| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00536/И |
| Дугаар | 151/ШШ2017/00536 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2017/00536
| 2017 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 151/ШШ2017/00536 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Заамар сумын 4 дүгээр баг, Төв 5 дугаар хэсэг, 1 гудамж, 4 тоотод оршин суух /НН57042778/ регистрийн дугаартай Боржигон овогт Лхамсүрэнгийн Төмөрбаатарын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Төмөрбаатар, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Төмөрбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1957 онд төрсөн. Төв аймаг, Заамарын “Заамар” нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 6-ны өдөр хүртэл малчнаар, тус сумын “Хар нуур” бригадад 1984 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сахиулаар ажиллаж байсан. Тэтгэвэр тогтоолгох гэтэл 2005 онд гэр маань шатаж хөдөлмөрийн дэвтэр шатаж үрэгдсэн тул шүүхэд хандах болсон. Иймд тухайн хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Төмөрбаатар нь 1981 оны 7 сарын 6-ны өдрөөс эхлэн 1986 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн Хайлаастай бригадад үхэрчнээр, 1986 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн Атар бригадад сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
Үүнд:
- Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 7 сарын 6-ны өдрийн 60 дугаар тушаалд “...Төмөрбаатар нарыг Хайлаастай бригадад 07-р сарын 1-нээс эхлэн үхэрчнээр томилсугай..” гэх бичилт,
- Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 132 дугаар тушаалд “...Төмөрбаатарыг 11 сарын 01-нээс уурын зуухны гачигораар томилсугай ..” гэх бичилт,
- Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 30 дугаар тушаалд “...гачигор Төмөрбаатар нарыг 5 сарын 01-нээс тус тус чөлөөлж...” гэх бичилт,
- Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр тушаалд “...Лхамсүрэн овогтой Төмөрбаатарыг 8 сарын 8-наас эхлэн чөлөөлж...” гэх бичилт,
- Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр тушаалд “...Мал аж ахуйн бригадын хашааны сахиулыг 6 сарын 1-нээс эхлэн 11 сарын 1-нийг хүртэл түр хугацаатай хавсралт 1,2,3-оор томилсугай...” гэх бичилт,
- Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 41 дүгээр тушаалд “...Л.Төмөрбаатарыг Цацын ухаагийн тарианы харуулаар 5 сарын 15-наас түр хугацаатай томилж...” гэх бичилт,
-Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 11 сарын 20-ны өдрийн 97 дугаар тушаалд “...зарим хүмүүсийн ээлжийн амралтыг хавсралтаар олгосугай...” гэх бичилт,
-Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаар ажилд томилох тухай тушаалд “...Цацын ухаагийн сахиулаар Л.Төмөрбаатарыг 5 сарын 15-наас эхлэн ажилуулсугай...” гэх бичилт,
-Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар тушаалд “...ажилчин албан хаагчдын 1986 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсугай...” гэх бичилт,
-Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 56 дугаар тушаалд “...Л.Төмөрбаатарыг хар нуурын тарианы сахиулаар 6 сарын 1-нээс томилж...” гэх бичилт,
-Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалд “...5,6-р сард амрах ажилчин албан хаагчдын амралтыг хавсралт 1-ээр баталсугай...” гэх бичилт,
-Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн даргын 1991 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаар тушаалд “...1991 оны 5,6 сард амрах хүмүүсийг хавсралтаар баталж ээлжийн амралтыг олгосугай...” гэх бичилт,
-Төв аймгийн Заамар ХК ерөнхий захирлын 1992 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 40 дүгээр тушаалд “...1992 оны 7,8 сард амрах хүмүүсийн ээлжийн амралтын хувиарийг хавсралтаар баталсугай..” гэх бичилт
- гэрч О.Дулам: “Л.Төмөрбаатар нь 1980 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн 1984 оны 3 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл малчнаар, 1984 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Төв аймгийн Заамар сумын Атар бригадад сахиулаар ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, түүний шүүхийн шийдвэрийн хуулбар дээрх бичилт,
-гэрч Д.Энхбат: “Л.Төмөрбаатар нь Төв аймгийн Заамар сумын Атар бригадад 1984 оноос эхлэн 1991 оныг хүртэл сахиулаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг, түүний улсад ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг нотлох баримтууд нь хамт нэг байгууллагад ажиллаж байсан гэх үйл баримтыг нотолж байна.
Л.Төмөрбаатарыг 1981 оны 7 сарын 6-ны өдрөөс эхлэн 1986 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн Хайлаастай бригадад үхэрчнээр, 1986 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн Атар бригадад сахиулаар тус тус ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр шатаж үрэгдсэнээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүний хүсэлтээр Төв аймгийн Заамар сумын Хайлааст бригадад хамт ажиллаж байсан гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг тэдний улсад ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийн хуулбарууд, Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын тушаалууд зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.
Дээрх нотлох баримтыг шинжлэн судлаад Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 7 сарын 6-ны өдрийн 60 дугаар тушаалд “...Төмөрбаатар нарыг Хайлаастай бригадад 07-р сарын 1-нээс эхлэн үхэрчнээр томилсугай...” гэх бичилтийг үндэслэн Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн Хайлааст бригадад ажилд орсныг тогтоож зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар /НН57042778/ регистрийн дугаартай Боржигон овогт Лхамсүрэнгийн Төмөрбаатар нь 1981 оны 7 сарын 6-ны өдрөөс эхлэн 1986 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн Хайлаастай бригадад үхэрчнээр,
1986 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн Атар бригадад сахиулаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ