуучин/, усны помп, 1 ширхэг, нэгжийн үнэ 344,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 344,000 төгрөг /хуучин/, нийт дүн: 423,200 төгрөгөөр тогтоов.” /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/
“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай үнэлгээнд: “Ц.Н-ийн эзэмшлийн 1997 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол Улсад орж ирсэн “Mitsubishi pajero” загварын автомашин нь 2021 оны 02 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр тогтоов. Уг машин нь өнгө үзэмж их муудсан. Мотор кроп гэмтэлтэй асахгүй байсан болно.” /хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-19 дүгээр хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /70, 71 дүгээр хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 72-89, 92-99 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Ц, Г.Б нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Б нь Ж.Ц-тай бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутаг дэвсгэрт байрлах Гүний худагт байсан А.Б-ын эзэмшлийн усны помп, 11 метр урт шланк зэргийг “Mitsubishi pajero” загварын 13-23 ӨМЭ улсын дугаартай автомашин ашиглан хулгайлж, А.Б-д 423,200 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Ж.Ц нь Г.Б-тэй бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутаг дэвсгэрт байрлах Гүний худагт байсан А.Б-ын эзэмшлийн усны помп, 11 метр урт шланк зэргийг “Mitsubishi pajero” загварын 13-23 ӨМЭ улсын дугаартай автомашин ашиглан хулгайлж, А.Б-д 423,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Mitsubishi pajero” загварын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт, хохирогч А.Б-ийн мэдүүлэгт нөхөртэйгөө хамт байхад манай худаг дээр машин ирээд явахад манай усны помп, шланк байхгүй байсан гэж мэдүүлдэг. Гэрч Н-ийн мэдүүлэг, Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаартай үнэлгээний дүгнэлтэд шланк, 11 метр, нэгжийн үнэ 7200 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 79,200 төгрөг /хуучин/, усны помп, 1 ширхэг, нэгжийн үнэ 344,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 344,000 төгрөг /хуучин/, нийт дүн 423,200 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт гаргасан байдаг. “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай үнэлгээний дүгнэлтэд Ц.Н-ийн эзэмшлийн 1997 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол Улсад орж ирсэн “Mitsubishi pajero” загварын автомашин нь 2021 оны 02 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр үнэлсэн байдаг. Уг дүгнэлтийг шинжээч томилсон тогтоол гаргаж дүгнэлтийг гаргуулсан. Гэрч Э-ийн мэдүүлэгт шүүгдэгч нартай уулзахад Г.Б жолооны ард суусан байдалтай, шланк автомашины ард талын сандал дээр, помп шалан дээр байсан талаар давхар байдлаар нотолдог гэрч байгаа. Хавтаст хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудаар Г.Б нь Ж.Ц нар нь бүлэглэн хохирогч Б-ын эзэмшлийн помп, шланкыг хулгайлж “Mitsubishi pajero” загварын автомашиныг ашиглаж тээвэрлэж явсан нь тогтоогдож байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.Ц-ын өмгөөлөгч Б.Оюунтунгалаг дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж тус тус заасан. Тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход хууль тогтоогчид эхлээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийсэн байхыг дараа нь үүнийгээ нотолсон байхыг шаардаж байна, дараа нь тухайн этгээдүүдийг үйлдлээрээ нэгдсэн байхыг мөн үүнийг нь нотолсон байхыг хууль шаардаж байна. Хэрэв тухайн хүн гэм буруутай үйлдэл хийгээгүй бол хамт байсан хүнийхээ хууль бус үйлдлийг мэдээгүй бол хамт байсных нь төлөө тухайн хүнийг буруутгаж болохгүйг хуульд тодорхой хуульчилсан байгааг анхаарах нь зүйтэй. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 28 дугаар тогтоолын 1.4-т бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар шунахайн сэдэлтэйгээр авч байх үед дэргэд нь байгаа этгээд тухайн үйлдлийн шинж чанарыг ойлгож мэдээгүй эсвэл гэмт этгээдтэй холбоотой найз, танил, төрөл садан гэх мэт түүний зүгээс хориглох эсвэл эсэргүүцэх явдал гарахгүй гэж тухайн этгээд тооцон бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдлийг хулгайн гэмт хэргээр зүйлчлэх нь зүйтэй. Харин гэмт хэрэг үйлдэх үед дэргэд нь байсан этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авсан бол гэм буруутай этгээдийн үйлдлийг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргээр зүйлчилбэл зохино гэж тайлбарласнаас үзэхэд гэмт хэрэг үйлдэж буй этгээд найз нөхөд, хамаатан садангийнхаа дэргэд намайг нэгэнт цагдаад хэлэхгүй гэх байдлаар хандаж хулгай хийдэг болох нь харагдаж байна. Иймд гэмт хэрэг үйлдэхэд хамт байсан хүн бүр заавал хамтрагч байдаггүй, заавал хамсаатан байдаггүй юм. Үүнийг ялгаж зүйлчлэх шаардлагатай шүү гэдгийг хууль тогтоогчид хуульд тодорхой хуульчилсан нь эндээс харагдаж байна. Хэрэгт авагдсан баримтууд шүүхийн шатанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлаад үзэхэд Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл нотлох баримт хэргийн хүрээнд авагдаагүй байна гэж үзэж байна. Прокурорын зүгээс хэд хэдэн нотлох баримтыг дурдаж гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл тухайн үед ямар газар байсныг харуулж байгаа боловч яг энэ 2 хүн бүлэглэж эд зүйлийг хамт авсан гэдгийг нотлох баримт биш. Хэргийн газрын үзлэг хийхэд фото зургаар бэхжүүлсэн зургууд дунд тухайн тээврийн хэрэгслийн мөр гэсэн зураг байдаг. Гэтэл сая эд мөрийн баримт болох тээврийн хэрэгслийг биет байдлаар шинжлэн судлахад Ж.Ц-ын дугуйны мөртэй таарахгүй байна. Энэ нь Ж.Ц, Г.Б нарыг бүлэглэж хулгай хийсэн гэдгийг нотлох баримт биш юм. Мөн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл энэ нь тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болохоос Ж.Ц, Г.Б нарыг үйлдлээрээ нэгдэж, санаа зорилгоороо нэгдэж хулгай хийсэн гэдгийг нотлох баримт биш гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Хохирогч Б, гэрч Чу нарын мэдүүлэг байдаг. Гэрч Чу-ын зүгээс анх гомдол мэдээллийг гаргасан этгээд мэдээллийн эх сурвалж нь Б байдаг. Мэдүүлэгт нь усны помп, шланк алдагдсан гэх мэдүүлэг байдаг болохоос яг хэдэн хүн, яаж хулгай хийсэн талаар тодорхой зүйлийг мэддэггүй. Хохирогч Б-ын мэдүүлэгт худаг дээр очоод үзэхэд усны помп, шланк байхгүй байсан. Яг ямар хүмүүс хулгай хийснийг нь хараагүй гэх байдлаар мэдүүлдэг болохоос энэ 2 хүн хамт хулгай хийсэн гэдэг байдлаар мэдүүлэг өгөөгүй байдаг. Дээрх мэдүүлгүүд нь хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэдгийг нотолж байгаа нотлох баримт болохоос Ж.Ц, Г.Б нарыг бүлэглэж хулгай хийсэн гэдгийг нотолсон баримт биш гэдгийг дахин хэлмээр байна. Гэрч Нийн мэдүүлэг тээврийн хэрэгсэл хэний эзэмшлийн талаар мэдүүлдэг болохоос мөн гэмт хэргийн үйл баримтыг нотолсон баримт биш байдаг. Гэрч Э-ийн мэдүүлгийн хувьд яллагдагч Ж.Ц, Г.Б нарын мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт гэж хардаг. Өөрөөр хэлбэл Э Ж.Ц, Г.Б нартай тааралдаж манай ахын усны помпыг авчихсан уу гэдэг байдлаар асуухад Б гэдэг залуу нь чи авчихсан юм биш дээ гэж Ж.Ц руу хэлж байсан талаар нотолдог. Хэрвээ Ж.Ц, Г.Б нар үйлдлээрээ нэгдэж Ж.Ц-ыг хулгай хийхэд Г.Б дэмжиж тусалсан бол Г.Б хүний дэргэд чи авчихсан юм биш үү гэж асуухгүй байсан. Тухайн цаг хугацаанд Г.Б, Ж.Ц-ыг усны помп, шланкыг хулгайлсныг мэдээгүй байсан нь Э-ийн мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж харж байна. Тиймээс энэ нөхцөл байдлаар харахад Г.Б-ийн хувьд хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотлох баримт байна уу гэж шалгаж үзвэл хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ үйл баримт тогтоогддоггүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэх зарчмыг хуульд тодорхой хуульчилж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад үзэхэд Г.Б-ийг, Ж.Ц-тай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хангалттай нотлох баримт хэргийн хүрээнд авагдаагүй байгаа учраас түүнийг энэ зүйл хэсэгт гэм буруугүй байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Н.Гарьдхүү дүгнэлтдээ: Хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэнтэй санал нийлэхгүй байгаа. Гэм буруугийн хувьд миний үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тухайн хулгайлсан эд зүйл болох усны помп болон шланкыг хууль бусаар нууцаар хулгайлан авсан гэх үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлдэг. Тийм учраас өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой гэсэн байр сууринаас шүүх хуралдаанд оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнд учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бол гэж зааж өгсөн. Учрах саадыг арилгах, хулгайлах гэмт хэргийг хөнгөвчлөх зорилгоор урьдчилан бэлдсэн байхыг ойлгож байгаа. Гэтэл яллагдагч нарын шүүх хуралдааны шатанд өгсөн болон яллагдагч, гэрч нарын мэдүүлгээр тухайн үед Ж.Ц, Г.Б нар нь Цогтцэций суманд эхнэрүүдийн эгч Батчимэгийн очиж хоноод буцах замдаа 3 машинтай явсан. Ж.Ц өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан учраас Г.Б-өд тээврийн хэрэгслийг жолоодуулсан байдаг. Тухайн худаг дээр яагаад очиж зогссон бэ гэхээр тээврийн хэрэгслийн стачир эвдэрч зогссон байдаг. Ж.Ц-ын ам цангаж худаг дээр очиж ус уучхаад помп, шланкыг хэрхэн авсан талаараа мэдүүлдэг. Ж.Ц-ын гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл нь ус уух үед үүссэн. Бусдаар худаг дээр байсан помп, шланкыг авах гэж тээврийн хэрэгслээр очсон зүйл байхгүй гэдэг нь нотлогддог. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 28 дугаар тогтоолд машин механизм ашигласан гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, хамгаалах бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөвөрлөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэснийг ойлгоно гэж байгаа. Хүндрүүлэх бүрдэлдэхүүний гол шинж нь машин механизм урьдчилан бэлтгэсэн байх ёстой. Ж.Ц-ын хувьд тухайн автомашиныг урьдчилан бэлтгэж худаг дээр байсан усны помп, шланкыг авсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй. Ийм учраас хэргийн зүйлчлэлийн хувьд санал нийлэхгүй байна. Улсын Дээд Шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаартай тогтоолд хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизмыг ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзэхгүй гэж заасан байдаг. Хулгайлах үйлдэл төгсчихөөд тухайн хулгайлсан эд зүйл буюу усны помп, шланкыг машин механизм ашиглаад зөөж байгаа нь шууд хүрэх үр дүн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж байгаа нь буруу байна гэж үзэж байна. Ж.Ц хэргээ хүлээн мэдүүлсэн. Хохирлын үнэлгээгээр 423,200 төгрөг гарсан байдаг. Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Г.Б нь хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй гэх тайлбар гаргасан бол шүүгдэгч Ж.Ц нь хэргийн зүйлчлэлийг машин механизм ашигласан гэж хүндрүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргаж оролцов.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.Б, Ж.Ц нар нь бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутаг дэвсгэрт байрлах Гүний худагт байсан А.Б-ын эзэмшлийн усны помп, 11 метр урт шланк зэргийг “Mitsubishi pajero” загварын 13-23 ӨМЭ улсын дугаартай автомашиныг ашиглан хулгайлж, А.Б-д 423,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б-ын “...Тухайн үед буюу 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манай гэрээс 1 км орчим зайд байдаг манай гүний худгийн гадна нэг автомашин очиж зогсож байгаад явахаар нь би нөхөртэйгөө хамт очтол манай худгийн шланк болон помп байхгүй болчихсон байхаар нь би нөгөө машины явсан баруун зүгт нь байх манай хамаатан болох Э рүү утасдаад наагуур чинь нэг машин явна тэрийг зогсоогоорой манай усны помпыг аваад явчихсан шүү гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
гэрч А.Чу-ын “...Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багт оршин суудаг П.М нь Худаг дээр байсан помп, шланк алга болсон байна, та цагдаад мэдэгдээд өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би цагдаад мэдэгдсэн.” /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,
гэрч Ц.Н-ийн “... “Mitsubishi Pajero” загварын 13-23 ӨМЭ улсын дугаартай автомашиныг миний нэр дээр бүртгүүлчихсэн юм. Тэрнээс биш манай нөхөр Ж.Ц бид хоёр дундаа хэрэглэдэг автомашин юм... “Mitsubishi Pajero” загварын 13-23 ӨМЭ улсын дугаартай автомашиныг улсын орлого болгоход надад ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Манай нөхрийн автомашин тул нэхэмжлэхгүй.” /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,
гэрч Ц.Э-ийн “...Би сар, өдрийг нь санахгүй байна ямар ч байсан 2021 оны цагаан сарын дараахан шиг санагдаж байна. Намайг отроор Өлзийтийн бууц гэх аймгаас урагш 54 км газар өвөлжиж байхад манай Б гэдэг эхнэрийн ээжийнх нь төрсөн дүү залгаад нэг ногоон жийпэрхүү машин манай худаг дээр зогсоод шланк, мотор аваад явчихлаа танай зүг рүү өөдөөс нь андаад зогсоогоод мотор аваадах гэхээр нь би гэрээсээ гараад андаад давхиж байсан чинь жижиг толгодын тэр хавьд нэг ногоон өнгийн хуучирсан жийп явж байхаар нь би өөдөөс нь андаж очоод зогсоотол Б гэдэг нэртэй Номгон сумын залуу жолоодчихсон харин хажууд нь буюу урд талын зорчигчийн суудал дээр нь нэг М гэдэг залуу суугаад явж байсан. Би уулзаад мэнд мэдэхэд арынх нь суудлынхаа хөлд нь худгийн мотор буюу помп, нэлээн урт шар өнгийн шланк байхаар нь би та хоёр манай ах хүүгийн мотор аваад явчхав уу гэсэн чинь сүүлд нь нэрийг нь сонсоход М гэдэг нэртэй Б-гийн хажууд сууж явсан залуу нь үгүй Цогтцэций сумаас мотор, шланк авсан гэж хэлсэн чинь Б нь М-ыгаа чи авчихсан юм биш үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би бас биш ч байж магадгүй гэж бодоод тухайн газарт тэр Б болон М нарыг байж байгаарай гэж хэлчхээд 500 метр орчим яваад сүлжээнд гараад Б эгчтэй утсаар ярьж машиных нь улсын дугаарыг нь хэлчхээд буцаад ирсэн чинь нөгөө ногоон өнгийн автомашин аль хэдийн явчихсан байсан. ...Усны помп нь зөв талынх нь суудал доор шалан дээр байсан. Харин шар шланкыг ороогоод суудал дээрээ тавьчихсан байсан.” /хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаартай үнэлгээ, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.
Ийнхүү шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарын бусдын эд хөрөнгөд халдсан хууль бус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Б, Ж.Ц нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутаг дэвсгэрт байрлах Гүний худагт байсан А.Б-ын эзэмшлийн усны помп, 11 метр урт шланк зэргийг “Mitsubishi pajero” загварын 13-23 ӨМЭ улсын дугаартай автомашин ашиглан хулгайлж, А.Б-д 423,200 төгрөгийн хохирол учруулахдаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж авсан нь энэхүү гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч нар хулгайлах гэмт хэрэг үйлдэх талаар гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, шүүгдэгч Ж.Ц-ын гүний худагт байсан помп, шланк зэргийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч байхыг нь шүүгдэгч Г.Б харсан, түүний үйлдэл хууль бус гэдгийг мэдсээр байж тухайн үед жолоодож явсан тээврийн хэрэгслийн хойд талын суудалд хийлгэснээс гадна энэхүү ажиллагааг таслан зогсоохоор ирсэн Ц.Э-ийн шаардлагыг үл биелүүлж, лавлаж тодруулахаар утсаар ярих хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн зэрэг үйлдлээрээ санаатайгаар нэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон тул тэднийг бүлэглэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Б, Ж.Ц нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нар хохирогч А.Б-ын эзэмшлийн помп, шланк зэрэг эд зүйлийг гүний худагнаас авснаар бус, тээврийн хэрэгслийн арын суудалд хийн тээвэрлэж явснаараа уг эд зүйлүүдийг эзэмшилдээ бүрэн авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон тул хулгайлах гэмт хэргийг энэхүү ажиллагаа дууссан үеэс төгс үйлдэгдсэн гэж үзлээ.
Хэдийгээр шүүгдэгч нарыг бусдын эд зүйлийг хулгайлах зорилгоор автомашиныг урьдчилан бэлтгэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч гүний худагнаас ус уух үед помп, 11 метр урт шланк зэргийг хулгайлах сэдэлт төрж, улмаар хулгайлах гэмт хэргийг төгс үйлдэх, уг эд зүйлүүдийг хол газар биеэр авч явж чадахгүй ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор “Mitsubishi pajero” загварын 13-23 ӨМЭ улсын дугаартай автомашиныг ашигласан нь хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр өмгөөлөгч нарын гаргасан “шүүгдэгч Г.Бийг цагаатгах, хулгайлах гэмт хэрэгт машин механизм ашиглаагүй” гэх дүгнэлтүүд няцаагдсан болно.
Мөн нотлох баримт шинжлэн судлах явцад өмгөөлөгч нарын гаргасан “машины дугуйны хээ зөрүүтэй” гэх хүсэлтийн дагуу оролцогчдыг байлцуулан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Mitsubishi pajero” загварын 13-23 ӨМЭ улсын дугаартай автомашиныг биет байдлаар үзэж, уг автомашины дугуйны хээг хэрэгт гэрэл зургаар бэхжигдсэн дугуйны хээтэй харьцуулан судалж үзэхэд зөрүүтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Түүнчлэн шүүгдэгч нар бусдын эд зүйлийг машин механизм ашиглан хулгайлах явцад хохирогч машины гаднах шинж байдал, өнгийг харж улмаар тухайн автомашины явсан чиглэлийг Ц.Э-т утсаар мэдэгдсэний дагуу түүний зүгээс шүүгдэгч нарт уулзахдаа харсан автомашины өнгө, улсын дугаар нь хэргийн газар болон автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл зэрэг авагдсан автомашины дугаар, өнгө, дугуйны хээтэй тохирч байгааг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б-д 423,200 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаартай үнэлгээгээр тогтоогдсон ба шүүгдэгч нар хохирогчид усны помп, 11 метр урт шланк зэргийг биет байдлаар буцаан өгсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн хүсэлтээр 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэгт явуулахдаа “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаартай үнэлгээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдээгүй, дахин шинжээч томилж үнэлгээ гаргуулах тухай хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр бус, нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, үнэлэх эсэх асуудлыг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулахаар тогтож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 12-т заасны дагуу хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр захирамж гарсан билээ.
Энэхүү хүсэлтийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд уг үнэлгээг эргэлзээтэй, бүрэн бус гарсан гэж үзэж дахин үнэлгээ гаргуулах үндэслэл тогтоогдоогүйн зэрэгцээ энэхүү үнэлгээгээр тогтоогдсон хохирол хэргийн зүйлчлэл болон шүүгдэгч нарын төлөх төлбөрийн хэмжээнд нөлөөлөхгүй гэж үзэв.
Учир нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа машин механизм ашиглаж үйлдсэн тохиолдолд учруулсан хохирлын хэмжээнээс үл хамаарч, тухайн шинжээр нь хүндрүүлэн үзэхээр Эрүүгийн хуульд заасан болно.
Мөн шүүгдэгч Г.Б, Ж.Ц нар хулгайлсан эд зүйлүүдийг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд дахин шинжээчийн үнэлгээ гаргуулах нь хэрэгт ач холбогдолгүй тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Ц-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хорих ял оногдуулсантай холбогдуулж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Mitsubishi pajero” загварын 13-23 ӨМЭ улсын дугаартай автомашин хураан авч улсын орлого болгох, хохирлын талаар маргаангүй, хохирол биет байдлаар төлөгдсөн гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.Ц-ын өмгөөлөгч Б.Оюунтунгалаг дүгнэлтдээ: Г.Б нь Ж.Ц-ыг хулгай хийснийг Э-тэй уулзаад мэдсэн. Түүнээс хойш тухайн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй гэсэн мэдүүлгийг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Н.Гарьдхүү дүгнэлтдээ: Ж.Ц-ын хувьд өмнө нь ямар нэгэн байдлаар эрүүгийн хариуцлага хүлээж шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй. Тухайн үед тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байна. Учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн мэдүүлдэг учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Г.Б, Ж.Ц нар нь хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх агуулгатай тайлбар гаргав.
Шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Ийнхүү Г.Б, Ж.Ц нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.
Шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-өд 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Ц-ад 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тус бүрд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад өмгөөлөгч нарын гаргасан “шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ял оногдуулах” тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулахаар заасан бөгөөд ингэхдээ уг зүйлийн 1 дэх хэсэгт заасан ерөнхий шаардлагыг давхар хангасан байх учиртай.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ялын дээд хэмжээнээс шалтгаалан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авахаар байна.
Шүүгдэгч Г.Б-ийн хувьд хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй гэж маргаж мэтгэлцсэн бол шүүгдэгч Ж.Ц-ын зүгээс хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргаж шүүх хуралдаанд оролцсон нөхцөл байдлаас үзэхэд тэднийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй тул дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авахаар заасан байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ж.Ц-ын эзэмшлийн 3,500,000 төгрөгийн үнэ бүхий “Mitsubishi pajero” загварын 13-23 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчөөр Ц.Н бүртгэгдсэн байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрээр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Mitsubishi Pajero” загварын 13-23 ӨМЭ улсын дугаартай автомашиныг миний нэр дээр бүртгүүлчихсэн юм. Тэрнээс биш манай нөхөр Ж.Ц бид хоёр дундаа хэрэглэдэг автомашин юм... “Mitsubishi Pajero” загварын 13-23 ӨМЭ улсын дугаартай автомашиныг улсын орлого болгоход надад ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Манай нөхрийн автомашин тул нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн тул үнэлгээгээр тогтоогдсон үнийн дүнг бус, тээврийн хэрэгслийг биет байдлаар улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болохыг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б, Ж.Ц нар нь хохирогч А.Б-д нийт 423,200 төгрөгийн үнэлгээ бүхий усны помп болон 11 метр урт шланк зэргийг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдаж, шүүгдэгч Г.Б, Ж.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч нарт шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овгийн Г-ийн Б, Х овгийн Ж-ийн Ц нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-өд 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Цад 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Г.Б, Ж.Ц нар нь хохирогч А.Б-д нийт 423,200 төгрөгийн үнэлгээ бүхий усны помп болон 11 метр урт шланк зэргийг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарын гэмт хэрэг үйлдэхэд ашиглаж эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3,500,000 төгрөгийн үнэ бүхий “Mitsubishi pajero” загварын 13-23 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Г.Б, Ж.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч нарт шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч шүүгдэгч Г.Б, Ж.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ